Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Таны амьдрал, таны түүх, туулсан замналд сонгодог урлаг тэр чигээрээ нэвчин шингэсэн мэт цаг хугацаа өнгөрчээ…
-Би Улсын дуур, бүжгийн эрдмийн театрт бүхэл бүтэн нэг жарныг өнгөрөөчихжээ. 1960 оны гурван сарын 15-нд энэ театрт би анх орсон юм. Тэгээд өнөөдөр эргээд харсан чинь жаран жил өнгөрчээ. Жаран гэдэг их сонин юм. Нэг хүн нэг газар бүтэн жарны амьдралаа өнгөрөөнө гэдэг нэг тийм эргэлзээтэй ч юм шиг. Нэгэн бодлын энд тэсэх тийм увдис надад заяасан юм болов уу гэж боддог. Яагаад гэхлээр ерөөсөө миний амьдралын бүх зорилго бол Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийнхөө чадах чинээгээр зүтгэе, хичээе гэж бодсон юм. 1959 онд болсон Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам миний амьдралд бүхэл бүтэн эргэлт авчирсан юм. Тэр олдсон завшаанаас сэжүүрээс нь зуурч аваад тэрийгээ тавихгүй зууралдсаар байтал өнөөдрийг хүрчээ.
-Тэр жаран жилийн эхлэлийг та одоо төсөөлж байна уу?
-Энэ театр их буянтай театр гэж би боддог юм. Яагаад гэхээр би ихэнх залуу насаа мал дээр өнгөрөөсөн хүн л дээ. Мал нүдлэхдээ их сайн хүүхэд байсан. Тийм учраас манай өвөө намайг мундаг сайн малчин болно гэдэг байсан. Би чинь есөн настайгаасаа эхлээд адуу манасан. Тэгсэн нэг мэдсэн чинь сонгодог урлаг, тэр дундаа Монголын түүхэнд байгаагүй энэ салбарт оюун ухаанаа сорих болсондоо сэтгэл хангалуун байдаг юм.
1960 оноос хойш хоёр жил дуурийн театрт найрал дууны ангид ажиллаж байв. Хажуугаар нь элдэв ажилд зарагдана. Тэглээ гээд муудаагүй. Энэ амьдралд хөлөө тавихад элдэв юмыг үзэж, таньж сонирхож авах тийм боломжийг л нээж байсан. Намайг анх Дуурийн театрт алдарт Д.Лувсаншарав гэдэг хүн шалгаж авсан түүхтэй.
-Их азтай тохиолдлоор гадагшаа явсан гэдэг билүү…
– Би хүүхэд ахуйгаасаа эхлээд жаахан зүггүй талын хүн байсан юм. Нэг удаа кино зураг авахуулж байгаад найруулагчдаа гар хүрсэн хэрэгт орлоо. Бүх юм доошоо явах замд орчихсон хэцүүхэн үе буюу 1962 онд би Дэлхийн залуучууд, оюутны наймдугаар наадамд оролцох хувь заяа тохиосон юм. Тэр багийг Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба болон Д.Лувсаншарав, Сэвжид гээд алдартнууд, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны орлогч дарга Пүрэвжав нар зохион байгуулж авч явж байсан. Аз таарахад Ч.Лодойдамба гэж их сайхан энэрэнгүй сэтгэлтэй, залуучуудын төлөө өөрийнхөө оюун ухааныг зориулсан тийм сайдтай таарсан.
-Мэдээж, Орос руу явсан уу?
-Тэр үеийн монголчууд бүгд Алтан Москва л гэж ярьдаг байсан. Би ч гэсэн Алтан Москвад очих хувь заяа төрсөндөө бас их баярладаг байсан юм. Москвад очоод үнэхээр үзээгүй юм аа үзэж, хараагүйгээ харж баярлаж явсан. Тэр үедээ Финландын нийслэл Хельсинкид очсон юм. Би Лодойдамба гуайг дурсахгүй байж болохгүй. Нэг өдөр Лодойдамба гуай намайг нэг хуралд аваад явсан. Нэг их том зааланд сүртэй хурал боллоо. Ч.Лодойдамба гуай надаас “Чи мэдээжийн хэрэг гадна дотны хэл мэдэхгүй биз. Чи энд сууж байхдаа гэртээ нэг захиа бич ээ. Урд чинь уутанд цаас байна” гэсэн. Би тэрийг аваад захиа бичээд хүн харахад нэг их идэвхтэй суусан байна л даа. Ч.Лодойдамба гуай тэр хуралд үг хэлсэн. Одоо бодоход ухаантай хүний хажууд явна гэдэг их сайхан байдаг юм байна. Тэр дэлхийн олон хүмүүсийн дунд зүгээр ангайгаад, суулгүй юм тэмдэглэж байгаа хүн шиг харагдуулахаар сайд боджээ гэж өнөөдөр би эргэцүүлж сууна. Ингэж л хүнийг хүмүүжүүлж байж. Дараа нь “чи гайгүй шиг юм сурвал сайхан сайхан юманд их оролцоно шүү” гэж захиж байсан. Наадам дуусч бид Москвад ирлээ. Тэндээс Монголын группийн нэг хэсэг нь эх орондоо очих, нөгөө хэсэг нь цаашаа Баруун Европын ардчилсан орнуудаар айлчлан тоглолт хийх байсан юм. Лодойдамба гуай намайг цаашаа явах багт хуваарилж, баруун Европын ардчилсан Чехсловак, Румын, Польш, Герман, Югослав зэрэг зургаа долоон орноор явсан юм аа.
-Гэнэт л олон орноор аялан явжээ…
-Тэгсэн. Хөдөөний хүүхэд миний хувьд үзээгүй юмаа үзсэн. Хамгийн сүүлд Болгарт ирсэн. Тэгсэн чинь Болгарын Элчин сайдын яаман дээр ир гээд дуудаж байна. Хамт яваа хүмүүс маань намайг аваад очлоо. “Би ч дотроо замдаа ямар хэрэг хийсэн билээ. Нэг л болохгүй л юм хийчихиж дээ л гэж бодоод явлаа. Тэгсэн чинь Элчин сайд “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Гурван хүнийг хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн байна. Тэнцвэл сур, тэнцэхгүй бол харина биз” гэж байна. Би чинь бөөн баяр, үзээгүй юмаа үзлээ. Гоцлол дуучин Банзаржав гэж эмэгтэй, найрал дууны Очир бид гурвыг шалгууллаа. Гурвуулаа тэнцсэн юм. Тэгсэн Очир ах “би гадаадад сурахгүй, харилаа” гэсэн. Банзаржав “харьчихаад ирье” гэж байна. Би болохоор “харихгүй ээ, шууд үлдэнэ” гэсэнд хүмүүс гайхаж байсан. Тухайн үед “хэн дээрээ ч очих вэ” гэж бодсон. Өнчин хүний бодол, уйтай агшин юм даа. Түүнээс хойш таван жил би гэртээ ирээгүй.
