Categories
мэдээ нийгэм

1612 ажилтан зам цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байна

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1612 ажилтан гүйцэтгэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан зам цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр 9 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 126 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажил гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэчүүддээ туслах ”Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинтэй бид нүүр туллаа. Дэлхий даяар тархсан цар тахлын халдварыг дотооддоо алдахгүйн тулд төр засгийн зүгээс маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Гэвч цар тахлын багц тохиолдлууд илэрч, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Яг энэ хүнд үед Сэлэнгэ,Сүхбаатар хотын унаган иргэд фэйсбүүк группын залуучуудаас санаачилж Сэлэнгэчүүддээ туслах “Сэтгэлийн дэм” хандивын аянг эхлүүлжээ. Тэдний зүгээс тус аймагт коронавируст халдварын багц тохиолдол Сэлэнгэ аймагт илэрч, төрж өссөн нутгийн иргэд маш их ачаалал үүрч, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа энэ үед нутгийн зон олондоо туслах үүднээс ийнхүү хандивын аянг эхлүүлжээ. Сэлэнгэ нутгаар овоглосон, Сэлэнгэ нутгаа гэсэн чин сэтгэлтэй хүмүүс нэгдэн хандивын аянг эхлүүлэх санаачлага гаргасан нь олон хүмүүсийг талархлыг хүлээгээд байгаа аж.

ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ гэж ардын сайхан үг бий. Энэ цаг үед улс орны эдийн засаг маш хүнд байна. Ард иргэд ч ялгаагүй хүнд цаг үеийг туулж байна. Иймээс нэг ч гэсэн айлын амьдралд нэмэр болж, амьдрал нь тааруу тарчиг байгаа айлын бяцхан хүүхдүүд өлсөж, хүйтэнд даарч хөрч байгаа нэгэндээ сэтгэлийн дэм өргөхөөр тэд ийнхүү нэгджээ.

Аянг санаачлагчдын зүгээс “Боломжтой хүн бүр боломжгүй нэгэндээ тусалж, борог амьдралд бага ч болов гэрэл гэгээ нэмж, Сэлэнгэ түмэндээ “Сэтгэлийн дэм”-ээ илгээе” гэх уриалгыг дэвшүүлжээ.

Уг аян эхлээд дөнгөж 3 хонож байгаа ч хүмүүс идэвхитэй оролцон өөрийн боломжоор хандив өгж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 6 540 000 төгрөг цугласан байна.

Группэд нэгдэж хандив өргөхийг хүсвэл энд дарна уу.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Covid-19-ийн эсрэг вакциныг сая гаруй хүн тариулжээ

Хятадын үндэсний эм үйлдвэрлэгч групп “Синофарм”-ын бүтээж, туршилтын явцдаа буй Covid-19-ийн эсрэг вакциныг тус улсын яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүн тариулсан талаар эрх баригчид нь өчигдөр (2020.11.19) мэдээлжээ.

Хятад улс яаралтай тусламжийн хөтөлбөрийг долдугаар сард эхлүүлж, улмаар өрсөлдөгч гурван вакцины туршилт бүрэн дуусаагүй, аюулгүй эсэхийг нь баталгаажуулж амжаагүй байсан ч нэн шаардлагатай бүлгийн хүмүүст тарихаар болсон байна.

“Синофарм”-ын дарга Лью Жинжен “Одоогийн байдлаар тус хөтөлбөрийн дагуу бүрэн батлагдаагүй вакцинуудыг тариулсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй” хэмээн мэдээлжээ.

Вакцин бүтээх, хөгжүүлэх, турших ажилд хамгийн өндөр амжилттай яваа гурван вакцины хоёрыг нь “Синофарм”-ын харьяа Хятадын үндэсний биотехнологийн хүрээлэн бүтээсэн бол үлдсэн нэгийг нь “Синовак” биотехнологийн компани бүтээсэн байна.

Одоогийн байдлаар аль вакцин нь хамгийн аюулгүй бөгөөд цаашид зөвшөөрөл авч чадах магадлал өндөр байгаа талаар албан тушаалтнууд тайлбар өгөөгүй байгаа аж.

“Синофарм”-ын бүтээсэн вакцинууд хүний эсэд гэмтэл учруулах боломжгүй, идэвхгүй болгосон вирусийг ашиглан дархлааны тогтолцоог өдөөх замаар ажилладаг бөгөөд хоёр тунтай юм байна.

Вакцинуудын эцсийн буюу гуравдугаар шатны туршилт нийт 60 мянган хүнийг хамруулан олон улсад эхэлж, 14 хоногийн дараа 40 мянган оролцогчийн цусны дээжийг Бээжинд авчирч шинжилж байгаа аж.

