Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​УИХ 2021 оны төсвийг бүхэлд нь баталлаа

УИХ-ын цахим нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа. УИХ хуульд заасан хугацаандаа онцгой нөхцөл байдалд Монгол Улсын 2021 оны төсвийг баталлаа. Санал хураалтад оролцсон 59 гишүүн буюу 85.5 хувийн саналаар уг хуулийн төслийг батлав.

Цар тахал халдвар дотоодод гарсан учир төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй хэмээн Сангийн сайд тодотгож байв.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан.

Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор батлав.

Б.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Теле хичээлийг МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэгдүгээр суваг, MNB Монголын мэдээ, MNB Спорт, MNB Гэр бүл сувгуудаар теле хичээлийг ажлын өдрүүдэд давтан гаргаж байхаар болжээ. Ингэхдээ бусад телевизээр гарсан хичээлийг нэг хоногийн дараа давтан үзүүлэх юм. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хичээлийг дараах хуваариар нөхөн үзээрэй.

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн бөгөөд дараах хуваариар гаргаж байна.

  • Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз
  • 1 дүгээр анги 25 дугаар суваг телевиз
  • 2 дугаар анги C1 телевиз
  • 3 дугаар анги Эх орон телевиз
  • 4 дүгээр анги UBS телевиз
  • 5 дугаар анги ETV телевиз
  • 6 дугаар анги TV5 телевиз
  • 7 дугаар анги Боловсрол телевиз
  • 8 дугаар анги TV8 телевиз
  • 9 дүгээр анги TV9 телевиз
  • 10 дугаар анги SBN телевиз
  • 11 дүгээр анги Eagle телевиз
  • 12 дугаар анги Монгол HD телевиз
  • ЭЕШ-ын бэлтгэл ТМ телевиз
  • Тусгай хэрэгцээт боловсрол СҮЛД телевиз, VTV телевиз
  • Насан туршийн боловсрол STAR телевиз
Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд шинээр эхлэх 457 хөрөнгө оруулалтын төсөлд 384.7 тэрбум төгрөг төсөвлөсөн

13:29 2020/11/13

Монгол Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж байна.

Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй нь энэ юм.

Гишүүдийн ирц 64 болсон учраас чуулганы хуралдааныг эхлүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид 19-ийн халдвар газар авч байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Энэ төсөв бол энгийн үеийн төсөв. Одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсвийн тодотгол хийх шаардлагатай болж байна. Тиймээс одоо хуулиа яаралтай батлаад, үргэлжлүүлэн тодотголоо ярих горимын санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа. УИХ-аас ковид 19-ийн хуулийг баталсан. Энэ хуульд асуудлыг цахим болон хялбаршуулсан дэгээр чуулганыг хуралдуулж болно гэж заасан. Хэлэлцэх асуудлыг хялбаршуулсан дэгээр хэлэлцэх санал гаргаж байна гэж ойлголоо. Энэ саналаар санал хураалт явуулъя.

Энэ дагуу санал хураалт явуулахад 70.8 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан хялбаршуулсан дэгээр үргэлжлэхээр болов. Энэхүү дэгээр чуулганы хуралдааныг явуулсан тохиолдолд гишүүд нэг минутад багтаан асуулт асууж, хуралдааныг УИХ-ын дэд дарга даргалдаг аж

14:50 2020/11/13

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цар тахлын нөхцөл байдлыг тооцож, ирэх оны төсөвт тусгасан уу.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газраас орж ирсэн төсвийг онцгой үед баталж байна. Ирэх жил цар тахлыг хамгийн хүнд нөхцөлөөр тооцоогүй ч эрсдэлийг бодолцсон. Тухайлбал, айл өрхийг хүүхдийн мөнгөөр тэтгэх бодлого барьж, төсөвт 870 тэрбум төгрөг суулгасан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наядын алдагдалтай баталсан. Энэ нь зээлээр санхүүжигдэнэ. Тэгэхээр 2021 оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Үүнийг бууруулахад ямар алхам хийх вэ. Эдийн засгийн хүндрэл нүүрлэж болзошгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж байгаа. Бонд гаргасан тохиолдолд өмнө нь гаргасан бондыг буцааж худалдаж авах замаар шийднэ гэдэг зарчим баримталж байгаа.
Төсвийн тодотголын тухайд дэмжиж байна. Одоо нөхцөл байдал тодорхойгүй байна. Төсвөө яаралтай батлах нь оновчтой гэдэг саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ковидын хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ нөхцөл байдлаар удаан явбал нөхцөл байдал хэр харагдаж байгаа вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хүн болгон гэртээ байж, шинжилгээг олноор хийх шаардлагатай байна. Монголчуудын насжилт харьцангуй залуу учир хүндрэл бага байх болов уу гэж найдаж байна.

