Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 651 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөлөөс нийт 47 журам батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 198 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 орчим хувийг 1980 оноос хойш төрсөн залуучууд эзэлж байна. Залуу ахмад үеийн залгамж халаанд анхаарч, төрийн албаны үйл ажиллагааны арга барил, ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага үүссэн. Чадахуйн /мерит/ зарчим, шатлан дэвших тогтолцоо, судалгаанд суурилсан шинэтгэлийг хийж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахим хэлбэрт шилжсэн, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг өргөтгөн “Цалингийн нэгдсэн систем”-тэй холбох ажлыг хэрэгжүүлж, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.

Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлүүд болох Төрийн албан дахь Хүний нөөцийн аудитын газар, Маргаан хянан шалгах газар, Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл явц, Төрийн албаны ерөнхий шалгалт, Төрийн албаны сургалт судалгааны талаар шинэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа Төрийн албаны зөвлөлийн гишүүд, УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд, төлөөлөгчдөд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

“- Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шалгуур өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт шинэ зохицуулалт бий болсон. Энэ хуулиар Монгол Улсад төрийн албыг чадавхжуулах, шударга төрийн албатай болох, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.

Өнөөдрийн байдлаар 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ дунд сайн, муу аль аль нь бий. Төрийн албаны хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ цаашид эргэн харж, засаж сайжруулах зохицуулалт байгаа.

Өмнө нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага тодорхой биш, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халдаг, хариуцлагагүй албан хаагчдаас болж төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг олон тодорхойгүй асуудал байсныг өөрчилсөн. Төрийн алба анхан болон дунд шатандаа хүнд суртал ихтэй байгааг иргэд хэлдэг. Үүнийг хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдээд явж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчдынхаа нийгэм, эдийн засгийн асуудлыг нь бид шийдэх ёстой байгаа юм. Амьдрал дээр 400-500 мянган төгрөгийн цалин өгчихөөд хүний гар харахгүй, өдөр шөнөгүй ажил гэж шаардах нь учир дутагдалтай. Иймд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хэн илүү чадварлаг, бүтээмжтэй ажиллаж байна, тэр хэрээрээ өндөр цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагддаг болох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа төрийн албаны шинэчлэл хийгдэнэ. Олон улсын сайн жишгийг харахад ч ийм байдаг. “

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

“- Энэ удаагийн парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг өргөтгөж, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өнгөрөгч есдүгээр сард Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулсан. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Энэ асуудлыг бид нэгдсэн зөвлөгөөний үеэр нарийн хэлэлцэж, төсөл боловсруулсан. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог.

УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангаруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг боловсруулаад дууссан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчилж, гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар зохицуулалтыг оруулсан. Улам сайжруулах асуудал бий.”

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

“-Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг. Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо.

УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд багш нарт шаардлагатай 6000 орчим зөөврийн компьютерыг шийдсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгч байна. Бид инновац, цахим шилжилтийн талаар хандлага, ойлголтоо өөрчлөх цаг болсон. Үндэсний хэмжээнд цахим соёлыг түгээхэд манай байнгын хороо манлайлж ажиллана. Цахим болон цаасан баримт бичгийг адил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байдлыг хууль, эрх зүйн орчинд бий болгоно.”

УИХ-ын байнгын хороодын дарга нар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцож, үүрэг чиглэл өглөө. Уг хуралд яам, агентлаг, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцож, хууль эрх зүйн орчны талаар санал солилцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.

Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах эрхийг баталгаажуулах Батламжийг гардууллаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг Улсын онцгой комиссоос Нийслэлийн орон сууцны корпорацид албан ёсоор нэр нь очсон төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууцыг сонгон авах боломжийг олгож байгаа, ингэхдээ орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж байгаа тухай батламжийг үндэслэж байгаа нь энэ юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайханых

Гавьяатын одонгоо Төрийн тэргүүнээсээ гардаж авчихаад, төв талбайд цугласан олны зүг гэнэ сэрэггүй инээмсэглэсээр гарч ирсэн шинэхэн гавьяат Жижирдоржийн Мөнхсайханыг энэ удаагийн “Танайд өнжье” буландаа онцоллоо.

Урлагт олон жил зүтгэж өөрийн гэсэн тодоос тод зам мөрийг үлдээж, жинтэй уран бүтээлүүдийг туурвиж яваа хөдөлмөрийг нь төр үнэлж Монгол Улсын Гавьяат rүжигчин хэмээх эрхэм цолыг хүртээсэн, найр наадам үргэлжилсэн завгүй үеэр нь ярилцаж таарсан юм.

Урлагийнхны ажил цаг наргүй, тэр дундаа төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан гавьяатад баяр хүргэж, дайлж цайлах байгууллага түүнийг тойрч хүрээлсэн хүн бишгүй олон.

Ж.Мөнхсайхан гавьяатын гэр бүлийнхэнтэй бямба гаригийн орой оройн зоог барингаа зургийн цомгоор “аялж” тэдний нандин сайхан дурсамжийг уншигч олонтой хуваалцахаар цаг тохирч нэгэн үдшийг түүний гэр бүл, тойрон хүрээллийн дунд өнгөрүүлсэн билээ. Бямба гаригийн өглөө эрт утас дуугарч байна. Ж.Мөнхсайхан гавьяат “Өглөөний мэнд ахын дүү, баларсан юм боллоо. Шагналыг минь угаахаар манай хэдэн найз Тэрэлжид бяцхан арга хэмжээ зохиож байгаа юм. Би өчигдөр чамд хэлсэн дээ. Манай гэрийнхэн оройдоо амжиж ирж чадахгүй нь. Яах вэ. Та Тэрэлжид хүрээд ирэх боломж байна уу” хэмээв.

Ингээд бид төлөвлөсөн ажлаа зохицуулчихаад харуй бүрийтэй уралдан Тэрэлжид очлоо. Гавьяатын эхнэр Э.Бямбасүрэн “Сайн явж ирсэн үү. Ах, эгч хоёрыгоо ёстой уучлаарай” гэсээр угтаж, хоол цай, идээ унд болов. Гавьяат ч “Төлөвлөснөөс буруу хазгай юм болж дүүгийн ажлыг баллах шахлаа. Уучлаарай” гэсээр угтав. Өнөөгийн манай нийгэмд хүнээс уучлалт гуйна гэдэг том соёл.

Гавьяатын шагналыг тэмдэглэхээр найз Кёкүшюзан Д.Батбаяр дотны цөөхөн хэдэн найзыг нь урьсан нь энэ аж. Биднийг арга хэмжээ болж буй гэрт ороход УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, жүжижгчин М.Баярмагнай, Монголын Чопперын холбооны тэргүүн, Монголын Таэквондогийн холбооны дэд ерөнхийлөгч тэргүүтэй 30 гаруй хүн сууж байв. Баярт ирсэн хүмүүс гавьяатад зориулж дуу дуулах, бүжгэнд урих зэргээр түүнийг сандалд тухлах завдал үл олгоно. Өөрөө ч их хөдөлгөөтэй хүн. Эхнэр Э.Бямбасүрэн нь “Өдрийн сонин”-ны сэтгүүлч хэмээн зочдод танилцуулж, уйдаахгүй гэсэндээ хэрэндээ л тэрүүгээр хоол цай гээд байж суух газраа олохгүй гүйх нь эдний гэрийнхэн “За гэвэл ёогүй хүмүүс” юм даа гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

Ингээд завгүй зочдын хажуугаар цаг гаргаж дурсамжаа уншигч олонд хуваалцахаар Ж.Мөнхсайхан гавьяат эхнэр Э.Бямбасүрэнгээ хөтөлж биднийг дагуулсаар өөрсдийн байрлаж буй гэрт орлоо. Бидний яриа түүний гавьяат цол хүртсэнээс эхлэв.