Харин яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу нэгдсэн журмаар вакцин тариулсан хүмүүсийн дунд барилгын ажилчид, дипломатчид, гадаадад сурдаг оюутнууд багтаж буй бөгөөд тэдний дундаас нэг ч хүн халдвар аваагүй байна.

Гэхдээ мэргэжилтнүүд вакцины талаар бүрэн мэдээлэлгүй байхад ийнхүү олон хүнд тарих нь вакцины үр дүнг тодорхойлоход саад учруулах эрсдэлтэй хэмээн санаа зовж байгаа ажээ.

Эх сурвалж: REUTERS

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ​”Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсаны 31 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ~ ZALUU.COM: Үндэсний  тэргүүлэгч сайт

“Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын “Хүүхдийн эрхийн ту­хай конвенц” 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд манай улс 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон байдаг. Уг конвенц нь түүхэнд хүний эрхийг хамгийн өргөн хүрээнд баталгаажуулсан гэрээ бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр засаг хүүхдүүдэд хэрхэн туслах ёстой талаар тусгасан юм.

КОНВЕНЦИЙН ТУХАЙД

Хүүх­дийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн 54 багц зүйл заалтыг тусгасан уг конвенц нь хүүхдийг сонсох, хамгийн дээд эрх ашгийг нь эрхэмлэх, аливаа шалтгаанаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхэд бүр амьд явах, хөгжих эрхтэй. Түүнчлэн хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохыг амалж, хүүхэд бүр эрүүл байж, боловсрол эзэмших ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III прото­колд нэг­дэн орохоо илэр­хийлсэн. Мөн “Хүүхдийн эрхийн ту­хай конвенц”-д гурван нэмэлт протокол нэмж оруулсан удаатай. Тодруулбал, 2000 онд 18-аас доош насны хэн нэгнийг зэвсэгт хүчинд элсүүлэхийг хориглох болон хүүхдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүүхдийн боолчлолыг хориглох тухай хоёр протоколыг баталсан.

2011 онд хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өөрсдийн эрх зөрчигдөж байгаа талаар шууд гомдол гаргах боломжийг олгох тухай протоколыг нэмж оруулсан байдаг.

“Хүүхдийн эрхийн тухай конвенц”-той ЭНДээс танилцана уу.

ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ ЭРХИЙГ ЗӨРЧИХ ТУХАЙД МЭРГЭЖИЛТНИЙ БАЙР СУУРЬ

Хүүхдийн эрх зөрчигдөж, дээрэлхүүлж, өлсөж, зодуулж, даарч, эрсдэлд байвал томчууд бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.

Хүүхдийг үл хайхрах эрхийг зөрчих тухайд:

Бие махбодын хувьд үл хайхрах: Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх цохиж зодох. Аав ээж өөрийн стресс бухимдлаа тэдэнд гаргах.

Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурийг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.

Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх

Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.

Ганцаардуулан үл хайхрах: Бага насны хүүхдийг гэрт ганцааранг нь цоожлон үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх, хүүхэд нэг бүрд тухайлан цаг гаргаж харилцахгүй байх зэргээр хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн Хөөрхөн Шар Шувуу сургалт судалгааны төвийн багш Г. Төмөрзаяа хэлсэн юм.

МАНАЙ УЛСАД 2020 ОНЫ ТАВДУГААР БАЙДЛААР 948 ХҮҮХЭД ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар дунджаар 75,000-80,000 эх төрж байгаа бөгөөд 0-18 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 36.5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5%) нь бүтэн өнчин, 33.5 мянга (91.5%) нь хагас өнчин хүүхэд байна.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2019 онд 0-18 хүртэлх насны 2,020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь 2018 онтой харьцуулахад 47,5 хувиар буюу 651 хүүхдээр өссөн аж.

Харин 2020 оны тавдугаар сарын байдлаар 948 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлжээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь буюу 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдлаа

Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдлаа. Цар тахлын үеийн эдийн засаг, 2021 оны төсвийн алдаа дутагдал, засч залруулах боломжийг эрэлхийлж, мэдээлэл солилцлоо.

Цахим хуралд АН-ын ҮБХ-ны 140 гаруй гишүүн оролцож, мэдээлэл сонсч, санал бодлоо хуваалцлаа.

Тус хурлын үеэр ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын гишүүн Т.Батцогт, Монгол Улсын ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар эдийн засаг, 2020 оны улсын болон нийслэлийн төсөвтэй холбоотой хийсэн судалгаа, дүгнэлтээ танилцууллаа.

