Categories
мэдээ цаг-үе

Түүхч Д.Өлзийбаатар: Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж, мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг бид одоо харж байна

-ЛАМ НАРЫГ ГОЛЛОН ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЬ МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ НЭГДЛИЙГ ҮГҮЙ ХИЙХ ЗОРИЛГО БАЙСАН-

Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхэн өдрийн гол ач холбогдол, улс тунхагласан тэр үеийн түүхээс ярилцлагаа эхэлье?

-хх зуун тэр чигтээ монголчуудын тусгаар тогтнолоо олох, түүнийгээ баталгаажуулахын төлөө хийсэн тэмцлийн зуун юм. энэ нь 1911,1921, 1945, 1961, 1990 оны түүхэн үйл явдлуудаар илэрхийлэгдэнэ. Монголчууд Манж Чин улсын ноёрхлыг унагаж тусгаар, бие даасан улс болсноо анх удаа зарлан тунхагласан нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу богд жибзундамба гэгээнийг манжаас салсан тусгаар Монголын хаанаар өргөмжилсөн өдөр шүү дээ. Олноо өргөгдсөн Богд хаант байгуулагдсан өдрөөсөө эхлэн тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн. тухайн үеийн олон улсын нөхцөл байдал монголчуудыг үндсэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бие даан орших боломж олгоогүй. Гэхдээ могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэдэг шиг өнөөгийн Монгол Улсын хэмжээнд тусгаар байдлаа бид өнгөрсөн хх зуунд олж авсан. тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн явцад амссан бидний томоохон хохирлын нэг нь 1915 оны хиагтын гурван улсын гэрээгээр Богд хаант Монгол Улсыг тухайн үед мөн л монголчуудын адил Манж Чингийн ноёрхлыг түлхэн унагасан өөрсдийгөө Бүгд Найрамдах Хятад Улс гэж нэрлэсэн шинэ тулгар улсын бүрэлдэхүүн дэх автономит улс болгож улмаар 1919 оны сүүлээр тэдний цэргийн эрхтнүүд цөмрөн ирж уг автономит эрхийг устгасан явдал юм. монголчууд тусгаар тогтнолоо эргэн сэргээхийн төлөө эрс тэмцэж, 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэсэн түүхтэй. улмаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улсын анхдугаар их хурлаасаа бнмау хэмээх бүрэн эрхт тусгаар тогтносон улс байгуулснаа тунхаглан зарласан юм. ач холбогдолын хувьд өргөн утгаар яригдана. Юуны өмнө уламжлалт Хаант ёс, хамжлагын харилцааг халж Үндсэн хуульт ардын эрхтэй Бүгд найрамдах засаглал тогтоосон явдлыг л би энд хэлье.

-Монгол Улс түүхэндээ мандан бадарсан хийгээд тусгаар тогтнолоо алдсан түүхэн үеийг түүхийн нугачаанд хэдэнтээ туулсан байдаг юм бэ?

-Чингис хаан 1206 онд Их Монгол Улс байгуулснаас хойш ганц л удаа бид Манж хэмээх улсад төрийн жолоогоо алдсан түүхтэй. Мандан бадарсан цаг үеэ Хүннүгээс эхлээд өнөөг хүртэл яривал олондоо олон. монголын Их Юань улсын ноёрхлыг түлхэн унагаж тогтсон хятадын мин улс монголчуудыг эрхшээх гэж 1368-1644 он хүртэл оролдоод дийлээгүй юм. харин энэ олон зуун жилийн тэмцлийн явцад монголчуудын хүч чадал, дотоод чадавх их суларсан даа. Тийм ч учраас шинэхэн байгуулагдсан манж улсын эрхшээл нөлөөнд амархан орсон.

