Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй

Монголд ганцхан өдрийн дотор бүгдээрээ маскаа зүүж, автобусны буудал хүнгүй болж, хүүхдүүд гудамжинд тоглохгүй болов. Монголчууд бидний цусанд удирдуулж сурсан ухаан урсаж байна. Ийм ард түмнийг удирдахад амархан. Гэтэл дэлхийд юу болж байна гээч, Энэтхэгт иргэдээ саваадаж байна. Америкт дэлгүүрээ тонож байна. Орост өвчтөнүүдээ зөнд нь хаяж байна. Хятадад үнэн хэрэгтээ юу болж буйг дэлхий мэдэхгүйд хүрэв. Европ бол үгэнд орохоо байсан ард түмнээ “Ковид хэмээх бактерлогийн дайн эхэллээ” хэмээн сүрдүүлэн дарж авч байна. Харин монголчууд бид бол дэг журамтай, сахилга баттай байна. Ийм нөхцөлд бид хальж болохгүй, бас жижгэрч болохгүй. Зүгээр л мөрөөрөө амьдарцгаая. Ингэхийн тулд ямар байх ёстой вэ.

Бидэнд ухаалаг удирдлага, сайн зохион байгуулалт, Төрийн шинжлэх ухаанч хандлага, байр байрандаа яс тас байх шинж чанар чухал. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг юм байж болохгүй. Таван хоног яс тас гэртээ сууцгаая. Халдвар хамгааллын зөвлөмжийг нь яс тас сахин биелүүлье. Бүтэн жил шахуу тэсч чадсан монголчууд таван өдөр юу байхав. Одоо монголчуудын хамгийн их хүлээх ганц сайн мэдээлэл бол таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гарлаа” гэсэн мэдээ байх ёстой. Үүний төлөө л хичээцгээе. Энэ мэдээлэл зарлагдах хүртэл элдэв үймүүлсэн мэдээлэлд автах хэрэггүй. Хэрэвзээ таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг цааш нь сунгах боллоо” гэвэл төрөөс халдварын тархалтыг таван өдөрт багтааж, хумин авч чадаагүй юм байна гэсэн албан ёсны ойлголт болох юм. Энэ бол эмгэнэл…

Халдварыг нэгэнт дотроо алдсан нь тодорхой болохоор одоо бүх зүйл ердийн биш. Дэлхий нийтээр энэ үеийг туулж байгааг ойлгож халдвартай хамтдаа, зэрэгцэн оршихоос өөр аргагүй. Нэг ч монгол хүнийг алдаж болохгүй учраас өөрсдөд байгаа гэгээн сайхнаа ярьж, сэтгэлээ цэлмээж сууцгаах нь зөв. Жишээ нь, “Монгол Улс бусдаас ялгаатай нь хүн амын нягтаршил бага учраас хээр хөдөө рүүгээ тараад алга болно. Жишээ нь, миний хувьд хотод нөхцөл байдал хэцүүдвэл Өвөрхангай руу давхиж очно. Тэнд дургүй хүрмээр байвал сум руугаа давхина. Суманд тээртэй байвал хөдөө гэртээ очоод хэдэн адууныхаа захад эхнэр хүүхэдтэйгээ хэвтчихнэ. Тэгээд өглөө оройд овооны орой дээрээс утсаар хот руу ярьж, хов базсан шигээ цагийн байдлыг харна” ч гэдэг юм уу, эсвэл зуслан дээрээ хоолоо хангалттай бэлдэж очоод бүгчихнэ… гэх шиг нэг талаас хэнэггүй ч гэмээр, боломжиндоо итгэсэн, сэтгэл санаагаа өөд нь татсан байдалтай байцгаах хэрэгтэй. Нэгэнт тулаад ирсэн зовлон бэрхшээлийг даваад гарах сонголт нь энэ мэтээс эхлэх хэрэгтэй. Дэлхийд Монгол Улс л зах хязгааргүй их нутагтай, тэр их газар нутгийн хаана ч хүн амьдрах нөөц боломжтойг харах хэрэгтэй. Тэрнээс ямар Сахарын элсэн цөл, Сибирийн их тайга руу зугт гэж байгаа биш. Монголын говьд, их хээр тал, хөвч хангайд хүн амьдарч болохгүй юу байгаа юм. За энэ бүхэн бол нэг талын өөдрөг төсөөлөл.