Цаашид цар тахлын үеийн хатуу хөл хориотой энэ үед АН ийнхүү цахимаар хуралдаж нийгэмд тулгамдсан асуудал, “Ковид-19″-той холбоотой мэдээллийг гишүүд дэмжигчид хийгээд олон нийтэд хүргэхээр болов. Дараагийн цахим хурал ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 23-нд 12 цагаас “Оюутолгойн асуудлаар” хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дараах арга хэмжээнүүдэд оролцсон бол яаралтай шинжилгээ өгнө үү

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр батлагдаж байгаа тохиолдлуудаас харахад ямар нэгэн хэлбэрээр урьд нь халдвар батлагдсан бүс нутаг, тухайн батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон, мөн 2020 оны аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 01-нд зохион байгуулагдсан тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцсон хүмүүс ихэвчлэн өртөж байна. Тиймээс энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс биеэ илүүтэй хянаж, аль болох шинжилгээ тандалтод ормоор байна. Асуумж судалгаа хийж байгаа үед мэдээллээ зөв өгмөөр байна. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг “Говь гурван сайхан-GGS” караокед орсон, “Эмоци” пропакшны тоглолтыг үзсэн тухай иргэдийг шинжилгээнд хамрагдахыг удаа дараа зарлаж байгаа. Энэ үзвэр, үйлчилгээг авсан иргэд халдварт өртөмтгий, сүүлийн батлагдсан тохиолдлуудаар гарч ирж байгаа учраас энэ үйл ажиллагаанд оролсон хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ авч байгаа шуурхай цэгүүдэд очиж шинжилгээ өгч, ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 гэсэн утсанд холбогдож зөвлөгөө зөвлөмж авахыг ард иргэдээсээ уриалъя.

Хөл хорионы дэглэм, макс зүүх, бусад эрүүл мэндийн арга хэмжээнүүд ач холбогдлоо өгч байна. Дэлхийн олон улсын байгууллагын судалгаагаар хөл хорионы дэглэмийг барьж, хүний хөл хөдөлгөөний хязгаарласнаар халдварын тархалтыг 55 хувь бууруулдаг гэж гарсан байна. Мланай улсын хувьд одоогийн нөхцөл байдлыг харахад хөл хорионы дэглэмээ илүү сайжруулж, маскаа зүүгээд, хүн бүр хувийн ариун цэврээ сахиж, аль болох бөөгнөрөл, нягтралыг үүсгэхгүй байвал бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Монгол Улсын хэмжээнд халдвар тархахад 60-70 хувь цаашлаад илүү сайн байвал 80 хувь хүртэл хамгаалах чадвартай гэдгийг ард иргэд маань ухамсарлаж, зөвлөмжийг дагахыг зөвлөе.

Categories
мэдээ цаг-үе

НМХГ: 2169 тн хаягдлыг булж устгалаа

Төвлөрсөн гурван хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлтэд НМХГ-аас шалгалт хийж байна.

Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан. 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч, тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77%-ийг арилгуулсан байна. Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж бүртгэл хөтөлж хэвшсэн ба сэжигтэй тохиолдол илрэхэд тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна. Мөн нэг удаагийн хамгаалах хувцас, бээлий, маскаар ханган ажиллаж байгаа боловч Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэр үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэг удаагийн хамгаалах хувцасны нөөц багатай байна хэмээн НМХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний түгээлт хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнс түгээлт хийж буй газруудад шалгалт хийжээ. Шалгалтад 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67.5 хувийг газар дээр нь арилгуулсан байна.

Мөн хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж ажиллажээ.

Түүнчлэн хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгийн зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангуулж, түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагч руу нулимсан эмэгтэйд хэрэг нээн шалгаж байна

Цагдаагийн албан хаагч руу нулимсан эмэгтэйд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Тодруулбал, Маршал таун хотхонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн араас нэгэн эмэгтэй шүлсээ хаячихаад яваад өгсөн нь хотхоны камерын бичлэгт үлдсэн байдаг. Цар тахлын энэ цаг үед ийм үйлдэл гаргасан эмэгтэйд иргэд ихээхэн эгдүүцсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Х.Булгантуяа: Манайд зарим улс орноос ирдэг зээл, тусламж багасна. “Айлаас эрэхээр авдраа уудлах” цаг ирж байна

УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдлаа. 2021 төсөв ямар дүр зурагтай болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Он бүрийн төсөв тусгайлсан нэг салбар чиглэл рүү хандаж боловсруулагдаж ирсэн. 2017 оны төсөв өр дарах, төсвийн алдагдлыг эрчимтэй бууруулах төсөв, 2018 оны төсөв боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх төсөв, 2019 онд соёлын салбарын томоохон барилга байгууламж шинэчлэх ажлыг эхлүүлсэн төсөв болсон. Өнгөрсөн дөрвөн жилд ашиглалтад орсон 200 сургууль, 200 гаруй цэцэрлэгийн бэлтгэл ажлыг 2017 онд хангаад 2018 онд эхлүүлсэн байдаг. 2020 оны төсөв бол цар тахлын төсөв боллоо. Энэ оны эхний зургадугаар сарын байдлаар орлого 1.2 их наядаар буурч, тодотгол хийх шаардлага үүссэн. Тодотголоор орлогыг 2.2 их наядаар, зарлагыг 705 тэрбумаар багасгасан. 2021 оны хувьд эрүүл мэндийн салбарт реформ хийх төсөв боллоо. 2019 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарын санхүүжилт хагас их наяд орчмоор нэмэгдсэн төсөл болсон. Энэ реформыг хийх судалгаа, бэлтгэл ажлыг сүүлийн дөрвөн жилд хангасан байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гээд холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж эрүүл мэндийн үйлчилгээг иргэн төвтэй болгосон. Төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт шинээр нэмэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн нэг ангид ногдох хүүхдийн тоо их байх нь эрсдэл нэмдэг, мөн хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харгалзан үүнийг хийхээс өөр аргагүй.
-Төсвийг дээрэмдэж байна. Орон нутагт төсвийг алагчилж олгож байна гэх шүүмжлэл төсөв батлагдтал олон нийтийн дунд нэлээд явсан. Ерөнхийлөгчийн сонгуультай төсөв болсон ч гэж үзэх хэсэг байлаа.
-Гишүүдийн дундаас ч төсөв тэгш бус байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Баянхонгор аймгийн төсөв гэхэд 2015 онд явж байсан концессийн гэрээний төлбөр энэ онд төлөхөөр таарсан. Баянхонгор аймгийн төсөв дээр эргэн төлөлтийг нь суулгахаар Баянхонгор дээр маш их өндөр дүнтэй харагдаж байгаа юм. Хэнтий аймгийн хувьд гол төсөв нь аялал жуулчлалын салбарт чиглэсэн нэлээн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт. Азийн хөгжлийн банкнаас Монголын аялал жуулчлалын салбарын талаар 2017 онд тусгайлан ТЭЗҮ хийсэн байдаг. Хэнтий, Архангай, Хөвсгөл аймгуудыг аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн боломжтой хэмээн судалгааны хүрээнд эхний хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барилга байгууламж баригдаж байгаа.
Гэхдээ ажлын хэсэг, УИХ дахь МАН-ын бүлэг дотор энэ цаг үед соёлын төв барьж байгуулах хөрөнгө оруулалт, халамжийн хэт хавтгайруулсан бодлогод шүүмжлэлтэй хандсан. Үүний үр дүнд зарим аймгийн хөрөнгө оруулалтыг багасгаж, конторын олон барилгын ажлыг хасч, халамжийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. 2021 оны төсөв “COVID-19” цар тахлыг дотооддоо алдахгүй үргэлжилж чадвал эдийн засаг их өөдрөг харин дотроо алдвал их хүнд байх, үнэхээр таамаглахын аргагүй л нөхцөл байдал дунд төсөл боловсруулагдсан байх.
-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан. Үүнтэй холбогдуулж хатуу хөл хорио тогтоосон. Улс орны эдийн засаг хүнд байдалд орох нь. Цаашид улсын эдийн засаг хэрхэх бол?
-Эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7.2 хувьтай байхаар тооцож оруулсан. Төсвийн орлогыг 2020 оны түвшнээс 2.2 их наядаар нэмэгдүүлж тооцсон. Энэ бүхэн цар тахлын хатуу хөл хорионд үргэлжилбэл хэрэгжихэд хүнд болно. Мөн энэ онд хэрэгжсэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хувь хүний орлогын татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хэрэгжилт энэ оны эцсээр дуусна, ирэх онд хэвийн горимд шилжихээр тооцож боловсруулсан. Тиймээс хэрэв эдгээр хөнгөлөлт чөлөөлөлт цаашид хэрэгжвэл орлого буурч, харин нөгөө талдаа