Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг 1 өдрөөр ч захиалж унших боломжтой

-Цахим Өдрийн сонины 1 өдрийн захиалгын үнэ 1000 төгрөг-

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг 1 өдрөөр захиалахад л хангалттай.

Цахим захиалгын үнэ:

1 өдрийн захиалгын үнэ 1000 төгрөг

1 сарын захиалгын үнэ 6000 төгрөг

Холбоо барих: 88085029, 99130850, 91035588, 99115924

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Рэгдэл: Шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцүүдийг бий болгоно

-НАС БОЛ ТОО ГЭДЭГТЭЙ БИ САНАА НИЙЛДЭГГҮЙ. ТООНООС ГАДНА АГУУЛГА ЧУХАЛ-

Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр болж, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонголоо. Сонгуулийн дүн дөнгөж гарсны дараахан, нөхдийнх нь баяр хүргэх, цэцэгт мөчтэй зэрэгцэн шинэхэн ерөнхийлөгчийг хэдэн хором “байцааж” амжлаа.

-Улиран сонгогдсонд баяр хүргэе. Ирэх дөрвөн жилд та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх дөрвөн жил Монгол Улсын шинжлэх ухааны салбарын амьдралд шийдвэрлэх жилүүд байх болно. Бид итгэл үнэмшилтэй байгаа. Том ажлууд хийгдэнэ, 100 жилийн бүтээн байгуулалт том цогцолбор маань баригдана гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораториудын материаллаг бааз нэлээд сайжирсан байна. Яагаад гэвэл төсвийн санхүүжилт маань энэ дөрвөн жилд дөрөв дахин нэмэгдэнэ. Төсвийн санхүүжилтээс гадна Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааны орлого төсвийн санхүүжилттэй харьцуулахад 30 хувьд нь хүрч очно гэсэн тооцоо бий. Энэ бол түүхэн дээд амжилт байх болно.

Хамгийн нэгдүгээрт бид шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чанаржуулж, тоог нь олшруулах юм. Ази тивийн дунджаар нэг сая хүнд 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногддог.

Монгол Улсад нэг сая хүнд 500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногдож байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Бид ирэх дөрвөн жилд ядаж хоёр дахин бага хэмжээнд аваачих ёстой. Улсын эдийн засаг тэлж томорсон энэ үед хүний тоо нэмэгдэхэд цалин пүнлүүний асуудал нэг их хүндрэл учруулахгүй.

Хамгийн гол нь төр засаг, шинжлэх ухаан, хувийн хэвшил харилцан ойлголцож, ажиллах юм бол үүнийг давж гарна. Тоог нэмэх төдийгүй чанар сайжруулах чухал. Чанарыг сайжруулахын тулд хамгийн нэгдүгээрт сайжирсан лабораторийн материаллаг баазаа түшиглэнэ. Гадаадын ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааны боломжуудыг ашиглан, олон залуу судлаачдаа илгээж, эрдмийн зэрэг цол хамгаалуулна. Мэргэжил дээшлүүлж, чадавхыг нь сайжруулна.

Гурав дахь хүчин зүйл нь Монгол Улсад шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хэн боловч гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх ёстой. Энэ бол зөвхөн байгалийн ухааны салбарт хамаарах асуудал биш. Зөвхөн англи хэлний мэдлэгтэй холбоотой асуудал ч биш. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд дор хаяж, түгээмэл хэрэглэдэг хоёр гадаад хэлтэй болох зорилт тавьж ажиллана. Англи хэлний хувьд байнгын ажиллагаатай институт байгуулна. Төсвөөс нэмэлт зардал шаардахгүйгээр хийнэ гэж бодож байгаа.

Эрдэм шинжилгээний томоохон үндэсний хэмжээний, олон салбарын дунд хэрэгждэг төслүүдийг санаачилж дэвшүүлж тавина. Сая академийн чуулган дээр манай академичид энэ талаар маш тодорхой санал дэвшүүлсэн. Хөдөө аж ахуйн салбар, эрүүл мэндийн салбар, уламжлалт анагаах ухааныг түшиглэсэн том боломжууд байна. Түүнээс гадна бид хиймэл оюун ухааны технологиудыг ашиглах талаар ихээхэн ахиц дэвшил гаргахгүй бол хоцрох талтай. Иймэрхүү ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг үнэхээр анхаарахгүй бол болохгүй.