Нөгөө талаас өнөөдөр иргэн бүр үнэн зөв мэдээлэлд ойр байх нь чухал. Ингэж гэмээнэ таны тархи оюун итгэл үнэмшлээр дүүрнэ. Амьдралаа эрсдэлд оруулахгүйн тулд чи супер амьтан байх албагүй. Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онгцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ өвчин хэрвээ миний ээжид, эхнэрт, миний хүүхдэд халдвал юу болох вэ гэдгийг өглөө бүр сана. Дээр нь нэмж хэлэхэд бидний хэнд маань ч дэлгүүр доторх бүх хоол хүнс, мах гурил хэрэггүй. Бидэнд жаахан хүнс байхад л хангалттай. Тэр жаахан хүнс чинь агуулах агуулахаар дүүрэн байгааг өнөөдрийн төр засгийн удирдлагууд цаг минут тутам бидэнд мэдээлсээр байна. Юунд нь санаа зовсон юм. Үүний оронд энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хувь хүний хувьд хөгжүүлэхэд анхаар. Боломжтой байгаа зүйлс дээрээ төвлөрч өөртөө өөрчлөлт хий. Суралц, ном унш, подкаст сонс, шинэ хобби, эсвэл ур чадвараа ахиул, шинэ жороор хоол хий, хөгжим тоглож сур… Гэртээ байж бусдаас зайгаа барих нь нийгмээс тасарсан гэсэн үг биш. Технологиор дамжуулан бид хэнтэйгээ ч харилцаа холбоо үүсгэх, бусдад алсаас дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдрийн хөл хорионы түвэгтэй нөхцөлд найз нөхөд, гэр бүлдээ халамж, анхаарал тавих нь хамгийн аз жаргалтай чухал үйл хэрэг болоод байна шүү. Энэ бүхэн монголчууд бид бүгдийн итгэл найдвар, зорилго, утга учрыг өдөөж чадна.

Ялангуяа залуу хүмүүс гэртээ байх хэрэгтэй байна. Тэд настай хүмүүст энэ вирусийг халдаах магадлалтай. Та бид чинь ээж аавдаа аминаасаа илүү хайртай биз дээ. Болж өгвөл 65-аас дээш насны хүмүүстэй битгий уулз. Би одоо ээж аавыгаа, эмээ нараа харахыг маш их хүсч байна. Гэхдээ ингэхгүй байх нь тэдний төлөө хийж буй хамгийн зөв үйл гэж бодож сууна. Хүссэн хүсээгүй настай хүмүүсийн дархлаа суларсан байдгийг хэн хүнгүй мэднэ.

Эцэст нь хэлэхэд, эргэн тойронд маань эргэлзээтэй зүйлс, тогтворгүй хандлага мэдрэгдэх шинжтэй болсон учраас нэг их мэргэн өвөө шиг энэ зүйлсийг бичлээ. Стресс, сэтгэлийн түгшүүрээ арилгах хамгийн үр дүнтэй арга бол өөрсдийн хяналтад байдаг үйлдлүүддээ төвлөрөх гэж бодож сууна. Өөр бид юу хийж чадах билээ. Өнөөдрөөс эхлэн бид хагас жил тэссэн шиг тэсч чадвал вакцин их ойрхон байна. Учир нь өнөөдрийн байдлаар хоёр ч эрдэмтэн коронавирусийн хувирах, мутацид орох үйлдлийг таслан зогсоосон вакциныг гаргаж авчихаад байна. Шинээр гарч ирсэн олон вакцины үр дүнгүй болсон гол шалтгаан нь эдгэсэн гэх өвчтөн нь эргэж өвчлөөд байсанд байгаа юм. Тэр юу гэхээр вирус өөрчлөгдөөд байсан учраас. Одоо тэр шинж чанарыг барьж авч чаджээ. Тэгэхээр вирусийг эмчлэх хугацаа хором хормоор ойртсоор байгаа хэрэг. Энэ бол итгэл найдвар. Хүүхдүүддээ анхаарал тавь. Ахмадуудаа хайрла. Төрөө хүндэл. Хувь хувьдаа хичээцгээе. Ингэж чадахгүй бол түгшүүр, стресстээ түүртээд, түүнээсээ болж уур уцаар нэмэгдэж, эрүүл бус хооллож, уйтгар гуниг, анхаарал төвлөрөл сарних аюул газар авах нь байна шүү…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобензиний 30 хоногийн нөөцтэй байна

