Орос 3 сургуульд 40өөд хүүхэд хар тамхи, алкоголь хэрэглэсэн скандал гарсан. Эцэг эх нь хөөлгөхгүй гэж байгаа аж” гэх мэдээлэл энэ сарын 16нд цахим хуудаснаа нилээдгүй шуугиан тарьсан. Тухайн мэдээллийг тавьсан иргэн Т. Дүүрэн тус мэдээллийг тарсны дараа удалгүй залруулга хийж, ташаа мэдээлэл байсан хэмээн жиргэсэн байна.
Month: October 2020
ТОКИО. /NHK/. Үндэсний үйлдвэрлэлийн коронавирусний вакцин 2022 онд хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байгаагаа Японы эмийн компаниуд мэдэгджээ.
Коронавирусний вакциныг хөгжүүлж буй Японы таван эмийн компани Иокохама хотод болсон бага хуралд оролцжээ. Энэ үеэр компаниуд хөгжүүлж буй вакциныхаа онцлог шинж, хөгжүүлэлтэд гарч буй ахиц дэвшлийн талаар ярьсан байна.
Японы хамгийн том эмийн компаниудын нэг хамгийн ойрын хугацаандаа 2022 он гэхэд гарган авсан вакцинаа хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тус компани нь рибонуклеины хүчил /РНХ/ ашиглан вакцин гарган авч байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 0-9 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн хэмжээнд хүүхдийн түргэн тусламжийн 870 дуудлага иржээ. Эдгээр дуудлагын 39 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Нийслэлд хүүхэд хэвтэн эмчлүүлэх 1047 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 704 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүүхдийн орны ачаалал хэтэрсэн. Бусад дүүргийн хувьд ачаалалгүй байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр ярьж байна.
2020 оны 10 дугаар сарын 17-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр /2020.10.16/ 19:00 цагт газардлаа.
Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-51, өндөр настан-30, эрүүл мэндийн шалтгаантай-22, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Энэ сарын 15-ны өдөр /2020.10.15/ Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргосон талаар бид мэдээлсэн билээ.
Түүний хувьд хулгайн хэргээр 6.8 жилийн ял сонсоод, ялынхаа 70 хувийг эдлээд байхдаа ийнхүү оргосон бөгөөд цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжилж байсан юм.
Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж оргосон этгээдийг барьсан байна.
- – ХӨЛСӨӨ ШАВХАЖ ОЛСОН ХЭДЭН ТӨГРӨГӨӨ, ХӨНЖИЛ ГУДСАН ЗАВСАРАА ХАДГАЛДАГ ЦАГ ҮЕ ЭРГЭЖ ИРЭХ НЬ ЭЭ?! –
Та нэг киноны үйл явдлыг эргээд саначихаарай. Жамц баян: “Хорин шарыг минь хоёр гуравхан хулгана идчихэж” гээд уулга алдахад, эхнэр нь харамсан уйлж суудгийг та лав үзсэн байх. Ийм инээдэмтэй явдал өнөөдрийн төр засгийн үед давтагдаж ядашгүй болчихлоо. Уул нь монголчууд бэлэн мөнгөө ийнхүү авдар савныхаа ёроол, хөнжил гудсандаа хурааж хумьдаг байлаа. Тэгээд л оготно хулганад мэрүүлчихдэг,ор сураггүй хаяж үрэгдүүлчихдэг байсан юм. Сүүлийн олон арван жилд үндэсний банк-санхүүгийн систем үүсч хөгжсөнөөр энэ түүх мартагдаж, мөнгөн хөрөнгөө банкинд хадгалуулдаг болсон. Хугацаатай, хугацаагүй, харилцах хадгаламж гээд янз бүрийн хүүтэй хэдэн төрлөөр хадгалуулж, банк тэр мөнгийг эргэлдүүлж олз олбор олдог, хадгалуулсан иргэн зохих хэмжээний хүү авч голоо зогоодог байсан юм.
