Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар:Хөл хориог 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа

ЗГ хуралдаж хөл хориог 14 хоног сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У. Хүрэлсүх салбар бүрийн сайд нарт даалгавар өглөө.

Богино хугацаанд цар тахлыг хумих, бүх хавьтлыг шинжилж, бүх нийтийн ариутгал халдваргүйтлийг хийх, хүнсний хангамжийг хэвийн байлгах, эмзэг бүлгийн хүмүүст хоол хүнс хүргэх, дотуур байрны оюутан сурагчдыг хүнсээр, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгах,
Банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар Сангийн сайдад үүрэг чиглэл өглөө.

Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө.

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хурал Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМ: Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулжээ

ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулсан байна. Олдох баг өдгөө 7000 орчим тэмээтэй. Уг тэмээ хүрэн бор зүстэй, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн тэмээнээс ялгарах шинжтэй, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын хувьд ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг хэмээн мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ. Мөн өнгөрсөн онд мах, ноосны чиглэлийн “Сайнцагаан хонь”, хурдан удмын “Шил” адууны омгийг тус тус баталгаажуулж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэлийг арилжааны банкуудад өгчээ

Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүлжээ.

Энэхүү албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгчээ.

Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчигээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Алхаж, мөрөөдөж, хайртай хүнийхээ гарыг атгаж, ээж, аавдаа тусалж, сурч, ажиллаж байгаадаа, бүгдэд талархаарай

2005 оны хавар. Энэ улирал, энэ жилийг би хэзээ ч мартдаггүй. Хар дарсан зүүд байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Угаалтуурынхаа урд нүүрээ угаагаад зогсож байсан би гэнэтхэн шилждэг хүн шиг эмнэлгийн оронд дээр хэвтэж байх нь тэр. Эргэн тойрноо хартал аав, ээж, ах гурав минь хэдэн хоног уйлсныг нь бүү мэд бүлцийсэн нүд, арзайсан үс, их л ядрангуй бас туйлдсан царайтай намайг харж зогсоно. Хэсэг тээнэгэлзэн учраа ч ололгүй өндийх гэтэл бие минь надад захирагдахгүйгээс гадна хөлийн хуруу, гарынхаа сарвууг ч мэдрэхгүй байлаа. Харин нулимс минь бороо зутгаж байгаа юм шиг л халуу оргуулан ар дагз руу урсаад л. Юу болсон юм бэ би яагаад ингээд хэвтэж байгаа юм гэж асуух тэнхэл ч надад байхгүй байлаа. Бие нэлээд тэнхэрч хагас сарын дараа эмнэлгээс тэргэнцрийн тусламжтайгаар гэртээ ирлээ. Би шөнө бүр, өдөр бүр, цаг тутам би юуг тэгтлээ буруу хийчихсэн юм бэ? Миний мөрөөдөл, миний зорилго яах юм бэ? Би дөнгөж арван дөрөвхөн настай шүү дээ. Бурхан гэж байдаг юм уу?

Үнэхээр итгэхэд бэрх байсан. Дөнгөж долоохон сарын өмнө би ангийнхаа онц сурлагтнуудын тоонд ордог. Дээрээс нь спорт болон урлагын бүх секц, дугуйланд хамрагддаг, ангийнхаа хамгийн хөөрхөн охинтой үерхдэг байлаа. Миний мөрөөдөл миний урд бүүр хэдхэн алхмын цаана байгаа юм шиг түүнийхээ араас ч зогсолтгүй гүйдэг байсан. Гэтэл одоо гүйх нь битгий хэл гуурсаар шингэнээ гадагшлуулж, өтгөнөө хүнээр цэвэрлүүлж байна. Би үргэлж буруутанг хайдаг. “Миний амьдралыг хэн ийм болгочихов” гээд л буруутан олддоггүй байсан болохоор улам бүр хэцүү.

