Categories
мэдээ нийгэм

“Дүүхээ” төвийн гутлын тасгийн гурван ажилтныг тусгаарлажээ

“Энхсаран” сувиллын газарт 21 хоног тусгаарлагдаж гараад, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрснээр манай улс халдварыг дотооддоо алдаж, нөхцөл байдал хүндэрсээр байна.

Жолоочийн явсан маршрутыг тогтооход “UB palace” концертын танхимд эхнэр болон дүүгийн хамтаар тоглолт үзсэн нь тогтоосон билээ. Улмаар эхнэрийнх нь явсан маршрутыг тогтооход 3,4-р хорооллын “Дүүхээ” худалдааны төвөөр үйлчлүүлжээ. Иймээс “Дүүхээ” төвийн үйл ажиллагааг энэ сарын 11-нд түр хугацаагаар зогсоосон юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр “Дүүхээ” төвийн гутлын тасгийн гурван ажилтныг тусгаарласан байна. Тус халдвартай жолоочийн эхнэр “Дүүхээ” төвийн гутлын тасгаар үйлчлүүлсэн нь маршрутаар тогтоогдсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор УОК-оос хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээврээс бусад үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулан, цөөнгүй хүн тоглуулж байсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар ажиллаж, 10 гаруй хүн тус газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.

Мөрийтэй тоглоом тоглож байсан “И”, “Х”, “Т” нарын бүлэг этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тоглож байсан хүмүүс дунд олны танил хүмүүс байсныг эх сурвалжууд хэлж байна.

Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэсэн зүйлчлэлээр хариуцлага хүлээлгэх юм байна.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

  • 1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү?

Дэлхийд шинжлэх ухааны хөгжил пуужин шиг маш хүчтэй, хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн нээлт маргааш нь шахуу хөрсөн дээр бууж, шинэ шинэ технологиуд ар араасаа цуварч, хүмүүс бид энэ их хурдыг өөрсдөө ч гүйцэхээ больж байх шиг. ямартаа ч , амьдрахад тун амар хялбар болж байна. Энэ бол зохион бүтээгч эрдэмтдийн гавьяа, шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм.

Монгол Улс ч гэсэн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд тусдаа академи байгуулсан нь өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь өдгөөгийн Шинжлэх ухааны үндэс суурь нь болжээ. Тусгай байр савтай, төрөлжсөн хүрээлэнгүүдтэй, төрөөс төсөв мөнгөтэй том газар. Хэдхэн хоногийн өмнө Шинжлэх ухааны академийн их чуулган болж, ерөнхийлөгчөө улираан сонголоо. Шинэ том байрандаа ч нүүж оржээ. Харин тэр зүгээс чихэнд чимэгтэй шинэ мэдээ ойрд сонсогдсонгүй. Шинэ мэдээ гэдэгт манай эрдэмтдийн хийсэн шинэ бүтээлүүд амьдралд хэрэгжиж, Монгол Улсынхаа хөгжилд дусал ч атугай хувь нэмэр оруулж буй мэдээллийг хэлээд байгаа хэрэг. Дан ганц шинжлэх ухааны академи гэлтгүй Шинжлэх ухаан технологийн сан гээд бас нэг том газар бий. Жил бүр шинжлэх ухааны шилдгүүдээ шалгаруулж, чамгүй өндөр шагнал өгдөг ч тэдний дундаас гялалзаж гялтгасан, бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсэн шинэ бүтээл байна уу. Гурван жилийн өмнө шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан “Монгол орны эмийн ургамлаас хорт хавдрыг эмчлэх шинэ арга” одоо ямархуу түвшинд туршилт судалгаа хийгдэж байдаг юм бол. Чимээ байхгүйг бодоход шагналаа аваад зогссон юм болов уу. “Монгол эрдэмтэд хуруу зай үйлдвэрлэлээ” гээд хэсэг шуугьсан. Сайн мэдээ. “Энэ төрлийн хуруу зайнаас 2-3 дахин илүү чанартай” гэж бүтээлээ ярих эрдэмтнээс манай сурвалжлагч “Та нар үүнийгээ хөгжүүлээд приус машины батерей хийх боломжтой юу” гэж асуугаад ам руугаа алгадуулсан. Цөмийн физик, цөмийн энергийн талаар манайхан хавьгүй сайн мэдлэг мэдээлэлтэй. Оросын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн инситутад монгол эрдэмтэд байнга л ажиллаж ирсэн. Гэтэл манайд энэ салбар огт хөгжөөгүй.