Цар тахлын халдвар хэдэн хүнийг хамрахаас шалтгаалж төсвөө тодотгох нь зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Цар тахлыг дотооддоо арай ч алдчихгүй байх гэсэн төсөөллөөр энэ төсвийн боловсруулаад одоо батлах гэж байна. Гэвч бид алдчихлаа. Ер нь ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй хөрөнгө оруулалтыг танах боломж байсан уу. Мөн 40 гаруй соёлын төвийн барилга зэрэг хөрөнгө оруулалтууд байсан. Үүнд анхаарах боломж байсан уу.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Энэ төсөв бол төсвийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан анхны төсөв. Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр ТЭЗҮ, зураг төсөл бүрэн биш хөрөнгө оруулалтыг аль болох оруулахгүйг хичээсэн. Нийт 115 тэрбум төгрөгийн хөрөнгийг зардлыг хойшлуулж, хассан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвөө хуулийн хугацаанд багтаан батлах нь зөв. Ирэх жилийн төсвийн төсөөлөл хэтэрхий өөдрөг байгааг сануулсан ч анхаараагүй. Одоо хэрхэн харж байна вэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 26 тэрбум төгрөгийг хасаад, УИХ-ын Тамгын газрынхны цалинг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасагдаагүй. Одоогоор 68 нэр төрлийн халамж олгодог. Цаашид энэ халамжийг багасгана. Нийт халамжаас таван хувь буюу 26 тэрбум төгрөгийг хэмнэе гэдэг санал төсөвт оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Энэ бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр би 149 төсөл хөтөлбөрийн 405 тэрбум төгрөгийг хэмнэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулах санал гаргасан ч унагаасан. Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.

15:06 2020/11/13

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банкны зээл, хүүгээ яах вэ гэж иргэд маш их асууж байна. Ирэх онд соёлын төв мэтийн барилга байгууламжид хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Үүнийг тодруулъя.

Иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ. Засгийн газар иргэдэд үзүүлэх багцаа танилцуулах ёстой.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хэрэгжээд явж байгаа төслүүдийг хасаж, зогсоож болохгүй. Ирэх онд шинээр эхлэх 457 хөрөнгө оруулалтын төсөл байгаа. Үүний санхүүжих дүн нь 384.7 тэрбум төгрөг. Батлагдсан төсөл, ажлыг аль болох явуулах нь зөв гэдэг байр суурьтай байна.

15:23 2020/11/13

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ. Өнөөдөр экспорт ямар түвшинд явагдаж байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн тодотголыг өнөөдөр бталагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй.

Нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа. Өчигдөр Гашуунсухайтаар 816, Шивээ хүрэнгээр 516, Хангиар 57, Ховдын Булганаар 11, Замын-Үүдээр 13 буюу нийт 1,503 машин гарсан. Мөн зэс хэвийн гарч байгаа. Экспортын үнэ ч хэвийн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа.

Categories
мэдээ цаг-үе

ҮАБЗ хуралдаж байна

ҮАБЗ яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар КОВИД19-ын цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар хуралдаж байгаа юм.

Мөн ҮАБЗ-өөс иргэддээ хандан уриалга гаргасан. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.

Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын их хурлаас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгжүүлж, цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдахгүй урьдчилан сэргийлж, халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж, эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж, сайшаасан.

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвлөгөө: ЦАР ТАХАЛ ДУУСНА. АМЬДРАЛ ЦААШ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ ӨӨРТӨӨ ХЭЛЭЭРЭЙ

Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн “Олон улсын туршлага, судалгаан дээр тулгуурласан цар тахлын үеийн сэтгэлзүйн зөвлөгөө”-г олон нийтэд хүргэж байна.

