Categories
мэдээ нийгэм

COVID-19-ийн “өндөр эрсдэлт” байдал удахгүй “аюултай” руу шилжиж болзошгүй тул тодорхой саналуудыг УОК-д хүргэнэ


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЦЕГын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө.

“Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор COVID-19 халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй.

Өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд бид урд хилдээ илүү анхаарч байсан бол одоо хойд буюу ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд УОКын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг.

Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай УОКын гишүүд болон Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын багууд ажиллаад ирсэн. ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна.

Монгол орны цаг уурын нөхцөл байдлаар салхи дандаа хойноосоо чигтэй байгаа учраас бидэнд бодож тооцож, сэргийлэх зүйл маш их байна. Түүнчлэн Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.

Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОКын Шуурхай штаб, УОК-д өгч байна.

Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж 368 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж, шинээр халдвар илэрсэн эсэх талаар мэдээллээ.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд нийт 1,816 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийтдээ 12 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал,

  • аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн.
  • аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
  • арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч/ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан.
  • арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/ халдвар илэрлээ.
  • аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч Монгол Улсын иргэн.

Монгол жолооч нар олон компаниар дамжиж бараагаа цуглуулаад орж ирдэг юм байна. Хилийн цаана хяналт сул байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа.

Батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүн, 7 нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна” гэдгийг хэллээ.

Categories
видео-мэдээ

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Халтиргаа үүсэхээс сэргийлж 3227 тонн давс нөөцөлжээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн төлөвлөсөн ажил 99.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт 10 дугаар сарын 27-ны байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцлөөд байна.

Өнгөрсөн өвөл 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ. Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Сүхбаатар: Дарга дагасан төсөв болоод байна гэж олон жил ярьж байна. Сангийн сайд тэрийгээ өөрчлөхгүй, томьёо л яриад байх юм

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар Сангийн сайд руу хандаж их л ууртай үг хэллээ. Тэгтлээ уурсах юу болов?

-Төсвийн асуудал дээр би өөрийн байр сууриа жаахан чанга илэрхийлсэн хэрэг. Илэрхийлэхээс аргагүй байдал үүслээ л дээ. Энэ онд нийслэлийн төсвийн орлогоос улсын төсөвт татан төвлөрүүлэх орлого нь 319 тэрбум.

Энэ жил тодотгол хийгээд нэмчихсэн шүү дээ. Гэтэл ирэх оны улсын төсөвт нийслэлээс татах орлого нь 420.6 тэрбум болоод өсчихсөн. Зуу гаруй тэрбумаар. Энэ бол үндэслэлгүй, бодитой биш байна.

-Яагаад?

-Энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёрдугаар сараас аравдугаар cap хүртэл, хүн амын орлогын албан татварыг дөрөвдүгээр сараас аравдугаар cap хүртэл чөлөөлчихсөн шүү дээ. Одоо нийслэлийн татварын орлогын явц 57, 58 хувьтай л явж байна. Аравдугаар сарын эцсийн байдлаар үндсэндээ нийслэлийн төсвийн орлого 340 тэрбумаар тасарчхаад явж байгаа.

Ийм байхад ирэх жил байдал сайн сайхан болох юм шиг зуу гаруй тэрбумаар нийслэлээс төсөвт татах орлогыг нэмлээ. Энэ жилийнхийгээ нийслэл чинь даахгүй байна.

Сангийн сайд Төсвийн байнгын хороон дээр хэлсэн зүйл бол “Орлогоо дутуу тооцоод байна. Өнгөрсөн он жилүүд….” гээд л ярьсан. Би өнгөрсөн он жилүүдийг яриагүй. Энэ он, дараагийн оныг ярьж байна. Энэ оны төсөв бол ковидын төсөв байлаа. Ирэх оны эхний хагас жил ковидын нөхцөл байдал үргэлжилнэ гэж тооцсон.

Тэгэхээр ирэх жилийн төсөв мөн ковидын үеийг харгалзсан төсөв байх нь. Гэтэл яагаад нийслэлээс татах орлого нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа юм. Дээр нь дэд төвүүдийн асуудал байна.

Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дарь-Эх, Шар хад гээд л. Энэ олон дэд төвүүдийн хүрээнд газар чөлөөлөлт, дэд бүтцийн байгууламжуудыг шинэчлэх ажил гээд Улаанбаатарын хөгжлийн суурийг бий болгох залгамж ажлууд явах ёстой. Үүний 220 сая долларыг гаднынхан санхүүжүүлж байгаа. Манайх зуугаад сая долларыг нь санхүүжүүлэх үүрэгтэй. Тэр мөнгө бас байхгүй. Улсын төсөвт угаасаа тусгагдаагүй.

Нийслэл энийг үүрэх ёстой болж байна. Хэрвээ үүрэхгүй бол тэр дэд төвүүдийн ажил зогсоно.

-Та нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ингэтэл их санаа тавьж, хилэгнээд байгаа юм уу?

-Нийслэл гэдэг чинь дүүргүүдийн нийлбэр. Хот гэдэг нэг амьтай. Хотын онцлог нь бол бие биеэсээ аж ахуй, эдийн засаг, нийгмийн хамааралтай нэг том айл.

Энэ айлд чинь энэ бүхэн шууд нөлөөлж байна. Түрүүнд хэлсэн. Хот тохижилтын орлогыг ингээд тавьчихаар нийслэлийн орлого тасалдсан. Цаашаа орлого дээр төвлөрүүлэх юм нь газрын төлбөрийн орлогыг нь нэмээд тооцчихсон.

Үл хөдлөх хөрөнгийн татварынх нь орлогыг нэмээд тооцчихсон. Гэтэл түрээслэгчид, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс ямар хэцүү байгаа билээ. Ирэх жил тэрийг нь нэмж авч болохоор шахчихсан байгаа. Тэр байтугай хүү, торгуулийн орлогыг нэмээд тооцчихсон. Олон тэрбумаар.

Жишээ нь зөрчил, гэмт хэрэг буурах ёстой гэж тооцох ёстой болохоос нэмэгдэнэ гэж ажиллах нь байна. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулаад шууд торгодог байдлаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх, сануулах хэлбэр л үү оръё гэсэн бодлого УИХ-д байгаа.

Угтаа зөрчлийн тоо буурах ёстой биз дээ. Гэтэл шууд автоматаар нэмэгдэнэ гээд тооцчихсон. Тэгээд томьёо гэж яриад байх юм. Яах вэ, улсын төсөв дээр томьёо байх ёстой. Гэхдээ тэр томьёо юун дээр үйлчилж байна вэ.

