Categories
мэдээ нийгэм

Нянгийн халдвар нь одоогийн байгаа нянгийн эсрэг эмээр эмчлэгдэх боломжгүй

Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоног” эхэллээ  – updown.mn

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн дэлхий нийтийн эрүүл мэнд, хөгжилд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулдаг “Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоног” аян эхэллээ.

Энэ жилийн дэлхийн долоо хоногийг арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” уриан дор Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалт явуулах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны материалаар холбогдох байгууллагуудыг хангах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Нянгийн тэсвэржилтийн асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих, нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай юм. Нянгийн халдвар нь одоогийн байгаа нянгийн эсрэг эмээр эмчлэгдэх боломжгүйд хүрч байгаа дохио юм.

Нянгийн эсрэг шинэ эмийн нээлт одоогоор бүрхэг бөгөөд 2019 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 32 антибиотикийн эмнэл зүйн үйлчлэлийг сайжруулах хэрэгтэйг тогтоосон. Гэвч тэдгээрээс зөвхөн зургаа нь хөгжүүлэлтийн шатанд явж байна.

Түүнчлэн чанарын шаардлага хангасан нянгийн эсрэг эмийн хомстол, хүртээмжгүй байдал нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс ДЭМБ нянгийн тэсвэржилтийг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан 10 асуудлын нэг болж байгааг тунхаглалаа.

COVID-19 цар тахлын үед нянгийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн тархалтыг түргэсгэхэд хүргэж болох юм. Нянгийн халдвар хавсарч илрээгүй бол вирусийн халдварын эмчилгээнд антибиотик хэрэглэж болохгүй.

Нянгийн эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх, сайжруулсан усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байх, эрүүл ахуйн дадал муу байх, чанарын баталгаатай эмийн хангамж дутагдалтай байх, эрүүл мэндийн байгууллага, мал үржүүлгийн газруудад халдварын сэргийлэлт, хяналт муу байх, иргэдийн нянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байх зэрэг хүчин зүйлс нь нянгийн тэсвэржилтэнд нөлөөлдөг.

Нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Нянгийн эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэе” амлалт өгөх аянд нэгдэхийг уриаллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарангэрэл: Таван газар халдварын голомтлон гарлаа

Мэдээ.МН

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 536 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн өдөртэй харьцуулбал 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.Харин манай улсын хувьд, COVID-19-ийн батлагдсан 505 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Нэг хоногийн дотор 21 хүн халдвар авч, Говьсүмбэрт шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 466 тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл хот буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрт багц халдварууд нэмэгдээд байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна. ЗӨСҮТ баг нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхээд 21 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн. Улаанбаатарын голомт 15 Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ Дархан Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Мөн Говьсүмбэрт нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Д.Баттогтох

Categories
гадаад мэдээ

Ам зайлагч шингэн 30 секундэд коронавирусийг устгаж буйг судалгаагаар тогтоожээ

Кардиффийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 0,07 хувийн цетилпиридини хлоридийн /CPC based/ агууламжтай жоргүйгээр олгодог ам зайлагч шингэн вирус устгаж магадгүй гэсэн шинж тэмдгүүд илрүүлсэн байна. Энэхүү тайланг Уэльсийн их сургуулийн эмнэлгийн өвчтөнүүдэд хийсэн клиник туршилтын үр дүнд гаргажээ.

Уг туршилтаар шүлсэн дэх вирусийг устгаж байгаа нь тогтоогдсон ч амьсгалын зам руу ордоггүй учраас энэ нь коронавирусийг эмчилдэг гэсэн баталгаа огт биш юм.

Өөр нэгэн судалгааны үр дүнгээр амны хөндийн ариун цэврийг сахих нь коронавирусийн халдварын тархалтыг сааруулах ач холбогдолтой гэсэн байна.

Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн доктор Ник Клэйдон “Тус судалгааны үр дүнгээс ам зайлагч шингэн нь хүмүүсийн өдөр тутмын гол хэрэглээ болж магадгүй. Судалгааны энэ эерэг үр дүн Кардиффын их сургуулийн клиник туршилтаар харагдсан. Цетилпиридини хлоридод суурилсан ам зайлагч нь гар угаах, амны хаалт зүүх зэрэгтэй ижил бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болж магадгүй юм” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ерөнхийлөгчийн гаргасан саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Засгийн газар чиг үүргийн зургаа, чиглэлийн найман яамтай байх нь батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн. Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгааг Монголбанкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй. Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй.

