Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ жилийн баярыг байгууллагын хүрээнд нэгдсэн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулж тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Covid-19ийн үеэр бид олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь энэ. Эдийн засгийн асуудал улс орны төсөвт хүндрэл учруулж байна. Тийм учраас бид наймдугаар сарын 1-нээс хойш дотоодын худалдаа үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, спорт урлагийн арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж ажиллаж байна.

Өнөөдөр дотооддоо халдвар алдаагүй учраас ямар хориглосон үйлчилгээ алга байна. Гэхдээ эрсдэлийг тооцож ийм шийдвэр гаргах нөхцөл байдал руу биднийг шахаж байна. Дэлхий нийтийг сандаргаж байгаа энэ өвчнийг даван туулах олон нийтийн баярын арга хэмжээг хязгаарлах бодолтойгоор ажиллаж байна. Үйлчилгээний салбарууд ялангуяа зочид буудал, ресторануудад хүндээр тусаж байна. Гэхдээ Засгийн газар 3,2 сая иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж үзэх ёстой. Мэдээж иргэд гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэх нь нээлттэй. Зөвхөн байгууллагууд, ялангуяа төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинэ жилээ тэмдэглэдгийг хориглохоос аргагүй байдалд ороод байна. Иргэд ч бас энэ тал дээр саналаа өгч байгаа. Бид зарим сайтаар өгсөн иргэдийн саналыг харгалзан үзсэн” гэлээ.

Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн сурагчдын амралтыг 12-р сарын 18-наас эхлүүлэх нь хэвээрээ байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Байден, Трамп нарын саналын харьцаа 192:114 боллоо

Миссиссипи мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 6 төлөөлөгчийн санал авч, нийт 114 саналтай боллоо.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг олон улсын сургалт болж байна

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж буй Авлигын эсрэг олон улсын мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтад байгууллагын албан хаагч нар хамрагдаж байна. Орос хэлээр явагдаж буй тус сургалтад ОХУ, Казахстан, Тажикистан, Армени, Азербайжан, Гүрж, Латви, Литва, Украйн, Беларус улсын авлигатай тэмцэх салбарт ажилладаг 20 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Тус сургалт нь БНСУ-ын авлигатай тэмцэх туршлага, авлигын хэмжүүрүүд, авлигаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, мэдээлэгчийг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх олон улсын сайн туршлага зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Мөрөөдөл” дэлхийн шилдэг богино өгүүллэг

“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйлгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон багш нь тэр дороо бие нь муудаж нас барахынхаа өмнө шавьдаа 1000 биш 10000 утас таслаарай гэж захижээ.”

“Мөрөөдөл нь биелэхэд хүн сайхан мэдрэмж авна. Гэхдээ түүнийгээ биелүүлчихээд эргээд харахад биелүүлэх гэж хичээх тэр мөчүүд илүү сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна”.

Categories
мэдээ нийгэм

Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн III хуралдаан болж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээн авлаа.

“Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлаар удирдлагын шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр улсын нөөцийн үүрэг зориулалт, ангилал, бүтэц зохион байгуулалт, удирдлагын болон боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, удирдлагын арга барилыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлсон байна.

Тус судалгааны ажлыг шийдвэр гаргагчид улсын нөөцийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход шууд авч ашиглах боломжтой бөгөөд зарим үр дүнг судалгааны ажлын явцад практикт хэрэглэж эхэлснээрээ онцлог юм.

Харин “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ” судалгааны ажлаар Гамшиг судлалын хүрээлэнгийн Галын лаборторид сүүлийн 10 жилд шинжилсэн нийт сорилтын дүнгийн 42%-ийг зөвхөн хөөсөнцөр хавтан болон түүнийг дүүргэгчээр ашигласан сэндвич хавтан эзэлж байгаа ба эдгээр материалын 86.84% нь галын аюулын өндөр зэргийн аюултай ангилал /хүчтэй шатдаг, хялбар дөллөж авалцан асдаг, хүчтэй тархдаг/-д хамаарч байгааг тогтоожээ.

Цаашид барилгын гал түймрийн аюулын эрсдэлийг бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарал зохих зөвлөмжийг боловсруулан, салбарын алба хаагчид болон аж, ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангаж байгааг онцоллоо.