Өнөөдөр улсын төсөв дээр дарга дагасан төсөв болоод байна гэж ярьж байгаа. Энэ яриа олон жил явж байна. Зарим аймгууд дээр яаж тавигдаж байна. Юунд зориулагдаж байна. Энийгээ өөрчлөхгүй байж, Сангийн сайд томьёо л яриад байх юм.

Саяны тайлбар дээр миний сэтгэл дундуур байгаа юм нь нийслэл хотод оруулж байгаа хөрөнгө оруулалт бол бусад аймагтай харьцуулшгүй их. Улсын төсвийг та нар хар. Гадаадын зээл тусламжаар хийж байгаа төслийг хар.

Тэр дотроо цэвэрлэх байгууламж эд нарыг оруулж яриад байгаа. Гэтэл аймагт ч бай, Улаанбаатар хотод ч бай хийгдэх ажлыг хоёр хуваах ёстой. Нэг нь төр засгийн хүлээх үүрэг. Улсын чанартай ажлууд.

Нөгөөдөх нь орон нутгийн чиг үүрэг, орон нутгийн хийх ажил. Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Энэ дээр зааглах заалтуудыг оруулна. Улаанбаатар хотод хийгдэж байгаа ажил болгоныг нийслэл хотын хөрөнгө оруулалт гэж бодож болохгүй.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль чинь буцчихаа биз дээ…

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсгийн би өөрөө ахалж байгаа.

Анхны хэлэлцүүлэг дээр нь нэгдсэн чуулганд оруулах гэж байгаад “Орон нутгийн сонгууль ойртоод улстөржсөн юм болоод байна. Эргэж нэг харъя” гээд байнгын хороо руу нь буцаасан. Бид ирэх долоо хоногоос энэ хуулийн ажилдаа ороод явна.

-Энэ хуулийн гол өөрчлөлтүүд нь юу байх юм?

-Төв орон нутгийн чиг үүргийг анх удаа зааглах оролдлого хийх юм. Юуг нь төв засаг, орон нутаг хамтарч хийх юм. Юуг нь орон нутаг дангаараа хариуцах юм. Хуучин бол Төсвийн хуульд заачихсан үйлчилгээ маягаар төсвийн бүтээгдэхүүнээр нь жагсаачихсан байсан. Энэ нь амьдралд нийцэхгүй байсан юм.

Улс орнуудын жишиг, Монголын дотоод онцлог, өнгөрсөн сургамжаа харгалзаад энийгээ цоо шинээр харах ёстой болсон. Бид нар чинь сумын түвшинд хийх ажлыг аймаг, улсын түвшинд яриад л байдаг. Цаашдаа энэ хууль гарчихвал улсын төсөв дотор хүүхдийн тоглоомын талбай мэтийн асуудал нийслэл, дүүрэг, аймгийн төсөвт суудаг болмоор байгаа юм.

-Сонгуулийн өмнө энэ хууль орж ирэхэд Ардчилсан намын бүлэг эсэргүүцээд л байсан.

-Дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргыг нэр дэвшүүлэх хурлын үйл ажиллагаанд Ерөнхий сайд хутгалдан орох гээд байна гэдэг асуудлаас болсон юм.

Тэр нь Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэхэд хурлын төлөөлөгч юм уу бүлэг нь дэвшүүлнэ шүү дээ.

Өөрөө томилоход оролцдог мөртлөө намын бүлэг, хурлын төлөөлөгчтэй зэрэгцээд тэр шатанд нь “Би энэ хүнийг нэр дэвшүүлэх гэж байгаа, та нар дэмжээч ээ” гэж санал гаргах эрх олгох тухай асуудал байсан. Үүнийг “Нутгийн өөрөө удирдах ёсыг устгах гээд байна. Дээрээс нь бүхнийг хянах гээд байна” гэцгээсэн.

Бид бодохдоо цаг үеийн шаардлагыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байхад ч гэсэн аймаг нийслэлийн Засаг даргын түвшний хүмүүсийг томилохдоо энэ бол улсын түвшний бодлого хэрэгжүүлэх орон зай учраас Ерөнхий сайдын бодлого томилгоондоо илүү тусгая гэдэг юм яриад өөрчилж чадаагүй.

Одоо яаж байна гэхээр байгаа энэ Засаг дарга нар чинь нэг талаас хурлын гүйцэтгэх байгууллага, нөгөө талаас Засгийн газрын төлөөлөгч гэсэн хоёр эзний нэг зарц болчхоод байхгүй юу.

Хариуцлага тооцох гэхээр заримдаа хурлын шийдвэр биелүүлж байгаа хүн гээд байдаг, заримдаа би Засгийн газрыг төлөөлж байгаа хүн гээд байдаг. Энэ асуудлууд дээр байгаа хуулийнхаа нөөц боломжийн хүрээнд ер нь дээд шатны Засаг дарга юм уу, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд, энэ яг доод талын харьяалах шатны Засаг дарга дээр нэр дэвшүүлэх эрхэд нь оролцъё. Томилгоон дээр болохоор ёсчилж байгаа юм шиг болчхоод байна. Нэг удаа л татгалздаг.

Анхнаас нь нэмэлт, нөхцөл байдал үүсгэх гээд байгаа байхгүй юу. Зарим хүн шууд дээрээс нь томилчихъё гэсэн хатуу байр суурьтай байдаг шүү дээ. Тэрийг бодох юм бол зөөлөн хувилбар, одоо байгаагаа бодох юм бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдын оролцоог нэмэгдүүлж, төв засаг нөлөөлөх боломжоо нэмэгдүүлж байгаа асуудал.

Энэ дээр яах вэ маргаан шүүмжлэл гардаг. Аль аль талд нь дэмжих дэмжихгүй хүмүүс байдаг.

Шуудхан хэлэхэд, бид Ерөнхий сайдын бодлого оролцоо эсвэл аймаг, нийслэлийн Засаг дарга сум дүүргийн Засаг даргыг томилохдоо оролцох оролцоог нь нэмэгдүүлэх байдлаар санал болгодог энэ зүг рүү явж байгаа.

Орон нутгийн сонгуулийн өмнө энэ нь том маргааны сэдэв болох гээд сонгуульд үйлчлэх гэж байна гэдэг том хардлага байсан. Тэр нь ч үндэстэй гэж үзээд бид хойшлуулсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулга бол улстөржилтийн золиос болж болохгүй.

