Categories
мэдээ нийгэм

54 хүүхдийн суудалтай Сурагчдын шинэ автобусуудыг сургуулиудад хүлээлгэн өглөө

ЕБС-ийн сурагчдад зориулсан автобусын эхний ээлжийнх ирлээ. Д.Сүхбаатарын талбай дээр байрлуулсан автобусуудыг сургуулиудад хүлээлгэн өглөө. “Сурагчдад зориулсан автобусны нэг бүрийн үнэ 130 мянга орчим доллар бөгөөд тэд бүгдээрээ шинэ автобус.

Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг. 54 хүүхдийн суудалтай тус автобус нь дизель хөдөлгүүртэй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сар хүртэл 57.1 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард 57.1 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1025 буюу 1.8 хувиар буурчээ.

Амаржсан эхчүүдийн 42 мянга буюу 73.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 873 буюу 2 хувиар буурсан байна. Нийт амаржсан эхчүүдийн 180 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй адил байгаа юм.

ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 9 дүгээр сард 6121 эх амаржиж, 6195 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3181 нь эрэгтэй, 3014 нь эмэгтэй, 148 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3421 грамм, дундаж өндөр 50.8 см байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Модны суулгац 8000-300.000 төгрөгийн үнэтэй байна -Шилмүүс моддын суулгац хамгийн их эрэлттэй байгаа аж

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Эрх чөлөөний талбайд “Мод бут сөөгний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт өнөөдөр боллоо. Уг үзэсгэлэн худалдаан нь ес дэх жилдээ болж буй нь энэ юм. Монгол газар шороонд ургахгүй ургамал ногоо, жимс гэж үгүй бололтой. Үхрийн нүднээс эхлээд давжаа алим, чавга гэхчлэн ховор ургамлын моднууд харагдаж байлаа.

Үзэсгэлэнд оролцож байгаа худалдаачин Х.Тогтуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу энэхүү үзэсгэлэнд хэд дахь жилдээ оролцож байгаа бэ ?

Манайх хамгийн анх үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш тасралтгүй оролцож эхэлэсэн.

-Энэ жилийн хувьд хамгийн их эрэлттэй байгаа ямар мод байна бэ?

Хүмүүсийн сонирхол янз янз л байна. Ерөнхийдөө шилмүүс мод л хамгийн их тарьж байна. Шилмүүс мод гэхээр нарс, хуш, гацуур гэх мэтчилэн.

– Үнийн хувьд ямар байна бэ ?

Нас наснаасаа шалтгаалаад ялгаатай байгаа хамгийн жижиг нь гэхэд хорин таван мянга, том моднууд нь хоёроос, гурван метр байдаг эдгээр моднууд нь хоёр зуун тавь мянгаас эхлээд гурван зуун мянга хооронд байна.

-Мод тарихад юуг хамгийн их анхаарах ёстой бэ?

Мод тарихад олон зүйлийг анхаарах ёстой. Гол цөм чухал зүйл нь мод тарих газраа сонгох мэдээж үндэс сайн байвал илүү сайн ургана.

Жишээлбэл : Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана.

Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууцыг нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг усалж бууцтай хольсон шороо, хуучин үрдсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ. Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард 80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлнэ.

-Усалгаа арчилгааны хувьд

Тарих модныхоо үндсийг 30-40 см гүнд суулган. Мөн тарих модондоо заавал услах тогоо хийж өгнө. Тогоогоо өндөрхөн хийж өгөх юм бол арвин их ус тогтон тэр чигээрээ доош газрын гүн лүү 40-50см шингээд модны үндсийг тэлж ургах нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэсэн үг юм.

Намрын улиралд мод тарих нь модны өсөлт тайван байдалд шилжиж тарих үед үндэс гэмтэхгүй, чийгийн алдагдал бага байх тохиромжтой хугацаа юм.

Худалдан авагч Ц. Ариунболд

-Ямар мод худалдан авсан бэ?

Нарс мод худалдан авлаа. Энэхүү модоо Гачууртад зуслангийнхаа хашаанд тарина.

– Үнийн хувьд хэд болов

Таньдаг хүнээсээ хямдруулаад авсан. Ерөнхийдөө нэг нь зуу мянгаар зарагдаж байсан.


Гэр хорооллынхон хашаандаа анхилуун vнэртэй голт бор, монс тарихад илvv тохиромжтой. Аливаа ургамал, цэцэг ногоо нь зөвхөн өнгө үзэмж нэмэгдvvлэх төдий биш бөгөөд хvний эрvvл мэнд, ахуй амьдралд ч ач тустай билээ.

Монгол орны минь ой мод сая саяараа үржих болтугай.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

“Санал тоолох машины үр дүнг, өөрчлөх гаднаас нөлөөлөх боломжгүй” гэв

СЕХ-ноос улс төрийн намуудын төлөөллийг байлцуулан “Хар машин”-аар санал тоолох туршилт хийлээ.

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: УИХ-ын тогтоолын дагуу 2020 оны аравдугаар сарын 15–ны өдөр орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр товлогдсон. Энэ дагуу сонгуулийн бэлтгэл бүрэн хангагдсан. Орон нутгийн хурлынээлжит сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай байдал,нийгэмд үүсээдбайгаа эргэлзээг арилгах зорилгоорсонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй,зохион байгуулахаар боллоо. Туршилтын үйл ажиллагаанд хэвлэлийнхэн,сонгуульд оролцож байгаа нам эвслийн төлөөлөл, ТББ-ын төлөөлөл,СЕХ-ны төлөөлөл оролцож байна гэлээ.

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Нийт 2148 хэсэгт 2615 санал тоолох төхөөрөмжийг СЕХ-ны мэдээллийн технологийн төв болон Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны төлөөлөл оролцсон ажлын хэсэгнэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулаад, гэрчилгээ олгосон. Төхөөрөмжүүд сонгуульд ашиглахад бэлэн болж, бүх хэсгүүдэд тараагдсан гэлээ. Санал тоолох машины үр дүнг, өөрчлөх гаднаас нөлөөлөх боломжгүй. Илт хууль бус мэдээллийг олон түмэнд түгээж байна.Үүнийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг Тагнуулын байгууллагад өгсөн гэж мэдээллээ.

МАХН-ыг төлөөлж ирсэн Э.Эрдэнэжамъян энэ үеэр “Хар машинд флаш хийгээд, та нарын гаргаж ирсэн дүн ахиад өөр флаш хийхэд зөрөх үү” хэмээн лавлав.

СЕХ-ны Программ хангамжийн хэлтсийн дарга Х.Баясгалан “Санал тоолох төхөөрөмжүүдэд флаш залгах боломжгүй, флашийн үүр ч байхгүй.Тэнд байгаа үүрүүдийг лацадсан байгаа. Эргээд ирэхэд тэр лац хөндөгдөөгүй байх ёстой. Сервер гадаадад байгаа гэдэг худлаа. СЕХ дээр сервер байгаа.100 хувь монгол инженерүүд програмчилсан. Серверт орох гарах эрх нь хязгаартай. Обектийг Төрийн тусгай алба хамгаалалтад авсан байдаг. Серверт хоёрхон хүн ордог. Энэ хоёр хүн нууцын баталгаа гаргасан. Яг энэ төрлийн машиныгашигладаг 40-50 улс байдаг гэж тайлбарлав.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Малчдыг зудын эрсдэлд өртөхөөс өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байна

