УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Төсвийн төсөөлөл хэр болов. Та төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Төсвийн ерөнхий тоог дурдвал, зарлага ДНБ-ний 33 хувь, тэнцвэржүүлсэн орлого 27.9 хувь, төсвийн алдагдал ДНБ-ний хасах 5.1 хувьтай байна. Ер нь манай улсын төсөв хөгжлийг бус урсгал зардлыг санхүүжүүлдэг төсөв болчихоод байна. Тухайлбал, улсын төсвөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зардал 1.4 их наяд төгрөг байхад нийт төсвийн зардал нь 14 их наяд. Өөрөөр хэлбэл, 10 хувь нь хөрөнгө оруулалт, 90 хувь нь урсгал зардлын санхүүжилт гэж ойлгож болно. Төсвийн урсгал зардлын хэмжээ улам бүр өссөнөөс хөрөнгө оруулалт хийх боломж улам бүр хумигдаж байна. Учир нь голдуу хөдөө орон нутагт сонгуульд зориулсан, эсвэл улстөржсөн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Тухайлбал, соёлын төвүүд, элдэв хөшөө дурсгалууд, 200 сурагчтай суманд 640 хүүхдийн сургууль барих, орон нутгийн засаг захиргааны барилга гэх мэтийг дурдаж болно. 2021 онд шинээр барих барилга байгууламж гэвэл 370 тэрбум төгрөгийн 389 төсөл хөтөлбөр, арга хэмжээ байна. Он дамжиж байгаа нь 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Хөрөнгө оруулалтаар үр ашиггүй цемент зуурах тусам тэр байшинг халаах дулаан, цахилгаан, харуул хамгаалалт зэрэг урсгал зардлууд болон байшин дотор ажиллах хүмүүсийн цалин, хэрэглээний зардлууд урт хугацаагаар нэмэгдээд байгаа нь манай төсвийн зовлон болоод байгаан.
-2021 оны төсөв онцгой нөхцөл байдалтай үед батлагдаж буйгаараа онцлогтой болж байна. Ер нь төсөвт цар тахлыг даван туулах, эрсдэлийг хэрхэн тооцож хэр их мөнгө төсөвлөсөн бэ?
-Нэгдүгээрт, төсвийг анх УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулахдаа “Ковид-19”-ийг дотооддоо алдаж, цаашид хүндрэл үүснэ гэж төсөөлөөгүй. Хоёрдугаарт, төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед цар тахлыг дотооддоо алдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ үед ямартаа ч хуулийн хүрээнд ажиллая гээд төсвөө хугацаанд нь баталсан. Энэ нь зөв. Харин ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө арванхоёрдугаар сард багтаж яаралтай төсвийн тодотголыг хийх хэрэгтэй. Ийм зайлшгүй шаардлага үүсч байна. Учир нь “Ковид-19”-ийн нөхцөл байдал, хүндрэл үргэлжлэх нь тодорхой байна. Тиймээс дээр дурдсан шинээр санхүүжих 370 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Хоёрдугаарт, он дамнуулж санхүүжигдэх нэг их наяд 244 тэрбум төгрөгийн төслүүдийг ангилах хэрэгтэй. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд гэдэг ч юм уу шаардлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж бусдыг нь царцаах хэрэгтэй. Ер нь мөнгөө хэмнэж, байгаа эх үүсвэрүүдээ цар тахлыг даван туулахад ашиглах хэрэгтэй. Ингэхдээ хоёр чиглэлд зарцуулмаар байна. Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд. Өөрөөр хэлбэл, коронавирусийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болох хөл хорио, нийгмийн тусгаарлалт болоод амны хаалт, маскийг дотооддоо үйлдвэрлэх, үүнийг дэмжиж санхүүжүүлэх хэрэгтэй.
Мөн халдвартай иргэдийг илрүүлэх, оношлох, тусгаарлах байруудыг яаралтай бий болгож халдвар авсан иргэдээ тусгаарлах шаардлага байна. Мөн коронавирустэй сайн тэмцэж байгаа Тайвань, Вьетнам, Солонгос, Хятад зэрэг орнуудын сайн туршлагыг судлах хэрэгтэй. Тухайлбал, вьетнамчууд жижигхэн байшинд олуулаа амьдардаг, манайхан чинь жижигхэн гэрт олуулаа амьдардаг шүү дээ. Тэгвэл Вьетнамд тусгаарлах байрыг ихээр бий болгосон байна. Ингэхдээ сул байгаа байрыг төр түрээслэх замаар тусгаарлалтыг хийсэн байна. Үүнийг хэрэгжүүлье гэвэл мэдээж мөнгө санхүү шаардагдана. Тиймээс шинээр барих биш байгаа байруудыг түрээслэх хэрэгтэй. Мөн амьсгалын аппарат зэрэг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдэх хэрэгтэй. Энэ бүхэн нийгмийн хамгааллын чиглэлээр хийж байгаа ажил шүү дээ.