Энэ чинь Монгол Улс ямар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хүрээнд удирдлагаа төрийн болон нутгийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийн үндэс болсон Үндсэн хуулийн дараа орох цөөн хэдэн органик хуулиудын нэг.

Одоо ажлын дэд хэсэг маань ажиллаж байгаа. Ер нь саналууд бол бэлэн болсон. Мэдээж нэг том асуудал үлдээд байгаа.

Энэ нь улс төрийн намуудын зүй бус оролцоог хязгаарлах тухай асуудал яригдаад байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль улс төрийн намын оролцоог суманд шууд хориглочих гэхээр болохгүй байна.

Улс төрийн намын тухай хууль гээд дахиад тусдаа хууль хийгдэж байгаа. Том шийдэл хүлээгдэж байгаа. Улс төрийн намуудын чиг үүрэг орчин цагт улсын хэмжээнд бодлого чиг үүргээ хэрэгжүүлэх юм нь аймаг, сум дүүрэг дээр яг яах юм гэдгийг тодорхойлох тусдаа том сэдэв. Би үүн дээр их болгоомжтой хандаж байгаа.

Намууд байх байхгүй асуудал, нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй асуудал гээд ярихаар энэ чинь өөрөө улс төрийн намын шинэтгэлийн бодлоготой холбоотой асуудал болчхож байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том бодлого бол улс төрийн намын орчныг цоо шинээр өөрчлөхөөр заалт орчихсон. Тэр юу юм гэхээр улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого явуулна, зохион байгуулалт үйл ажиллагаа нь ил тод байна гээд заачихсан.

Тэгэхээр суман дахь өөрөө удирдах ёс гэдэг чинь заавал улсын ашиг сонирхлын дагуу байх ёстой юу, орон нутгийнхаа асуудлыг илүү давамгай барих ёстой юу. Онолынхоо хувьд улсынхаа хэмжээнд орон нутгийн ашиг сонирхол давамгайлдаг орон зай гэж бий.

Тэр нь аймаг, нийслэл, улс. Сум дүүрэг, баг хороо гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёс буюу тухайн орон нутгийн иргэдийн ашиг сонирхол давамгайлдаг зүй тогтолтой.

-Ойрд та чуулганы хурал дээр нэлээд ширүүн байх боллоо. Батхүлэг гэдэг хүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилох асуудал дээр яагаад тэгж эсэргүүцэж уурлаад байсан юм?

-Нэгдүгээрт, хуулийн шаардлага хангахгүй байгаа. Одоогийн байгаа хуульд шүүгчээр ажилласан жилүүдийн шаардлагаар гадна шүүгч болсон хүн Дээд шүүхэд орох боломжийг нээж өгчихсөн юм бий. Тэр нь өмгөөлөгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан байх ёстой. Тэр хүн бол арваас доошгүй жил өмгөөлөгчөөр ажилласан гээд гүрийгээд байгаа.

Өөрсдийнх нь өгсөн баримт бичгийг харахаар тэр хүн 2006 оноос 2015 оны хооронд “Голомт”-оос нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлээд ажилласнаар бүртгэгдчихсэн. 2015 оноос өмгөөлөгчийнхөө хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа юм. Ажилласан байдлын нотлох юм нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр байдаг.

Тэрэн дээрээс харахаар таван жил байгаа биз дээ. Өөрөө болон оруулж ирж байгаа улсуудын тайлбар болохоор өмгөөлөх эрх авсан үеэ оруулаад арван жил гээд байгаа юм.

Нөгөө талаар тэр дотор нь бас асуудлууд бий. Өнөөдөр бид шударга ёс гэж ярьдаг. Гэхдээ шударга ёс хаана тогтоогддог вэ гэхээр Дээд шүүх дээр л байхгүй юу.

Ажиллаж байгаа газартай нь холбоотой асуулт асуусан. Өнгөрсөн хугацаанд та тэр байгууллагаа төлөөлж жилд дунджаар хэдэн хэрэг дээр ажиллав гэхээд “Дөчөөд хэрэг дээр ажилласан” гэж хариулсан.

Шулуухан хэлэхэд тэр аж ахуй нэгж Монголд маш том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэрэнтэй хамааралтай аж нэгжүүдийг санхүүжүүлдэг газар. Тэрэнтэй холбоотой маргаан үүсэхэд тэр хүн зөв шударга шүүх үү. Бэлээхэн жишээ бидэнд байгаа шүү дээ.

Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Дээд шүүхэд ороод тухайн ажиллаж байсан газартайгаа холбоотой хэргийг шийдвэрлэхэд оролцож байна. Тэр нь хууль бус, зүй бус байж болох тухай энэ кейс дуусаагүй байна. Гэтэл яг ийм байдлыг энэ кейсээс сургамж авахгүйгээр шийдүүлэхээр оруулж ирлээ шүү дээ.

-Их хурлаас хамаарахгүйгээр Ерөнхийлөгч бараг шийдчих юм биш үү?

-Үгүй, Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д танилцуулснаар л Ерөнхийлөгч томилно. Танилцуулна гээд ёс төдий юм болгоод Ерөнхийлөгч шийднэ гэвэл Үндсэн хуулийн зөрчил болно.

Цаашдаа УИХ-ын Дэгийн тухай хуульд энэ танилцуулах ажиллагааг нарийвчлах ёстой юм байна. Танилцуулах ажиллагаа явагдаж дууссаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргадаг болмоор байна.

Өмнөх он жилүүдийн практикт энийг дамжлага аятай зүгээр өнгөрөөдөг байж. АНУ-ын дээд шүүхийн шүүгчийг томилж байгаа процесс бусад улс орнуудыг хар.

Нээлттэй сонсгол хийж байна. Дунд сургуульд байхдаа ямар зөрчил гаргаж байв, нийгмийн том асуудлууд, хэрэг явдлын талаар ямар байр суурьтай, эрх зүйн онол философийнх нь талаар асууж шалгаах, үзэл бодлоо эдлэх эрхийг нь парламентын гишүүд төдийгүй олон нийтэд олгож байна.

Японы Үндсэн хуульд Дээд шүүхийн шүүгчдээ сонгууль явахтай зэрэгцээд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалтыг тодорхой цаг хугацаанд арван жил хүртэл хийж болохоор заалтууд хүртэл байдаг.

