Бавуугийн Лхагвасүрэн хэмээх их найрагчийн хүү Хасартай ярилцлаа. Найрагч тэнгэрт одохынхоо өмнөх өдөр хоногуудыг Хасар хүүгийндээ өнгөрүүлж, туурвиж бүтээсээр байж. Хасарын ажлын ширээний дээд талд хананд өлгөсөн жаазанд их найрагч Б.Лхагвасүрэнгийн хүн болж төрөөд анх өмссөн баривч харагдана. Баривчны ар талд хүйг нь хийсэн дөрвөлжин халаас байх юм. Ээжийнх нь урласан тэрхүү баривчны хажууд даахьтай уут, өлгийний суран бүс, анх хүн болж унахад нь угаал үйлдсэн цайнд чанасан шаантны яс зэргийг зэрэглэн өлгөжээ. Номын сан нь номоор дүүрэн, эмх цэгц, цэгцгүй байдал хамтдаа ноёлно. Номын сангийн үүдний хананд найрагчийн томоос том хөрөг өлгөөстэй. Гартаа өнөөх л янжуураа хавчуулчихсан чимээгүй ширтэнэ.
-Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач…
-Миний хүүхэд нас, аавтайгаа өнгөрүүлсэн тэр хугацаанд миний аав надаар дүүрэн байсан. Харин өнөөдөр хамгийн том хоосон орон зай надад үлдсэн. Энэ хүний үр болж төрснөөрөө хүний эдэлдэг жаргалыг арав дахин илүү эдэлсэн. Хүний зовдог зовлонг арав дахин илүү эдэлсэн.
-Илүү жаргал эдэлснийг бол ойлгож байна. Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү байхын зовлон юу байсан юм?
-Миний аав хүмүүсийн хувьд бол яруу найрагч, уран бүтээлч хүн. Миний хувьд бол аав л байсан гэдгийг хүмүүс ойлгодоггүй байхгүй юу. Тэр нь хамгийн зовлонтой байдаг. Би аавыгаа агуу яруу найрагч гэж харж байгаагүй. Би аавыгаа л гэж хардаг байсан. Харин агуу их нэр хүнд аавын минь үүрч явсан том ачаа. Манай гэр бүлд ч хүчтэй нөлөөлж байсан. Миний хүүхэд насыг ч булаасан юм шиг надад санагддаг.
-Танд эвгүй санагдаж магадгүй л дээ. Аавгүй өнгөрүүлсэн өдөр хоногууд ямар байсан бэ?
-Хүний амьдрал жамын өмнө сөхөрдөг юм болохоор яалт ч үгүй жам ёсыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Аавтайгаа байсан хорвоод илүү эрхэлдэг байсан. Харин одоо би хэн нэгнийг хайрлаж, хэн нэгний төлөө амьдрах ёстой гэж боддог болсон. Миний аавд хамгийн сайн сайхан юу байсан тэрийг илүү олж харж, тэрийг хүмүүст хүргэж өгөх юмсан гэсэн үзэл санаа илүү түлхүү төрдөг болжээ. Ер нь хүний амьдралын дотор хамгийн чухал юм юу юм гэж хүмүүс хайдаг. Ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хаанаас олох вэ гэвэл тэр оршиж байсан ухаант өвгөдийн үлдээсэн өвөөс нь хайх ёстой юм болов уу гэж сүүлийн үед боддог болсон.
-Та Болор цомын эзэн болж байсан. Аавын чинь авьяас билэг удам дамжиж ирсэн гэсэн үг үү, хүмүүс алдартай хүмүүсийн үр хүүхдээс аав, ээж шигээ байхыг шаардаад байдаг шүү дээ…
-Хүмүүс ихэнх тохиолдолд авьяас билэг гэж ярьдаг байх. Харин аав минь надад өгсөн хамгийн том бэлэг бол надад мэдрэмжийг өгсөн. Хүнийг ойлгохыг, мэдрэхийг, жаахан юмыг их болгож ургуулж бодохыг надад өгсөн. Би энийгээ миний хамгийн үнэтэй юм гэж боддог. Би өөрийгөө маш баян хүн гэж боддог. Яагаад гэвэл хүмүүсээс хэд дахин илүү мэдэрч, хэд дахин илүү шаналж, хэд дахин илүү жаргаж чадна. Тэр мэдрэмжийг би ааваасаа өвлөж авсан болохоор энэ бол миний аавын надад өгсөн хамгийн том бэлэг.
