Categories
мэдээ нийгэм

​Нийтийн тээвэр өглөө 06.00-10.00 цаг, орой 17.00-21.00 цагт иргэдэд үйлчилнэ

21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул УОК-оос нийтийн тээврийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орууллаа.

Тодруулбал нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бөгөөд 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд гурван хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гаргалаа. Тодруулбал,

1. Олон нийтийг хамарсан нийтийг хамарсан арга хэмжээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, дээрх хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх.
2. Нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад тусгай хуваарьт шилжүүлж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулах.
3. Төр хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг тогтмол үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх.
4. Төр хувийн хэвшлийн байгууллагууд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.
Нөөц хангалтын талаар:
Нийслэл хотын хэмжээнд “Коронавируст (КОВИД-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн чиглэлээр 1423 ор, 1518 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах нөөц байна.
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэглээний 45-60 хоногийн нөөцтэй байна.
Захирамжийн хүрээнд Баар 945, Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй 3731 ААН, Согтууруулах ундаа үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 1246 ААН, сүлжээ болон түргэн хоолны газар, цайны газар 1001, хүнсний зах худалдааны төв 68, барааны худалдааны төв 188 аж ахуй нэгж байгууллагууд хязгаарлалт цагийн зохицуулалтанд хамрагдаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Увс аймагт хөл хорио тогтоолоо

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Увс аймгийн хэмжээнд
2020 оны 11-р сарын 14-нийг хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, Их
дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт
семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, бар, караоке, PC тоглоомын
газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Теле хичээл өнөөдрөөс эхэлнэ

Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр боллоо.

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны пэйжид оруулна.

Хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна. Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм.

Categories
мэдээ цаг-үе

Үхрийн мах 11000 төгрөгийн үнэтэй байна

“Хүчит шонхор” захын хөл хөдөлгөөн их байна. Үхрийн мах 11000 төгрөгийн үнэтэй байна. Цагдаагийн алба хаагчид эргүүлээр явж хяналт тавьж байна. 2020.11.11.
12:20 цаг.







Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Арванэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд нийтдээ 14 хүний сорьцод коронавирус илэрлээ. Илэрсэн тохиолдлуудыг дэлгэрэнгүй танилцуулъя,

Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.

Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Мөн түрүүн илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.

Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.

Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 боллоо.

Өнөөдрийн байдлаар 61 хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа.

Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Одоо энэ мэдээллийн дараа шинжилгээний хариунууд гараад эхэлнэ.

ХӨСҮТ-т нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байгаа” хэмээн хэлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Жолоочийн ойрын хавьтал болох 24 хүний шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна

Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо.

Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “10 сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Иргэд амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын, урьдчилан сэргийлэх дэглэмийг сайтар баримталбал халдвар авахгүй байх боломжтой. Яаралтай тохиолдолд л эмнэлгийн байгууллагаар очино уу.

Categories
мэдээ нийгэм

Амны хаалтгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно

Өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комисс хуралдаж, иргэд амны хаалт зүүх шаардлагатайн дээр үйлчилгээний болон албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байгааг мэдээлсэн.

Тэгвэл амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцох юм байна.

Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

​Энэ жил “Чингис хаан” одонг хэн гардаж авах вэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ жилийн хувьд уг бэлгэшээлт өдөр нь 11 дүгээр сарын 16-нд буюу ирэх даваа гаригт тохионо. Уг өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм.

Өнгөрсөн жилийн хувьд уг шагналыг “THE HU” хамтлаг хүртсэн бөгөөд 2000, 2008, 2018 онд олгохгүй, алгасч байжээ. Энэ жилийн тухайд МУГЖ, УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлангийн санаачлан эхлүүлсэн “Хамаг Монгол” төсөлд “Чингис хаан” одон гардуулах тухай мэдээлэл сошиалд түгээд байна.