-Монголчууд түүхэндээ хэлмэгдэл буюу хоморголон устгалт түүхийн гашуун хувь заяаг туулсан. Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг түүхчийн хувьд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр тухайн үеийн Монголын оюуны гол төлөөлөл болсон лам хуврагуудыг хүйгээр нь хороож, монголчуудын өв үнэлж баршгүй их өв соёл, сүм хийд, дурсгал, ном бүтээл устсаны цаад учир шалтгааны талаар тоймлоод ярихгүй юу? /Одоо зарим залуус хэлмэгдэл гэж яг юу болсон тухай огт мэддэггүй тал бий/

-Тухайн үед бий болсон олон улсын нөхцөл байдалтай шууд холбогдоно. Гаднаас тулган үйлдсэн үйлдэл. 1930-аад оны эхнээс дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдөж эхэлсэн. Европ, Азийн цэрэг улс төрийн бодлого үйл ажиллагаанд ЗХУ нэгэн хүчтэй тоглогч болон гарч ирсэн. Тэдний гадаад бодлогын гол үзүүр нь социалист хувьсгалын нөлөөг тэлэх, хөрш зэргэлдээх орнууддаа болон бүс нутагт өөрийн ноёрхлыг баттай тогтоох явдал байсан юм. Харин Алс Дорнод болон Азийн чиглэлд үйл ажиллагаа явуулах стратегийн хамгийн гол бүс нь Монгол, Манжуур, Хятадын бүс нутаг байлаа. Гэтэл өмнөд Манжуур, Хятадад Японы цэргийн хүч ороод ирсэн. Японы цэргийн алсын гол зорилго нь Азийн эх газар болон Номхон далайд бүрэн ноёрхох явдал байсан бөгөөд эх газарт явуулах ажиллагаа нь ЗХУ-ын Алс Дорнодын чиглэл дэх бодлогод нь шууд заналхийлсэн юм. Ийм нөхцөлд БНМАУ-ын газар нутгийн цэрэг-улс төр, геополитикийн ач холбогдол эрс өссөн. Гэтэл япончууд Манжуурт бэхжиж улмаар БНМАУ-ын дорнод хилтэй шууд хиллэсэн Манж Го гэх тоглоомын улс байгуулж, Өмнөд монголчуудыг талдаа татах бодлого явуулан Манж Го улсын бүрэлдэхүүнд Баргын автономит улс байгуулсан нь монголчуудын зүгээс Японы бодлогыг сонирхон ажиглах чигт хандуулсан. Нөгөө талаар өмнөд монголчууд япончуудыг Хятадаас чөлөөлөх чөлөөлөгчөө гэж үзэх болж Дэ ван тэргүүтэй бие даасан Засгийн газар байгуулж Японы дэмжлэг авах зэрэг үйл явц өрнөөд эхэлсэн нь ЗХУ-ын удирдлагын зүгээс БНМАУ-д нэн яаралтай хатуу хяналтаа тогтоох арга хэмжээ авахуулахад хүргэсэн юм. Тийм ч учраас Японы тагнуул, хувьсгалын эсэргүү “Лхүмбийн хэрэг” гэгчийг 1933 онд, Японы тагнуул, пан Монгол үзэлт “Гэндэн, Дэмидийн хэрэг” гэгчийг 1937 онд ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчний шууд удирдлага дор зохион байгуулсан учиртай. Монголыг хяналтаасаа алдвал ЗХУ өөрийн нутгийн Азийн хэсгээ буюу Уралын нуруу хүртэлх нутгаа алдана гэж стратегичид нь тооцсон. Гэтэл монголчууд дуугуй дарлагдаад суухгүй ард түмэн гэдэг нь 1932 оны зэвсэгт бослого харуулсан тул монголчуудын дотор гарч болзошгүй дотоодын эсрэг хүчнийг айдсаар дарах арга хэмжээ болгож олноор нь хилс хэрэг тулган алан хядах үйл ажиллагааг ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчин гардан хэрэгжүүлсэн юм. Гол учир шалтгааны учиг үзүүр нь энэ. Магадгүй Япон ороод ирсэн тохиолдолд Зөвлөлтийн талыг баримтлагч гэж бас л ийм хядлага явуулах нь учир зүйн хувьд ойлгомжтой байдаг. Манай ахмад үе ийм л хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо хэвээр хадгалах гэж тэлчлэн тэмцэж байлаа.

-Таны бичсэн “Яагаад 1937 он”, “Лхүмбийн хэрэг” гэх мэт номноос үзэхэд хэлмэгдүүлэлт маш аймшигтай хоморголон устгалт болсон нь харагддаг. Хар дарсан он жилүүд олон жил үргэлжилсэн байдаг. Монголчуудын уламжлалт шашин болох буддын шашныг хааж боогдуулсан он жилүүдэд монголчууд юуг алдсан байдаг юм бэ?