-Болор цомын тайзан дээр та шүлгээ уншаад л, аав тань шүүгээд л, дараа нь та түрүүлээд л. Тэгэхэд нэлээд хэл ам гарч байсан даа…
-Би бие хүн. Ааваас өөр тусдаа бодгаль гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Тэр нь надад илүү зовлон авчирдаг. Монгол орноо онож унасан, эцэг эхээ олж төрсөн нь миний буруу биш байхгүй юу. Харин би аавыгаа өнгөрсний дараа аавтайгаа байж байсан тэр цаг хугацаа зөвтэй ч бай, буруутай ч бай миний аз жаргал гэж боддог болсон.
-Яруу найрагчийн хувьд аавынхаа хэр хавьд нь байх уу?
-Би яруу найрагч ч гэсэн аавынхаа хамгийн эрх, хайртай хүү нь байсан. Би яруу найрагч аавынхаа хамгийн эрх хүүхэд чигээрээ үлдмээр байна. Аавтай харьцуулахад би аавын эрх л хүүхэд байгаа биз дээ.
-Аавынхаа номыг хэвлүүлсэн гэсэн…
-Одоогийн байдлаар “Морин зэрэглээ” гэсэн нэртэй номыг нь хэвлүүлсэн. Яруу найраг их чухал урлаг л даа. Яруу найраг бол уран зохиолын охь нь. Уран зохиол гэдэг маань өөрөө монгол хэлний өгүүлбэр зүйн дэс дараа, монгол хэл бичгийг хамгаалж байдаг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа энэ яруу найрагч, зохиолч хүмүүс бол монгол хүний сэтгэлгээг гартаа атгаж байгаа хүмүүс. Тийм учраас аавын минь насаараа зүтгэсэн яруу найраг үнэ цэнэтэй байгаасай, яруу найрагчийн өөрийн бүтээдэг урлан гэж юу байдаг вэ, яруу найрагч гэдэг хувь хүмүүс ямар байдаг вэ гэдгийг илүү харуулахын тулд өөрийнх ноорог бүтээлүүдийг хамт багтаасан 15 боть ном гаргахаар санаачлаад байна. Одоогийн нөхцөлд ном гаргахад хэвлэлтээс авахуулаад олон асуудал бий. Тэр асуудлыг шийдээд 15 боть номыг нь нүүр дүүрэн гаргана даа.
-Та өөрийнхөө номыг гаргахгүй юм уу?
– Шүлгийн номоо гаргах санаатай. Хүмүүс шиг өглөө оройгүй хөглөгдөөд шүлэг бичээд байж чадахгүй юм даа. Хайж эрэлхийлж зовж, зовж бүтээсэн ганц номоо хэвлэлтэд бэлдэж байна. Цаад тал нь ирэх жилийн хавар гэхэд гаргах санаатай.
-Онгод орно гэж яруу найрагчид ярих юм. Тийм юм байдаг юм уу. Гэснээс аав тань уран бүтээлээ хийгээд, шүлгээ бичээд сууж байхдаа танд яг ямар дүр төрхтэй харагддаг байв?
-Хүмүүс яруу найраг, утга зохиолыг бөө шиг л гэнэт онгод орж ирдэг гэж бодох юм. Миний бодлоор яруу найрагчид нэг мөр, нэг үг тавих гэж маш олон хоног шаналж, зовж явдаг. Нэг талын гоё зовлон. Яруу найраг гэдгийг гэнэтийн юм гэхээсээ илүү, бодсон, тэрнийхээ төлөө шаналж зовж бүтээсэн үнэ цэнэтэй зүйл байгаасай гэж би их боддог юм. Гэнэтийн юм, хөнгөн бодсон юм битгий байгаасай гэж хүсдэг дээ. Тэрнээс биш ханасан бодол хүнд өөрөө гэнэт сэрэх тохиолдлууд байдаг л даа. Тэрийг бас үгүйсгэж болохгүй.
-“Антимир” гээд яруу найргийн наадам болох гэж байгаа гэсэн.