-Тэгвэл тэр өөрчлөлтөө хийж болоогүй юм уу?

-Одоо яг хийх гээд Шүүхийн тухай хуульд оруулах гээд байж байна. Гэтэл энэнээс өмнө амжуулж улс төрийн зорилгоор оруулж ирж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр яасан их зорилготой, зоригтой зүтгүүлээд байгаа юм. Ард нь хэн байна. Монголд нууц биш шүү дээ.

-Ард нь хэн байна гэдэг нь Ерөнхийлөгчийг хэлээд байна уу?

-Би олон нийтийн төлөөлөл болохоос биш, хувь хүний үзэл бодлоо илэрхийлээд ганцаараа яриад байгаа юм биш. Олон нийтийн шүүмжлэл чинь өнгөрсөн он жилүүдэд зөндөө байлаа.

“Улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн гарт энэ шүүх чинь орчихлоо. Луйварчдаас өөрийгөө хамгаалуулах гэж шүүхэд очсон чинь луйварчдыг хамгаалаад шийдвэр гаргаад байх юм. Шударга ёс чинь алга болчхоод байна. Шударга ёсны тэмцэл чинь үргэлжлэх ёстой биз дээ” гэж сонгуулиар хэлээд яриад захиад, бид ч гэсэн ‘‘Шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Үндсэн хуульд орсон өөрчлөлтөө гүйцээнэ” гээд орсон.

Миний хувьд саяны асуудлын харахаар тайван байхын арга алга. Суган доогуур чинь гараад Дээд шүүх рүү явчих гээд байна шүү дээ.

-Батхүлэг гэдэг залууг улстөрчдийн хардаж байгаагаар Ерөнхийлөгч зүтгүүлж байж болох юм. Гэхдээ “Голомт” банканд ажиллаж байсан гэдгээр нь эсэргүүцээд байгаа чинь Үндсэн хууль зөрчин ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш үү?

-Нийтийн албанд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах хууль гээд Х.Тэмүүжин бид санаачлаад МАН олонх байх үедээ зоригтой хийж байсан хууль бий.

Ашиг сонирхол илт үүсэхүйц нөхцөл байдал гэж байдаг. Олон нийтийн дунд банкуудын асуудлыг бодитой ярьж байна. Банкны тухай хууль хийхээр УИХ явж байна, Ерөнхий сайд банкны реформ хийхээ удаа дараа мэдэгдчихсэн.

Банкуудыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч нь дангаараа олон салбарт бизнес хийдэг нь бодитой юу бодитой. Эндээс үүсэн гарсан янз бүрийн маргаанууд шүүх дээр очиж байна. Гэтэл ажиллаж байсан компаниа төлөөлж жилд дөчөөд хэрэг дээр ордог.

Шүүгч нар нь тэр хүнд таатай, таагүй байдлаар шийддэг. Гэтэл тэднийхээ дээр бүх хэрэг маргааныг шийдвэрлэнэ гээд ороод ирж байгаа хүнийг яаж хүлээж авах юм. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил. Нийтийн эрх ашиг хууль дээдлэх зарчим, илт ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал нь тодорхой байгаа. Тэр хүн заавал дээд шүүхийн шүүгч болох нь зөв байна уу. Энийг бол олон нийтийн итгэл дэмжлэг өөрөө тодорхойлох ёстой.

Хууль тогтоогчид олгосон мандатынхаа эрхийн дагуу миний хувьд ашиг сонирхлын ийм зөрчилтэй, хуулийн шаардлага хангахгүй хүнийг ёс зүйн талаас нь харсан ч гэсэн дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Харин төсөв дээр дуугүй өнгөрье гэхээр угаасаа ирэх жил нийслэл дүүргийн асуудал чинь хүндрэх нь тодорхой байна.

Төрд олон жил тодорхой ажлууд хашиж байсан хүний хувьд төсөв гэдэг бол улс төрийн бодлого бөгөөд асуудлыг шийдэх том шийдэл. Нэгэнт тэр том асуудлуудыг шийдэх тэр төсөв нь байхгүй болохоор яах юм. Том дуугарахаас өөр аргагүй. Том дуугарлаа гээд байгаа байхгүй юу.

Том асуудал дээр мөнгө нь байхгүй байгаа юм чинь арга барагдаад том дуугарахаас өөр аргагүй. Тэрнээс биш би дуугаараа давах гээд дуугарсан юм биш.

Хаана Монгол Улсын төсвийн гажиг байгаад байна гэхээр Сангийн сайд гэдэг хүнд бүх юм төвлөрчихсөн. Энийг цаашид цэгцлэх гээд нэгж, хот тосгон гээд бусад юмыг чинь яриад явж л байна л даа.

Наана нь ирэх жилийн ажил амьдралыг өнөөдөр буруу тооцоод хийчхээд байгааг нь илт мэдээд байхад би тэр хүний хариултад амаа таглуулаад эсвэл тэр томьёонд нь хууртаад ингээд сууж болохгүй л болчхоод байгаа юм.

-Ганцаараа энэ бүхнийг Сангийн сайд мэдээд байгаа юм биш байлгүй дээ. Засгийн газар чинь хаана ямар төсөв төсөвлөхөө бүгдээрээ сууж ярьсан л байлгүй..

-Манайд бол Сангийн сайд нь Их хурлын гишүүнээ томьёо бодсон гээд хэлж байгаа юм чинь Засгийн газартаа бүх томьёогоо бодогдоод ороод ирж байгаа гэж л хэлнэ.

-Булганд хүн болж төрснөөс, Хэнтийд бух болж төрсөн нь дээр юм байна гэдэг шиг л төсвийн буруу хуваарилалтыг эсэргүүцээд байна аа даа…

-Тийм, би тэрний чинь дуу хоолой л болж байгаа болохоос, өөрөө өөртөө наасан юман дээр бухимдаад уурлаад байгаа юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

20 мянган тонн мах нөөцөлнө

Нийслэлийн хүн амын махны хангамж, үнэ тогтвортой байлгахаар 2020-2021 оны хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонноос багагүй махны нөөц бүрдүүлж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр 18 аж ахуйн нэгжээр мах бэлтгүүлэх шийдвэр гарсныг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн баасан гарагийн хуралдаанд дурдаад, “Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан дотоодын нөөцөд нэмэлтээр 7000 тн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг 10 дугаар сарын 26-наас энэ сарын 4-ний хугацаанд зарласан. Цаашид махны хангамж, нөөцлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.

