Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас Хэнтий аймаг руу шууд нислэг үйлддэг боллоо

Улаанбаатараас Хэнтий аймаг руу шууд нислэг үйлддэг болжээ. Тодруулбал, 10 хүний суудалтай “Геосан” ХХК-ийн “Цессна 208B” онгоц Улаанбаатар-Хэнтий чиглэлд 1 цаг 10 минутын турш нисэх аж. Нислэгийн үнэ төлбөрийн хувьд 0-2 насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих бол, 2-12 насны хүүхэд 30 мянга, 12-оос дээш насны иргэн 60 мянган төгрөг байх юм байна. Мөн зорчигч тус бүр 10 кг ачаатай явах боломжтой гэнэ. Улаанбаатар, Хэнтий аймгийн хоорондын зай 330 км байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна

ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна.

“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК нь “Салбарын ажилтан”, “Хүргэлтийн жолооч” “Үйлчлэгч” ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт бренд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.

Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Салбарын ажилтан
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
  • Хүргэлтийн жолооч
  • Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой
  • Үйлчлэгч
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй

Ажлын байрны өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно.

Лавлах утас: 75111896

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Одонхүү: Тариа цасанд дарагдсанаас гурилын үйлдвэрт нийлүүлэх буудайн чанар асуудал дагуулж мэдэхээр байна


Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах шинжээч Б.Одонхүүтэй ярилцлаа.


-Ургац хураалтын дүн мэдээллийг танилцуулахгүй юу. Одоо хэдэн хувьтай явж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тариан таримал дээр 60 хувьтай, төмс, хүнсний ногоо 90 хувьтай байна гэдэг ургац хураалтын дүн мэдээ нэгтгэгдэж ирлээ.

Үндсэндээ хүнсний ногооны талбайн ажил дуусаж, тэжээлийн таримлын хувьд мөн ялгаагүй 90 орчим хувьтай дуусах шатандаа байна. Харин тосны ургамал 40 хүрэхтэй үгүйтэй хураалт байна. Улаанбуудайн хураалт, тосны ургамал хоёрын хураалтын ажил ид өрнөж байна.

Хураалтын хэмжээг тонноор нь авч үзвэл, улсын хэмжээнд үр тариа, улаанбуудайн хураалт 60 хувьтай явж байна гэдэг нь 276 мянган тонн хурааж аваад байна гэсэн үг. Хүнсний ногооны хувьд 223 мянган тонн төмс, 98.5 мянган тонн хүнсний ногоо, 100 орчим тонн малын тэжээл, 10 мянган тонн орчим тосны ургамал хурааж авсан ийм явцтай байна.

Хүнсний ногооны хураалт дууссан, борлуулалт ч нэлээд шавхарсан байдалтай байна.

-Цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Есдүгээр сард яг ургац хураалтын ид үед цаг агаарын байдал нэлээд хүнд байлаа. Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, хүйтэн бороо, нойтон цас, шамарга шуурганы улмаас улсын хэмжээнд нийтдээ 40 мянга орчим га тариан талбай ямар нэг байдлаар гамшигт өртөж, цаасанд даруулсан хүндрэл үүслээ.

Яг одоогоор аймаг орон нутгаас авсан мэдээллээр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж 18.8 мянган га буудайн талбай цасанд дарагдаж, болц нь дутуу байсан болсон учир буудайн чиглэлээр хураах боломжгүй болж, таримал ногоон тэжээлд хураагдахаар боллоо гэдэг мэдээ ирлээ.

Өөрөөр хэлбэл, 267 мянган тонн хурааж авсан буудайн 18.8 га талбай нь буудай биш, таримал ургамал болж хураагдлаа. Нийтдээ нэг га-гаас 12.4 центр буудай хурааж авсан ажлын явцтай явж байна.

-Үлдсэн 40 хувийг хэзээ хурааж дуусах төлөвтэй байна вэ. Тариаланчдын нөхцөл байдал нэлээд хүнд байна гэсэн?

-Тариалангийн талбайн ургац хураалт өнгөрсөн жилүүдээс нэлээд хүнд нөхцөлтэй явж байна. Эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас хойш цаг агаар тогтуун дулаахан байлаа. Энэ долоо хоногт мөн тогтуун байх төлөвтэй байна. Т иймээс үлдсэн 40 хувийг энэ долоо хоногтоо багтаагаад шуурхай хураана гэж тооцож байна. Энэ хугацаанд л амжиж хураах хэрэгтэй.

