Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.
-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Алдахгүй байх боломж байсан уу. Монголчуудын хэнэггүй, сахилга бат, ёс горимгүй байдал коронаг алдахад хүргэлээ. Улс орон даяар хөл хорио тогтоолоо. Ямар арга хэмжээ авбал дээр вэ?
Халдварыг тараахгүй байх арга хэмжээг эртнээс сайн зохион байгуулсан. Эрүүлийг хамгаалах, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах зэрэг байгууллага, ажиллагсад нөөц боломжоо дайчилж, нойр хоолоо хасч, олон хоног цагаар тасралтгүй ажиллаж байна. Бүгдийн хүчин чармайлтаар халдвараас сэргийлье, хүн бүр дэг журам сахиж, сэрэмжтэй хариуцлагатай бай гэж байнга уриалсаар байлаа. Гэвч халдвар дотроос гараагүй, өвдсөнийг илрүүлж эмчилж чадаж байсан амжилтад тайвширцгаасан, зарим хүн маск тогтмол зүүх, олон хүн цугларсан газар очихгүй байх, өөрийгөө тусгаарлахад тоомсоргүй хандсанаас болж халдвар тархлаа. Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн таны дүгнэлттэй санал нэг байна. Ерөнхий сайд төрийн ажилтан нартаа талархаж, Ерөнхийлөгч иргэн бүр хариуцлагатай байхыг санууллаа. Цар тахалтай хийж буй тэмцэл бол Монгол Улсын иргэдийн амьд явах эрхийн баталгааны төлөө хийж байгаа дайн учраас, дайны үе шиг дэг журам сахилгатай байж ялах ёстойг хэлье. Одоо улс орон даяар хөл хорио тогтоосон нь зөв. Халдварын голомтыг бүрэн тогтоож таслан зогсоох шаардлагаар хөл хорионы хоногийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Уудам нутагт тархан байрлаж амьдардаг бидэнд, хүнсний зайлшгүй зүйлээ хангаад, гадаад ертөнц том хотод суугчдаас хол, халдвар авахгүй байх боломж бий. Хөл хорионы үед мөрдүүлж байгаа зорилгогүй тэнэх, зах дэлгүүр хоршоо айл албан газраар сэлгүүцэхийг цээрлэж, хувийн ариун цэврийг сахиж байгаа зэрэг дэглэмийг цаашид хэв заншил болгомоор.
Хүний нутагт, ах дүү хамаатнаасаа хол, халдвар авбал гадаадад эмчлүүлэх боломж хомс байсан бололтой 27 мянган монголчуудыг эх оронд нь авчирчээ. Миний танил нэг хүний гадаад улсад амьдарч байгаад ирсэн найз нь: “Эх оронтой, угтаж авах ард түмний хүү байхын гайхамшигтай сайхныг мэдэрлээ. Тэнд байхдаа барилга барьж сурсан мэргэжлээрээ нутагтаа сайхан ажиллаж амьдарна аа. Хэрэг болох тоног багажаа авчирсан“ гэж ярьсан байгаа юм. Цар тахалд бас эерэг тал бас байна.
-Улс орны эдийн засаг улам хүнд байдалд орно. Ямар бодлого арга хэмжээгээр эдийн засгаа аврах вэ. Энэ тал дээр таны бодлыг сонсох гэсэн юм?
-Хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Аж ахуйн байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил доголдож орлого ашиг нь буурч улмаар улс орон нутгийн төсөвт нөлөөлөх, иргэдийн орлого багасах, ажилгүйдэл нэмэгдэх, эмзэг бүлгийн хүмүүсийн амьдрал хүндрэх зэрэг бэрхшээл гарах нь тодорхой. Энэ бүхэнд тайван ухаалгаар хандаж, хамтын хүчин чармайлтаар хохирол багатай даван туулж болно.
