Categories
мэдээ нийгэм

Циркчид “Зориод очих газаргүй, ёслоод гарах манежгүй болсондоо харамсаж байна” гэв

Циркчид өнөөдөр Хуучин циркт хэвлэлийн хурал хийлээ. Энэ хэвлэлийн хуралд Монголын 300 гаруй циркчин ирж оролцож, өөрсдөд нь, салбарт нь тулгамдаад буй асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм.

Монголын циркчдийн анхны бөгөөд эцсийн зогсоол болсон Хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГаас ашиглаж болохгүй хэмээн акталсан учраас Монгол Улсын “Консерваторийн Бүжиг” сургуулийн циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байгаа юм. Гадаа хүйтэрч эхэлсэн учраас цаашид энэ байдлаар бэлтгэл сургуулилтаа хийх боломжгүй болсон байна. Тиймээс Монголын циркчид дараах БСШУСЯ болон Засгийн газарт хоёр шаардлага хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.

Монгол Улсад циркийн урлаг үүсч, хөгжөөд 79, циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байна. Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монгол циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн чиглэлийн бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй болцгоож, өөрсдөө хувиараа ажил хийцгээж, жижиг студи, продакшнуудад хуваагдан амьдрахаас өөр аргагүй болсон байна.

Шаардлагад:

1.Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх

2.Циркчдийн соёлын өв болсон Хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгнө үү.

3.Түүнчлэн засварласныхаа дараа Монголын үндэсний цирк ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллах талаар албан ёсоор тайлбар авахыг хүсэж, албан бичиг хүргүүлж байгаа аж. Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авна гэж найдаж байна гэжээ.


Хэвлэлийн хурлын үеэр Циркийн сургуулийн тэнхимийн багш, найруулагч СТА Ю.Гэрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд хаана бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?

-Циркийн уран бүтээлийг бэлдэхийн тулд ганц цагийн ажил шаардагдахгүй. Нэг үзүүлбэрийг зургаан сараас нэг жилийн хугацаанд бэлддэг. Бид бэлтгэлээ гадаадын циркүүдэд очиж бэлддэг, гэрээ байгуулаад дараагийн тэмцээн эхэлтэл тухайн гэрээ хийсэн газраа бэлтгэлээ хангах маягаар явж ирлээ.

-Хуучин циркийн барилга өвөл халаалтгүй гэж сонслоо?

-Хуучин энэ циркт халаалт байхгүй. Энд бэлтгэлээ хийх хүүхдүүдийн ихэнх нь 4-5 дугаар ангийнхан байдаг. Тиймээс өвлийн улиралд бэлтгэл сургуулилт хийх ямар ч боломжгүй. Тэгээд ч зорилтын сургуулилтын байр биш. Жишээлбэл,үзүүлбэрийн үеэр хийдэг зургаан эргэлтийг энд хийх боломжгүй. Бид нар тийм том зүйл хүсээгүй нэг ордон, нэг бэлтгэл хийх заал байхад л уг нь болно. Яагаад орон нутгуудад хоосон том том ордон барьж өгч болоод байхад бүхэл бүтэн 80 жил хөгжсөн циркт нэг барилга зориулаад босгож болохгүй гэж.

-БСШУСЯ-наас ямар хариу өгсөн бэ. Одоо эндээс хөдлөөд тус яаманд очиж шаардлага өгөх гэж байна уу?

-Бага насны хүүхдүүддээ орхиод жүжигчид нь бүгдээрээ эндээс БСШУЯ руу шаардах бичгээ аваачиж өгнө. Ганц тус яам гэлтгүй 76 гишүүнд бүгд нь шаардах бичгийг ирэх даваа гаригт хүргэж өгнө.

-2010 оноос хойш циркчид цалингүй, дээрээс нь мэргэжлийн үнэмлэхгүй байгаа гэцгээж байна?

-Мэргэжлийн үнэмлэх байхгүй. Сүүлдээ тэвчээр алдагдана гэдэг шиг ард түмэндээ, харьяа яамандаа хандаж байна.

Бид циркийн урлагийг эх орондоо, монгол үзэгчдэдээ үзүүлэхээр зорьдог. Монгол циркийн өв тасрах гэж байна. Циркчид дэлхийд Монголын нэрээ гаргасаар ирсэн ч төр нь тоодоггүй. Энэ урлагийг хэрэгтэй гэж үздэг бол төр засаг минь хариу, шийдвэр гаргаад өгөөч гэж хүсэж байна.