-Сургуулиа төгстөлөө Болгарт байсан юм уу?
-Тэгсэн. Намайг өчнөөн олон жил гэр орондоо харихгүй ямар учиртай юм гэж гайхах хүн байсан. Тэгэхдээ монгол хүн адилхан байх аа. Цээжин дотроо эх нутгаа санадаг. Улсын баяр наадмаар Монголын тухай нэг, хоёр цагийн нэвтрүүлэг явдаг. Тэр үед Софигийн радиогоор нөгөө нэвтрүүлэг явлаа. Би хүлээн авагчаар сонсож хэвтэж байгаад нам унтчихаж. Нэг мэдсэн чинь би уйлаад байх шиг санагдаад байх юм. Гайхаад сэрсэн чинь нээрэн би уйлаад байна. Яасан гэхлээр Ж.Чулуун багш ардын хоёр дууны найруулгыг хийл хөгжмөөр тоглож байсан юм. Тэр эгшиг, аялгуу миний дотор, нойрон дунд орж, гэр орон, газар нутгаа санаж байсан сэтгэлийг маань ил гаргаад ирж. Сэрээд орон дээрээ завилж сууж байгаад бүр хингэнэтэл уйлж, нэг санаа амарч, сэтгэл онгойж сайхан болж байсан. Би одоо боддог юм, улсууд гадагшаа яваад алга болоод байх юм гэдэг. Тэд алга болохгүй байх аа. Тэр хүний хувь заяа, ахуй амьдрал, оюун санаа нь бүгд л энэ өссөн төрсөн газартайгаа холбоотой байдаг байх. Тэгээд аяндаа буцаад ирэх байх гэж би дотроо боддог юм. Хүн их сонин байдаг юм байна лээ. Таван жилийн дараа Монголын хилээр шөнө орж ирсэн юм. Сартай шөнө вагоноор Сэлэнгэ мөрөн дээгүүр гарсан, үнэхээр мартахын аргагүй гоё мэдрэмж тэр байсан. Цонхон дээр зогсоод нэг их уйлж билээ. Тэгж л Монголдоо ирсэн. Вокзал дээр буухад аав минь намайг таньдаггүй ээ. Болгарын Эрдэнэбулган гэж хүүхэд байна уу гээд л хажуугаар яваад байх юм. Тэгж тэгж нэг юм уулзлаа. Гэртээ ирж хоол цай болж сайхан л байлаа. Ээж минь намайг хараад л суугаад байх юм. Миний төрсөн ээж, аав хоёр л доо. Гэнэтхэн ээж маань “Ишш, миний хүүгийн царай яг байцаа шиг өнгөтэй болчихож” гэж билээ. Би багадаа өргүүлсэн, төрсөн аав, ээжээсээ хөндий өссөн хүн л дээ.
-Эндээс л Дуурийн театрын гоцлол дуучин Л.Эрдэнэбулган гэж дуудуулж эхэлж дээ…
-Тэгэлгүй яахав. Ингэж л Эрдэнэбулган Дуурийн театрын гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Би ер нь маш их аз хийморьтой хүн байгаа юм. Яагаад гэхээр би сургуульд явахын өмнө хоёр дуу дуулсан юм. Тэр хоёр дуу Монголд намайг нэлээн нэрд гаргасан даа. Нэг нь Ц.Намсрайжав гуайн хөгжим, Ж.Бадраа гуайн хөгжим “Халуун элгэн нутаг” дууг анх кинонд нь дуулсан юм. Нөгөө нь Чимэддорж гуайн хөгжим, Б.Дэндэвийн шүлэг “Ургацын далай”. Энэ хоёр дууг дуулснаас хойш өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн дуулсаар байна. Хөдөөний нэг хүү тийм хүмүүстэй уулзаж, ийм дууг дуулна гэдэг хэн хүн тохиодог аз биш юм гэж би боддог. Радиогийн алтан фондод байдаг 20-иод дуутай хүн л дээ.
Болгарын хөгжмийн дээд сургуулиа төгсөж ирээд арван жил театртаа гоцлооч гэдэг хүндтэй эрхэм ажлыг хийлээ. Олон дуурийн гол дүрд нь тоглолоо. Миний хамгийн анх тоглосон дуурь бол Д.Лувсаншаравын хөгжим, Ж.Пүрэвийн цомнол “Хан бүргэд”. Дэмчигбал гэж эсрэг дүрд тоглож, аав ээж, ах дүү төрөл саднаа бүгдийг нь урилаа. Том дуучин болсноо л үзүүлэх санаатай байсан байлгүй. Тоглолт дуусаад гэртээ харьсан чинь нэг их хөөрөөд байгаа хүн манай гэрийнхэн дунд алга. Тэгсэн ээж маань “Иш чааваас миний хүү хүн амьтны мууг үзээд явах юм. Тэгж тэгж байснаа буудуулаад л гэдрэгээ хараад хэвтчих юм. Өөр олигтой аятайхан юм олддоггүй юм уу” гэж билээ. Тэгээд дараа нь Юндэнд тоглолоо. Дахиад л гэрийнхнээ урилаа даа. Тэрний дараа манайхан бүгдээрээ хөл газар хүрэхгүй жигтэйхэн баяртай байсан. Тэрнээс хойш манай гэрийнхэн, ах дүү нар намайг “Аа, мундаг дуучин” гэж дүгнэх болсон гэдэг юм.
-Гэтэл “Ханбүргэд”-д тоглож байхдаа л Та өөрийгөө дархалчихсан, тэргүүн эгнээнд бичигддэг болчихсон байсан биз…
-Яахав ээ, би мундагийн мундаг дуучин байгаагүй. Ажил үүргээ өв тэгш гүйцэтгэж байдаг тийм л уран бүтээлч байсан. Харин тун идэвхтэй жаахан хөдөлмөрч маягийн тийм л хүн байсан. Элдэв юманд саваагүйтэж явдаг зан маань зүгширчихсэн байсан. Сайн хүмүүсийн гараар орж, нөлөөнд нь явахаар хүн өөрийнхөө төрх намбыг олж, муугаа гээж, сайнаа тогтоохыг эрмэлздэг шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ дуурийн театр намайг тэгж хүн төрхтэй болгосон. Энэ театрт олон гайхалтай хүмүүс байсан. Хөгжим ангийг толгойлж байсан хүн нь нөгөө домог болсон Ж.Чулуун. Ч.Жамсранжав, Санжмятав нар. Найрал дууны ангийг алдарт Д.Лувсаншарав багш толгойлж, уран сайхны удирдагч хийж байсан. Зураач нь Л.Гаваа, театрын дарга Л.Намхайцэрэн гээд домог болсон сайхан улсууд театрт ажиллаж амьдарч байсан учраас хүнд зайлшгүй нөлөөлдөг.
