Categories
мэдээ нийгэм

Докторын зэрэг хамгаална

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант Liu Yujie “Монгол Улс дахь боловсролын ТББ-ын төслийн менежерүүдийн манлайллын чадамжийн судалгаа” сэдвээр, докторант Цэрэнчимэд овогтой Агиймаа “Ойрад хэлний статус, амьдрах чадвар, хэрэглээг судалсан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг тус тус хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2020 оны 11-р сарын 19-ний 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.

ОЛОН УЛС СУДЛАЛ, УДИРДАХУЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослын улмаас хоёр иргэн амиа алджээ


Тодруулбал Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ачааны автомашин онхолдож хоёр хүн нас барсан тухай дуудлага 11.05-ны өдрийн 13:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан 14:26 цагт очиход Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож жолооч Увс аймгийн Улаангом сумын иргэн Л /44 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Гавъяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн “Хангарьд палас”-т эхэллээ

“АТЛАНТА-1996” зуны олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдочдын 24 дэх удаагийн олон хотын тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд эхэллээ.

Тэмцээний эхний өдөр хөдөө орон нутаг болон нийслэлийн 61 клубийн 458 өсвөрийн жүдочид 20 жинд аваргаа тодруулна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр оролцож, залуу тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын дугуйн замд хамгаалалт хийжээ

Богд уулын арын зам дагуу шинээр тавигдаж байгаа унадаг дугуйн замаар автомашинтай иргэд жолооч нар маш ихээр зорчиж, зөрчил үүсгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас туузан хаалтыг яаравчлан байршуулж тухайн унадаг дугуйн замыг хамгаалах ажлыг хийлгэжээ.

Унадаг дугуйн зам нь автомашины асфальтан замаас нимгэн хийгдсэн учраас тухайн замыг эвдэх эрсдэл маш өндөр юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн байранд гал гарсан байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 26х9.5 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарчээ.

Галын дуудлагыг 2020.11.06-ны өдрийн 02:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан байна.

Утаажилтын бүсээс 4 иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Их Британийн Гадаад хэргийн сайд өөрийгөө тусгаарлажээ

ЛОНДОН. /Politico/. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “COVID-19” халдвар авсан хүнтэй хавьтсаны улмаас өөрийгөө тусгаарлахаар болжээ. Тэрбээр Засгийн газар болон Үндэсний эрүүл мэндийн газрын дүрэм журмын дагуу 14 хоног тусгаарлагдах шаардлагатай юм.

“Д.Рааб коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнтэй хавьтсан гэдгээ пүрэв гарагт мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр алсаас ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.

Англид коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд халдвар авсан өвчтөнүүдтэй хавьтсан хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдолд 10 мянга хүртэл фунт.стерлингийн торгууль ногдуулах юм

Д.Рааб нь Ерөнхий сайд Борис Жонсоныг энэ оны эхээр “COVID-19” халдварын улмаас эмчлүүлж байх үеэр түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Б.Махбалд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалын хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэх гэж байна. Б.Махбалд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрлээ


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 11-р сарын 4-5-нд 1068 хүний сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачааны машины хоёр жолоочоос илэрсэн. Тэд Беларусь улсын иргэд бөгөөд 38, 40 настай. Мөн 10-р сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр илэрсэн. ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ бол Ковид өвчтэй өвчтөнүүдэд үйлчилгээ хийхээр багаараа 14 хоног ажилладаг. Эдгээр хүмүүс тэндээс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдаж байгаад 28 хоногийн дараа гэртээ харьдаг. Тус сувилагчийн ажиллаж байх 14 хоног дуусахын өмнөх хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тийм учраас энэ ажлын багийг тусгаарлаж хяналтад авсан.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Д.Золбоо: Жо.Байден 78 нас хүртлээ улс төрөөс өөр ажил хийж байгаагүй. Тэр тусмаа гадаад харилцаан дээр голлон ажилладаг

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо.Байдены хувьд ялалт байгуулах нь тодорхой боллоо гэсэн мэдээ байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл?