Банкныхан бол баяжсан л даа. Төв банк л гэхэд өчнөөн олон захирал, газар хэлтсийн дарга нартай, тэд нь сард 10-20 сая төгрөгийн цалин урамшуулалтай. Хөрөнгөжье гэсэн хүн тийшээ л үхэн хатан зүтгэх болсон. “Бааз дагавал унаажина. Банк дагавал баяжина” гэсэн хэлц үг хүртэл гарсан. Тэгсэн хэр нь удирдлагууд нь дандаа хоосон амлаж байдаг. Хүн баяжих тусмаа “хорголоо тоолдог” шиг л юм даа. Хугацаа хэтэрсэн зээл төдөн хувь, найдваргүй зээл төдөн хувь гэж гоншигноно. Тэгээд л нэг мэдэхэд банк дампуурлаа гээд хаалгаа барина. Хадгаламж эзэмшигч мянга мянган хүн хохироод өнгөрдөг гаж тогтолцоо Монголд хорь гучин жил ноёрхлоо.
Би, банк-санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас нэг зүйлийг сайн ойлгохгүй байгаа. Бидний хадгалуулсан мөнгийг өдөр болгоны гүйлгээнд оруулан эргэлдүүлээд өсгөж үржүүлж байгаа атлаа өнөөх банк нь хоосроод, төлбөрийн чадваргүй болоод, дампуураад байдаг?! Миний бодлоор бол банк дампуурах, эрсдэлтэй ажиллах ямар ч үндэслэл байхгүй. Биднийг л хэдэн төгрөгний зээл авъя гэхээр “барьцаа хөрөнгө” нэхчихдэг биз дээ. Банкнаас гарч байгаа мөнгө болгон барьцаа хөрөнгөн дээр суурилж эргэж төлөгддөг, хугацаа хэтрэх юмуу төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгийг нь дуудлага худалдаагаар оруулаад борлуулчихдаг, сохор зоосны ч алдагдал гарах ёсгүй газар гэж би ойлгодог. Энэ бодлоо нэг мэргэжлийн хүнд хэлсэн чинь: “Та юун сайхан юм бодож явдаг юм! Банкныхан чинь хэнд, хэдий хэмжээний зээл өгөхөө дарга захирал болсныхоо маргааш л төлөвлөчихсөн байдаг юм. Ах дүү, төрөл садан, анд найз нартаа бол юун барьцаа хөрөнгө, “май май” гээд хэдэн саяар нь, тэрбумаар нь зээл өгчихдөг. Өөрсдөө ч цалин урамшуулал нэрээр хангалттай авна. Тэгээд л хараад сууж байдаг байхгүй юу. Нэг үгээр хэлбэл томоохон ой, баяр ёслолыг хүлээнэ. “Нутаг амьтай” дарга сайд нар нь “өршөөлийн хууль”, ”зээл тэглэх” шийдвэр гаргаад бүгдийг хувь хүнд завшуулчихаж байгаа юм. Та хараа биз дээ? Ноднин жил гэв гэнэтхэн л “ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэнэ” гээд баахан бужигнуулчихсан. Бараг бүгдээрээ л дарга сайд нар, банкны удирдлагуудын ойр дотны хамаатан садан, мэдээлэлд ойр байдаг хүмүүс нь яаран их хэмжээний зээл аваад тэглүүлчихсэн. Бусад амиа аргалах төдий ядуус нь зээл авч чадалгүй хоосон хоцроо биз дээ?! Энэ төр засгийн удирдлагууд чинь “Банкны банхар”-уудтайгаа эвсээд улсын хөрөнгийг ингэж иддэг байхгүй юу” гэж ярьсан сан. Ортой ч болов уу.
1990 оноос хойш мөн ч олон банк дампуурсан даа. Хамгийн сүүлчийнх нь “Капитал” банк. Хадгаламж эзэмшигч хичнээн хүнийг хохироов доо. Гэмгүй иргэдээ мөн ч сүнсгүй “алж” байгаа юм шүү. Ийм шуналын донтонууд хэзээ ч сайн явдаггүй юм л даа.Одоо дампуурлаа хүлээж байгаа хэдэн банкны сураг гараад л байгаа. Хүмүүс, хадгалуулсан мөнгөө авч чадахгүй эрсдэлтэй байна гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын хэдэн хүн “банкуудад ямар ч эрсдэл үүсээгүй, хэвийн ажиллаж байгаа” гэж бидэндээ молиго үмхүүлээд л байгаа.