Монголын эрдэмтэд онолын шинжлэх ухаанаа илүүд үздэг гэдэг. Дэлхийд алдартай аль нэг сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлэхийг илүүд үзэж, тэр чиглэлд анхаардаг. Том зорилго нь тэр бөгөөд их сургууль, хүрээлэнгийн удирдлагууд ч энэ ажлыг нь илүүтэй дэмждэг байна. Энэ бол онолын шинжлэх ухааны байгууллагын гол ажил нь, эрдэмтний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гарц нь мөн. Гэхдээ орчин үед онолынхоос илүү хэрэглээний шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд түүний ачаар л өндөр хөгжилд хүрч байна. Онолоо ч хөгжүүл, хэрэглээний шинжлэх ухаанаа ч зэрэгцүүлж өндөрт гаргах хэрэгтэй гэдгийг 100 жилийн түүхтэй байгууллага, түүнийг удирдаж байгаа хүмүүс анзаарч бодлогодоо тусгаасай. яг үнэндээ санхүүжүүлье гэхээр олигтой бүтээл манайханд байдаггүй гэж бизнесмэнүүд та нарыг голж байна. Тэгэхээр мөнгө төгрөггүй гэж элдэв зовлон тоочихоо бас больчих хэрэгтэй. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон “Монос”-ын Л.Хүрэлбаатар гуай номондоо яг ийм санааг хөндсөн байна лээ. Тухайлбал, “Нэг ургамлыг судлаад шинэ бодис нээлээ, эмчилгээний ийм үйлдэлтэй гэж зарлаад алдаршдаг. Шинжлэх ухааны хувьд яах аргагүй амжилт, шинэлэг зүйл л дээ. Гэтэл нөгөө бодис агуулдаг ургамал нь маш ховор, үйлдвэрлэлийн нөөц бараг байхгүй, тарималжуулах боломж тааруу байдаг. Бас өвчнийг анагаах чадвар нь одоо байгаа эмнүүдээс сул болохоор эм хийх шаардлагагүй тохиолдол ч бий. Нөгөө талаар нээсэн шинэ бодис нь тухайн ургамалдаа маш өчүүхэн хэмжээтэй агуулагддаг болохоор эм хийх талаар бодохын ч хэрэггүй байх талтай. Эм зүй, эм судлалын салбарт ажилладгийн хувьд ийм тохиолдолтой маш их таарч байлаа” гэж бичсэн байна лээ. Байгаа байдлыг нь үнэнээр нь хэлж байгаа нь энэ. Манайхан голдуу ийм л судалгааны ажилд цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж байна.

Ард түмэн юу хүсч байна, Монгол Улсад ямар бүтээл хамгийн хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, хэрэглээ тал руугаа хэлбийхгүй бол 100 жил онол яриад бид хөгжсөнгүй. “Манай эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин хийж байгаа болов уу” гэж уншигчид биднээс асуудаг. Асуух ёстой асуулт. Шинжлэх ухааны академи харин энэ асуултад юу гэж хариулах бол.

Арваад жилийн өмнө дэлхийн улсуудын шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдаа Монгол Улс урьсан билээ. Бүр Засгийн газрын хэмжээд аян өрнүүлж, миний мэдэхээр арав гаруй шилдэг залуу эрдэмтэд эх орондоо ажиллахаар ирснийг санаж байна. Өндөр цалин хангамжтай ажлаасаа гарч тэд эх орондоо ирцгээсэн. Харамсалтай нь, тэдний ихэнх нь нэг хоёр жил ажиллаад буцсан. Юм хийх гэхээр өмнүүр нь ороод тэглээд хэвтчихдэг хачин хандлага тэднийг үргээчихсэн гэдэг. Шуудхан хэлэхэд ажиллах боломж олгоогүй юм, тэдэнд.

Хандлагаа өөрчлөх цаг болсон байна, эрдэмтэд минь. Амьдралд буусан, бидэнд хэрэгтэй зүйл хийгээч. Монгол хүний чадвар чансааг харуулсан тийм шилдэг бүтээлүүдээр биднийг гайхашируулаач.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллын баянбүрд болох хагас пассив хаустай танилцлаа

Хяналтын инженер Б.Тэнүүн, Э.Ануунд байшингийн талаар мэдээлэв.

Гэр хорооллын баянбүрд болох гурван байшин “Жорлонгоо өөрчилье” төслийн шугамаар босч байна. Гэр хороололд босч байгаа энэхүү саарал усны шийдэлтэй, хуурай био жорлонтой, утаа бага ялгаруулдаг зуухтай, дулааны алдагдал багатай байшингийн явцыг харахаар Тасганы овоонд байдаг А.Цэнгүүний гэр бүлийг зорьж очлоо.

МИНИМАЛ МАЯГААР АМЬДРАХЫГ ХҮСДЭГ ЗАЛУУ ГЭР БҮЛ

Гэрийн эзэгтэй Э.Ануун биднийг угтсан юм. “Манай нөхрийг А.Цэнгүүн гэдэг.Бид хоёулаа геодезийн инженер мэргэжилтэй. Охин таван настай, Ц.Болор гэдэг” хэмээн залуу бүсгүй танилцуулав. Э.Ануун нөхөртэйгөө оюутан байхдаа танилцжээ. Тусдаа гарч амжаагүй, өнөөг хүртэл аав, ээжтэйгээ хамт амьдардаг гэнэ.Нөхөр нь одоогоор Таван толгой, Зүүнбаянгийн төмөр замд ажиллаж байгаа аж. Тэр өвлийн улиралд амардаг, бусад үед нь хөдөө ажилладаг гэнэ.

-Манай ажлын эгч “Жорлонгоо өөрчилье” багаас хагас пассив байшингийн зар тавьсан байна гээд зарыг нь ажлын группт тавьсан юм.Бүртгүүлээд үзье гэж шийдсэн.Удалгүй төслийн багаас утсаар яриад “Ирж ярилцлаганд орооч” гэсэн юм. Тэгээд л гэрээ байгуулахаар болсон. Дулааны алдагдал багатай, эко байшин, ашиглалтын зардал багатай гэж ойлгоод байгаа. Зээлэнд хамрагдах боломжтой нь дажгүй санагдсан. Залуу хүмүүс учраас мөнгө төгрөг цуглуулж амжаагүй, шууд байшин барина гэхээр бас болохгүй байсан. Хашаандаа байшин бариад амьдаръя гэж сүүлийн нэг, хоёр жил бодож яваа. Би хашаандаа амьдрах дуртай. Энэ хашаанд манайх намайг дөрөвдүгээр ангид байхад л нүүж ирсэн. Тэгээд “Жорлонгоо өөрчилье” багийнхны хагас пассив байшингийн төсөлд шалгарч, хүсэл маань биелж байгаа гэж Э.Ануун хуучиллаа.