Энэ жил бид анх удаа 250 айлын орон сууц бариулна гэж зоригтой дуугарлаа. Тэгж дуугарах үндэс бидэнд бий.

Олон улсын жишгээр Шинжлэх ухаан, технологийн санг шинээр байгуулж ажиллуулах ажлыг санаачилж, шийдвэрлүүлэх зорилт тавьж байна. Эрдэм шинжилгээний ажилтны цалинг төрийн өмчийн их, дээд сургуулийн багш, профессоруудын дундаж цалинд ойртуулах асуудлыг бүх түвшинд тавьж, шийдүүлнэ.


-Сая сонгуулийн явцыг харахад та өрсөлдөгчгүйгээр нэр дэвшээд, бараг 100 хувийн саналаар ялалт байгууллаа. Жирийн хүмүүст бол ардчилсан бус гэж харагдаж магадгүй л дээ. Яагаад өөр нэр дэвшигч гараагүй юм бол?

-Манай Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн сонгууль явдаг журамтай. Их чуулганаар баталсан энэ журмаар нэр дэвшүүлэх процесс зохицуулагддаг. Би ерөнхийлөгч болъё гэж хувь хүн нэр дэвшүүлэх эрх байхгүй. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд, ШУА-ийн ерөнхийлөгчид ийм хүн л нэр дэвшүүлнэ гэдэг саналаа нууц санал хураалтаар оруулж ирдэг. Энэ жил ганцхан хүн дэвшээд байгаа асуудал биш. Өөр хүний нэрийг дэвшүүлж ирүүлээгүй л гэсэн үг. Үүнийг ардчилалтай холбож тайлбарлах нь өрөөсгөл.

-Академич С.Нарангэрэл гуай таныг “Хар бага наснаасаа шинжлэх ухааны ажилд өөрийгөө зориулсан хүн” гэж магтсан. Хэдэн наснаасаа та энэ салбарт ажиллаж байна вэ?

-Хар бага нас гэдгээ хэлсэн хүн л тайлбарлах байх. Ер нь би арван жилийн дунд сургууль төгсөөд л эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж зорьсон хүн. Тэгээд гадаадад сургуульд яваад, эрдэм шинжилгээний ажилтан болоод тавиад жил ажиллаж байна. Зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн шүү дээ. Сүүлийн жилүүдэд удирдах албан тушаалд ажиллаж байна. Хар бага нас гэж миний хувьд 18 насандаа шийдсэн шийдлийг хэлэх болов уу даа.

-Зарим академичийн зүгээс насны асуудалд ач холбогдол өгөөд байна лээ. Таныг багаар нь сонгоно гэдгээ олон хүн илэрхийлсэн юм байна. Гэхдээ та удирдлагын багтаа харьцангуй залуу хүмүүсийг оруулах бодол байгаа юу?

-Ер нь дандаа боддог асуудал. Зүгээр хэн чадах вэ гэдэг шалгуур байдаг. Энэ шалгуурт бол нас хамаагүй. Чаддаг нь л хийх ёстой. Түүнээс биш нэг их ардчилсан хүн болох гээд, залуучуудын сэтгэлийг татах гээд заавал юм хийж чадахгүй залуу хүн авчирч тавих бодол алга. Шуудхан хэлэхэд чадамжийг нь харна. Залуужуулъя гэж дандаа боддог.

Ер нь бол харьцангуй хөгжилтэй дэлхийн 80 орчим оронд манайх шиг ийм бүтэц, зохион байгуулалттай шинжлэх ухааны академиуд байдаг. Энэ академиуд дандаа бүтээл, гавьяаг үнэлж, гишүүдээ нууц санал хураалтаар сонгодог. Эдгээр академийн гишүүдийн дундаж нас 75-80-ын хооронд байдаг.

Яагаад гэхээр оюуны бүтээл эрхэлдэг улсуудын хүч чадал шавхрахгүй байгаа юм. Байнга цэнэгтэй байдаг. Оюуны хөдөлмөр эрхлээд, элдэв бохир юманд оролцдоггүй улсууд урт насалдаг. Оросын Шинжлэх ухааны академийн 2000 гишүүний 40 орчим хувь нь 80 түүнээс дээш настай. Гэхдээ нас бол тоо гэдэгтэй би санаа нийлдэггүй. Тооноос гадна агуулга чухал.