Монгол Улсын газрын тосны олборлолт, экспорт, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Автобензин 30 хоногийн нөөцтэй, дизель түлшний нөөц бага байгаа ч ОХУ-аас ачуулжээ. Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮЯ газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, газрын тос экспортлогчидтой цахим хурал хийж, хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцав.

Улирлын шилжилттэй холбоотой энэ сард түлш татаж авах нь нэмэгдсэнээр төмөр замаар орж ирэх, гарах вагоны бөөгнөрөл үүсч, төлбөр нэмэгдэх, түлшний хомсдол үүсэх нөхцөл бүрдсэнийг тусгайлан анхаарахыг хүсэв.

Цагаан нуур боомтоор шатахуун импортолж буй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд жолоочид хийсэн шинжилгээний хариу эерэг гарч, автомашиныг буцаавал Оросын талд их хэмжээний төлбөр, хураамж, торгууль төлнө.

Иймд тэвшин дэх бүтээгдэхүүнийг буулгах, гаалийн баталгаат талбайд автоцистерны толгойг сольж тээвэрлэх, зөөврийн шатахууны сав байрлуулж, бүтээгдэхүүнээ хүлээн авах боломж бүрдүүлэх шаардлагатайг уламжлав.

Цахим хурлын үеэр аж ахуйн нэгжүүдээс гаргасан эдгээр саналыг УОК-т уламжлах юм.

Categories
мэдээ

Ахиу хэмжээний цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүй байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан, Орхон аймгийн иргэдээс авсан шинжилгээний хариу сөрөг гарлаа

Сэлэнгэ аймагт гурван хүнээс коронавирус илэрсэн. Тухайн гурван хүний хоёр нь буюу 74 настай эмэгтэйн бэр болон ач хүү хоёр Дархан-Уул аймгийн томоохон худалдааны төв, хүүхдийн тасаг, хүүхдийн тоглоомны талбай орсон нь маршрутаар тогтоогдсон. Тухайн үед тоглоомны талбайд байсан хүүхдийн эцэг эх рүү холбогдож, шинжилгээ хийж эхэлсэн талаар УОК мэдээлсэн. Тэгвэл тухайн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагчид болох 139 хүүхдийн шинжилгээний хариу гарчээ. Эхний шинжилгээгээр бүгдээс нь халдвар илрээгүй байна.

Мөн Орхон аймагт өчигдөр гурван иргэнийг тусгаарласан. Тус аймгийн Онцгой байдлын комиссоос мэдээлснээр гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэд бол нэг нь “Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн аж. Тэгвэл тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарчээ. Эхний шинжилгээгээр тухайн иргэдээс коронавирусний халдвар илрээгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

УОК:Өнөөдрөөс эхлэн тусгаарлалтаас гарах иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлана


УОК-оос 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэрийг дахин сэргээлээ.

Өөрөөр хэлбэл, маргаашаас эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.

Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.

Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар: ​Улс даяар тайван хонолоо

Засгийн газар, Улсын онцгой комисс халдварын 1-р хавьтал, дам хавьтлын багадаа 2000 орчим хүнийг энэ 7 хоногт шинжилгээнд хамруулж, цар тахлыг богино хугацаанд хумьж зогсоохоор ажиллаж байна.

Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоногт 5000 хүнийг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай.
Дэлхийг заналхийлж, 50 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрсэн цар тахлыг бид нягт байж, бусдын төлөөх сэтгэлээр давж гарна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэл

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэл
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр эмчээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 416 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна” гэлээ. Мөн

  • Арваннэгдүгээр сарын 2-нд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 120 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд байгаа гурван хүн
  • Тандалтын 22 шинжилгээ
  • Орхон аймгийн 3 иргэн
  • Батлан хамгаалахын 64
  • ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн.

Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд СӨРӨГ гарсан.

Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна. Тус аймагийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд СӨРӨГ байна.

Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.