Түүний мөрөөдлийн байшингийн “араг яс” хэдийнэ босчээ. Байшин бэлэн болох тусам гэрийн эзэгтэй дотоод засал, тохижилтын талаар бодож эхэлжээ.

“Гэрээ энгийн тохижуулъя гэж хүсдэг. Минимал хэв маягаар амьдарна гэж бодож байгаа.Яг л орон сууцанд амьдарч байгаа юм шиг тохь тухтай амьдрах болсондоо баяртай байгаа. Хамгийн түрүүнд гал тогооны хэсгээ тохижуулна. Байшингийн суурийг стандартын дагуу маш сайн тавьсан.Таван давхар байшин барьсан ч даахаар чанартай суурь цутгасан гэж ойлгосон. Саарал усны шүүлтүүртэй болохоор яваандаа шүршүүртэй болж болох юм билээ. Охин маань их дуртай байгаа.Манай байшин гээд баярлаад үсэрч гүйгээд байгаа. Нөхөр маань ирээд байшин босч байгааг хараад, “Гялалзуулж байна шүү” гээд баяртай л байгаа хэмээн бүсгүй ярьж байна.

А.Цэлмүүн түүний доод курсийн оюутан байж. “ШУТИС-т хамт сурдаг байсан. Сургууль дээрээ цэцгийн ваарны мөнгө хурааж яваад анх нөхөртэйгөө танилцсан гэнэ. Түүнээс хойш үерхсэн.Нөхөр нь Хөвсгөлийнх. Хоёулаа л хашаандаа сайхан амьдрах сонирхолтой хүмүүс юм байна. Байшин бэлэн болохоор тавилгаа хаанаас авах вэ гээд судалж байгаа.Эхлээд ор, гал тогооны тавилгаа сонгоё гэж бодоод байгаа хэмээн Э.Ануун ярьсан.

Хэдийгээр байшин хараахан бэлэн болоогүй ч “Жорлонгоо өөрчилье” багийнхан “Хагас пассив хаус хэрэглэгчдийн гарын авлага” бэлтгэж, хэрэглэгчдийнхээ гарт хүргэжээ. Э.Ануун энэхүү гарын авлагатай танилцаж, байшингийнхаа талаар төсөөлөлтэй болсон гэнэ. Хагас пассив хаусны агааржуулалтын систем хэрхэн ажилладаг, хуурай био жорлонгоо хэрхэн ашиглах талаар эндээс мэдэж авчээ. Стандартын дагуу байшин баригдаж байгаа учраас хамаатнууд нь ч туршлага судалж эхэлжээ. Байшиндаа ороод, гэрээ тохижуулчихвал хашаагаа ч ногооруулна гэж төлөвлөж байгаа.Хуурай био жорлонгийнхоо “үйлдвэрлэх” бордоог хашаандаа мод тарихад ашиглах гэнэ.

Эко, ногоон амьдралын хэв маягт дуртай залуу хосууд ажил ихтэй. Хааяа чөлөөт цагаараа сагс тоглох дуртай гэнэ.Ажлынхан ч байшингийн тухай их л сонирхож, барилгын явцыг асуудаг гэж эзэгтэй сонирхуулсан.


ХАГАС ПАССИВ ХАУС БОЛОХЫН ТУЛД 17 ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАХХЭРЭГТЭЙ

“Жорлонгоо өөрчилье” баг, Мини шийдэл хоршооны хяналтын инженер Б.Тэнүүнтэй айлын хашаанд таарч, байшинг танилцуулахыг хүссэн юм. Тэрбээр байшин баригдах явцад өдөр тутмын хяналт тавьдаг.

-Хагас пассив хаус дулааны алдагдал багатай учраас түлшний зарцуулалтыг багасгана, цахилгааны хэмнэлттэй. Хагас пассив байшингийн үзүүлэлтийг хангахын тулд олон шаардлага биелүүлэх хэрэгтэй болдог. Дулааны алдагдал багатай, өөрийнхөө эрчим хүчийг хангадаг гэх мэт шаардлага тавигддаг.Манай байшин 17 үзүүлэлт хангаж байгаа учраас хагас пассив гэсэн ангилалд яваа.Эдгээр үзүүлэлт нь нэмэгдээд байвал бүрэн пассив хаус болдог.

Дан модон байшин байгаа юм.Иргэдийн амьжиргааны түвшин, байшин худалдаж авах чадварт тохируулж, модыг сонгосон.Төмөр, бетон зэрэгтэй харьцуулахад мод хямд материал. Модон материал бас дулааны алдагдал багатай. 6Х8-ын харьцаатай байшин. Тасалгаа олон байх тусам дулааны алдагдал ихэснэ гэж үздэг.