Энд, нэгэнт Б.Лхагвасүрэн гэж хүний нэр дурдьсаных жаахан тодруулга хиймээр байна. Монгол банк гэдэг чинь, удирдлага нь УИХ-аас батлагддаг хараат бус байгууллага байх ёстой юм. Аль ч улс оронд ийм ном журамтай. Харин Монголд бол ялсан намын эрх баригчдын уяанд байдаг “Банхар” болсон. Та лав харсан даа. 2016 оны сонгуулиар Ардын нам ялангуутаа М.Энхболд өөрийн баруун гарын хүмүүс Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр, С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулсан. Энэ хоёр хүн банк-санхүүгийн байгууллагыг муу удирдаж ФАТФ-ын саарал жагсаалтад орууллаа гээд У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр дор нь ажлаас нь халж, мөн л өөрсдийнхөө “халуун хам” Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулж байгаа юм. Хамгийн инээдтэй юм энд л болж байгааг та лав ажигласан байх. “Үзэшгүй муу ажилласан” гээд хоёр даргыг нь халчихсан хэрнээ “үлгэр жишээ сайн ажилласан” гээд хоёр орлогчийг нь дэвшүүлэн дарга, ерөнхийлөгч болгочихсон. Өнөөх хоёр нь юун саарал жагсаалт байтугай Европын холбооны хар жагсаалтад давхар оруулчихаад гэдсээ илээд л сууж байгаа. Монголын “алт эрдэнэсийн авдрыг” хэн хэний захиалгаар хэн хэн хоосолж гуч гаруй тэрбум /30000000000/ ам. долларын өрөнд оруулчихаад байгааг та нар тогтоож авааарай л даа.
Энэ нөхдүүд Чингисийн “баян” Монгол гэж байсныг гуйлгачин Монгол болгоод одоо бүр дэлхийн гуйлгачин болголоо. Монголбанкны удирдлагууд гэж гарынх нь аясаар хөдөлж байдаг “Утсан хүүхэлдэй”-нүүд байдаг болохоор эрх баригчид, ёстой л хоттой хонинд орсон чоно шиг загнах болсон. Ард түмэндээ болохоор “Мөнгө байхгүй. Цар тахлаас болоод эдийн засаг сүйрч байна” гэдэг. Гэтэл дээгүүрээ яаж бялуурч байна?! Захын жишээ авъя.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан УИХ-д нэр дэвшиж сонгогдохоос өмнө өөрийн баг-хотын удирдлагуудад 21 сая /21000000/ төгрөг тараагаад өгчихсөн байгаа. Тэр их мөнгө нь өнөөх л цар тахлын үеэр, найман настнаасаа наян настнаа хүртэл хурааж хумьж хандивласан мөнгө. Бөх зүрх шүү!! Дөрвөн жилд “Аз жаргалтай Улаанбаатар болгоно” гэж амлаад хамгийн “аз жаргалгүй Улаанбаатар” болгосон дарга нарыг ямар гавьяа байгуулсан гэж шагнаж байгаа юм?! Арван таван хүний алтан амиар хотын утааг бага зэрэг буурууллаа гэж шагнаж байгаа юм уу?! Тогтмол усаа хараа хяналтгүй байлгаж дөрвөн хүүхдийн алтан амийг авлаа гэж шагнаж байгаа юм уу?! Олон зуун ядуус амьдралаа залгуулж байсан “Урт цагааныг” нураагаад хотын төвд “хогийн цэг” байгууллаа гэж шагнаж байгаа юм уу? Улаанбаатар хотыг 100-гаад мянган архинд донтогчидтой болголоо гэж шагнаж байгаа юм уу?! Унаа машиныг хөдлөх замгүй болтол нь түгжрэлд орууллаа гэж шагнаж байгаа юм уу?! Үүнээс харвал ард түмнээсээ харамласан мөнгө монголын төрд байна аа! Сэтгэл даан ч алга.