1. ГЭР БҮЛДЭЭ ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦААГАА НӨХӨЖ ЧАДНА

Энэ үеийг гэр бүлийнхэнтэйгээ цагийг дурсамж дүүрэн өнгөрөөх бие биеэ илүү сайн таньж мэдэх боломж гэж харах. Гэртээ олуулаа байдаг бол карантины үеэр бие биедээ ээлжлэн ганцаараа байх цагийг олгох. Жишээ нь, олон өрөөгүй бол бие биедээ халуун вананд суух эсвэл бясалгах цаг гаргаж өгөх.

2. ОДОО Л СУРАЛЦАХ ЦАГ ШҮҮ

Карантиныг олонх хүмүүс амралт гэж бодож, өдрийг хэрхэн барах уу гэж толгой гашилгадаг. Гэвч энэ бол таны бие даан суралцах, хөгжүүлэх цаг хугацаа гэдгийг сана. Тиймээс төрөл бүрийн онлайн сургалтуудад хамрагдаарай.

3. ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ БОЛОВСРОЛД АНХААР

Карантинд байх хугацаандаа гэр бүлдээ тэр дундаа хүүхдүүддээ чанартай цаг гарган ярилцаж боловсролын хоцрогдлыг нь арилга. Хүүхдэдээ ном уншиж өгч, буцаагаад яриул. Энэ нь тэдэнд өөрийнхөө бодол санааг эмх цэгцтэй илэрхийлж сурахаас гадна өөрийгөө илэрхийлж сурахад нь тусална.

4. БУСДАД ТАВЬЖ БУЙ ХҮЛЭЭЛТЭЭ БУУРУУЛЖ, ӨӨРТӨӨ ХАТУУРХАХГҮЙ БАЙХ

Энэ үед өөртөө болон бусдад тавьдаг хүлээлтээ бууруулах хэрэгтэй. Карантин бол бидний хэвийн амьдралын үргэлжлэл учир гэрээсээ ажлаа хий.

Өөртөө болон бусад гэр бүлийн гишүүдээ хэт өндөр шаардлага тавин өөрийгөө стрессдүүлэхгүй, өөртөө хэт хатуурхахгүй байх.

5. МЭДРЭМЖЭЭ ИЛЭРХИЙЛЭХЭД СУРАЛЦАХ

Сэтгэлзүйн асуудал, өөрийн мэдрэмжээ бусдад нээж, сэтгэл доторхоо сулла. Ойр дотны хүнтэйгээ ярилцаж, мэргэжлийн сэтгэлзүйчид хандан, онлайн зөвлөгөө ав.Гэр бүлийн гишүүд мэргэжлийн сэтгэл зүйч биш ч бие биенийхээ мэдрэмжийг сонсож, ярилцах нь чухал.

6. ГҮЙЦЭД АМАРЧ ЧАДААГҮЙ МЭДРЭМЖЭЭС ТА АНГИЖИРЧ ЧАДНА.

Стресс түгшүүрийн түвшинг www.setgelsudlal.mn сайтаар дамжуулан бүртгүүлж “Стрессийн түвшин” тогтоох тестийг үнэ төлбөргүй бөглөж өөрийнхөө стрессийн түвшинг өдрөөр болон7 хоногоор хянаарай. Хэт орой унтах, хооллохоос татгалзах. Учир нь хэт орой хооллолт нь таагүй амарч чадаагүй мэдрэмж төрүүлж болзошгүй.

7. ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ

Халуун ваннд хэвтэж, нүүрэндээ маск тавьж, массаж, иогхийх зэргээр биеэ амраагаарай. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн нь сэтгэл гутралд өртөхөөс сэргийлж чадна.

8. СЭТГЭЛ САНААГАА ТАЙТГАРУУЛАХ ШИНЭ ХОББИТОЙ БОЛОХ

Зураг зурах, юм оёх, шинэ хоолны жор турших гэх мэт гэртээ хийж болох шинэ хоббитой болоорой.

9. ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАЙЛГАХ

Бага насны хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дэлгэцийн хэрэглээ зохистой түвшнээс ихэссэн нь сөрөг нөлөө авчирна. Цар тахлын үед мэдээллийг авах ганц төхөөрөмж нь гар утас хэдий ч эргүүлээд дэлгэцнээс үүдэлтэй архаг ядаргаа үүсч таны дархлааг унагаж болзошгүйг анхаараарай.