Манай байшин харьцангуй өртөг өндөртэй босох төлөвтэй. Хүмүүс ийм хэмжээтэй байшинг 20 саяд багтааж барьдаг. Манай байшингийн давуу тал нь томоохон орон сууц баригддаг шиг эхлээд инженер, геологийн дүгнэлт гаргуулахын тулд тухайн байршил дээрээ хоёр цооног ухуулсан.Зургаан метрийн цооног ухуулаад, газрынхаа шатлалыг гаргаж, тэдэн метртээ ийм хөрстэй юм байна. Доошоогоо тэдэн метрт ус гарч ирж байна. Шаварлаг хөрс байна гэх мэтээр хөрсний бүтэц, найрлагыг судалсны үндсэн дээр ийм хөрсөн дээр хамгийн найдвартай бат бэх ийм суурь хийх хэрэгтэй юм байна гэдэг суурийн шийдлийг гаргасан.Ингэхгүйгээр шууд суурь цутгахаар таваас арван жилийн дараа суурь нь эвдрээд, буцаж байшиндаа нөлөөлж, 20 саяын хөрөнгө тав, арван жилийн дотор салхинд хийсдэг. Харин бид зургийн дагуу барьж байна. Суурийн, угсралтын зураг тусдаа, зураг болгоныг хийж байгаа компаниуд тусдаа, тухайн чиглэлээрээ дагнасан компаниуд байгаа юм. Олон компаниуд бидэнд хөнгөлөлт үзүүлж байгаа. Иргэд суурийг хийхийн тулд модоор хашиж байгаад цутгадаг. Харин бид стандартын дагуу хийхийн тулд том барилгад ашигладаг хэв хашмалууд хийгээд, сууриа хүртэл дулаалж, хөөс хийсэн. Ийм учраас байшингийн суурь хэсгээс хүйтэн орж ирэхгүй гэсэн үг. Хэв хашмалын түрээс гэж байдаг.Харин бидэнд хөнгөлөлт үзүүлсэн.

“Монгол базальт” компаниас байшингийн бүх дулаалгын материалыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна. Суурийн шороон дээр хүртэл бид базальтын шаар хийх юм. Дээвэр нь хүртэл дулаалгатай. “Росторг” компаниас дээврийн материалдаа хөнгөлөлт үзүүлж байгаа. Харин “Чанарын түншлэл” компани зураг төсөл гаргасан. Иргэд амины орон сууц барихдаа 100 айл, захаас материалаа авдаг бол бид стандартын дагуу чанарын шаардлага хангасан материал сонгож байж нөгөө 17 шаардлагыг хангаж байгаа юм. Хяналтын инженер ажиллаж, 5см хөөс хийх ёстой бол яг тэр стандартаа хангуулдаг. Том барилгууд дээр захиалагчийн хяналт, зураг, гүйцэтгэгчийн хяналт гээд олон хяналтын инженерүүд ажилладаг. Жижиг байшингуудад хяналт ерөөсөө байдаггүй. Би айлдаа ч санхүүжүүлэгчдээ ч баталгаа гаргаж өгч байгаа. Айлдаа бол танай байшин яг зургийн дагуу хийгдсэн, дулаан алдахгүй гэсэн баталгаа гаргаж өгнө. Байшин баригдах явцад өдөрт тутмын хяналт тавьдаг. Хөрс олон төрөл.Хөрснөөс хамаарч суурь нь өөрчлөгддөг.Зурагтад дунд зэргийн овойлттой хөрстэй учраас байшингийн суурь энгийн шийдэлтэй. Дарь-Эхэд хүчтэй овойлттой хөрстэй учраас суурийг буруу тооцвол өвөл хөрс нь хөлдөж, сууриа дээшээ цохиод, овойж гарч ирдэг.Дар-Эхэд байшин бариулж байгаа айлын одоо амьдарч байгаа байшин өөрсдийнх нь хэлж байгаагаар өвөл шкаф нь 10 см өргөгдөж, зун хөрс нь гэсэнгүүт, буцаад шкаф нь буугаад ирдэг гэсэн. Байшинг нь гаднаас нь харахад суурь, хана нь цууралттай болсон байна лээ.Суурийг буруу тооцсоноос ийм асуудлууд үүсдэг. Хүчтэй овойлттой хөрсөн дээр шууд газрыг нь ухаж, суурь цутгахгүй. Дарь-Эхийн намгархаг хөрсөн дээр байшин барихын тулд хөрс бэхжүүлэх гадсан суурь зоох гэх мэтээр олон нэмэлт ажил гарсан. Манайхан Дарь-Эх, Зурагт, Гачуурт (сул овойлттой хөрстэй) гэсэн гурван байрлалд байшин барьж байгаа. Гурвуулаа хөрс нь өөр учраас гурван өөр суурь төлөвлөсөн. Бид байшин бариад орхихгүй.Өвөл хэмжилт хийнэ.Тайлан гаргана.

Мэргэжлийн бус хүмүүс манай байшин яагаад ингэж удаан явцтайг гайхаад байгаа юм. Инженер, геологийн дүгнэлт хийлгэхээр хоёр цооног ухуулсан. Дүгнэлт гаргах гэж уддаг. Зургийн компани зургаа зурахад бас цаг авдаг. Хөрсний шинжилгээг тусгай лабораторид хийлгэхэд 7-14 хоногийн дараа хариу нь гардаг. Дарь-Эхийнх хүчтэй овойлттой хөрс байна гэхэд суурь, угсралтын зургаа дахиж өөрчлөх хэрэгтэй болсон. Норм, дүрмийн дагуу чанартай барихын тулд цаг их “идэж” байгаа. Байшингийн модыг Оросоос авах байсан ч ковидоос болоод саатсан. Монголд яг тэр стандартыг хангасан өндөр нягттай ямар мод байна гээд судалж байгаад олж авсан. Хатаалгатай, тусгай нягттай мод сонгосон.

