Categories
мэдээ цаг-үе

И.Энхболд: БНСУ-д хамгийн хэрэгтэй улсын нэг нь Монгол

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрхлэгч, солонгос судлалын сектор И.Энхболдтой ярилцлаа.


-Монгол- БНСУ хооронд дипломат харилцаа үүсээд 30 жилийн нүүрийг үзэж байна. Ер нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа ямар түвшинд байгаа вэ?

-Манай хоёр улс их гүрнүүдийн дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал, Зүүн Хойд Азийн улс гэдэг утгаараа Зүүн Хойд Азийн интеграци аюулгүй байдал, эдийн засаг, улс төр болоод бусад шалтгаанаас үүдэлтэй хоёр улсын харилцаа нягтрах шаардлагатай байгаа юм. Мөн манай хоёр улс харилцан бие биенийгээ нөхсөн эдийн засаг, улс төрийн бүтэцтэй учраас энэ харилцаа нийгмийн шаардлагаар 30 жилийн турш хөгжиж ирсэн. Сүүлийн үед ардын дипломат ёс (ажиллагаа), соёлын харилцааны асуудлыг ярих болсон. Үүнээс гадна манай хоёр орон түүхэн хамтын ажиллагаатай байсан. Өөрөөр хэлбэл, МЭӨ 300 оны үед харилцаж байсан өнө эртний түүхтэй ард түмэн. Энэ утгаараа ч гэдэг юм уу 30 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа ахицтай хөгжиж ирсэн.

Дипломат харилцаа үүссэний 30 жилийн ойг угтаж хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх байсан болов уу. Гэхдээ энэ нь цар тахлаас үүдэж хойшлогдлоо гэж хувь судлаачийн зүгээс үзэж байна.

-Стратегийн түншлэлийн түвшинд хүрвэл хоёр улсын харилцаа яаж өргөжих вэ?

-Стратегийн түншлэлд хүрчихвэл виз чөлөөлөх талаар ярилцах, 100 сая доллараас дээш хөрөнгө оруулалттай аж үйлдвэр барих, хамтарсан чөлөөт бүс байгуулах, хоёр улс хамтарч Европын холбоо, АНУ-БНХАУ-ын зах зээлд гарах, цэрэг улс төр, аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүр цаашлаад хоёр Солонгосын нэгдэлд хувь нэмэр оруулах, Зүүн Хойд Азийн интеграцийг эхлүүлэхэд хамтарч ажиллах гэдэг ч юм уу том том асуудлыг бид хүлээсээр ирсэн. Тиймээс цаашид улам хурдлуулах бодлого шаардлагатай байна.

Үүнээс гадна стратегийн түншлэлийн дагуу хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх асуудал яригдана. Нэгэнт стратегийн түншлэл байгуулахад урьдчилсан нөхцөлүүдээ хоорондоо тохирдог. Тухайн тохиролцоондоо ямар төлөвлөгөө оруулах, хэдэн жилээр, ямар ямар салбарт төлөвлөх зэргийг тохиролцдог. Үүний үндсэн дээр стратегийн түншлэлийн хэлэлцээр явагддаг. Тиймээс хоёр орны гадаад бодлогын түвшинд тохиролцоог хийх хэрэгтэй. Үүний нэг нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. 2016 онд БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Ген Хэ манай улсад айлчлахдаа эдийн засгийн хэлэлцээр байгуулах урьдчилсан судалгааг эхлүүлж хоёр жилийн дараа дуусгасан. Уг хэлэлцээрийг БНСУ-ын талаас хүлээлгээд байгаа юм болов уу гэж харж байна. Учир нь БНСУ олон оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулдаг. Энэ бүхэнд завдахгүй байгаа юм болов уу гэсэн судлаачийн байр сууринаас харж байна. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдах байх.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээрээс илүү хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүү мэндийн хамтын ажиллагааны чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай.

-Хоёр Солонгосыг эвлэлдэн нэгдүүлэхэд манай улс чухал үүрэгтэй гэдэг. Та ч сая дурдлаа. Энд манай улс ямар оролцоотой ажиллах юм бэ?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнуудад ямар нэгэн байдлаар нөлөөлөх, хамтарч дэмжиж ажиллах, олон улсын томоохон механизмуудад бие биенийгээ нөхөж оролцох, мөн хоёр Солонгос нэгдэхэд жуулчлах, буруу зөрүү ойлголтыг засаж залруулах, итгэлцлийг улам бэхжүүлэхэд Монгол Улсын оролцоо зайлшгүй хэрэгтэй. Учир нь Зүүн хойдын бүс нутагт хоёр улстай хоёулантай нь найрсаг харилцаатай улс нь ганцхан Монгол. Тиймээс БНСУ-д хамгийн хэрэгтэй улсын нэг нь Монгол.

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн эргэлт хэр түвшинд байгаа вэ?

-Манай хоёр улсын худалдааны эргэлт 100-500 сая ам.доллларын хооронд хэлбэлздэг. Ихэвчлэн 200-400 сая ам.долларын түвшинд байдаг. Худалдааны эргэлтийн бараг 90 хувь нь импорт, 10 хувь нь экспорт байна. Экпортын дийлэнх хувийг жонш, молибденоос гадна ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын хувьд автомашин, хүнд механизм, кино урлаг, өргөн хэрэглээний бараа зэрэг байдаг.

Үүнээс гадна ОУВС-ийн өргөтгөсөн хэлэлцээрээр манай улс БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 770 сая ам.долларын зээл, тусламж авах тохиролцоонд хүрсэн. Үүний үр дүнд 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зэрэгт зарцуулагдахаар болсон ч тодорхой шалтгааны улмаас удааширсан байх.

-Хоёр улсын соёлын харилцаа ямар түвшинд байна?

-Улс төр, эдийн засгийн асуудал нь тухайн орны ашиг сонирхолд тулгуурлаж бий болдог. Соёл, түүх, урлаг болоод төрийн бус байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа нь үнэт зүйлд суурилж явагддаг. Үнэт зүйлд холбогдоно гэдэг нь ямар нэгэн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос гадна байж хэдэн зуун жил хадгалагдаж явдаг. Энэ харилцааг хамтын ажиллагааны түвшинд хөгжүүлбэл улс төр, эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, энгийн иргэдээс илүү БНСУ-д суралцан төгсөж ирсэн хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэж хичээдэг. Энэ нь үнэт зүйлийг илтгэж байгаа нэг хэлбэр. Үнэт зүйлд тулгуурласан хамтын ажиллагааг хөгжүүлбэл хоёр улсын харилцаа жинхэнэ стратегийн түвшинд хүрнэ гэж үзэж байна. Харин дан, эдийн засаг улс төрийн чиглэлээр хамтрахаар илүү савалгаатай, динамик шинжтэй байдаг. Мөн ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалж тасалдах эрсдэлтэй байдаг л даа. Өмнөд болон хойд Солонгостой манай улс үнэт зүйлийн харилцаатай байгаа учраас өдий хүртэл хамтарч ажиллаж байгаа юм.

-Манай улсын олон мянган иргэн суралцах, эмчлүүлэхээр жилээс жилд БНСУ-ыг зорьдог. Эрүүл мэндийн чиглэлд анхаарч, хамтарч ажиллах ямар боломж байгаа вэ?

-Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр БНСУ-тай худалдаа хийж эхэлснээс хойш манай улс хоёр тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн байдаг. Энэ нь зөвхөн худалдааны алдагдал. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсрол, казиногийн чиглэлээр ихээхэн мөнгө зарцуулдаг. Нэг хүн эмчлүүлэхэд дор хаяж арван мянган ам.доллар зарцуулж байна. Нөгөө талаас, манай улсын 48 мянган иргэн БНСУ-д ажиллаж байна. Энэ мэтээр хамтын ажиллагаа өрнөж байна. Харин манай улсын талаас эрүүл мэндэд хэр их мөнгө зарцуулж байна, худалдааны эргэлт хэр их байна гэх мэтийг хөндөх, анхаарч бодлоготой ажиллах хэрэгтэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Том компаниудыг олон нийтийн болгох нь зүйтэй

Хэтэрхий сүржин, албаны сонсогдож мэдэх ч яг ингэж нухацтай, буурьтайгаар хэлэх цаг болчихжээ, том компаниудад. Хэлээд зогсох биш хэрэгжүүлэх үе нь ирчихэж. Том компаниудыг олон нийтийн болгох гарцаагүй эрэлт хаалга тогшиж байна. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засаг томрохгүй удаж байгаагийн гол шалтгаан бол хувийн хэвшил тухайн эзэн, эзэмшигч гэр бүлээс хараат байгаад л оршино. Гэр бүлийн компаниудаасаа салж чадахгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг болж өгвөл олон нийтийн хувьцаат компани болох руу шахах хэрэгтэй. Хувьцаагаа ард иргэддээ зар. Бид үнэхээр ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье гэж байгаа бол бүгдээрээ баяжих тэр боломжийг нээх ёстой. Нэг том компанийн цаана 100 мянган хувьцаа эзэмшигч байх юм бол тэр хүн төрөөс айдаг, шоронгоос айдаг биш 100 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө явна. Тэд тухайн компанийг хамгаална. Тэр хувьцаа нь хоорондоо зарагддаг ил тод, олон нийтийн болоод ирэхээр хариуцлага нь нэмэгддэг. Манайд том компаниудын үйл ажиллагаа ил тод биш явсаар ирлээ шүү дээ” гэсэн үг унагасан.

Үнэн л дээ. Монголын том компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр зарж, компаниа олон нийтийнх болгох цаг аль хэдийнэ ирчихсэн. Ер нь компанийн хөгжлийн түүхийг анзаарах нь ээ компаниа байгуулсан хүн нь хөгжлийн манлайд хүргэдэг, дараагийн үе нь тэр эрчийг нь гүйцдэггүй, ер нь тэгсхийгээд урагшлах хөгжилгүй ухрах тал руугаа ордог шиг санагддаг. Санагддаг ч биш юм аа, дэлхийн түүхэн дэх ганц хүний, нэг гэр бүлийн компаниудын түүхийг сонирхоход нийтлэг ийм үнэн анзаарагддаг. Одоо дэлхийд гялалзаж яваа компаниуд тэр чигээрээ олон нийтийн гэсэн тодотголтой. Олон нийтийнх учраас асар өндөр ашиг орлого, эрчтэй хурдтай хөгжлөөрөө гайхагдаж яваа.

Ганц хүн ашгийг нь атгасан том компанийн хувь заяа хоёрдугаар үеийнхний гарт очихоор яадгийн тод жишээ манайд өчнөөнөөрөө бий. Ганцхан жишээ татъя. Монголын үндэсний нэг томоохон компанийн эзэн гурван хүүтэй. Гурван хүүхдэдээ компаниа хуваагаад өгчихсөн. Манай том компаниудын нэг онцлог нь олон салбар руу орчихсон, жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд бараг бүх салбарт охин компаниараа дамжуулж бизнес хийдэг. Жишээ татсан том компанийн захирал ч барилга, худалдаа гээд олон салбарт бизнестэй. Өнөө бизнесүүдээ хөвгүүддээ чиглэл чиглэлээр нь салгаад хариуцуулчихсан яваа. Мань хүн өөрөө бизнестээ сүрхий оролцоогүй, жаргах насандаа ирчихсэн гээд намбайж суугаа.

Аавынхаа босгосон компанийг гурав хуваагаад авчихсан хөвгүүд нь хоорондоо хонь чоно. Эзэд нь ойр зуураа таагүй харилцаатай ийм компани цааш хөгжих үү? Шуудхан хэлэхэд үгүй. Ийм нөхцөлд хөгжил яриад ямар ч нэмэргүй. Нөгөө талаас нь харвал мань өвгөний гурван хүүгийн толгойлж яваа компаниуд Монголдоо монополь. Тэгсэн атлаа хөгждөггүй, үйл ажиллагаа, бизнес нь нэг тийм хэцүү хөшингө болчихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Том компаниуд салбар бүрт охин компани байгуулж, бизнесийн бүх салаа мөчрийг атгачихсанаас болж жижиг дунд бизнесийнхний орон зай хумигдсан том асуудал бийг энэ дашрамд онцолъё. Жижиг, дундынханд боломж олгохгүй хэрнээ өөрсдөө хөгжиж өгдөггүй ийм компаниуд Монголоор дүүрэн байна. Зах зээлд ноёрхлоо тогтоочихсон том компаниуд төсөвт яаж бага татвар төлөх вэ гэсэн нүх сүвийг ч анддаггүй гэсэн яриа хөөрөө учир мэдэх улсын дунд өрнөдөг юм билээ. Үнэн байх.

Том компаниудыг тоймлоод харахаар ажилчдаа дажгүй цалин орлоготой амьдруулж, үйл ажиллагаагаа дэлхийн стандартад хүргэсэн нь бас ховор. Аль ерээд онд хувьцааг нь худалдаж авсан иргэдэд ногдол ашиг гэж хялайлгадаггүй гэм тэдний хувьд нийтлэг үзэгдэл болчихсон. Жишээ татаж байгаа том компанийн тухайд ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгдөггүй муу аргатай аж ахуйн нэгжүүдийн нэг. Энэ компанийн хоёрдугаар үеийн эздэд мөнгө сонин биш болчихсон байх л даа. Хөгжиж яах юм, мөнгөөр ханачихсан байхад гэсэншүү бодолтой өдөр хоногийг өнгөрөөж яваа гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Эзгүй арал, буйд далайн хөвөөн дээр тансаг байшин худалдаж авсан шигээ зугаацаж аж төрж яваа дуулддаг. Тэдний энэ тансаглалын хор хохирлыг Монгол Улс, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөлс хүчээрээ амьжиргаагаа залгадаг олон зуун мянган иргэн нуруун дээрээ үүрч байна. Өөрөөр хэлбэл, нэг талд ганц гэр бүлийн том компаниудын хэдхэн хүн хожиж, нөгөө талд улсаараа хохирч явна. Компаниа хөгжүүлэх ямар ч шинэ санаагүй хоёрдугаар үеийн эзэдтэй, Монголын эдийн засаг, төсөвт нэмэр тусаар бага, бүх ашиг нь нэг л гэр бүлд очдог том компаниудаасаа татгалзахгүй бол улсаараа урагшлахгүй нь тодорхой болчихож.

Одоо бидэнд ганц л гарц байна. Ганц эзэнтэй том компаниудаа олон нийтийнх болгоё. Том компанийн ганц нэг захирал эхнээсээ компаниа олон нийтийн болгоё, монопольчлолоо багасгая гээд тодорхой алхмууд хийгээд эхэлчихсэн. Хяналтын багцаа авч үлдээд хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр зарах цаг болчихсоны том дохио л доо.

Иргэдэд хувьцаагаа арилжаалж, компаниа олон нийтийн болгох нь эздэд ашигтай. Сүүлийн үед төр засаг, эрх мэдэлтнүүдийн зүгээс сав л хийвэл хувийн өмчийг хураана гэсэн агуулгатай мэдэгдэл хийх болсон. Компаниуд олон нийтийнх болчихвол эрх мэдэлтнүүд хувийн хөрөнгийг хураана гэж хэчнээн чанга хашгираад ачир дээрээ яаж ч чадахгүй. Том компаниудын хувьцаа эзэмшигч нь ганц хүн биш, хэдэн зуу, өчнөөн мянган монголчууд болчих учраас. Товчхондоо компанийн эзэд муусайн баячууд гэж адлагдахгүй, бизнес нь олон нийтийн хамгаалалтад орчихно гэсэн үг.