Э.Бямбасүрэн “Хүний гавьяанд бахархаж, баярлана гэдэг чинь сайхан зан чанар шүү. Бид хэд сүүлийн зургаан хоног иймэрхүү л байдалтай байна даа” хэмээн яриагаа эхлүүлэв.

МУГЖ Ж.Мөнхсайхан айлын гурван хүүхдийн гурав дахь нь. Тэрбээр дээрээ ах, эгч хоёртой айлын бага. Эгчийг нь Ж.Өнөгэрэл, ахыг нь Ж.Алтангэрэл гэдэг аж. Тэрбээр 1972 онд хүмүүний энэ орчинд мэндэлжээ. Тухайн үед аав, ээж нь залуу хүмүүс байсан учир түүнийг зургаан сартай байхад нь Яармагт эмээгийнх нь өвөр дээр аваачжээ. Эмээгийнхээ өвөр дээр найман нас хүртлээ эрхэлж өссөн тэрбээр гэртээ ирэхдээ эжий, аавыгаа танихгүй шахам байжээ. Тэр үед аавыгаа “Ах аа” хэмээн дуудах тохиолдол ч байсан талаар дурсаж байв. Ингээд эмээгийн өврөөс аав, ээжийн энэрэл хайранд умбасан авьяаслаг Ж.Мөнхсайхан сургуулийнхаа урлагийн үзлэгийн авралын оч, шинэ жилээр алиалагч болдог байсан гэнэ. Гэхдээ багадаа урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болно хэмээн бодож ч байгаагүй талаараа ийнхүү хуучилсан юм. “40 дүгээр сургуулийг буюу арван жилээ төгсөх хүртэл би ийм мэргэжилтэй болно доо гэсэн бодол байгаагүй. Намайг урлагт хөл тавихад нэг л үг нөлөөлсөн. Есдүгээр ангид байхад миний аав тэнгэрт дэвшсэн. Аав ээжид “Миний хүүг урлаг бараадуулбал зүгээр юм байна” гэж хэлсэн гэдэг. Аав минь намайг өөрөөс минь ч илүү их мэдэрч, сонсож, ойлгодог байж” хэмээн дурслаа.

Жижирдоо агсан Соёлын яамны Хянан шалгалтын байцаагч, Говь-Алтай аймгийн уугуул хүн байжээ. Харин ээж Г.Мөнхцэцэг нь Баянхонгорынх аж. Эжий, аавтайгаа өнгөрүүлсэн үй олон нандин дурсамжнаас сэтгүүлч миний асуултад хариулж суухад нүдэнд нь тусах гуниг, баярын харцыг гэргий нь хэзээний мэдэрчихсэн гараас нь атгаад л битүүхэн дотроо санаа алдаж суув.

Ж.Мөнхсайхан эхнэрээ хайрлаж, хүндэтгэх нь түүний үйлдэл бүрээс илт мэдрэгдэнэ. Энэ хоёрыг гавьяатын ажил, амьдралын алтан портенор Магсарын Баярмагнай танилцуулж байжээ. Гэргий Э.Бямбасүрэн Магнайтай нэг нутаг, хар багаасаа тоглож өссөн гэнэ. Энэ талаар Э.Бямбасүрэн “Жүжигчин М.Баярмагнай бид хоёрыг 2003 онд танилцуулж байлаа. Анхны болзоонд ч явж үзэлгүй л гэр бүл болсон доо” хэмээн инээв.

Эхнэр Э.Бямбасүрэнтэй

Ж.Мөнхсайхан гавьяат эхнэрээ танилцуулахдаа “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайрын Цоржгэмпил овогтой Даваасүрэнгийн Эрдэнэхоролын Бямбасүрэн гэдэг” хэмээн танилцуулахад Бямбаа эгч “Пээ, бүр ингэж танилцуулах юм уу” хэмээн инээлдэв. Тэрбээр айлын том охин бөгөөд дороо хоёр дүүтэй аж.

Тэд голомтоо бадрааснаас хойш гурван охин, нэг хүүгийн ээж, аав болжээ. Хамгийн том охин М.Энхдөлгөөн 25 настай бол бага хүү 12 настай гэнэ. Ганц хүү нь Ж.Мөнхсайханы 37-ных нь жил дээр мэндэлжээ. Мөн зээ охин Анир нь ч мөн хулгана жил төрж, өвөө, хүү, зээ гурвуул хулгана жилд хорвоод мэндэлжээ. Энэ талаар Э.Бямбасүрэн “Монгол хүн аливааг бэлгэшээж амьдардаг. Амины ганц Анир минь төрснөөр манайх гурван хулганатай болсон” гэв.

Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан МУСГЗ С.Лхасүрэн, Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дор 1996 онд СУИС-ийг төгсжээ. Оюутан насныхаа дурсамжийн талаар тэрбээр “Надад байсан жижигхэн өгөгдлийг хөгжүүлсэн хоёр багшийнхаа ачаар өнөөдрийн энэ түвшинд хүрлээ. Би оюутан байхдаа сургуулиа хаях гэж байсан удаатай. 1994 онд бүгд л ганзагын наймаа эрхэлж байсан үе. Тэр салхинд би ч өртөж, арагшаа наймаанд явдаг байлаа. Таван төгрөгийн бараа харчихаад явж байхад багш маань “Одоо чи хөрсөн дээрээ буу” гэж хэлсэн. Намайг “Сургуулийн төлбөр өндөр байна” гэхэд маргааш манайд хүрээд ир гэсэн. Тэр өдөр намайг СУИС-иас хөөхөд бэлэн байсан, би ч сургуулиас гарна гэсэн бэлтгэлтэй очсон. Сургуулийн захиргааны хурлаар орлоо. Сургалтын төлбөрөө төлөөгүй, 20-иод хоног хичээлээ тасалсан гэсэн “ял” сонслоо. Сургуулиас гаргая гээд “алх тогшдогийн даваан дээр” миний багш “Хэрвээ Жижирдоогийн Мөнхсайханыг хөөх гэж байгаа бол намайг сургуулиас гаргачих. Би хичээл заахаа больё” гэж хэлсэн. Гарна гэсэн бэлтгэлтэй зогсож байсан хүн чинь гайхаад энэ хүн чинь юу хэлчихэв гээд гайхаж, эргэсэн дээ. Багш орой манайд хүрээд ир гэсэн. Яваад очтол 11600 төгрөг өгдөг юм байна. Тухайн үедээ маш их мөнгө л дөө. Багш “За, миний хүү энэ сургуулийг л хаяж болохгүй шүү. Төлбөрийн чадвар, янз бүрийн асуудал байвал маргааш энэ мөнгөөр төлбөрөө төл” гэсэн. Маргааш нь багшийнхаа өгсөн мөнгөөр сургалтын төлбөрөө төлсөн. Уг нь нөгөөдөр нь наймаанд явах байсан. Наймаанд явах бүх ажлаа болиулаад, бүрмөсөн наймаа гэгч зүйлийг хаясан. Надад хүн ингэтлээ итгэж байхад хүн л юм чинь бас юм бодно доо. Ингээд л би урлагийн хүн болохоор эргэж буцалтгүй шийдэж, сургуулиа төгссөн шиг төгсөж, ажилласан шиг ажиллаж явна” гэв. Амьдралыг нь чиглүүлсэн багш нь хэн болох талаар асуухад “Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Сайхансүрэнгийн Лхасүрэн багш маань миний аав гэж хэлэхэд болохоор хүн. Миний багш надад нэг л зүйлийг хэлсэн. “Чи бүтээх гэж байгаа дүрээ яг тэр нөхцөлд нь очоод судалж бай” гэсэн. Намайг өвгөнтийн хөндий рүү хоёр гурван удаа ч хөөж явуулж байлаа. Ер нь тухайн нөхцөлийг нь мэдэхгүй бол дүрээ бүтээж чадахгүй. Намайг хүмүүс “Ээж, эмээ, хэрсүү хүүхдийн дүр маш сайн бүтээдэг гэдэг. Арга ч үгүй биз би чинь найман нас хүртлээ эмээгийнхээ өвөрт, мээмийг нь хөхөж өссөн хүн. Хүн мэддэг зүйлээ маш сайн хийнэ шүү дээ” гэсэн юм.