-Найруулагч болох үе хэдийд вэ?
-Би арван жил дуурийн театрт гоцлол дуучнаар ажилласан. Тэгээд Монголын балетын анхны балетмайстер, дуурийн анхны найруулагч Д.Лхасүрэн багшдаа өөрийнхөө мөрөөдлийг хэлсэн. “Багш аа, би хөгжмийн театрын найруулагч болмоор байна” гэхэд маш талархаж хүлээж авсан. “Тэгэх ёстой. Тэгэх цаг нь болсон. Чи чадна” гэж урам өгсөн. Ц.Пүрэвдорж гэж алдартай дуучин байсныг та нар мэдэх үү, тэр багш маань, мөн Ж.Чулуун, Д.Лувсаншарав багш нар маань бүгд дэмжлээ. Ингээд шалгалт өгч тэнцээд тэр үеийн Ленинград хотод хөгжмийн театрын найруулагчийн мэргэжил эзэмшихээр сурсан. За тэгэхэд чинь миний амьдрал их өөр болгосон байсан. Навчаатайгаа гэрлэж гэр бүл, үр хүүхэдтэй болсон байсан. Тийм учраас амралт олдох болгонд л гэр лүүгээ л давхидаг болсон.
Тэнд очоод Маргарита Давидовна гэж асар өндөр мэдлэгтэй, тэр хэрээрээ чанга хатуу өндөр шаардлага тавьдаг багшийн шавь болсон. Найруулга, арга зүйн талыг Оросын ардын жүжигчин, төрийн шагналт Р.И.Тихомиров гэдэг хүн заасан. Энэ хүн олон арван дуурь тавьсан их нэр алдартай найруулагч. Ийм хоёр багшийн гар дээр сурч, хөгжим гэдгийн зах зух түүх, соёл зөвхөн Оросын төдийгүй дэлхийн соёлт орны хөгжмүүдтэй танилцаж, тэрнийг тодорхой хэмжээнд хуудас, номыг нь эргүүлж судаллаа. Дээр нь найруулагч гэж хэн юм, ямар хүн байх юм бэ гэдгийг тэр сайхан хүмүүсээс эзэмших хувь заяа надад бас оногдсон юм аа. Ингээд би Ленинградад таван жил сурсан. Дахиад хэлэхэд, би их хувь заяатай хүн байгаа хүн. Яагаад гэвэл уран зургийн түүхийн хичээл л гэхэд Эрмитажийн музейд ордог байсан гээд хэн хүнд олдохгүй боломж завшаан тохиож байсан. Би дипломынхоо ажлыг дэлхийн сор болсон дууриудын нэг Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Сивилийн үсчин” дууриар Монголд хийсэн.
-Гоцлол дуучин байсан хүн ерөнхий найруулагч болоод театртаа иржээ. Олон жил ажилласан. Хүсэл мөрөөдөл, зорилго тань юу байв?
-Ленинградаас ирээд найруулагчаараа ажиллаад өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд бүх зүйл индүүдсэн юм шиг сайхан байсан гэвэл худлаа болно. Янз бүрийн л юм тохиолдож байсан. Тэгэхдээ ихэнх нь сайхан байсан. Ихэнхэд нь би өөрийнхөө мэргэжил ажилд дурлаж байсан. Энэ театрт ажиллаж байсан миний багш нар, найзууд, шавь нартайгаа гар нийлэн ажилласан, тэдэндээ би хайртай байсан. Үүнийг би өнөөдөр нүүр бардам хийж чадна. Надад дотроо бодсон бодол, зорилго байсан. Театр маань цаашаа хөгжиж дэвжих нь дамжиггүй ээ. Үүний тулд урын сангийн бодлогыг зөв авч явах ёстой. Гадаадын ямар ч хоолойтой дуучин Монголд ирээд дуулчих тийм урын сантай болгохсон гэж зорьсон. Түүндээ би өнөөдөр хүрч чадсан гэж боддог шүү. Магадгүй, намайг онгирч байна хэлж мэднэ. Онгирсон юм биш болсон бодит түүх нь энэ. Өнөөдөр дуурийн театрт тоглогдож байгаа сонгодог бүх урын сангуудаас дэлхийн хэн ч ирж дуулж болно. Үүнд би сэтгэл хангалуун байдаг. Нөгөө талаар өнөөдөр эргээд харахад энэ санг бий болгосноороо Монголын дуучид дэлхийн түвшний тайзан дээр гарахад ямарч гэсэн нэг дусал дэм болсон. Яагаад гэвэл тэд Монголдоо энэ дууриудыг оролдож танилцаж эхэлсэн. Тийм учраас өнөөдөр дэлхийн зургаан театрт монголчууд дуулж л байна. Жишээлж хэлэхэд, Амартүвшин маань дэлхийд хангалттай орон зайг эзэлж байна. Энэ бол монголчуудын бахархал, бахархал. Монголын дуурийн театрын урын сангийн бодлого зөв байсан учраас эд маань Монголдоо бас ажиллачихаад өөрийгөө улам төгөлдөржүүлээд өнөөдөр дэлхийд нэр төртэй явж байна гэж би боддог юм.
-Театрын хамтран зүтгэгчид гэхээр бас л домог болсон хүмүүс байгаа биз?