Хоёрдугаарт, “Ковид-19” цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулах вэ гэдэг асуудал үүсч байна. Энэ бол маш чухал, илүү том асуудал. Энэ асуудалд мөн хоёр чиглэлээр ажиллах хэрэгтэй. Нэгдүгээрт, иргэдийнхээ орлогыг хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн сектор ажлын байрыг хамгаалах хэрэгтэй. Одоо бол бизнес эрхлэх боломжийг хангах, гадны хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдээ хэрэгжүүлэх зэрэг нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн чухал нь иргэдийн орлогыг хамгаалахад мөнгө хуваарилах хэрэгтэй. Тухайлбал, ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл хүүхдийн мөнгө олгох ажлыг сонгуульд зориулж хийсэн гэж би хувьдаа хардаж байгаа. Үүнийг зургадугаар сарын 30 бус он дуустал үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ бол ядуурлаас гарахад түлхэц болсон, зөв арга хэмжээ.
Тухайлбал, 2020 оны зургадугаар сард Монголчуудын 30 хувь нь ядуу, 15 хувь нь ядуурлын ирмэг дээр байна гэсэн судалгаа гарсан. 15 хувь ядуурал руу оролгүй яаж үлдэв гэхээр хүүхдийн мөнгө тараасны үр дүнд ядуурлаас сэргийлж чадсан байдаг. Одоогоор бид үүнийг халамж гэж харахаасаа илүү цар тахлын хүндрэлийн үед иргэдийнхээ хоол хүнс, орлогыг хамгаалах арга хэмжээ гэж харах нь зүйтэй байна.
Хоёрдугаарт, ажлын байр. Ажлын байрыг шинээр бий болгож чадахгүй юм аа гэхэд одоо байгаа ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Олон улсын практикаас харахад нэг ажлын байрыг 10 мянган ам.доллараар бий болгодог бол, нэг ажлын байрыг таван мянган ам.доллараар хамгаалдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс ажлын байраа төсөв, мөнгөний бодлогоор дамжуулж хамгаалах шаардлагатай. Тухайлбал, одоо ЖДҮ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн эх үүсвэрийг төсөвт тусгах хэрэгтэй.
-Гэхдээ ЖДҮД санд мөнгө төсөвлөөгүй шүү дээ?
-ЖДҮХС нь Засгийн газрын агентлаг болчихсон. Дахиад нэг дарга гарын үсэг зурж, тамга дардаг болчихсон. Тэгэхээр Сангийн яам итгэж мөнгө төсөвлөхгүй байна.
Хоёрдугаарт, эрх барьж байгаа намд ЖДҮ-ийн хулгай гэдэг хар толбо үлдээчихсэн. Иймээс төсөв тавьчихвал дахиад хулгайлах нь тодорхой гэж үзээд эрсдэлээс айж мөнгө төсөвлөөгүй юм болов уу гэж харж байна. Өнөөдөр эрх барьж байгаа намын нэр хүнд чухал уу, Монголчуудын ажлын байр чухал уу гэхээр ажлын байр чухал шүү дээ. Тиймээс эх үүсвэрээ тавь. Мөн агентлагийнхаа менежмэнтийг нь хувийн секторт өг. Мөн зээлийн үнэлгээ хийлгэж, эрсдэлийг тооцож шийдвэр гаргах нь зээлийн эдийн засагчид. Түүнээс хэн нэгэн дарга биш. Мэргэжлийн байгууллага, банк, санхүүгийн байгууллагаар дамжуулж мөнгөө өг л дөө. Үгүй ээ, өөрсдөө заавал хийнэ гэвэл санхүүгийн эрсдэл, үнэлгээ хийдэг мэргэжлийн хүмүүсийг багаар нь авч хийлгүүл.
Эсвэл онлайн хөгжсөн цагт цахимаар бичиг баримтыг нь бүрдүүлэн авч үнэлгээ хийж, цахимаар зээлийг нь шийддэг ийм арга хэрэглэвэл дээр. Энэ мэтээр төсөвт ажлын байрыг хамгаалах тодорхой эх үүсвэрийг тавих хэрэгтэй. Өнөөгийн хүндрэл 2021 оныг дуустал үргэлжилнэ.
-Та чуулганы хуралдааны үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөвлөсөн 26 тэрбум төгрөгийг хасч УИХ-ын Тамгын газрын ажилчдын цалинг нэмсэн байна” гэж хэлсэн. Эмзэг бүлэгтээ хэр их төсөв тавьсан бэ?
-Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж байгаад оруулж ирсэн санал гэж ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос энэ асуудлыг тодруулаад өгөөч ээ гэж надад хандсан. Хэрвээ үнэн байвал үүнийг зогсоох талаар арга хэмжээ авч өгнө үү гэсэн юм. Коронавирусийн хүндрэлтэй энэ үед хамгийн хүндээр нэрвэгдэх хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Тухайлбал, хараагүй иргэд энэ хүнд нөхцөлд гадагш гарч чадахгүй шүү дээ. Хажууд нь заавал нэг хүн хөтөлж явахаас аргагүй. Энэ мэтээр хамгийн өртөмтгий хэсэг нь эмзэг давхарга буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хүүхдүүд, өвчин зовлонтой иргэд. Тиймээс ийм хүнд цагт нийгмийн эмзэг хэсгээ бид илүү хамгаалах хэрэгтэй. Хамгаалах арга нь мэдээж төсвийг нь танах биш, харин дэмжих.