МУГЖ М.Баярмагнай, МУГЖ П.Эрдэнэзаан нарын хамт

Сургуулиа төгссөн жилийнхээ аравдугаар сарын 2-ны өдөр УДЭТ-т ажилд орж, 2002 он хүртэл долоон жил ажиллажээ. Үүнийхээ дараа “Өнгөт инээд” хамтлагт орж зургаан жил ажиллаад өөрийн продакшныг байгуулжээ. Тэрбээр энэ талаар “Эрдэнэзаан надаас хоёр жилийн өмнө төгссөн, дээд төгсөлт. Харин М.Баярмагнай надаас долоо дор төгссөн. Биднийг “Өнгөт инээд” хамтлаг учруулж, мөр зэрэгцэж бүтээл гаргах хувь олдсон. “Өнгөт инээд” хамтлагт байхдаа тусдаа гарч өөрсдийн хамтлагаа байгуулъя гэж ярилцсан. Энэ хамтлагтаа бид чинь олон жил ажиллачихсан, ээнэгшин дасчихсан байлаа. Би зургаан жил, Заан найман жил ажилласан байсан. Өлзий эгч, Хүслээ ах хоёртоо “Дүү нар нь одоо тусдаа гарч өөрсдийн бүтээлээ туурвилаа” гэж хэлэх мөч хамгийн хэцүү байсан. Яаж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байсан юм. Ийм мөчид шийдвэр гаргах хүн хэрэгтэй юм билээ. Тэр хүн миний найз П.Эрдэнэзаан. “Одоо болсон, бид эрийн цээнд хүрлээ. Шувуу хүртэл даль жигүүрээ ургахаар үүрээ орхиод нисдэг” гээд энэ мэдээгээ эгч, ах хоёртоо хэлээд гарсан даа. Хэлж тайвшраад гурвуулаа гараад, байгаа мөнгөөрөө нэг хонины толгой, шил архитай аваад Туулын эрэг дээр очиж хамтлагийнхаа нэрийг юу гэх үү гээд их ярилцсан. Тэгээд “Маск” дээр тогтсон. Театрын бэлгэдэл нь инээсэн, уйлсан хоёр маск байдаг шүү дээ. Ингээд бид Монголын хошин урлагт театрчилсан бүтээлийг гаргахаар өрх тусгаарлаад өдгөө 15 жил болж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлээд өдийг хүртэл энэ л бүлээрээ явна даа. Хамтрагчаа алдахгүй байхыг эгч, ах хоёр минь сургасан” хэмээн хуучлав.

УДЭТ-т ажиллаж байхдаа бүтээсэн дүрийнхээ талаар тэрбээр “Долоон жил ажиллах хугацаандаа би 5-6 гол дүр бүтээсэн. Энэ дүрүүдээ бүгдийг нь хайрлаж явдаг. Гэхдээ дүрүүдээс минь хамгийн содон нь гэвэл би Ардын жүжигчин С.Сарантуяа эгчийн байгуулсан Драмын мэргэжлийн төвийн тэмцээнд оролцохоор болсон юм. Тэр үед би сонгодог урлагийн оргил болсон Шекспирийн “Отелла” жүжигт тоглосон. 40 минутын турш хоёр хүний дүрд хувирах бүтээл туурвисан. Тухайн үед С.Сарантуяа эгч “Манай төвийн шугамаар зохиогдох Олон улсын фестивальд энэ жүжгээ тогло” гэж хэлсэн. Тэр фестивальд УДЭТ-ын жүжигчдийг хамарсан “Ромео, Жульетта”, “Хаан түүх” гэсэн хоёр том бүтээл шалгарсан. Гуравдугаарт нь өчүүхэн миний бүтээсэн дүр багтаж орсон. Тэр үед би Английн театрын найруулагчаас “Гамлет” жүжгийн номыг хүлээж авч байсан. Тухайн үед орчуулагч нь зөв орчуулсан уу, үгүй юү, сайн мэдэхгүй байна. Ямартаа ч надад “Та бол дэлхийн энтэй жүжигчин. Та үүнийгээ сайн хөгжүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед их омогшиж билээ” гэв.

Нээрэн ч түүний дүрдээ орох, хувирах чадвартай маргах хүн байхгүй. Урлагт 30 шахам жил хөдөлмөрлөсний дараа тэрбээр ийнхүү гавьяатын цол тэмдгээр энгэрээ мялааж, олон түмэн ч үүнд нь баяртай байгаа. Биднийг ийнхүү хуучилж суухад үүд тогшиж “Таныг одоо түр хүрээд ирээч гэнээ. Нэг арга хэмжээ болох гээд таныг хүлээгээд байна” гэсээр нэгэн эмэгтэй орж ирэв. Ийнхүү бидний дурсамж, дурдатгал яриа өндөрлөсөн юм. Гадаа жиндүү ч гавьяатын баярын үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгалтай, амгалан үдшийг намуухан аялгуун дор тэд баяраа тэмдэглэсээр үлдэв.

Тэрбээр “Би хошин урлагийг үгүйсгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хүн бүхэнд таалагдах албагүй. Аливаа зүйл 100 хувь хүнд таалагддаггүй. Тиймээс таалах нэгийг нь ав, таалахгүй нэгийг нь хая. Хөдөлмөрлөж байвал эргэн тойрныхоо сөрөг зүйлийг харах сөхөөгүй байдаг. Гэтэл бэлэнчлэх сэтгэлгээтэй, хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүс хүний алдаа дутагдлыг хүлээгээд, хараад сууж байдаг юм байна. Хүн болгон л хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бид ойлгосон” хэмээн ярьж байсан нь бодууштай л санагдсан юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халамжийн Бүгд Найрамдах Улс

УИХ-ын чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн “Төсөв дээр явж байгаа нэг том ачаалал бол Хүүхдийн мөнгө болчихсон байгаа. Энэ жилийн гүйцэтгэлээр 1.9 их наяд гээд байгаа. Энэ 1.9 их наяд чинь хэрэглээг нэмэгдүүлэх нь ээ. Ялангуяа импортын хэрэглээ нэмэгдчихдэг байхгүй юу. Та нар хөдөөгүүр явбал хөдөөний хүүхэд бүр унадаг дугуйтай болчихсон. Бид унадаг дугуй үйлдвэрлэдэггүй, дугуйг гаднаас доллараар авч байгаа. Хүүхдийн мөнгө бол валютын нөөцийг бууруулсан, цаашдаа ханш, юмны үнэ өсгөсөн, эргээд ард иргэддээ дарамт болох нөхцөл нь болчихож байгаа юм. 1.9 их наядаар 320 суманд таван тэрбумын өртөгтэй үйлдвэр барих мөнгө байхгүй юу, нэг жилдээ. Та бүхэн бод доо. 320 суманд нэг тэрбумын өртөгтэй таван үйлдвэр барихад тэндхийн ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэнэ. Нэг суманд нэг тэрбумын таван үйлдвэр барих мөнгө шүү. Гэтэл үүнийг Хүүхдийн мөнгө гээд зүгээр өгчихөөр яах вэ, зүгээр л хэвчихнэ. Энд баас, Эрээнд хөрөнгө болж очно” гэж маш зөв ярьсан. Монгол Улс гурван сая хүн амтай ч 700-800 мянган иргэн нь сар бүр 69 нэр төрлийн халамжийг төрөөс авч байна. Тэдгээр халамжуудаас нь дурдвал 318 мянга орчим тэтгэврийнхэн, 58 мянган группийнхэн, 43 мянган халамжийнхан, 44600 гаруй өрхийн 243 мянган хүн хүнсний талон авч байна.