Бүр том зургаар нь харвал ард түмэн мөнгөжинө, хувийн бизнес дархлаатай болно, компаниуд хөгжинө, улсын эдийн засаг тэлнэ, зах зээлийн эдийн засаг зам жамаараа урагшилна. Том компаниуд хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, иргэд үндэсний компаниудын хувьцаа эзэмшигчид болж, олон нийтийн гэсэн тодотголтой компаниудын тоо олширвол цаад өгөөж нь ийм том. Товчхондоо хэн хэндээ ашигтай шийдэл.

Categories
мэдээ цаг-үе

Шаргын говьд Б.Болдсайхан эмчийг хагас өдөр хүлээж есөн сартай хүүгээ оношлуулсан малчин эмэгтэйн яриаг хүргэе

-Б.БАДАМГАРАВ: САЙХАН СЭТГЭЛТЭЙ, АЛТАН ГАРТАЙ ЭМЧИЙН БУЯНД НЯЛХ ХҮҮГЭЭ ЭРҮҮЛ БОЛНО ГЭЖ БОДОХООР ТЭНГЭР ЦЭЛМЭХ ШИГ БОЛЛОО-

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн билээ. Уг төсөлд Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн сан албан ёсны хамтрагчаар ажиллаж өнгөрсөн хугацаанд гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд эрүүл саруул биетэй болжээ. Мөн тэд 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчлэхээр зорьсон гэнэ. Тэгвэл “Зүрх мартахгүй” төсөлтэй холбоотой цахим орчноор “Зам дагуу хүүхдээ үзүүлэхээр өглөө найман цагаас хойш хүлээсэн ээж. Хүүг хагалгаанд оруулах шаардлагатай гэж эмч хэлэв. “Эмч ээ зардал мөнгө хэд болох бол” гэхэд эмч “Аргыг нь олно доо. Яаж ийж байгаад хотод хүрээд ирээрэй” гэсэн пост тарж олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Ингээд бид өглөө эртлэн гэрээсээ гарч зам тосон хүлээсээр хүүгээ эмчид үзүүлсэн эмэгтэйн сургийг гаргахаар Б.Болдсайхан эмч рүү залгасан юм. Б.Болдсайхан эмч “Бид Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд үзлэгтэй явж байна аа. Тун завгүй явна. Чиний асуусан мэдээллийг хэлээд өгье” гээд үзүүлсэн хүүгийн овог нэр болоод, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн Засаг дарга П.Мөнхбаатарын утасны дугаарыг өглөө.


Ингээд бид өгсөн дугаараар нь асууж сурагласаар Б.Болдсайхан эмчид хүүгээ үзүүлсэн ээж болох Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн малчин Б.Бадамгаравтай холбогдож ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манайх Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хоёрдугаар багийн малчин өрх. Ам бүл дөрвүүлээ. Манай нөхрийг Мөнхбаярын Наранбаатар гэдэг. Том охин Н.Мөнгөнзул маань зургаан настай. Энэ жил сургуульд орсон. Аймгийнхаа сургуульд сурч байна. Айлд байдаг л даа. Улирлын амралт дөхөхөөр аав нь мотоциклоор очиж авдаг юм. Харин бага хүү маань есөн сартай. Төрөлхийн зүрхний цооролттой учраас бид хоёр хааяа нэг сум, аймаг орох шаардлага гардаг. Харин энэ удаад Улаанбаатар хотоос мэдлэг туршлагатай, зүрх судасны эмч Б.Болдсайхан гэдэг хүн ирж байгааг дуулсан юм.

-Танайх сумын төвөөс хол, сүлжээгүй газар байдаг юм байна шүү дээ. Хотын төвөөс эмч үзэж явааг хаанаас мэдэв?

-Хоёрдугаар багийн Засаг дарга П.Мөнхбаатараас сонссон л доо. Засаг дарга манайд хоёр, гурван хоногийн өмнө ирээд “Зүрх мартахгүй” гэсэн төсөл хэрэгжиж байгаа юм байна. Мундаг чадвартай эмч орон нутгаар явж зүрхний өвчтэй хүүхдүүдийг үзэж байгаа гэнэ. Танайх хүүхдээ үзүүлэх үү” гэсэн. Ингээд бид малаа орхиод сумын төв орж чадахгүйгээс хойш зам тосон хүлээж байгаад үзүүлчихье гэж ярилцсан. Манайхаас урагш нэлээн хэдэн км яваад засмал зам бий. Тэр замаар яг аравдугаар сарын 6-нд явж таарна гэсэн юм.

-Өглөө найман цагт хүүгээ үзүүлэхээр гэрээсээ гарсан гэж сонссон. Засмал зам руугаа ямар унаагаар явав?

-Манай Засаг дарга өглөө эрт ирээд хүү бид хоёрыг машинаар авч явсан. Ингээд бид гурав манайхаас урагшлаад Шаргын говийн наахна Дундын овооны урдах засмал замын ойролцоо очоод 13:00 цаг хүртэл хүлээсэн.

-Шаргын говь руу танайхаас хэдэн км явж хүрдэг вэ?

-Шаргын говь манайхаас 60 км-ийн зайтай. Засаг даргынхаа буянаар энэ хол замыг машинтай туулж, ашгүй хүүгээ дааруулсангүй. Өглөө найман цагаас гэрээсээ гараад цаг 30 минутын дараа засмал замынхаа ойролцоо ирсэн байх. Тэгээд өдрийн нэг цаг хүртэл хүлээсэн гэхээр нэлээн удаан хүлээсэн байгаа биз. Ойр хавьд хүн амьтан, айл саахалт, барилга байшин юу ч байхгүй эзгүй газар шүү дээ. Уулаараа цас орчихсон, сэрүүхэн ч байсан. За ингээд хүлээгээд сууж байсан чинь гурван цагаан том жийп гараад ирдэг юм байна.

-Удаан хүлээсний эцэст тааралдсан болохоор их л баярласан байх?

-Тэгэлгүй яахав ээ. Би ч баярлаад л ирж байгаа машинуудыг тосож хүүгээ тэврээд машинаасаа буусан. Тэд ч ирээд зам чөлөөлөөд зогслоо. Гурван машинд нэлээн хэдэн хүн байсан шүү. Аль нь эмч юм бол оо, бүү мэд. Хараад л байлаа. Тэгсэн бор царайтай, буурал толгойтой, саарал цамц, шар куртик өмссөн том биетэй хүн “За ахын дүү хүрээр ир, үзээд өгье” л гэж байна. Би ч хотоос явж байгаа эмч нар баахан цагаан халаттай сүржин улс л гарч ирэх байх гэж бодсон. Тэгсэн хээгүй сайхан хүн байна лээ шүү. Бас л баахан эмнэлгийн багаж хэрэгсэл гаргаж ирээд л удах байх даа гэж бодсон тэгсэнгүй. Машиныхаа нөмөрт сууж байгаад л хүүгээ үзүүллээ. Ер нь үзлэг оношилгоо хийхэд амар болчихсон юм байна лээ. Нэг том цагаан дэлгэцтэй утас гаргаж ирээд л хүүгийн минь цээжинд эхоны дуран наалдуулж байгаад үзлээ. Тэгж их удсан ч үгүй.

-Б.Болдсайхан эмч үзээд ямар онош хэлсэн бэ?