-Би ч мөн та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна. Америкийн хэвлэлийн үндсэн сайтаас гаргасан мэдээллийг хараад одоогоор дүгнэхэд арай эрт байна. Хүмүүс бол тодорхой л боллоо гэсэн хандлагатай болчихлоо.

-Ардчилсан намаас нэр дэвшигч Жо.Байдены хувьд Дэд ерөнхийлөгч байхдаа Монголд айлчилж байсан удаатай. Монголчуудын эчнээ танил гэж хэлж болно. Энэ хүн улс төрийн үзэл баримтлалын хувьд ямар онцлогтой вэ?

-Мэдээж Ардчилсан намын үзэл баримтлалтай, 78 нас хүртлээ улс төрөөс өөр зүйл хийж байгаагүй. Сайн улс төрч. Тэр тусмаа гадаад харилцаан дээр голлон ажилладаг. Насны хувьд Америкт 78 нас бол залуудаа тооцогдоно шүү. Ерөнхий чиглэл нь гадаад харилцааны бодлого юм. Манай улсад 2011 онд С.Батболд Ерөнхий сайдыг байхад айлчлал хийж байсан. Монголд бол элэгтэй байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэг ирсэн хүн ямартай ч Монголын талаар мэдээлэлтэй байгаа.

– Түүнийг сонгуульд ялалт байгуулахад юу нөлөөлсөн бэ?

-Энэ асуултад хариулахад хэтэрхий олон юм ярих нь. Миний зүгээс харж байгаагаар, Америкт олон улсын зочин манлайлагчдын хөтөлбөр гэж байдаг. Энэ оны хоёрдугаар сард тэр хөтөлбөрийн үеэр Америкийн гадаад бодлогын долоо, найман хүнтэй сургалтад хамт хамрагдсан юм. Цар тахал түгэхээс өмнө юм л даа. БНХАУ-аас бусад улс оронд тархаагүй байсан үе. Тэр үеийн хандлагыг ажиглаж байхад Трампын нэр хүнд маш өндөр байсан. Америкийг дахин хүчирхэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлсэн гэх мэт. Харин цар тахлаас улбаалсан маш олон хүчин зүйлээс шалтгаалсан. Хөл хорио, арьс өнгөний асуудал гэх мэтийн зүйлсээс болж өнөөдрийн үр дүнд хүрч байгаа болов уу.

– Жо.Байден хувь хүн талаасаа америкчуудад хэрхэн үнэлэгддэг юм бол?

-Миний ойлгосноор маш сайн үнэлэгддэг. Улс төрийн албыг олон жил хашсан болохоор бохир зүйлд хутгалдах нь бага байсан. Гэхдээ ар гэрийн асуудал бол байгаа. Ардчилсан нам талаас нь харахад мөрийн хөтөлбөрийн хувьд хэт их олон нийтэд таалагдах гэсэн амлалтууд өгсөн байсан. Амьдрал амлалт хоёр үргэлж зөрдөг. Яахав дунджаараа цаашаа явах байх.

Жо Байден АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдвол манай улсад эдийн засгийн болоод улс төрийн талаасаа ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Аль нь ч гарсан огцом өөрчлөлт гараад байх юм бол байхгүй. Тэр хүн Монголын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй, өөрийн гэсэн бодолтой хүн. Ерөнхийлөгч хууль дээр хориг тавих юм уу, гарын үсэг зурах хэмжээнд байх болов уу. Гурав дахь хөршийн худалдааны хууль ч юм уу, батлагдаж боловсруулах асуудал нь Конгресс шийдэх учиртай.

Жо Байден энэ оны эхээр намынхаа сунгааны хэлэлцүүлгийн үеэр “Хятадууд дэлхийн хамгийн муухай нүүрсийг Монголоос авдаг. Тэрнийхээ утааг дэлхий даяар цацаж байна” гэж хэлсэн нь ямар учиртай юм бол?