Түүнчлэн МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналаа Засгийн газарт хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн хууль зөрчвөл торгох эсвэл 7-30 хоног баривчилна

Монгол Улсад коронавирусийн цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар гамшгийн тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэд, аж ахуй нэгж хууль тогтоомж зөрчих тохиолдлууд олон гарч байгаа юм. Цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд өнгөрсөн тавдугаар сард өөрчлөлт оруулсан билээ. Ингэхдээ цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл, 7-30 хоног саатуулах зохицуулалттай.

Тэгвэл цар тахалтай, хатуу хөл хориотой үед иргэд, аж ахуй нэгжүүдэд хуульд орсон өөрчлөлт, одоо мөрдөгдөж байгаа зарим заалтыг хүргэж байна.

12 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх:

  • 12.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт тавина.
  • 12.2.Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг Засгийн газар батална.
  • 12.3.Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

34 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг:

34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ

  • 1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах
  • 1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах

34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ

  • 2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх
  • 2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
  • 2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • 2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах
  • 2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах
  • 2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах
  • 2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах
  • 2.8.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах
  • 2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  • 2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах

37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг:

37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ

  • 1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах
  • 1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх
  • 1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах
  • 1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах
  • 1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

  • 2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх
  • 2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох
  • 2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах
  • 2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх
  • 2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох
  • 2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх
  • 2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх
  • 2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

ЭРҮҮ ҮҮСГЭХГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Цар тахалтайгаар өөрчлөлт оруулахдаа Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна гэж заасан. Харин зөрчлийн тухай хуульд Гамшигт, аюулт үзэгдэл, халдвар өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтооосн хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөг эсвэл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр зохицуулжээ.

52 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2, 3 дахь хэсэг нэмсүгэй

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

1/5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2/5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Эх сурвалж: news.mn
Categories
мэдээ цаг-үе

​Дарханд гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хориог дахин гурван хоногоор сунгалаа

Дархан-Уул аймаг 2017 онд 68 удаагийн гадаад харилцааны уулзалт хийсэн байна

Дарханд гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хориог дахин гурван хоногоор буюу энэ сарын 21 хүртэл сунгажээ. Тус аймгийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар уг шийдвэрийг гаргасан байна.

Дарханд өчигдөр covid-19 халдварын шинэ тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд түргэвчилсэн оношлуураар иргэдийг шинжилгээнд хамруулахад гурван эерэг тохиолдол илэрсэн байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэсэн тул ХӨСҮТ рүү хүргэхээр болов. Иймд, хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс дахин сунгагдаж байна. Энэ хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоон шинжилгээ авах юм байна.

Өнгөрсөн хоногт гэхэд тэг зогсолт хийсний үр дүнд сүүлийн гурван тохиолдлын ойрын болон хоёрдугаар хавьтлын 30-50 хүнийг илрүүлжээ. Мөн нэгдүгээр хавьтлын 59 иргэнийг тусгаарласан бол хоёрдугаар хавьтлын 139 иргэнээс шинжилгээ авчээ.

