Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564), 203(6569) дугаарт
Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.
Монголын их Гүрний хаад чөлөөт худалдааны сүлжээ байгуулснаараа дэлхий дахинд чөлөөт зах зээлийн үндсийг тавьжээ хэмээн судлаачид хэлдэг. Гэтэл тэр үндэс нь төрөлх хээр талдаа хэр ургаж цэцэглэсэн бэ гэвэл, их л сонин хариу гарах гээд байна.
Нэг талаасаа нүүдэлчдэд өмч л байснаас биш, үл хөдлөх хөрөнгө гэж байсангүй. Иймээс баян хүн л тааралдахаас биш баялаг бүтээгч гэж төрсөнгүй. Нүүж явдаг тэдэнд суурин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаарх анхны ойлголт ч төсөөлөгдсөнгүй.
Гадаадын аялагчид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг юм. Баян чинээлэг монгол хүн гэрээсээ гарч ирээд, бэлчиж яваа малаа, ялангуяа адуугаа харж, нүүр дүүрэн баясал тодруулдаг тухай. Барьсан барилга, байгуулсан хотхон, тариулсан ургацаа харна гэж байх биш. Ингээд л байгаль дэлхийн таалал, бурхны хишгээр өөрөө үржиж буй мал сүргээ л харж, амьдралын таашаал эдэлдэг байсан хэрэг. Өөр яах ч билээ.
Зах зээлийн ертөнцөд байдаг дампуурал, ашиг, алдагдал, хувьцаа хээр талд үгүй. Ердөө л мал нь өсөх, мал нь үхэх гэсэн хоёр л орчил байна. Энэ нь эзний менежмэнтээс бараг хамаарахгүй. Зуд болбол хэний ч мал ялгаагүй үхнэ. Харин ногоо цагаа сайхан ургаж, өнтэй өвлүүд дараалбал хэний ч хамаагүй мал өснө.
Бизнес хөгжлийн барометр болсон ашиг ба алдагдал гэсэн ойлголт байхгүй. Мал нь бага багаар хорогдох, сүргийн чанар нэг л биш болох гэхчлэнгийн зүйл байдаг юмаа гэхэд эзэн нь бараг анзаарахгүй дээ. Түүний оронд малыг нь бөөн бөөнөөр үхүүлсэн ган гачиг, зуд турханыг л анзаарна.
Мал нь хүнс тэжээлээ өөрөө олж, өөрийгөө өсгөх тул байнгын тасралтгүй нэмэгдэх ашиг гэдэг ухагдахууны оронд гэнэт геометр прогрессоор тоо толгой нь өсөхийг хэлдэг олз омог гэх ойлголт л бий. Монгол хэлэнд ашиг нэмэгдэх, алдагдал багасгах ойлголт хэллэг үгүй, харин “гарзын үүдийн хаах”, “олз омогтой явах” гэхчлэнгийн хэллэг байдаг нь тийм учиртай.
Баяжих хоосрох циклийг дайраагүй хүн үгүй тул хувь заяагаа бурханд даатгасхийгээд амьдарна даа. Бурханд сайн залбирч, заяа түшсэнээрээ л баяжсан хүн байхаас, бизнес сэтгэлгээ, эдийн засагч байдлаараа юмжсан хаана ч үгүй.
Ийм учраас тал нутагт жам ёсны зах зээл, худалдаа наймаа, эдийн засгийн сэтгэлгээ цэцэглэн хөгжсөнгүй. Харин ч Адам Смитийн олж харсан эдийн засгийг тэтгэгч “үл үзэгдэх гар” харин ч “үл үзэгдэх мэс”, “нуусан хутга” маягтай болсон нь сонин.
Жам ёсны зах зээл дээрх чөлөөт өрсөлдөөний дүнд хэрэглэгч хожиж байдгийг Адам Смит хэлсэн. Хэрэглэгч үйлчлүүлэгчээ татах уралдааны дүнд бизнесийн шинэ шинэ санаа төрж, тэр хэрээр нийгмийн нүүр царай хувьсан хөгжинө.
Талхчин айлын худалдан авагч олшрон хөлжих нь зэргэлдээх лэнсий барааны мухлаг, хажуугийн цайны газарт гай болохгүй. Харин ч тэр хавьд үйлчлүүлэгчдийг татан цуглуулж, бусдыгаа тэтгэнэ. Ижил бараа зардаг лангуунууд бие биеэ бараадан бөөгнөрдөг үзэгдэл ч нэг юм хэлээд байдаг. Уг нь тэдний нэг л цэцэглээд, бусад нь бөхчихмөөр авч тэгдэггүй.
Зах зээлийг өршөөлгүй өрсөлдөөн мэтээр дүрслэн ойлгож ирсэн үеийнхэн анхаармаар үзэгдэл ч байдаг. Тэр онолоор бол Toyota, Sony, Samsung өсөж өндийсөн түүх нь тэдэнтэй эн тэнцэх өөр бизнесийнхний мөхсөн, эдгээрийн гарт үрэгдсэн кэйс гарч ирэх учиртай ч тийм биш. Сүүлийн үеийн үүрэн утасны зах зээл дээрээс арчигдсан Nokia, Blackberry ч гэсэн Айфон, Самсунгад хорлогдсон гэхээсээ илүү менежмэнтийн алдаа гаргаж бүтэлгүйтсэнээр тайлбарлагдах болов уу?