-Аль ч үед улс төрчид олон нийтэд таалагдах гэж иймэрхүү үйлдэл гаргадаг. Монгол судлаач биш, Монголын талаар сайн мэдэхгүй учраас тэгж ярьсан байх. Тэрийг нэг их эмзэг хүлээн авах шаардлагагүй. Монголд нэг ирсэн хүн учраас гадаад бодлогодоо анхаарал хандуулж, эерэг өөрчлөлтүүд ихээхэн гарах байх гэж найдаж байна.

Энд голлох хоёр нэр дэвшигч л дурдагдаад байгаа болохоос цаана нь олон нэр дэвшигч байгаа. Гэхдээ санал хуваах хэмжээнд биш байна?

-Конгресс болон сенатын түвшинд Ардчилсан нам илүү байгаа тал бий. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд энэ хоёроос өөр хүн байх боломжгүй. Улс төр, соёл, түүхийн нэлээд урт хугацааг туулаад тодорхой хэмжээнд нийгмийн дундаж давхаргад байгаа учраас иргэдийн савлалт маш бага байна. Мужууд дээр нь харахад 49, 48 ч юм уу арав хүрэхгүй хувийн зөрүүтэй байгаа. Тэр савлаж байгаа хэсгийг яаж эргүүлэх нь улс төрийн том намуудын ажил.

Доналд Трампын ялагдал хүлээж байгаа нэг шалтгаан нь цагаачдын бодлого байлаа гэж зарим эх сурвалжууд харж байна?

-Мэдээж энэ дөрвөн жилийн хугацаанд маш их зүйлс болсон. Цагаачлалын бодлогоор олон ч хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байсан. Энэ нэг шалтгаан нь мөн.

Цар тахлын улмаас бизнес, ажлын байр нь хумигдмал нөхцөлд хүрсэн. Тиймдээ ч бидний төсөөлж байснаас өөр үр дүн гарч байна. Гэхдээ энэ бол Америкийн ард түмний сонголт, бид хүндэтгэлтэй хандах нь зөв. Миний бодлоор “Хэн нь сонгогдвол манай улсад илүү ашигтай вэ” гэх асуултыг тань зөөллөх хэрэгтэй. Энэ бол тусдаа асуудал. Хэн ч сонгогдсон түүнийг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь бидний л асуудал.

У.Уранбилэг

Categories
мэдээ нийгэм

“Өвгөн хуурч” комик киноны гол дүрд Рокит бэй тоглоно


“Хандгай” дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минут үргэлжлэх хугацаатай байхаар төлөвлөжээ. Уг киноны гол дүр болон хөгжмийн продюсероор Рокит Бэй ажиллах юм.

“Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн “Би 10 жилийн сурагч байхдаа Хандгай гэдэг хочтой хүүхэд байсан. Өөрийнхөө хочоор зохиолынхоо гол дүрийг сонгосон. Орчин үеийн залууст “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киногоо хүргэхийн тулд хип хоп хөгжмийн хэмнэлээр үлгэр ярих болно. “Хандгай” комик цуврал маань 2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд танигдсан. Энэхүү бүтээлийг маш сайн зохиолтой, чанартай хийхийг зорьж байна. “Өвгөн хуурч” нэртэй хөдөлгөөнт комик кино нь 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болно” гэв.

Уран бүтээлчид төслийнхөө зорилгыг хүүхэд, залууст Монголын уламжлалт соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн “Хандгай” дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршиж байгааг онцолж байлаа.

Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан цуврал бүтээл ховор байдаг. Энэ цаг үед “Хандгай” дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж буй юм. Төслийн хүрээнд комик киноноос гадна дуучин Рокит Бэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн Хуурч” цомог пянз ба дижитал, график видео клип, “Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц,, арт ном, маркетинг болон медиа хөтөлбөрүүд зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц ажлыг хийх аж.