Тус аймагт хатуу хөл хориог сунгаж, тэг зогсолт хийх хугацаанд алба хаагчид халдварын шалтгааныг тодруулахаар ажиллах юм байна. Дарханд халдварын шинэ голомт үүссэн тул эрсдэлийг тооцож таван зочид буудалд 243 ор бэлджээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ “Дарханд илэрсэн сэжигтэй тохиолдол баталгаажиж халдварын шинэ голомт илэрсэн. Тухайн иргэн үүргээ ухамсарлаж, сайн дураараа шинжилгээнд хамрагдаж covid-19 илэрч, баталгаажсан. Гэсэн ч энэхүү аюулт өвчнийг илрүүлэхэд аймгийн Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлж, хотынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хэмээн үзэж байна. Тиймээс иргэд тухайн иргэний хариу эерэг гарсан ч иргэд үзэн ядах, баталгаагүй мэдээ тараахгүй байх, тайван хүлээцтэй хандахыг хүсье. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөл хорионы дэглэмийг гурван хоног сунгасан тул иргэдэд маш олон асуудал тулгарна. Иргэдэд түлш, ус, усан хангамж, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг аймгийн Онцгой комиссоос анхаарна. Юуны өмнө Дархан-Уул аймгийн төвийг долоон блок хэсэгт хувааж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулна. Нэн түрүүнд тусламж шаардлагатай айл өрхөд хүнс түгээх тул иргэд хүлээцтэй зөвөөр ойлгох хэрэгтэй гэлээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.ЭНХБАЯР “Дарханы иргэд үүргээ ягштал баримтлан, хөл хориог нарийн баримталж байна. Иймд, Ерөнхий сайд нийт дарханчуудад талархал илэрхийлснийг би та бүхэнд дамжуулж байна. Бид сүүлийн өдрүүдэд 10 мянган иргэнд хүрч ажилласнаар өнөөдөр 3 иргэн халдвар авсныг илрүүллээ. Тэдний нэг болон хоёр хавьтлуудыг хурдан тогтоох шаардлага үүслээ. Иймд хатуу хөл хориог дахин гурав хоногоор сунгалаа” гэв.

Дархан хотыг долоон бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэх юм байна. Энэ ажлын хүрээнд хүнсний нөөцийн судалгаанд нийт 191 дэлгүүрийг хамруулжээ. Мөн түлээ нүүрсний цэгүүдтэй холбогдож хэрхэн түгээлт хийх зохион байгуулалтыг судалж байгаа тул удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утасны дугаар тодорхой болох юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Түр хороо хуралдана

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.

Уг Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 17-нд Монголбанкны удирдлагуудтай цахимаар хуралдсан. Энэ үеэр тэрбээр, дотоодод коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Г.Манлайжав: Бид уранаа стратегийн ач холбогдолтой түүхий эд, ашигт малтмал гэдгийг байнга санах ёстой

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай ярилцлаа.


-Манай улсад цөмийн технологийн хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Өөрсдөө дотроосоо харахад мундаг хэрэглээд байгаа юм шиг. Гадаад талаас харвал манай хэрэглээ чамлалттай. Яагаад гэвэл энэ технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт чамлалттай, хувийн хэвшлийн оролцоо бага байна. Энэ нь өртөг өндөртэй, шинэ технологи учир дандаа л урт хугацааны зээл, буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрөөр явж байна. Эрүүл мэндийн салбарт хүний амь настай холбоотой, дэвшилттэй технологи учир арай илүү байна. Бусад салбарт цөмийн технологийн хэрэглээ хоцорч байгаа. Мэдээж төсөв мөнгө орохгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоор хийх ажил олон байна. Үүнийг төлөвлөөд, үе шаттай хийж байгаа. Үүний гол үндэс нь цөмийн мэдлэгийн менежмэнт гэж нэгдсэн системийг маш сайн зохион байгуулалттай хөгжүүлэх ёстой. Үүн дээр бид сүүлийн үед анхаарч ажиллаж байна.

-Цаашид цөмийн технологийн салбар олон улсын хөгжилд хэр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна вэ?

-Ер нь дэлхий дээр цөмийн технологи олон зүйлийн урд явдаг. Шинжлэх ухааны гол нээлт, ололтууд дандаа л цөмийн технологи дээр суурилдаг учир урд явахаас аргагүй. Одоо бид эрчим хүчний бус цөмийн технологийг танилцуулж хуралдаж байна. Эрчим хүчний цөмийн технологи дэлхий дээр эрчтэй хөгжиж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтууд гээд 2017 онд НҮБ-аас баталсан том хөтөлбөр бий. Тэнд заасан 17 зорилтоос 9-ийг нь хэрэгжүүлэхэд цөмийн технологи маш чухал үүрэгтэй гэж гаргасан. Хоол хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, цаг уурын өөрчлөлт, дулаарлын асуудал, экологийн доройтлыг шийдэх, цэвэр эрчим хүч, хөрс, ус, боловсрол зэрэг суурь асуудлууд дээр цөмийн технологи, энэ салбарын эрдэмтэн судлаачдын оролцоо нэн чухал байдаг. Цөмийн технологи бүх зүйлтэй холбоотой гээд ойлгочиход болно.