-Цаг агаарын мэдээг урьдчилж авч байсан байх. Есдүгээр сард эрс хүйтэрч, цас орохыг урьдчилан мэдээд тариалангийн бүс нутгуудад эрсдлийг тооцож урьдчилан арга хэмжээ авах боломж байгаагүй юу?

-Цаг агаарын мэдээг тогтмол авч явж байгаа. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ жилийн есдүгээр cap ажил хийх боломж муутай cap болж өнгөрлөө.

Нэг өнжөөд л бороотой. Арван хоёр хоног л бороогүй өдөр байлаа. Уг нь жил жилийн есдүгээр сард дулаахан байж байгаад болц гүйцчихдэг байлаа. Гэтэл энэ жил бороо ороод сунжраад ирэхээр болц оройтож, хяруунд цохигдож буудай болж чадахааргүй болоод нэлээд хувь нь ногоон тэжээл рүү хураагдчихлаа.

Нөгөө талаас цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж болгон хярууны хамгаалалт хийх, бүр найдваргүй, болц гүйцэхгүй болсон нь тодорхой болсон талбайг эртхэн хурааж, малын тэжээл бэлтгэх гэсэн чиглэлүүдийг яамнаас өгч байсан. Энэ ажлууд явж байна. Боломж олдохгүй байсаар байгаад 40 хувь дээрээ сууж байгаа нь энэ.

-Аль аймагт нөхцөл байдал хүндрээд байгаа вэ. Хурааж авсан тарианы чанар ямар байгаа бол?

-Ихэнх аймагт л цастай хүнд байдалд хураалт явагдаж байна. Дорнодын бүс ч цастай байна, Увсын бүс ч адилхан. Цастай, бороотой хүнд нөхцөлд хураалт явагдаж байна. Үлдсэн 40 хувийг болц гайгүй байгаасай л гэж харж байна. Шөнөдөө хүйтэн хонож байна. Өдөртөө хэсэгхэн хугацаанд дулаараад үдээс хойш 15, 16 цагаас эхлээд хүйтэрчихээд байна.

Богино хугацаанд өдрийн голд л хурааж байна. Нэлээд чийгтэй тариа хурааж байна гэдэг мэдээ ирж байна. Хураах хоног маань маш бага, дээр нь өдөрт талбайд ажиллах цаг маань маш богино байна. Ийм нөхцөлд тариаланчид маань ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд улаанбуудайгаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж мэдээлж байсан. Энэ хэмжээнд хүрч чадахгүй байдал үүсэж болзошгүй байна уу?

-Яг одоогоор тэгж таамаглахад хэцүү. Энэ жилийн ургацын балансыг 20 орчим хувиар бууруулж тооцож байсан. Өөрөөр хэлбэл, ийм эрсдэл есдүгээр сард ирэх нь гэж тооцож дүн мэдээгээ гаргасан. Одоо ч гэсэн ерөнхий массаар нь харвал 400 мянган тонн буудай авах боломж байгаа гэж харагдаж байна.

Гагцхүү хурааж авч байгаа ургацын маань чанар нь гурилын үйлдвэрт нийлүүлэх шаардлагыг хангахад хэцүү болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, масс ургацын хэмжээ хүрлээ гэхэд гурил үйлдвэрлэхэд нийлүүлэх буудай нь хэр их гарах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

-Нийтдээ гурилын үйлдвэрүүд энэ жил хэдэн мянган тонн буудай авах шаардлагатай гэж тооцоолсон бэ?

-Одоо гурилын үйлдвэрүүд буудайгаа аваад явж байна. Үйлдвэрүүд бололцоотой бүх л аргаараа тариаланчидтай уулзаад авч байгаа. Аравдугаар сарын 25 гэхэд талбайн ажил ч шингэрнэ, гурилын үйлдвэрүүд ямар хэмжээний буудай авч чадсан тухай тоо баримт тодорхой гараад ирнэ.

Одоо бидэнд хаана хэний буудай чанартай байна, тэрийг нь гурилын үйлдвэр яаж авч байгаа талаарх мэдээлэл ирээгүй байна. Тэгж дутна, ингэж хангана гэж хэлэхэд эрт байна. Ер нь хүндэрсэн байна.

Гурилын үйлдвэрүүд энэ жил 300 мянган тонн буудай авах хэрэгцээтэй гэж байсан. Яг одоогоор шинэ ургацаас гурилын үйлдвэрүүдэд 130 мянган тонн орчим буудай нийлүүлэгдсэн гэсэн мэдээ ирсэн.

-Алдагдал хүлээсэн тариаланчид хэр олон байна?