-Би урьд нь бас хоёр эмнэлгээр үзүүлсэн, төрөлхийн зүрхний цооролттой гээд бүгдийг нь хэлсэн л дээ. Тэгсэн эмч “За тийм юм байна. Ойлгочихлоо. Та хоёр дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ирж хагалгаанд орно шүү” гэж хэлсэн. Би төлбөр мөнгө нь хэд вэ гэж асуусан “За яахав аргыг нь олно доо. Яаж ийж байгаад л хотод хүрээд ирээрэй” гэсэн. Ингэж хэлэхээр нь ёстой өнөө тэнгэрээс илгээсэн бурхан л гэж энэ байх даа гэж дотроо их баярлаж, бахархаж байлаа. Монгол хүний сайхан сэтгэл, алтан гарт эмчийн буянд миний нялх хүү эрүүл саруул болно гэж бодохоор тэнгэр цэлмэх шиг болсон. Урьд нь “Сонгдо” гэдэг эмнэлгийн зүрх судасны мэс засалч, гавьяат эмч Б.Болдсайхан гэж хүнийг огт мэддэгүй байж. Царайг нь ч харж байгаагүй. “Зүрх мартахгүй” гэсэн аянаар олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аварч байгааг саяхан л сонслоо. Энэ салбартаа 25 жил тасралтгүй ажилласан ачтан юм билээ. Тэгэхээр Б.Болдсайхан эмчийн нэрийг нь ч мэддэггүй байсан би одоо тэр хүний нэр, царай зүс, сайхан сэтгэл, энэ их үйлсийг нь хэзээ ч мартахааргүй боллоо.

-Өмнө нь та хүүгээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх талаар хөөцөлдөж байв уу?

-Хүүгээ хоёр сартай байхад нь төрөлхийн зүрхний асуудалтай юм байна гэдгийг нь мэдсэн. Ингээд Улаанбаатар хот орж Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасагт нарийн сайн үзүүлсэн. Тэгсэн зүрхний төрөлхийн гажигтай буюу цооролттой байна гэсэн. Ингээд эм бичиж өгөөд буцаж ирж хагалгаандаа орно шүү гэж хэлсэн.

-Тэгээд буцаж очоогүй хэрэг үү?

-Тэгээд Говь-Алтайдаа ирчихээд буцаад хот орж чадаагүй л дээ. Намайг хот орохоор зургаан настай охин, нөхөр хоёр маань л гэрээ сахиж үлдэнэ. Нөхөр малдаа явчихаар сааль сүүнээс эхлээд гэр орон хэцүүднэ. Нэг л явах боломж бүрдэхгүй байсан. Ингээд байж байгаад Б.Болдсайхан эмчийг ирнэ гэхээр нь зам тосон хүлээж үзүүлсэн нь энэ.

-Та эмчтэй хэсэг хугацаанд хөөрөлдөж чадав уу. Юу ярив?

-Хамгийн гол нь эмч “Хүүгээ ханиад хүргэж хатгаа авахуулж огт болохгүй. Ханиад хүргэхгүй л бол дөрөвдүгээр сар хүртэл давгүй ээ. Харин ханиад томуу хүрдэг л юм бол эмчдээ түргэн хандаарай” гэж сайн захиж хэлсэн. Манай багийн Засаг даргатай ч сайн ярилцаад мэдээлэл, утасны дугаараа солилцож байх шиг байсан. Тэгээд дараа дараагийн олон хүүхдүүдийг үзэх учраас бяцхан зүрхнүүдийн төлөө холын замдаа гарсан даа. Би ч талархсан сэтгэгдлээ бүрэн хэлж чадаагүй байх. Ирэх дөрөвдүгээр сард очихдоо баярлаж талархсанаа сайн хэлж ойлгуулна л гэж бодож байна. Эмчилгээний зардлын тухайд “үнэ хөлсийг нь бэлдээд байж байя. Гол нь дуудсан хугацаанд ирэхээр бэлэн байж байгаарай” л гэж ойр ойрхон сануулж хэлсэн.

-Та дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ирэх төлөвтэй юм байна шүү дээ. Хотод ах дүү нар нь бий юү?

-Дөрөвдүгээр сард явахдаа Төгрөг сумаасаа машинаар Говь-Алтайн төв ороод тэндээсээ автобусанд суугаад л хүүтэйгээ их хотын зүг чиглэнэ дээ. Улаанбаатар хотод манай том ахынх байдаг юм. Тэднийх Нисэх, Яармагийн ойролцоо л байгаа даа. Мэдээж зүрхний хагалгаанд орно гэхээр удаж л таараа. Хүүгээ хагалгаанд оруулах, нааш цааш ирж очих, ажил хөөцөлдөхдөө ахындаа л байна.

-“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хүүгээ хагалгаанд оруулах уу. Эмчийнхээ утасны дугаарыг авсан уу?

-Түүнийг сайн мэдэхгүй байна. Ахаараа утсаар яриулж байгаад л хаягийг нь олоод очно доо. Манай хоёрдугаар багийн Засаг дарга ч гэсэн Б.Болдсайхан эмчийн утасны дугаарыг тэмдэглэж аваад байсан. Намайг холбож өгнө өө л гэсэн. Тэгээд амьд хүн байна аргаа олно доо.

-Та одоогоор сумын төв дээрээ байгаа гэсэн үү. Хэзээ гэртээ харих гэж байна?

-Хүү бид хоёр одоогоор сумын төвд айлд байна. Манай нөхөр мотоциклоор наашаа гарсан сурагтай. Тэгээд оройхон л буцна даа. Манайх ганц гэр айл л даа. Түргэн очихгүй бол мал ахуй, гэр орон хэцүүдэж байгаа байх. Эх хүн гэдэг хаана ч явсан үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө санаа зовохгүй байж чадахгүй. Аймгийн төв дээр байгаа охинтойгоо утсаар ярилаа. Охин маань айлд байдаг болохоор тэр бүр гэртээ ирэхгүй. “Ээж ээ, би сайн байгаа. Үсэг үзэж, зураг зурж байна” гээд л ярьж байна. Хэдий жаахан хүүхэд ч гэсэн төрсөн дүү нь зүрхний өвчтэй гэдгийг бага сага гадарлаад асуугаад байдаг юм. Түрүүхэн ярихдаа ч хүртэл “Та яагаад сумын төв орж ирсэн юм бэ. Дүү яасан юм бэ. Дүүг эмчид үзүүлсэн үү” гээд л баахан олон асуулт асуулаа. Сүлжээ тасраад асуулт бүрт нь хариулаад байж чадсангүй. “Хичээлээ сайн хийгээрэй миний охин” гэж хэлээд л утсаа тасаллаа.

-Энэ зун танай нутгаар зуншлага тааруу байсан гэв үү. Зундаа сүү, цагаан идээгээ борлуулж чадав уу?

– Манайх 200 гаруй бог малтай. Хоёр морь, хоёр саалийн үнээтэй л айл. Энэ жил зуншлага муу байсан. Сая намар сэрүү ороод цас их орчихлоо. Манайх сумын төвөөс 80 км-ийн зайтай л даа. Мотоциклоороо сумаас хойш чигээрээ явсаар гэртээ харьдаг байсан бол цас орчихсон болохоор хойгуураа тойрч л очиж байна. Ер нь жилийн дөрвөн улиралд ноос ноолуурын мөнгөөрөө л болгодог доо. Хаврын цагт хэдэн ямаанаасаа ноолуур самнана. Ингээд ноолуурын мөнгөөрөө л сумын төв орж ойр зуурын хэрэгцээгээ бэлдэнэ. Харин зуны улиралд овоо сүү, цагаан идээ борлуулчихдаг юм. Тэгсэн энэ жил ногоо муу, гандуу байсан болохоор чадсангүй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Хорт хавдартай хүүхдийн ар гэрийхэнд зориулсан семинар” амжилттай болж өндөрлөлөө

Монголын Үндэсний Их Сургууль, Чусонь Их Сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл”-өөс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хорт хавдрын тасагтай хамтран “Хорт хавдартай хүүхдийн ар гэрийнхэнд зориулсан семинар”-ийг өнгөрсөн 10 сарын 8-ны Лхагва гарагт зохион байгууллаа.

Энэ удаагийн семинарт хүүхдийн хорт хавдрын тасгийн хяналтанд байдаг болон хорт хавдрын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэн оролцсон бөгөөд сургалт “Simulation education” хэлбэрээр явагдсан учир бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг олгон дадлага хийх цагийг мөн тусад нь гаргаж өгсөн.

Семинарын лектороор МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш нар, ЭХЭМҮТ-ийн сувилахуйн албаны ажилчид, МСН-ийн тэгүүн зэрэг хүмүүс оролцож лекц уншив. Хорт хавдартай хүүхдүүдийн гэр бүлийнхэн “Богино хугацаанд олон зүйлийг сурч чадсан, бие биенийхээ зовлонг хуваалцсан цаг байлаа” хэмээн нулимс дуслуулан хэллээ. Мөн ийм сургалтуудыг ойр ойрхон зохион байгуулвал сайн байна гэв. Хорт хавдрын улмаас зовж шаналж буй хүүхдүүдэд зориулж “Зовлон шаналал болон айдсаа даван дийлэх нь” гэх мэт сэдвээр сургалт явуулж өгөхийг зохион байгуулагчдаас хүссэн юм.

ЭХЭМҮТ-ийн судалгаанаас үзвэл Монгол Улсад хорт хавдартай хүүхдүүдийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар 2880 байгаа бөгөөд зонхилох хорт хавдар нь цусны хорт хавдар, төв мэдрэлийн системийн хорт хавдар, ясны хорт хавдар гэсэн дараалалтай байна.

Энэ семинарийг зохион байгуулсан “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл”-ийн дарга Ким Жинь Хый профессор нь Ковид 19-ийн улмаас Монголд ирж чадаагүй боловч “Төслийн Монгол дахь менежер Пак Даль Рим болон төслийн багийхан, МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нартай хамтран төсөл үр дүнтэй хэрэгжиж байгаад баяртай байна. Төслийн үлдсэн хугацаанд Сувилахуйн мэргэжлийн сурах бичиг гаргах, багш болон оюутны чадварыг сайжруулахын тулд үргэжлүүлэн хамтран ажиллах болно” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Эрдэнэбилэг: Би үлгэр жишээ байж хамт олон маань надад итгэнэ

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан “АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Ц.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд болон танай хамт олонд баяр хүргэе. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө ажлынхаа анхны гарааг эхэлсэн “Говь” компанийн тухайн үеийн удирдлага, хамт олон, “Эрдэнэт хивс” компанийн үе үеийн удирдлага, хамт олон, “АПУ” компанийн удирдлага, хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Та бүхнийхээ дэм дэмжлэгээр олон зүйл сурч, энэхүү өндөр төрийн хишгийг хүртлээ. Үйлдвэрийн ажил нэг хүн бус хамтын хүч хөдөлмөр, бүтээл байдаг юм. Би Өмнөговийн уугуул. Өмнөговьчууддаа, төрсөн нутаг Манлай сумын ахан дүүсдээ баярласнаа илэрхийлье. Түүнчлэн, ар талыг минь санаа зовох зүйлгүй байлган бүгдийг зохицуулж ирсэн хань, үр хүүхдүүддээ баярлалаа.

-Та Монголын аж үйлдвэрийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. “АПУ” компанитай хэзээнээс холбогдсон бэ?

-Би 1995 оноос хойш өнөөг хүртэл 25 жилийн хугацаанд аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Миний ажлын гараа “Говь” компаниас эхэлсэн. Дараа нь 2000-2007 он хүртэл “Эрдэнэт хивс” хувьцаат компанийг удирдаж байлаа. 2007 оноос өнөөг хүртэл “АПУ” компанийг удирдаж байна. Ажлын түүхийг маш товчхон дурдвал ийм байна.

-Та ямар мэргэжилтэй, хаана, ямар сургууль дүүргэсэн бэ?

-Би Өмнөговь аймгийн нэгдүгээр арван жилийг төгсөөд МУИС-д тухайн үед Зөвлөлтийн инженерийн бэлтгэл гэж байхад нэг жил сураад, Украин улсад Техникийн их сургуулийг Автоматикийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Сүүлд компани хэрхэн удирдах талаар илүү мэргэшсэн гэж ойлгож болно.

-Таны удирдсан компаниуд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд байдаг. Мөн ихээхэн амжилттай удирдаж ирснийг бэлхэнээ харж болно. Та ямар чиг баримжаа, зарчим баримталж эдгээр компанийг өдий зэрэгт хүргэж удирдаж ирсэн бэ?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэхээр Монголын хамгийн шилдэг үйлдвэрүүдийн салбарт гурван үеийн хэлхээ холбоотой ажилласан. Ийм хувь тавилан, боломж тэр бүр тохиогоод байхгүй. Тиймээс би их азтай. Энэ азыг зөв эдэлж явах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байдаг. Ер нь үйлдвэрт ажиллана гэхээр нэгдүгээрт, бизнесийн процессыг удирдаж байна. Хоёрдугаарт, хүнийг удирдах ухаан юм. Би аж үйлдвэрийн салбарт гурван үеийн төлөөлөлтэй ажиллаж ирсэн. Тиймээс би ахмад үеийнхээ бүтээн байгуулсан ололт, амжилтаар үргэлж бахархаж, түүн дээр нь үндэслэж ирээдүйнхээ үнэ цэнийг бий болгохыг хичээдэг. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй. Өнөөдөргүй маргааш гэж байдаггүй учир өчигдрийгөө бид хүндэтгэж байж ирээдүйгээ харах боломжтой. Энэ бол миний нэг чухал зарчим.

Дараагийн зарчим бол үйлдвэр компанийг удирдана гэдэг хааны засаглал гэхээс илүү хүнд итгэж сурах, ялангуяа менежмэнтээр төлөөлж яривал улаан, ногоон гэрлүүдийг маш сайн мэдэрдэг байх ёстой. Ер нь удирдагч хүн хамгийн их мэдрэмжтэй, ирээдүйг хардаг байх хэрэгтэй. Ирээдүйг харахын тулд өнгөрсөн болон өнөө цагийнхаа мэдлэг, мэдээллийг маш сайн мэдэж байх ёстой. Энэ мэтээр олон зарчим бий. Эцсийн дүндээ бизнес бол хүнтэй хэрхэн ажиллах, удирдах, хүнийг үргэлж хүндэлж хайрласнаар өөрийгөө хайрлуулж, хүндлүүлж, амжилтад хүрдэг. Тийм ч учраас би хүний төлөө ажиллах зарчим барьдаг. Түүнээс биш мянган тоног төхөөрөмж, технологи, мөнгө байлаа гээд чадварлаг хүний нөөц байхгүй бол энэ компани амжилттай ажиллах боломжгүй.

-“АПУ” компанийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг тодруулахгүй юу?

-“АПУ” компани 2018 онд “Хайнекен”компанитай нэгдсэн. Өөрт байгаа боломж нөөцийг дотооддоо өрсөлдөхөд ашиглахаас илүүтэй Олон улсын түвшинд гаргах, ялангуяа ОХУ, Хятадын зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулах, экспортоо нэмэгдүүлэх зорилготойгоор энэ нэгдэл явагдсан. Одоо групп 7-8 охин компанийн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. Нийт 2200 орчим ажилтантай. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийг төлсөн. Зөвхөн 2019 онд гэхэд 304 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Үүнийг бид их ажил гэж ойлгодог. Нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлж яваа компани юм.

-“АПУ” компани баялаг бүтээгч, олон хүнийг ажлын байраар хангаж, улс орны төсөвт үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж байгаа. Гэхдээ үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор архидалт, үүнээс үүдэлтэй нийгмийн сөрөг зүйлст үйлдвэрүүдийг буруутгах нь бий.Сүүлийн үед нэр бүхий гишүүд архины градусыг багасгах, шилийг нь жижигрүүлэх гэх зэргээр тодорхой санал хэлэх болсон. Үүнийг дагаад нийгэмд архины худалдааг тодорхой хэмжээгээр хориглох хэрэгтэй гэсэн санал ч гарч байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүн болгон өөр өөрийн үзэл бодолтой байдаг. Ялангуяа, архидан согтуурахтай тэмцэх, соёлтой хэрэглээг бий болгох тал дээр олон ойлголт, үзэл бодол бий. Энэ асуудлууд бүгд хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Бид бүгдийг нь хүндэтгэж үзэж байгаа. Ямар ч байсан асуудлыг зөвхөн улстөрчдийн өнцгөөс биш, бүх талаас нь харж, яаж замбараагүй архидалтыг цэгцлэх, хэрхэн соёлтой хэрэглээг хэвшүүлэх зэрэг асуудлууд дээр долоо хэмжиж нэг огтлох зарчмыг баримтлах шаардлагатай. Хэлэлцүүлэгт үйлдвэрлэгч, хууль тогтоогч, хуулийн байгууллага, судлаач, жижиглэнгийн борлуулалтын байгууллагууд гэх зэргээр бүх талын оролцоог хангаж, маш хариуцлагатай зохион байгуулж байж нэг талд нь шийдэх нь зөв гэж бодож байгаа. Ер нь олон удаа хэлэлцүүлж байж зөв шийдвэр гаргахгүй бүх зүйлийг хорино гээд байвал эсрэгээр бүр хортой. Хамгийн эхлээд хуурамч, хууль бус архины асуудал маш хүндээр тавигддаг. Өнгөрсөн хугацаанд Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор тодорхой хэмжээгээр цагийн хязгаарлалт хийж,зарим аймгуудад борлуулалтыг хязгаарласан. Яг энэ хугацаанд саарал зах зээл бий болж, хуурамч архи болон архи шаглах асуудал замбараагаа алдаж байгаа юм. Энэ болгоныг бид харж, тооцож байж шийдэхгүй бол шууд хорьчихож болохгүй. Эдийн засгийн зөв хөшүүрэг хэрэглэж байж борлуулалтын цэгүүд дээр анхаарахгүй бол эрх мэдэл бүхий хүмүүст мөнгө олох боломжийг гаргаж өгөхийг үгүйсгэхгүй.

Хамгийн аюултай нь хорилоо гэхэд хүнсний аюулгүй байдал хурцаар яригдана. Та бүхэн 10 гаруй жилийн өмнө Багануурт хэчнээн хүний эрдэнэт амь үрэгдсэнийг санаж байгаа байх. Дээрх жишээ бол хорьж, саарал зах зээл үүсгэснээс үүдэлтэйгээр бий болсон асуудал юм. Бид үүний эсрэг маш их тэмцэж байгаа. Архи бол онцлогтой, хэрэглээний соёл шаарддаг бүтээгдэхүүн. Тийм учраас онцгой татвартай, төрийн зохицуулалт ордог бүтээгдэхүүн. Тиймээс энэ зохицуулалтыг зөв байлгахын тулд олон талаас нь хэлэлцэж байж нийтлэг нэг шийдвэр гаргаад тэрийгээ тогтвортой мөрдөх шаардлагатай. Ингэхгүй бол нэг улс төрийн хүчин гарч ирээд хууль эрх зүйн орчинг өөрчилнө гээд дайраад байвал бизнес эрхлэгчдэд хамгийн их дарамт болно. Ер нь бизнес эрхлэгчид ганцхан юм л хүсдэг. Ерөөсөө л бизнесийн орчин тогтвортой байх нь чухал юм гэж үздэг. Гадны хөрөнгө оруулагч нар хүртэл тэгж ярьдаг.

Энэ салбарт үйлдвэрлэл болон борлуулалтын суваг дээр 200 гаруй мянган хүн ажиллаж байна. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой.

-Япончууд саке, Солонгосчууд сөжү гэх зэргээр бага градустай архи хэрэглэдэг. Энэ нь олон жилийн турш уламжлал гэмээр зүйл болоод тогтчихсон. Тэгвэл тухайн оронд урт хугацаанд тогтсон энэ мэт жишгийг манайх руу шууд оруулж ирэх боломж бий юү?

-Градус багасгах тал дээр бид сайн бодох ёстой. Магадгүй градус багассанаар үйлдвэрлэлийн хэмжээ ихэсч, ашигтай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэйг дахин хэлье. Хүн архийг яах гэж хэрэглэж байгааг сайтар бодох ёстой. Тодорхой хэмжээнд стрессээ тайлах зорилгоор хэрэглэж байна. Тэгэхээр бага градустай архийг их ууж байж л согтож байгаа юм. Энэ нь нэг талаар их аюултай. Жишээ нь, Солонгосын нэг хүнд ногдож байгаа архины хэрэглээ Монголоос хамаагүй өндөр.

Бид жилээс жилд нэг градусаар буулгасаар 32-33 дээр тогтох асуудал байна. Мэдээж 40 гарсан градустай архи байж л байг. Гэхдээ өндөр татвартай байг. Бага градустай нь арай бага татвартай байж болно. Бидний бодол бол заавал тэгнэ ингэнэ гэж хүчлэхээс илүү эдийн засагт татварын аргаар үүнийг өөрчлөөд явах боломжтой. Дэлхий дээр согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулж байгаа компаниудад өндөр, бага градустай архи аль аль нь ч байж л байгаа. Төрийн бодлогоор 15 градус руу оруулна гэдэг дээр эсрэг байр суурьтай байна.

-Эрүүл мэндэд зохистой байх градус гэж бий юү?

-Байхгүй.

-“АПУ” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажил гүйцэтгэдэг вэ. Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг тул эргээд тухайн бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл нийгэмд тусч байгааг засч залруулахад хувь нэмэр оруулах ёстой гэдэг. Ийм шаардлага шахалтын тухайд та юу хэлэх вэ?

-Нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг том утгаар нь харах хэрэгтэй байх. Хэн нэгэнд зүгээр нэг дэмжлэг тусламж өгөхийг нийгмийн хариуцлага гэж харах тохиолдол элбэг. Би нийгмийн хариуцлагыг арай өөрөөр ойлгодог. Нэгэнт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани бол Улсын хууль, журмуудыгёсчлон биелүүлж байх үүрэгтэй. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдал тунгалаг байх ёстой. Энэ бол хамгийн том нийгмийн хариуцлага юм. Тийм ч учраас “АПУ” компани компанийнхаа засаглалыг ил тод байлгах, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын уялдаа холбоо болон хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Гүйцэтгэх удирдлага хамт олноо удирдахад ажлын хуваарилалтыг нь зөв тавьж өгөх зэргээр бүх зүйл тунгалаг байж энэ компани өндөр ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай компани байна аа гэж үзэх учиртай. Манайх бас онцлогтой. Тэр нь юу вэ гэхээр онцгой татвартай. Төр бодлогоор онцгой татвар тавьж байгаа шүү дээ. Тэгвэл уг татварын хүрээнд улсын төсөвт орж байгаа мөнгө тодорхой хэмжээнд согтууруулах ундааны соёлтой хэрэглээг нэмэгдүүлэх, хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажилд зарцуулагдаж байх ёстой гэж хардаг.

-Компанийн хэтийн зорилт, бодлогыг тодруулахгүй юу. Экспортод чиглэсэн ямар алхмууд хэрэгжүүлж байна вэ?

-Би компанийн Гүйцэтгэх захирал. Тийм учраас миний ажил үүргийн хуваарь маш ойлгомжтой. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд согтууруулах ундааны градус багасч, илүү сул алкохолтой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэж байна. Гэхдээ цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлд том өсөлт гарахгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, бидэнд байгаа нөөц, үйлдвэрийн хүчин чадал асар их. Тийм учраас бүс нутгуудад бүтээгдэхүүнээ экспортлох нь бидний амин сүнс гэж ойлгож болно. Зөвхөн “АПУ” гэхээс илүү Монгол Улсын хэмжээнд экспорт чухал юм. Ерөнхий сайдаасаа авахуулаад бүгд л ганц зүйл ярьж байгаа нь экспорт хийх ёстой гэж байна.

Манай бүтээгдэхүүний экспорт өрсөлдөөн ихтэй. Ер нь тухайн улс болгон дотоодын зах зээлээ хамгаалж байдаг. Тиймээс тэр том зах зээл рүү орно гэдэг зовлонтой. Бидний хамгийн эхлээд хийж байгаа ажил бол бараа бүтээгдэхүүний брэнд маркийг хууль эрх зүйн орчинд нь яг тааруулж байна. Улс оронд өөр өөрийн гэсэн тохируулга, хуультай байдаг. Үүнд дээр бид олон жил үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дараагаар борлуулалтын сүлжээ чухал байдаг. ОХУ-д гэхэд Красноярскд манай охин компани борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилүүдэд томоохон ахиц гарсан. Тодруулбал, ОХУ-ын Татспиртпром гэж компани бий. 2019 онд борлуулалт, үйлдвэрлэлээрээ ОХУ-д нэгдүгээрт жагссан компани юм. Энэ компанитай стратегийн хүрээнд хамтран ажиллаж манай “Чингис хаан” брэндийг онцгой эрхтэйгээр ОХУ-д борлуулж байна. Энэ бол бидний хувьд маш том боломж гэж үзэж байгаа. Зөвхөн компани гэхээс илүү асар том газар нутаг дээр байгаа борлуулалтын сүлжээ рүү орж чадлаа гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд томоохон үр дүн хүлээж байна. Мэдээж хэрэг манай бүтээгдэхүүн масст зориулагдсан, хямд үнэтэй борлуулагдах боломжгүй. Тийм учраас илүү дээд зэрэглэлийн буюу үнэтэй сегмэнт дээр борлогддог. Бидний ОХУ дахь борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 60-70 хувиар нэмэгдээд явж байна.

Хятадын зах зээл дээр шар айргийг гол зорилгоо болгон явж байна. Сэнгүр брэнд тус улсын зах зээл дээр сайн борлогдож байгаа,ялангуяа Өмнөд Монголын зах зээл дээр өнгөрсөн оноос нэлээн өсөлттэй борлуулалт хийж байна. Харамсалтай нь ковидоос шалтгаалж олон ажил хойшлогдлоо. Гэхдээ удахгүй цар тахлын тархалт дуусах байх.

Гурав дахь зах зээл бол Япон, Солонгос, Европын холбооны улс, АНУ юм. Энэ чиглэлд бид нэлээн ажиллаж байна. Энэхүү ажлаа бид хөрөнгө оруулалт өндөртэй учир хоёр дахь ээлжинд тавин ажиллаж байна.

-Та бизнесийн салбарт өндөр туршлагатай хүн. Ер нь манай бизнесүүдэд тулгарч байгаа гол хүндрэлийг хэрхэн хардаг вэ?

-Би өнгөрсөн хугацаанд ноос, ноолуурын зах зээл, барилгын үйлдвэрлэл, шингэн хүнсний үйлдвэрлэлийн зах зээл дээр ажиллаж байна. Гол хүндрэл бол үйлдвэрлэл эрхлэхэд гурван сая хүн жижиг зах зээл юм. Үйлдвэрлэлд нэг шугам тавихад л хүчин чадал нь Монгол Улсын зах зээлийг даваад явчихдаг. Нөгөө талаар бид бүтээгдэхүүний өртгөөр өрсөлдөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Том шугам,өндөр хүчин чадлаар ажиллаж байж өртөг багасдаг. Тэгэхээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийгөртгийн хувьд энгийн масст зориулсан зах зээл дээр өрсөлдүүлэхэд хүнд. Иймд бид масст зориулахаас илүү үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээл дээр брэнд гаргах боломжтой.

Дараагийн асуудал бол хууль эрх зүйн орчин хэт их өөрчлөгдөж байна. Нэгээс нөгөө рүү хэтэрхий хурдан шилжих гэж оролдож байна. Маш богино хугацаанд судалгаа үндэслэл муутайгаар хуулийн өөрчлөлтүүдийг хийж байгаа нь бизнесийн тогтвортой орчинд нөлөөлж, гадны хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг тэр чигт нь бууруулж байна. Энэ бол маш чухал асуудал юм. Бид нэгэнт экспорт гэж зорьж байгаа бол гадны технологи, “Ноу Хау”, дэлхийн зөв стандарттай бизнесийн процессыг оруулж ирэх хэрэгтэй.

Гуравдугаарт, хүний нөөцийн асуудал юм. Чадварлаг хүний нөөц бидэнд байхгүй болчихлоо. Солонгос руу 50-60 мянгаар нь залуусаа явуулдаг. Гэтэл үнэн чанартаа мэдлэгтэй, туршлагатай хүмүүс тэнд алтан цагаа үрж, тэднээр энгийн ажил хийлгэж байгаад харамсдаг. Хүний нөөцийн бодлогыг зайлшгүй улсын хэмжээнд авч үзмээр байна.

Бас нэг зүйл нь монгол хүний ёс зүй, мөн чанарт анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаас харахад уламжлал үүх түүхээ маш их мартаж байна.Зөвхөн Монгол гэдэг нэрийг цээжиндээ балбаж байгаа боловч бодитоор Монгол хүн ямар ёс зүйтэй байх ёстой вэ? гэдэг дээр чамлалттай байна. Монгол хүний брэндийг гаргаж, монгол хүний ёс зүй, хүлээдэг үүрэг, хариуцлага юу байх ёстойг хүүхдүүдэд бага балчир наснаас нь сургаж байж бид ирээдүйд зөв нийгмийг бүтээнэ. Энэ нь архины соёлтой хэрэглээн дээр бас орж ирнэ. Бид үр хүүхдэдээ багаас нь зөв хүмүүжил олгож, бусдаас бурууг хайхаас өмнө өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж,гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, зөв зохистой хэрэглээг тунгаадаг, төлөвшсөн иргэдийг бий болгох учиртай.

-Монгол хүн брэнд гэхээр сонирхолтой санагдаж байна. Танай компани энэ хандлагыг үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж авч явдаг вэ?

-Хүний мөн чанар их муудаж байна. Бид зөвхөн энэ тухай яриад өнгөрөх бус “АПУ” компани эрхэм чанар, үнэт зүйлээ тодорхойлж шинэчилж гаргасан. Бид ирээдүйд их ашиг олно гэхээс илүү компанийн удирдлага, ажилчид, хувьцаа эзэмшигчид ямар ёс зүйтэй, зарчимтай байх вэ гэдгийг тодорхойлсон. Үүнд таван асуудлыг хэлмээр байна. Бусдыг дээдлэн эрхэмлэх үнэт зүйлээ тогтсон. Энэ компанид ажиллаж байгаа хүн бүр бусдын төлөө бай гэдэг үнэт зүйл зарчим юм. Дараагийнх нь өдөр болгон сурч, хөгжиж, өөрийгөө нээж бай гэсэн зарчим. Түүнчлэн, өөрөө үлгэр жишээ бай. Энэ бол маш чухал зарчим. Би үлгэр жишээ биш байвал энэ компанийн ажилчид надад итгэж намайг хүндэлж хайрлахгүй бөгөөд энэ компанид итгэх итгэл үнэмшил байхгүй болно. Дараагийн асуудал бол уламжлалаа хүндэтгэж, шинийг бүтээх зарчим юм. Бид эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн дэлгэрүүлэх үүрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг дурсах нь зүйтэй болов уу. Та энэ хүнтэй ойр дотно байсны хувьд сайн мэдэх хүний нэг шүү дээ?

