Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бичжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Month: November 2020
ЗӨВЛӨГӨӨ: Гар утас, нүдний шил, цаг, хэтэвчээ спиртэн суурьтай уусмалаар арчаарай
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны 17 цагийн мэдээгээр Монгол Улсад коронавирусийн дотоодын халдварын тохиолдол 122 болсныг мэдээлсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы дэглэм цаашид үргэлжилж магадгүй. Энэ хугацаанд иргэд тэвчээртэй байж, амны хаалтаа тогтмол зүүж, гадуур явахгүй байгаа. Үүнийг цаашид ч баримтлах хэрэгтэй. Иргэд та бүхэн хөл хорионы дэглэмээ баримтлах, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаараарай. Бөөгнөрлөөс болж өвчлөл дэгдэж байгааг та бүхэн ойлгож байгаа байх” хэмээн хэллээ.
Улаанбаатарт халдвар авсан 33 иргэний 18 нь караокегоор дамжиж тархсан. Үүний 6 хүн нь нэг орцны иргэд.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 475918 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 76 объектын 35954 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Үүнээс нийслэлд 13658 м2 талбайд голомтын халдваргүйтгэл хийгджээ. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжийн 44 ШТС-д хяналт тандалт хийхэд цар тахлын үед мөрдөж ажиллах журамгүй, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэлгүй, халуун хэмжигчгүй, амны хаалт бээлийгээр хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Мөн их дээд сургуулийн оюутны байранд хийсэн тандалт судалгаагаар нэр бүхий таван сургуулийн дотуур байрны удирдлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргаагүй, оюутнууд болон иргэд амны хаалт зүүгээгүй, байрны удирдлага хяналт тавьж ажиллаагүй, цэвэрлэгээ хангалтгүй, орж гарч байгаа иргэдийн халууныг хэмжээгүй зэрэг зөрчил илэрчээ. 28 сургуулийн оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайн халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ.
Хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн 1405 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 45 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьж ажилласан байна. Нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор зохих зөвшөөрөлтэй 651.6 тонн, дамжин өнгөрсөн 260.9 тн түүхий нүүрс нэвтэрчээ.
Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 38 эмнэлэгт хийж зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотын хэмжээд коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд хяналт, шалгалт хийж зарим эмнэлэгт тусгаарлах өрөө шаардлага хангахгүй, ор дэлгэн ажиллах хүч дутагдалтай байсан тул бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгавар өгсөн байна. Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн нэг байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 5 удаагийн дээж авчээ. Нийслэлийн хэмжээнд нийт 72 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийж 154 дээжийг шинжилгээнд хамрууллаа. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн байна.
Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 997 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэг, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна.
Тохижилт үйлчилгээний компаниудад цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэл хийх талаар зөвлөмж өгч байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд төвлөрсөн гурван цэгт 1608 тн хог хаягдал хүлээн авч 2215 тн хог хаягдлыг булж устгажээ.
Улсын хилээр орж ирсэн 1946, хилээр гарсан 1933 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлт, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийж, заавар зөвлөгөө өгсөн байна. Тандалтаар халдварын шинж тэмдэгтэй жолооч илрээгүй. Гүний хяналтын бүсд 5 тээврийн хэрэгслээр импортлогдсон 84.3 тн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж хилээс чөлөөлөн 840 м2 талбайд халдваргүйжүүлсэн байна.
МХЕГ, НМХГ-ын агаарын чанарын хяналтын улсын байцаагчид Сонгинохайрха, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шахмал түлш борлуулах 46 цэгийн нөөц, хангамж, жиндээ хүрч байгаа эсэх, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт хийжээ. Таван толгой түлш ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт хоногт 3127.92 тн шахмал түлш үйлдвэрлэн 2177.1 тн-ыг борлуулалтад гаргав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 дүүргийн нутагт дэвсэрт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан, Орхон аймагт хяналт шалгалт хийлээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын байцаагчдыг 10 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулаагүй тул улсын байцаагчид тодорхой байршил дээр жижиг дэлгүүр, жижиг эмийн сангуудад хяналт тавьж ажиллажээ.
Мөн Орхон, Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хөл хориог чангатгаж тэг зогсолтод оруулсан байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетэд махны лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 2,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Хүчит шонхор захын үнийг 11 дүгээр сарын 19-ний өглөөний 9 цагийн байдлаар өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнэтэй харьцуулахад хонины ястай махны жижиглэнгийн үнэ өмнөх өдрийнхөөс 500-1000 төгрөгөөр, хонины цул махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр, үхрийн ястай махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махны бөөний үнэ 200-300 төгрөгөөр, үхрийн махны бөөний үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан. Ямааны махны бөөний үнэ 100 төгрөгөөр, адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хүчит шонхор зах дээр 11 дүгээр сарын 19-ний өглөөний байдлаар 41,5 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт 9 тонноор буурсан байна. Тус зах нь 10 цагаас эхлэн хаасан байна.
