Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийгөө тусгаарлажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй хавьтсаны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Би “COVID-19”-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнтэй харилцсан болох нь тогтоогдсон. Миний биеийн байдал сайн байна. Шинж тэмдэг илрээгүй, гэсэн хэдий ч би ДЭМБ-ын протоколын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллах бодолтой байна” гэж тэрбээр бичжээ. Коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд бүх шаардлагыг тодорхой дагаж мөрдөх шаардлагатай байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн байна. Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 46 сая гаруй хүн халдвар авч, 1.19 сая хүн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 16, 26-н бүх нийтийн амралтын өдөр

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр.

11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой тохионо.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Ачааны машин мөргөлдөж, 49 настай иргэн амиа алджээ

Өмнөговь аймагт урьд шөнө хоёр ачааны машин мөргөлдөж, 49 настай нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Баян-Овоо сумын Жаргалант багийн “Чойгийн тохой” гэдэг газар 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн нас барсан тухай дуудлагыг урьд шөнө буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 01:35 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид 55 км зам туулан 03:00 цагт очиход Монгол Улсын хилийн “Гашуун сухайт” боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөлдөж жолооч Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан амиа алджээ.

Categories
мэдээ спорт

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хасахаар болов

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо.

Эргэн сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй шүүхэд хандсан. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногт есөн хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн гурав хоногт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүнээс коронавирус илэрлээ. 10-р сарын 28-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, Алтанбулагийн боомтоор ирсэн 3 хүн, тус боомтоор ирсэн 5 жолооч 35, 42 настай монгол эрэгтэй,ОХУ-ын иргэн 27-той эрэгтэй хүнээс коронавирус илэрлээ.

Монголд батлагдсан тохиолдол 349 боллоо. 307 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт дууссан байна. ХӨСҮТ-д 36 хүн эмчлэгдэж байгаагаас 28 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 63 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Г.Ариунбаатар уран бүтээлийн тоглолтоо хийнэ

МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ.

Тэрбээр “Би Монгол” нэртэй тоглолтоо энэ сарын 26, 27,28-нд “The Coporate Convantion Center”-т зохион байгуулахаар болсон байна.

Уг тоглолтыг Ази, Америк, Европын орнуудад тоглохоор төлөвлөж байсан ч хөл хорионы улмаас эх орныхоо үзэгчдэдээ хүргэхээр болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга Э.Оюунболд цолтойгоо үлдэх эсэхийг өнөөдөр шийднэ

Удаан хүлээлгэсэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу шүүх хурал товлогдоод байгаа юм.

Шүүх хурлын шийдвэрээр Улсын аварга Э.Оюунболд цолтойгоо үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” хэмээж байсан юм.

Улсын аварга Э.Оюунболдын гомдлоор бүтэн жилжингээ “дуншсан” шүүх хурал эргэж буцаж, түүний элдэв шалтгаас болж хэдэнтээ хойшилсоны эцэст анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргаад буй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бол өнгөрсөн долдугаар сарын 12-ноос эхлэн сэргэх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ аливаа асуудал гурван шатны шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэгддэг. Гэтэл барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гарчихаад байхад Э.Оюунболд Дээд шүүхэд гомдол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд цолоо хураалгахгүй хэмээн дахин гомдол гаргасан гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ.

“Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,

Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ.

Энэхүү хууль арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.

Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалттай энд дарж танилцана уу.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Иргэд гар утаснаасаа “U-money” картаа цэнэглэдэг болно

Иргэд ухаалаг гар утсаараа нийтийн тээврээр үйлчлүүлдэг “U-money” картаа цэнэглэж болох шинэ үйлчилгээг “Улаанбаатар смарт карт” нэвтрүүлж байгаа юм байна. “U-money” картыг 2015 оноос нэвтрүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар “U-money” карт цэнэглэдэг 1000 гаруй цэг Улаанбаатар хотод байдаг байна. Гар утаснаасаа картаа цэнэглэдэг болсноор иргэдэд үйлчилгээг ойртуулж болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.

Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь- Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох бол, говь талын нутгаар буюу Өмнөговь, Дорногвийн ихэнх, Сүхбаатарын зарим сумдын нутгаар харьцангуй бага цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, агаарын температур өмнөх үеэсээ хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