-Арваннэгдүгээр сарын 23-нд аавын нэрэмжит яруу найргийн наадам хийх гэж байна. “Антимир” гэдэг нь Ертөнцийн эсрэг гэсэн утгатай. Уран зохиолд ямар хэлбэр, ямар чиглэл зонхилж байна, хүмүүс ямархуу хэлбэртэй бичиж байна гэдгийг тайлагнаж байх нь уран зохиолд их чухал юм. Тэрнээс биш заавал нэг нь түрүүлээд л, заавал нэг нь манлайлдаг байх нь ямар юм бол доо. Өнөөдөр таны энэ уншсан шүлэг гоё байлаа шүү гэдэг нэг тийм үнэлэмж тэр наадам дээр байгаасай гэж хүсч байгаа юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажилтай явж байна.
-Нийтэд зарласан уу, хэдэн яруу найрагч оролцох юм?
-Зарласан. Гучин яруу найрагч оролцоно. Зохиолчдын хороон дээр арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл шүлгүүд хүлээн авч байна. Тэр дундаасаа гучин яруу найрагчийг сонгоод оролцуулах юм. Энэ наадмыг түрүү жил хийх гэж байгаад корона гараад хорио цээрээс болоод хойшилсон. Уг нь арваннэгдүгээр сарын 25-нд аавын минь төрсөн өдөр. Тэр өдрийг угтаж, бэлэг болгож хийж байгаа юм. Хамгийн гол нь тэр өдөр яруу найрагчид маань баяр баясгалантай байгаасай, тэд минь баярлаасай гэдэг хүсэл надад байна даа.
-Ээжийнхээ тухай яриач. Яруу найрагчийн гэргий ямар хүн байдаг юм?
-Яруу найрагчийн гэргий байна гэдэг чинь агуу хувь тавилан. Агуу их зовлон, жаргал шүү дээ. Би яруу найрагчдын гэргий нараар их бахархдаг. Яагаад гэвэл хүний ертөнцөд байж болох сайн, муу бүх юмыг тэвчиж, тэрийг хараагүй юм шиг сууна гэдэг бол хамгийн хүнд даалгавар байж магадгүй.
-Ээж нь одоо хэнтэйгээ байдаг юм?
-Бага дүүтэй хамт амьдарч байгаа.
-Ааваас нь хойш сэтгэл санаа нь ямар байх юм?
-Миний аав хүүхдүүддээ их онгог хайртай хүн байсан. Хэрвээ хүн мөнх амьдрах боломжтой байдаг байсан бол хэзээ ч хүүхдүүдээ орхиж үхэхээргүй тийм их онгог хайртай байсан. Өөрөө хүний ганц хүү болоод ч тэр үү. Аргагүйн эрхэнд ижийг минь хүүхдүүдээ харж байгаарай гэж үлдээсэн юм шиг л бөртийтөл үлдээж дээ. Хүний тавин жил ханилсан ханийн орон зай гэдэг бол их хэцүү шүү. Ижий минь сэтгэлийн хаттай, тэвчээртэй. Эмэгтэй хүн болохоороо л энэ бүхнийг давж туулдаг байх. Ижийгийн минь уйлах инээх нь хүртэл аавын минь тухай дурсамжуудтай л холбоотой байдаг. Тэр бүхнийг харахаар би ижийгээ их өрөвддөг.
-Аавын тань бие чилээрхээд нэлээд удсан. Тухайн үед үхэл ойртож байгааг мэдсэн байж магадгүй. Хүүхдүүддээ ямар нэгэн байдлаар захиж хэлсэн үг бий юу?
-Би аавыгаа их өнгөцхөн дүгнэдэг байж гэж хожуу бодож байгаа юм. Миний аав яруу найрагч, зохиолч хүн байсан боловч яг үнэндээ бусад хүнд хайр мэтгэж өгдөг хүн байж. Хожуу ингээд аавын шүлэг, бүтээлүүдийг ном болгож хэвлэлд бэлдээд байж байхдаа тэнд маш их олон юмыг захиж үлдээсэн юм шиг санагдсан. Аав минь бидэнд захиасаа өдөр тутам л хэлж байж. Үг болгон нь захиас байж.
-Аав тань яагаад Хасар гэдэг нэрийг өгсөн юм бол?
-Манай гэр бүлд хамгийн богино нэртэй нь би шүү дээ. Манай ах,эгч нар гэхэд л Огторгуйндалай, Үүлэнсолонго, Саранхөхөө, Эрмүүнзаяа гээд л. Надад л ганцхан таван үсэгтэй Хасар гээд нэр өгчихсөн юм.
-Та хэд чинь аав ээжээс хэдүүлээ юм бэ?
-Дөрвөн ах, хоёр эгч, нэг дүүтэй. Би айлын долоо дахь хүүхэд шүү дээ.