-Ер нь бүхэлдээ л байдал хэцүү байна. Саяны цас Төв аймгийн хойд нутаг, Архангай, Булган аймгийн урд талыг бүхэлд нь хамарсан хоёр удаагийн цас орсон. Сүүлийн цас Сэлэнгэ аймгийн зарим бүс нутаг, Булган, Увс, Хөвсгөлтэй нийлээд орчихлоо.

Ерөнхийдөө тариалангийн бүх бүс нутаг хоёроос, гурван удаа цас орсон. Алдагдал хүлээсэн тариаланчид тэгэхээр олон байна л гэсэн үг. Хэчнээн аж ахуйн нэгж, тариаланч хэдий хэмжээний хохирол амсаж байгаа тухай мэдээ ирээгүй байна.

Мэдээж тариаланчдын хувьд тодорхой хэмжээгээр өөрсдийнх нь төлөвлөж байсан хэмжээнээс ургацын хэмжээ нэлээд буурсан Одоо нэг ч тариа хурааж авч чадахгүй үлдэх нь ээ гэсэн газар бол Төв аймгийн Эрдэнэсант суманд ийм асуудал гарах магадлалтай Эрдэнэсантад 8,600 мянган га талбай зуун хувь цасанд даруулсан.

Шагайгаар татсан, 30 см зузаан цас орсон. Одооноос цас нь хайлж хэсэг хэсэг газраа цоохортоод боломжтой аж ахуйн нэгжүүд нь талбайд орж эхэлж байна. Тэндээс ургац хураахгүй байх магадлалтай байна.

-Тариалангийн бүс нутагт иргэдийг суурьшуулахгүй гэдгээс болж малчид, тариаланчдын дунд маргаан үүсдэг. Энэ асуудлыг цэгцлэх талаар яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэ үнэн. Тариалангийн бүс нутагт тэр чигээрээ мал орсон. Гамшгийн хэмжээнд хүрлээ. Малчдыг буруутгах бас хэцүү. Цас орсон хүйтэрсэн үед зуслан дээр, намаржаа дээрээ байж байх боломжгүй. Тэгэхээр тариалангийн бүс нутаг руу малтай хүнтэйгээ дайраад ороод ирсэн.

Бүр хүндэрсэн газрууд нь манай тариалангийн 30 хувь малд идэгдлээ гэж ярьж байна. Цаснаасаа дөнгөж салаад хураалт руугаа орох гэж байхад хашаатай ч, хашаагүй ч байсан мал ороод дийлдэхээ байлаа гэж байна. Өөрөөр хэлбэл, зуншлага муутай малын тарга тэвээрэг муу, малчдын бэлчээр хомсодсонтой холбоотойгоор тариалангийн бүсэд ургац хураалт дуусаагүй байхад маш их мал орж тариалан идчихлээ. Энэ асуудлыг яаралтай цэгцлэх асуудал тулгамдаж байна

Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс нутгуудаар бэлчээрийн мал оруулахгүй гэдгийг зарласан. Тэр бүс нутгуудад зөвхөн эрчимжсэн мал аж ахуй байхаар заасан байгаа.

Тийм учраас бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй тариалангийн бүс нутагт яагаад ч байж болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарсан, хууль нь гарсан энэ асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил явж өгөхгүй байна.

Малын асуудлаас болоод тариаланчид хурааж чадаагүй байгаа үлдсэн талбайн 40 хувийн талбайнхаа бараг 20, 30 хувь нь малд идүүлсэн байна гэж мэдээлсэн. Энэ бол маш хүндрэлтэй асуудал болж байна.

-Өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний хүндрэл учирч байв уу?

-Өнгөрсөн жилүүдэд ийм намар үзээгүй. 2015, 2017 онд ган болоод ургацаа алдаж л байсан. 370 мянган га тариалаад 200 орчим мянган га хурааж байсан тохиолдол бий. Энэ жил ургац алдагдаагүй. Ургац боломжийн байсан. Харин ургасан ургацаа алдаж байгаа нь харамсалтай.

-Гурилын үйлдвэрүүдэд хангалттай хэмжээний улаанбуудайгаар хангаж чадахгүй байдалд хүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Буудайн ургац хураалтын дүн ямар ч байсан гаргана. Тэр дүн мэдээн дээр балансын тодотгол хийнэ. Хэдий хэмжээний буудай дутна тэр саналаа Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, импортоор авах буудайн хэмжээг тогтоож өгнө.

