Categories
мэдээ нийгэм

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ МАРГААШ ХЭСЭГЧЛЭН НЭЭНЭ

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргаж, анхны төлөвлөгөө ёсоор зам засварын ажлыг 2019 оны арваннэгдүгээр сард дуусгах товтой байв.

Товлосон хугацаанаас хойш бүтэн жил өнгөрсөн ч ихээхэн хэл ам дагуулсан уг замын эхний хэсгийг буюу автозамын зөвхөн нэг, гурав, тавдугаар хэсгийг маргааш нээхээр болжээ.

Харин үлдсэн хоёр, дөрөвдүгээр хэсгийн замыг ажлыг ирэх хавар үргэлжлүүлэхээр болж байна.

Хятадын компани замын ажлаас гэнэт татгалзсаныг хахуультай холбон тайлбарлаж байна

Ийн хэсэгчлэн ашиглалтад оруулж байгаагийн учир нь, хоёр, дөрөвдүгээр хэсгийн замыг ажлыг хийхээр тендерт шалгарсан БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп” гэнэт ажиллахаас эрс татгалзан техник, тоног төхөөрөмжөө хуу хамаад алга болсон билээ. Тэд нутагт нь цар тахал гарсантай холбоотойгоор ажлаа зогсоож байгаагаа мэдэгдсэн гэх боловч ийн хүч хаяж ирчихээд гэнэт буцсан шалтгааныг манай түшмэд хээл, хахууль нэхсэнтэй холбоотой хэмээн тайлбарлагсад ч байна. Ямартай ч, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замын ажлыг хийхээр тендерт ялсан компанийн хийхээр төлөвлөж байсан хоёр, дөрөвдүгээр хэсгийн замын ажил ийнхүү зогсонги байдалд орсон юм. Тиймээс гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарлахаар болжээ.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ болж, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгодог байна.

Уг тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодож, нэг иргэний амь насыг хохироожээ

Өнөөдөр буюу /2020.11.05/-ны өдрийн 01:01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн адбанаас анхааруулж байна

Categories
мэдээ соёл-урлаг

Гэр бүлийн хос дуучдын хамтарсан “Арга билэг” тоглолт болно

МУСТА, гэр бүлийн хос дуучид болох Д.Амарсайхан, Ж.Солонго, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Арга билэг” хэмээх хамтарсан тоглолт арваннэгдүгээр сарын 11-нд UB PALACE-ийн их танхимд болно.

Олноо танигдаж, дуулсан дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн энэхүү дуучдын дууг мэдэх хүн олон. Тухайлбал, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Хосоороо”, “Хоёулаа”, “Зүрхний наран”, Д.Амарсайхан, Ж.Солонго нарын “Хос уянга”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” гэх дуу бий.

Гурван цаг орчим үргэлжлэх тус тоглолт хайр сэтгэлээр холбогдон амьдралаа эхлүүлэхээс эхлээд насны эцэст мөнх бусыг үзэх хүртэлх амьдралыг харуулсан мюзикл хэлбэрээр найруулагдсан онцлогтой байна.

Мөн тус тоглолтод олон уран бүтээлч хамтран ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​3000 гаруй ажлын байр нээлттэй зарлагдана

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар энэ сарын 07-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох юм байна.

Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлагдана. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ-ын тэргүүн А.Хосхүү нар мэдээлэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

Мах, сүүний экспортыг нэмэх боломжийн талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг өнөөдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрыг Гадаад харилцааны яам бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон мах, сүүний экспортыг нэмэх боломжийн талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Хойд Солонгост олон нийтийн газар тамхи татахыг хориглов

Хойд Солонгосын Ардын дээд хурлаас өчигдөр (2020.11.4) олон нийтийн газар утаат тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Утаат тамхийг хориглосон хууль нь Хойд Солонгосын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байна. Улмаар янжуур худалдах, үйлдвэрлэлд тавих хяналтыг чангатгах гэнэ.