10. ЭМНЭЛЭГ, АНХНЫ ТУСЛАМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ

Иргэд хэрвээ өөрт нь шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхээс өмнө хаана хэнд хандах талаар мэдээлэлтэй байх.

11. ЦАР ТАХАЛ ДУУСНА. ЦААШ АМЬДРАЛ ҮРГЭЖИЛНЭ ГЭЖ ӨӨРТӨӨ ХЭЛЭЭРЭЙ.

Бусад асуудал тохиолдоод тодорхой хугацааны дараа өнгөрдөг шиг энэ үйл явдал ч мөн болоод л өнгөрнө.

12. БАТТАЙ ЭХ СУРВАЛЖААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙХ

Тахлын мэдээг сонсох, унших, үзэхээс завсарлага авах. Өвчний цар тахлаас гадна /Pandemic/ мэдээлийн цар тахал /Infodemic / гэж бий. Мэдээллийн тахал бидний стрессийг улам нэмэгдүүлж байдгийг анхаарч, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах.

14. АРХИ, СОГТУУРАХ УНДАА, ЭМИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ

Алкохол болон эмийн хэрэглээг хязгаарлаж, гэрийн нөхцөлд дархлаагаа дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалт

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалтыг танилцуулж байна.

Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихгүй байж 119, 8008-6829 дугаарын утсаар зөвлөгөө авч халдвараас сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлагад төлбөр хураамж авахгүй

Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээж өгөхийг сайд Н.Тавинбэхээс Улсын Онцгой Комисс /УОК/-т уламжилж өгөхийг хүслээ. Ингэснээр эрчим хүчний үйлдвэр компаниудын шуурхай ажиллагаа, техникийн ажиллагааны үед авах арга хэмжээнд доголдол үүсэхгүй юм.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчний салбарын зарим төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг Эрчим хүчний сайд бөгөөд Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэгдлээ.

Хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага хүсэлтэд холбогдох үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авч ажилла гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цахимаар эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14.00 цагт цахимаар эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Дотоодод коронавирусний халдвар тархсны улмаас Засгийн газар, УОК-аас энэ сарын 17 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буй юм. Энэ хүрээнд УИХ өчигдрөөс цахимаар хуралдах бэлтгэлээ базааж, 2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны гишүүд байгаа байгаа газраасаа оролцож байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Youtube-д тавигдаад 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан 10 дуу

1.BTS- Dynamite

2. BlackpinkHow You Like That

3. BTS (ft. Halsey) –Boy With Luv


4. Taylor Swift (ft. Brendon Urie) – Me!

5. Blackpink – Kill This Love


6. Ariana Grande – Thank u, next


7. BTS – On (Kinetic Manifesto Film: Come Prima

8. BTS – Idol

9. BTS – On


10. Taylor Swift – Look What You Made Me Do

Ч.БИНДЭРЪЯА

Categories
гадаад мэдээ

Франц Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээ

Франц Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 35879 /нийт 1865538/, нас баралтын тоо 328 /нийт 42535/ болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд шилжсэн иргэдийн тоо 53 хүнээр /нийт 4803/ өсөв.

Францын эрүүл мэндийн мэргэжилтнүүд вирусын тархалт хөдөлгөөнийг дахин хязгаарласанаас хойш харьцангуй хяналтад орох шинжтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Короновирусын дахин тусах магадлал хөдөлгөөний хязгаарлалт мөрдүүлэхээс өмнө нийт халдвар авагсдын тооны 1.42 хувьтай байсан бол хөдөлгөөний хязгаарлалт хийсэн 2 дахь долоо хоногт энэ тоо 0.93 хувь хүртэл буурсан нь нааштай үр дүн хэмээн үзэж байна. Хэрэв уг тоон үзүүлэлт 0.6-0.7 хувьд хүрч үүнийгээ 15 хоног хадгалсан нөхцөлд өдрийн шинэ тохиолдол харьцангуй бага буюу 5000-аас бага болох магадлалтай гэж эрүүл мэндийн судлаачид үзжээ.

Өнөөдөр 18 цагаас Францын Ерөнхий сайд Ж.Кастекс хэвлэл мэдээллийн хэрэгслээр вирусын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Монгол Улсын ЭСЯ