халдваргүйжилт, ариутгал, онцгой байдалтай холбоотой урсгал зардал нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдын цалин цар тахлын үед ч олгогдоод явдаг. Тэгэхээр гол гол урсгал зардал төлөвлөсний дагуу гарна. Тиймээс төсөв батлах үед УИХ-ын гишүүдээс төсвийн тодотголын талаар ч Засгийн газраас асуусан, хуулийн хүрээнд төсвийн тодотгол хийх нөхцөл үүсвэл хийхэд бэлэн гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Эхэн үедээ цар тахлын хуулиа үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах боломжтой. Тиймээс Засгийн газар нэн шаардлагагүй хөрөнгө оруулалт, санхүүжилтийг зогсоож, багасгаж нэн чухал арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг хийх бүрэн эрхтэй, ийм ч үүрэгтэй.
-Тэгэхээр нөхцөл байдлаас шалтгаалж төсөвт тодотгол хийж таарах болов уу?
-2021 оны төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хөл хорио тогтоогоогүй байсан. Хуулиараа УИХ энэ үед гол өөрчлөлтүүд хийх боломжтой. Үүний дараа гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт өмнөх хэлэлцүүлгээр гарсан саналыг дэмжих дэмжихгүй гэдэг л санал хураалт явдаг. Тиймээс сая цахимаар хуралдаан гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийхэд хөл хорионд орсон, өөрчилье гэхэд процесс, цаг хугацааны хувьд хэт оройтсон байсан. Төсвийн тухай хуулийн 6.2.3-т Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх гэж заасан байдаг. Гэхдээ төсвийн тодотгол хийхэд улсын төсөвт бүх байгууллагууд бүх хүчин чадлаараа ажиллах болдог. Энэ бол өөрсдийн төлөвлөсөн ажлаасаа ирэх жил аль нь чухал гэдгийг эрэмбэлж хасна гэсэн үг. Төсвийн санхүүжилт бүрийн цаана төлөвлөсөн ажил байдаг. Тиймээс Сангийн яам жишээ нь, эрчим хүчний салбарын урсгал засвараас дур мэдэн хаслаа гэхэд магад энэ жил хамгийн хүндэрсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Магад бүгд гэртээ байж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр үүнийг хасах нь буруу байж болно. Тиймээс үүнийг салбарын яам нь эрэмбэлэх, хасах хэрэгтэй. Ид цар тахлын дэгдэлт дунд бүгдээрээ ажилдаа ч явж чадахгүй байхад төсөв боловсруулна гэдэг бүр амаргүй. Бид эцсийн хэлэлцүүлэг хийх ч амаргүй байлаа. Минутанд баригдан асуух асуулт, хариулт ч богино. Гэхдээ алдагдал, дагаад өрийн хэмжээг нэмэхгүйн тулд шаардлагатай бол тодотгол хийх хэрэгтэй.
-Төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдсан. Соёлын төв, Биеийн тамирын ордон, Засаг даргын тамгын газрын байр барих зэрэг тэвчиж болох олон тэрбумын зардлыг хасч, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа бэхжүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй байсан юм биш үү?
-Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж ирсэн. 2016 оны төсвийн алдагдлыг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлж ДНБ-д харьцуулсан харьцаа 15.3 хувь орчим байсан бол 2017 онд 6.4 хувь, 2018 онд бүр сайжирч 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. 2020 онд цар тахлын улмаас өндөр алдагдалтай гарсан. 2021 онд алдагдлын хэмжээг өмнөх онтой харьцуулахад хоёр дахин бууруулсан. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орны төсөв алдагдалтай, эдийн засаг уналттай гарч байна. 2020 онд Канад улсын төсвийн алдагдал ДНБ-ны 13 хувьтай, Нидерланд улсынх 9.6 хувьтай, Чили улсынх 14.1 хувь байхаар байна. 