Байшин зургаан цонхтой. Вакум цонхны стандарт хангасан нь цөөн. Дарханд байдаг цонхны үйлдвэрт хэмжээнүүдээ өгөөд, цонхоо шаардлагын дагуу үйлдвэрлээд, ачуулах дөхсөн. Дулаалга хийж, паркет дэвссэний дараа айл амьдрахад бэлэн болно гэж талбайн хяналтын инженер тайлбарласан юм.

Талбайн хяналтын инженерийн талаар төслийн удирдагч Ц.Оюунгэрэл ийнхүү жиргэсэн байна лээ. “Манай “Жорлонгоо өөрчилье” багийн хагас пассив хаус барьж буй ЖДҮ эрхлэгчид маань гэр хорооллын амины сууц барихдаа анх удаа талбайн инженертэй ажиллаж байгаа юм. “Инженертэй байх ямар гоё юм бэ, нэг ч см орхихгүй тооцож хийхээр ажил ямар гоё болдог юм бэ” гэсэн сэтгэгдэлтэй байна лээ! Дашрамд дурдахад, Азийн сангийн дэмжлэгээр талбайн хяналтын апп хийгдэж буй” гэсэн л дээ.Хагас пассив хаусын хяналтын IT платформыг “Asia Foundation Mongolia” -гийн санхүүжилт дэмжлэгтэйгээр бүтээжээ. Барилгын чухал үе шатуудад инженерүүд чанарын хяналт хийж, захиалагч, санхүүжүүлэгчдэд мэдээ нь онлайнаар харагдана. “Жорлонгоо өөрчилье” төслөөс хэрэгжиж буй энэхүү чанарын хяналтын систем хэрэгжиж эхэлснээр амины орон сууцны барилгын ажил үе шат бүрээр баримтжиж, банкны шаардлагыг хангахуйц болох гэнэ.


ГЭР ХОРООЛЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗУРАГ ТӨСЛИЙГ НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ДЭЛГЭНЭ

Гэр хороололд төвлөрсөн халаалт, дулаан, шугамд холбогдохгүйгээр тусгаар тогтнох энэхүү жижигхэн байшин ямар үнэтэй босохыг уншигчид маань сонирхох нь лавтай. “Жорлонгоо өөрчилье” багийн “Мини шийдэл” xоршооны аxлагч Б.Дашнямаас энэ талаар тодруулахад “Туршилтын төсөл тул ирэх хавар үнэ өртгийг яг тодорхой хэлэх байх. Харин үнэ тодорхой болмогц ямар нөхцлөөр, аль зорилтот бүлэгт зориулж гаргахаа зарлана.Энэ ажил цаашаа үргэлжилнэ” гэв.

“Эхний гурван байшингийн ипотекийг “Капитрон банк” санхүүжүүлэхээр тохироод байгаа. Цаашдаа бусад банк, ББСБ оролцох нь нээлттэй” гэж нийгмийн энтрепрёнер төслийн удирдагч Ц.Оюунгэрэл хэлсэн. Нийгмийн энтрепрёнер гэдэг нь “Нийгмийн сайн сайхны төлөө бизнес загвараар ажиллах” гэж орчуулагдах юм билээ. “Жорлонгоо өөрчилье” багийнхан ийнхүү гэр хороололд зөвхөн жорлон өөрчлөөд зогсохгүй байшинг ч өөрчилж байна. Байшингаар ч зогсохгүй ажлын байрыг хүртэл өөрчлөх гэнэ. Гэр хороололд ажиллах “Хуурай жорлонтой ажлын байрны схем” бэлэн болжээ. “Гэр хорооллын ирээдүйн талаарх мөрөөдлөө Ц.Оюунгэрэл ийнхүү ярьсан удаатай.

-Гэр хорооллыг би алга болно гэж боддоггүй.Харин ч улам томорно гэж боддог.Энэ том ертөнц хаус хороолол болоход иргэд төвлөрсөн дэд бүтэцгүйгээр бүх асуудлаа шийдэж чаддаг, хараат бус амьдралтай XXI зууны хөгжил бий болгоно гэж төсөөлдөг.Бид жорлон, хагас пассив орон сууцнаас гадна дэд бүтцэд холбогдоогүй ажлын байрыг зохион бүтээж байгаа. Тэр нь найман нэрийн дэлгүүр, дугуй засварын газар, кофе шоп ч байж магадгүй.Гэхдээ бүгд хажуудаа нийтийн хуурай жорлонтой байх юм. Нийтийн хуурай жорлонтой ажлын байрны загвараа айлын газар дээр барьж туршина. Пассив хаус, хуурай жорлон, эрчим хүчинд хэмнэлттэй дулаалга, агааржуулагч, утаа багатай зуух гээд дэд бүтцэд холбогдох шаардлагагүй сайн шийдлүүдийг нийлүүлээд, гэр хороололд хямд өртгөөр тохитой тухтай ажлын байр бий болгохыг зорьж байна л даа.Гэр хороололд ариун цэвэр сайтай ажлын байрнууд хямд өртгөөр босч эхэлбэл жорлон зөвхөн зарлага гаргах бус орлого олох юм. Энэ төсөлд бизнесийнхэн ямар хэмжээнд оролцож, хэр ашиг хүртэхийг илүү тодорхой харъя гэвэл арваннэгдүгээр сарын 19-нд “Дэлхийн жорлонгийн өдөр” бизнесийнхэнд зориулсан арга хэмжээгээ танилцуулна гэж Ц.Оюунгэрэл тайлбарласан юм.