-Манай улсад цөмийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх шаардлагатай нэн тэргүүний ямар салбарууд байна вэ?

-Бид дөрвөн гол чиглэлээр илтгэл сонсож, хэлэлцүүллээ. Эхнийх нь эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг хэрэглэж байгаа байдал. Дараа нь хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт, байгаль орчныг хамгаалах чиглэлд, боловсрол, шинжлэх ухаан, судалгааны чиглэлд, хяналт шалгалтыг салбарт юм. Мэдээж эрүүл мэндийн салбаруудад онцгой анхаарна. Хүний эрүүл мэндээс гадна мөн малын эрүүл мэндтэй холбоотой чиглэлд онцгойлон анхаарч байна. Малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчний оношилгооны мэдрэг чанарыг дээшлүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт судалгаа, оношилгоо зэрэгт цөмийн технологийг хүчтэй ашигладаг. Энэ оноос манай ноолуурын чиглэлийн ямааны үүлдэрлэг байдлыг тодорхойлж, цаашдаа геномын селекц хийх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Цацраг идэвхт атомаар тэмдэглэсэн эсрэг биетийг ашиглан малын халдварт өвчнийг оношлох “ЭЛИЗА”-гийн аргыг манай мал эмнэлгийн практикт өргөн ашиглаж байна. Бас цацрагаар идэвхгүйжүүлсэн бактери, паразитыг халдварт болон паразит өвчнөөс сэргийлэх вакцин болгон ашигладаг. Өнгөрсөн онд Биокомбинатад нэг ээлжиндээ зуун мянган вакцин үйлдвэрлэх шугамыг ашиглалтад орууллаа.

Мөн ургамал газар тариалангийн салбар байна. Цөмийн технологиор таримлын ургац төдийгүй хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байна. Манай оронд төдийгүй дэлхий дээр хөрсний доройтолд ороод байна даа. Хэд хэдэн био бордоо үйлдвэрлэж ургацыг овоо нэмэгдүүлж байна. Мөн хүн ам ингэж ихээр өсөж байхад цөмийн технологи ашиглаад селекцийн аргаар шинэ сортуудыг гарган авч байна. Гол нь ган, халуун, өвчин хортонд тэсвэртэй, их ургац өгдөг, чанар сайтай нэлээд олон сортыг гаргаж авсан. Одоо бид археологи, соёлын өвтэй холбоотой асуудлуудыг онцгой анхаарч байна. Энэ нь соёлын өвийг тодорхойлох, нас, найрлага, бүтээцийг нь тогтоох, дээр нь илэрсэн олдворуудыг үзвэрт амьдрах насыг нь уртасгах, бэхжүүлэх зэрэгт цөмийн технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингээд бодохоор цөмийн технологи маш олон салбарын дунд байж байна. Бүх салбарын эрдэмтдийн хүчийг нэгтгэж, нэг зорилтод чиглүүлэх шаардлагатай байгаа биз. Салбар дундын хамтын ажиллагаа гэж бид яриад удаж байна.

-Аж үйлдвэрийн салбарт хэрэглээ нь ямар байна?

-Манайд “Эрдэнэт”, “Оюу толгой” зэрэгт нэлээдхэрэглэж байна. Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийг маш өргөн хэрэглэж байсан. Барилгын материалын үйлдвэрүүд, цахилгаан станцууд бүгд ашигладаг байснаа сүүлийн үед бараг больсон. Ер нь хурдан хөгжье, үйлдвэрлэлийн процессыг найдвартай удирдъя, хяная л гэвэл аж үйлдвэрийн олон салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, үл итгэх сорил гэж чухал арга техник байна. Барилга байгууламж, нисэх онгоц, цахилгаан станц, төмөр замын бүх эд ангийн чанарын хяналтад өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хүний цээжний зургийг рентгенээр авдаг шиг дээрх нэн чухал салбаруудад цөмийн технологийг ашиглаж аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бас төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компаниуд энд онцгой анхаараасай гэж бодож байна.