2021 оны төсвийг Засгийн газар боловсруулж хэлэлцэн есдүгээр сарын сүүлээр УИХ-д өргөн барихад нөхцөл байдал харьцангуй сайн, Засгийн газрын зүгээс эдийн засгаа эрчимтэй өсгөх бодлого барьсан болов уу гэж харагдаж байсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг урсгал зардлыг бууруулах, онц шаардлагагүй барилга байгууламжийг хасах, урсгал зардлыг нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр бууруулах арга хэмжээ авсан. Засгийн газар төсөв боловсруулж өргөн барьсны дараа Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан. Гэхдээ хэд хэдэн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. СЗХ, Үндэсний аудитын газар, цагдаа хууль хүчний байгууллагуудад хяналт, зохицуулалтыг улам сайжруулах, хариуцсан албан хаагчдын тоог нэмэх, техник тоног төхөөрөмж сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор урсгал зардал, хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу өрхийн амьжиргааг хамгаалах, эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд Хүүхдийн мөнгийг эхний хагас жилд үргэлжлүүлэн 100 мянган төгрөгөөр олгох, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ төсөвт ачаалал өгч байна. Дэлхийн хамгийн баян улс ч ийм арга хэмжээ авч байгааг харгалзан 2021 оны төсөвт тусгасан. Зөвхөн хүүхдийн мөнгө эхний хагас жилээр тооцоход 720 тэрбум төгрөг болох юм. Цаашид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газарт УИХ-аас чиглэл өгч халамжийн давхардлыг арилгах, халамжийг зорилтот бүлэгт илүү чиглүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулах, цахимжуулах гэх мэт арга хэмжээ авахаар тусгасан.
-Ирэх оны төсөвт болосвролын салбарт хэр анхаарсан бэ?
-2021 онд боловсролын салбарын багш, ажилчдыг үр дүнтэй нь холбон урамшуулал олгох төсөв, санхүүжилтийг тусгаж өгсөн. Иргэдээс хамгийн их үйлчилгээ авдаг, бухимдал түрүүлдэг, реформ хүсч байгаа салбарын нэг бол боловсролын салбар. Энэ ажлыг урамшуулалтай нь уялдуулан эхлүүлж байна. Цаашид салбарын яам нь зөвхөн барилга байгууламж шинэчлэх, нэмэхэд биш сургалтын чанарт анхаарах, сурах бичгээ сайжруулах, багш ажилчдын хөгжилд нэн анхаарах шаардлага бий. 2021 оноос төрийн алба цахим системтэй болж, төрийн албан хаагч тус бүр тусгай дугаартай, нарийн бүртгэлтэй болж байгаа. Ингэснээр, төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, шаардлагагүй, батлагдаагүй орон тоо нэмэх дагаад зардал нэмэх байдлыг бууруулах юм. Жишээ нь, нэг төсөвт байгууллагын орон тоог 100 гэж зааж өгсөн байхад захирал нь 120 болгоод 100 хүний цалингаа 120 хүнд өгч, зарим хүмүүст үр дүн, хүнд нөхцөлийн урамшуулал болон очих ёстой санхүүжилтийг олгодоггүй эсвэл бууруулж нэмэлт орон тоог санхүүжүүлдэг байдал их байсан. Ингэж явж байгаад хэдэн жилийн дараа эдгээр хүнийхээ орон тоог ч батлуулж аваад зардлаа өсгөөд явдаг. Ийм байдал багасна. Татвар төлөгчдөөс орлого бүрдүүлэх гэж, түүнийгээ үр дүнтэй зарцуулах гэж бүгд чармайж байхад төсвийн гадна, хараа хяналт муутай үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд байгаад миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөвт байгууллагуудын цалин, орон тоо хязгаартай, УИХ-аар орж батлуулдаг, харьцангуй хатуу хяналтад байдаг. Гэтэл сүүлийн хэд хоногт сошиалаар ТӨХК-ийн удирдлагуудын тансаглалыг хараад өөрийн эрхгүй бухимдаж байна. УИХ-аас эдгээр байгууллагуудаас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлсэн. Мөн, хяналт, аудит, ил тод байдлыг сайжруулах үүрэг өгсөн. Өнөөдөр эдийн засаг хүнд үед эдгээр компанийн 60 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг, гэтэл тансаглал яагаад байгаа юм. Энэ тансаглалыг танавал төсвийн алдагдал байтугай мөнгө гарч магад.
-УИХ-аас цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг дахин зургаан сараар үргэлжлүүлэх боломжтой талаар чуулган дээр хэлж байсан. Энэ хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд хэрхэн үргэлжилсэн бэ?