-Тоо баримт дурдаад яривал аймшигтай дүр зураг харагдана л даа. Бурхны шашин бол Монголд дэлгэрснээр монголчуудын оюун санааны нэгдлийг гол хангаж байсан. Монголчууд бутрал самуун, хагарал хуваагдлаас гарах замаа сонгохдоо бурхны шашныг сонгосон. Бурхны шашин 1400-гаад оноос Монголд дэлгэрсэн шүү дээ. Энэтхэгээс эхтэй шашин. Бурхны шашин бол монгол туургатны шашин шүү дээ. 1930-аад онд лам нар луу голлон дайрсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилго байсан.

Би номондоо нэлээд тодорхой бичсэн. Бидний хамгийн их алдсан зүйл бол бие биендээ итгэх итгэл, нэг нэгнийгээ чин зүрхнээсээ хайрлах хайраа, ёс суртахуунаа алдсан. Энэ шашныг дагаж Монголын гол соёл, ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон юм. Энэ шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл урлаг орж ирэхдээ уламжлалт зан заншил ахуйд нэвтэрсэн. Бурхны шашин нэвтэрснээр монголчууд хоорондоо эв нэгдэлтэй болж байлаа шүү дээ. Оюун ухаанд нь суусан энэ зүйлийг устгахгүй бол монголчуудад нөлөөлж чадахгүй байлаа. 1936 оны тооллогоор 83 мянган лам бүртгэгдсэн байдаг. Хэлмэгдлийн үед нийт гуч гаруй мянган хүн хэлмэгдүүлэн барьж хорьсноос хорь гаруй мянган хүнийг нь хороосон. Энэ дотроос 16 мянга нь мяндагтан, оюуны сор болсон лам нар байсан. Лам нарыг хороогоод зогсохгүй, сүм хийдийг нураасан нь монголчуудыг эвлэлдэн нэгдүүлэхгүй гэсэн санаа шүү дээ. Барилга байшин шатаагдаж нураагдсан ч эргээд босгочихно, хүн ам цөөрсөн ч буцаад өсөж үржчихнэ, уламжлал соёлоо умартсан ч дахиад сэргээчихэж болно гэж үзэхэд сэтгэхүйд үлдсэн бие биенээ хардан хажиглах, өс зангидан хорсох, нэг нэгнээ матаж ховлон унагах, сэтгэлийн хатаа алдан дотуур тамирт идэгдэж, нэгэн биеийн ашгийг хичээх зэрэг монголчуудын сэтгэл доторх сөрөг зан чанар нь энэ л үед сэдрэн илэрч өнөө хэр үргэлжилж байна. Дээр хэлсэн хүний муу чанарууд аль ч ард түмний сэтгэлийн дотоодод байдаг. Энэ нь цагийн сайнд алга болон дарагдаж цагийн мууд ил болон гарч ирдэг юм. Муу цаг муу хүнийг олшруулж, сайн цаг сайн хүнийг төрүүлж байдаг.

Агуу соёлт францчууд Их хувьсгалынхаа үед гильотин хэмээх цаазын илднийхээ дор хичнээн хүнээ харгислан хөнөөв, англичууд шотландуудынхаа эсрэг ямар аймшигт хядлага үйлдэв, чанд хариуцлага, суу ухаанаараа гайхагдсан германчууд хүн төрөлхтний эсрэг урьд өмнө гарч байгаагүй харгислал яагаад үйлдэв, даруухан ёс зүйн гайхам уламжлалт соёлтой япончууд тэднээс гарамгүй хүн чанаргүй аллага яагаад гаргав. Энэ бол муу цагийн үр дүнд сэрсэн дотоод сэтгэл дэх муу чанар нь л илрэн сэрсэн хэрэг. Тэд өөр өөрсдийн ард түмний шашин шүтлэгт суурилсан ёс суртахууныг дээдлэн үзэх замаар алдаагаа засаж чадсаан. Харин бид чадаагүй байна. Бид эрхэмлэх үнэт зүйл, ёс суртахууныхаа хэмжүүрийг өнөө хэр тогтоож чадаагүй байна. Тийм ч учраас бид нэгдэж нэг цул болж чадахгүй байгаа юм.