Ийнхүү дэлхийд өндрөөр үнэлэгддэг циркийн урлагийн салбарыг Монгол Улс гаргуунд нь гаргаснаас уран бүтээлчид нь нутагтаа мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, гадаадад боломжоороо ажиллаж байсан циркчид коронавирусээс үүдэн эх орондоо ирж, жижүүр, зөөгчөөс эхлээд таарсан ажлаа хийж, зориод очих газаргүй, ёслоод гарах манежгүй болсон нь харамсалтай гэлээ.

Д.БАТТОГТОХ


Categories
мэдээ улс-төр

Ж.Батбаясгалан 84.44 хувийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдлоо

НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо.

Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явууллаа.

Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.

Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ.

Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм.

НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр “2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ” гэв.

Өнөөдрийн хуралдааны үеэр Төлөөлөгчид энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардаж авлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгоно.

НИТХ-ын даргад нэр дэвшигч Ж.Батбаясгалангийн намтраас хүргэж байна.

Тэрбээр 1983 онд төрсөн. 37 настай.

Боловсролын байдал:

  • 1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
  • 1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
  • 2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
  • 2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 2004-2006 онд УИХ-ын Тамгын газар
  • 2006-2008 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
  • 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
  • 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Шагнал:

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
  • Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
  • Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
  • Төрийн дээд шагнал “Алтангадас” одон

Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Ж.Батбаясгаланг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол НИТХ-ын 8 дахь дарга болох юм байна.

НИТХ-ын анхны дарга Ж.Ядамсүрэн 1992-1996 онд тус албанд ажиллаж байжээ.

  • 1996-2000 онд Ц.Баасанжав
  • 2000-2004 онд Т.Билэгт
  • 2004-2008 онд Н.Болормаа
  • 2008-2012 онд Т.Билэгт
  • 2012-2016 онд Д.Баттулга
  • 2016-2020 онд Ц.Сандуй нар тус тус НИТХ-ын даргаар ажилласан байна.
Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгажээ

“Жаст” группын захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан билээ.

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ЫН ЧУУЛГАН: 800 хятадад виз олгосон асуудлыг тодорхой болгож, хариуцлага тооцох ёстой

Чуулганы хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улсад байгаа гадаадын иргэд, тэр дундаа Хятад иргэдэд ямар хяналт тавьж байна вэ. Өнөөдөр Улаанбаатарт хэд хэдэн Чайна таун бий болж, Монгол хүнийг ч оруулахгүй байна. 100 айл орчимд юу болж байна вэ. Банкуудад орж ирж байгаа томоохон хадгаламж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хятад иргэд л хийж байна. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст ямар хяналт тавьж байна вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Гадаадын иргэдийг албан гаргах ажиллагааг удахгүй хийнэ. 10 гаруй жил Монголд амьдарсан, цалин авдаггүй, байгууллагын жижүүр хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Мөн Гадаадын иргэн харьяатын газар вьетнамын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон байна лээ. Энэ чиглэлээр шалгалт хийж, холбогдох байгууллагад нь шалгуулж байгаа. Шинэ хуулиар нэгдсэн бүртгэлийн системтэй болж байгаа учраас бүх байгууллага дураараа виз олгодоггүй байх боломж бүрдэнэ.