Өнгөрсөн онд махны хангамж, хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлтгэж, нийт 11 мянган тонн махыг гэрээт 413 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ11 ДҮГЭЭР САРЫН 09-НӨӨС 13-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас“Их засаг” танхимд.

11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэвлэлийн бага хурал 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд.

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00цагаас “Их засаг” танхимд.

11 дүгээр сарын 13-ны Баасан гарагт:

  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нарын 17 гишүүн 2020.08.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөө.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт.

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас“Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Зөвлөлдөх санал асуулгыг явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ. ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт 13.00 цагаас “Их Монгол” танхимд:

  • Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зөвлөлдөх санал асуулгыг явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нарын 17 гишүүн 2020.08.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.
Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Гэмтсэн 13 хүний гурав нь хүүхэд байгаа бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой ослын талаар Тээврийн цагдаагийн алба “11 дүгээр сарын 7-ны 06:28 цагийн орчимд Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч нь замын хажуугийн хашлага мөргөж, зорчигч, 19 настай, эмэгтэйн амь нас хохирсон.

Мөн өдрийн 10:12 цагийн орчимд Хэнтий аймаг Батноров сумын нутагт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч, 34 настай, эрэгтэйн амь нас хохирсон ослууд гарсан.

Иймд жолооч нар өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв.

Өнгөрсөн хоёр өдөрт нийслэлд 90, орон нутагт 81 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ.

Явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Төсвийг ялгавартай хуваарилах нь гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

-УДШ-д нэр дэвшигч Х.Батхүлэгийг ашиг сонирхлын зөрчилтэй, “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь ямар нэг байгууллагад ажилласнаар нь хүнийг “гадуурхах” нь зөв үү?

-Хаана, ямар ажил хийж байснаас нь шалтгаалж ямар ч хүнийг алагчилж хандах ёсгүй. Өөрөөр хэлбэл, “Голомт” банкинд ажиллаж байсан гэдэг үүднээс хандаж, ялгаварлах нь буруу. Ер нь энэ байтугай Монгол улсын иргэн ямар нэгэн байдлаар ял эдэлж, хуулийн хариуцлагаа хүлээн, ялын хугацаа нь дууссан тохиолдолд аль ч байгууллагад ажиллах эрх нь бүрэн нээлттэй байдаг. Тиймээс ийн ялгавартай хандаж байгааг гайхаж байна.

-Ирэх оны төсвийн тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ. Төсвийн хуваарилалт тэгш бус байна шүү дээ…?

-Монгол улсыг айлаар зүйрлэж ярья. Ямар ч айл “Манайх ирэх онд тэдэн төгрөгийн орлого олно. Үүнийхээ тэдэн төгрөгийг нь ийм зүйлд зарцуулна, үлдсэн мөнгийг нь хуримтлуулна” гэж төлөвлөдөг шүү дээ. тиймээс Монгол улс ч мөн ийм байдлаар явах ёстой. Гэтэл төсвийн алдагдлыг жирийн зүйл мэтээр ойлгож, жил бүр төсвийг алдагдалтай баталдаг болчихсон. Ер нь төсөв алдагдалтай батлагддаг эмгэнэлт байдалд орчихоод байна. 2020 оны төсвийг хасах 4.8 их наяд төгрөгөөр тодотгосон. үүн дээр нэмж 2021 оны төсөв хасах 2.2 их наяд төгрөгийн тодотголтой гэхээр нийтдээ долоон их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа юм. Энэ алдагдал нь эргээд өр болж байна. Энэ бол жирийн зүйл биш. Өр нэмж байгаа юм.

Төсвийг том зургаар харвал халамжид чиглэсэн, ямар нэгэн баялаг бүтээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ашиг орлого олох чиглэлд, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн зүйл байхгүй байна. Ийм эмгэг харагдаж байна.

Мөн төсвийн жигд бус хуваарилалт газар авсан. Аль аймаг нь дээгүүр албан тушаалтан, сангийн сайдтай байна гэдгээс шалтгаалж төсөв арав дахин зөрүүтэй байна. Үүнийг би гэмт хэрэг гэж харж байна. Учир нь Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхтэй. хуулиар газар нутгийн байрлал, яс үндсээр ялгаварлагдах ёсгүй. Гэтэл төсвийн хуваарилалтаар хүртэл ялгавартай хандаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй харагдаж байна. Яагаад Сангийн сайд, Ерөнхий сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уих-ын даргатай аймгуудад илт илүү төсөв хуваарилж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлэн Увс аймагт зориулж, 73 төрөл зүйлд 223 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Увс аймаг чинь нийслэл Улаанбаатар хот биш шүү дээ. Гэтэл зарим аймгуудад 10 хүрэхгүй тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн байх жишээтэй. Ийм гаж үзэгдэл Монголд бий болчихоод байна.

Гуравдугаарт, төсөв урсгал зардал руу чиглэсэн царцааж, хойшлуулж болох, төр захиргааны бүтэц, орон тоог тэлсэн, хурал зөвлөгөөн хийх гэх мэт шаардлагагүй хөрөнгө оруулалтуудад төсөв тавьсан байна. Бүхэлд нь дүгнэж хэлэхэд энэ удаагийн төсөв бүтэхгүй, ихээхэн алдагдалтай төсөв баталж байна. Угтаа төсвийг алдагдалгүй батлахад чиглэсэн, баялаг бүтээгчид, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдээ дэмжсэн, халамжийг хавтгайруулж бус халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд хүрсэн төсөв байх ёстой. Үүнд би болон АН-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ерөнхийлөгч болон Засгийн газраас Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Гэвч МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хууль санаачлагчид нь буцаалаа. Та Шүүхийн тухай хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч хуулиар олгогдсон хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Мөн засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нэг хуульд хоёр өөр субьект нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа тохиолдолд нэгтгэж аль зөв зүйтэй давхардсан, заалтуудыг авч хэлэлцэх ёстой. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хаалттай хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг буцаах улс төрийн шийдвэр гаргасан. үүнийг “Ерөнхийлөгч улстөржлөө, АН-ыг дэмжлээ” гэсэн улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Хоёр хуулийн төслийг нь харьцуулаад харахаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зөв зүйтэй шийдлүүд олон байна лээ. үүнийг бүлгийн хурлаар ярьсан. Тухайлбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийнх нь тоо тав байсныг нь арав болгох. ингэхдээ бүрэлдэхүүнийг томилохдоо Монголын бүх хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд орсон Монголын хуульчдын холбооноос шүүгчийг оруулна гэж заасан байгаа юм. Гэтэл засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөр оруулахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өргөн барьсан хуульд байнгын хороо болон хууль зүйн сайд шүүгчийг оруулна гэж заасан байна. Гэтэл Байнгын хороо ч УИХ-ын гишүүдээс бүрддэг, Хууль зүйн сайд нь ч Уих-ын гишүүн буюу давхар дээлтэй байна. Нэг чиглэлээс хоёр хүн оруулж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна уу гэж бид хардаж байгаа.