Би бодохдоо Улаанбаатарт хамгийн муу ажилтай газар нь мэргэжлийн хяналтын газар гэж боддог. Олон баримт дурдаж чадна. Тэгтэл тэр газрын дарга хүүхнийг нэг сая төгрөгөөр шагнасан байна билээ. Бас хотын даргад ч нэр нь дуулдаж байгаа. Тэр “хэний хүн” юм? Шагнуулсан 21 хүнийг хэвлэлд зурагтай нь гаргахдаа ганцхан тэр даргын нэр, зургийг хасаад гаргасан байна билээ. Ар талд нь том хүн, том хүч байна аа даа?! Саяхан ардчилсан намын удирдлага, Иргэний нийгмийнхэн хэвлэлийн бага хурал хийж, Хотын дарга асан С.Амарсайхан, одоо орлож байгаа Ж.Батбаясгалан нарыг ард түмнээсээ уучлал гуй гэж шаардаж байх юм. Тэгтэл олон түмэн бол: “Энэ дарга нарын хувааж авсан хорь гаруй сая төгрөг бол ЖДҮ-гээс том “хулгай”. Тиймээс С.Амарсайхан, Ж.Батбаясгалан хоёрыг ажлаас нь халж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад 20 даргыг нь ажлаас халж ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж шаардаад байгаа шүү дээ. Монголын мөнгийг ийм л “бузар гаруудаас” салгаж авмаар байгаа юм. Хэний ч худ ураг бай хамаагүй, ямар ч том даргын хамаатан садан бай хамаагүй олон түмэн бол “цээрлүүл” гээд байгаа. Энэ бол Монголын мөнгийг эрх мэдэлтнүүд өөрсдөө хувааж авдгийн ил гарсан өчүүхэн ганц баримт. Ямар аймаар хуйвалдаж иддэг гээ! Тэгсэн хэрнээ энэ аймшигт цар тахлын үеэр амь хайргүй ажиллаж байгаа жирийн хүмүүсийг ингэж сая саяар нь шагнасан уу? Үгүй. Хэдэн хүний орон сууцны дарааллыг урагшлуулж оруулснаа л сүр бадруулан рекламдаад байгаа. Битгий хуур л даа.
Бас нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Ардын нам засгийн эрхийг авсны дараахан Монголбанкиндаа 4-5 тэрбум ам.долларын нөөцтэй боллоо гэж бичээд байсан. Тэгсэн чинь саяхан Монголбанкны валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж өслөө гэнэ. Энэ нь буурчихсан юм биш үү. Валютын ханшийг хар даа. Монгол төгрөг зүгээр л “цаас” боллоо. Монголын хөрөнгийн, тэр дундаа мөнгөний тал хувь нь гадаадад гарчихжээ гэж би ойлгодог. Оффшор бүсэд бол чихчихсэн байгаа. Тэр их мөнгийг оруулж ирэх талаар ганцхан Авлигатай тэмцэх газар л зүтгээд байгаа нь ажиглагдсан юм. Бусад хууль хяналтын байгууллага, банк-санхүүгийн байгууллага хүчин хавсраад тэмцэж болдоггүй юм уу. Монголын мөнгө хөрөнгөөр тоглосон хүмүүс олонх нь оргоод гарцгаачихлаа. Гадагшаа гаргасан хөрөнгө мөнгөн дээрээ очоод дэлхийн баячууд шиг тарвалзаж сууна.
Тэгтэл энд санхүүгийн байгууллага банк нь ард түмнээсээ татдаг болгоноо нэмж, танадаг болгоноо танаад сууж байж болмооргүй л юм. Хамгийн сүүлд ард түмнийхээ хадгалуулсан хэдэн харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх гэж байгаа гэнэ. Энд жирийн иргэд, ядуус л хохирно. Эрхэм дээдэс, баячууд бол мөнгөө, валютаа хугацаатай хадгалуулаад бөөн мөнгө унагааж байдаг. Жирийн хүмүүсийн, банкинд хадгалуулаад өдөр хоногтоо хэрэглэж байдаг харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламж бол тэр хүмүүсийн цүнх халаас хоёрт л яваа мөнгө гэсэн үг. Банкинд хугацаагүйгээр эргэлдэж байдаг 3,6 их наяд төгрөг бол жирийн иргэдийн амь зогоодог хөрөнгө. Түүнийг нь хүртэл хүүгүй болгох гэнэ. Хүүгүй хэдэн төгрөг банкинд хэвтэж байх ямар хэрэгтэй юм?! Бүгд л татаад гудсан завсраа хадгалах болно доо. Банкинд байвал нэг засгийн газар гарч ирээд л дампууруулж, өнөө хэдийг нь “үнс” болгоно. Иргэдэд ийм хувь тавилан нүүрлэж ирлээ дээ.
Энэ эрхэм дээдэс, ард түмнээ туйлдуулах ямар мэргэн аргыг олдог гээ. Уул нь олон түмэн бол банкны зээлийн хүүг бууруулъя гэж л олон жил санал тавьж байгаа юм. Монголбанк нь сөргүүлээд тэгвэл харилцах хадгаламж, “хугацаагүй хадгаламжийг чинь хүүгүй болгоно” гээд хүч түрэмгийлж байгаа нь энэ. Монголын ард түмэн тэнэг биш ч гэсэн аргагүйн эрхээр хадгаламжаа татна. Өнөөх 3,6 их наяд төгрөгөө! Боломжтой нэг нь хугацаатай болгох, эсвэл валют болгож хадгалуулах арга бодох л байх. Гэхдээ тэр хэдэн төгрөгөө байнга хэрэглэж байх, түүгээрээ амь зуудаг айл өрх дийлэнх нь байгаа шүү дээ. 3-5 хувийн хүү гэдэг чинь жирийн иргэдийн амьдралд бол их нэмэр байхгүй юу.
Би энэ бяцхан өгүүллээ “Банкны банхарууд” гэж нэрлэсэн. Монгол банхар гэж лут ноход байдаг даа. Тэр нохойны онцлог нь юу ч идээд ханаж цадна гэж байхгүй, дэл сул юм л байвал хүртчихдэг амьтан. Одоо “Банкны банхарууд” бол, ард түмнийхээ халааснаас юухныг нь ч болов танах л бодолтой. Түүний нэг илрэл нь харилцах хадгаламжийн 3 хувийн хүү, хугацаагүй хадгаламжийн 5 хувийн хүүг устгаж байгаа гэж хэлж болно.
Манай хотны банхарууд бол нэг л өглөө гэдэс нь цэрийгээд “унтчихсан” байдаг юм даа. Ум мани бадми хум!
Монгол Улс коммунист засаглалаас албан ёсоор татгалзсаны дараа төрийн шинэ сүлдний асуудал ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэнд босч ирэв. Энэ нь шонхорын асуудал байлаа. Тэр үед энэхүү асуудлыг академич А.Болд гуай тэргүүлэн хариуцаж байсан билээ.Академич А.Болд гуай миний дипломын ажлын удирдагч байсан төдийгүй академийн Зүүн богины аманд байдаг зусланд олон жил хамт гарсан хөршүүд байсан учир би бусад судлаачдаасаа арай ойр дотно байдаг байв. Ингээд А.Болд гуайтай ганцаарчлан уулзаж “ Зусланд гардаг байсан манай эмээг та танина. Тэр цэмцгэр эмээ чинь Чингис хааны удам, хошуу ноёны охин.Эмээ маань “Чингис гэдэг чинь орь ганц гэсэн үг. Чингис хаан гэдэг нь Хаадын хаан гэсний илэрхийлэл орь ганц хаан гэсэн үг. Удмынх нь сүлд нь хамгийн том биетэй, хүчирхэг шонхорын дунд өдрийн од шиг ховор төрдөг, цас шиг цагаан шонхор шувуу юм билээ” гэж хэлж байсан. Цагаан зүстэй, хар нүдтэй амьтан чинь эртний мөстлөгөөс үүдэлтэй ген, Менделийн удамшлын хуулиар хаяа гарч ирж байгаа явдал.Би бага байхдаа Бурханбуудай ууланд цав цагаан зүстэй бараан нүдтэй тарвага, чоно, үнэгтэй таарч байсан. Та хүртэл цав цагаан, бараан нүдтэй угалз агнаж авахуулсан өнгөт зураг чинь гэрт чинь өлгөөтэй байгаа шүү дээ.Тэгэхээр Чингис хааны сүлд чинь мөстлөгөөс үүдэлтэй цав цагаан идлэг шонхор болж таараад байна” гэсэн билээ.
