Categories
мэдээ нийгэм

Үндсэн мэргэшлийн сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт боллоо

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн /резидентийн/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна.

Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.

Үүнд:

  • Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ.
  • Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.
  • Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.
Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирлээ

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо ирж байна.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Өнөрчимэг: “Тэг зогсолт” бол төрийн удирдлагууд ард түмнээрээ даажигнасан зохион байгуулалттай ажил байсан

-ӨНГӨРСӨН ЛХАГВА ГАРИГИЙН ТЭГ ЗОГСОЛТ НЬ ТӨРӨӨС САНААТАЙГААР ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ҮҮ-

“Намгүй Монгол” хөдөлгөөний тэргүүн Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн лхагва гаригт Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт хийлээ. Эрх баригчид өөрсдийн бэлдсэн зохицуулалтаа хийхийн тулд урьдчилаад ийнхүү зохион байгуулалттайгаар тэг зогсолт хийж, ард түмнийг бухимдууллаа гэж ярих хүмүүс байна. Тэг зогсолтыг үнэхээр зохион байгуулсан гэж үү?

-Энэ бол төрийн удирдлагууд болоод замын хөдөлгөөнтэй холбоотой албан тушаалтнуудын ард түмнээр даажигнаж байгаа, зохион байгуулалттай ажил мөн. Үүнийг баталж хэлье. Нэгдүгээрт, чухал цуглаан, олуулаа ирэх үйл ажиллагааг угтуулаад замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулж, зүүн, баруун эргэнэ гэж зохицуулалт хийдэг. Хоёрдугаарт, автобус унаанд суух гэж байгаад бичиг баримт, түрийвч, мөнгө төгрөгөө алдчихсан хүмүүс камераар шүүлгэх гэж цагдаагийн газарт очиход ямар ч камер нь ажилладаггүй гэдэг асуудал их гардаг юм.

Гуравдугаарт, хотод зогсоол, талбай байхгүй, засмал замын багтаамж нь муу байсаар байтал иргэдийг банкны системээр шууд торгодог. Нэг л мэдэхэд шүүхийн бичиг ирдэг, нэг л мэдэхэд чек бичээд ороод ирдэг. Яг энэ ажил дээрээ өнөө хяналт, камер, техникийн дэвшлүүд нь маш сайн ажилладаг. Дөрөвдүгээрт, хот тохижилт, НЗДТГ гэж бий шүү дээ. Эд нар чинь уулнаас мод авчирч үндсээр нь сольж суулгах нэрийдлээр, хашлага будах, өнгийг нь өөрчлөх нэрийдлээр, өвөлдөө гялгар уутаар моддоо бүрэх нэрийдлээр, модны хөрснөөс дээш ил гарсан хэсгийг цагаанаар будах нэрийдлээр 1990-ээд оноос эхэлж мөнгө угааж эхэлсэн. Нийслэлтэй холбоотой мөнгөний луйвар энд явдаг. Нийслэлтэй холбоотой хөшөө дурсгалыг зөөх, унагаах, шинээр барих, усан оргилуур, гүүр мэтээр мөнгө угаадаг. Арслантай гүүрнээс доош өчнөөн гүүр байна. Ямар ч хэрэггүй, хэн ч гардаггүй, ямар ч машин ашигладдаггүй гүүрүүдийг барьж мөнгө унагадаг. Тав дахь нотлох зүйл бол дарга нар өөрсдөө Зайсангаар сэлүүхэн явдаг. Ялангуяа “Зайсан Хилл”-ийг худалдаж авсан Амарсайхан даргын ээж нь Налайхад амьдарч байгаа. Тэгтэл “Zaisan hill”-ээсээ Налайх хүртэл гурван ч хурдны зам хийчихээд байгаа биз дээ. Бараг ээжийнхээ гадаа хүртэл. Өөрийнхөө ахын Сайн номун хийд рүү орон ортол зам тавьж байгаа шүү дээ. Хувийнхаа юм руу улсын төсвөөр зам тавьж байгаа байхгүй юу.

Маш ноцтой нь юу вэ гэхээр, Замын цагдаагийн газрын дээд удирдлагуудыг шалгамаар байна. Монгол цустай, монгол ястай хүн байхгүй гэдэг нь нотлогдоод байна. Замын цагдаагийн газар нь Японд хог хаягдал болсон, хүн унаж болохгүй машинд хулгай, дээрмийн аргаар шинэ номер өгдөг. Замын цагдаагийн газар, Хот тохижилтын алба, НЗДТГ, ЦЕГ, ТЕГ, АТГ-ын олигархуудын уур нь хүрэхээрээ тэр уураа ард түмэнд гаргаж байгаа нь харагддаг.

-Тэг зогсолтын үеэр цагдаагийн газраас бүх албан хаагчид, зохицуулагчдаа цуглуулж хурал хуй хийсэн сураг дуулдлаа. Мөн зам дээр байсан зохицуулагчид нь гол замаа явуулах нэрээр туслах замын хөдөлгөөнийг таг хаасан гэж хүмүүс ажиглажээ. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ?

-Энэ олигархиуд чинь ийм юм хийчихээд хундага тулгаад инээлдээд сууж байдаг гэдэг шүү дээ. Яагаад инээлддэг вэ гэхээр, энэ олон мянган машинаас нэг нь дэлбэрээсэй. Нэг нь дэлбэрэхэд ташраараа зам дээр дэлбэрэлт болно гэж. Орон сууцнуудыг хэргээр хооронд нь шамбааралдуулж бариулдаг. Хүн олноор суудаг Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар зэрэг хотуудад газар хөдөлбөл бөөнөөр нь даруулж үхүүлэх гэж ингэж барилгуудыг тооцоогүй барьдаг юм. Үнэн шүү. Бензин колонкуудыг албаар ойрхон бариулдаг. Хот руу иргэдийг амьжиргааг нь хөөлгөж оруулж ирээд хөдөөг эзэнгүйдүүлээд баялгийг нь ухдаг. Одоо биднийг бөөгнүүлсэн газарт нь ингэж түгжрүүлж бухимдуулж байгаад халдвар тараах, осол аваар гаргах, торгож мөнгө олох гээд харийн бодлогуудаа хэрэгжүүлж байна. Ямар машиныг ачих вэ гэдэг нь ч тооцоотой. Тэр ачдаг машин нь ч хууль бус шүү дээ.

Эцсийн бүлэгт харийн бодлого нь хүүхэд залуусыг минь энэ их түгжрэлтэй, хурдгүй амьдрал дунд хөдөлгөөнгүй, залхуу болгох, идэвхгүй болгох, осол аваарт оруулах, эрүүл мэндгүй болгох, хооронд нь муудалцуулах, тахир дутуу болгох, ямар нэг гамшиг болоход нь шахаад байгаа байхгүй юу. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа харийн бодлогыг хэрэгжүүлэгч хүмүүс Монголын төрд 1990-ээд оноос эхэлж шургалсан. Аймаар хүмүүс байгаа шүү. Тэднийг бид мартаж болохгүй. Монголчуудыг түгжрэхэд тэд баярлаж байгаа. Өөрсдөө бол өөр замаар явчихдаг. Түргэний машинаас илүү хурднаар, дохиогоо хангинуулаад явчихдаг. Төрийн албанаас буусан хэрнээ арван хүнээр хамгаалуулж явцгаадаг. Төрийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь 20, 30 хамгаалагч дагуулж явж байна. Аягүй муухай харагдаж байна. Монголд Хятадын харь бодлого явагдаад байна.

-Тэг зогсолтыг зориуд зохион байгуулсны цаад шалтгаан нь юу вэ. Одоо эд нар юу хийх бол, замын хөдөлгөөний зохицуулахын тулд ямар захиргаадалтын арга саам оруулж ирэх гээд байна гэж таамаглаж байна вэ?

-Ер нь ойрын үед түгжрэлтэй байсан л даа. Гэхдээ тэр өдөр чинь есдүгээр сарын 30-ны лхагва гариг байсан. 10 сарын 1-ний өмнөх өдөр шүү дээ. 10 дугаар сарын 1-нд дэлхий даяар Хятадыг эсэргүүцсэн жагсаал болсон. Тэр жагсаалыг л эсэргүүцэж ингэж тэг зогсолт зориуд хийж байна шүү дээ.

-Тэглээ.

-Залхаагаад, хооронд нь уулзалдуулахгүй байхыг зорьсон. Угаасаа тэгсэн. Жагсагчид хоорондоо уулзаж чадахгүй байсан. Далбаа, лоозонгоо барьж ирж нэг дор цуглая гэсэн чинь цуглаж чадахгүй, зарим хүн түгжрэлд саатсан. Бидний утсыг чагнасан. Чагнаад мэдээлэл авдаг оюуны хулгайчууд хүртэл гарч ирсэн. Зориуд харийн бодлогоор энэ бүгдийг хийж байгаа шүү гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй.

-Ямар нэг ухаалаг зохицуулалт хийхийн оронд торгоно, хасна, шахна, хөөнө, хориглоно л гэх юм. Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах тал дээр ярихын оронд долоо долоо хоногоор нь тэгш, сондгойгоор явуулна гэх мэтээр улам л муйхар юм ярьцгаагаад байх юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хэрхэн зөв залах вэ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хотын зах руугаа жижигхэн жижигхэн газарт ханьсаад гэр, байшингаа бариад дундаа ус, бохироо шийдээд минималь амьдар. Одоо төр засагт байгаа хүмүүст найдаад хэрэггүй. Монголын ард түмэн өөрсдөө Засгийн газраа байгуулаад, өөрсдөө хотын захад дэд бүтцээ хөгжүүлээд эвтэй найртай амьдарч, хөдөө аж ахуйгаа эрчимжсэн байдлаар хөгжүүлээд явах ёстой байхгүй юу.

Машиныг шинэ хуучнаар, тэгш сондгойгоор ялгаварлавал ард түмэн хүлээж авахгүй. Тиймээс хотын захын гэр хорооллын дэд бүтцийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл хот руу тэмүүлэх урсгал саарна.

Хотод зогсоол байхгүй, ачаад явчихдаг. Ядаж байхад өнөө шидэт дохиуртангууд нь торгоод явуулахгүй. Камераар давхар торгоно. Түгжрэлд машины бензинээ бардаг. Ийм нөхцөлд ард түмэн бид үнэхээр гомдолтой байна. Ард иргэдээ бодохгүй байна. Хүний төлөө гэх хот биш байна. Харийнхны бодлого яваад байна. Эрлийзүүд дандаа дарга болчихсон. Удирдлагуудаа солимоор байна. Эгэл жирийн ард түмэн минь сүүлийн үед гараад байгаа батерейгаар цэнэглэдэг төхөөрөмж, унаа, скутер хэрэглэ. Ийм унаа хэрэглэж буй хүмүүсийн ажил нь хурдан бүтэж байна. Миний хувьд машин унаатай байснаа бүгдийг нь больсон. 2009 оноос хойш машин унаагүй. Надад бол эдийн засгийн хэмнэлттэй байна. Үүгээрээ агаарын бохирдлын эсрэг том хувь нэмэр оруулчихаж байна.

Нөгөө талдаа эрүүл мэндэд тустай юм. Машинаа хот дотроо унахаа болиод нийтийн тээврээр явдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд нийтийн тээврийн тоог яаралтай хэд дахин нэм. Нэмснийхээ дараа тэр зохицуулалтуудаа хийх ёстой. Ямар ч зохицуулалт хийгээгүй байж машин тэргийг нь хориглоно, хорино гэж ярьж болохгүй. Иргэдийн хувьд энэ түгжрэлийн үед наанадаж өдөрт 3-5 км газарт алхаж сур. Эрүүл байх энгийн мөртлөө аугаа арга шүү.


Categories
мэдээ нийгэм

Цэргийн ангийн сургалтын үеэр галт зэвсэг дэлбэрч, 2 хүн гэмтжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт галт зэвсэг дэлбэрч, хоёр хүн хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Сэргэлэн сумын нутагш орших Зэвсэгт хүчний 016-р бригадын ангид зохион байгуулагдсан “Сэлэнгэ-2020” хамтарсан сургалтын үеэр минимётын сум дэлбэрч 26 настай эрэгтэй А, 28 настай эрэгтэй Б нар гэмтжээ. Дээрх хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд гэмтсэн залуусын биеийн байдал хүнд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Армен, Азербайжан улсууд түр гал зогсоох тохиролцоонд хүрчээ

Уулын Карабахын асуудлаар зэвсэгт тэмцэл өрнүүлж байсан Армен, Азербайжан улсууд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын зуучлалаар Москвад 10 цагийн турш хэлэлцээр хийсний эцэст Монголын цагаар 08.00 цагийн орчимд тохиролцоонд хүрсэн талаар албан ёсны хэвлэлүүд мэдээллээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров тэр даруйд нь энэ талаар мэдэгдэл хийж, олон нийтэд зарлалаа. Өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн зэвсэгт тэмцэлд хоёр талаас нийт 300 гаруй хүн нас барж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа юм. Хоёр тал өнөөдөр үдээс хойш гал зогсох бөгөөд үүний дараа амь үрэгдэгсдийн цогцсыг галын шугамнаас зөөвөрлөх ажил хийгдэх юм. Уулын Карабах нь хүн амын ихэнх нь армянчууд байдаг ч Азербайжаны нутаг дэвсгэр гэж тооцогддог юм.

Categories
мэдээ нийгэм

Нобелийн Энх тайвны шагналын эзэн тодорлоо

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртэхээр боллоо.

“Өлсгөлөнтэй тэмцэхэд гаргасан хүчин чармайлт, мөргөлдөөний бүсүүдэд энх тайван тогтооход оруулсан хувь нэмэр болон өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэснийх төлөө” энэхүү шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгохоор шийдлээ гэж Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Андерсен мэдэгджээ.

Нобелийн хорооны тайлбарласнаар, тэд өлсгөлөнд нэрвэгдсэн эсвэл өлсгөлөнгийн аюул нүүрлэж буй олон сая хүнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

Нобелийн Энх тайвны шагнал нь XIX зууны эцсээр Шведийн бизнес эрхлэгч, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэн үлдээсэн таван шагналын нэг юм. Бусад шагналаас ялгаатай уг шагналын эзнийг Стокхольмд бус Осло хотод тодруулдаг. Шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Ослод болно. Энэ жил коронавирусний цар тахлын улмаас ёслолыг Осло хотын захиргаанаас их сургууль руу шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын гадаад хэргийн сайд Мотэги Тошимүцүгийн айлчлал өндөрлөв

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай зөвлөгөөн тасалсан 2 албан хаагчийг ажлаас халжээ

Нийслэлийн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын /НЗДТГ/ Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай өчигдөр /2020.10.09/ мэдээллээ. Тодруулбал, НЗДТГ-ын даргын тушаалаар аравдугаар сарын 6-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан гурван албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичгийг хүргүүлсэн байна.

Үүнээс зургаан албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, хоёр албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ниийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт тус тус арга хэмжээ авсан гэдгийг мэдээллээ. Авсан арга хэмжээ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Киргизстанд үймээн самууны улмаас онц байдал зарлалаа

Энэ сарын 4-нд болж өнгөрсөн парламентын сонгуулийн дараа сөрөг хүчний дэмжигчид Киргизстанд эмх замбараагүй байдал үүсгэж, Засгийн газрынхаа ордон руу дайрсан билээ. Тус улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков эсэргүүцлийн жагсаалын эсрэг зэвсэг хэрэглэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр /2020.10.09/ орон нутгийн цагаар 20:00 цагаас эхлэн аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл онц байдлын дэглэм тогтоож байгааг зарлажээ.

Онц байдлын хүрээнд хөл хорионы цаг тогтоож, нийслэл Бишкекийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цэрэг армийн тусламжтайгаар дэг журам сахиулах юм. Улмаар нийслэл Бишкек хот дотор хамгаалалтын пост байгуулах, цэрэг, зэвсэг төвлөрүүлэх эрхийг Киргизийн армид олгожээ.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өчигдөр мэдэгдэл хийж үймээн самууныг зогсоох шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа огцрохоо мэдэгдсэн. Гэсэн ч улс төрийн сөргөлдөгч талуудын хооронд гудамжны тулаан, нударган зодоон болж, хэд хэдэн хүн нэмж бэртсэний дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Европын парламентын тэргүүн өөрийгөө тусгаарлажээ

Европын парламентын тэргүүн Дэвид Сассолигийн ажлын албаны гишүүдийн нэгээс коронавирусний халдвар илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болжээ.

“Миний биеийн байдал сайн байгаа бөгөөд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй” гэж Д.Сассоли “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.

Бельгийн эрүүл ахуйн дүрэм журмын дагуу халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүс долоон хоног өөрийгөө тусгаарлаж байгаа юм.