Нэг хэсэг нийгмээ сэхээтэн, ажилчин, малчин, ард гаралтай гэх мэтээр бүдүүлэг ангилдаг байсантай адил одоо талоныхон, группийнхэн, халамжийнхан, тэтгэврийнхэн…гэсэн нийгмийн бүлгүүд гараад ирчихлээ. Ийм байгаа болохоор Монгол Улсыг халамж, тэтгэмжийн орон гэхэд хилсдэх юм алга. Гэтэл улсын хэмжээнд 1.1 сая хүн буюу нийт хүний амын гуравны нэг нь эдийн засгийн идэвхтэй хүн ам гэгдэж байгаа ч үнэндээ 500 мянга нь л улс орны эдийн засгийн хүнд ачааг нуруундаа үүрч явна. Хөдөлмөрлөхөөс халамжлуулаад хэвтэх хүсэлтэй нь их байгаа болохоор Монгол Улс хавтгайгаараа халамж хүлээсэн, халамжлуулсан, амьдрах чадваргүй иргэдтэй, хаана ч өрсөлдөх чадваргүй, дорой буурай орон болж хувирах аюул ирээд байна.

Улс орны эдийн засаг нь ганцхан бүтээгдэхүүн буюу гадил жимсний экспортоос хамаарч, төр засаг нь бүхлээрээ энэ бизнесээс хараат болсон Латин Америкийн зарим орныг “Banana Republic” буюу Гадилын Бүгд Найрамдах Улс гэж анх АНУ-ын алдарт зохиолч О.Хенри XIX-XX зууны зааг дээр томьёолон нэрлэсэн байдаг. Өнөөдрийн монголчууд ганцхан халамж гэдэг эх үүсвэрийг л шүтэж, хөдөлмөр эрхлэхээ больж байгаагаас нь үзвэл манайх Гадилын Бүгд Найрамдах Улс гэж дуудагдаж ч мэдэх нь.

Хүнд оноодог хамгийн хүнд шийтгэл бол ажил хөдөлмөр эрхлэхийг нь хориглох явдал байдаг. Америкчууд индианчуудыг ажил хийх хүсэлгүй болтол нь халамжилдаг. Халамжаа очиж авдаг бэлээхэн бараатай, индианчуудын зурагтай дэлгүүрүүд тэнд бий. Тэр дэлгүүрээсээ архи, тамхи, идэж уух бүх бүтээгдэхүүнээ үнэгүй авчихна. Гэтэл одоо Америкийн уугуул иргэд гэгддэг индианчууд ажил төрөлгүй, өрсөлдөх чадваргүй, мөхөж буй ард түмэн болчихсон. Хотынх нь гудмаар архидан согтуураад, ажилгүй суугаа хүмүүсийн төрх байдлыг анзаарахад ихэвчлэн индианчууд л байдаг. Төв Азийн цээжин дээрх Монгол Улсыг яг тийм хувь тавилан хүлээж байна.

Төрийн бодлогогүй, өнөө маргаашаа л болгож байвал алс хэт бидэнд ямар пад байна аа гэсэн харалган бодлогорхуу юм хийдгийн уршиг энэ. Улстөрчид сонгуулиар ард түмэнд сайн хүн болж харагдах гэж бүх чадлаараа хичээдэг. Ард түмэн сайн хүн гэж үнэгүй юм өгдөг, тараадаг хүнийг ойлгодог болохоор улстөрчид ард түмний хүсдэг тэр сайн хүн нь байхын төлөө үнэгүй юм өгч, өгөөмөр хүний дүрд ордог. Энэ хорлонтой, явуургүй арга нь улам даамжирсаар эцэст нь Монгол Улс халамж л хүлээсэн зорилгогүй, уруу дорой, сул ард түмэнтэй болчихлоо. Үүнээс яаж гарах вэ. Гарах гарц байна уу.

Хамгийн эхэлж бид үндсэн философиудаа өөрчлөх буюу тархиа шинээр цэнэглэх хэрэгтэй. Баян хүнийг муу хүн гэж хэлдэг байсан социализмынхаа үлгэр, уран зохиолоос салах ёстой, нэгдүгээрт. Социализмын үеийн бүх уран зохиолд баян хүн муу, адгийн муухай гэж зориуд оруулсан байдаг. Тэгвэл одоо энэ ойлголтоо өөрчилж, солих цаг нь болчихлоо. Хөдөлмөрлөсөн хүн баян байдаг. Баян болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлго. Хөдөлмөрлөсний үр шим бол баян цатгалан амьдрал юм гэдгийг нийтээрээ ухаарах хэрэгтэй байна. Бид одоохон хөдөлмөрлөснөөр биш хулгай хийснээр л баяждаг гэдэг ташаа ойлголтод толгойгоо эргүүлчихээд байгаа юм л даа. Тийм биш шүү, монголчууд аа. Хэдүүлээ баян болъё. Мөнгөтэй болъё. Баян, мөнгөтэй болсныхоо дараа бид хөдөлмөрт хайртай болно, ажилладаг болно, дэлхийд өрсөлдөхүйц ард түмэн болж эхэлнэ шүү дээ. Тэр хүртэл бид нэгнийхээ сайхан, муухай зан аашийн тухай, монгол хүний ёс суртахуунгүй байгаа тухай, ядруу зүдрүү байгаагийн тухай, архинд дуртай гэх мэт таагүй асуудлыг ярихын эцэсгүй. Яриад ч барахгүй.

Монгол хүний өдөр тутамдаа гүйлгээ хийдэг харилцах дансанд нь таван сая төгрөг тогтмол эргэлддэг болсон цагт бид дээрх асуудлуудын тухай ярьж, хэрхэн засах вэ гэдгээ ярьж эхэлнэ л дээ. Байнга хэрэглэдэг картандаа таван сая төгрөгтэй хүн чинь сайхан ааштай байхгүй гээд яах юм. Ийм мөнгөтэй хүн бусдад тус болчихож чадна. Ядарсан хүнд гар сунгана. Хэнд ч сайхан ааш гаргана. Өдөр болгон ийм мөнгөтэй явдаг хүн бүсгүйгээ оройн хоолонд цэцгийн баглаа барьж уриад, амттай дарсаар дайлчихаж чадна. Дараа нь ямар ч хариу нэхэлгүйгээр гэрт нь зүгээр л хүргээд өгчихөж чадна. Би хоолоор дайлсан юм чинь энэ хүнээс ямар нэг хариу үйлдэл заавал авах ёстой гэсэн ядуувтар юм сэтгэж биед нь ойртох гэж янз бүрээр “чичрээд” байхааргүй бардам болчихно. Зам дээр хоёр машин мөргөлдөхөд жолооч нар нь гарч ирээд “Миний буруу”, “Миний ч буруу” гээд уужуу тайван хандаад хэрэлдэхгүйгээр салаад явчихаж чадна. Мөнгөтэй болчихвол энэ мэтээр хүн төрөлхтөнөөс эрдэг, хайдаг өв тэгш үйлдэл, зөв харилцааг өөрсдөөсөө аяндаа мэдэрцгээх болно. Монголчууд жижигхээн, аргалаад өнгөрчихмөөр өчүүхэн юман дээр ёозгүй зан гаргаад байдаг чинь үнэндээ мөнгөгүйтэй нь л холбоотой. Хов хоосон байж ёозтой байх гээд ч яах юм бэ. Иймээс мөнгөтэй болохын тулд ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдэг сэтгэхүйтэй болох хэрэгтэй. Хамгийн эхэлж, социализмын үед бичигдсэн мөнгөтэй хүн, баячуудыг үзэн ядуулсан зохиолуудыг устгаж, баян хүнийг алаг үзсэн ардын үлгэрүүдийг далдруулах ёстой. Ингэж байж шинэ үеийн уран зохиол, шинэ идеал гаргаж, хөдөлмөрлөдөг хүн баяждаг, баяжсан хүн сайхан ааштай, сайн хүн байдаг гэдэг ойлголтыг ард түмний сэтгэхүйд суулгах хэрэгтэй. Залхуу хүмүүс л “Надад мөнгө чухал биш.

