Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

2020 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

2020 оны 11 дүгээр сарын 09-13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи ихэнх хуганцаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.


Categories
мэдээ нийгэм

Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 97 иргэн ирнэ

Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 14:20 цагт газардах хуваарьтай байна Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирнэ. Үүний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден сонгуульд ялалт байгууллаа.

Fox News агентлагийн мэдээлснээр тэрбээр сонгогчдын коллежоос нийт 290 санал авсан бол Дональд Трамп 214 саналтай хэвээр байна. Доод тал нь 270 санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болох болзол хангах юм.

Жо Байден “Америк орон! Энэ агуу улсыг надаар удирдуулахаар сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Биднийг хүлээж буй энэ ажил хэдий хүнд бэрх ч гэлээ та бүхэнд би нэг зүйл амлая. Надад санал өгсөн өгөөгүйгээс үл хамааран би бүх америкчуудын хувьд ерөнхийлөгч нь байх болно.” хэмээн Твиттертээ бичжээ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМ: Сумын өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна

Түнэл сумын хэмжээнд 2020-2021 онд 317 хот айлын 787 малчин өрхөд 314934 толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна. Үүнээс байран тэжээлд 23,9 мянган толгой мал, нэмэгдэл тэжээлд 23.5 мянган толгой мал тэжээгдэхээр байна. Зуншлага оройтсоны улмаас хадлангийн ургац муу гарчээ.Малчдын түвшинд 10340 тонн өвс бэлтгэхээс 2820.5 тонн, тэжээл 15 тонн бэлтгэж 100 хувь, давс, хужир шүү 689 тонн бэлтгэхээс 121 тонн, худаг, уст цэгийн хангамж 100 хувь, бод малын хашааны хангамж 92.7 хувь, бог малынх 97.2 хувь, шинээр бодын хашаа 19, богийн хашаа 21-ийг барьсан байна. Ерөнхий дүнгээр өвөлжилтийн бэлтгэл хангалт 84,5 хувийн биелэлттэй байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 100 хувь хийгдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ: Эхийн ачийн тухай яруу найргийн наадам болно

Ханбогд суманд жил бүр уламжлал болгон хурдаг “Дэмчогийн чого” буяны хуралтай холбогдуулан Равжаа хутагтын Галбын гурван хийдээ байгуулж, онгодоо хөглөж, номын хөнжил дэлгэсэн Галбын говьд яруу найргийн наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Говийн сэдэвтэй нэг шүлгээр уг наадамд оролцох эрхээ авна. Мөн оролцох шүлгүүдээ, мэдүүлгийнхээ хамтаар А-4 ийн цаасан дээр бичиж мандат олгогчид өгнө.Наадамд оролцох сэдэв нь “Эхийн тухай” бөгөөд Дэмчогт хурж байгаа хурал нь эхийн ачийг хариулах хамгийн том буяны хурал учраас энэ сэдвийг сонгосон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМАГ МӨРӨН СУМ: Хөвсгөлийн төрх фото хуудаснаа дэлгэгдэв

Гэрэл зурагчин Л.Батсүх анхны бие даасан “Happy Huvsgul-2020” үзэсгэлэнгээ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Арт галерейд зохион байгууллаа.Үзэсгэлэнд өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн 32 бүтээл дэлгэгдэв.Тэрбээр таван жилийн өмнөөс гэрэл зургаар дагнан Хөвсгөл аймгийн 24 сум болон Монгол Улсын байгалийн цогцолборт газруудын унаган төрх, зон олны аж амьдралыг харуулсан фото зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд буулган ажиллаж байна.“Happy Hu­vsgul-2020” үзэсгэлэн үргэлжлэн Улаанбаатар хотын Монгол Арт галерейд дэлгэгдсэн юм.Уг үзэсгэлэнд эх орныхоо байгалийн өвөрмөц агшиныг буулгасан 90 орчим бүтээл тавигджээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМГИЙН АРГАЛАНТ СУМ: “Өдрийн сонин” ирж байгаа

Төв аймгийн Аргалант суманд “Өдрийн сонин” хүрч байна. Энэ талаар тус сумаас тодруулахад “Монгол шуудан”-гаар “Өдрийн сонин” ирж байгаа. Сонин захиалдаг, уншдаг хүмүүс уншицгааж байна. Сүүлийн үед сонин унших хүн цөөрөөд байсан. Харин тогтмол хэвлэл ирдэг болсноос хойш сонин унших, сонин захиалах тухай бага сага ойлголт дэлгэрч байна.Хүн бүр л гар утсаа шагайдаг болсон үед сонин уншина гэдэг зарим хүнд шинэ юм шиг л санагдаж байх шиг байна” хэмээн мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК:Гаднаас ажиллах хүч оруулах асуудал Засгийн газрын бүрэн хяналтад байгаа

Улсын онцгой комисс хуралдлаа. Өнөөдрийн хурлаар хөл хорио, хязгаарлалтын шийдвэр гаргасангүй. Харин хилийн боомтуудын үйл ажиллагаан дахь халдвар, хамгааллын дэглэмийг чангатгахыг үүрэг болгов. Сүүлийн үед сошиалаар түгээд буй “Шөнийн цагаар Хятад улсын иргэдийг хилээр оруулж байна” гэх мэдээлэлд Шадар сайд Я.Содбаатар “Энэ бол худал мэдээлэл. Энэ сарын 6-наас он дуустал гаднаас ажиллах хүч оруулахыг хориглосон. Энэ жилийн хувьд маш бага тоогоор ажиллах хүч оруулж ирсэн. Тэдгээр хүмүүсийг журмын дагуу 21 хоногийн тусгаарлалтад байлгаж, гурван удаагийн шинжилгээгээр оруулсан. Гаднаас ажиллах хүч оруулах асуудал Засгийн газрын бүрэн хяналтад байгаа” гэлээ.

Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг хориглоно гэхээр урлаг соёлын бүх үйл ажиллагаа зогсчих гээд байгаа учир энэ асуудлыг эргэн хэлэлцэж, юуг яаж хориглох вэ гэдгээ нарийвчлан тогтооно гэж Шадар сайд нэмж хэлэв.

ЭМЯ “Халдвар авсан сувилагчийг хэзээ, хэрхэн халдвар авсныг бид судалж байна. Ирэх 7 хоногт энэ талаар мэдээлнэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, ЧД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын 700 гаруй алба хаагч тус дүүргийн гэр хороолол бүхий 13 хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм.

Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан багш эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр тохиож байна

Бурхан багш эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн” өдөрт зориулсан номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээлээ.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, Ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутивд залран ирсэн хэмээдэг.

Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх билээ. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Та бүхэн эцэг эхийнхээ ачийг санан, тэднийхээ сайн сайхны төлөө буянаа хураагаарай.