Гэр хорооллын амины орон сууцны зураг төслийг өмнө нь нийтэд зориулж гаргаж байгаагүй. Гэр хорооллын хөрсөнд инженерийн үйлчилгээ очиж байсангүй.Харин одоо байшин барилга барьдаг жижиг дунд үйлчилгээ эрхлэгчид энэ бүх үйлчилгээг “Жорлонгоо өөрчилье” багийн гишүүн“Юу Эн Ай Ти” компанийн бүтээж буй task.mn вэбсайтад бүртгүүлэн авах боломжтой гэнэ шүү.

Гэр хорооллын өөрчлөлт ийнхүү алгуур боловч өрнөж байна.

Categories
мэдээ нийгэм

Банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, долоон асуудлыг хэлэлцэн, мэдээлэл хийсэн билээ. Иргэдийн зүгээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, сунгагдах бол банкны зээлийн төлөлтийг түр царцаах арга хэмжээг авч өгөх эсэх талаар лавлаад байгаа юм.

Тэгвэл УОК-оос банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна гэж мэдээллээ.

Эргэн сануулахад, өмнөх онд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг баталж ипотекийн зээлийн төлөлтийг нийт зургаан сараар царцаах шийдвэрийг гаргаж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоолоо.

Тухайлбал, уг шалгалтын хүрээнд дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

  • БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан борлуулж байсныг хураан авч, үйл ажиллагааг зогсоолоо.
  • Мөн дүүргийн 18 дугаар хороонд байрлах Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд 1 өрөөнд 4 иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран:

  • үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх.
  • Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэд батлагдсан тохиолдлын маршрутыг гаргажээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Баянгол сумын иргэн 74 настай иргэн Ц коронавирусийн халдвар авсан нь хоёр удаагийн шинжилгээгээр батлагдаад буй. Түүний сорьцыг баталгаажуулахаар ХӨСҮТ-д авч ирж байгаа юм.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн эмэгтэй Ц 74 настай, ам бүл дөрөв. Бэр, ач хүүгийн хамт амьдардаг. Хүү нь одоогоор гэртээ байхгүй, хөдөө ажиллаж байгаа. Иргэн Ц арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 38 хэм хүртэл халуурч эхэлсэн. Толгой, хоолой өвдөж, дотор муухайрсан өгүүлэмжтэй өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн. Арваннэгдүгээр сарын 9-нд Аймгийн нэгдсэн эмнэлэгт эхо, рентгений эмчид үзүүлсэн. Иргэн Ц 10 хоногийн өмнөөс эхлэн ханиалгаж байсан. Ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байна.

Иргэн Ц энэ сарын 8-нд бэр, хүүгийн хамт Дархан-Уул аймаг руу вагоноор зорчиж, тус хотын Оргил, Бирж, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр ороод өдөртөө буцаж ирсэн. Хамгийн ойрын хавьтал болсон эмч нар, цуг амьдарч байгаа хүмүүс гээд бүгдээс сорьц авсан. Одоо иргэн Ц-тэй хамт сорьцыг Улаанбаатар явуулах гэж байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг тусгаарлалт авч, ариутгал хийж байна” гэсэн юм.

Тэгвэл иргэн Ц-гийн явсан маршрутыг гаргажээ. Ингээд маршрутыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-Энэ долоо хоногт батлагдах төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдаж байгаа. Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж, төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардсан. Ирэх оны төсвийн дүр зураг ямар байна вэ?

-Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Монгол Улсын 100 орчим суманд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаагүй хэрнээ нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай. Үүнээс ард түмний амьдрал ямархуу байх төр засгийн бодлого шийдвэр энэ рүү чиглэж байгаа эсэх нь харагдана. Өндөр гэгдээд байгаа Баянхонгор аймгийн төсөв бол баруун аймгууд руу авто замын мөнгө ороод тийм байгаа юм. Хэнтий аймаг шиг өндөр биш. Хэнтий аймагт арай хэтрүүлсэн төсөвтэй байна лээ. Энэ удаагийн төсөв бол цар тахалтай тэмцэх үеийн төсөв. Гэвч өмнөх 2017, 2018 оны хэвийн үеийн төсвүүдтэйгээ адил хэрэггүй барилга байшин дарга нарын унаа, барилга конторт зарцуулсан төсөв хэвээрээ л байна. Үүнээс гадна алдагдалтай. Эрүүл мэндийн салбартаа анхаарсан, ажлын байр нэмэгдүүлсэн, хувийн хэвшлүүдийг дэмжсэн зүйл огт алга. Сонгууль руу чиглэсэн, өдөр хоногийг аргацаасан, асуудлыг шийдэж чадаагүй төсөв байгааг захын хүн хараад ойлгохоор байна. Зээлийн хүү бууруулах тогтоол баталлаа гээд байгаа хэрнээ яг амьдрал дээр хэрэгжээд хөрсөн дээр буусан зүйл алга. МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ гэсэн байгаа. Гэтэл энэ нь цаасан дээр л байгаа болохоос биш огт хэрэгжихгүй байна. Сарын нэг хувийн зээл нь байхгүй. Эдгээр зээл нь олдохгүй.