Манай иргэд, ялангуяа залуучууд ухаалаг чадварлаг болжээ. Олон улс орноор явж амьдралтай нь танилцаж ирээд эх орноо хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлийг санаачилж байна, өндөр стандартаар ямар ч барилга объект барьж чаддаг, авто болон төмөр зам барьдаг, тэргүүний гэх технологи техникийг эзэмшиж ашигладаг, өндөр үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээг бий болгон ажилладаг болж байна. Эрдэмтэд, ялангуяа түүх судлаач эрдэмтэд түүхийн гажуудлыг засаж, археологийн шинэ нээлт хийж байгааг хараад бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхэн бол манай ард иргэд ямар ч бэрхшээлийг шийдэх чадвартайн баталгаа. Хамтын хүч, эв нэгдэл, ариун сэтгэл, сайн засаглал л чухал.
Манай улсын эдийн засаг экспорт ямар байхаас их хамаардаг. Одоо манай улсын экспортын гол эх үүсвэр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, мах, ноос ноолуур, жонш зэрэг бүтээгдэхүүн хөрш БНХАУ-д гарч байна. Энэ оны эхний хагаст нүүрсний экспортод саатал гарч байсан боловч сэргэж байна. Бусад барааны экспортод хүндрэл байхгүй. Ийм учраас нүүрсний экспортыг 40 сая тонноос доошгүй болгочихвол экспортын орлого өсч бензин шатахуун болон бусад импортын барааны хэрэгцээгээ хангах, валютын нөөц, төсвийн орлогоо нэмэгдүүлж улмаар эдийн засгийн ноцтой хүндрэлд хүрэхгүй байх боломж байна. Далимдуулж хэлхэд хэрэв бид арваад жилийн өмнө Таван толгой- Гашуунсухайт, Нарийнсухайт -Шивээхүрэнгийн төмөр замыг барих боломж байсныг саатуулаагүй байсан бол нүүрсийг саадгүй тээвэрлэж экспортыг бууруулахгүй байх боломж байсан. Ойрын хоёр жилд багтааж эдгээр төмөр замыг ашиглалтад оруулах гэж байгаа нь сайн хэрэг.
-2021 оны төсөв батлагдлаа. Соёлын төв, Биеийн тамирын ордон, Засаг даргын тамгын газрын байр барих зэрэг тэвчиж болох олон тэрбумын зардлыг хасч, эрүүл мэндийг хамгаалах, эдийн асгаа бэхжүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй биш үү?
-Санал нэг байна. Төсвийг тодотгоно гэж хэлээд баталчих шиг болсон. Тийм учраас баталсан төсвөө одоо хянаад барьж эхлээгүй объектуудыг хасч болно. Ер нь боловсруулах үйлдвэр хөгжүүлэх асуудал бага анхаарагдаж байна.
-Монголын төрд өнөөдөр буурь суурьтай, тулхтай жинхэнэ төрийн хар хүн дутагдаад байх шиг. Төрийн гурван өндөрлөг харьцангуй залуу хүмүүс. Тэдэнд алдаа оноо бий. Төрийн зарим шийдвэрүүд нэг л буурь суурьгүй, хөнгөн гоомой санагдах юм. Ерөнхий сайд байсан, жинхэнэ төрийн хар хүний хувьд Таны бодлыг сонсмоор байна?
-Төр засгийн удирдах нөхдөө буурьгүй, тулхгүй, залуу, гоомой гэж би хэлэхгүй. Харин гаргаж байгаа шийдвэрт нь анхаармаар юм байвал санал зөвлөмжийг ил хэлж засуулах, туршлагажих суралцахад нь тус болох явдал миний иргэн хүний үүрэг. Би хичээж байгаа. Жишээлбэл: Энэ оны тавдугаар дугаар сард УИХ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргасан, мөн “Алсын хараа 2050“ хэмээх Үзэл баримтлалыг баталсан шийдвэр гарсан. Монгол Улсын эдийн засаг нийгмийг тогтвортой эрчимтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой эдгээр хууль шийдвэрт миний бодоход буруу зүйл багагүй байгаа. Тийм учраас өөрчлөлт засвар оруулах тодорхой саналаа бичсэнээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгөхөөр бэлтгэж байна. Сонин хэвлэлд нийтлүүлнэ.
