Categories
мэдээ цаг-үе

УОК: Хөл хориог ирэх мягмар гаригаас дахин сунгаж магадгүй

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар 92 хүн эмчилгээ хийлгэж байна. 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хоёр хүн хүнд байна.

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу ХХААХҮЯ-нд шуурхай штаб байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүсээгүй байна. Хүнсний тээвэрлэлтэд хүндрэл байхгүй.

Сөүлийн онгоцоор 96 хувийн магадлалтай оношлох түргэвчилсэн тест ирсэн. Орон нутгууд руу тараана. Мөн маргааш нийслэлд байгуулагдсан 11 цэгээр дам хавьтлуудаас шинжилгээ авна. Даваа гараг гэхэд улсын хэмжээнд бүх хавьтлыг шинжилж дуусгахаар ажиллана.

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулж, автобус хоорондын зайг ойртуулах бөгөөд маргаашдаа өнөөдрийн адил хуваариар явна. Нөгөөдрөөс автобусаар үйлчлэх цагийн хуваарийг багасгах чиглэл барьж байна. Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон бөгөөд шинжилгээ тандалт хийгдэж байна.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийг гаргах уу?

– Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй.

Categories
мэдээ цаг-үе

ҮАБЗ-өөс дахин уриалга гаргалаа

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.

Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын Их Хурлаас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгжүүлж, цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдахгүй урьдчилан сэргийлж, халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж, эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж, сайшаасан.

Коронавируст цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ

Онцгой комисс оо, цар тахлын энэ үед автобус, хувийн автомашины алинаар нь зорчвол эрсдэл багатай вэ

Монгол Улсад дотооддоо корона вирусийг алдаж, халдвар авсан хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж, хатуу хөл хорио тогтоолоо. Үүний нэг нь хот дотор хувийн унаа нэвтрүүлэхгүй, иргэн бүр автобусаар зорчих гэдэг шийдвэр байв.

Цар тахлын үед баримтлах ёстой гол арга хэмжээ болхүн хооронд 1.5 метрийн зай баримтлах юм.Иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүй хүн хоорондох зайгаа баримтлахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Гэтэл өнөө өглөөнөөс эхлэн УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу цагдаа наражилдаа яарсан иргэдийг хувийн унаанаас нь буулгаж, автобусанд суулгахыг шаардлаа.Ажлаасаа хоцрох дөхсөн яарч, тэвдсэн, айж сандарсан иргэд автобусанд суухдаа юун зай хооронд баримтлах.Нэг нэгээрээ орох нь битгий хэл, бөөндөө чихэлдэн автобусандсууж буйдүр зураг олон нийтийн сүлжээгээр өдөржин цацагдлаа. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хувийн унаагаар явуулахгүй байгаа нь бүр ч эрсдэл дагуулж байгааг иргэд шүүмжилж байна. Эмнэлгийн байгууллага бол халдварын сэжигтэй хүмүүс үйлчлүүлдэг аюултай бүс.

БНСУ коронавирус тархалт өндөр байх үедхүмүүсийг аль болохнийтийн тээврээр зорчихгүй байхыг уриалж, ихэнх иргэд өөрсдийн хувийн унаагаар ажил гэр рүүгээ зорчиж байсан. Харин Монголд коронавирус илрэнгүүт хувийн унаагаар зорчихыг хориглож, нийтийн тээвэрт бөөнөөр нь зорчихыг шаардлаа. Энэ үйлдэл нь хүмүүсийг нийтийн тээвэрт суугаад халдвар ав гэж байгаатай утга нэг. Хэн ч бодсон хувийн унаагаар ганцаараа ажилдаа явсан нь эрсдэл бага байх нь ойлгомжтой. Нийтийн тээвэр буюу хүн олноор зорчдог автобусанд суух нь илүү эрсдэлтэй биш гэж үү. Тийм байтал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчиж, иргэдээ халдвар авах эрсдэлд оруулжбайгаа УОК ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж байгаагийн илрэл уг шийдвэр юм. Иргэдээ аюулт тахлаас хамгаалах биш, харин ч эрсдэлд оруулж байгаа энэ шийдвэрээ эргэн харахыг олон нийт шаардаж байна. Халдвар тээгч хаана ч явж байхыг хэн ч хэлж мэдэхгүй ийм эрсдэлтэй үед иргэдээ хүчээр бөөгнөрүүлж, амь насанд нь аюул учруулж буй шийдвэр гаргасандаа УОК уйчлал гуйж, энэ тус шийдвэрээ нэн даруй өөрчлөхийг шаардаж байна. УОК-ынхноос ингэж асууя “Цар тахлын энэ үед автобус, хувийн машин хоёрын алинаар зорчвол эрсдэл багатай вэ”.