Би мөнгөнд дургүй” гэдэг. Залхуугаа, ажил хийхгүй байгаагаа өмгөөлж хэлж байгаа царай нь тэр. Мөнгөнд дургүй хүн хүн төрөлхтний дунд байгаагүй. Тийм хүн нэг ч байхгүй. Халамж хүлээдэг, халамжинд орохыг хүсэгчид бол урьд нийгмийн бурангуй ёсоор тархиа дүүргэж, тэрний улбаагаар баян хүнийг үзэн яддаг эмгэгтэй болчихсон. Монголчуудын халамжаар угжуулах гэсэн энэ бэлэнчлэх сэтгэлгээ нь өнөөгийн нийгэм, эдийн засагтай огтоосоо хамаагүй. Хөдөлмөрлөж мөнгө төгрөгтэй болохыг, баян чинээлэг, эд агуурсаар үл гачигдах өгөөмөр амьдрахыг хүсдэг кодыг тархиндаа анхнаасаа суулгаагүй учраас хоосон ходоодноос ирдэг дохиогоороо удирдуулаад явж байгаа нь эцэстээ халамжийнхан гэдэг тодотголд оруулаад байгаа юм. Үүнээс болж Монгол Улс Халамжийн Бүгд Найрамдах Улс гэж дуудуулах л үлдээд байна.


Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлч У.Оргилмаа: Нямбаатар дүүтэйгээ хамтраад тэр I PHONE, I PAD-ийн эзнийг л олчихмоор байна

Сэтгүүч У.Оргилмааг АТГ-аас байцааж байгаа юм байна. Энэ мэдээг сонсоод хувийн хэвшилд ажилладгаас гадна, эрх мэдэл бүхий албан тушаалтан биш эгэл жирийн сэтгүүлчийг яагаад энэ байгууллага байцааж шалгах болов гэдэг асуулт хүн бүрийн толгойд зурсхийн орж ирж байгаа биз. Сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн зүгээс ирэх дайралт, ил далд дарамт ихэссэнээс гадна, сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох зүйл заалтууд тэдний үйлдвэрлэж буй хуулиудад янз бүрийн хэлбэрээр зүйл заалт болон суусаар байна.

Бид сэтгүүлч У.Оргилмааг зочноороо урьж, түүний байр суурийг уншигчдадаа хүргэхээр шийдсэн юм.


-АТГ бол албан тушаалтнуудыг шалгадаг газар. Яагаад жирийн сэтгүүлч хүнийг байцааж шалгаж байгаа юм бол. Энэ хамгийн сонирхолтой байгаа учраас яриагаа эндээс эхэлье?

-Би ч бас авлига авсан, эсвэл өгсөн хүн АТГ-т шалгагддаг гэж ойлгодог юм.

Тагнуулын байгууллагатай холбоотой асуудлаар таныг байцааж байгаа гэж ойлгосон. Ингэхэд яахаараа ийм сэдэв гарч ирдэг байна вэ. Та тагнуулын байгууллагад ажилладаг юм уу?

-Та нөгөө байцаагчийн асуултаар хошигнож байна уу. (инээв) Хошигнол яах вэ. Би өөрөө яагаад ийм газарт, тэгээд ийм асуудлаар асуугдаж байцаагдаж байгаагаа огт ойлгохгүй байгаа юм.

-Жинхэнээсээ хаана, аль редакцид ажиллаж байна вэ. “Парламент” телевизэд ажиллаж байгаа юу?

-Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Нийтлэлүүдээ бичээд л явж байна. “Парламент” телевизэд анхнаасаа би гурван сарын хугацаатай аман гэрээтэй л байсан юм.

-АТГ-ын байцаагчийн танд тавьсан асуултууд их сонирхолтой санагдсан. Тэгэхээр яг юу руу чиглээд, юунд хамаатуулах гэж хөтөлж асууж байгаа талаар арай дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

-Надад тавьж буй асуултууд нь л ардаа байгаа бүх зорилгоо илтгээд өгч байгаа юм л даа. Жишээ нь, би ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэлээс авлига авсан гэнэ. Миний ажил бол бичих. Тэгэхээр нийтлэл бичүүлэх гэж тэр хүн надад авлига өгсөн болж таарах нь ээ дээ. Би Д.Гэрэл гэдэг хүний тухай ганц нэг бичиж байсан. Гэхдээ уучлаарай, тэр хүний даалгавраар бичиж байсан удаагүй шүү.

-Нотлох баримт чинь хаана байна вэ гэж мэдээж та зөрүүлээд асууна биз дээ. Үзүүлж харуулах баримт гэж юм байх юм уу?

-Юу ч үзүүлэхгүй юм. Хамт явсан, мөнгө авсан баримтууд байгаа гээд өмнөө тавьсан маш нууц гэсэн бичигтэй хавтас руугаа заах юм. Надад үнэндээ тийм асуудал байхгүй учраас тэдэнд надад үзүүлэх баримт байхгүй. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл өмгөөлөгч аваагүй явж байна. Зүгээр миний болгоомжилж байгаа юм юу вэ гэвэл ингэж учир битүүлэг эхлүүлсэн, хачирхалтай гүжир юм тулгаж байцаадаг явдлууд их эвгүй зохиомжоор өрнөчихдөг тал бий.

-Тийм шүү дээ. Захиалагч тал нь эрх мэдэлтнүүд байгаа тохиолдолд сценари бэлэн.

-Тийм. Маш нууц гэсэн хэргүүдийн хувь заяа маш нууцаар л явагддаг. Энийг та ч мэднэ. Би ч мэднэ. Ийм хэргүүдийн шүүх хурлын шийдвэр нь хаалттай гардаг, хоригддог юм шүү. Хайнга хандаж болохгүй гэж надад хуульчид бас анхааруулж байна.

-Ийм тохиолдолд асуудлыг тодорхой хэмжээнд ил гаргаж ирж тавьж байгааг тань зөв гэж харж байна. Биднээр хамгаалуулах гэж л зорьдог болохоос биднийг хамгаалах гэж хэн ч ирдэггүй шүү дээ?

-Анхнаасаа надаас мэдүүлэг авахдаа маш нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд мэдээлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хэлсэн. Гэхдээ “маш нууц” гэсэн дардастай зүйл дээр гарын үсэг зураагүй бол мэдээлэл өгч болно. Би хувь хүнийхээ хувьд баргийн юмыг тоодоггүй. Цагдаа шүүхэд өгч л байдаг. За, яахав гээд шалгуулаад өнгөрөөдөг. Нөхцөл байдал хүндэрсэн учраас би энэ удаа олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. Олон нийтэд мэдээлэл өгснийхөө төлөө хариуцлага хүлээ гэвэл би хүлээхэд бэлэн.

-Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл нь Л.Оюун-Эрдэнэ сайдыг тагнаж чагнасан гэх асуудал босч ирээд байгаа. Энэ хэрэгт л таныг холбоод байна гэж харж байгаа?

-АТГ-ын Бат-Олзвой гэдэг мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авсан л даа. Тавьсан асуулт нь түрүүн таны хошигноод байсан “ Та тагнуулын ерөнхий газрын ажилтан мөн үү” гэдэг асуултаар эхэлж байгаа юм. Би үнэндээ маш их цочирдсон. Хааяа ТЕГ-ын талаар бичдэг ч гэсэн надад тэр байгууллагын ажилтан шиг түвшний мэдээлэл байна гэж юу байхав дээ. Тийм биз дээ.Ер нь бол ТЕГ бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хэнийг ч шалгаж болдог байгууллага. Тагнуулж чагнуулсан гэдэг асуудлаар манай улстөрчид үе үе шоудах дуртай л даа. Цаад байгууллага нь тэр бүр хариу өгдөггүй газар болохоор улстөрчид ийм сэдэв гаргаж ирж тодрох дуртай. Манай Засгийн газрыг тагнаж чагнаж байна гэж хэлээд огцорч байсан хүн ч бий. Энэ бүх асуудлууд юу хэлдэг вэ гэхээрҮндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал ер нь ямар түвшинд яваа юм бэ, цаашид яаж энэ асуудлыг авч явах вэ гэдэг асуудал руу л хөтөлдөг. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тагнуулын аргаар бүх л ажлыг хий гэж ч эрх мэдлийг нь өгдөг байх гэж би хувьдаа боддог. Нууцаар тагнаж чагналаа гэж чарладаг тохиолдлуудын дийлэнхийг би анхаарлын төвд байх гэсэн улс төрийн шоу л гэж хардаг.

-Тэдний тавьсан бусад асуултуудыг сонирхмоор байна. Өөр юу юу асуух юм?

-I PHONE, I PAD гэсэн утасны тухай ярьсан. 2020 оны есдүгээр сарын 6-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбоотой байх. Тухайн үед Х.Нямбаатар сайд иргэн О гэж зарласан учир би юу ч яриагүй. Би өнөөдөр ганцаараа Монгол Улсын иргэн О биш шүү дээ. Тийм болохоор хэнд ч юу ч яриагүй. Сая АТГ бүх иргэн О-нуудыг биш намайг дуудсан учраас би энэ талаар ярьж байгаа юм. I PHONE, I PAD гэдэг утаснуудыг би ерөөсөө хэрэглэдэггүй.

-Хэрэглэдэг байсан бол яах юм бол?

-Намайг бүр одоо барьж байгаа Samsung маркийн гар утсаа хаанаас худалдаж авсан. Худалдаж авсан баримтаа авчирч өг гэсэн. Тэгж байж ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл гэдэг хүнээс авлига аваагүй гэдэг асуудал маань нотлогдох юм шиг байна лээ. Х.Нямбаатар дүүтэйгээ хамтраад тэр -I PHONE, I PAD-ийн эзнийг л олчихмоор байна.

-Та ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн нэр л яваад байна. Та тэр хүнтэй яг ямар харилцаатай юм бэ?

-ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэлийг би танина. Манай сэтгүүлчид бүгд л танина. Энгийн танилуудын хувиар уулзаад өнгөрч байсан тохиолдол надад бий. Ажил төрөл, Тагнуулын ерөнхий газрын талаарх мэдээлэл тэр хүнээс авч байгаагүй.

-Би сэтгүүлч хүн болохоор яах гэж уулзсан юм бэ гэж асуумааргүй байна л даа.

-Бидний зорилго бол мэдээлэл олж авах, мэдээллийн агуулга баталгаажуулах гэх мэт олон шалтгаанаар хүмүүстэй уулздаг. Зорилго биелэхгүй ч байсан оролдлого бол амьдралын маань нэг хэсэг шүү дээ.

Хүний харилцааны л нэг элемент гэх үү дээ. Уулзалтаас маань уршиг хэзээ ч олдохгүй. Мэдээлэл олъё гэж бодолгүй л яахав. Өгөхгүй, өгөөгүй. Тийм учраас энэ бол гүтгэлэг.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн “Гүйцэтгэх ажлын санхүүжилтээр санхүүждэг, I PHONE, I PAD гэдэг утас аваад ажиллаж байдаг сэтгүүлч гэж байдаг юм уу” гэсэн мэдэгдэл бол нэлээд шуугиан тарьсан. Тэр сэтгүүлчийг таныг гэх ойлголтыг бол ер нь далдуур явуулчихсан. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?

-Намайг тэр сэтгүүлчийг гэж үзээд л АТГ дуудсан байна гэж би ойлгосон. Угаасаа АТГ-ын асуултуудаас ч энэ нь тодорхой болж байгаа. Сайдын амнаас унасан болгоныг л асууна лээ. Гүйцэтгэх ажиллагааны зардлаас мөнгө авсан уу. Та авсан ш дээ, баримт чинь байгаа гэж хэлж байгаа юм. Бүр миний дансны хуулгыг шалгаж байгаа гэсэн.Шалгаг. Хэзээ ч нотлогдохгүй гүтгэлгээр намайг унагаж авна гэвэл эндүүрэл.

-Өөрсдөө ТЕГ-ын дарга дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан юм биш үү?

-Цагдаагийн байгууллага ч юм уу аль нэг байгууллага нь хэн нэгний зөвшөөрлөөр, эсвэл зөвшөөрөлгүй ч юм уу ТЕГ-ын дарга дээр ажиллагаа явуулж дээ гэж би бас харж байгаа. Тэрэнд нь иргэн Оргилмаа гүйгээд орчихож. Уулзалдаж таарч. Тэгээд л шууд иргэний дансыг шалгасан гээд дайраад байгаа юм.

-Наадах асуудал чинь үнэхээр чухал асуудал. Иргэдийнхээ хувийн дансыг зүгээр л ингээд шалгаад байж болдог юм уу?

-Надад шалгуулахад айгаад хулчийгаад байх юм байхгүй. Зүгээр ийм жишиг тогтож байгаа бол үүний эсрэг тэмцэнэ.

-Таны эсрэг өргөдөл гаргасан хүн яг хэн юм бэ?

– Би харин тэр байцаагчаас миний гомдогч, нэхэмжлэгч маань хэн юм бэ гэж асуусан.

-Тэгээд хэн юм шиг байна?

-Л.Оюун-Эрдэнэ сайдын тухай эхлээд дурдсан юм. Дараа нь мэдүүлэг авахдаа Л.Оюун-Эрдэнэ сайд энд ямар ч хамаагүй шүү. Х.Нямбаатар сайд л… гэж байгаа юм. Гэтэл сайд өнөөдөр биш гэчихлээ. Дараагийн удаа дуудахдаа хэн гэх юм. Миний өгч байгаа мэдүүлэг прокурорт таалагдахгүй бол дахиад мэдүүлэг авна л гэсэн.

-Эрдэнэтийн 49 гэдэг сэдэв бас таны байцаалтад орж ирсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Байцаалтын явцад гэв гэнэт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг яриад эхэлсэн. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, Л.Оюун-Эрдэнэ сайдыг тагнаж чагнаж байсан бол иргэн У.Оргилмаа ямар хамаатай вэ. Тэрэнд нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бүр ямар хамаатай юм. Энэ их сонин санагдсан. Залгуулаад ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл “сахал” Д.Эрдэнэбилэгийг дэмжиж бичиж байгаарай гэж даалгавар өгсөн үү гэдэг асуултуудыг хэд хэд тавьсан. Энд ямар логик байна вэ.