-Манай улсад цөмийн технологийн хөгжлийн тухай ярихаар урантай холбоотой асуудал хөндөгддөг. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Уран бол бидний том давуу тал. “Манай орон танайх шиг урантай байсан бол бид ингэх байсан” гэж яридаг олон мэргэжлийн хүмүүстэй хэд хэдэн удаа таарч байлаа. Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гээд баримт бичгүүд нь бүгд байгаа. Бид уранаар баялаг учир үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж байж цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлж, санхүүжилт шаардлагатай цөмийн технологи нэвтрүүлэх хөтөлбөр төслүүдээ авч явах ёстой гэж боддог.

-Манай улсад маш их хэмжээний орлого шаардлагатай байгаа. Ерөнхийлөгч хүртэл орлого, бас дахин орлого хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгвэл ураны салбарыг зохистой хөгжүүлснээр бидэнд асар их боломж байна гэдэг. Үүнийг ашиглах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ашиглах нь мэдээж зөв. Эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай, байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй, хүн, мал амьтанд хоргүй байх л ёстой. Ингэхээр л мэргэжлийн байгууллагууд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг найдвартай судалж, тооцоолсны үндсэн дээр хийгээд, төрийн мэргэжлийн байгууллагууд, орон нутаг нь хяналтаа маш сайн тавьж, ил тод ажиллах л хэрэгтэй. Олон улсад ч энэ л практик байгаа.

-Уранаас үүдэлтэй аливаа эрсдэлүүдийг бууруулах чиглэлд олон улс хэр амжилтад хүрсэн бэ. Манайхан уран гэхээр л хор гэж ойлгодог. Нарийн учрыг нь сайн мэддэггүй?

-Ер нь манай салбар өөрөө дэлхий дээр нэг тийм ойлголтыг төрүүлчихсэн, сонин түүхтэй. Цөмийн зэвсэг, Хирошима, Нагасакагийн атомын бөмбөг, хүйтэн дайн, Чернобыль гээд л хөвөрнө. Нарийн ширийн зүйл, технологийн нууц байлгүй л яах вэ, гэхдээ цөмийн физик, реакторыг ажиллуулах, цөмийн хаягдлыг хадгалах, ураныг хайх, олборлох, ашиглах асуудал, энэ талын мэдээлэл бүх л мэдээллийн хэрэгсэл, номон дээр байгаа. Уран бол байгаль дээр байгаа нэг л төрлийн ашигт малтмал. Химийн үелэх системд байгаа элемент. Байгаль дээр олддог хамгийн хүнд элемент, бас цацраг идэвхт шинж чанартай гэдгээрээ л онцгой байх. Цацраг идэвхтэй учраас олборлолт, ашиглалтад нэмэлтээр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй ариун цэврийн шаардлагууд тавигддаг. Олон улсад олборлох үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны стандарт одоогийнх шиг өндөр тавигдаагүй, зарим орнууд өөрийн колони юмуу буурай хөгжилтэй оронд ураны олборлолт хийж байсан үед стандарт, норм дүрмээ зөрчсөн, технологийн алдаа гаргасан зүйл байсан. Хүйтэн дайны үед стратегийн түүхий эдийн хэт улайрал бас дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, заримдаа нууж, хаахад хүргэж байсан байх. Одоо цаг үе өөр болсон. 2015 онд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2017 онд олборлох, боловсруулах үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны дүрмийг Цөмийн энергийн комиссоос баталсан. Бид бас уранаа стратегийн ач холбогдолтой түүхий эд, ашигт малтмал гэдгийг байнга санаж байх ёстой.

-Дорноговь аймагт ураны хайгууль, туршилт хийж байгаагаас болж мал хордож, хэвийн бус мал төрлөө гэж хэл ам хийдэг. Уран олборлож ашиглаагүй байхад ийм байх боломжтой юу. Иргэдийн буруу ойлголтыг зарим нэг нь өөгшүүлж улам сүр дуулиантай болгож айлгаад байна уу?

-Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянаж үзээд дүн дүгнэлтээ гаргасан. 2010 онд зургаан сарын хугацаанд хийсэн технологийн туршилтаас одоо мал хордож, тэр тусмаа малын ургийн гаж төрөлт болно гэж байхгүй. Мал эмнэлгийн дундын хоршооны малын их эмч Бат-Ирээдүй гэдэг хүн судалгаа тайлангаа бас танилцуулсан.

-Цөмийн технологийн хөгжлийн тухайд илтгэлд ПЭТ/СТ төхөөрөмж ашиглаж эхэлсэн тухай яригдсан. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-Надад эцсийн бүрэн тайлан мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан фдж гэдэг цацраг идэвхт бодисоо өчигдөр (өнгөрсөн долоо хоног) гарган авч чанарын хэмжилт баталгаажуулалтаа фантом дээр амжилттай хийж туршлаа гэж сая Эрдэнэчимэг эмч илтгэлийнхээ төгсгөлд дуулгалаа. Өнгөрсөн сарын хугацаанд Хятад, Солонгосоос мэргэжилтнүүд ирж ажиллаад циклотроноо ашиглалтанд орууллаа. Тэнд богино настай изотоп үйлдвэрлэж оношилгоонд буюу ПЭТ/СТ төхөөрөмж дээр дүрс оношилгоо хийлгэнэ. Өнөөдөр бас олон улсын дүрс оношилгооны өдөр болж байна. Монголын нийт дүрс оношилгооны эмч нар, техникч, сувилагч, судлаач нартаа улам их ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

-Цөмийн технологийн хөгжлийн тухай хурлыг Д.Чүлтэм докторын ойд зориуллаа гэсэн байсан. Энэ хүний талаар тодруулахгүй юу?

-Д.Чүлтэм багшийн мэндэлсний 90 жил ой энэ онд тохион байгаатай холбогдуулан бид нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ үндэсний семинарыг бас багшийн ойд зориулж байгаа. Дээр нь цөмийн салбарынхаа залуу мэргэжилтнүүд, судлаач нарт өмнөх үеийн гавьяат үйлс бүтээсэн хүмүүсийн алдрыг дуурсгаж байхын үүднээс МУИС-аас товч мэдээлэл, танилцуулга гаргасан. Д.Чүлтэм багш бол манай нэрт эрдэмтэн, цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор хүн. Бас Цөмийн энергийн комиссын анхны орлогч дарга. Тэр үед комиссын анхны дарга нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров академич байсан. Д.Чүлтэм багш Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд 1960-аад онд хийсэн судалгаагаараа сөрөг мю-мезон шингэн устөрөгчид туйлшралаа бүрэн алдах үзэгдлийг илрүүлсэн юм. Бас хүнд мезо-атомуудад спин-орбитын болон спин-спиний харилцан үйлчлэлийг судлаад, мю-мезоны спинийг анх түрүүн туршлагаар хэмжиж тодорхойлсон юм. Ийм үеийн үед дуурсагдах гавьяатай хүн.

Г.БАТЗОРИГ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сүүлийн арван жилийн том нээлт

Энэ зууны хоёр дахь арван жил удахгүй дуусах гэж байна.Тэгвэл энэхүү арван жилд хүн төрөлхтөн шинжлэх ухааны ямар том ололт олсныг хамтран сонирхъё.


1. ХИЙМЭЛ МАХБИЙ БОЛОВ

Нидерландын Маастрихтын их сургуулийн профессор Марк Постын удирдсан эрдэмтдийн гарган авсан 140 грамм хиймэл махаар тогооч Ричард Макгоун бургер хэрхэн хийхийг дэлхий нийт 2013 оны наймдугаар сарын 5-нд шууд үзэв. Лабораторид ургуулах замаар гарган авсан энэхүү үхрийн хиймэл махыг хийхэд хоёр жилийн хугацаа, 325 мянган ам.доллар зарцуулжээ. Хиймэл махаар хийсэн бургерийг амсаж үзсэн хүнс судлаач Ханни Рутцер энэ мах хэтэрхий өөхгүй бас шүүслэг биш байна гэж шүүмжилсэн юм.2013 оноос хойш хиймэл мах гарган авах ажил амжилттай хөгжиж байгаа бөгөөд “New Age Meats” болон “Memphis Meats” стартап компаниуд энэ чиглэлд тэргүүлж байна.