Аль ч улс оронд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх гэсэн ерөнхий зарчим бий. Бэлээхэн дотор нь байгаа Монголын Хуульчдын холбооныхон өөрсдийн хүнээ дэвшүүлэх зэрэг саналыг хасч байгаа нь хардлага төрүүлж байна.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэтгэвэр бол маш чухал асуудал. Тухайн иргэн залуу, халуун насандаа хийж бүтээгээд хөдөлмөрийн чадвар муудсан ахмад насандаа залуу байхдаа төлсөн шимтгэлийнхээ дагуу тодорхой хэмжээнд тэтгэвэр авч амьдардаг биз дээ. Үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэтгэвэр нь тогтолцооны хувьд олон янз байдаг. Тухайлбал, эв санааны зарчимд болон нэрийн дансны хуульд тулгуурласан зэргийг дурдаж болно. Манай улсын хувьд энэ хоёр хууль хоёулаа байгаа. Мөн Хувийн тэтгэврийн тухай хууль гэж яригдаж байна. Би үүнийг дэмжиж байгаа юм. Учир нь тэтгэврийн энэ олон тогтолцооны хамгийн зөв бөгөөд олон эх сурвалжаас орлого орж байвал тэр хүний амьжиргаа, эрүүл мэнд, ая тухтай байдал хангагдана.

-АН-аас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно хэмээн мэдэгдсэн. Сөрөг хүчний зүгээс үүнийг “450-500 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орох эрсдэлтэй, тэтгэврийн ялгамжтай байдалд ч мөн нөлөөлнө” гэсэн байр суурьтай байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Энэ бол амьдралаас урган гарч ирсэн хууль. Учир нь АН засаг барьж байгаад 2016 онд засаг хүлээлгэж өгөхөд нэг ам.доллар 1960 төгрөгтэй тэнцэж байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөг болж өссөн байна. Хоорондын зөрүү нь худалч хүнд бараг 50 хувиар монгол төгрөгийн ханш суларсан байна. Тэгвэл одоо авч байгаа тэтгэврийг ам.доллар луу шилжүүлбэл хэд болох вэ. Маш их багассан. Манай улс импортоос хамааралтай. Бүх барааг ам.доллараар худалдаж авдаг. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Тиймээс тэтгэврийг нэмэхээс өөр аргагүй болж байгаа юм.

500 мянган төгрөгийг өнөөдрийн ам.долларын ханшаар бодохоор 200 мянган төгрөгт хүрэхгүй. Тиймээс энэ нь хүний амьдралаас урган гарсан шийдвэр л дээ. үүнд ихээхэн тооцоотой хандаж байгаа. Ер нь АН тэтгэврийн асуудалд тэр дундаа ахмадуудын нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс үүнийг би дэмжиж байгаа. Тэтгэврийг нэмнэ гэж лоозогнохгүй. Тооцоололтой хандсан. Тайлбарлая. Цагаан суваргын орд гэж бий. 2014 оны үед тухайн үеийн Уих-аас Таван толгойн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл одоо нөхөл байдал шал өөр болчихсон. Учир нь нэгдүгээрт, коронавирустэй холбоотойгоор эдийн засаг ихээхэн хүндэрч байна. Манай улсад дотоодод “Covid-19” гараагүй байхад ийм байгаа юм чинь гарчихвал яах вэ гэдэг асуудал үүснэ. эдийн засгийг эрчимжүүлэх, төсөв, улсын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай болчихож байгаа юм. Тиймээс боломжтой байгаа орд газруудаа хувийн хэвшлээс авах бус хувийн хэвшилтэй хувиа тохирч хамтарч зүтгэе гэж байгаа юм. Ер нь ч энэ орд ашиглагдахгүй удах тусам, хувийн компанидаа ч улсад ч ямар ч ашиггүй. Тиймээс ширээний ард суугаад хамтарч хувиа тохироод улсдаа ч, хувьдаа ч хөрөнгө оруулъя гэж байгаа юм. ингээд ашиглалтад орчихвол ордоос олох өгөөж нь төсөвт хүндрэл үзүүлэхгүйгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжтой гэж харж байна. Тэтгэврийг нэмэхэд 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Ер нь тэтгэврийн доод хэмжээг нэмэх бодитой зүйл. Эрх баригч намын өөрсдийнх нь хийсэн алдаа. Учир нь инфляци өндөр хувьтай болж ам.долларын ханшийг барьж чадаагүй. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн амьжиргаа доошилж байна шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Хуульч О.Алтангэрэл: Албан тушаалтнууддаа адилхан ял оноо, үгүй бол шоронд байгаа хүмүүсээ сулла. Бүгдээрээ шударга байя

Шүүхийн ёс зүйн хорооноос “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Holi­day inn” зочид буудлын хурлын танхимд өрнүүлсэн юм. Энэ үеэр Шүүхийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Өнөөдөр манай улсад хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл ямар түвшинд байна гэж та бодож байна?

-. Би шүүхийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний харж байгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл жил ирэх тусам суларч байна.

Яагаад иргэдийн шүүхэд итгэх итгэл сулраад байна гэхээр шүүхээс гаргаж байгаа олон нийтэд ил тод байгаа шийдвэрүүдээс болоод байна шүү дээ. Би өнгөрсөн хугацаанд оюутны танхим, малчны хот, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг гээд олон газар салбар салбарын иргэдтэй уулзахдаа нэг асуулт асууж үзсэн. тэр нь “өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй таны асуудал шүүх дээр очиход та өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна уу” гэхэд бүгд “үгүй” гэсэн хариулт өгсөн. нэг ч хүн манай улсын шүүх шударга гэж хариулаагүй. Бүр нэг ч шүү. Тэгэхээр бид өнөөдөр хичнээн гоё юм яриад нэмэргүй. Гоё боллоо, сайхан байна, хуулийн шинэчлэл хийгдсэн, хууль шударга болчихсон гэж яриад байх юм байхгүй. Үнэндээ өнөөдөр Монгол Улсад шүүхийн нэр хүнд гэж авах юм алга.