Сайн найзууд, гайхалтай багшийн буянд би сургуулиа амжилттай төгсөж чадсан юм. Манай ангийнхан намайг хэзээ ч энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шүү гэж харж байгаагүй. Одоо бол байнга л хардаг дасал болсон өрөвдсөн нүдийг би тэднээсээ хэзээ ч харж байгаагүй ээ. Харин ч хамт байхад хөгжилтэй хажуунаасаа холдуулмааргүй байдаг байлаа. Сургуулиа төгсөөд харин уйтгар гунигийн далайд гүн умбасан. Гэр бүлийнхэнтэйгээ яваагүй газар очоогүй эмч байхгүй. Сүм, бариач, гандан хийд гээд л… Очих болгондоо босчих юм шиг сэтгэл гэгэлзээд, итгэл найдвар тээсээр, тээсээр…гэхдээ тэндээс гарахдаа урам хугаралт, зүрх зүсэлтээр дуусгавар болдог байлаа. Одоо ч итгэх юм бараг л үлдсэнгүй дээ. Гэртээ хийх юмгүй уйддаг надад Facebook дөнгөж орж ирэхэд дэндүү бүүр дэндүү сонирхолтой зугаатай байдаг болсон юм. Чатаар хүмүүстэй харьцдаг болоод арай л сэтгэлд өег болж эхэллээ. Их засаг их сургуулийн хууль зүйн ангийн хоёрдугаар курсийн нэгэн охинтой харьцдаг болоод дараа нь уулздаг боллоо. Миний харанхуй амьдралд өнгө гэрэл болж орж ирсэн эмэгтэй.

Гэр нь Говь-Алтайд байдаг болохоор тэр минь надтай хамт манайд амьдардаг болсон юм. Би түүндээ хийж өгөх зүйлс тун ховор яриаг нь чимээгүйхэн сонсож, ойлгохыг хичээдэг байлаа. Түүнийхээ дэргэд ганцхан үсийг нь үнэрлээд хэвтэхэд л надад хангалттай байсан. Харин тэр минь надад бүх зүйлээ зориулсан. Намайг хэзээ ч ганцаардуулж байгаагүй. Би хааяа түүнийгээ хардаж зовооно, архи уучихна. Хүүхэдтэй ч болж чадахгүй, гараас нь атгаад алхаж ч чадахгүй, ямар нэг зүйл дээр тэрний төлөө хариуцлага хүлээж чадахгүйдээ бухимдаад тэгж аашилдаг байсан гэж өөрийгөө зөвтгөе. Группийн мөнгө болоод гэр бүлийнхнээсээ багагүй мөнгө татан түүндээ өгдөг байсан. Ядаж л би иймхэн зүйл ч болов хийх ёстой гэж сэтгэдэг байлаа. Тэр минь сургуулиа төгсөөд надаас нисэн одсон юм.

Тухайн үед нэг л эзгүйрээд бүх зүйл хоосорчих шиг санагдаад хэцүү байдаг байсан ч түүнийгээ явуулсан нь үнэхээр зөв байсан. Одоо тэр минь хоёр хүүхдийн ээж нэгэн азтай залуугийн халамжит хань болсон гэж дуулсан. Түүний өмнөөс би хязгааргүй баярладаг. Учир нь би түүндээ ийм аз жаргалыг хэзээ ч бүүр бодолдоо ч амсуулж чадахгүй минь үнэн. Тэр л надад хүн хүлээх мэдрэмж, амьдрал хичээн гайхалтай зүйл надад өгөх гээд хүлээж байсан юм бэ гэх бодол мөн хайр, хайр гэх зүйлийг надад мэдрүүлсэн. Би өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хувиа хичээсэн амьтан байлаа. Хүн бүрт бурууг тохоод л. Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулдаг тэр охин намайг өөрчилсөн. Амьдралыг харах өнцөг, амьдарч байгаадаа баярлах мэдрэмжийг өгсөн. Түүнийхээ үлдээсэн сайхан дурсамж бүрээр би голоо зогоон амьдарч байна.