-Түүхч таны хувьд таны өвөг дээдэс хэлмэгдлийн сүүдрийг хэрхэн дайрч өнгөрөв. Таны нагац өвөө 1930-аад онд Өвөрхангай аймгийн Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа баригдах гэж байгаад азаар амь хэлтэрсэн гэдэг. Тэр үед та хүүхэд байсан ч хэлмэгдлийн хар сүүдрийг өөр дээрээ болон гэр бүл дээрээ хэрхэн мэдэрч байв?

-Өвгөдийн хөөрөлдөөн их гунигтай байдаг байсаан. Тэд тойрч суугаад ярилцахдаа дуулж хуурдаад, налайтал найрлаж суусныг нь би ер санадаггүй. Гэр бүлээс нь хилс хэрэгт ороогүй өрх бараг байхгүй байх. Онгийн хүрээний аграмба, лхаарамба байсан манай эмэг ээжийн авга, нагац хоёр нэг нь буудуулж, нөгөө нь 10 жилийн ял авсан. Тэр 10 жилийн ял авсан ахыг гарахынх нь урьд өдөр барилга дээрээс түлхээд хороосон байдаг. Гараад шашны нөлөө үзүүлнэ л гэж үзсэн хэрэг шүү дээ. Энэ маягаар хорих ял авсан нь хороогдсон хүн олон. Тэр өвгөдийн намуухан дүнгэнэсэн яриа, гуниг хурсан нүд, эмээгийн минь насаараа харууссан харуусал тэр цагийг мэдэрсэн миний биеийн мэдрэмж юм даа.

-Цаг үетэй холбоод нэг зүйл асууя. Ковидын нөхцөл байдал үүссэн байна. Монголд нийтийг хамарсан цар тахлаас гарч байсан туршлага байдаг уу?

-Монголын дөрвөн улирал ээлжлэн солигддог хатуу ширүүн байгал цаг уурын нөхцөл монгол хүнийг бий болгосон гэж хэлж болно. Цаг уурын нөхцөлдөө тохирсон бэлчээрийн мал аж ахуй бол монголчуудын оршин тогтнох гол нөхцөл нь болж ирсэн. Хүн ам таруу сийрэг суудаг, хот суурин газар цөөн учир монголчуудын дунд нийтийг хамарсан олноор нь үхүүлж хиаруулдаг цар тахал түүхэнд тэмдэглэгдсэнгүй. Харин хот айлын хэмжээнд гардаг тарваган тахал нэлээд түгээмэл байж. Мөн салхин цэцэг, улаан бурхан, бэлгийн замын халдварт өвчин хүн амын дунд түгээмэл байсныг бид мэднэ. 1960-аад оны дунд үеэс үндсэндээ хүн ам эрүүлжсэн. Тахал гарсан тохиолдолд монголчууд хөл хорин тусгаарлах арга хэмжээг сайн авдаг байж. Үүнээс өөр гарц байхгүйг өнөөгийн бид ч мэдэрч байна шүү дээ. Тухайн үед хот айлд тарваган тахал болон бусад халдварт өвчин гарахад хөл хорьсныг мэдэгдсэн тэмдэг алсаас тавьдаг, айлууд эрүүл өвчтэйгөөрөө ялгаран бараа бараагаа харах зайтай бие биенээсээ зааглан бууж өвчин дарагдтал тэр дэгээ чанд барьдаг байсан мэдээ бий. Хоол хүнс нь багасахад гортигийн гадна эрүүл хүмүүс нь тавиад явдаг байсан тухай өвгөд ярьж байсныг би санаж байна.

-Эцэст нь нэг зүйл асууя. Сайд С.Чулуун та хоёртой холбоотой “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан асуудал хөндсөн байна лээ. Та үүнд хариу тайлбар болгож юу хэлэх вэ?