-УОК-ын хариуцлагагүй байдлаас цар тахлыг дотооддоо алдлаа гэх шүүмжлэл гараад байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэрвээ шүүгээд үзвэл гурван долоо хоногийн өмнө УОК-оос бидэнд мэдээлэл хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүний хувиар би УОК-ын гишүүдэд маш тодорхой шаардлагуудыг тавьж байсан. Тухайлбал, “Нэгдүгээрт, маш салан задгай байдал ажиглагдаж байна. Хоёрдугаарт, иргэд маань хэтэрхий назгайрсан байна. ОХУ-д нэг өдөрт нэмэгдэж буй халдварын тохиолдол огцом өсч 17-18 мянга болж байгаа тул эрсдэл хойд хөрш боллоо гэж анхааруулж байсан. Иймд коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулж чангатгамаар байна гэдгийг сануулж байсан. УОК-оос “Бид таны хэлсэнтэй санал нэг байна. Арга хэмжээ авна” гэсэн. Харамсалтай нь дотооддоо алдчихлаа. Энэ бол хариуцлагагүй байгаатай холбоотой. УОК энэ чиглэлд илүү хариуцлагатай хандмаар байна.
-Дэлхийн банкнаас 50.6 ам.долларын зээл авч иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулна гэж мэдээлсэн. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 10-аад вакциныг туршиж үзэж байгаа юм билээ. Гурав дахь шатны туршилтад 3-4 вакцин яригдаж байна. Зарим нь 90-95 хувийн үр дүнтэй байна гэж мэдээлж байна. Энэ нь 100 хүнд вакцин хийлээ гэхэд 90 хувь нь эдгэрэх магадлалтай 10 хувь эмчлэгдэхгүй гэсэн үг. Үүний үр дүн сайн байвал 2021 оны зургадугаар сараас үйлдвэр рүү захиалга өгөх хэрэгтэй. Мэдээллээр 2021 оны сүүлээр вакцины түгээлт явагдана гэсэн байна. 2021 он хүртэл монголчууд вакцин хүлээх магадлал бага, гарч ирж байгаа вакцины мэдээж оочер дугаар, захиалга гээд ихээхэн хүлээгдэх байх. Хөгжсөн орнууд аль хэдийнээ захиалгаа өгчихсөн байгаа шүү дээ. Ийм тохиолдолд Олон улсын байгууллага, Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагатай ярих нь зүйтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covax” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна лээ. Тэр нь хөгжил сул, буурай орнуудын иргэдийн 20 хувийг вакцинжуулах хөтөлбөр. Аль альтай хамтарч ажиллах нь зүйтэй. Тиймээс ямартаа ч иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулна гэж зорьж байгаа нь сайн.
-Цар тахлыг даван гарахад бидэнд ямар боломж байна гэж та харж байна вэ?
-Бид дотооддоо алдаагүй байсан цөөхөн улсын нэг. Халдварыг хурдан илрүүлж бага дээр нь голомтод оруулах боломж байна гэж ойлгож байгаа. Тэр нь халдвар авсан хүмүүсийгээ тандан судалж, хайж олоод халдвар авсан хүмүүстэй ойр байсан эрсдэлт хэсгийг ирүүлээд тусгаарлаж чадвал бид богино хугацаанд цар тахлыг хумих боломжтой гэж харж байна. УОК-ын хэрэгжүүлж байгаа арга, зарчим нь зүйтэй. Харин иргэд маань энд ухамсартай, хариуцлагатай хандмаар байна. Тиймээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах үүднээс сахилга баттай байж, гэртээ байх нь хамгийн чухал. Дэлхий дахинд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Мөн дээр дурсан улсуудын сайн туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн вирустэй хүмүүсийг олж ирүүлэх технологийг бусад улсуудад түгээмэл ашиглагдаж байна. Тухайлбал, БНСУ-д гэхэд вирустэй хүнтэй ойрхон байвал гар утсанд нь тохио, мэдээлэл ирдэг. Ингээд иргэд нь ч очиж шинжилгээ өгдөг. Хэрвээ тухайн иргэн шинжилгээ өгөөгүй бол ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэх, төлбөр тооцоо хийх апплэйкшнийг нь хаах зэрэг арга хэмжээ авч байна. Манайд ч энэ технологийг ашиглах бүрэн боломж байна. Хоёрдугаарт, Европын орнууд, ОХУ, хойд, өмнөд Америк шиг хоёр дахь давлагаанд автаагүй, вирусээр халдварласан тохиолдол ихээр бүртгэгдээгүй байна. Тиймээс энэ үед тэвчээртэйгээр монголчууд бид хамтдаа хохирол багатайгаар даван туулах бүрэн боломж байна. Аль болох улстөржихгүйгээр судлаачид, эрдэмтдийнхээ хүчийг ашиглаж Засгийн газарт дэмжлэг болж ажиллах болно оо.
Р.ХИШИГЖАРГАЛ