-Яагаад шүүхийн нэр хүнд уначихав аа. Уг нь шүүгчийг ямар нэгэн эрх ашгаас ангид байлгахын тулд хамгийн өндөр цалинтай болгосон санагдах юм. Гэвч дээрдсэн юм байна уу?

-Шүүгчийн цалинтай холбоотой асуудал нэг хэсэг нийгэмд маргаан дэгдээсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр шүүгч хэдэн төгрөгийн цалин авч байгаа нь иргэнд сонин биш.

Хамгийн гол нь иргэд муу ажиллаж байгаа гэж дүгнэдэг хүмүүс нь их цалин аваад байгаад л бухимдсан. Шүүгчийн нэр хүндэд нөлөөлдөг ганцхан зүйл нь тухайн хариуцсан хэргээ хэрхэн яаж шийдвэрлэсэнтэй л холбоотой байдаг.

-Иргэдийн хэдэн хувь нь шүүхийн байгууллагад итгэж, хэдэн хувь нь итгэхгүй байна гэдэг бодитой тоо баримт байдаг юм уу. Хэлэлцүүлгийн үеэр энэ чиглэлээр ТББ-ын хийсэн судалгааны тоо баримт, ШЕЗ-өөс хийсэн судалгааны тоо баримт хоорондоо зөрүүтэй байдаг гэж байсан?

-Энэ чиглэлээр хийсэн судалгааны тоо баримтууд байгаа. үнэнийг хэлэхэд хөндлөнгийн байгууллагуудаас хийсэн тоо баримтуудыг л харахгүй бол шүүхийн албан ёсны статистик тоонд итгээд ямар ч нэмэргүй шүү дээ. Шүүх ямар байх ёстой вэ гэдгийг хүн болгон мэднэ. Шүүх шударга л байх ёстой.

-Шүүх энгийн иргэн, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилж байгаа гэдэг дээр санал нийллээ. тэгвэл ялгаатай, шударга бус шүүхийн тогтолцоог халахын тулд юунаас эхлэх ёстой юм бэ?

– Шүүхийг ард иргэдийн хүсэн хүлээсэн шиг эрх тэгш, шударга, ил тод болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Шүүхийн сахилгын хороо гэдгийг нэмсэн юм. Шүүхийн шинэтгэлийг гоё хууль яриад хийчихдэггүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх шүүгчдийг хоёр ч удаа томилж, чөлөөлсөн шүү дээ. Шүүхийн шинэтгэлийг улс төрийн акц болгож, шоудах чиглэлээр хийж болдоггүй юм байна. Шүүхийн шинэтгэл үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамааралтай байдаг. Энэ асуудлыг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед ярьж эхэлсэн. Олон судлаач, эрдэмтэд үгээ хэлж байсан. Тухайн үед шүүхийн шинэтгэлийн үйл явц ид явагдаж байхад хамгийн их үүрэг роль гүйцэтгэж, идэвх санаачилгатай ажиллаж байсан хүн бол Ц.Цогт шүүгч. Түүнийг улсын Дээд шүүхийн шүүгч болох байх гэж Монголын хуульчид олон жил хүлээсний эцэст сая л нэг улсын дээд шүүгч болохоор асуудал нь орж ирж байх шиг байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шүүхийн боловсон хүчин ямар байсан нь Ц.Цогт шүүгчийн жишээнээс харагдана. Тиймээс шүүхийн шинэтгэл бодитоор явагдаж уу. Тэгвэл одоо шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа нөлөөнүүдийг арилгачихад л энэ шинэчлэл явагдана.

– Тийм боломж байгаа гэж үү. Шүүгчийн хараат бус байдлын талаар их л ярилаа. Үр дүн гарахгүй л байна шүү дээ?

-Нэг ийм яриа явж байна л даа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаана. Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын гишүүд хэлэлцэнэ гэж байна. Энэ асуудлыг харахаар хоёр хуулийн төслийн асуудал яригдаж байгаа юм шиг боловч гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон Ерөнхийлөгчийн институцийн байгууллагын хоорондын асуудал байгаа юм. Парламент нь шууд гүйцэтгэх эрх мэдлийнхээ талд орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн байгууллагад Ерөнхийлөгч маш их үүрэгтэй оролцдог. Монгол Улсын Үндсэн хуулиараа шүүгч нарыг томилох, чөлөөлөх эрх нь түүнд бий. Өөр хэнд өгөх юм бэ. Энэ эрхийг улс төрийн байгууллага УИХ-д өгч болохгүй. Улстөрчид шүүгчийг томилдог байж болохгүй. Засгийн газар буюу улстөрчдөөс томилогддог байгууллага шүүгч нарыг томилж болохгүй. Тэгэхээр манай улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчид өгөхөөс өөр ямар ч сонголт байхгүй.

-Шүүгч,прокурорыг томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн байгууллагын тухай хууль санаачлахаар түүнийг нь хэлэлцэхгүй хэмээн буцаадаг энэ хандлага зөв үү?

-Өнөөдөр МАН-ын бүрдүүлсэн УИХ, ЗГ нөгөө талд нь хараат бус байх ёстой шүүх байна. Тэгвэл ЗГ, УИХ-тайгаа нийлж байгаад шүүх эрх мэдлийг төлөөлж хуулийн төсөл боловсруулсан Ерөнхийлөгчийнхөө хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж байна. Хэлэлцэнэ гэдэг батлахын нэр биш. УИХ-аар хэлэлцэж байгаад батлахгүй байж болно, өөрчилж болно. МАН-ыг ард түмэн сонгохдоо Засгийн газрыг байгуулах эрхийг нь өгсөн. Гэхдээ Монгол Улсын хууль энэ хүмүүст шүүхийг өөрсдийнхөөрөө бий болгох эрхийг нь өгөөгүй. Тиймээс шүүхийг өөрсдийн дураар бий болгож болохгүй л дээ.

-УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд өөрсдийн эрх мэдлийг мэдэхгүй байгаа юм биш үү. тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг ШЕЗ-өөс журмын дагуу сонгон шалгаруулаад УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Гэтэл танилцахгүй хэмээн чуулганы танхимыг мөн л орхин гарсан шүү дээ?