ААН, иргэдэд ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршооны болон нэг өдрийн өндөр хүүтэй зээл л байна. Амласан бага хүүтэй банкны зээл иргэд, ААН-д ус агаар шиг хэрэгтэй байтал ийм байдалд оруулж байгаа юм. Ирэх оны төсөв дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт чиглэсэнгүй. Зөвхөн халамжийг хавтгайруулжээ.

-Хавтгайрсан халамжид чиглэж төсвийг оруулж ирсэн гэж байна. Халамжийн бодлого манайд гаарч байгаа талаар шүүмжлэл нэлээд явж харагдсан?

-Халамжийг МАН санал авдаг хэрэгсэл болгочихжээ. Хүнсний талоныг мянгат малчин хүн авч байна. Хүнсний талоныг өгөхдөө нам эвслээр нь ялгаж байна. Саналаа аль намд өгөхөөс нь шалтгаалж халамжийг тарааж байх жишээтэй. Энэ намар л гэхэд төмс ногоогоо хураагаад өөрсдөө ав гэхэд авах хүмүүс олдохгүй байна. Ажил болж ургуулсан төмс ногоо талбай дээрээ хэнд ч хэрэггүй болоод л үлдэж байна. Халамж очих ёстой хүндээ, зорилтот хэсэгтээ хүрдэггүй. Хүүхдийн мөнгийг АН анх санаачилсан. Бид үүнийг халамж гэж үздэггүй. Уул уурхайгаас орж ирсэн баялгийг иргэддээ тэгш хуваарилж, үүнийг ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин МАН хэмжээг нь нэмэгдүүлж, санал авахын төлөө хэсэгхэн зуур хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон. Гэхдээ ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянган төгрөгийг олгоно. Энэ нь сонгуульд санал авахын л төлөө юм. Хэрэгцээ нь дуусахаар харьцаа дуусч байгаа нь энэ.

-Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барьсан. Цагаан суваргын ордыг санхүүжилтийн гол эх үүсвэр болгоно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй. Шаардлагатай эмээ ч авч чадахгүй байна. Захиргаадалт социализмын үед ажиллаж байсан ахмадуудынхаа тэтгэврийг 500 мянган төгрөг болгох ёстой. Ахмадуудын амьжиргаа сувилгаанд хүрэлцэхгүй ч гэсэн ханшны уналттай дүйцүүлэн нэмэх ёстой биз дээ. Эх үүсвэр нь Цагаан суварга байх ёстой гэж манай зарим нэг УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар үзэж байгаа юм билээ. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Хувийн хэвшил хуулийн дагуу ажлаа хийж байхад төр засаг оролцох шаардлагагүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Энэ зэргийн тэтгэврийн эх үүсвэрийг Засгийн газар олох ёстой. Хийх ёстой л ажил нь.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулиар АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаанд долоо хоног суух эрхээ хасуулсан байдаг. Энэ хууль сөрөг хүчний дуу хоолойг хаах хэрэгсэл болоод байна уу гэх шүүмжлэл яваад байх юм?

-Сөрөг хүчний байтугай ард түмний дуу хоолойг хааж байгаа хэлбэр. УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа. Тухайн хүний амыг барьж, хааж байгаа юм биш шүү дээ. Энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үг хэлэх эрх чөлөөг хааж байна. Хурал даргалж байгаа хүн өөрийнхөө үзэмжээр хэн нэг гишүүний үг хэлэх эрхийг ялгаж салгаж хязгаарлана гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүн шүүх биш. Хурал даргалж байгаа хүн хэлж байгаа үгийг нь ойлгохгүй байж болно. Бусад нь ойлгож болно. Коммунист дарангуйлалтай улс орнуудад ийм байдаг байх.

-Саяхан Засгийн газрын 100 хоног болж өнгөрсөн. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Энэ удаагийн Засгийн газрыг хурдан байгуулж ажилд нь оруулсан. Цар тахлын үед Засгийн газар шуурхай, сайн чадварлаг ажиллах шаардлагатай. Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг. Үүнээс энэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн дүр зураг харагддаг. Миний харж байгаагаар гараа нь их сайнгүй, хийсэн хэлэх зүйл багатай юм шиг байна. Засгийн газрын нэг сайдад бид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ардчилсан оронд хүүхдээ сургуульд нь албаны машинаар хүргэсэн сайд огцорч байна. Түүнийг нийгэм нь шаардаж байдаг. Улс орон ийм их өртэй байхад төрийн өмчит компанийн үйлдвэр эрхэлсэн захирал компанийнхаа данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа нь ёс зүйгүй юм. Үүний дараа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч мөнгөө буцааж хийсэн байна лээ. Ёс зүйгүй хүнээр сайд хийлгэх нь хэр зөв бэ. Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа л юм бол ёс зүйтэй байх ёстой. Тэр тусмаа Засгийн газрын сайд нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг болсон. Засгийн газрын тэргүүн нь цаашилбал хариуцлага хүлээх ёстой. Энэ тал дээр Төрийн өмчийн хороо, Засгийн газар нь ямар ч тайлбар өгөхгүй байна. Монголын ард түмнийг үл тоож байгаагийн илрэл. Ард түмний саналаар ажил хийх гэж л эрх мэдэлтэй болж байгаа шүү дээ. Сайд дарга нар, болон төрийн албаны хэлтсийн даргаас дээших албан хаагчдын хүүхдүүд төрийн сургуульд суралцах ёстой. Тэгж байж дунд сургуулиуд сайжирна. Хотын төвөөр байгаа бүх цэцэрлэгийг төлбөртэй болгож түгжрэл, шаардлагагүй халамжийг багасгах хэрэгтэй. Бид цар тахлын үед эдийн засгаа алдчихлаа. Нийслэлд утаа, түгжрэлийн асуудал аюулын дохио боллоо. Би чуулганы хуралдаан дээр ургийн эндэгдлийн асуудлыг хөндсөн. Энэ талаар цаашид анхаараад явах байлгүй. Яндан хөөлөгчийн мэргэжил гаргасан гээд бахархаад байх юм. Энэ бахархах зүйл мөн юм уу. МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна.