“Хамаг Монгол” төслийг анх 2013 оны гуравдугаар сард санаачлан, Улаанбаатар хотод нээлтээ хийж, Буриад, Халимаг, Тува, Өмнөд Монголд уг төсөл үргэлжилсэн юм. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд бүрэн хэмжээний бие даасан тоглолтыг 12 удаа зохион байгуулж, дэлхийн монголчуудыг соёл, ёс заншлаараа нэгдэн нийлэхийг уриалсан хоёр цомог, таван нэвтрүүлэг бэлтгэн түгээж, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудад хүргэсэн тухай төслийн зүгээс мэдээлж байсан юм. Монгол үндэстэн бүрийг оюун санаа, ёс заншил, соёл урлагаар нэгдэн нийлүүлж, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, орхигдсон өв соёлыг сэргээн, туургатан улсуудыг таниулж, сурталчлах өргөн цар хүрээг хамарсан уг төсөлд “Чингис хаан” одон хүртээхийг олон нийтийн зүгээс ч дэмжиж байгаа бололтой.

Ямартай ч таамаг төдий байгаа асуултын хариу, энэхүү шагналын эзэн хэн гэдэг эрхэм болж буйг баасан гарагт олон нийтэд албан ёсоор зарлах юм байна. Мөн энэ шагналыг авах тухай таамаглалд нэр нь явж байгаа эрхэм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Сошиалд түүнийг энэ шагналыг хүртэж болзошгүй гэцгээж байна

“ЧИНГИС ХААН” ОДОНТ ЭРХМҮҮД

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх “Чингис хаан” одонг гардуулж байв. Энэ нь Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол юм.

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Тэрээр, 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Чингис хаан одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд Чингис хаан одонг хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Р.Гончигдоржид 2010 онд Чингис хаан одонг хүртээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж 2011 онд Чингис хааны одонгоор шагнажээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн Товчооноос огцрохоо мэдэгдэж улмаар Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа орхижээ. АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. “Д.Содном гуай бол Маршал Х.Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан” хэмээн 2013 онд түүнд Чингис хаан одон хүртээж байсан байна.

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Тэрээр, Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан юм. Түүний боловсруулсан “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол” физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёо нь Монгол Улсын Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг хүртсэн ес дэх эрхэм юм. Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1978 онд УБДС төгссөн.

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр, өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж, олны анхаарлыг татсан нэгэн.

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпийн жүдо бөхийн төрлөөс эх орондоо олимпийн наадмын анхны алтан медалийг авчирсан юм.

“THE HU” хамтлаг /2019 он/

Монголын язгуур хөгжмийг металь хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй “The Hu” хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ “Хүннү рок” гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрчээ.

“Чингис хаан”-ы одонт иргэн дараах эрхүүдийг эдэлдэг

Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдах, Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гарын бэлэг гарддаг. “Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг юм байна.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдаануудыг энэ сарын 13-ныг дуустал хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргүүллээ.

Тус зөвлөмжид: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.

Иймд уг тогтоолыг хэрэгжүүлэх, коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

• Шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой аливаа шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж гаргах, зохион байгуулалтын яаралтай арга хэмжээ авах,
• Шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авах,
• Нэхэмжлэлийг шуудангаар авах, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээн авах,
• Давж заалдах шатны шүүхийн хувьд хуульд зааснаас бусад тохиолдолд оролцогч ирээгүй үед шүүх хуралдаан явуулах хуулийн зохицуулалтыг баримтлах,
• Шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх,
• Энэ чиглэлээр өөрийн цахим хуудас, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн үйлчлүүлэгч, хэргийн оролцогч нарт хандан уриалга гаргах,
• Шүүгч, ажилтныг олноор суулгахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчдыг ажлын цагт нь тараах замаар шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарах,
• Шүүгч, ажилтныг амны хаалт, бусад хамгаалах хэрэгслээр хангах,
• Шүүхийн байранд нэвтэрч буй иргэдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавих, биеийн халууныг тогтмол хэмжих ажлыг шүүхийн байранд шуурхай зохион байгуулах,
• Дээрх хугацаанд байгууллагын хэмжээнд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл дэх жижүүрийн багтай тогтмол мэдээлэл солилцон ажиллах,
• Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад арга хэмжээ.
Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тухай бүр Та бүхэнд мэдээллийг хүргэх болно гэжээ.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс