Categories
мэдээ нийгэм

​ Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор маргааш 259 иргэн эх орондоо ирнэ​

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш буюу аравдугаар сарын 10-нд Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна.

Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

А. Сүрлэгмаа

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр

Дэлхийн шуудангийн байгууллага (UPU) нь 1874 оны 10 дугаар сарын 9-ний энэ өдөр Бернийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар “General Postal Union” нэртэйгээр байгуулагдаж байв.

Түүнээс 4 жилийн дараа “Universal Postal Union” гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн шуудангийн конгрессоос жил бүрийн 10 дугаар сарын 9-ний энэ өдрийг Дэлхийн шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Өнөө цагт шуудангийн үйлчилгээ нь хүргэлт, холболт, лавлагаа гээд олон төрлийн үйл ажиллагаа эрхлэх болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 1606 удаагийн дуудлагаар 1669 иргэний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1606 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол бүртгэгдсэн байна.

Үүний 89,1 хувь буюу 1430 нь ахуйн гал түймэр, 0,3 хувь буюу 5 нь ой, хээрийн түймэр, 10,6 хувь буюу 171 нь ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 36,5 хувиар, ахуйн гал түймрийн тоо 38,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Харин нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 1669 иргэний амь нас, 77,3 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д 33 давхар барилга шатаж, 88 хүн эмнэлэгт хүргэгджээ

БНСУ-ын Улсан хотын “Samhwan Art Nouveau” нэртэй 33 давхар худалдаа үйлчилгээ болон орон сууцны цогцолборт өнгөрөгч пүрэв гараг буюу аравдугаар сарын 9-ний өдрийн 23:07 цагийн орчимд гал гарчээ. Хүчтэй салхины улмаас гал хэсэгхэн зуурт барилгыг бүхэлд нь хамарч, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Гал сөнөөгчид түймрийг хоёр цагийн дараа гэхэд хяналтдаа авсан хэдий ч хүчтэй салхины улмаас гал есөн цагийн турш үргэлжилж, өнөөдөр өглөөг хүртэл бүрэн унтраагүй аж. Галын улмаас дор хаяж 88 хүн угаартаж, ойролцоох эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бол хүний амь эрсдээгүй гэж албаныхан мэдээлжээ.

Аврах ажиллагааны хүрээнд нийт 77 хүнийг барилгаас аюулгүй гаргасан ба тэдний 40 орчмыг нь дээврээс аварсан байна. Гал сөнөөгчид одоог хүртэл цогцолбор дотор байж болзошгүй хүмүүсийг үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ.

120 гаруй айл өрх, худалдааны хэсгүүд байрладаг тус барилгын 12 давхарт анх гал гарсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд галын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр барилгын гадна талын ханан дахь дулаалгын материал гал хурдан тархахад нөлөөлсөн байж болзошгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад хүлээж авлаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр,
“Өнгөрсөн хугацаанд/2016-2020 онд/ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, 5 хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбожээ. Өнөөдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам гүйцлээ. Энэ зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн олон сайн үзүүлэлт, үр өгөөжийг дагуулах юм. Иргэд, зорчигдын аюулгүй байдал, ая тухтай байдлыг хангаж, техник, эдийн засгийн хувьд хэмнэлт авч ирэх нь гарцаагүй. Үндэсний компани түүний инженер, техникийн ажилчид өөрийн хүчээр бие даан жил хүрэхгүй хугацаанд чанар стандартад нийцсэн хатуу хучилттай автозамыг концессын гэрээгээр хийлээ. Үндэсний бүтээн байгуулагч “Макс рөүд” ХХК, хяналт тавьж, зөвлөн тусалж ажилласан “Аварга зам” ХХК-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Засгийн газрын 2015 оны 87-р тогтоолын дагуу “Эрчим хүчний барилга угсралтын тресст” ХХК барилгын ажлыг эхлүүлжээ. Зарим шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр зогсож 2018 оны хавраас үргэлжлэн тус онд 6,9%-ийн гүйцэтгэл хийсэн бол 2019 онд холбогдох этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцож, концесс эзэмшигчийн эрх, үүргийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр барилга угсралтын гүйцэтгэлийг эрчимжүүлж, “Аварга зам” ХХК зөвлөхөөр ажиллаж, нийт ажлын 45% буюу эхний 30 км авто замыг мөн ондоо ашиглалтад оруулсан бол үлдсэн хэсгийг ийнхүү энэ онд багтаан барьж, дуусгалаа. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальтбетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.

Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто зам баригдсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулвал баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40%, цаг хугацааг хоёр дахин хэмнэх аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Цэнд-Аюуш: Сургуулиудын 62 хувь нь зориулалтын бус газарт “Үдийн цай”-аа бэлтгэж байна

НМХГ-гаас ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Цэнд-Аюуш мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 сургууль нийтдээ 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.

275 сургуулийн үдийн цайны хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. 77,2 хувийг нь шалгалтад хамруулаад байна. Хяналт шалгалтын явцад хоолноос 450 арчдас, уснаас 75, хоолны илчлэг тодруулах шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүнээс 30 сорьц авч шинжилсэн.

Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.5 сая төгрөгийн торгууль ногдуулж ажиллалаа. Зарим зөрчил дутагдлууд арилахгүй байна.

2021 оноос “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж хэрэгжинэ. Тиймээс анхаарах хэд хэдэн асуудал байна.

-Нийслэлийн хэмжээнд төрийн өмийн 138 сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.Төрийн бус өмчийн 117 сургуулийн 23,3 хувь нь л зориулалтын байртай.

Мөн үдийн цай хөтөрбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл 28,2 хувь нь Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулаагүй ажиллаж байсан.

Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.

Мөн хүнс хадгалах зориулалтын сав байхгүй, хөргүүр хөргөгч дутагдалтай байна” гэлээ.

А. Сүрлэгмаа

Categories
мэдээ нийгэм

Самар түүхээр явсан 23 настай эмэгтэй сураггүй алга болжээ

НийслэлийнБаянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны Шургуут гэдэг газар өчигдөр 23 настай эмэгтэй Т самар түүхээр яваад сураггүй алга болжээ. Одоогоор нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт аврах, эрэн хайх ажиллагааг хийж байна.

Мөн ОБЕГ-т Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Улаан-Хад гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр яваад 65 настай эрэгтэй Ц, 47 настай эрэгтэй С нар сураггүй алга болсон байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа олон хоног үргэлжилсний эцэст аравдугаар сарын 6-ны өдөр Ц-г, иргэн С-ийг өчигдөр тус, тус эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн Ар хонхор гэдэг газар есдүгээр сарын 23-ны өдөр эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй 51 настай эрэгтэй Т-ийн цогцсыг аравдугаар сарын 6-ны өдөр сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т газраас олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэр ОБЕГ-тай хамтран ажиллана

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарын суурь, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийх учир олон салбарын хамтын ажиллагаа шаардлагатай. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шат, ашиглалтын үед аюулгүй ажиллагаа чухал учир энэ чиглэлд хамтрах юм. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Мандахгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа, төслийн хүрээнд хийж буй ажилтай өчигдөр танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь аюулгүй ажиллагаагаа бүрэн хангахын тулд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат хяналтын системээс гадна аливаа эрсдэлд бэлэн байх үүднээс гал унтраах ангитай байх юм. Аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй осол гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд ОБЕГ чиг үүргийнхээ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжтойг тус байгууллагын удирдлага хэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад анх байгуулагдаж буй, шинэ салбарын эхлэл учир аюулгүй ажиллагааны хувьд зураг төслийн шатнаас эхлэн хамтран ажиллах шаардлагатайг онцлов. Уулзалтын төгсгөлд, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хохирол багатай даван туулахад хүний нөөц бэлтгэх, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн хангамжийн талаар мэргэжлийн заавар зөвлөмж, туслалцаа үзүүлэх зэргийг тусгасан санамж бичиг байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Цусны Хандивийг нэмэгдүүлэх чиглэлд ЭМЯ Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна

COVID-19 цар тахлын улмаас цус цуглуулах үйл явцад тодорхойгүй байдал үүссэнээр дэлхийн өнцөг булан бүрт цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомстол үүсч, сая сая хүмүүсийн амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүсийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, цусаа хандивлах үйл явцыг хялбарчлах үүднээс Фэйсбүүк компани Эрүүл Мэндийн Яамтай хамтран Цусны Хандив цэсийг нэвтрүүллээ. Уг цэс нь цусны нөөцийг тасалдуулахгүйн тулд хүмүүсийг цусаа хандивлахад уриалж, тэднийг цусны төвүүдтэй холбож өгөх зорилготой.

Хором бүрт хэн нэгний амь насыг аврахын тулд цус сэлбэх шаардлага гардаг бөгөөд нэг удаа хандивласан цус гурван хүний амийг аврах боломжтой байдаг. Сайн дурын цусны доноруудын хувьд аюулгүй, чанартай цус хандивлах нь чухал ч тэд ихэнхдээ хаана, хэзээ өгөхөө гэдгээ мэддэггүй.

Эрүүл мэндийн яамтай хамтран Монголд нэвтрүүлж буй Цусны Хандив цэс нь хүмүүст ойр байрлах цусны хандивын арга хэмжээний талаар зарлал, цусны төвүүдээс ирж буй хүсэлтүүд болон цусаа хандивлах боломжуудын талаар мэдээлэх болно. Мөн албан байгууллагууд өөрсдөө цусны төвүүдэд хүсэлт гарган, цус хандивлах арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Фэйсбүүкээс хүмүүст идэвхтэй цусаа хандивлахад уриалж, цусны төвүүдийн талаарх мэдээллээр байнга хангана.

Эрүүл мэндийн яамны сайд Т. Мөнхсайхан: “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас цусны донорын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цусны аюулгүй байдал, гамшгийн үед ашиглах цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх, эдгээртэй холбоотой цогц үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төрөөс цусны аюулгүй байдлыг хангах, нөөц хангамжийг бүрдүүлэх чиглэлээр байнга анхаарч ажилласны нэг жишээ нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Цусны 26 салбар төвийн техник, тоног төхөөрөмж, барилга, байгууламжийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн явдал бөгөөд төслийн үр дүнд цусны аюулгүй байдлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэж чадсан явдал юм.

Фэйсбүүкийн Монгол, ХонгКонг, Тайванийг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулах газрын дарга Жорж Чен: “Бид Монгол Улсын Засгийн Газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, COVID-19-тэй тэмцэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг болох Цусны Донор цэсийг Фэйсбүүк аппликейшнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Фэйсбүүк өөрийн платформоор дамжуулан хэрэглэгч бүрт мэдээллийг хүргэх, тэднийг нэгтгэх зорилготой ажилласаар ирсэн. Цусны нөөцийг хангалттай байлгах нь манай эрүүл мэндийн системд байнга тулгардаг асуудал бөгөөд хүмүүс хэзээ, хаана цусаа хандивлаж болох талаар мэдээлэлтэй болсноор цусаа хандивлах хүмүүсийн тоо нэмэгдэж, цусны нөөцийг тогтвортой болгоход ихээхэн хувь нэмэр оруулж чадна.”Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Аюулгүй, үр дүнтэй, чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнийг бүх нийтэд хүртээмжтэй болгох үйл ажиллагааны хүрээ (2020-2023)” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор цус авах, шинжлэх, боловсруулах, нөөц бүрдүүлэх, нөхөн хангахтай холбоотой үндсэн журмууд, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон Цусны салбар төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлаад байна.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд цус сэлбэлтээр дамжих халдварыг бууруулахад чиглэсэн бууруулах, Цусны албыг өргөжүүлэх замаар аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортойгоор нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.”

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н. Эрдэнэбаяр: “Аюулгүй, чанартай, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэх зорилгоор сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоог бүрдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед аюулгүй, чанарын баталгаатай, хүрэлцээтэй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах чадамжийг бүрдүүлэхийн тулд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэх, цусаа тогтмол бэлэглэж, бусдын амь насыг аврагч болж “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэе” урианд нэгдэхийг Та бүхэндээ уриалж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейгаас баталсан 28.72,58.13 тогтоол, 2009 оны Мельбурний тунхаглалаар 2020 он гэхэд дэлхийн улс, орнууд 100% сайн дурын, авлагагүй цусны донороос цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэдэг болох зорилт дэвшүүлсэн бол Монгол улс 2016 онд дээрх зорилтыг бүрэн хангаж, 100% сайн дурын, авлагагүй донороос цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэдэг болсныг дурдахад таатай байна.

Сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар Монгол Улсын Цусны албыг сонгон хамтран ажиллаж байгаа Фэйсбүүк компанид талархлаа илэрхийлье.”

Одооноос эхлэн Фэйсбүүк хэрэглэгчдийн News Feed хэсэгт Blood Donations буюу Цусны Хандив цэсэнд мэдээлэл очно. Цусны донороор бүртгүүлнэ гэдэг нь хэрэглэгч ойролцоох цусны төвөөс мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрч байна гэсэн утгатай бөгөөд өөр нэмэлт мэдээлэл оруулах шаардлагагүй болно. Хэрэглэгчид холбоосоор нэвтрэн, цусны донороор бүртгүүлэхээс гадна найз нөхдөө урьж, цус өгөх өдрөө сануулах тохиргоо хийх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Автомашин онхолдож гурван хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 38 км/ газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469 маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 394 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.