Дорноговь аймагт арваннэгдүгээр сарын 19-ний өдөр коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдэж, улмаар өчигдөр буюу 2020.11.20-ны байдлаар батлагдсан тохиолдол зургаа болсон.
Халдвартай иргэний дам хавьтлын байршлыг тогтоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Айраг, Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын нутаг дэвсгэр дэх бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, тэг зогсолт хийсэн. Халдварын тархалт тэлж байгаа тул Дорноговь аймагт бүртгэгдсэн халдвар авсан иргэдийн маршрут, зураглалыг олон нийтэд мэдээлж байгаа ба дараах газраар явсан бол өөрийгөө ажиглан тусгаарлаж, шаардлагатай бол шинжилгээ өгөхийг сануулж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Засаг даргын захирамж:
- Аймаг, сумын доторх болон орох, гарах иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох,
- Өвчлөлийн тархалтын байдлыг тогтоох, илрүүлэх хүртэлх хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгууллага, албан хаагчдаас тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлж, иргэний журамт үүргээ биелүүлэх,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрсийг хүргэлтийн үйлчилгээгээр шуурхай зохион байгуулах,
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахал илэрсэнтэй холбогдуулан авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, шуурхай арга хэмжээ авч ажиллах.