-Түрүүн би дурдсан даа, Ж.Чулуун, Ч.Жамсранжав, зураач Ч.Гунгаасүх гээд байна. Ч.Гунгаасүх бол их олон жил хамтарч ажилласан, сайн найз маань. Сахал үс, толгой, байгаа төрх гээд харахад л зураач гэж харагдахаар, зурахаас өөр юм хийдэггүй гэмээр хүн. Бид бүх л насаараа хамт ажиллалаа даа. Миний хийсэн бүх л дууриуд бол Ч.Гунгаасүхтэй холбоотой. Энэ хүн бол асар хөдөлмөрч хөгжмийг их сайн мэдэрдэг. Энэ театрт нэг онцлог байдаг юм. Хөгжмийн анхны мэдэгдэхүүнгүй хүн энэ театрт гишгэх эрхгүй гэж би дотроо боддог. Яагаад гэвэл хийж байгаа бүх юм маань зөвхөн хөгжим дээр тулгуурладаг. Үүнийг мэдэрч мэдэж байж л сая энэ театрт суух ёстой. Манай Гунгаасүх Ленинградад Эрмитажад мундаг багш нараар хичээл заалгаж төгссөн. Зураач хүн тэнд хичээллэнэ гэдэг өөрөө Эрмитаж гэсэн үг. Би тэгж л найзыгаа үнэлдэг. Ч.Жамсранжав мөн л Ленинградад төгссөн. Дандаа Ленинградынхан энд цугласан гэж хааяа бас ярих дуртай. Ингээд сонгодог бүтээлүүдийг хийхээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын юмыг жаахан урагш нь ахиулах сан гэдэг сэтгэл төрсөн. Одоо манай алдартай С.Гончигсумлаа Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд гээд энэ хүмүүс бидэнд маш сайн суурь тавьж өгсөн. Сонгодог урлагийн театрыг бий болгохдоо тэд нар сэтгэл зүрхээрээ, мэдлэг, авьяас оюунаараа мундаг суурь тавьж өгсөн. Тэгэхээр байгаа юмыг байгаагаар нь биш жаахан урагш ахиулахсан гэж дотроо бодож явсан. Би хамгийн анх С.Гончигсумлаа гуайн “Үнэн” дуурийг барьж авсан юм. Ч.Гунгаасүх зургийг нь зарсан. Бид хоёр тэр дууриараа Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал авч байсан түүхтэй. Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийг өнгөрсөн жил цоо шинээр тавилаа. Урьд нь тэрийг засаж тоглож байсан удаатай. Л.Мөрдорж гуай хоёрхон дуурь бичсэн байдаг юм. Тэрний хамгийн том нь “Хөхөө Намжил”. Гайхалтай сайхан бүтээл. Багшийнхаа дууриас “Нүцгэн ноён” эротик дуурийг тавьсан. Д.Лувсаншарав багш маань дараа нь “Бид ч санасангүй. Та нар ч санасангүй. Тэр хатдуудыг бараг л нүцгэлдэг байж дээ. Тэгсэн бол илүү ойлгох байсан байх. Чи дараа нь нэг тиймэрхүү юм бодвол зүгээр шүү” гэж байсан. Л.Түдэв гуайн зохиолоор хийсэн Дарамзагдын “Нүүдлийн замд” дуурийг ч тавьж байлаа. Монголын урдаа барьдаг сонгодгууд бол энэ нэр дурдсан хүмүүс, дээр нь цөөн хүн нэмж нэрлэгдэнэ.
-Шинэ үеийн хөгжмийн зохиолчидтой хамтарч олон сайхан бүтээл хийсэн дээ…
-Шинэ хүн хэн байна, хэнийг нааш нь татах вэ гэсэн бодол салдаггүй байсан. Би Д.Нацагдоржийн өгүүллэгүүдэд дуртай хүн. Хатуу хавтастай өгүүллэгийн түүврийг нь уншина, байнга хармаанд явна. Яагаад тэрнээс салж чаддаггүй вэ гэхээр унших болгонд тэр дотроос хөгжим үнэртэж, мэдрэгдээд байдаг. Энэ бол миний л бодол шүү дээ. Надад “Ламбагуайн нулимс” их таалагддаг. Тэр Цэрэнлхам бол учиргүй завхай хүүхэн биш гэж л надад дүрслэгдсэн. Сайхан өсөж өндийж байгаа цэцэг шиг охиндоо ээж нь гай болсон гэж би төсөөлдөг юм. Нацагдорж судлаач бол олон талаас нь зөндөө л биччихсэн. Би Цэрэнлхамыг өрөвдөөд эхэлсэн. “Энэ сайхан бүсгүйг яаж аврах вэ” гэж. Тэгээд хөгжмийн зохиолч Нацагдорж, Жанцанноровт хүртэл хэлж үзсэн. “Би одоохондоо дуурь бичихгүй ээ” гэсэн. Олон хүнд хэлсэн, нэг л болж өгсөнгүй. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж Соёлын яамны уран бүтээлийн хэлтсийн дарга байсан юм. Тэр намайг дуудаж байна. “Би танд наадахыг чинь бичих хөгжмийн зохиолч олж өгье. Гэхдээ ирэх хавар төгсөж ирэх хүн. Ирэхээр нь тантай уулзуулна аа” гэж байна. Нэг л мэдсэн чинь хавар болж Нацагдорж дуудлаа. Очсон чинь нэг хөөрхөн булцайсан цагаан залуу зогсож байсан нь Х.Билэгжаргал. Свердловскийн Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолчоор төгсөөд ирсэн үе нь. “Ламбагуйан нулимс”-ын цомнолыг хэн бичих юм гэхээр нь Бавуугийн Лхагвасүрэн бичнэ л гэлээ. Тэгээд хийхээр боллоо. Б.Лхагвасүрэнг дуудлаа, өөрийнхөө санаа оноог хэллээ. Б.Лхагвасүрэн “Үүнийг би бичихгүй юм болбол хэн бичдэг юм. Д.Нацагдорж л ингэж бичих байсан байх гэх хэмжээнд бичнэ. Чи харж байгаарай” гээд томорч байна. Ер нь жинхэнэ уран бүтээлч улсууд бол муудалцана, өөр өөрийнхөө санааг хамгаалж гурвалжин дөрвөлжин маргаан болдог юм. Тэгэхгүй бол юм бүтэхгүй байх гэж би боддог юм. Ингэж л “Ламбагуайн нулимс” төрсөн.
-Х.Билэгжаргал гуайн шилдэг бүтээлийн нэг гэж үнэлэгддэг…
-“Ламбагуайн нулимс”-ыг бичсэнээрээ Х.Билэгжаргал Монголын дуурийн хөгжимд хэн ч хийгээгүй шинэчлэл авчирсан. Үүгээрээ Х.Билэгжаргал Монголын хөгжим болон дуурийн урлагт өөрийнхөө гарын үсгийг хэзээ ч арилахгүйгээр зурсан. Б.Лхагвасүрэн цомнолыг гайхалтай бичсэн. Уншихаар нээрэн ч Нацагдорж бичсэн бол ингэж л бичих байсан байх гэж санагддаг юм аа. Миний хувьд ч олон дуурь жүжиг найруулснаас арай дөнгүүр нь “Ламбагуайн нулимс” гэж боддог. Нацагдорж судлаач Оросын эрдэмтэн Яцковский “Кармены олны хэсэгтэй тийм сайхан хөгжим бичжээ” гэж Х.Билэгжаргалыг маань магтаж байсан. Дараа нь яруу найрагч О.Мэнд-Ооёо, Х.Билэгжаргал бид гурав “Гэрэл сүүдэр” дуурь дээр ажилласан.
-“Чингис хаан” дуурь таны сэтгэлд олон жил явсан уу?