-Түүхээ худалдана гэж юу ч гэсэн үг юм. Хоёр талын баримтын эмхэтгэл хийх эрдэм шинжилгээний хамтарсан ажлыг хувийн маргааныхаа дэвсгэр болгон ашиглаж, түүхчид маань өөрсдөө оролцон нийгэмд сөрөг мэдээлэл түгээсэнд ихэд харамсаж байна. Академич А.Очир гуай анх 2010 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн Хил хязгаар судлах хүрээлэнгийнхэнтэй хамтарч манай Түүхийн хүрээлэн, Архив оролцсон Манжийн үеийн Хүрээ сайдын хөмрөг дэх зарим баримтаар олон боть эмхэтгэл хийх саналыг тавьснаар энэ ажил эхэлсэн юм. Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг бид одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ, зорилгыг нь харахад Соёлын сайд С.Чулууныг л чиглэсэн бололтой юм. 2011 оноос хоёр тал гэрээ байгуулан ажиллаж, манж хэлтэй 11 залууг бэлдэн манай архивын манжич Дэлгэрмаа, түүхч Дашням, түүхч Ганбат нарын удирдлага дор ажиллаж тэд баримтаа сонгон хуулбарлах ажлыг хийсэн. Үр дүн нь одоогоор тус бүр нь 500 хуудастай 20 боть эмхэтгэл гараад байна. Бүх номын сан эрдэм шинжилгээний байгууллагад тараасан. Үүнийг баримт худалдсан гээд байгаа юмуу, хуулж скандсан хард нь одоо архивтаа байж л байна, техник тоног төхөөрөмж нь ч гэсэн. Маш их зардал гарах учир Хятадын тал бүрэн хариуцсан. Манайд ямар ашигтай юм гэж сэтүүлч асуугаад байна билээ. Энд мөнгөний ашиг яригдахгүй шүү дээ. Эрдэм шинжилгээний ажлын асар их ач холбогдолтой юм. Нэг ярьсаных архивын тухай жаахан ойлголт өгье. Монголын архивт 1674 оноос хойших баримт л байдаг. Өмнөх үеийнх нь баримт дийлэнхдээ өмнөд хөршийн архивт байна. Манай архивт үндсэн дөрвөн том хөмрөг буюу фонд байдаг юм. Түүний нэг нь Манжийн үеийн фонд. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай.

1. Манжийн төлөөний байгууллагууд.

2. Халхын дөрвөн аймаг түүний хошуудын баримт.

3. Их шавь, түүний харьяа сүм дацан.

4. Өртөө.

5. Харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.

Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянга гаруй тал хуудас баримт сонгон олон боть эмхэтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1.7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээд л ярьж байна билээ. Хуулга данс гэдэг юу вэ. “Эрэн сурвалжлагч” үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томьёо байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ. Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхэтгэл хийсэн юм аа.

-Эмхэтгэл хийхийн ач холбогдлыг жаахан тодруулж яриач?

-Дэлхийн монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны бааз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий. Хятад судлаачдын ярьдгаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаараа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байсан. Тэр талаар ч ярьж хэлэлцэж байсан зүйл бий. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг бид мэднэ. Тэгвэл Монголын архивт судлагааны арвин бааз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юм уу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчихаад бидний өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав биш ээ. Архив нээлттэй, судалгааны эргэлтэд ордог байх ёстой юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчлан таниулдаг болсон. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд. Ер нь архивын байгууллагын нэг гол ажил нь баримтаа хэвлүүлж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах явдал юм шүү дээ. Бид энэ үүргээ л биелүүлсэн. Энэ нөхөд далдуур мөнгө авсан байна уу гээд шалгадаг газар нь бас шалгасныг нэмээд хэлье. Бид юу гэж тийм юм хийхэв дээ. Энэ яриад байгаа нөхөд архив, түүхээ хайрлаад байгаа хэрэг ч биш байх аа. Эрдэмтэн хүмүүс архивын баримтад л тулгуурлаж ном бүтээлээ хийдэг гэдгийг сайн мэдэх хүмүүс шүү дээ. Хүн хоорондын л асуудал гэж би бодож байна.

-АНУ бас саяхан ТТГ-ынхаа архивыг нийтэд ил болгосон санагдаж байна, тэр нь ач холбогдол багатай баримтууд байсан юм уу, эсвэл ноцтой баримтуудаа ч нийтэд дэлгэсэн юм уу?