Сүүлд сонсох нь ээ намайг ийм болгосон гэмтэнг би мэдсэн. Намайг зовлонд унагасан буруутнаа би олсон. Тархины наалдангитай намайг нугасны менингит гэж буруу оношоор оношилж нугаснаас минь есөн удаа нугасны ус авснаар төв мэдрэлийн судсыг минь яс дарж дөрвөн мөч мэдээгүй болсон. Эцэж цуцалтгүйгээр буруутнаа хайж байсан ч мэдсэнийхээ дараа би нэг ч удаа гомдол нэхээгүй юм. Нэгэнт л өнгөрсөн зүйл юм чинь гээд орхисон. Хэн нэгэнд гомдол тээн амьдрахад хэтэрхий хайран юм шиг энэ цаг хугацаа. Хэрэвзээ бурханы шүүлт байдаг бол тэр хүнийг бурхан л шүүг. Тухайн үед тэр эмч намайг аврах гэж нойроо хугасалж, сэтгэлээ зовоосон гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Намайг ийм болгосондоо тэр хүн өөрийгөө буруутгадаг байх гэж боддог. Тэр л түүний өөртөө өгсөн ял байх. Би уучилсан, амьдрахад илүү амар байх боломж нь энэ юм. Би арван таван жил хэвтэрт байна. Бие минь үхжиж нуруу, ташаа маань цоорч эхэлсэн. Ээжийнхээ хаалганы цаана мөн орондоо уйлахыг нь би сонсдог. Тэглээ ч намайг амьд, түүний дэргэд байж байхыг харах нь л түүний жаргал нь болдог болохоор үхэл ирэхээс өмнө би үхэхийг хүсдэггүй. Тэр миний төлөө шаналж уйлдаг. Тиймээс би өөрийнхөө төлөө үхэж болохгүй. Эх хүний хайр ийм л аугаа. Одоо би зүгээр л бүх зүйлийг мэдэрч амьдрах болсон. Гэр бүлийнхнийхээ инээмсэглэл, цас болон бороо бүр шороо шуурахыг хүртэл мэдэрч байж би амьд байгаагаа мэдэрдэг. Өглөөний нарыг харах хичнээн гайхалтай гээч цээж дүүрэн амьсгалж чадаж байгаадаа би хязгааргүй их баярладаг. Мөн дүүгийнхээ ярьдаг CU, KFC, музей, Соёл амралтын хүрээлэнгээр түүнтэй хамт явмаар байна. Гэвч би болон надтай адилхан залуус явахад хүндрэлтэй байдаг ч тэр тийм их асуудал биш. Миний гадуур гардаггүй хамгийн том шалтгаан бол хүмүүсийн нүдний хүлээс. Хайран залуу гээд шогшроод зөрөх эмээ. Тийм ээ, би хэзээ ч бүтэн тэнийж хэмжүүлж байгаагүй. Хэмжүүлбэл бараг метр 90 хүрэх байх шүү. Эмч болоод хамаатан садан минь хэвтэртээ өслөө л гэдэг юм. Зөрөн өнгөрөх хүмүүс тэгж хэлэх нь аргагүй биз. Бас “Хөөрхий дөө” гэж харах хүмүүсийн нүд. Тэр болгон намайг улам бүр арчаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болгож хувиргадаг. Би зүгээр л тусгай хэрэгцээт хүн тэгээд л бол оо.

Залуустаа хандаж хэлэхэд бүх зүйлд талархаарай. Алхаж байгаадаа, мөрөөдөж чадаж байгаадаа, хайртай хүнийхээ гарыг атгаж байгаадаа, ээжтэйгээ дэлгүүр гараад л хүнсийг нь өргөж өгч байгаадаа, аавтайгаа хамт машин засч байгаадаа, нойр хоолгүй сурч байгаадаа бас ажиллаж байгаадаа. Бүгдэд нь таларх. Яг л над шиг. Энэ зөвхөн чиний цаг хугацаа. Маргаашаа бодож өнөөдрөө битгий үгүй хийгээрэй. Цаг хугацаа бүрт амьдраарай. Би бодох болсон. Би амьдарч байна уу? эсвэл зүгээр л оршиж байна уу? та ч бас өөрөөсөө нэг асуугаарай.