2. ХИЙМЭЛ ОЮУН УХААН АМЬДРАЛД НЭВТРЭВ

“Google DeepMind” компанийн бүтээсэн Хиймэл оюун ухаан болох “AlphaGo”программ 2015 онд хятадын стратегийн тоглоом гэгддэг “Гo” тоглож энэ тоглоомын мэргэжлийн мэргэшсэн тоглогчийг хожив. Эрдэмтэд иймэрхүү хиймэл оюун ухааныг 2020 оноос нааш гарахгүй гэж тооцож байсан билээ. Энэхүү хиймэл оюун ухаан жилийн дараа 4:1 харьцаатайгаар “Го” тоглоомын дээд лигийн тамирчин Ли-г хожиж амжилтаа бүрэн баталгаажуулж чадсан юм. Хиймэл оюун ухааны хөгжил ингээд зогссонгүй.2017 оны есдүгээр сард “Audi” хүний оролцоогүй өөрийгөө жолоодох гурав дахь үеийн автомашин дэлхийд анх удаа хийснээ зарлав. Харин 2018 онд “Waymo” компани анхны жолоочгүй таксины үйлчилгээг АНУ-д нэвтрүүлэв. Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний амьдралын салбар болгонд амжилттай хөгжиж байна.


3. ХОЛЫН СОЛИРТ ХҮРЭВ

Европын Сансрын Агентлагийн “Розетта” аппарат дэлхийгээс хөөрснөөс хойш 10 жилийн дараа буюу 2014 онд “67P” сүүлт одон дээр бууж химийн бүтцийн судалгаа явуулав.Энэ судалгаагаар уг сүүлт одны химийн бүтэц тодорхой болсон төдийгүй дэлхийн далайн уснаас гурав дахин их нягтшилтай “хүнд ус” энэхүү сүүлт одонд мөс хэлбэртэй оршиж байсан нь дэлхийн ус сансрын гаралтай гэсэн онол худлаа болохыг нотолсон юм. Энэ явдлаас хойш нарны аймгийн үүслийг тодруулах зорилгоор эрдэмтэд дэлхийгээс алсад байгаа хэд хэдэн солироос дээж авч судалгаа хийжээ.


4. ХУВИЙН САНСРЫН ПУУЖИН

Сансар судлалын түүхэнд анх удаа хувийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын пуужин 2012 оны тавдугаар сард дэлхийн тойрог замд нисэж буй Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдов. 2015 онд “SpaceX” компанийн бүтээсэн сансрын ”Falcon 9 FT” пуужин сансрын станцад ачаа хүргэж өгөөд дэлхийд буцаж ирэв. Энэ пуужин 2017 онд сансарт дахин ачаа хүргэж өгсөн байна. Ингэснээр сансар судлалын пуужингийн зардал эрс багасах боломжтой болов.

5. ХҮНИЙ НИЙЛЭГ ДНК БОЛОН ЭПИГЕНОМЫН КАРТЫГ ГАРГАН АВАВ

Бүх амьд биетийн ДНК хоёр янзын A-T (аденин-тимин) болонG-C (гуанин-цитозин) гэсэн хос амин хүчлээс бүрддэг. Тэгвэл 2017 онд эрдэмтэд E. coli гэх бактериас байгальд байдаггүй X-Y гэсэн шинэ хос амин хүчил шинээр гарган авсан юм. Шинээр бий болгосон энэхүү ДНК-ийн цоо шинэ бүтэц хорт хавдар гэх мэт өвчнүүдийг хүний ДНК-ийн түвшинд эмчлэх боломжийг эрдэмтдэд олгож байгаа гэнэ. Эрдэмтдийн бас нэг том амжилт бол коллаборац гэх тусгай зорилтот бүлэг байгуулж, 111 эд эрхтэний генийн бүтцийг тодорхойлсны үндсэн дээр хүний эпигеномын маш тодорхой картыг 2015 онд гарган авсан явдал юм. Эпигеном гэдэг нь үгчилбэл генэн дээрх гэсэн үг билээ. Учир нь генийн ДНК-г уураг болон химийн бодисоос бүтсэн ороомог ороож байдаг. Энэ ороомгийг эпигеномгэнэ. Эпигеном нь хүний ДНК дахь генийг идэвхжүүлэх эсвэл сулруулах, зогсоох замаар тамхи татах, архи уух, хортой нөхцөлд ажиллах гэх мэт гадны нөлөөлөлд биеийг хамгаалах зохицуулалт болдог маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэж зохицуулж чадахгүй болонгуут хүний биеийн эс хорт хавдрын эс болон хувирдаг. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хүний эпигеномын картыг гарган авснаар хорт хавдрыг эмчлэхэд бас нэг том алхам хийсэн гэсэн үг юм.