Х.Цэнд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнууд хоолгүй болоод орилолдсон уу

Монгол Улс дотооддоо цар тахлыг алдсанаас шалтгаалж Засгийн газраас тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорио тогтоосон учир иргэдийг гэртээ байж гадагш гарахгүй байхыг уриалаад байгаа. Хөл хорионы үед эмх замбараагүй байдал гаргавал 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгвэл өчигдөр ХААИС-ийн оюутнууд хөл хориог эсэргүүцэн оюутны байрныхаа цонхоор толгойгоо гаргаад орилж хашгирч байгаа бичлэг сошиалд цацагдаж тэднийг шүүмжилсэн коммент урслаа. Оюутнууд ямар шалтгаанаар, юуны учир ийн орилов. Тэдний гэдэс нь өлссөн үү гэх асуулт эндээс урган гарч ирнэ. Магадгүй оюутнууд өлссөнөөсөө болж ийн орилолдсон ч байж болох. Хэрвээ оюутнууд өлсөж байгаа бол тэдний дархлаа унана. Тиймээс цар тахлын үеийн хөл хорионы үед оюутны байранд амьдарч буй оюутнуудын хоол хүнсийг анхаарах л шаардлагатай

Энэ талаар оюутны байранд амьдарч буй оюутнуудын асуудлаар БШУЯ-наас чиглэл хүргүүлсэн байна. Үүнд дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх, дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах, нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх, дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч байгаа өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт хийлгүүлэх зэргийг дурджээ.

Энэ мэтээр ойрын зуурын хэрэгцээг нь хангачихвал ирээдүйд эх орноо аварна, чирнэ гэдэг оюутнууд маань цонхоороо орилолдоод, ойд төөрсөн сармагчин лугаа бахиралдаад байхгүй л болов уу

Б.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Биеийн дулаан хэмжигч, царай, биет, дүрс таних камерыг суурилуулав

Онцгой байдлын ерөнхий газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн дулаан хэмжигч, царай, биет, дүрс таних камерыг суурилуулсан анхдагч байгууллага боллоо.

Энэхүү төхөөрмж нь биеийн дулаан хэмжин, хэвийн бус биеийн халуунтай, амны хаалт хэрэглээгүй иргэнийг танин дохио өгдөг онцлогтой.

Ингэснээр алба хаагчийн болон байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэдийн халууныг хэмжиж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

ФОТО: Хатуу хөл хорио тогтоосон хоёр дахь өдөр

Хатуу хөл хориог улам чангатгаж, нийслэл хот доторх автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэдийг хувийн унаагаараа биш автобусаар зорчихыг шаардлаа.

Гэрэл зургуудыг Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар: Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:

-Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх

-Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах

-Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

-Цар тахлын халдварын эсрэг ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэрэгт анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо, Чиёокүни нар 6 даваатай тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн барилдааны дараа Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо, Чиёокүни /М14/ нарын 3 бөх 6 даваатай тэргүүлж байна.

Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 6 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, М1 Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж ёрикири мэхээр өрсөлдөгчөө давснаар 6 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, М1 Ватакакакагетай барилдах юм.

Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, М17 Шиманоүмиг ёрикири мэхээр давж 2 даваа, 4 унаатай байгаа бол М13 Хоошёорюү С.Бямбасүрэн, М9 Токушёорюүд ошитаоши мэхээр унаснаар 3 даваа, 3 унаатай байна. Харин Чёошома Г.Мөнхсайхан Ютакаяамад ошидаши мэхээр ойчиж 3 унаа, 3 даваатай явна.

Мөн энэ өдрийн барилдаанд М6 Тамаваши Б.Мөнх-Оргил, М5 Миёогирюүтэй учраа таарч ошидаши мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай болов. Маргааш Тэрүцүёошитэй барилдахаар учраа таарсан байна. Харин энэ өдөр Озэки Такакейшо, М3 Кагаяакиг хатакикоми мэхээр хаяж 6 даваатай боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Онцгой комисс онцгүй ажиллаад байна


Улсын онцгой комисс үнэхээр онцгүй ажиллаад байна. Нийтийн халуун устай “Энхсаран” сувилалд иргэдийг тусгаарласнаас эхлээд л тэд хариуцлагын алдаа гаргасан. Тусгаарлалтаас гарах дөхсөн хүмүүс дээр шинээр тусгаарлалтад ирсэн хүнийг нэмсэн нь ч тэдний хэнэггүйнх байлаа. За тэгээд коронавирусийг дотооддоо алдсан энэ цаг үед ч тэд сандарч, тэвдэж, будилж, яах учраа нэг л олж өгөхгүй байна. Энэ нь Улсын онцгой комиссын коронавирусийг дотоодод алдаж эхэлснээс хойшхи бүхий л шийдвэрээс төвөггүй харагдана.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон нь өнгөн дээрээ зөв зүйтэй шийдвэр мэт харагдаж байгаа. Улсын онцгой комисс “Иргэд машинаараа зорчихгүй байна, бид хөл хориог дээд зэргээр тогтоож чадлаа” гэж бардамнаж байгаа нь ч үнэн. Гэхдээ энэ шийдвэрийн цаана автобусаар зорчигчдын дунд коронавирусийг алдах, өвчтэй хүмүүс шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүйд хүрч байна. Нэгэн эмэгтэй диализийн аппаратад ордог аавыгаа эмнэлэгт хүргэж чадахгүй байгаа, цагдаа нарт учирласан ч тусыг эс олсон тухайгаа цахим орчинд бичсэн байна билээ. Мөн нэгэнт хувийн машинаараа зорчих эрхгүй болсон иргэд өглөө, оройн автобусанд багтах гэж багшралдан өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байгаа юм.

Ингэснээрээ Улсын онцгой комисс халдвар хамгааллын дүрмээ өөрсдөө зөрчиж байна. Тэд шийдвэрүүд гаргаж ажил хийгээд байгаа мэт харагдавч хачир дээрээ хэт болхи, нүд хуурсан, монголчилсон шийдвэрүүд гаргаж байна. Ийм байхад тэднийг сайн ажиллаж байна гэж дүгнэхэд хэтэрхий эрт бас хэтэрхий хэтийдсэн дүгнэлт болно.

О.Цэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг хүүхэд болон Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сэлэнгэ аймагт кластер буюу багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна.

11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

  • Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдлын /ачаа тээврийн жолооч/ хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ийнхүү нийт долоон хүн халдварлалаа.
  • Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртийн онгоцоор ирсэн хүнээс давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 414 боллоо” гэв.

Түүнчлэн вирус давтан шинжилгээгээр илрэх байдал ажиглагдаж байгаа тул иргэд эхний шинжилгээ зүгээр гарсан гэж тайвшрахгүйгээр цаашдын арга хэмжээнд өөрийгөө бэлдэж ухаалаг, эерэг хандах хэрэгтэй байна. Иргэд вирус тархахаас сэргийлэн ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг хүндэлж, эерэг хандахыг тэрбээр хэллээ.