Гурилын үйлдвэрүүд зөвшөөрлөө аваад эртхэн импортоо хөөцөлдөх болдог. Мэдээж эрс тэс уур амьсгалтай, эрсдэлтэй бүсэд тариалан эрхэлдэг манай орны хувьд алдаж оноод нэг жил хангаад нөгөө жил хангаж чадахгүй болоод явчихдаг. Үүнтэй уялдсан шуурхай арга хэмжээг арваннэгдүгээр сард авах байх гэж үзэж байна.

-Импортын улаанбуудайн үнэ ямар байгаа бол. Хэрвээ импортоор нэлээд хэмжээний буудай авбал одоогийн байдлаас тооцоход гурилын үнэд өөрчлөлт орох магадлалтай юу?

-Манай дотоодын нийлүүлж байгаа буудай, Оросоос авдаг буудайн үнэ ойролцоо байдаг. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад нөхцөл байдал өөрчлөгдөж магад. Т иймээс аль болох эрт хөдлөх нь чухал.

Хураалтаа эрт дуусаад тооцоогоо гаргаад эртхэн импортоор авах буудайн хэмжээг тогтоовол гурилын үнэ өсөхгүй байхад ач холбогдолтой. Манайхаас ургацын дүнг гаргаад тодотгол хийгээд танилцуулна. Засгийн газраас шийдвэрээ гаргана.

Categories
мэдээ нийгэм

“Ebarimt” аппликейшнаар импортын машины гаалийн мэдээлэл, ямар гэмтэлтэй зэргийг гар утаснаасаа харах боломжтой

Ebarimt” аппликэйшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг ибаримт аппликэйшн болон гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ибаримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 146 төрийн үйлчилгээ бий. Хилээр орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хил дээр хэдний хэдэн цагт бүртгэгдсэн зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой.

Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.

Түунчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934142 тээврийн хэрэгсэл байна. Үүнэзс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд орон нутагт зургаан хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ

Тээврийн цагдаагийн алба 2020 оны аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийт 704 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтэж 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9

– Мөргөлдөх хэлбэрээр-2

– үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.17-ны 16.20 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Ямаат баг Өндөр толгой гэх газар /Аймгийн төвөөс зүүн тийш 130км/ шороон замд “Орхон” голын гүүрэн дээрээс Toyota Prius М жолоочтой автомашин онхолдож, жолооч 48настай, эрэгтэй М, зорчигч 51настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон.

2020.10.18-ны 19 цагийн орчим Дундговь аймгийн Дэрэн сум “Сул” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10км/ шороон замд Kia Frontier Э жолоочтой автомашин нь улсын дугааргүй Даюун маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч 34настай, эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.

2020.10.18-ны 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Дэрэн сум “Бэлэндалайн гарам” гэх газар /сумын төвөөс хойш 9км/ шороон замд Mitsubishi Minicab З жолоочтой автомашин нь Марзан шанд гэх голын эрэг мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй З-н амь хохирсон.

2020.10.18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18,2 км/ асфальтан замд Hyundai Porter маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлж ажилласан байна.

2020.10.17-ны 18.45 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А /Др:2.22%/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг тус албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 84 жолоочийг Монгол Улсын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн.

Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүйг хэллээ.

Үргэлжлүүлэн “Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна.

Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ.

Одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-т эмчлүүлж байна.

Тэдгээр өвчтөнөөс таван хүний биеийн байдал нь хүндэвтэр, долоон хүний хөнгөн гэж үнэлэгджээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшиллоо

Удаан хүлээлгэсэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 19 буюу өнөөдөр болох байсан ч хойшилжээ.

Тодруулбал өмгөөлөгч нь өвчтэй, акт ирүүлсэн учраас хойшилсон байна.

Энэ шүүх хурлын шийдвэрээр Улсын аварга Э.Оюунболд цолтойгоо үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” хэмээж байсан юм.

Улсын аварга Э.Оюунболдын гомдлоор бүтэн жилжингээ “дуншсан” шүүх хурал эргэж буцаж, түүний элдэв шалтгаас болж хэдэнтээ хойшилсоны эцэст анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргаад буй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бол өнгөрсөн долдугаар сарын 12-ноос эхлэн сэргэх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ аливаа асуудал гурван шатны шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэгддэг. Гэтэл барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гарчихаад байхад Э.Оюунболд Дээд шүүхэд гомдол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд цолоо хураалгахгүй хэмээн дахин гомдол гаргасан гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 91 ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЖЭЭ

Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 84 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Аравдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Цаг агаарын мэдээний дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм

Намрын нээлтийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлэв

АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан өчигдөр/2020.10.18/ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ. Харин их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тус тус тунажээ.

Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх аравдугаар сарын 29-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.