-Тийм шүү. 2017 оны эхээр Америкийн ТТГ 1940-1990-ээд оны үеийн 13 сая гаруй хуудас баримтаа өөрийнхөө сайтад нийтэд шууд үзэхээр тавьсан. Энд маш нууц асар их баримт бий. Хэн ч ороод чөлөөтэй үзэж болно. Хоёр системийн хүйтэн дайны үеийн баримтууд л даа. Манай тухай баримт ч бий. Үүнийгээ тэд үндэсний аюулгүй байдалд учруулсан хор уршиг гэж үзэхгүй л байна. Гэтэл бидний аль байхгүй болчихсон Манжийн үеийн нэг сайдын яамны хэсэгхэн баримтыг эмхэтгэл болгон хэвлүүлэхэд Монголын үндэсний аюулгүй байдалд хор учруулсан үйл гээл авч байна лээ. Арай л сүржин бусуу. Тэнд нууцлаад хятадууд Монголын эсрэг ашиглаад байх юм юу ч байхгүй. Номноос үзэхэд болно.

Нэмээд хэлэхэд, манайд байгаа голдуу манж хэл дээрх баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон. Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг архивч-түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдаж архивт манжийн тасаг байгуулагдана гэдэгт найдаж байна.

Тэр 640000 хуудас гэдэг эхлээд дуулиан тарих гэж хэсэг хүний санаанаасаа зохиосон тоо юм шүү. Тийм тооны баримтыг хуулбарлахад нэлээд хэдэн хүний олон жилд хийх ажил шаардагдана.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 33 минутын хооронд 2 цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Онон, Улз голын сав газар, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Архийг журамтай болгоход амьдрал дагаад журамтай болдог юм байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Тэргүүн хамба лам Д.Чойжамц “Бурхны шашны ёс зүй ба хүнийг
төлөвшүүлэх аргыг дэлхий нийт
амьдралдаа хэрэглэж эхэллээ” хэмээснийг I-VI-VII нүүрнээс уншаарай.

Улсын Их хурлын гишүүн Ч.Ундрам “Цар тахал өндөр эрсдэлтэй
байгаа учир явцын дунд төсвийн
тодотгол хийхийг үгүйсгэхгүй” гэлээ.

МУШУГЗ, доктор, профессор Н.Лүндэндорж “Залуучуудын хэлдгээр
хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан
үргэлжилж байна” хэмээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Би ирээдүйн олон
Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд
хандаж байна” хэмээснийг “Улс төр” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Архийг журамтай болгоход
амьдрал дагаад журамтай
болдог юм байна” хэмээн өгүүллээ.

Баримт үйл явдлын IX нүүрт Өмнөговь аймгийн иргэн
Д.Мөнхболд “УОК, ЭМЯ, Засгийн газар ямар ч арчаагүй,
ажил зохион байгуулах чадваргүй гэдгээ харууллаа
гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

​Төмөр замын бичиг баримт, ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу сөрөг гарчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15892 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 64 хүн хамрагдаагүй байна. Төмөр замын хэмжээнд 963 ажлын байрны 38.534 ам.метр талбайд, гэрээт байгууллагаар 324 ажлын байрны 9702 ам.метр талбай, 75 зүтгүүр, 12 галт тэрэг, 600 чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Тээврийн бичиг баримт, зарим ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс 42 байгууллагын 420 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 17 байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж. Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд албаныханд үүрэг даалгавар өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​ДЭЛХИЙН ХАМГИЙН ТАНСАГ 10 БАЙШИН

10. 160 LEROY, MANHATTAN

Энэхүү пентхаус нь 7,750 кв. 5 унтлагын өрөө, 5 ариун цэврийн өрөө, 3 хувийн цахилгаан шаттай. 5140 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий гал тогоотой бөгөөд хувийн усан сангаас тэнгэрийн хаяаг тольдох боломжтой.

9. THE HERON, LONDON


Хотын төвд байрлах 36 давхар цамхаг нь дотроо биеийн тамирын заал, баар, үзмэрийн өрөө, дээврийн цэцэрлэгтэй. Гантиг шал, 6 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө бий.

8. SOUTH BANK TOWER, LONDON


Олон тооны унтлагын болон угаалгын өрөө, баар, цэлгэр зочны өрөө, битүү усан сантай. Мөн Сент-Полын сүм хийд, Лондонгийн цамхаг гүүр, парламентын ордон зэрэг Лондонгийн хамгийн алдартай үзмэрүүдийн цонхоороо харах боломжтой.