-УИХ-аас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталсан. Энэ хуулийн хүрээнд эхний дөрөвдүгээр сараас 10 дугаар сарын хооронд 700 гаруй мянган иргэнийг Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн байна. Үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 хувь ба түүнээс дээш буурсан 73 мянган аж ахуйн нэгжийн ажилтан бүрд 200 мянган төгрөг олгоход 25.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийт 242,992 хүнд олгож буй хүсний талоныг хоёр дахин нэмж 27.2 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нийт 67,300 иргэн хамрагдаж 20 тэрбум төгрөг улсын төсвөөс олгосон байна. Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн дэмжих чиглэлээр жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөхөд 105,000 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Түүнчлэн, 38,400 ААН-ийн 401,800 даатгуулагч, сайн дурын 144,300 даатгуулагч хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэлийн 271 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдсөн байна. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хоорондох тоо баримт юм. Энэхүү бүх арга хэмжээг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр 2020 оны төсвийн тодотголд заасан. Ингэснээр мэдээж төсөвт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэнэ. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг цахимаар явагдаж байхад би Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуусан. Ирэх онд энэ нөхцөл байдал үргэлжилбэл яах вэ. Иргэдийн амьжиргаа, эдийн засаг хүндрэх нь тодорхой. Гэтэл цар тахлын хуулийн хэрэгжилт энэ оны эцсээр дуусгавар болж байна гэхэд Засгийн газраас энэ хуулийн хэрэгжилтийг дахин зургаан сараар сунгахаар удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. Тус хуульд дээрх зохицуулалтууд байгаа юм. Ингэснээр иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийг дэмжсэн арга хэмжээг ирэх онд ч үргэлжлүүлэн авах дүр зураг харагдаж байна. Тус хуулийн хүрээнд, тухайлбал Монголбанкнаас зохих арга хэмжээг авч 85,100 иргэний 751.4 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт оруулсан. Мөн ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан 2.04 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,152 зээлдэгчийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлэй 34 мянган зээлдэгчид гурван сарын хугацаанд долоон тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн 1,451 байгууллагын 2.2 их наяд төгрөгийн бизнесийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн байна. Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах талаар Засгийн газар, Монголбанк яриа хэлэлцээ хийж байгаа талаар Сангийн сайд төсвийн хэлэлцүүлгийн эцэст хэлсэн. Ингэснээр банк санхүүгийн салбарт ямар хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжих нь удахгүй тодорхой болох байх. Энэ үед ялангуяа бизнес эрхлэгчид, бага орлоготой иргэд үнэхээр хэцүү байгаа. Авах арга хэмжээний тухай энэ хэд хоногт надаас олон хүн асууж байна.
-Халамжийг хавтгайруулж байна гэж сүүлийн үед их ярих боллоо. Цар тахлын үед улам гааруулж байна уу?
-Олон улсын жишгээр цар тахлын үед өрхийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж дэлхийн улс орон болгон ийм арга хэмжээ авч байна. Дээрээс нь эрүүл мэндийн салбар, цагдаа, онцгой гэсэн байгууллагуудын төсвийг хангалттай сайн тавьж өгөх ёстой. Дэлхий даяараа халамжийг олгож байна. Гол нь халамжийг хэрхэн хүргэх нь чухал. Очих ёстой эзэндээ очиж чадаж байна уу. Жишээ нь манай тойрог, Баянзүрх дүүрэгт иргэд тухайн хороо, дүүргийн нийгмийн ажилчдыг таньдаг хүн олон төрлийн халамжинд хамрагдаж байхад, яг авах шаардалагатай хүн нь бүртгүүлж ч чадахгүй байна хэмээн шүүмжилж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Халамжаа аваад жийпэнд суугаад гарч байгаа хүмүүс байна” гэж хэлсэн байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих биш, халамжийг дэмжсэн бодлого ямар ч улсыг хөгжүүлж байгаагүй. Харин энэ цаг үед цар тахлын нөлөөг зайлшгүй тооцох хэрэгтэй. ДЭМБ-аас ирэх оны эхний хагаст багтан вакцин гарч олон нийтэд хүрч эрсдэл буурахаар байна гэж мэдээлсэн.
-Ковидын дараахь эдийн засаг ямар байх бол?