Яагаад цав цагаан зүстэй, хар бараан нүдтэй амьтдын тухай яриад байна гэхээр энэ нь альбиносоос ялгаатай, генийн гажиггүй амьтад шүү л гэдгийг тодруулж байгаа хэрэг. Альбинос нь albus-цагаан гэсэнлатин үгнээс гаралтай үг бөгөөд амьтан дээр меланин, ургамал дээр хлорофилл пигментийн дутагдлаас үүдэлтэй удмын өвчин юм. Альбинос амьтдын нүд ихэвчлэн улаан байдаг.
Харин А.Болд гуай идлэг шонхорыг УИХ-ын гишүүдэд танилцуулсан боловч мөстлөгөөс үүдэлтэй цав цагаан шонхорын тухай дуугараагүй юм билээ.Шинэ сүлд батлагдсаны дараа “Та яачих ваа” гэхэд “Байдаг гэдэг нь бодитоор батлагдаж шинжлэх ухаанд бүртгэгдээгүй юмыг УИХ-д танилцуулж болохгүй” гэж хэлсэн юм. Энэ нь шинжлэх ухаанд баримталдаг “Алтан дүрэм” учраас яалтай билээ. Харин хожим Баянхонгор аймгийн Баянлиг суманд идлэг шонхор барьж байсан арабууд цав цагаан зүстэй, бараан нүдтэй идлэг шонхор барьж, эмээгийн маань зөв гэдгийг шинжлэх ухаанд баталсан юм.
Эмээгийн аав хошуу ноён, миний элэнц өвөө цаг хэцүүдээд ирэнгүүт охиноо адуучинтайгаа суулгачихсан юм билээ. Ингээд бид жинхэнэ ард гаралтай болж цөвүүн цагийг ажралгүй туулаад гарсан хэрэг. Өвөө маань эмээгийн өөдөөс үг хэлэх нь байтугай ярилцаад сууж байгааг нь ховор харсан санагддаг. Эмээ маань “Манай удамд хулгана жил их чухал шүү” гэж хэлдэг байсан болохоор хулгана жилтэй надад бусад ач/хүү,охины хүүхэд аль нь ч ач, харин ачийн хүүхдийг зээ гэнэ/ нараасаа илүү сайн байсан билээ.
Тэрээр “Монголчуудын гурвын тоог эрхэмлэх ёсыг тулгын гурван чулуутай холбодог. Үнэн ч биз. Харин монгол хүн өөрт ашигтай эсэх, бусаддаа ашигтай эсэх, байгаль эхэд хор болох эсэх гэсэн гурван бодлын үзүүрийг зангидах ёсыг баримталдаг учир гурвын тоог эрхэмлэдэг. Гурван гурвын есөн бодлыг зангидахад өнгөрснийг тунгааж, одоог харж, ирээдүйг эргэцүүлэн зөв шийдвэр гардаг. Гурваас үүдсэн есөн бодлын үзүүр “За” гэсэн ганц үг болдог учиртай. Монголын “За” хааны зарлиг мэт хэрэгждэг уг учиг нь энэ” гэж хэлж байсан билээ.
Харин нас барахаасаа өмнөхөн намайг хөдөө явах гэж байтал тухайн үеийн хамгийн том мөнгө болох цоо шинэ, бор халзан 100-тын дэвсгэртийг авахгүй гээд байхад хүчээр өгч “Муу юмыг ганц хоёрхон хүн л хийчихдэг. Харин сайн юмыг олон хүн нийлж хийдэг юм шүү. Миний хүү битгий муу хүн болоорой” гэж захисан билээ.
Чингис хааны удмын сүлд болох цав цагаан шонхорыг туйлын цагаан цоохор шонхортой манайхан андуураад байдаг. Бид цагаан гээд нэрлэчихсэн энэ шонхорын шинжлэх ухааны латин нэрийг Falco rusticolus гэнэ. Европчууд оросуудыг дэлхийн хязгаарт амьдардаг бүдүүлэгүүд гэж боддог байснаас энэ зүйл шонхорт Орос нутгийн буюу дэлхийн зах, хязгаар нутгийн шонхор гэж нэр өгсөн нь тэр. Өнөөдөр европчууд Беларусийн ерөнхийлөгч А.Р. Лукашенког “Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлээд байгаа нь цаагуураа оросуудыг Европ тивд хамаарахгүй шүү л гэж хэлэх гээд байгаа хэрэг. Харин Falco гэдэг нь falx, falcis буюу гар хадуур гэсэн латин үгнээс үүдэлтэй үг билээ. Шонхорын гол зэвсэг болох хумс нь яг л гар хадуур шиг хэлбэртэй байдгаас ингэж нэрлэсэн хэрэг.
Их хааны удмын сүлд болох идлэг шонхорыг Falco cherrugгэнэ. Cherrug нь эм шонхор гэсэн энэтхэг үгнээс үүссэн латин нэр юм. Аль ч зүйлийн эм шонхор эр шонхороос бие том хүчирхэг байдаг учир сурган ан авд хэрэглэдгээс ингэж онцолж нэрлэсэн хэрэг. Харин бид цагаан цоохор шонхорыг цагаан. Латинаар харь, гадаадын, ер бусын гэсэн утгатай нэртэй шонхорыг яг эсрэгээр нь эгэл. Их хааныхаа удмын сүлд болсон шонхорыг бахархалт амьтан болгон албан ёсоор зарласан атал иддэг, уудгаар нь дуудан нэрлээд байгаа нь тун ч зохимжгүй санагддагийг энд бүр онцлон дурдмаар байдаг.Энэ нь монголчууд бид гурав, есийн тоог эрхэмлэж чадахгүй байгаагийн бодит жишээ юм.
Г.АМАРСАНАА
НЭМҮТ-ийн тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржоос тодрууллаа.
-Угаарын хийд хордож, эмнэлгийн яаралтай тусламж авсан дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт ажиглагдаж байна уу. Эсвэл эсрэгээрээ өссөн үү?
-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ төрлийн дуудлага өсөөгүй. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр хоёр өрхийн нийт дөрвөн том хүн, дөрвөн хүүхэд угаарын хийд өртсөн анхны дуудлага иржээ. Мөн оны аравдугаар сарын 11-нд 25 хүн өртөж эмнэлгийн тусламж авснаас таван хүн нас барсан байсан. Өртөлт нь цааш өсч өнгөрсөн оны хавар гэхэд 2500 хүрсэн. Хамгийн гол нь нас баралтын түвшин өндөр байсан нь ажиглагдаж байгаа юм.
-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд угаарын хийд хордож улмаар амь насаа алдсан тохиолдол хэд бүртгэгдэв?
-Эрүүл мэндийн байгууллагад нас баралт нэг гэсэн албан бүртгэлтэй байна.Бид өглөө болгон Нийслэлийн Онцгой Коммисын шуурхай штаб болон 103, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламж, ЭХЭМҮТ-өөс ирсэн мэдээллийг нэгтгэн ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтэст илгээдэг. Одоогийн байдлаар угаарын хийд өртөж хордсон иргэд 103-аар дамжуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламж дээр очиж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл аваад буцаж байгаа.Энэ оны өртөлтийн дуудлага есдүгээр сарын 13-наас эхэлж бүртгэгдсэн. Өчигдөр /10 дугаар сарын 11/-ний өдрийн 08 цагийн байдлаар эмнэлэгт хандсан хүний тоо нийт 149, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авч буцсан 148, эмнэлгээс эмчлэгдэж гарсан нэг хүн, нас барсан нэг хүн байна. Харин одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Мөн нас баралтын тоо өсөөгүй.