-Нээрээ мартах шахлаа. Үнэхээр танаас хар тамхи хэрэглэдэг үү гэж асуусан юм уу?

-Тэгсэн. Байцаалтын дундуур надаас гэнэт хар тамхи хэрэглэж үзсэн үү гэж асуусан. Би маш их гайхсан. Харин би эндээс нь хар тамхины бүлэглэлийнхэн намайгаа оролдоод эхлэв үү гэж хардсан. Энэ талаар би үргэлжлүүлж бичнэ.

-Итгэмээргүй юм. Ямар хошин шогийн жүжиг биш дээ?

-Үнэн үнэн. Байцаагч миний урдаас харж байгаад далай руу гүйгээд орчихмоор гоё гэсэн тээ гэж хэлсэн гээд бод. Би энийг доромжлол гэж үзэж байгаа. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлээс авлига авсан нь нотлогдохгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас авлига авсан гэж хэрэг үүсгэх нь ээ дээ. Энэ нь бүтэхгүй бол хар тамхи гээд над дээр ер нь олон янзаар л хэрэг үүсгэх гэж оролдох юм байна.

-Х.Нямбаатар сайд өнөөдөр өгсөн тодруулгадаа “Би У.Оргилмааг шалгуулах өргөдөл өгөөгүй” гэж мэдэгдсэн?

-Тэгсэн байсан.

-Гэхдээ “Ер нь бол сэтгүүлч тагнуулын даргын захиалгаар бусдыг матарлаж болохгүй” гэсэн үг бас дайна билээ. Үүнд та юу гэж хариулах бол ?

-Ингээд өдөөд байгаа юм. Чухам энэ суудлаас л часхийсэн баримттай дуугарах ёстойсон. Тагнуулын даргын захиалгаар гэдгийг нотлоогүй, захиалгаар “матарлаж” гэдгийг нотлоогүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж яриад байх юм. Гэмт хэрэг шүү дээ. Одоогоор би Х.Нямбаатарын талаар огт нийтлэл бичээгүй яваа. Ингэж байхаар эр хүн шиг уулзчихаасай л гэж түүнээс хүсч байна. Эцэст нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын сайд дүү нарт муу санасан юм байхгүй. Амжилт хүсээд, ажлыг нь шүүмжлээд л явж байсан. Замын хүмүүсийн үгээр үг хийж, захиалагч хайх хэрэггүй дээ л гэж хэлмээр байна. Эр хүн шиг уулзаад ярихад учир нь тодорхой л болох зүйл дээ, уг нь.

У.Оргилмаа бид хоёр давчуухан цагт ийнхүү ярилцлаа. Тэр урьдын тайван, санаа сэтгэлийн тэнцвэрээ барагтай бол алддаггүй зангаараа асуултуудад маань хариулав. У.Оргилмаа бол чансаатай сэтгүүлчдийн нэг. Тэр бол бичдэг сэтгүүлч. Тэр бол уншигчтай сэтгүүлч. Түүний редакцид уягдаж, эзэнд баригдахгүй ганцаараа нийтлэлүүдээ бичээд явдаг нь надад бүр их таалагддаг юм. Тэгж ажиллаж чадсаныхаа төлөө ингэж авлуулах ёсгүй сэтгүүлч гэж би үздэг юм.

Нэг нэгээр нь сугалж намнах ажиллагаа болгоны эсрэг бид зогсоно. Нийтээр нь харлуулж нүдэх тусам бид нягтарна. Учир нь даналзсан том эрх мэдэл дандаа сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох гэж оролддог. Ийм зүйлийн эсрэг бид тэмцэх болно.

Б.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

DJ Zolo: 22 жилийн турш хамт байсан үзэгч, сонсогчидтойгоо “Люмино”-гийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэлээ

“Люмино 22 жил” төрсөн өдрийн тоглолт энэ сарын 9-нд “Зайсан хилл”-д боллоо. Тус хамтлагийн DJ Zolo Т.Золбаяртай тоглолтын талаар ярилцлаа.


-Танайх сүүлд хэзээ тоглолт хийлээ?

-Хоёр жилийн өмнө буюу 20 жилийн ойгоороо тоглож байсан.

-Энэ удаагийн тоглолтыг хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулж хийсэн парти буюу үдэшлэг гэж ойлгож болох уу?

-Манай хамтлаг төрсөн өдрийн парти гэж ер нь хийж байгаагүй. Хэдийгээр төрсөн өдрийн тоглолт боловч бид тоглолт гэдэг тодотголоос аль болох татгалзаж, парти буюу үдэшлэг гэдэг хувилбар руу шилжүүлсэн юм л даа. Яагаад вэ гэвэл манай партинд зочин уран бүтээлчид ирж оролцсон. Нэгэн оройг концерт үзэж байгаа юм шиг суудал дээрээ суугаад үзэх биш, шоудангаа, партидангаа, хөгжилдөнгөө хамт олон, найз нөхдөөрөө сайхан уур амьсгал дунд сайхан өнгөрөөсөн гэсэн үг.

Билетээ дандаа онлайнаар Shoppy.mn сайтаар зарсан.

-Танай хамтлаг коронавирусийн хөл хорионы үеэр ч уран бүтээлээ хийж байсны нэг жишээ нь “Парист хоёулаа болзъё” дуу боллоо?

-“Парист хоёулаа болзъё” дуу маань аль хавар бэлэн болчихсон байсан юм. Бид цаг үе, цагийн байдлаа харж байгаад хөл хорионы нөхцөл байдлын улмаас нийтэд цацахгүй, хойшлуулчихаад байсан юм. Энэ дуу цацагдаад хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Өнгөрсөн хугацаанд 382 мянган хүн үзээд байна. Энэ бол Монголын хувьд бол өндөр тоо.

-Урлагийн тусламжтайгаар хүн хаана ч очиж болох юм байна. “Парист хоёулаа болзъё” дууг сонсоод, клипийг нь үзээд олон хүн Парист очсон байх шүү?

-Бид анх энэ дууны клипний зураг авалтаа Францад очиж Парист хийе гэж тооцоолж байсан юм. Гэтэл “Ковид-19” гарчихсан. Дууны маань нэр “Парист хоёулаа болзъё” гээд байдаг. Тэгээд Улаанбаатар зураг авалтыг нь хийнэ гэсэн чинь утгагүй ч юм шиг болоод (инээв). Гэхдээ мэргэжлийн тайз заслын баг ажилласан. Эрка гэж маш мундаг залуу ажилласан юм. Тэдний компани манай клипний зураг авалтын тайзыг бүрэн хариуцсан.


-Монголчууд ямар ч тоглолт, концертыг ягштал сууж үздэг. Хуучны гэмээр энэ хандлага, уур амьсгалаас салж, тоглолтыг өөр маягаар үзэх, босож бүжиглэх, илүү чөлөөтэй байх цаг нь болсон гэж залуус сошиалд бичих боллоо л доо. Танай хамтлагийн төрсөн өдрийн парти яг энэ шаардлагад нийцсэн үү?

-Манай партинд ирсэн хүн ерөнхийдөө зогсож үзэж, бүжиглэж, хамт дуулсан. 22 дахь төрсөн өдрийн парти болсон болохоор 22 дуу дуулсан. Сүүлийн үед анзаараад байхад хамтлаг, дуучид тоглолт хийнэ гэчихээд арав гаруй дуу дуулчихаад тэрийгээ тоглолт гэж нэрлээд байх шиг байна билээ. Манайх тийм биш ээ. Бид аль болох чанартай юмыг үзэгчдэдээ хүртээл болгохыг урьтал болгодог хамтлаг. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Дундаа 30-40 минутын завсарлагаатай. Тэр завсарлагааны үеэр Золоо миний бие тоглочихно. Хоёр дахь хэсгийн дараа зочин уран бүтээлчид маань тайзан дээр гарч ирсэн.