Мөн хуралдаанаар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүдийн сонгон шалгаруулалтад тус хүрээлэнгээс техник, технологийн салбар, геологи, газарзүй, байгаль орчны салбар, нийгмийн ухааны салбар, хими, биологийн салбарын бага чуулганд тус тус эрдэмтдийн төлөөллөө нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт хийж байна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт зохион байгуулж байна.

Энэ нь гэр хорооллын айл өрхийн иргэд буруу галлагааны улмаас угаарын хийд хордох, түүхий нүүрс хэрэглэх болон ахуйн гал түймэрт өртөх зэрэг зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Нийт зургаан дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын нийт 700 гаруй алба хаагч үзлэг, шалгалтаар газар дээр нь ажиллаж буй юм байна. Энэхүү шалгалтад төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах аж.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нуранги дороос 65 цагийн дараа эсэн мэнд гарсан охины мэндчилгээ

Туркийн Измир хотод аравдугаар сарын 30-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурж, олон хүн нурангид дарагдсан юм. Аврах ангийнхан газар хөдлөлтөөс 65 цагийн дараа 3 настай охиныг нурангиас аварчээ. Охин ээж, дүүгийнхээ хамт том хавтанд хавчуулагдсан байжээ. Охин эмнэлгийн орон дээрээс телевизийн камер руу гараа даллан ийн мэндчилжээ.

Мөн нурангиас 91 цагийн дараа дөрвөн настай Айла Гезгин гэх охин эсэн мэнд олдсон нь олон хүний анхаарлыг татлаа.

Охин аврагчид болоод хүмүүсийн дууг сонсож, өгсөн зөвлөгөөг нь дагаж уйлахгүйг хичээж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатарт нээгдлээ

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотод өчигдөр нээгдсэн байна.

ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулна.

Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх,

Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах,

Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох,

Визийн үйлчилгээний хөлс 75 евро,

Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна.

Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь:

Ажлын өдрүүдэд өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй/

Хамтарсан виз мэдүүлгийн төв, Сүхбаатар дүүрэг, DHL барилгын 2 давхарт

Утас: +976 7010 0152

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн сагсан бөмбөгийн баг V наадмыг ялалтаар эхлүүлэв

Монголын Оюутны Спортын V наадмын эхний тэмцээн мягмар гарагт /11.03/ сагсан бөмбөгийн төрлөөр Спортын төв ордонд эрэгтэйчүүд, МУБИС-ийн Спорт зааланд эмэгтэйчүүдийн багууд өрсөлдлөө.

СТО-нд их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн багуудаас хуваарийн дагуу ШУТИС-ийн баг, Хүмүүлэгийн ухааны их сургуулийн багтай 112:58-аар ШУТИС-ийн залуучууд илүүрхэн хожлоо. Харин МУБИС-ийн Спорт зааланд эхэлсэн эмэгтэй багуудын тоглолтын салхийг хагалж ШУТИС-ийн баг, ХААИС-ийн багийг мөн л илүүрхэн 102:37-гоор хожиж энэ өдрийн хамгийн олон бөмбөг оруулсан багаар тодорлоо. Сагсан бөмбөгийн эхний өдөр өглөөнөөс үдэш хүртэл үргэлжилсэн багуудын тоглолтын дүнг танилцуулж байна.

Эрэгтэй багийн дүн: ШУТИС 112:58 ХУИС, ИЗОУИС 72:65 ҮБХИС, ХААИС 103:98 Сити Их сургууль, Отгонтэнгэр ИС 107:88, МУИС 89:76 Олон улсын Улаанбаатар ИС, Этүгэн ИС 89:68 МУБИС, СЭЗИС 86:71 ҮБТДС, ДХИС 77:74 Мон-Алтиус, ШУТИС117:60 ҮБХИС, ИЗОУИС 80:56 ХУИС

Эмэгтэй багийн дүн: ШУТИС 102:37 ХААИС, МҮИС 77:45 ҮБТДС, ОТИС 67:53, Мон-Алтиус 84:43 ДХИС, МУБИС 56:28 АШУҮИС, Этүгэн ИС 60:57 ХҮИС, МУИС 63:52 ШУТИС, ИЗОУИС 62:52 МҮИС, СЭЗИС 81:41 ДХИС



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 352 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “11-р сарын 2-3-нд 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр, мөн 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ.

Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар олноор илэрч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн байна.

Монголд коронавирусийн халдварын 352 тохиолдол батлагдлаа. ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байгаагаас найман хүн хүндэвтэр байна” гэв.