-Энэ удаагийн УИХ-д АН хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?

-АН бол үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч, үг хэлэх, эрх чөлөө эвлэлдэн нэгдэх, чөлөөт зах зээл, хувийн өмчийг зөв гэж үздэг нам. УИХ-д хэдэн гишүүнтэй байх нь асуудал биш. Бид зөвийг дэмждэг, бурууг засдаг, асуудлыг шийддэг сөрөг хүчин байх болно. Саяхан гэхэд шилэн дансны хуулийг сайжруулан өргөн барихаар болсон.

-АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Одоо удахгүй намын даргаа сонгоно. Ямар хүн сонгогдох бол?

-АН бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах, хөгжилтэй улс орон болохын баталгаа гэж үздэг. АН хүндэрвэл улс орон хүндрэх болов уу. Тусгаар тогтнолоос эхлээд бүх зүйл нь хуучин шигээ бусад улсын хараат болох магадлал маш өндөр. АН-ыг алга болчихоосой гэдэг эх оронч монгол хүн байхгүй байх. АН-д ардчилсан үзэл бодолдоо үнэнч хүмүүс олон бий. Бид гадны захиалгаар байгуулагдсан нам биш ээ. Ардчиллыг цааш нь зөвөөр үлгэрлээд авч явах хүмүүс нь залгамжлаад гараад ирэх байх. Ардчилалд монгол хүн дургүйдээ УИХ-ын сонгуульд АН унаад байгаа юм биш. АН-ыг удирдаж байсан хүмүүсийн буруу бодлогоос болон зориудаар гадна дотроос нь унагааж байгаа юм. Гэхдээ АН-ын үзэл бодол итгэл үнэмшил байгаа цагт үнсэн дээрээс нисдэг үлгэрийн галт шувуу шиг босоод ирнэ. АН бүдгэрвэл Монгол Улсын ирээдүй их бүрхэг байна гэж боддог. Нам гэдэг байнга шинэчлэгдэж явах ёстой. Тиймээс АН-д өнөөдөр шинэчлэл хэрэгтэй. АН үргэлж ард түмэн, улс орныхоо төлөө ажилласаар ирсэн. Гэхдээ үүнийг нь харлуулж бүдгэрүүлж байдагт харамсдаг. АН шиг нам болоход дор хаяж өнгөрсөн үе шиг ардчиллын 30 жил хэрэгтэй. АН-ыг унагасан хүмүүс эргээд аврагчийн дүрээр гарч ирж байна. Бид ой санамжаа алдсан улсууд биш. Энэ бүхнийг олон түмэн ойлгох нь цаг хугацааны л асуудал.

-2012-2016 онд таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидон дээр зургаа хэвлээд тойргийнхондоо тараасан гэж ярьдаг. Энд хариулт өгөөч?

-Би бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог байх гэж бодтол ийм юмыг ойлгодоггүй юм байна. Ер нь миний зурагтай бидоныг айл өрх хэрэглэх үү. Тэр зураг нь фото шоп, эвлүүлэг юм шиг байна лээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийнхаа алдарт эхийн одонтой 8000 ээжид бидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачилгыг гаргаад явсан. Баянхонгор аймагт хорт хавдар багассан гэх ч судалгаа гарсан байна лээ. Тухайн үед төсөвт нэг тэрбум төгрөгийг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суулгаж 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан. Үүнээс гадна би хувиасаа нэг тэрбум төгрөг гаргаад бидон тараасан юм. Бидон дээр зургаа тавьдаг гэж намайг буруутгаад байгаа юм. Бидон дээр зургаа тавьсан зүйл огт байхгүй. Хэрвээ миний тараасан бидон дээр миний зураг байгаад хэн нэгэн аваад ирвэл тэр хүнийг 100 сая төгрөгөөр урамшуулъя.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны оюутнуудыг анхаарч, хоол хүнсээр дэмжих чиглэл өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах зүйлсийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүлжээ.

Үүнд:

Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж ажиллах,

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан “Мэргэжлийн анги” буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх,

Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх,

Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах,

Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх,

Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч байгаа өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт хийлгүүлэх,

Хичээл, сургалын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр чанартай зохион байгуулах зэрэг багтаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас хоёр, ачаа тээврийн жолоочийн голомтод нэг, Сэлэнгэд гурван халдвар шинээр илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвар дэлхийн 218 улсад бүртгэгдээд байна. 24 цагийн хугацаанд 9,000 гаруй эндсэн. Энэ тоон үзүүлэлтээс харахад дэлхийд коронавирусийн халдвар өндөр хурдтай байгаа.

Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Хүн бүр гэртээ байвал багц хэлбэрээр гарч байгаа халдварыг хумих боломжтой. Эмнэлгийн эрсдэлтэй орчинд аль болох очихгүй байхыг уриалж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 11-р сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 эдгэрсэн.