У.УРАНБИЛЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэмтэн, докторууд хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүллээ. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.

Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг борлуулах 15 цэгийн байршил

Өнөөдрөөс (2020.11.15) эхлэн Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулж эхлээд байна.

Улаанбаатар хотын хувьд төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байна.

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Баянгол дүүрэг

  • II хороо, KFC төвийн баруун талд
  • 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд

Баянзүрх дүүрэг

  • 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
  • 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
  • I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
  • 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай

Чингэлтэй

  • 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил

Сүхбаатар

  • Хангай хотхоны гадна талбай
  • 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан

  • 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
  • 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
  • 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай

Хан-Уул

  • Лавай худалдааны төвийн гадна талбай
  • Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай
Categories
мэдээ нийгэм

Батлагдсан тохиолдлуудын нэг нь “Эмоци” продакшны тоглолт үзжээ

Жолооч Д-гийн ойрын хавьтлуудаас коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 9 болоод буй. Тэгвэл Өчигдөр батлагдсан тохиолдлын нэг Д-ын ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос нь халдвар илэрсэн бөгөөд хавьтлуудыг тогтоож үзэхэд энэ хүн нь “Эмоци” продакшны тоглолтыг үзсэн нь тогтоогджээ. Мөн халдвар батлагдсан оюутнууд маршрутаа худлаа хэлсэн учир тагнуул, цагдаа мөрдөж, маршрутыг тогтоосон байгаа. Эдгээр оюутнууд нь цайны газар, караокед болон ойрын харилцаанд орсон гэх мэт асуудлууд гарсан учир эрсдэлтэй гэж үзэн анхаарлаа хандуулж ойрын хавьтлуудыг олж шинжилгээ хийсэн. Илэрсэн 9 хүний тухайд эхний тохиолдолдоо шинжилгээ сөрөг гараад давтан шинжилгээн дээр гурван тохиолдол нь илэрсэн. Ойрын хавьтлуудын эхний шинжилгээнээс хэдийгээр халдвар илрэхгүй байгаа ч хавьтлуудаас гарах эрсдэл байгаа учир хатуу хөл хориог ХӨСҮТ-өөс 14 хоног сунгах хүсэлт гаргасан байгаа талаар өнөөдөр ЭМЯ-наас онцлон хэллээ.

Үүнтэй холбогдуулан ЭМОЦИ продакшн дараах зарыг хүргэж байна.

Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын
17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
16 дугаар эгнээний 35-44,
15 дугаар эгнээний 36-46,
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

УОК-ын хурлаар хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд 12.00 цагт эхэллээ. Хуралдаанаар коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, бүх нийтийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэн тодорхой саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.

14.00 цагт Засгийн газар хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Тусгаарлалтын хугацааг сунгавал зардлыг төр хариуцна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрнаас 259 иргэн гарч гэрийн ажиглалтад шилжлээ. Эдгээр хүмүүст гэрийн ажиглалтад байхыг зөвлөсөн. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны зохион байгуулалт сүүлийн үед их ачаалалтай байгаа. ХӨСҮТ-ийн зөвлөмж болгосноор хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглаж байна.

Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтран гэрийн ажиглалтад байгаа хүмүүст хяналт тавьж ажиллаж байгаа. Шуурхай штабт хоногт дунджаар 1,300 гаруй санал хүсэлт ирж байгаа бөгөөд асуудалд тэр дор нь хариу өгсөн.

Нийт 5,167 албан хаагч, 263 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Гурван цэгт тусгаарлаж байгаа хүмүүсийн зардлын асуудлыг төр хариуцаж ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт гарах теле хичээлийн цагийн хуваарь

2020 оны 11-р сарын 17-20-ны Теле хичээлийн хуваарийг хүргэж байна. 11-р сарын 16-ны даваа гараг нь бүх нийтийн амралтын өдөр тул теле хичээл орохгүй, MNB-ээр баасан гарагийн хичээлийг давтан үзүүлэх болно гэж БШУЯ-аас мэдээллээ.