6. “ХАР НҮХ”-НИЙ ФОТО

Эрдэмтэд хэдэн арван жилийн цөхрөлтгүй оролдлогын эцэст 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд дэлхийгээс 54 сая гэрлийн жилий нзайд,“Мессье-87” галактикийн төвд байрлах, манай нарнаас 6,5 сая дахин илүү жин бүхий сансрын “хар нүх”-ний фото өнгөт зургийг авч чадсан байна.


7. КВАНТЫН КОМПЬЮТЕР БҮТЭЭВ

“Google” компанийн инженерүүд 2019 онд квантын компьютер бүтээв. Квантын компьютер бүтээснээр одоо бидний хэрэглэж байгаа хамгийн хурдтай супер компьютерийн 10 000 жилд хийх тооцооллыг гурван минутад хийх боломжтой болсон гэсэн үг. Энэхүү компьютерийг эрдэмтэд шинэ эм гарган авах болон хиймэл оюун ухаан бүтээх ажилд хэрэглэж эхлээд байна.

8. ЭЙНШТЕЙНИЙ ХЭЛЖ БАЙСАН ДОЛГИОНЫГ ОЛОВ

1915 онд Эйнштейн “Таталцлын долгион байх ёстой. Гэхдээ дэлхийгээс энэ долгионыг илрүүлэх боломжгүй.Хэт сул байх болно” гэж байсан билээ. Гэвч эрдэмтэд сансрын таталцлын долгионыг амжилттай илрүүлсэн төдийгүй гэрлийн хурдаар тархдаг болохыг тогтоож 2017 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Эрдэмтэд сансрын таталцлын долгионыг илрүүлсэн нь Их дэлбэрэлтийн үеийн нөхцөлийг зөв тодорхойлох,энэхүү дэлбэрэлтийн дараахь орчлон ертөнцийн тэлэлтийн загварыг оновчтой гаргах болон сансрын физикийн онолыг төгөлдөржүүлэх илүү боломжтой болсон байна.

9. ХӨРШ НАРНЫ АЙМГУУДЫГ СУДЛАХ ДУРАН

Европын Сансрын Агентлаг 2019 оны арванхоёрдугаар сард “Хеопс” (Cheops) нэртэй сансрын дуранг манай нарны аймагтай хөрш орших нарны аймгуудыг судлах зориулалтаар хөөргөв.Энэхүү дуран авай нь манай хөрш нарны аймгуудад нээгдсэн гаригуудыг нарийвчлан судлах юм.Учир нь бидний “Тэнгэрийн заадас” гэдэг манай галлактикт 100 тэрбум орчим гариг байдаг бөгөөд эдгээрээс 5-20 тэрбум нь дэлхийтэй төстэй гариг байгаа аж.


10. ШИНЭ ВАКЦИН, ШИНЭ ЭМЧИЛГЭЭ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар жилд 124-283 сая хүн маляр шумуулд хазуулж өвчлөн 367-755 мянга нь үхдэг байна.Урьд нь ашиглаж байсан вакцин 31-56 хувийн үр дүнтэй байсан бол эрдэмтдийн шинээр гаргаж авсан вакцин 90 хувь үхлээс ангижруулж чаддаг болсон байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар Төв болон Баруун Африкт Эбола вирусээр халдварлагдсан хүмүүсийн үхэл 25-90 хувьтай байдаг байсан гэнэ. Харин эрдэмтэд энэ вирусийн эсрэг шинэ эмчилгээ гарган авч туршсанаар Конго улсад эбола вирусийн үхлийг 90 хувь багасгаж чаджээ.

Г.АМАРСАНАА