-Өнөөдөр ард түмэн айдастай байна. Тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Гэтэл сая Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн маань “Бид та бүхнийг хангалттай хугацаанд хамгааллаа. Одоо амь амиа бод” гэх утгатай, жаахан урам муутай үг хэллээ. Уул нь ард түмнийхээ сэтгэлийг өргөсөн, итгэл төрүүлсэн, үг хэлэх байсан уу. Ахмад хүний хувьд үүнд та ямар бодолтой байна?
-Эмзэглээд байх үг хэлсэн гэж бодохгүй байна. Ерөнхийлөгчийн үг хэлэхийг би сонссон. Төрийн зүгээс өвчин тараахгүйг хичээж бололцоогоо дайчилж ажиллаж байгаа, иргэд хариуцлагатай байх хэрэгтэйг цохож хэлсэн. Би зөв гэж бодож байна. Ерөнхийлөгч хатуу шаардах ч ёстой. Төр ба иргэд хоорондоо, харилцан хатуу шаардлага тавьж тэмцэж байж энэ гамшгийг хохирол багатай давна.
-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Х. Баттулга Ерөнхийлөгч дахиж дэвших нь тодорхой байх. МАН-аас Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшинэ гэсэн яриа байгаа. Ардын намын нөхөд Хүрэлсүхээс өөр хүн байхгүй гээд шахаанд оруулсан дуулдана?
-Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага бий. Надад Парламентыг хоёр танхимтай болгож засгийн эрхийг ард түмний мэдэлд ойртуулах, Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх, Сонгуулийн системийг боловсронгуй болгох тодорхой санал байдаг. Эдгээр асуудлаар дараа дэлгэрэнгүй ярилцлага өгч болно. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэр дэвшвэл зөв байхыг би бодож судалж байна.
-Сүүлд нь асуухад, УИХ-ын сонгууль мөн энэ намар болсон орон нутгийн сонгуулиас хойш төр засгийн үйл ажиллагаа жаахан доголдоод эхлэв үү. Эрх баригч Ардын нам Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад, дараа нь нийслэлд ялаад санаа нь амраад ажил нь удааширсан, хариуцлага алдсан, амжилтдаа эрдсэн бардсан тал байна уу?
-Сонгуулийн дараа Засгийн газрын ямар ажил доголдсон, санаа амарч удаашруулсан ажил, ямар асуудалд хариуцлага алдсан тухай тодорхой мэдээ надад байхгүй.
-Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай, Ш.Гунгаадорж гуай болоод Ж.Гомбожав гуай, Ц.Гомбосүрэн гуай гээд төрийн луугар эрхмүүдийн дуу хоолой сүүлийн үед илт үгүйлэгдэх боллоо. Мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат гуай, Н.Багабанди гуай нар ч чимээгүй байна. Н.Багабанди гуай бол бүр огт дуугарахгүй юм. Болдог бол та бүхэн л ярьж, зөвлөж баймаар санагдах юм?
-Дээрх бодлоор та надтай ярилцлага хийхээр шийджээ. Талархаж байна. Хэрэв та нар хандвал нэр дурдсан нөхөд ярилцлага өгөх, саналаа хэлэх, зөвлөмж өгөхөөс татгалзахгүй. Та түрүүнд ард түмэн айдастай байна гэсэн. Нэр дурдсан хүмүүс бол хэлье гэсэн санаа, шүүмжилье гэсэн юмаа айхгүйгээр шууд ил хэлэх хүмүүжилтэй, зоригтой нөхөд гэдгийг хэлье. Тохиромжтой газар, хэрэгцээтэй цагт дуугарцгаах л болно.
-Өнөөдөр ихэнх Ерөнхий сайдууд маань шоронд сууж байна. Ялангуяа эдийн засгийн томоохон реформ хийсэн гэгддэг М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат гээд шоронд сууж байгаа. Сү.Батболд бас л асуудалтай мэт, Ч.Сайханбилэг эрэн сурвалжлагдаад байж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Амар гуайн хэлсэнчлэн Ерөнхий сайдын хувь тавилан гэдэг амаргүй хувь тавилан шиг санагдах юм?
-Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрээр дурдсан Ерөнхий сайд нар ял эдэлж байгаа. Иргэн хүн ямар ч албан тушаалтай бай гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг нь шүүх хянаж тогтоосон бол шийтгэгдэх хуультай. Хамгийн эрхэм чухал зүйл бол шүүхийн шийдвэр зөв шударга байх. Сүүлийн үед шүүх шударга биш шийдвэр гаргадаг, өндөр албан тушаалтны захиа даалгавраар хүмүүсийг хэлмэгдүүлдэг болж байгаа юм биш үү гэсэн болгоомжлол, хардлага гарч байна.
Саяхан Б.Баяр гэдэг хуульч хүний бичсэн нийтлэл гарсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гурван хүн шүүхийн холбогдолтой зөвлөмж гаргадаг байх хууль гарснаас улбаатай, анхаармаар асуудал гарч буйг бичсэн байна билээ. Тухайлбал, “Шүүх нэрэн дээрээ Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг ч нидэр дээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийг барьсан улстөрчдийн хувийн явцуу эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргах болов” гэж бичсэн, мөн “Улс төрийн шинжтэй хэлмэгдүүлэлтийн хэрэгт шийдвэр гаргасан шүүгч өөрөө хожим шүүхийн өмнө шүүгддэггүй юм гэхэд цаг хугацааны эрхээр түүх, ирээдүй үр хойчийнхоо өмнө шүүгдэх нь гарцаагүй” гэж бичсэн байна. Өнгөрсөн зуунд коминтерний зөвлөмжөөр хэлмэгдүүлэлт явагдаж, гүйцэтгэсэн шүүгчид нь шүүгдэж байсан түүх давтагдахаас болгоомжлох нь зөв.
Шүүх засаглал миний ажил мэргэжлээс хол, миний мэддэггүй асуудал. Би харин нэг залууг хэлмэгдэж байгаа гэж боддогоо нуухгүй. Тэр бол Нямтайширын Номтойбаяр. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд байхдаа хэдэн аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох зөвшөөрөл олгосон нь гэмт хэрэгт тооцогдоод байна. Зээл олгохыг зөвшөөрөхдөө хурлаар хэлэлцүүлээгүй нь таван жил шоронд хоригдох гэмт хэрэг болсон бололтой. Зээл авсан компани, иргэд нь зээлээ төлж барагдуулсан, авлига ашиглалын хэрэг, улсад учруулсан хохирол байхгүй. Тийм учраас хэргийг хэлэлцэхэд оролцож байсан шүүгчдийн дунд ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүн байна гэсэн яриа байсан гэдэг сурагтай. Одоо Улсын дээд шүүхэд даваж заалдаад байгаа гэсэн. Учрыг нь олж цагаатгаад тэр хүүг шоронгоос гаргаасай билээ. Хайран залуу.
Номтойбаяртай УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамт ажиллаж байсан нөхөд, зээл авч ашигласан аж ахуйн нэгжийнхэн болон иргэд тэр хүүг мэддэг, олон жил шоронд хоригдох гэмт хэрэгтэн болгосон шийдвэр шударга эсэхийг боддог байх.
-Та бол Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн хамгийн хүндтэй эрхмүүдийн нэг. Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон. Чингисийн одонтой эрхмийн хувьд энэхүү төрийн дээд шагналын үнэ цэнийг асуумар байна?
-Чингис хаан одон бол манай улсын төрийн тэргүүн зэргийн, хамгийн нэр хүндтэй шагнал. Улс эх орондоо онцгой гавьяатай гэж үзсэн хүнд олгодог эрхэм шагнал. Энэ эрхэм шагналыг хүртсэн хүн бүхэн цаг үргэлж бусад хүмүүст үлгэр дуурайлал болж гавьяагаа үргэлжлүүлэх эрхэм үүрэгтэй байдгийг хэлье.