Харин Адам Смитийн “үл үзэгдэх гар” хээр талын бэлчээрт ирмэгцээ л зах зээлийг ивээгч байхаа болиод мэсний үүрэг гүйцэтгээд эхэлдэг нь бас сонин.
Үзэсгэлэнт уулын аманд Бат, Дорж хоёр найз айлсан буугаад хэдэн жил болов. Айлсан буухаар мал өсдөг хөршийг “хаяа сайтай” хэмээн магтдаг юм. Найз хоёр хэн хэндээ хаяа сайтай байлаа. Айл, айлын зуугаад богтой байхдаа анх айлсчээ. Хаяа сайхан нийлж мал нь өсөөд л, өсөөд л байлаа. Хүмүүс тэдний нэрийг ч нийлүүлж “Батдоржийн хот” хэмээн ярьцгаана. Хоёр жилийн дараа хагас мянган мал хотлов. Тав дахь жилдээ хонь мянгаас хол давлаа.
Үзэсгэлэнт уулын бууц мянган хонины хөлд талхлагдаж эхлэв. Хэн нэг нь тэндээс явах хэрэгтэй боллоо. Дорж болохлоор Батынх эхлээд нүүчих болов уу хэмээн харзнах боловч Бат яг эсрэгээр нь Доржийнх нь нүүвэл шударга санагдлаа. Нэгэн цагт Батын нагацын өвөлжөө байсан ч, хаягдаад Доржийн аавынх тэнд нутаглажээ. Хамгийн эхэнд эзэмшсэн нь эзэн нь мөн гэж Бат үзэж байв. Харин Дорж бол “Сүүлчийн эзэн бол жинхэнэ эзэн” гэдэгт эргэлзсэнгүй.
Доржийн бодлоор бол Батынд олон байсан адуу л бэлчээрийг нь нэмж нэрмээд байлаа. Харин Батынх “Доржийн олон сарлаг дайран дээр давс үрж байгаа” гэж ярих. Мэдээж энэ яриа гэрт өрнөх тул авгай хүүхдүүдэд нь сөрөг цэнэг хуримтлуулна. Доржийн сэтгэлийг гонсойлгодог өөр нэг зүйл бий. Тэрээр Батаас хоёр ах, монгол ёсонд насаар эрэмбэлдэг уламжлалаа бодсон ч тэдний хот айлыг “Доржбатын хот” товчилмоор байдаг. Гэтэл “Батдоржийн хот” гэснийг бодохоор, нэг л дөнгүүлчихсэн мэт сэтгэгдэл төрнө. Сүүлдээ, хүүхдүүд нь ч хоорондоо тоглож чадахгүй хэрэлдэж “Сарлаг шигээ тэнэг”, “хэдэн адасга шигээ ааштай”-гаараа дуудалцаж зодолдох болов.
Ингээд нэг өдөр авгай хүүхний хэрүүлээс эхэлсэн дажин, өрхийн тэргүүлэгчдийн зодооноор дуусав. Хоёр айл салж нүүлээ. Тэгэхээс тэгэх гэсэн аятай, хэн хэнийх нь мал сүрэг өссөөр. Дараа нь үзэсгэлэнт амтай уулынхаа ар өвөрт багтахаа болив. Сүүлдээ, уулсыг налсан хоёр хөндийд шахалдан, бараг нэгнийхээ бэртээж хаясан ч гэдэг билүү дээ.
Алдарт, мичин жилийн зуд тэдний маргааныг шийджээ. Аль алин нь малаа барж, модоо барьж. Мянга мянган малын хөлд талхлагдан, ургамал багатай болсон уулсын тарчигхан аманд, цөөн малтай хоёр гэр айлсаад утаа суунаглах болсон нь мөнөөх Бат, Дорж хоёрын зээ нар ажгуу.
Тэнгэр эхэлж ниргээд, дараа нь ивээдэг гэгчээр мичин жилээс хойш, малд ээлтэй жилүүд ар араасаа цуварч, хангай дэлхийн хишиг ч дэлгэрч өгчээ. Зээ нарын мал ч өссөөр хотон дахь хонь мянга хүрчээ. Түүх яг давтагдах гэж байтал… Яасан гэж үү? Нэгдэлжих хөдөлгөөн ялж, бүх малыг нь хураан нийгэмчилжээ. Аминыхаа малыг хонинд шилжүүлснээр 50 толгойгоос илүү гаргах эрхгүй болсон, Дорж, Бат нарын дөрөв, тав дахь үеийнхэн төрсөн ах дүүсээс ялгалгүй эвтэй амьдарсаар 1990 оныг үзжээ. 1990 онд нэгдэл тарж, малчид өмчөө аваад, өөрийн дураар өсгөх боломж олсон байдаг. Тэрнээс хойш яасныг бол мэдэхгүй.
Үргэлжлэл бий