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан МУЗН, ОБЕГ-аас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Монголын улаан загалмай нийгэмлэг Онцгой байдлын ерөнхий газартай 2015 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын үед ажиллах 2015-2020 онд хамтран ажиллаж, 2,100 сайн дурын идэвхтэн бэлтгэж, 77 мянга гаруй хүнийг сургалтад хамруулсан байна. 76 мянган сурталчилгааны материалыг иргэдэд хүргэж, нийт 114,619 хүнд хүрч ажиллажээ.Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хороотой хамтран иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг сурталчлах ажил зохион байгуулсан.Манай улсын цаг уурын нөхцөлөөс үүдэн гардаг гамшиг бол зуд. Тиймээс бид малчдыг зудын эрсдэлд өртөхөөс нь өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа. 2019-2020 оны өвөлжилтийн жилд ихэнх нутгаар “цагаан” болон “цагаанаар зудархуу” гэж үнэлэгдсэн аймаг, сумдын малчдад хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулсан. 2020-2021 оны зудын эрсдэлийн үнэлгээ арваннэгдүгээр сарын сүүлээр гармагц арванхоёрдугаар сарын эхээр тусламж хүргэх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулна” гэдгийг хэллээ.Өнгөрсөн хугацаанд малчдад олгосон тусламжууд:

  • Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд 8 аймгийн 1,000 малчин өрх тус бүрд 240,000 төгрөг, 198,250 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 438,250,000 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг2020 оны 1 сард үзүүлсэн.
  • Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хорооны Гамшгийн хариу яаралтай хариу арга хэмжээ авах сангаас нэмэлт санхүүжилт авч, 10 аймгийн 1,750 өрх тус бүрт 240,000 төгрөг, 198,250 төгрөгний үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 766,937,500 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг2020 оны 3 дугаар сард үзүүлжээ.
  • 2020 оны зуны улиралд орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг ОУУЗУХСНХ-той хамтран хэрэгжүүлж,12 аймаг, 3 дүүргийн нийт 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж болон 164,703 төгрөгийн үнэ бүхий гал тогооны багц, 89,890 төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн багц, нийт 494,593,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх” уриатайгаар дэлхий нийтээрээ нэгдэн, өнөөгийн тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, КОВИД-19 халдвараас сэргийлэх удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн анхаарч байна. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт дэвшүүлсэн дэлхийн тав дахь зорилтыг Монгол Улс хангаж, 2017 онд Засгийн газрын 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.2018 онд Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэлд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулсан нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тогтолцоонд томоохон дэвшил гарсан. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн хурлын тэргүүлэгч тэргүүлж, төрийн, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс гишүүд нь бүрдэж байна. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн гишүүдээр дамжуулан олон нийтийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцох, дуу хоолойгоо нэгтгэх боломж бий болсон.

Мөн “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2015 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 28-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 28-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Тус шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулахад, ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.4 их наяд төгрөг болж өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 их наяд төгрөг байгаагаас 6.7 их наяд төгрөг буюу 91.6%-ийг нь нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж эзэлж буйг мэдээллээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буюу 30%-аар өссөн байна.

Харин төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Зарлагын өсөлтөд:

  • Урсгал зардал 1.7 (29.6%) их наяд төгрөг,
  • Хөрөнгийн зардал 610 (46.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогыг ангилан харвал:

  1. Татварын орлого- 83.2%
  2. Татварын бус орлого- 8.4%
  3. Ирээдүйн өв сангийн орлого- 8%
  4. Тогтворжуулалтын сангийн орлого- 0.4% тус тус эзэлж байна.

Татварын нийт орлого энэ оны эхний есөн сард 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (13.1%) их наяд төгрөгөөр буурчээ. Үүнд,

  • Орлогын албан татвар 330.9 (18.5%) тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 183.9 (13%) тэрбум төгрөг,
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 149.4 (22%) тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 146.9 (8.3%) тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 74.7 (11.4%) тэрбум төгрөг,
  • Гадаад үйл ажиллагааны орлого 33.4 (5.7%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм

Малын хулгай, хүний амь хөнөөх болон хахууль авах гэмт хэрэг өссөн


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны гуравдугаар улирлын байдлаарх шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа.

Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Э.Ганцэцэг: Эрүүгийн хэргийн бүх шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг маргааны шүүн таслах ажиллагааны тайланг мэдээлэв. “Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар тус тус өссөн байна.Анхан шатны шүүх нийт 10,827 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар, давж заалдах шатны шүүх 2,122 хэрэг хянан шийдвэрлэсэн нь мөн оны мөн үеэс 22.3 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.Үүнд,

  • Хүнийг алах гэмт хэрэг 25 хэргээр буюу 14.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 28 хэргээр буюу 10.0 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 10.3 хувиар,
  • Хүчиндэх гэмт 18 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 20.8 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 144 хэргээр буюу 30.3 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 46.8 хувиар,
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 30 хэргээр буюу 2.6 дахин,
  • Хахууль авах гэмт хэрэг 10 хэргээр буюу 55.6 хувиар,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 12 хэргээр буюу 12 дахин,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 4 дахин,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 160 хэргээр буюу 87.4 хувиар тус тус өссөн байна.

Харин зарим гэмт хэргийн тоо буусан байна.

  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25 хэргээр буюу 3.0 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 48.3 хувиар,
  • Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 хэргээр буюу 35 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 50 хэргээр буюу 18.7 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 16 хэргээр буюу 32.7 хувиар тус тус буурчээ.

Шүүхээс хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт 12,986 хүн, гурван хуулийн этгээдийг гэм буруутайд тооцжээ. Үүний 10,701 хүн, гурван хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулсан” гэв.

“Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас 12,442 хүн, 136 хуулийн этгээд, 266 төрийн байгууллага хохирчээ. Мөн гэмт хэргийн улмаас 97.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.Нийт 474 хүний амь гэмт хэргийн улмаас хохирсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас 6,715 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хөнгөн хохирол учирсан байна.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай өнөөдөр (2020.10.13) уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов. Иймд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг улсын Парламентын судалгааны туршлагаас хуваалцах, боловсон хүчнээ чадавхжуулахад дэмжин ажиллана хэмээн найдаж байна гэлээ.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх Парламентын судалгааны ажлаар Энэтхэг улстай хамтран ажиллах боломжийг хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, 100 хувийн болон бусад хөнгөлөлттэй тэтгэлэгээр сургах боломжтой гэлээ. Мөн Энэтхэг улсад Парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болох PRS, PRIDE, Энэтхэгийн Парламентын Номын сан зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж өгөх тухайд анхаарна гэдгээ онцолсон юм.

Иймээс ойрын хугацаанд талууд энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургууль, коллежийг 2019-2020 оны хичээлийн жилд 28 мянган оюутан төгссөн нь өмнөх жилээс 22%-аар өсжээ

Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Танилцуулгын үеэр ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд: 2019-2020 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг нийт 118 мянган суралцагч төгссөн болохыг онцлов. Тодруулбал,

  • Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 71 мянган сурагч,
  • Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 19 мянган суралцагч,
  • Их, дээд сургууль, коллежийг 28 мянган оюутан тус тус төгссөн байна.

Ерөнхий боловсролын сургуулийг өдрөөр төгсөгчдөөс харвал:

  • 42.7 мянга нь суурь боловсролыг (есдүгээр анги)
  • 28.6 мянга нь бүрэн дунд боловсролыг (арванхоёрдугаар анги) эзэмшигчид аж.

Үүнээс харвал арванхоёрдугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 12.1 мянга буюу 73.7 хувиар өссөн байна.

Харин техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2019-2020 оны хичээлийн жилд 18.9 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 2.3 мянга (10.9%)-аар буурсан бөгөөд нийт төгсөгчдийн 45.5 хувь нь эмэгтэйчүүд байсан.

Их, дээд сургууль, коллежийг тус хичээлийн жилд нийт 28 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс таван мянга (21.7%)-аар өссөн үзүүлэлт хэмээлээ.