-УИХ-ын гишүүд Дээд шүүхийг шүүгчдийг томилдоггүй. Бас баталдаггүй. ШЕЗ-өөс УИХ-д танилцуулдаг. “Ийм хүн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч болж байна шүү манайхаан” гээд танилцуулж байгаа юм. Энэ асуудлыг бүх гишүүд мэдэж байгаа мөртлөө танилцахгүй гээд зугтаад байдаг. Энэ бол зөвхөн С.Батхүлэг гэж хүний асуудал биш. Үүнээс хойш улстөрчид байдаг УИХ-аас, ЗГ-аас холдуулсан шүүхийн Үндсэн хуульд тусгаж өгсөн зарчим хэрэгжихээ больчих вий дээ гэдэгт л асуудлын гол байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль зарчимынхаа дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээ хуваарилсан зарчмын дагуу цаашид ажиллах юм уу. Улстөрчид нь хуулийн байгууллагын томилгоонд өөрсдөө гүйгээд орчих юм уу, илт хувийн сонирхол гаргах юм уу гэдэг байгаа юм. Гэтэл улстөрчид сурснаараа энэ асуудлыг улс төржүүлж, энэ хүн Голомт банкинд ажиллаж байсан, ийм тийм гээд хувь хүний асуудал яриад байдаг. Уучлаарай, энэ бол хувь хүний асуудал биш. Зарчмын шинжтэй асуудал, тэр дундаа сонгуулийн үр дүнгээр Засгийн эрх авсан нэг нам нь, улстөрчид нь бүх асуудлыг шийдээд, томилоод явах юм уу гэдэг л асуудал.

-Манайд шүүх хуралдаан болохоос өмнө хэн нь ял авах, хэн нь суллагдах, хэрэг нь хэрэгсэхгүй болох нь шийдэгдчихсэн байдаг гэх хардлага иргэдийн дунд байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

– Бүх шийдвэр урьдчилан төлөвлөөд гардаг гэж ойлгож болохгүй. Дийлэнх хэрэг хуулийн дагуу мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэгдэж байгаа гэдэгт би эргэлздэггүй. Харин авлига, албан тушаалын хэргүүд, албан тушаалтантай холбоотой, хөрөнгө мөнгөтэй, үндэсний томоохон компанид холбоотой гэх мэт томоохон хэргүүд дээр шударга бус шийдвэрлэлт нэлээд гардаг. Тухайлбал, улс орон даяар л ЖДҮ-гийн хэрэг дээр шуугьсан. Гэтэл хариуцлага хүлээсэн ЖДҮ-чид хаа байна. Энэ хэргийг гол зохион байгуулсан асуудалд холбогдсон хүмүүс торгуулаад, ял шийтгэлгүй байна. Зарим нь ажил албан тушаал өгсөөд явчихсан. Тэгэхээр үүнийг яаж шударга Шүүх гэх вэ. Ганцхан ЖДҮ гэхгүй шүү дээ. Өдөр бүр л албан тушаалтууд ард иргэдийн төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан хэрэг сонсогдож байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлдэг, хувийнхаа тансаглалд зарцуулдаг гэх мэт. Энэ гэмт хэрэг шүү дээ. Ийм байхаар хэн хуулийн байгууллагад итгэх юм бэ. Ард түмний нүдэн дээр ил тод байгаа энэ асуудалд холбогдсон хүмүүс ял шийтгэл авахгүй байхад шулуухан хэлэхэд хүний амь нас, эрүүл мэндийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгтнүүдээ суллачих хэрэгтэй. Бүгдээрээ шударга л байя л даа. Жижиг хулгайтай тэмцэж байаа шигээ том хулгайч нартайгаа тэмцэх хэрэгтэй.Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар нэг хонь 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нэг тэрбум төгрөг шамшигдуулсан хүн 25 мянган хонь хулгайлсантай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, 500 хоньтой, 50 өрх нийлээд нэг ЖДҮ-чиний үнийн дүнд хүрэхгүй байна. Гэтэл яагаад 5-10 хонь хулгайлсан хүн гурван жилийн ял сонсоод шоронд орж байгаа юм бэ. Нэг бол албан тушаалтнууддаа адилхан ял оноо, үгүй бол шоронд байгаа хүмүүсээ сулла. Бүгдээрээ шударга байя.

-Ер нь шүүхийг ашиглаж хэн нэгнийг хүчээр буруутгах сонирхол ч байгаа юм биш үү?

-Шүүхийн хамгийн том аюул нь ерөөсөө л тэр шүү дээ. Нэг талдаа Монголд сүүлийн жилүүдэд хавтгай байсан үзэгдэл шүүхийг ашиглаж улс төрийн хариуцлагаас, авлига албан тушаалын гэмт хэргээс мултарцгаасан. Энэ асуудлын дараагийн давлагаа нь шүүхийг ашиглаж өрсөлдөгчөө намнана гэдэг хамгийн аюултай шүү дээ. Тийм учраас л манай шүүхийнхэн, хуульчид, асуудлыг ойлгодог улстөрчид бодох ёстой. Яагаад улстөрчид сүүлийн үед шүүхийн асуудлыг яриад, нэг нам илт давуу дангаараа эрх барьж байгаа үед хэний ч саналыг сонсохгүйгээр зөвхөн өөрсдийнхөө асуудлыг зүтгүүлээд байна гэдгийг хардаж бодох л ёстой. Сая бид харлаа шүү дээ. Онцгой байдал тогтооно, сайхан болгоно гээд Эрдэнэт үйлдвэр ажилласан. Гэтэл сая харахад зөвхөн удирдлагын зардал нь хуучин байснаасаа 30 гаруй тэрбумаар хэтэрчихсэн байна шүү дээ. Гэтэл улстөрчдийн шударга ёс, сайхан санаачилга, уран гоё үгний цаана хулгай, хувийн эрх ашиг нуугдаж байх вий гэж болгоомжилж, сэрэмжилж л байх ёстой. Үүний тэнцвэр бол талуудын жигд оролцоо олон нийтэд ил тод нээлттэй байх явдал. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын шүүхийн байдал, Шүүхийн тухай хууль, томилгооны эргэн тойронд ийм зүйл ерөөсөө харагдахгүй байна. Нэг улс төрийн хүчин хууль шүүхийн байгууллагыг эрхэндээ авах гэсэн оролдлого л харагдаж байна.

П.БАТЗАЯА