Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.
-Гадаадад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаман дахь улс төрийн нөлөөг багасгах чиглэлд ямар ажлыг хийх вэ. Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа огт байхгүй. Ийм өнцгөөр томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмийн, ард түмний шахалтаар Дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, өндөр гадаад хэлний мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилдог. Ер нь гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлогыг баримталж ажиллана. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ хэлэлцсэнээр эцсийн шийдвэр гардаг.
Хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг өнгөрсөн онд холбогдох хуулийн дагуу ялыг нь эдлүүлсэн. Бас 69 дипломатын хэрэг дээр Гадаад харилцааны яамнаас хяналт шалгалтыг хийж, салбар яамны системд ажиллаж байсан долоон албан хаагчийг албанаас нь халсан. Цаашдаа дипломат албанд ажиллаж байгаа ажилтнууд хар тамхи болон хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулж байна. Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажлыг өнгөрсөн сард хийлээ. Нийт 6000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Үүнд, ажлаа сольсон, төрийн албанд ажиллаж байгаад өөр газар руу шилжсэн гэх мэт хүмүүс хамрагдсан. Хоёрдугаарт, дипломат дугаартай автомашиныг цэгцэлж, хөдөлгөөнийг нь хянах тогтолцоог бүрдүүлж ажилласан.
-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 гаруй орны Элчин сайдыг томилж чадаагүй. Ойрын хугацаанд эдгээр орны Элчин сайдуудын нэрийг оруулах уу?
-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын нэр орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээрийн нэрийг эргүүлэн татсан. Хуулиараа шинэ Элчин сайдуудыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, өргөн мэдүүлэх ажил байгаа. Энэ онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх юм. Энэ ажлыг 2020 ондоо багтаж хийнэ. Мөн ирэх 2021 онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа.
Нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Би бол Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Эндээс харахад Элчин сайд гэдэг албан тушаал маш өндөр босготой. Ингэснээр Монгол Улсын Элчин сайдын албан ямар чухал болохыг илтгэж байгаа юм.
-Энэ онд хийх төрийн өндөр дээд түвшний айлчлал бий юү?
-Цар тахлын улмаас энэ онд төлөвлөсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газарт танилцуулдаг. Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй байдаг учраас олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжгүй.
-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Юуны өмнө АНУ, Монголын харилцаа стратегийн түвшинд өргөжин, хөгжиж байгаа. Монгол Улс, АНУ-тай хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээс харьцангуй нэмэгдэж байна. Монголоос 26 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол АНУ-аас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1991 оноос хойш АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламжийг үзүүлсэн. Одоо хэрэгжүүлэхээр ярьж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг дээшлүүлэх 350 сая ам.долларын өртөгтэй төсөл юм.
Ирэх 2021 оноос төслийн ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. АНУ-тай гуравдагч хөршийн худалдааны гэрээ байгуулах ажил хурдтай явж байгаа. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас энэ ажил үр дүнтэй, гарын үсэг зурах боломж нээгдэнэ. Учир нь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудал нааштай яригдахаар урьдчилсан төсөлд орчихсон байсныг хэлье.
-2010 онд Гадаад харилцааны яам дээр цөмийн түлшний хаягдлыг Монгол Улсад булшлах тухай гэрээ хэлцэл хийсэн гэдэг нийтлэл мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Энэ чиглэлд Гадаад харилцааны яаманд хийсэн гэрээ хэлцэл бий юү?
-Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Японы Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашдаа ч ийм чиглэлийн гэрээ хэлэлцээрийг Япон болон бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай байгуулахгүй.
-Та БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын сайд нартай уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэдэг асуудал яригдаж байсан. Та Гадаад харилцааны сайдын хувиар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч ээ” гэдэг байр суурийг санал болгосон. ОХУ-ын С.В. Лавров сайд бас энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос ажиглагчийн статустай явж ирсэн. Өнөөдрийн хүртэл энэ ажиглагчийн байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг хэлье.