-Эрдэмтдийн зүгээс таныг Засгийн газрын хуралдаанд суух болсныг маш их үнэлж байна лээ. Ерөнхий сайдын хувьд таныг Засгийн газрын хуралдаанд байнга суулгахаар урьсан нь эрдэмтдээ сонсож байгаагаа харуулах гэсэн хэлбэр үү эсвэл үнэхээр эрх баригчид та бүхнийг сонсох сувагтай болохоор шийдсэн юм болов уу?

-Засгийн газрын хуралдаанд суух шийдвэрийг хэлэхдээ Ерөнхий сайд маань “Засгийн газрын бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой. Ийм учраас ШУА-ийн ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд сууж, санал бодлоо хэлж байх ёстой” гэсэн юм. Ер нь Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам байдаг юм билээ. Саяхан тэр журамд өөрчлөлт оруулж, байнга суух таван хүний тоонд би орж байгаа юм. Энэ таван хүн бас Засгийн газрын хуралдаанд санал хэлэх, асуулт тавих эрхтэй. Тийм учраас зөвхөн Засгийн газарт эрдэмтдийнхээ үгийг хүргэх төдийгүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар шинжлэх ухааны үндэстэй тайлбар хэлэх боломж нээгдэж байгаа. Эрдэмтэд сүүлийн гучаад жилд анх удаа ийм мэдээ хүлээж аваад их баяртай байна. Тэдний итгэл найдварыг биелүүлэх ёстой. Шинжлэх ухааны үндэстэй санал боловсруулж хэлж байх учиртай. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэргүүлэгчдийн газрынхаа бүтэц орон тоондоо багтаагаад, энэ асуудлыг хэлэлцдэг алба байгуулж ажиллана.

-Р.Гончигдорж гуай чуулганы үеэр хэлсэн. Шинжлэх ухааны 14 хүрээлэн хамтраад, Монгол Улсын өрийн менежмэнтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавихыг санал болгоно билээ. Улс орны хэмжээнд тулгамдсан асуудлаар эрдэмтэд шийдвэр гаргагч нарт тоогдох хэмжээнд үгээ хүргэх өөр ямар боломжууд байж болох вэ?

-Хоёр талтай асуудал. Эрдэмтэд нэгдээд Засгийн газарт тоогдохоор юм боловсруулна гэдэг зүй ёсны асуудал. Бидний тавьсан саналыг тоож ойлгох Засгийн газар байх эсэх нь өөр асуудал. Засгийн газрын шинжлэх ухаан, технологийн бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинжлэх ухааны үндэслэлтэй холбоотой асуудлаар тухай тухайн үед нь эрдэмтдийн баг бүрдүүлээд, зөвлөмж өгөөд явах нь Шинжлэх ухааны академийн хувьд хүнд биш. Бүх салбарын эрдэмтэд манайд бий.

Миний мөрийн хөтөлбөрт энэ тухай бас туссан. Бид төр, засагт зөвлөгөө өгөх тухай ярьдаг байсан одоо бол миний мөрийн хөтөлбөрт “Засгийн газарт зөвлөх үйл ажиллагааг эрчимжүүлнэ” гэж заасан.

-Шинжлэх ухаан, технологийн санг олон улсын жишгээр ажиллуулах тухай та хэлсэн. Зүй нь яг ямар байвал зохистой вэ?

-Ер нь Шинжлэх ухаан, технологийн санг өөрчлөх нь Академийн эрх, мэдлийн асуудал биш. Гэхдээ академийн эрх ашиг тэнд байдаг учраас Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишиг, түүнтэй ижил төстэй сангуудтай адилхан болгох ёстой. Одоо бол энэ сан Засгийн газрын тусгай сангийн статустай. Тэр санд эрдэм шинжилгээний зардал гэж тавигдсан мөнгийг хэн дуртай сайд өөр зүйлд аваад зарцуулчихдаг болоод байгаа. Нэгдүгээрт, сан өөрөө судалгааны төсөл зарлаад, сонгон шалгаруулаад, санхүүжүүлдэг болох ёстой. Энэ бол маш чухал эрх мэдэл. Хоёрдугаарт, Засгийн газрын тусгай сангийн хуулиас санг гаргаад, Монгол Улсын шинжлэх ухааны сангийн тухай хуулиар энэ санг байгуулах ёстой юм. Энэ сангийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, сангийн ерөнхийлөгч нь захирлаа тавиад, ажилладаг. Гол нь шинжлэх ухаан, технологийн төсөл зарлах, сонгон шалгаруулдаг эрх санд олгох учиртай. Одоо бол Сангийн яамнаас хуваарилсан мөнгийг дахин хуваарилдаг. Ингэж ерөөсөө болохгүй.

