Төрийн ордонд УОК-ын хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцсэн. Маргаашнаас эхлэн Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан захирамжаас бусад тохиолдолд буюу өөр зорилгоор сэлгүүцэх иргэдэд хатуу хөл хорио тогтоох, хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, Цэргийн төв эмнэлэгт 520 ор нэмж гаргасан зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Шуурхай бүлэг Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллахаар яг одоо хотоос хөдөлж байна” гэв.
Эрүүл мэнд ийн сайд Т.Мөнхсайхан “Жолоочоос хойш таван хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, түүний эхнэр хадам ээж дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн гээд нийт 6 тохиолдол илэрсэн. Өнөөдөр мөн Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэйн хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тухайн иргэнийг ХӨСҮТ рүү авчирч, шинжилгээг дахин бататгана” гэв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Танадалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу. Маргаашаас эхлэн дэглэмийн хяналтыг улам чангатгана” гэлээ.