-Саяхан /энэ сарын 6-7 нд шилжих шөнө/ эмээ нь зээ хүүтэйгээ хамт угаартаж улмаар нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Дөнгөж хасах градуст шилжиж эхэлж байхад л угаарын хийд олон хүн хордож амь насаа алдаж байна. Тэгвэл өвлийн ид тачигнасан үед яана гэсэн үг вэ?
-Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид үзэж нас барсныг тогтоосон. Эмнэлэгт ирээд нас барсан, эмчлүүлж байгаад нас барсан нь задлан шинжилгээнд батлагдсан тоог авах ёстой.Өөрөөр хэлбэл, тэнд хүн нас барлаа гэсэн цахим мэдээллийн тоог эмнэлгийн байгууллага бүртгэх боломжгүй. Эмнэлгийн тусламж аваагүй гэртээ нас барсан тохиолдлыг цагдаагийн байгуллага бүртгэн шалгах ажиллагаа явуулдаг. 103 очоод нас барсан, эсвэл эмнэлэгт ирэх замд, ирсэн хойноо нас барсан бол эмнэлгийн мэдээнд ордог.
-Тухайн осолд өртсөн айлд угаарын хийн мэдрэгч суурилуулсан байсан уу?
-Үүнийг мэдэхгүй
-Өмнөх жилд угаарын хийнээс үүдэн хэдэн хүн амь насаа алдаж байсан бэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 10-ны хооронд нийт 2568 хүн угаарын хийд өртөж эмнэлгийн тусламж авснаас 15 хүн нас барсан байна.
-Мэдээж ард иргэд зуух яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, урьдчилсан бэлтгэл ажлаа базаах /яндангаа хөөлөх, угаарын хийн мэдрэгч тавих/ ажлууд хийх хэрэгтэй. Энэ хүрээнд ч тодорхой аян эхэлсэн?
-Зөвлөгөө мэдээлэл хангалттай сайн явж байгаа. Нийслэл, дүүрэг, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ, ОБГ харилцан уялдаатай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Сайжруулсан түлшинд сайн зуух яндан л тохирно. Иргэд өөрсдөө урагшаа нэг алхмаар байна. Нийслэлийн 200 мянган гэр хороолол бүгд өртөхгүй байгаа биз дээ. Аминдаа арчаатай бай гэж зөвлөмөөр байна.
-Энэ хэвээр хүний амь нас эрсдээд байвал өвлийн ид тачингнасан өдрүүдэд цөмөөрөө хиарах хэрэг үү?
-Өнөөдрийн байдлаар дуудлага өгч,эмнэлгийн хүлээн авах дээр зөвлөгөө аваад буцах хүний тоо өмнөх жилийн мөн үеийнхээс харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс дүгнэвэл хүмүүс тодорхой ойлголттой болсон гэж үзэхээр байна. Энэ нь яндан зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хөөлөх гэх мэт кампанит ажлуудтай ч холбоотой болов уу.
-Угаарын хийн мэдрэгч 100 хувь баталгаатай байж чадах уу?
-Чадна гэж үзэж байгаа. Зөв байрлуулах, унтраахгүй байх, зайг нь сайтар шалгах, болж өгвөл орныхоо дээр байрлуулах нь чухал.Утаа мэдрэгч суурилуулах нь энэ төрлийн эрсдэлээс сэргийлэх эхний алхам юм.
П.САЙНЖАРГАЛ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гарагт болох ба 30 сая төгрөгийн супер азтан тодорно. Тохирлыг “Боловсрол” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх юм.
Иргэн та энэ оны есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа маргаашийн 23:59 цагаас өмнө бүртгүүлнэ үү хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.