-Хийж бүтээх ид насан дээрээ бурхны оронд одсон нь бидний хувьд маш том харамсал байлаа. Г.Батхүү агсан бусдын төлөө их анхаардаг хүн байсан. Хүнд итгэл өгдөг. Эрх өгдөг.Эргээд ажилд нь оролцоод байдаггүй хүн байлаа. Намайг энэ компанийг удирдаж байх хугацаанд нэг ч удаа гүйцэтгэх удирдлагын ажил руу орж, тэг ингэ гэж зааварлаж үзээгүй. Хүнд бүрэн итгэл найдвараа өгч чаддаг. Энэ бол хүн болгонд байхгүй зан чанар юм. Нөгөөтэйгүүр, маш олон жил улс төр, эдийн засаг, бизнесийн орчинд явсан ийм эрхэм хүн олон төрөхгүй байх гэж боддог.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш, ял өгмөөр санагдах юм” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмаргаригийн дугаар -12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин“ Эрүүгийн хуульд гүтгэх заалт оруулснаар эрх мэдэлтнүүд иргэний эрх чөлөөг нухчин дарах хэрэгсэл болгож ашигладаг” хэмээвI-V нүүрнээс уншаарай..

Хөдөлмөр нийгмийнх амгааллыняамныНийгмийн х аламжийнхэлтсийндарга М. Цогтбаатар“ Халамжаа зогсоохгүй бол ажил хийх хүн олдохгүй байна гэж гомдол ирдэг” гэв.

Монголын кино нэг тгэлийнзахирал,урлагийнгавьяатзүтгэлтэн Ж.Солонго “Монгол кино үйлдвэрийг хувьчлаагүй. Харин монгол киног төр дэмжих үүрэгтэй”хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш, ял өгмөөр санагдах юм” хэмээн өгүүллээ.

АН-ын ХЭГ-ын дарга Ц.Баатархүү “Гэр хорооллын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн тухай ярих боломжгүй” гэлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт Монголын кино нэг тгэлийнзахирал,урлагийнгавьяатзүтгэлтэн Ж.Солонго “Монгол кино үйлдвэрийг хувьчлаагүй. Харин монгол киног төр дэмжих үүрэгтэй”хэмээв.

Эдийнзасгийнөрсөлдөхчадварынсудалгаанытөвийнзөвлөх Ч.Отгочулуу “Хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг дэмждэг сэтгэлгээний том өөрчлөлт хийхгүй бол явахаа болилоо шүү” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Беларусьт болсон жагсаалын үеэр 500 гаруй хүнийг баривчилжээ

Беларусийн хотуудад ням гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хууль сахиулагчдын баривчилсан хүний тоо 500-г давсан гэж хүний эрхийн “Весна” төв мэдээлэв. Тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн баривчлагдсан хүмүүсийн жагсаалтад 501 хүний нэрийг оруулжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Беларусийн биатлонч, Олимпын дөрвөн удаагийн аварга Дарья Домрачевагийн ах, уран барилгач Никита Домрачев байгаа гэж мэдээлж байна. Ням гарагт мөн эсэргүүцлийн ажиллагааг сурвалжилсан 40 гаруй сэтгүүлчийг саатуулжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн ихэнхийг сулласан байна. Эсэргүүцлийн ажиллагаа Березовка, Брест, Бобруйск, Витебск, Гомель, Гродно, Жлобин, Кобрин, Могилев, Молодечно, Солигорск хотуудад болсон байна. Минск хотод сөрөг хүчнийхэн “Бахарлын жагсаал”-ыг зохион байгуулах гэж оролдсон боловч хүчнийхэн зогсоож чаджээ. Ням гарагт болсон ээлжит эсэргүүцлийн арга хэмжээний өмнөхөн Минскийн метроны хэд хэдэн станцыг хаасан бөгөөд, Беларусийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “оператор А1” компани Засгийн газрын агентлагуудын хүсэлтээр хөдөлгөөнт интернэтийг хязгаарласан байна. Эсэргүүцлийн ажиллагаа дууссаны дараа Минскийн метро үйл ажиллагаагаа сэргээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадын өрсөлдөх чадвар хамгийн сайн компаниар “Huawei” тодорчээ

БЭЭЖИН. /TASS/. Хятадын 2020 оны хамгийн хүчтэй, өрсөлдөх чадвар сайтай ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын жагсаалтыг харилцаа холбооны “Huawei” корпораци тэргүүлжээ. Энэ тухай “Forbes” сэтгүүлийн Хятад хувилбар болох “Хужунь” сэтгүүл мэдээлжээ.

“Huawei” компанийн хөрөнгө 1.1 их наяд юань буюу 163.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ үзүүлэлт 100 тэрбум юаниар буурчээ. Энэ нь америкийн хориг арга хэмжээ авсны улмаас компанид багагүй хүндрэл учирсантай холбоотой аж.

Жагсаалтын дараагийн гурван байранд “Xiaomi”, “VIVO”, “OPPO” ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд орсон байна. Эдгээр компанийн хөрөнгө 434 тэрбум, 175 тэрбум, 170 тэрбум юаниар тус бүр үнэлэгдэж байна.

АНУ-ын Худалдааны яам 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаар тус компанийг АНУ-д өндөр технологийн хэрэгсэл худалдан авах боломжийг нь хязгаарлажээ. Энэ оны 8 дугаар сарын 17-нд Америкийн эрх баригчид тус компанийн мөн 38 охин компанийг АНУ-д үйлдвэрлэгдсэн технологи, программ хангамжийг олж авах боломжийг нь хязгаарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим” байгуулагджээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомж бодлого хөтөлбөрийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг ашиглалтад орууллаа. Сургалтын танхимд Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэдэд эрүүл мэндийн анхны тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Эрүүл мэндийн танхим” болон “Мазаалай студи”-ийн буланг мөн байрлуулаад байна.Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн танхимыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон ОБЕГ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлж, тохижилтын ажлыг алба хаагчид дотоод нөөц бололцоог ашиглан тохижууллаа. Орон нутгийн нийт хүн амын 10 хувь буюу 4700 хүнийг энэ онд гамшгаас хамгаалах ангиллын сургалтад хамруулахаар зорилт тавьсан бөгөөд сургалтын төвийг ашиглалтад оруулснаар энэ тоог 5 дахин буюу нийт хүн амын 50 хувийг сургалтад хамруулах боломж бүрдээд байна.Тус танхимаар иргэд, олон нийтэд “Амар мэндийн анхны алхам”, “Аюулгүй амьдрах ухаан”, “Бэлэн бай”, “Говийн баавгай”, “Өрхийн бэлэн байдал” сургалтын багцуудыг ашиглан сургалт арга хэмжээнд хамруулан, нас сэтгэхүйн онцлогт тохируулан үлгэрчилсэн, жүжигчилсэн хэлбэрээр гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг хүргэн ажиллана гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ​93 мянга гаруй хүүхдийн шүд эрүүл болжээ

Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Энэхүү хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготой юм.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үзүүлснээс цоорлын эмчилгээг 128,651, сувгийн эмчилгээг 27,04, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна.

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын түвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийнхэнтэй хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС-ийн захирал, “Шүд” ТББ зэрэг 10 гаруй шүдний эмнэлгийнхэн оролцов.