Тус захын жижиглэнгийн худалдааны хувьд маш бага худалдаачидтай байв. Ерөнхийдөө махны нийлүүлэлт бага байна гэж түрээслэгчид тайлбар өглөө. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна. Хяналт шалгалтанд хамрагдсан бусад зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүн, махны үнэ тогтвортой байна.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт хяналт шалгалт хийж тус хорооллын Марал хүсний дэлгүүрт 420 төгрөгөөр зарагдаж байсан өндөгний үнийг 400 болгож буулгаж газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шилмэл мөнх фарма” эмийн санд Монхимо 30 мл-тэй санитолыг 2000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг шаардлага тавьж үнийг 1600 төгрөг болгож буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
Хэрэглэгчийн гаргасан “Хан-Уул дүүрэгт байрлах “Мөнх суварга” супермаркетад Баян, НВЦ-ийн өндөг 432 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэх гомдлын дагуу шалгахад задгай өндгийг 390 төгрөгөөр, савласан /пакеттай/ 10 ширхэгтэй өндгийг 4320 төгрөгөөр худалдаалсан болох нь тогтоогдсон. Савласан өндөгний үнийг бууруулж 10 ширхэгтэй савласан өндгийг 4100 болгохоор кассын программд өөрчлөлт оруулж, газар дээр нь шийдвэрлэсэн.
Хяналт шалгалтанд 24 эмийн сан хамрагдсанаас 10 эмийн санд спирт дууссан байна. Амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай байна. Нэг удаагийн амны хаалт 300-550 төгрөгийн хооронд байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт гурилын нөөц бага, зарим дэлгүүрт гурил огт байхгүй байна. Хяналт шалгалтанд хамрагдсан зарим жижиг дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнө хийсэн. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн байдлаар 115 утсанд 45, чатботоор 11 нийт 56 иргэн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, будаа,цагаан идээ, маск үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл өгөхөөр хандсан байна.
Өдөр тутмын хяналт шалгалт хийснээр махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Хүчит шонхор” зах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан өглөөний 09.00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хүчит шонхор” захын цагийн хуваарьт өөрчлөлт орж, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл өглөөний 05.00-09.00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдсэн байна.
Ингэснээр орон нутгийн мах тээвэрлэлтийн машиныг 02.00 цагаас, бараа бүтээгдэхүүн түгээлтийн машиныг 04.00 цагаас тус тус оруулж байгаа ажээ.
Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдан авалтын хэлтсийн дарга Д.Оюунболороос тодруулахад “Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 3700 дэлгүүр ажиллаж байдгаас 65 нь томоохон супермаркет, зах, худалдааны төв. Эдгээрээс бүх нийтийн бэлэн байдалд 49 зах, худалдааны төв оройн 21.00 цаг хүртэл ажиллаж байна. “Хүчит шонхор” захын хувьд дотоод зохион байгуулалтаараа цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан байх” гэв.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар /2020.11.20/ дотоодын халдвар 555-д хүрээд байна.
Халдвар дотоодод тархахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байсан “Энх саран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой гэж үзээд буй. Улмаар тус сувиллыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн.
Улсын Онцгой комиссоос “Энх саран” сувиллын үйл ажиллагааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол ирүүлжээ. Гомдлын дагуу Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг байгуулагдан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Хатуу хөл хорионы энэ үед жолоочид хурд хэтрүүлэх, улаан гэрлээр зорчих зэрэг зам тээврийн хөдөлгөөнийн дүрэм зөрчиж, улмаар ноцтой осол гаргаж, амь насаа алдаж байна.
Тухайлбал, өнгөрөгч лхагва гарагт 12:25 цаг орчимд Архангай аймгийн Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвмгэр шороон замд Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 62 настай эрэгтэй Б амь хохирчээ. Түүнчлэн энэ сарын 5-нд Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр, асфальтан замд нордбенз маркийн автомашин онхолдож жолооч 44 настай эрэгтэй Л, зорчигч 50 настай эмэгтэй Ц нарын амь нас хохирч, шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Энэ сарын 16-20-ны хооронд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22, орон нутагт 13 жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.