-Х.Билэгжаргалын дараа шинэ залуучууд орж ирсэн. Тэднийг өдөөгч нь, сэдэгч нь би байсан юм. Одоо улсууд худлаа ярьж байна гэж магадгүй дээ. Тэгэхдээ үнэн бол тэр л дээ. Харин биеэ дааж өөрөө юм хийж орж ирсэн хүн бол хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж. Ц.Нацагдорж Шажинбатаар цомнолоо хийлгээд “Үүлэнзаяа” дуурийг бичиж ирсэн. Уран бүтээлийн хувьд би бүх л хөгжмийн зохиолчтой уулзаж байсан. Нэг удаа Б.Шаравт “Чамайг мундаг хөгжмийн зохиолч гээд байх юм. Ганц дуурь биччихдэггүй юм уу” гэлээ. Шарав маань инээж “Хийсэн ч болно л доо. Юугаар хийх вэ” гэж байна. “Чи Чингис хаанаар хий. Чингисийн тухай томоохон уран бүтээл гараагүй. Нэг л кино байна, хөгжмийн уран бүтээл хийе” гэсэн. Цомнолыг нь П.Бадарч бичсэн. Ингээд л Б.Шаравтай гурвуулаа уулзаж “Чингис хаан” дууриа эхэлж байсан юм.
Хөгжмийн зохиолч хүн өөр өөрийн ааш зан, төрхтэй шүү дээ. Шарав бол дөлгөөн хүний тоонд орно. Тэгэхдээ өөрийнхөө хийсэн юман дээр мөн ч айхавтар чардайна. “Чингис хаан” дуурь маань цаг үедээ тохирсон. Магадгүй Монголын ард түмний хүлээж байсан сэдэв байсан байж мэднэ. Ер нь тэр үед монголчууд маань сэрж, оюун ухаанд нь эцэг хааныхаа дүрслэх дүрслэл нь өөр чиг замаар орж ирж байсан ийм цаг үе юм л даа. Б.Шарав бол гайхалтай сайн хөгжим бичсэн.
Энэ мэтчилэн би хэдэн дуурь хийсэн. Үүнийгээ бол би хэнбугайн ч өмнө миний хийсэн ажил аа гэж бүрэн хэлж чадна. Үүнийг хийх боломжийг ахмад үеийн болох залуу хөгжмийн зохиолчид гаргаж ирсэн. Тэд сайн хийсэн. Шарав маань “дахиад дуурь хийвэл би арай өөр юм бодно” гэж ярьж байсан. Өөрөө тэгэхээр бас хийх хүсэл байсан. Тэнгэр тийм боломжийг нь олгосонгүй л дээ.
-Кинонд бүтээсэн дүрүүдээр тань таныг мэддэг, үнэлдэг хүмүүс цөөнгүй бий…
-Кино урлагт намайг Монголын киноны нэртэй найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн чангаагаад оруулчихсан юм. Би ер нь нэг тийм ааштай л даа. Нэг их хувирах дургүй. Нэг чиг баримжаа барьсан бол тэрэндээ үнэнч байх дуртай. Би Г.Жигжидсүрэн найруулагчийн арваад кинонд тоглосон. “Хатанбаатар”, “Алтан шонхор”, “Нарны унага”, “Намар нахиалсан мод”, “Фронтод явах өргөдөл” гээд яривал арваад кино байгаа. Кинонд оролцсон явдал надад нэг шинэ ертөнцийг нээж өгсөн юм шүү. Хөгжмийн театр дотор эргэлдсэн явцуу амьдралыг их өргөн цартай харах боломжийг надад кино урлаг нээж өгсөн. Би Монголын хөгжмийн театрын том уран бүтээлчдээс гадна драмын урлагийн сайхан уран бүтээлчидтэй дотно харилцаж, хамтран тоглох боломж бий болсон. Энэ бол надад их өөр сэтгэлгээ, өөр ертөнцийг авчирч өгсөн. Би их баян хүн гэж өөрийгөө тооцдог юм. Гадаадын олон сайхан жүжигчидтэй хамтарч тоглож, дотносож байсан. “Хатанбаатар” кинонд тоглосон Анатоли Солоницин бол дэлхийн хэмжээний хүн. Тэр хүн гадны кинонд явах гэж байснаа Чингисийн удмынхны кинонд очиж тоглоно гэж Жигжидсүрэнг дагаж ирсэн жүжигчин. Кино урлаг надад их өргөн боломжийг өгч, сэтгэл зүрх, оюун ухааныг маань баяжуулсан гэж би боддог юм. Тийм ч учраас би өнөөдөр ная хүрчихлээ. Миний удам сударт ийм насалсан хүн байдаггүй юм. Тэгэхээр энэ бүгдийг урлагийн ертөнц, энэ дотор ажиллаж амьдардаг гайхалтай суу билэгтнүүд надад бэлэглэсэн. Тийм боломжийг манай Г.Жигжидсүрэн гаргаж өгсөн.
-Хатанбаатараас эхлээд Жалцав хүртэл хоорондоо эрс тэс дүрүүд бүтээсэн. Найруулагчийн сонголт байсан байх даа…
-Би Жигжидсүрэнгээс болж амьтанд загнуулж байсан. Нэг түүх яриахад, Соёлын яамны томилолтоор сонгодог урлаг сурталчлах лекц уншихаар Говь-Алтай аймагт том амьтан очлоо. Заал дүүрэн хүнд лекцээ уншчихаад “Асуух юм байвал та бүхэн асуу. Би чадлынхаа хэрээр хариулъя” гэхэд нэг ч хүн дуугарсангүй. Тэгсэн тээр тэндээс нэг өвгөн “Би болох уу, хүү минь” гэж байна. “Болно оо” гэсэн чинь учир зүггүй намайг загнасан. “Чи яасан задарсан хүн бэ? Чи яах тэр сайхан вангийн сүр хүчийг гутаав. Чи ер нь бүтэлгүй хүн байна шүү” энэ тэр гээд авч өгсөн. Би хүмүүсээс ичиж байна гэж. “Ах аа, би чинь жүжигчин хүн” гэсэн чинь “Чиний тэр жүжигчин надад ямар хамаатай юм. Хайран сайхан вангийн дүр төрхийг юу гээч юм болгож байгаа юм” гээд загнаж гарлаа. Гай болоход яг урьд өдөр “Нарны унага” кино гарсан юм байна. Тэндээс бүтэлгүй Жалцав золигийг үзчихээд нөгөө өвгөн уурлаад байж. Ер нь монголчууд тийм зантай юм байна. Сайхан дүрд сайхан тоглосон бол тэр чигт нь хайрладаг. Тэр хүн нь эсрэг юм тоглочихвол жигтэйхэн уурлаж гомддог юм байна. Энэ мэтчилэнгээр алдар хүнд нэр сүрийн сайхныг манай Жигжидсүрэн найруулагч надад олгож өгсөн гэж боддог юм. Нэгэн үе дуурийн театрын Ч.Гунгаасүх, Ч.Жамсранжав, Л.Эрдэнэбулан гэж дуудуулж байсан бол одоо нас тогтож өвгөрөхийн цагт монголчууд намайг Баатарван гэж нэрлэдэг юм. Бүтээлээрээ, хийснээрээ ингэж дуудуулна гэдэг хамгийн том шагнал.