7. HOUSE OF THE TREE, CHINA


БНХАУ-ын Шэньжэнь хотод байрлах модон байшинг Филиппо Габбаниа, Андреа Дестефанис нар хамтран бүтээжээ. 616 м.кв талбай нь 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, тохилог зочны өрөө, хоёрдугаар давхарт байрлах гэр бүлийн хувийн талбай, усан бассейнтай.

6. 56 LEORNARD, NEW YORK


60 давхар цамхагийн орой дээр 23 метрийн усан сан, биеийн тамирын заал, модон гал зуух, цахилгаан шат, бүх шилэн хана зэргийг багтаасан тансаг орон сууц юм. Шөнийн цагаар хотын гэрлүүдийг харах боломжтой.

5. WALLICH RESIDENCE, SINGAPORE


Сингапурын хамгийн өндөр орон сууцны хороолол болох Валлич Резиденс нь дөрвөн унтлагын өрөө, дөрвөн пентхаус, нэг супер пентхаусаас бүрдсэн 181 тансаг байшингийн цуглуулга юм. Төгөлдөр хуур, бильярдын өрөө, угаалгын өрөө, унтлагын өрөөнүүд, усан сан, дээвэртээ цэцэрлэг бүхий асар том зочны өрөөтэй.

4. FREMONT BUILDING, CALIFORNIA


АНУ-ын баруун эрэг дээрх хамгийн өндөр орон сууц юм. 6.941 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 70 давхар Fremont барилгын дээврийг бүхэлд нь эзэлдэг. 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, хоёр гал тогооны өрөөтэй. Шалнаас тааз хүртэлх цонхнуудаас та Сан-Францискогийн гүүрийг тольдох боломжтой.

3. MADISON AVENUE, NEW YORK


2-р давхрын өндөрт байрлах уг газрын зураг төслийг Эран Чен (ODA-Architecture) хийжээ. Энэхүү барилга нь 18000 хавтгай дөрвөлжин талбайтай, 6 унтлагын өрөө, 12 угаалгын өрөөтэй. Дотоод засал нь илүү орчин үеийн хэв загвартай боловч дээд зэргийн тухтай.

2. ONE57, NEW YORK


Цэцэрлэгт хүрээлэнгийн дээр, яг хотын төвд, 90 давхар байшингийн дээд талд One57 Penthouse байр бий. 10925,37 м.кв талбай бүхий дуплекс, 6 унтлагын өрөө, тааз хүртэлх цонх, усан бассейн, дээвэрт нь шилэн хаалттай цэцэрлэг бий.

1. TOUR ODEON, MONACO


Монакогийн хамгийн өндөр барилга болох Тур Одеоныг тэргүүлж буй дэлхийн бүх пентхаусуудын дунд эзэн хаан Скай Пентхаус тэргүүлж байна. Энэхүү барилга нь ойролцоогоор 327 сая доллар үнэтэй. Барилгын 170 м өндөрт байрлах Sky Penthouse нь 5 унтлагын өрөө, 3 ажилчдын угаалгын өрөө, хувийн цахилгаан шат, усан гулгуур бүхий дугуй усан сантай. Барилгын материалын дийлэнх нь байгалийн гаралтай бөгөөд шалнаас тааз хүртэлх цонхнуудаас бүх чиглэлд харагдана.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хагас жилийн хугацаанд нүүрсний экспорт тасалдаж, орлого гурав дахин буурчээ

Хөшөөтийн ордоос нүүрс экспортолж буй “Mongolia Energy Corporation” III-IX сарын хоорондох хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргалаа. Дээрх хугацаанд тус компанийн орлого 269 орчим сая хонконг доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг гурав дахин буурсан байна. Мөн татварын өмнөх алдагдлын хэмжээ нь 2.3 дахин нэмэгдэж, нэг тэрбум хонконг доллар болсныг санхүүгийн тайландаа дурджээ. “COVID-19” цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сараас нүүрсний экспортыг зогсоосон бол БНХАУ-ын тал хатуу хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан юм.

“Mongolia Enegry Corporation”-ийн хувьд наймдугаар сараас эхлэн хэвийн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсноор III-IX сарын хугацаан дахь нүүрсний орлого нь эрс тасалджээ. Тайлант хугацаанд тус компани 224 мянга 600 тонн цэвэр коксжих нүүрс борлуулсан нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 2.7 дахин буурчээ.