Ажлын хэсэг: Гадаадын иргэдийн үл хөдлөхийн бүртгэл мэдээлэл УБЕГ-т бүртгэлтэй байдаг. Шаардлагатай бол дэлгэрэнгүй мэдээллийг хувь гишүүнд өгөх боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Монгол иргэдийг цахим гарцаар гардаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүний оролцоо шаардлагагүй болно. Олон улсын бүх боомт дээр цахим гарцыг нээж өгөх ёстой. Технологийн хоцрогдлоос гарах цахим гарц бий болгоё гэж байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа хадгалах ёстой. Зорчигчийн нэвтрэх систем рүү хакер хардлага их үйлдсэн. Үүнийг хамгаалах кибер аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал хурцаар тавигдана. Үүнд ХЗДХЯ анхааралдаа аваасай гэж хүсч байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 30 хүртэл хоногийн визийг тусгай төлөөлөгчийн газрууд олгодог. Дипломат төлөөлөгчийн газар тусгай визийг хариуцдаг.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадын иргэдийн бүртгэлд тавих хяналт ямар хэмжээнд байна. Манай иргэдийн гэр бүл болсон талаар судалгаа байдаг болов уу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: -Манай улс анх удаа биеийн давхцахгүй үйлдэл буюу хурууны хээгээр нь гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлтэй болж байгаа юм. Гадаадын иргэдийн нэгдсэн хяналт байдаггүй. Түүнээсээ болоод зөрчил гардаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бидний олон жил шаардсан цахим виз, нэгдсэн бүртгэлийн систем зэрэг олон асуудлыг шийднэ. 800 хятад иргэний асуудал, тамхи зөөж байгаа асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл сонсмоор байна. Энэ 800 хүнд хэн виз олгосон бэ, тамхи хэн зөөж байна вэ. Дипломат төлөөлөгчид хийж байна уу эсвэл өөр байгууллагаас томилогдсон хүн нь хийгээд байна уу гэдгийг нэг талд нь гаргамаар байна. Консулын газруудыг нэг шалгаж, цаашид гадаад яамны мэргэжлийн шалгуурыг тавьж, томилдог байх шаардлагыг Засгийн газарт өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Визний асуудал хөндөгдөхөд гадаад оюутны сурах асуудал мөн яригддаг. Гадаад оюутан нь Монголд ирээд суръя гэхэд виз нь маш хүнд сурталтай. Гадаад оюутанд олгодог С ангиллын визийг хөнгөвчлөх шаардлага байгаа. Хуулийн өөрчлөлтөөр хөнгөвчлөх заалт орж байгаа юу.

Ш.Раднаасэд гишүүн Монгол угсаатанд хөнгөлөлттэй виз олгох шаардлагатай гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр хөндсөн. МУИС-д хазар үндэстэн сурдаг. Монголд сурдаг оюутныхаа тоог нэмэх сонирхолтой байдаг. Энэ асуудалд нааштай хандах заалт бий юу?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Визийг хуульчилсан учраас дэндүү хатуу зохицуулалттай байса. Одоо энэхүү хуулийн өөрчлөлтөөр визийг Засгийн газрын журмаар зохицуулах учраас уян хатан болно.

Монгол Улсад өнөөдөр 465 гадаад оюутан суралцаж байна. Covid-19 дэгдэхээс өмнө буюу 2019 онд 2300 гадаад оюутан Монголд суралцдаг байсан бол өнөөдөр 465 оюутан болсон.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хазар үндэстэнтэй холбоотой асуудлыг хаалттай хурадааны үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд ярилцсан нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар Монгол Улс дэлхийд сул байгаа. Хамгийн гол нь виз олгох эрхийг визний наймаа хийдэг хүмүүст тараагаад өгчихсөнөөс гэмт хэргийн шинж чанартай болж хувирсан. Хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг цэгцэлж чадах уу. Гол нь визний наймаа зогсох уу?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Визийн ангиллыг хуулиар зохицуулдаг байсныг Засгийн газрын журмаар зохицуулах нь олон улсын жишигт нийцэж байгаа. Хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулга хийх боломжтой болно, хяналтын систем сайжирна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраас виз олгохдоо наймаалцаж байгаа асуудал бий. Хяналт шалгалт хийж, холбогдох байгууллагад асуудлыг хүргүүлсэн байгаа.

Визийн төвтэй болсноор хууль бус наймааг таслан зогсоох боломжтой болно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэлхий нийт Араб зэрэг булангийн орноос хөрөнгө оруулалт татаад байхад манай улс эсрэгээрээ терроризм гэдэг үг наадаг. Гадаад улс орнуудын иргэд тэр дундаа булангийн орны иргэд Монголд ирэх болоход хэдэн төрлийн шалгуур тавьж байна вэ?

Хоёрт, гадаад орноос ирсэн хүмүүст хяналт тавиад байдаг хэрнээ гарсанд тавьдаг хяналт сул байна уу гэж харагддаг. Жишээлбэл, 800 Хятад мөнгө угааж байсан хэрэг нь энэнтэй л холбоотой.