-Хатанбаатарт та өөрийгөө гайгүй тоглосон гэж боддог уу?
-Залуу байхдаа би “Хатанбаатар” киног үзэж чаддаггүй байсан юм. Энд ингэчихгүй, тэнд нь тэгчихгүй яасан юм бол гэж бодогдоод санаа зовоод ичээд байдаг байсан. Гэтэл одоо харин тэрийгээ хараад “Бас ч боломжийн юм байна шүү” гэж бодогдох сэтгэгдэл төрж байна. Би бололцооныхоо хэрээр урлагийн ертөнцөд зүтгэлээ, сэтгэл санаа минь өндөр байна. Би зөв мэргэжилд очжээ. Магадгүй өвөөгийнхөө санаж байснаар малчин болсон бол ертөнцийн хатуу хөтүүг тэгж дааж чадах ч байсан юм уу, үгүй ч үү хэн мэдлээ. Иймэрхүү маягаар амьдралыг тууллаа. Энэ цаг хугацаанд миний хаанчлалын үе гэж байсан. Тэр үе бүхэн саяын ярьсан бүх юмнуудтай холбоотой.
-Л.Эрдэнэбулган найруулагчийн хаанчлалын үед байсан. Дуурь, киноноос гадна хамгийн том концерт таны гараар амилдаг байсан уу?
-Гадаадад Монголын соёл урлагийг сурталчлах үйлст бас чамгүй зүтгэжээ. Олон орны хаалгыг татаж, хилийн дээсийг нь алхжээ. Нэлээн хэдэн оронд Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, тэрний ерөнхий найруулагчаар ажиллаж байлаа. Гадаад дотоод гэлтгүй санаанаас гардаггүй хэдэн тоглолт байдаг юм. 1979 онд Далай лам Монголд анх ирэх үеийн урлаг, уран сайхны үйл бүгдийг нь би хариуцаж байсан. Энэний буянд Далай лам гэдэг хүнийг барааг нь харж, адис авч, Ю.Цэдэнбал даргаар сайхан үг хэлүүлж явлаа. Монгол хүн сансарт ниссэний концертыг би хийсэн юм. Тэр бол сэтгэл санааны тайвшрал авчирсан, сайханд умбасан уур амьсгалыг бий болгосон өдрүүд гэж би дотроо боддог юм. Түүхэн үйл явдлын концертыг нэлээн шинэлэг хийхээр төлөвлөж байлаа. Дандар баатар, Зундуйн Дорж хоёроор концерт дундуур үг хэлүүлэх, найраглалаас нь уншуулахаар болов оо. Өмнө нь сайн захилаа. “Дандар ах аа, та таван минутаас илүү юм ярихгүй шүү” гэхэд “Өө тэгэлгүй яахав дээ” л гэж байна. Зундуйн Доржид бас гайгүй сайн хэллээ. Найраглалаас нь унших мөрийг нь зурж өгөөд “Илүү уншихгүй шүү” гэхэд “за за, тэгнээ” л гэж байна. Яг сансарт нисэх өдөр намайг Их тэнгэрт аваачлаа. Улс төрийн товчоо тэр чигээрээ цуглачихсан бильярд тоглоод л байна. Бүгд л инээд хөөртэй, нэг их сайхан зантай хүмүүс. “Хэн маань нисэх юм бол доо” гэлцэнэ. Гэтэл гэнэтхэн “нисчихлээ, болохоо байлаа шүү” гээд пижигнэлдээд алга болсон. Булганаас хүн ниссэнийг дуулаад хоцорлоо. Удалгүй нөгөө концерт тоглох тов гарлаа. Нөгөө хоёртоо захиж захиж л гаргалаа. Гэтэл Дандар ах 16 минут үг хэллээ. Байхгүй ээ, концерт маань сөнөчихлөө. Зундуйн Дорж гараад 20 минутад нөгөө яруу найргаа бараг бүтнээр нь уншаад хаячихлаа. Байхгүй ээ дууслаа. Хамаг биений хөлс гоожиж, орох гишгэх газар олддоггүй. Маргааш үдийн үед Цэдэнбал даргын өрөөнд дуудагдлаа. Асуудал хүндэрчихлээ дээ гэдгийг мэдэж байсан. Тэгсэн чинь Баатарцогт сайд наана нь сууж байна. Нэлээн загнууллаа. Баатарцогт сайд “Энэ нөхөр, тэр Дандар, Гүррагчаа, Зундуйн Дорж дөрөв чинь нэг нутгийн, нэг довын нөхдүүд байгаа юм” гэж авгайд хэлж байна. Авгай “Юу гэнэ ээ. Нэг нутгийн юм уу эд нар, тийм бол байж болохоо болох. Гэхдээ харамсалтай юм болсон шүү. Танд баяр хүргэе” гэдэг байгаа. Тэгээд л бүх юм дууссан. Тэгж л сансрын концертыг хийсэн юм даа. Гоё байгаа биз дээ. Миний амьдралд ийм сонин содон юм их тохиолдсон байдаг юм.
-Та сүүлд хийсэн киноныхоо тухай ярихгүй юм уу?
-“Үхэж үл болно, Чингис хаан” уу.
-Тийм тийм?
-Анх “Учиртай гурван толгой” гэж хөгжмийн кино хийсэн юм” гэж байсан. Дараа нь Чин Ван Ханддоржийн тухай гурван ангитай кино хийв. Тэрнээсээ давраад “Үхэж үл болно, Чингис хаан” киноны зохиолыг Драмын нэрт зохиолч С.Жаргалсайханаар бичүүлсэн. Тэгээд муухай зоригтой тэр киног хийхээр барьж авсан. Кино хийхэд мөнгө хэрэгтэй байсан ч тэр нь надад олддоггүй. Мөнгө нь эрээд олддоггүй ээ. Тэгээд бүр аргаа бараад мөнгө гуйж 300 гаруй компанийн хаалга татсан юм шүү дээ. Сүүлдээ би өөрөө дэн дун болсон. Юм хийх гэж байгаа хүн чинь компанийн захиралд ойлгуулах гэж оролдоно шүү дээ. Ярина хэлнэ. Бүгд л мундаг ойлгоно. Тэгээд цаг болзоно. Маргааш эсвэл 14 хоногийн дараа ирээрэй гэнэ. Ирэхэд хэн ч байхгүй. Монголчуудын нэг тод том дутагдал байдаг юм. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Энэ хамгийн аюултай дутагдал гэж би боддог юм. Яагаад гэвэл өөрийгөө ч доош нь хийж, өрөөлийг бүр аймшигтай хүнд байдалд оруулж байдаг. Тэр хүнийг ир гэсэнд горьдлого тээж л ирж байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн миний хувьд тохиолдсон биш. Ерөөсөө монголчуудын алдаа тэр юм байна.