Засгийн газраас нь дэд бүтцийн хэд хэдэн шинэ төслүүдийг санаачилж байгааг “Mongolia Energy Corporation” тайландаа дурджээ. Мөн Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч хэвээр байгаа юм. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгаа дэмжих зорилгоор эрдсийн экспортоо ирэх жил идэвхтэй дэмжинэ” гэж харж байгаагаа дурдсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ /худалдаа, үйлчилгээ, аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт/ авч хэрэгжүүлэхээ тухайн аймгийн Онцгой комисс, Засаг дарга шийдвэрлэх юм. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.
Цаашид:
– Эрчим хүч
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
– Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
– Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
– Банк, санхүү, хөрөнгийн бирж
– Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
– Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
– Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
– Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
– Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
– Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
– Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
– Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
– УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
– Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
– Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй. Харин бусад байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй юм. 12 дугаар сарын 10-ны дотор Архангай, Сэлэнгэ аймгийн иргэдийг Улаанбаатар хотоос явуулж, дээрх аймгуудад байгаа хотын иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргаж эхэлжээ. Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм. Гадаад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Энэ хугацаанд бүх тусгаарлах байранд шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөх нөхцөл бүрдүүлэх, “нэг өрөө-нэг хүн, нэг өрөө-нэг гэр бүл” гэсэн зарчим барихаар төлөвлөжээ.
Товч мэдээ
– Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор ажиллуулахаар болов.
– Халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар: ААН-ийг нээх, 17-оос доош градустай согтууруулах ундааг худалдаалах асуудлыг хэлэлцлээ

COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө – Өглөө.мн

Одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байсан билээ.

Засгийн газрын уг хуралдаанаар 17-оос доош градустай согтууруулах ундааг худалдаалахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ спорт

​Майк Тайсон, Рой Жонес нарын тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Мэргэжлийн боксын домгууд болох хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон болон хүнд, дунд жингийн дэлхийн аварга Рой Жонес Жуниор нарын үзүүлэх тулаан өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Карсон хотод байрлах Дигнити спортын ордонд зохион байгуулагдлаа.

Хоёр домгийн тулаанаас өмнө сагсан бөмбөгийн спортын чанга залуусын нэг, NBA-ийн гурван удаагийн тохолтын тэмцээний аварга Нэйт Робинсон болон “youtube”-ийн од Жэйк Пол нар хоорондоо тулалдсан юм. Тулааны хоёрдугаар үед Жэйк Пол чанга залуу Нэйт Робинсонг хүнд цохилтоор унагааж ялалт байгууллаа. Тулааны дараа Жэйк Пол “Конор МакГрегор, Диллон Данис нарыг би ялах болно” хэмээжээ.

Үүний дараа гол тулаан болсон юм. “USA TODAY Sports” 78:74 оноогоор Тайсон ялсан гэж тооцоолсон бол “The Guardian” хэвлэлийн спортын мэргэжилтнүүд 79:73 оноогоор мөн Тайсон ялсан гэж үзэж байна. WBC Frontline Battle Belt бүсийн төлөөх домогт боксчдын тулаан онцгой дүрмээр болжээ. Найман үе тус бүр хоёр минут үргэлжилсэн бол бээлий нь стандартын бээлийнээс илүү том буюу 340 гр жинтэй байв. Тайсон, Жонс нарыг хамгаалалтын малгайтай тулалдуулахаар төлөвлөж байсан ч боксчид эцсийн мөчид хамгаалалтын өмсөлгүй гарч иржээ. Тулааны төлөө Тайсон 10 сая, Жонс гурван сая ам.доллар авах юм.

Тулааны дүнг алдарт тамирчдын албан ёсны статистик оруулахгүй. Тайсон нийт 56 тулаан хийснээс 50 удаа ялж (44 нокаут), зургаан удаа ялагджээ. Жонс 66 ялалт (47 нокаут), есөн ялагдалтай. Хоёр домгийн үзүүлэх тулаан хоёр минутаар 12 үргэлжлэх байсан ч найм үе тулалдсаны эцэст Майк Тайсон, Рой Жонес Жуниор нар харилцан тохиролцож, тэнцээгээр тулаанаа өндөрлүүллээ.