ШХАБ-д элсэх асуудлыг судалж байна. ШХАБ-д элсэх асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улс бие даасан гадаад бодлогыг явуулдаг. ОХУ, БНХАУ-аас гадаад бодлогод шууд нөлөөлөх асуудал байхгүй. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд хамгийн өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байгаа. Тиймээс аливаа хоёр талын хөршийн харилцааг аль нэгэн олон улсад байгууллагад элссэнээр биш хоёр талынхаа харилцааг стратегийн түвшинд үргэлжлүүлж, хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэр Хятад Монгол Улс нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүний цаана монгол хэлний асуудал хөндөгдөх үү?
-НҮБ дотоод дүрэм, журамтай. НҮБ-ын гишүүн улс бүхэн энэ дүрмийг мөрдөж ажиллах ёстой. Энэ дүрэмд аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдэг заалт бий. Манай Гадаад харилцааны яам, Засгийн газар өөрийн бодлоготой. Ван И сайдын айлчлалаар хэлэлцэх асуудлыг ҮАБЗ-өөр оруулж тодорхой чиглэл үүрэг авсан. Энэ хүрээнд Ван И сайдтай хийсэн уулзалт, хэлэлцээр явагдсан. Стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байгаа хоёр улс бие биедээ итгэхгүй байх асуудал байхгүй. Монгол Улс БНХАУ-ын “Нэг Хятадын бодлого”-ыг тууштай дэмжинэ.Айлчлалын үеэр 700 сая юанийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Үүнийг ашиглах асуудал яригдана. Хоёрдугаарт, айлчлалын хүрээнд хилийн боомтуудаас гарч байгаа урсгалыг нэмэгдүүлэх, хилээр орж орж байгаа барааны урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрсэн. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой тохиролцоонд хүрсэн. Дараа нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, ногоон төгөл 1008 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэх чиглэлийн асуудал яригдсан.
-Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого ямар шатанд явж байна вэ?
-Гурав дахь хөршийн асуудлыг Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заасан байгаа. Гурав дахь хөрштэйгөө хамтын ажиллагаа, найрсаг ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг заасан байдаг.
БНСУ бол манай гурав дахь хөрш улс. Солонгос улстай бид иж бүрэн түншлэлийн харилцаатай, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн явуулна. Цаашид Солонгос улстай гурав дахь хөршийн бодлогын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулах болно.
-Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хоёр орны хооронд визгүй зорчих асуудалд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Эхлээд солонгос иргэдийг Монгол руу визгүй зорчуулдаг болсны дараа, монгол иргэдийг Солонгос улс руу визгүй зорчуулах асуудлыг шийднэ гэж ярьсан. Тэгэхээр Гадаад хэргийн яамд Солонгосын талаас ийм хүсэлтийг хэзээ ирүүлсэн бэ. Хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Монгол Улс, Солонгос улс хоорондоо визгүй зорчих тухай асуудлаар төрийн өндөр дээд түвшинд иж бүрэн айлчлалын хүрээнд тогтмол ярьж, энэ асуудлыг манай талаас тавьж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд аль аль талдаа тодорхой цаг хугацаа шаардлагатай. Учир нь Солонгос улсад манай улсын 37 мянган иргэн оршин суудаг. Визтэй холбоотой зөрчил их байгаа нь визгүй зорчих асуудалд шууд холбоотой байгаа учраас энэ яриа хэлэлцлийг тодорхой хэмжээнд үр дүнд хүргэх үүднээс 2018 оноос эхлэн хариуцлагатай аялъя аяныг өрнүүлсэн. Одоогоор визгүй болгох асуудал хоёр улсын хувьд аль нэг талдаа эцэслэн шийдээгүй, яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Өнгөрсөн жилүүдэд Монгол, Солонгос улсын хооронд зорчих хоёр улсын иргэдийн тоо ихэссэн. Энэ нь виз олголттой холбоотой тодорхой ахицууд гарч байгаа гэдгийн жишээ юм.