Монголоос гарсан гадаадын хүмүүст хэн хяналт тавьдаг юм бэ.

Гурван улсын хил орчмын халуун рашаан, хилийн багана руу орж ирж зураг авахуулах зэрэг асуудал хуульд яаж туссан бэ?

Ажлын хэсэг: Гадаадын иргэнд олгодог 30 хүртэл хоногийн визийг Консулын газар, хилээр нэвтрүүлэхдээ Хил хамгаалах ерөнхий газар, орж ирсний дараа нь Гадаадын иргэн харъяатын газар хяналт тавьдаг. Нэгдсэн мэдээллийн сангүй байгаа нь асуудал үүсгэж байгаа.

Энэ асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр цэгцэлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Аль нэг улсын нэрийг дурдах нь гадаад харилцааны асуудал хөндөгдөх учраас бичгээр хариу өгье.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ ” Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна.

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдийн давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ,
  • Ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна.

“ТУСГААРЛАЛТАД 20 ХОНОСОН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН”

Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Categories
мэдээ улс-төр

Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр 7:00 цагт эхэллээ.

Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв.

Тэрээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлэв.

Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ.

Энэхүү Гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад СЯ, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Хилийн боомтоор 70 орчим иргэнийг татан авсан. Иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын төмөр замын гармыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 08:00 цаг хүртэл хаана

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Хүрд” ХХК, Замын 2-р анги, “Нано Экологи” ХХК ажиллах бөгөөд хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хийх юм.

Categories
мэдээ спорт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхөөр өрсөлдөв

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулав.

Тус тэмцээнд 33 байгууллагын 210 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Эргүүл хамгаалалтын газар, хоёрдугаар байрт Дотоодын цэргийн 805-р анги, гуравдугаар байрт Тээврийн цагдаагийн алба шалгарсан юм.

Шилдэг тамирчнаар Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн дэд хурандаа, Х.Батхишиг, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын албан хаагч, Цагдаагийн дэд ахлах Д.Энхбат нар шалгарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гэрэлзаяа: ЖДҮ-ийн зээл авч чадахгүй бол үйлдвэрээ хаахаас аргагүй боллоо гэсэн гомдол санал их ирж байна

ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлзаяатай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд энэ жил улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжид зээл өгөх боломжгүй байдал үүссэн гэсэн. Ямар нөхцөл байдал бий болоод байна вэ?

-Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг дэмжих санд улсын төсвөөс мөнгө тавигдаагүй. Тиймээс одоогоор ЖДҮ дэмжих сангаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний санхүүжилтээ аваад явж байна. Энэ оны хувьд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эргэн төлөлт тасарсан байдалтай байна. Тодруулбал, оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг ЖДҮ хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч, одоогийн байдлаар 16 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр яг одоогооор 30 гаруй тэрбум төгрөг дутсан байдалтай байна. Тиймээс манайхаас Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн. ЖДҮ санд дутаад байгаа мөнгийг шийдэж өгөөч ээ гэдэг саналаа хүргүүлсэн боловч төсвийн тодотголоор шийдэж өгсөнгүй. Манайхаас 2021 оны төсөвт 90 тэрбум төгрөгийг ЖДҮ санд суулгах хэрэгтэй гэдэг саналыг хүргүүлсэн байгаа. Цаашдаа ямар шийд гарахыг мэдэхгүй, хүлээлтийн байдалтай байна.

-Одоогоор хичнээн аж ахуйн нэгж зээл авах хүсэлт өгөөд байгаа вэ?

-Энэ оны хувьд аж ахуйн нэгжүүдээс 1200 гаруй төсөл хүлээж авсан. Энэ нь нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн төслүүд байж байгаа. Бид нар энэ төслүүдээс сонгон шалгаруулалт хийгээд 50,4 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэн материалыг нь хүлээж авч тооцсон. Гэвч одоо төвлөрсөн эргэн төлөлт нь ердөө 16 тэрбум төгрөг л болчихоод эдгээр аж ахуйн нэгжүүддээ зээл өгөх боломжгүй байдал үүсээд байна.

-Хэрвээ сангийн яамнаас нааштай хариу өгөхгүй бол зээл хүсч материалаа өгсөн аж ахуйн нэгжүүдэд ямар хариу өгөх вэ?

-Төсөв мөнгө хүрэлцэхгүй боллоо гэдгээ аж ахуйн нэгжүүддээ хариу болгож хэлнэ дээ, өөр арга байхгүй.

-“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралтай энэ үед ЖДҮ дэмжих санд улсын төсвөөс мөнгө суулгахгүй байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Мэдээж оновчгүй шийдвэр. Дэлхийн бусад улс орнуудад ковидын үед гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад харин ч жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, санхүүгийн эх үүсвэрүүдийг нь нэмэгдүүлж байхад манайх эсрэгээрээ хасч байгааг зөв шийдвэр гэж хэлэхэд хэцүү байна. Ажлын байрыг бий болгохоосоо илүү хадгалах зарчмыг олон улсад баримталж байна. Байгаа ажлын байрыг устгалгүй тэнд нь тодорхой нөхцөлийг нь хангаад хадгалж үлдэх нь чухал гэдэг чиглэлийг дэлхий дахин барьж ажиллаж байна. Үүнийгээ жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замаар хийж байна. Гэтэл манайд нэмэх нь битгий хэл хасаад байгаа нь өнөөгийн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд зохицохгүй шийдвэр болоод байна.

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ЖДҮ сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүд эргэн төлөлтийг нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа юу?

-Тийм. Борлуулалт зогссон, гадагшаа гаргадаг экспорт нь зогссон, эсвэл түүхий эдийнх нь нийлүүлэлт тасалдсан ийм байдалтай байгаа аж ахуйн нэгжүүд олон байна.

Тийм учраас эргэн төлөлтөө хийх бололцоогүй болчихоод байна л даа. Дээр нь ХХАХҮ-ийн сайдын болон Засгийн газраас гаргасан шийдвэр бий. Энэ шийдвэр нь “Үндсэн зээлийн төлбөрөөс зургаан сарын хугацаагаар чөлөөлөх” тухай юм. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүсчихээд байна. Иргэдийн дунд ЖДҮ сангийн зээлийг улсын төсвөөс мөнгө гаргаж иргэдэд зээл өгдөг гэдэг ойлголт түгээмэл байдаг. Ер нь бол 2018 оноос хойш манай сан улсын төсвөөс санхүүжээгүй. Энэ хугацаанд эргэн төлөлтөөр санхүүжүүлэлтээ хийж байсан.

-Зээлээ авч чадахгүй байдалд орсон аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ирж байна уу?

-Эхнээсээ гомдол саналууд ирж байна. Хэрвээ зээлээ авч чадахгүй бол үйлдвэрээ татан буулгахаас өөр аргагүй боллоо, ажилчдаа цөөлж халах, мөн гэрээтэй нийлүүлдэг байсан түүхий эдүүдийн гэрээ нь тасалдах, борлуулалт тасарч байна гэдэг гомдол санал ирж байна. Эдийн засагт нэлээд хохирол учрахаар ийм байдал үүсч болзошгүй байна.

-Одоо танайд 16 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн гэсэн. Энэ нөөцөө ашиглаад ямар арга хэмжээ авах вэ?

-Одоо яах вэ гэхээр, хэрвээ Сангийн яамнаас нааштай хариу өгөхөөргүй бол байгаа нөөцөө ашиглаад одоогоор төвлөрсөн эргэн төлөлтөөрөө бичил хэмжээний зээлээ санхүүжүүлэхээр байна. Харин жижиг, дунд шатлалын зээлүүдээсээ заримыг нь Жайка олон улсын санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тохиролцоод эхний ээлжийн санхүүжилт буюу 12 төслийн эх үүсвэрийг шийдүүлээд байна. Энэхүү 12 төсөл дээр нийтдээ 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдүүлсэн байж байна. Харин бичил хэмжээний зээлэндээ нарийвчилсан шатлалын судалгаа хийгдээд энэ долоо хоногт дуусна. Энэ судалгааны дараа үнэлгээ хийгдээд төслүүдээ санхүүжүүлэх боломжтой.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын авсан зээлийг бүрэн төлүүлж хаалгаж дууссан уу?