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагт мэдээлснээр кинотеатр, дуурийн театр, улс төр болон үзэл суртлын боловсролын төвүүд болон бусад олон нийтийн газарт утаат тамхи татахыг хоригложээ.

Хойд Солонгосын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг гэх судалгааг ДЭМБ 2013 онд хийж байсан аж. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь архаг тамхичин гэдгийг олон улсад андахгүй. Тэрбээр мэдээллийн хэрэгслээр гартаа байнга шахам тамхи барьсан гардаг.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хоног хоол идээгүй дөрвөн настай охиныг түр хамгаалах байранд шилжүүлжээ

Онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлажээ.

Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон байна. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байжээ.

Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Жо.Байден Монголд…

АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо.Байден 2011 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсад айлчилж байсан юм. Цагаан ордны албан ёсны гэрэл зурагчин Дэвид Лиенеманн тухайн айлчлалыг дурандаа ийн буулгаж үлдээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд өвлийн дугуй сонгохдоо мөнгөндөө тааруулж хуучин дугуй худалдан авч байна

Дугуй нь бүх замын дугуй, зуны дугуй, өвлийн дугуй гэсэн төрөлтэй. Хүмүүс бүх замын дугуйг дөрвөн улирлынх гэж андуурдаг. Бүх замын дугуй нь зуны улиралд хээний элэгдэл багатай. Харин өвлийн улиралд зохимжгүй. Манай улсад Япон улсаас дугуй ихэвчлэн орж ирдэг. Тийм учраас бүх замын дугуйг өвлийн улиралд ашиглах нь зохимжгүйгээс гадна, элэгдэл ихтэй, осол гарах магадлал өндөр юм. Бүх замын дугуй нь улирлаа дагаад үнэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Өвлийн улиралд арай хямд болдог бол зуны улиралд үнэ нь өсдөг. Бүхий замын дугуйг жийп, гэр бүлийн зориулалттай машин, хагас ачааны машинд л тавьдаг юм байна.

Харин өвлийн дугуйг хээний хувийг 70-аас дээшээ сонгох хэрэгтэй. Балруулан хээтэй учир зуны улиралд элэгдэл бага бөгөөд зам дугуйны барьцалдах чанар сайн байдаг. Шинэ дугуйны эдэлгээ нь гурваас дөрвөн жил байдаг. Харин хуучин дугуйны хувьд хамгийн дээд талдаа эдэлгээ нь хоёр жил л болдог байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их эрэлттэй байгаа дугуйнуудын үнийг сонирхуулъя.

Хуучин дугуйны үнэ:

195-65-10 хэмжээтэй дугуй 35000-50000 төгрөг

205-65-10 хэмжээтэй дугуй 70000-90000 төгрөг

Шинэ дугуйны үнэ:

195-65-10 400.000-500.000 төгрөг

205-65-10 700.000-800.000 төгрөг

“Өгөөмөр” захын дугуйны борлуулагч Х.Баттөр “Есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл дугуйны худалдаа эрс сайжирдаг. Хүмүүс эртнээс машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа нь сайшаалтай байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстээ зөвлөхөд азотын хийгээр өвлийн улиралд дугуйгаа хийлүүлэхгүй байсан нь дээр. Амортизоторт гамтай, зөөлөн болдог гээд хийлчихдэг. Өвлийн улиралд ингэхээр гадна дотроосоо хөлдчихдөг учир дугуй эдэлгээгүй болдог. Мөн боломжтой бол заавал шинэ дугуй авах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд дугуй хамгийн чухал эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлээ бодсон ч тэр. Бүр боломжгүй бол сайн судалж байгаад авах нь зөв. Ядаж л он болоод хээг нь сайн харах хэрэгтэй. Арван хүн тутмын хоёр нь л шинэ дугуй авдаг. Бололцоогүй байна гээд хямд дугуй авч байгаа. Үүнийгээ дагаад ч юм уу өвлийн улиралд осол их гардаг байх” гэж байлаа.

У.УРАНБИЛЭГ