-Гэхдээ уйгагүй явсны эцэст Та мөнгө олж киногоо хийчихсэн дээ…
-Ингээд хамгийн сүүлд “Гацуурт” компанийн захирал Чинбат гэдэг хүн чин сэтгэлээсээ тусалж, ивээн тэтгэсэн юм. Анх Цэрэндагва бид хоёр Чинбат захиралтай уулзаж кионогоо тайлбарлаж яриад л “Надад дор хаяхад дөрвөн зуун наян сая төгрөг хэрэгтэй юм байгаа” гэсэн. Тэр өдрөө гучин таван тэвш машин гаргаж, Батлан хамгаалах яаманд цэрэг авсны төлбөр өгөх байсныг төллөө. Надад нэг л үлгэр шиг, худлаа яриад ч байгаа юм санагдаад л итгэж өгдөггүй. Ингээд хөрөнгө оруулалт бүтэж, кино маань эхэлсэн. Хоёр ажилтнаа дуудаж Л.Эрдэнэбулган гуайн ажлыг “Хувийнхаа нэг жижиг компанийн хэмжээнд дэмжинэ шүү. Ямар нэгэн асуудал гарвал зөвхөн Эрдэнэбулган гуайн зөвшөөрлөөр хийнэ” гэж даалгавар өглөө. Бүр мөнгөө бэлэн аваад яв гэж байна. Тэгэхээр нь компаниас нь нягтан гаргуулж авлаа.
Киногоо хийж дуусаад үзүүллээ. 800 сая төгрөг өгсөн хүн “Иш чааваас ийм юм хийгээд” гэж хэлэх вий гэхээс эмээж л байлаа. Кино үзэж дуусаад Чинбат захирал босоод “Баяр хүргэе ээ. Монголчууд өөрсдийнхөө тухай ингэж хийж байгаа нь талархалтай юм. Бусдад яахыг мэдэхгүй. Хөрөнгө гаргасан хүний хувьд би сэтгэл сануулан байна аа. Баярлалаа. Эрдэнэбулган гуай” гэж хэлсэн. Ингэж энэ кино дууссан байгаа юм.
-Танд нийт хэдэн бүтээл байна вэ?
-Нийт 29 дуурь хийсэн. Дөрвөн кино хийжээ. Хот, хөдөөгүй томхон хэмжээний 200 гаруй концерт хийсэн. Долоон удаа гадаадад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан байна. Хамгийн сүүлийн соёлын өдрийг 1992 онд Москвад хийсэн юм.
-Одоо багш нарынхаа талаар дурсах уу?
-Д.Лувсаншарав багш намайг анх театрт авсан хүн. Лувсаншарав багш маш нарийн дэг жаягтай, өндөр ёс суртахуунтай, их чадварлаг хүн л дээ. Хар багаасаа зовлон үзсэн юм байна. Миний ажигласнаар манай багш эргэж буцдаг хүнд дургүй. Дээр нь наргиж цэнгэсэн үед маргааш өглөө нь ажилдаа ирж чадахгүй хүнийг бүр авч хэлэлцэхгүй. Хүмсүүдээс яг өөртэйгөө адилхан өндөр шаардлагыг нэхдэг. Монголын хөгжмийн урлагт гайхамшигтай олон дуу бичсэн. Энэ дуунууд бол өнөөдөр ч амьдарч байна. “Хан бүргэд”, “Шивээ хиагт” зэрэг хэд хэдэн сайхан дуурь бичсэн. Ажлын бус цагт бол бусдаас доор шүү. Тоглоод л бужигнуулаад л үймүүлээд, энд тэнд унагахыг нь унагаж, асгахыг нь асгаад л бүр хачин. Тийм нэг өвөрмөц хүн байсан даа.
Монголын урлагт Ж.Чулуун гэдэг гайхамшигтай суу билэгтэй хүн байсан. Энэ хүн бусадтайгаа адилхан номын биш, цэвэр авьяас. Дээд сургуулийн боловсрол гэж байхгүй. Тэгэхдээ өөрөө асар хөдөлмөрч, ажилсаг хүн. Тэр нь нөлөөлсөн байх. Хийлийг гайхамшигтай тоглодог. Сурган хүмүүжүүлэгч, өөрийн гэсэн үзэл бодол, арга барилтай. Тэнгэрээс өгсөн авьяасаараа ямар ч хөгжмийн бүтээлийг тоглож чаддаг, удирдаж чаддаг. Ер нь хөгжмийн урлаг гэдэг бол удирдаачидтай шууд холбоотой. Ж.Чулуун багшийг удирдаачийн байран дээр ирэхэд ямар ч хүн, ямар ч хөгжмийн бүрэлдэхүүн атгасан шагай шиг гарт нь ордог. Ийм увдистай удирдаач тэр болгон төрдөггүй ховор. Ч.Жамсранжав бол Ленинградад сургууль төгсөн, том мэргэжилтэн. Ардын зураач Л.Гаваа гэж хүн бий. Энэ хүн маш өвөрмөц арга барилтай. Маш сонин шийдлүүдийг хийдэг, орчин үе уламжлалт урлаг хоёрыг нь хослуулдаг хүн. Гавааг олон зураачид их өндөр түвшинд үнэлж байдаг юм. Театрын дарга Л.Намхайцэрэн гуай бол герман боловсролтой хүн. Биеэ авч явах байдал, идэж уух, хүнтэй харилцаа зэрэг нь яг герман соёлтой гайхамшигтай хүн л дээ.
-Та чинь олон улсын дуурийн наадмыг анх удаа зохион байгуулж байсан байх аа…
-Италийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Пуччиний “Турандот” дууриас сэдэвлэн Монголын хан хүү нэртэй Олон улсын дуурийн наадмыг Монголд анх удаа зохион байгуулсан. Дуурийн наадамд Итали, Хятад, Болгар, БНСУ, ОХУ, Монголын уран бүтээлчид оролцсон юм. Мөн Америкийн үндэсний дуурь Ж.Гершвиний “Порги Бесс хоёр” дуурийг албан ёсны эрхийг нь авч Монголдоо тоглож байлаа. Америкаас удирдаач, хормейстер, төгөлдөр хуурч нь ирж байсан юм. Гээд дурдаад байвал их урт түүх ярих болно.
-Гадаадын 30 гаруй орноор явлаа гэж ярьж байна. Монголоо ч гэсэн бүтэн тойрсон уу?