-Монголчууд багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй ганцаарчилсан спортод өндөр амжилт үзүүлдэг гэж шүүмжилдэг. Гэтэл Монголын урлагт он удаан жил оршин тогтнож байгаа эрэгтэй гишүүдтэй хамтлагууд бий шүү дээ. Үүгээрээ дээрх шүүмжлэлийг зарим талаар нь няцаадаг. Танай хамтлагийг маш эв, найртай хамтлаг болов уу гэж хардаг?

-Манай хамтлагийн МС Beatz, Бажи, Анхаа гурав маань хар багын найзууд. Багаасаа нөхөрлөцгөөсөн хүмүүс. Тэр нь хамтлагийн эв нэгдэлд маш их эерэгээр нөлөөлдөг болов уу гэж боддог. Хамтлаг маань маш сайн дэг журамтай. Компанийн журмаар ажилладаг. Гишүүд болгон хүлээсэн үүрэгтэй. Үүргээ бүгд ухамсарлаж, урдах ажлуудаа чанартай гүйцэтгэдэг. “Люмино”-гийн хувьд 22 жилийн турш тасралтгүй уран бүтээл хийж байгаа Монголдоо цор ганц гэж хэлэх хип хоп хамтлаг.

-Сүүлийн үед урлагийнхан чих халууцуулаад, юм юманд нэр холбогдох гээд байдаг болсон. Ер нь ч холбогдож байгаа. Урлагийн амьдрал өөрөө их эрсдэлтэй. Та бүхний хувьд 22 жилийн турш “Люмино” гэдэг нэрийг бүтэн авч үлдэхийн тулд маш их хичээцгээсэн байх. Энэ бол суурь хүмүүжилтэй холбоо байх, тийм үү?

-Суурь хүмүүжил гэдэг чинь хүний бүхий л амьдралын суурь, үндсийг бэлдээд өгчихдөг юм шиг санагддаг. Хүний үйлдэл, хүнтэй харьцаж буй байдал гээд бүх зүйл чинь суурь хүмүүжилтэй нь холбоотой. Манай хамтлаг олон ч нэвтрүүлэг, шоу, цэнгээнд оролцох болгондоо л энэ талаар хэлдэг, захидаг. Залуучууд өөрийн гэсэн бодолтой бай, муу зүйл рүү нэг их битгий хошуугаа дүр, ер нь битгий сонирх. Сонирхоод дэмий. Дэмий юм дэмий дээ. Манай хамтлаг тийм зүйлийг жигшдэг.

-Танай хамтлагийнхан өөрсдийнхөө хоббинд их анхаарал хандуулцгаадаг юм шиг ээ?

-Би чинь олон төрлийн юм хийнэ ээ. Хүн харахад хамтлагийнхаа DJ боловчиг хамтлагийнхаа арын бүх ажлыг хариуцдаг. Гэрээ хийнэ. DJ-гийн ажлаа хийнэ, хувийн бизнесээ авч явна, ар гэрээ зохицуулна гээд ажил мундахгүй их дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын​ ​”Шинэ Монгол үндэстэн төлөвшин тогтсон нь​” нийтлэл хэвлэгдлээ​​​​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар -16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Өмнөговьчууд
Говь-Алтайнхнаас 10 дахин их
худалдан авалт хийжээ” хэмээн өгүүллээ I-IV нүүрнээс уншаарай.

ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний
ажилтан М.Болормаа “Япон улс
уул уурхай,
ХАА-н бүтээгдэхүүн
худалдан авах
сонирхолтой байгаа” гэв.

Бүгдээрээ хэлэлцье”
ТББ-ын тэргүүн, Монгол
Улсын гавьяат эдийн
засагч, эдийн засгийн
ухааны доктор, профессор
Г.Янсанжав “Валютын ханшийн
өсөлт ард түмний
амьдралд муугаар
нөлөөлж, утга
замбараагаа алдлаа” хэмээв.

Төрийн албаны
зөвлөлийн Сонгон
шалгаруулалтын газрын
дарга Т.Сосорбарам “Төрийн албаны
шалгалтад 13 мянга гаруй
хүн бүртгүүлсэн” гэлээ.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Баабарын “Шинэ Монгол үндэстэн төлөвшин тогтсон нь” нийтлэл хэвлэгдлээ.

Шүүхийн ерөнхий
зөвлөлийн Шүүхийн
захиргаа, удирдлагын
газрын дарга
Ж.Сайнхишиг “Шүүхийн тухай хуулийг шинэчлэн
баталснаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие
даасан байдал, үр нөлөө дээшилнэ” хэмээв.

Баримт үйл явдлын VII нүүрт “Positive Mongolians”
пэйж хуудсаараа влог хөтөлж олонд танигдсан
Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy Flowers” төвийн
хүүхэд асрагч охиныг
минь гэмтээсэн” хэмээв.

Тэгвэл бид болсон явдлын
талаар тодруулахаар “Happy Flowers” ХХК-ийн захирал
Э.Ууганцэцэгтэй уулзаж
ярилцсан юм. Тэрбээр “Манай асрагчид
Д.Түвшинбаяр Э.Дөлгөөн
нарын хүүхдийг огт
гэмтээж бэртээгээгүй” хэмээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү: Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй


Тагнуулын ерөнхий газраас хар машинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү: “Мөн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн санал тоолох машинд гаднаас халдаж, санал тоолоход нөлөөлөх ажлыг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хийж байна гэх аудио бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй гэдгийг өчигдөр СЕХ-ны эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хэлсэн.

Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй.

Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа, хакдсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан халагдсан гэх мэдээллүүд гарсан.

Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл.

Аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдсанчлан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх боломжтой хэмээн бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан.

Шалгахад аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс итгэж мөнгө өгсөн, санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөхөөр тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд тухайн төхөөрөмжид гаднаас халдах боломжгүй гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын менежер Ц.Маргад: Манайх хэвийн ажиллаж байгаа шүү

Өрх толгойлсон аавууд нэгдээд “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газар ажиллуулдаг билээ. Энэ цайны газрын хуушуур нь амттай учир хүмүүс олноор үйлчлүүлж, захиалгандаа дарагддаг, олон хүний очих дуртай болсон. Гэтэл өнөөдөр “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын үйл ажиллагааг зогсоолоо”, “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан учир үйл ажиллагааг нь хаалаа”, “Зөрчил илэрсэн учир “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газар үүдээ барилаа” гэх мэт мэдээллүүд явж байна.

Энэ талаар “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын менежер Ц.Маргадаас тодруулахад “МУИС-ийн Эдийн засгийн IV сургуулийн хажууд манайх байсан шүү дээ. Тэндээсээ нүүчихсэн байсан юм. Гэтэл мэргэжлийн хяналтын газар тэр газрын үйл ажиллагааг шалгаад зөрчил ирүүлжээ. Тэрийгээ байгууллагынхаа сайтдаа оруулсныг нь бусад сайтууд хуулж аваад тараахдаа ташаа мэдээлэл гаргаж байна. Манайх хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баянзүрх дүүрэгт, Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талд нь байрлаж байгаа шүү. Манайхыг янз бүрээр яриад бичээд байх юм. Манайх хэвийн ажиллаж байна. Энд нүүж ирээд үйл ажиллагаа маань жигдэрчихсэн” гэлээ.

Д.САРУУЛ