-Дэлхий даяар ковидын дараахь эдийн засгийн төсөөлөл, бэлтгэл ажил хийгдэж байна. Гэхдээ хэдхэн сарын дотор цар дахлын хоёр дахь давлагаа явахад Европ, АНУ бүгд л хөл алдаж байна. Улс орнууд дотоод гадаад аялал жуулчлал үүний дараа эрчимтэй хөгжинө гэж үзэж байна. Үйлдвэрлэл, хүний шилжих хөдөлгөөн багассан тул байгаль орчин үйлдвэрлэл хөгжиж эхэлснээс хойш байгаагүйгээр цэвэршиж байна. Тиймээс, ялангуяа хөгжиж буй улс орнуудаас цар тахлын дараа байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засагт эрчимтэй шилжих арга хэмжээ авч байна. Саяхан Япон, Солонгос гээд Азийн том эдийн засгууд ч энэ амлалтыг өгч нэгдэж байна. Эдийн засгаа улам төрөлжүүлэх ёстойг онцолсон. Жишээлбэл, Хавай, өмнөд Азийн Фижи зэрэг нь аялал жуулчлалаас хэт хамааралтай тул эдийн засгийн гүн хямралд орсон. Энэ цаг үед хүмүүс том хот руу шигж амьдрах хүсэл багасах байх, компаниуд эдийн засгийн хүндрэлд орсон тул судалгаа, инновацид хийх хөрөнгө оруулалт багасна гэж тооцжээ. Харин цахим шилжилт урьд өмнө байгаагүй эрчимтэй явагдаж байна. Цаашид ч эдгээр компанийн хувьцаа, ашиг орлого өсөх байх. Жижиг дунд бизнесүүд хамгийн хүнд байх дүр зураг ажиглагдаж байна. Жишээ нь, АНУ-ын жижиг дунд бизнесүүд 27 хоногийн үйл ажиллагааны зардалтай тэнцэх хэмжээний хуримтлалтай байдаг аж. Гэтэл аль хэдийнэ долоон сар эрэлт, нийлүүлэлт хүндэрсэн тул 25-36 хувь нь үүд хаалгаа хаахаар байгаа тухай Мкэнзи компани судалгаандаа дурдсан байна. Дэлхийн улс орнууд гадаад худалдаа, гадаад харилцаанаас илүү дотоодын асуудалдаа чиглэсэн, магад бүр нэлээд амиа хичээсэн бодлого ч явуулахаар байна. Энэ нь манай улсын хувьд зарим улс орноос ирдэг зээл, тусламж багасах үр дагавартай. Бид айлаас эрэхээр авдраа уудлах цаг ирж байна гэсэн үг.
-УОК гэртээ тусгаарлагдах 14 хоногийг цуцалсан. Хариуцлага алдсанаас дотооддоо цар тахлыг алдав уу?
-Ялангуяа “Энхсаран” амралтын газарт үнэхээр хариуцлага алдсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Хүүхэд хөгшид хүртэл халуун зун маскаа зүүж, хөл хорионд өчнөөн сар болж байхад даанч яав даа гэж бодогдсон. Хүүхдүүд ялангуяа нэг хэсэг гадаа гарч тоглох ч эрхгүй, гэртээ дуулгавартай хөл хорионд байлаа шүү дээ. Гэтэл насанд хүрсэн хэдэн хүмүүс уйдаад өрөө өрөөгөөрөө орсон гээд сууж байдаг, түүнд хяналт тавих хүмүүс нь ч үүнийг бүр сүүлд олж мэддэг үнэхээр хариуцлагагүй. Гэхдээ хариуцлага тооцох цаг хугацаа хангалттай олдоно.
-Голомтоо тойруулж хавтгайд нь ингэж хөл хорио тогтоохын ач холбогдол нь юу вэ?
-Гол нь тархалтыг цааш нь нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Үүнийг дэлхийн улс орон болгон цар тахал гарахад хэрэглэж байна. Хоёр дахь давлагаа явах гээд байна гээд бэлдээд байсан ч одоо хоёр дахь давлагаанд ямар хүчтэй цохиулж байна. Олон улсын валютын сангаас дэлхийн 129 улсын дунд хийсэн судалгаагаар хөгжсөн улс орнуудын хувьд сайн дурын хөл хорио, зай барих нь илүү үр дүнтэй байсан гэдгийг нотолсон. Иргэд нь харилцаа холбоо, техник, технологи сайтай тул гэрээсээ ажиллах боломжтой, хувийн хуримтлал сайтай, эрүүл мэнддээ ч илүү анхаардаг. Харин орлого багатай улсын хувьд хуримтал муу тул сайн дурын гэхээс илүү хатуу хөл хорио илүү үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Энэ үед ялангуяа залуучууд эдийн засгийн хувьд хамгийн их хохирол амсаж байгаа талаар ч судалгаанд дурджээ. Орлого нь багасч, харин хүүхдийн тоогоор өрхийн ачаалал нэмэгдсэн байна. Манайд ч ийм байна. Дээрх 189 улс орны төр засаг олон сар амь нас уу, амьжиргаа юу гэдэг сонголтыг хийсэн, үнэхээр амаргүй байна, вакцин гарахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн байна. Эртхэн хатуу арга хэмжээ авч халдварыг тогтоож чадсан улс орон хэдий эдийн засаг нь огцом саардаг ч буцаад эдийн засаг нь эртхэн сайжирдаг гэж зөвлөсөн байна. Тиймээс монголчууд бид энэ цаг үед талцан хуваагдалгүй, улстөржиж сенсацилахгүй, эв эеийг хичээн, УОК-оос өгсөн үүрэг, зөвлөмжийг хүндэтгэн дагаж хамтдаа цар тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе гэж уриалъя.