-Би Театрт орсон цагаасаа эхлэн урлагийн бригадаар хөдөөгүүр тоглолт хийдэг байсан. Хол аймгуудад сар хүртэл хугацаагаар явна. Эхэндээ тэмээн дээр хөгжим, зэмсгээ ачаад дагаад явдаг байсан байгаа юм. Дараа нь арай боловсорч морин тэргээр, сүүлдээ машин унаатай явдаг болсон. Одоо бодоход Монголоо дөрвөн удаа бүтэн тойрсон байдаг. Надад очиж үзээгүй аймаг, сум, баг байхгүй. Урлагийн нэг бригад 15-30 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Хөдөөгийн зон олонд сонгодог урлагийг таниулах, сурталчлахын зэргэцээ Монгол нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх аз завшаан бидэнд тохиож байж дээ.
-Таны хань бас дуурийн театрын балетчин байсан….
-Би бүхэл бүтэн жаран жилийг дуурийнхаа театрт ажиллажээ. Миний амьдралын баяр баясгалан, уйтгар гуниг аливаа бүхэн бол энэ театраас л амилж эхэлдэг. Ийм түүхтэй. Эргээд харахад энэ театрт ажилласнаараа би нэр бүтэн явсан байх юм. Би энэ театраас ажил амьдралаа эхэлсэн. Хань ижлээ ч эндээс л олж авсан. Энэ театртаас би нэр хүндийг ч олж авсан.
Миний хань Монголын анхны балетчдын нэг, гавьяат жүжигчин А.Навчаа. Ханьтайгаа бүтэн 50 жил хамт амьдарч байгаад өнгөрсөн жил тэр маань явчихлаа. Хоёулаа уран бүтээлч болохоор өөрийнхөө үр хүүхэд, бусадтай харьцах харьцаандаа жаахан орхигдуулсан тал бий. Амьдралын бүх нугачаанд хамтдаа байсан ханиа өнөөдөр бас эргэж санахгүй байж би чадахгүй юм. Хүний амьдралд тохиолддог онох алдах, хазгай гишгэх үед ханьтай байна гэдэг амьдралын хамаг утга учир нь байдаг юм болов уу. Тэр маань уучлах юман дээр уучилж, хайрлах юман дээр хайрлаж, болохгүй юмыг нь хэлж, болдог юмыг нь болгож, хажууд минь гэрийн нэг багана шиг явж байсныг би бас хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Өнгөрсөн жил бид ярьсан байсан юм. Тавин жилийнхээ ойг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэнэ шүү гэж. Ерөөсөө хорвоогийн жам юм л даа. Нэг нь ирж байдаг, нэг нь буцаж байдаг тийм л юм тохиолдлоо.
-Таны 80 насны ойд зориулан Дуурийн театр “Сонгодог жаран” тоглолт зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэнд өнгөрөөсөн 60 жил таны хувьд юу вэ?
-Энэ 60 жил миний амьдралын ялалтын эхлэл ба төгсгөл. Энэ дотор бүх юм багтсан. Алдаа оноо маань бүгд бий. Оноо нь илүү байх аа. 60 жил нэг газар ажиллана гэдэг хувь тавилан юм. Бүхэл бүтэн нэг жарныг сонгодог урлагийн төлөө чин үнэнчээр зүтгэж элээжээ. Энэ улаан байшинд миний бүх амьдрал багтаж байгаа. Ажил төрөл, гэр бүл, уран бүтээл, гадаад дотоод айлчлан тоглолт гээд. Больчихмоор үе байсан, болиогүй төдийгөөс өдий хүртэл чин сэтгэлээсээ зүтгэлээ.
-Та Булганы хүн. Их л нутаг амьтай хүн санагддаг. Байнга л нутагтаа байгаа дуулддаг…
-Би Булган аймгийн Бугат сумын хүн. Сүүлийн 10-аад жил тэндээ амьдарч байна. Жижиг хөөрхөн байшиндаа эхнэр, нохойтойгоо гурвуулаа амьдарч ирлээ. Яаж тэр хол уул хадан дунд амьдардаг юм гэж хүмүүс гайхдаг юм. Мэдээж хэрэг хичнээн төрж өссөн нутаг ус ч хоёулхнаа байвал бас тийм амар биш. Хамгийн гол нь манай нутгийнхан намайг жигтэйхэн дээдэлж, хүндэлж харьцдаг юм. Түүнтэй нь адилхан сайхан байхсан гэж би дотроо боддог юм. Тэнд миний хэдэн найзууд бий. Бугат сумын түүхийг тэр чигт нь мэддэг Шагдар гээд сүрхий ажигч өвгөн бий. Сайнцогийн гэр бүл, Наранцогт, Сувдаа, Алтсайхан, Цэдэнбал, Отгон гээд сайхан сэтгэлтэй хүмүүс бид хоёрт маш их тусалдаг байсан. Байнга эргэж тойрно. Өвдөж үү, эрүүл саруул байна уу гэж асууж сурна. Өнгөрсөн жил миний ханийг бурхан болоход тэр холоос миний энэ хэдэн найзууд бүгд ирсэн. Өнөөдөр ч гэсэн би ганцаараа нутагтаа очиход тэд маань тосч уулздаг. Янз бүрийн зочин төлөөлөгч ирлээ гэхэд тэд л гүйж, хамаг ажил зохицуулж өгдөг сайхан нөхөд надад байдаг юм.
Ер нь манай булганчууд надад хүндлэлтэй сайхан сэтгэлээр ханддаг. Тэр тусмаа Магсаржав гуайн төрсөн нутаг Хутаг сумынхан Магсаржав гуай хүрээд ирсэн юм шиг тийм сэтгэлээр ханддаг. Аль ч суманд, хаана ч яваад орсон намайг танихгүй, хүндлэхгүй хүн байдаггүй. Ийм хүндлэл надад хэм хэмжээтэй байхыг, хүн шиг явахыг байнга мэдрүүлдэг. Тэр их хайрыг гэдэс рүүгээ бүгдийг нь чихчихгүй явахсан, эмх цэгцтэй явахсан гэж бодогдоод байдаг юм. Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай “Хатанбаатар” киног гарсны дараа “Өнөөдрийн киног монголчууд их сайхан хүлээж авах шинжтэй байна. Сайхан хүлээж авна гэдэг чиний нэр сүр ихээхэн дээшээ явна гэсэн үг. Тэр сайхан нэр сүрийг олсон хүн нохойд хошуугаа долоолгоод хэвтэж байвал гутамшиг. Тийм явдал бидэнд тохиолдож байсан түүхтэй. Нутгийн хүний хувьд чамд хэлэхэд чи эмх цэгцтэй, тохитой томоотой сайхан яваарай” гэж захиж байсан юм. Өнөөдөр тэр кино гарснаас хойш 40 жил боллоо. Эцэг шиг минь сургасан тэр хүний үгнээс гажсангүй өдий хүрлээ.