-Энэ асуудал мөн маргаан дагуулаад байна. Тухайн үед УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын авсан зээлийг тэр дор нь төлүүлж хаалгасан. 2018 онд авсан зээлүүдийг 2019 онд төвлөрүүлэхээр, тэр оны эргэн төлөлт өндөр дүнтэй гарсан л даа. Сангийн яам тэр үеэс хойш ерөөсөө ЖДҮ-ийг дэмжих санд жилдээ 50 тэрбум төгрөг төвлөрөхийн байна гэж дүгнэж харсан. Уг нь тэр компаниудыг шахаагүй, хуваарийнхаа дагуу төлсөн бол жилдээ 20-30 тэрбум төгрөг төвлөрөх байсан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд хуваарийнхаа дагуу биш зээлээ бүтнээр нь нэг дор хийчихээр төлөлт өндөр харагдаж, жил бүр 50 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгддэг юм байна гэсэн тооцоолол Сангийн яамд үүссэн байна. Тэгэхээр, Сангийн яам юу гэж хараад байна гэхээр, ЖДҮ-ийн сан дээр жилдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр төвлөрөхөөс гадна нийтдээ энэ санд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр байдаг юм байна. Үүгээрээ санхүүжүүл гээд байгаа. Үнэндээ энэ мөнгө аль хэзээний зээлэнд гараад явчихсан мөнгө. Сар болгон хуваарийнхаа дагуу төлөлт нь хийгдэж байгаа. Энэ жилийн хувьд ковидын нөлөөгөөр эргэн төлөлт тасалдсан. Ийм л зүйл болоод байна. Яг одоогоор манай сан дээр 16 орчим тэрбум төгрөг байна. Энэ нь энэ жилийн хүлээн авсан төслүүдээ санхүүжүүлж хүрэлцэхээргүй. Дээр нь Сангийн яам ямар чиглэл өгсөн гэхээр, ирэх онд Засгийн газрын бондын төлбөр болох 41.2 тэрбум төгрөгийг манайхыг төлөх ёстой гэж байна. Хэрвээ төсвөөс манай санд мөнгө өгөхгүй бол эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгийг бондын төлбөрт өгөх болж байна. Тэгэхээр бүр их хэцүү байдал бий болно гэсэн үг.

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон ийм шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ буруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Нөхцөл байдлыг хараад иргэд ингэж харж байхыг үгүйсгэхгүй. Арай ч бас тийм биш байлгүй дээ. Яг ийм зүйл болж байна гэдгийг тогтоогоогүй учраас би энд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

-Ер нь ЖДҮ-ийн сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй, танил талаараа дээгүүрээ хувааж иддэг энэ байдалд ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд олноороо жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авсан энэ асуудалтай холбоотойгоор манайхаас журамдаа өөрчлөлт оруулж, Засгийн газрын сангуудыг нээлттэй ил тод болгох, авлига ашиг сонирхлоос ангид байлгах ийм шаардлага тавигдсан. Хоёрдугаарт, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн. Хууль гарсантай холбоотойгоор журамд өөрчлөлт ороод 2020 онд шинэ журмын дагуу төслүүдээ хүлээж авсан. Журам шинэчлэгдсэнээр ЖДҮ-ийн зээл ил тод нээлттэй болсон. Үнэлэх процессоо тодорхой болгож, дээр нь сонгон шалгаруулалтаа ил тод нээлттэй болгож өгсөн. Тавигдах шаардлагаа мөн тодорхой болголоо. Эцэст нь та төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулж өгвөл таны төслийг хүлээж авна гэдэг ийм шалгуур байна. Үүн дээр сонгон шалгаруулах хороо үнэлгээ хийгээд зээл авдаг. Дээр нь хуулийн дагуу нэг зээлдэгчдэд олгох зээлийн хэмжээг бичил зээлд 300 сая төгрөг хүртэл, жижиг байвал тэрбум хүртэл, дунд хэмжээнд 2.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор хуулиндаа заасан байгаа. Хэрвээ таны жилийн борлуулалтын орлого 300 сая төгрөг байвал 300 саядаа багтааж зээлийн төсөл ирүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Сангийн зээлийг цөөн том төсөлд өгөлгүйгээр жижиг олон төсөлд өгөх ийм шинэ нөхцөл бүрдээд байна. Хэрвээ төсөв мөнгө хүрэлцээтэй байсан бол ийм боломж бүрдсэн байсан юм.