-Та баахан байшин сав, цогцолбор барих тухай ярьсан. Ийм том бүтээн байгуулалт хийх боломж байгаа юм уу?

-Жил хүрэхгүй хугацаанд энэ байшингаа бариулаад, Шинжлэх ухааны академи айлын хаяанаас гарч, 60 жилийн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн байртай болж байгаа юм. Одоо бол бид 94 тэрбум төгрөгөөр Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор бариулах болж байна. 2020 онд гурван тэрбум төгрөг нь төсөвлөгдөөд, бүтээн байгуулалтын ажил эхлээд, явж байна. 2024 он гэхэд бид шинэ цогцолбортоо орох болно. Шинэ цогцолборт орохоор хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын нөхцөл маш сайжирна, нэг дороо цугларна. Тэнд Монгол Улсад анх удаа Шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцүүдийг бий болгоно гэж төлөвлөж байгаа. Нэг дор цугласан бүтцийн давуу талыг ашиглаж, Шинжлэх ухааны паркаа ч байгуулна. Инновацийн төвүүдээ ч бүгдийг нь тэндээ байгуулах боломжтой. Бодитой ажил, санхүүжилт эхэлсэн. 2021 оны төсөвт зохих мөнгө нь тавигдсан.

-100 жилийн ой тэмдэглэх тухай яригдаж байна. Нүсэр тэмдэглэх үү?

-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой болно. Ирэх онд олон 100 жилийн ой болно. Ерөнхий сайдын захирамж гарч, 100 жилийн ой зохион байгуулах улсын комисс гарсан. Тэр комисст би байгаа. Ямар ямар байгууллагын 100 жилийн ойг хийх вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Манайх орох байх гэж бодож байна. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар байгуулагдсан 100 жил гэдэг бол Монгол Улсын нийт иргэдийн оюуны хөгжилд ямар дэвшил гарсан гэдгийг л харуулсан он жил. Бид 100 жилийн ойгоо нэр төртэй хийнэ. Бөх барилдуулахгүй, морь уралдуулахгүй, гэхдээ монголчуудын оюун ухаанд эрдэм мэдлэг ямар хэрэгтэйг сурталчилах ийм л жил болно доо.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэцогт: Такси барьдаг шигээ л гараа өргөөд автобусанд сууя

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээг дэвшүүлж “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ноос өчигдөр мэдээлэл хийв.Тодруулбал, Зайсан, Хүннү, Ривер гарден зэрэг том хорооллоос шууд хотын төвд буюу их тойруу, бага тойрууд дөхүүлж өгөөд буцах хоёр зогсоолт “буухиа автобус” болон такси үйлчилгээг орлох хурдан тойрдог “мини автобус” үйлчилгээний шийдлийг боловсруулжээ. Мөн ухаалаг аппликэйшний тусламжтайгаар урьдчилсан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгөх программын үйлчилгээг танилцуулсан юм.

Түгжрэлийг сааруулах зорилготой уг шийдлийн талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ны тэргүүн Д.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Түгжрэлийг багасгаж, тэг зогсолтыг арилгахын тулд олон янзын шийдлийг эрэлхийлж байна. Тодруулбал, импортоор орж буй машинд хязгаарлалт тавих, торгуулийг нэмэгдүүлэх зэрэг саналыг нэг хэсэг ярьсан. Тэгвэл та бүхний зүгээс ямар санаачилгыг дэвшүүлж байна вэ?

-Авто замын түгжрэлийн асуудлыг гүүр барихаас хурдан хугацаанд шийдэж болно. Хамгийн гол нь зөв зохион байгуулалт, зөв тогтолцооны удирдлага хэрэгтэй. Одоо үйлчилгээнд гарч буй 900 автобусаар л нийтийн тээврийн үйлчилгээг төсөөлөөд байж болохгүй. Автобусны үйлчилгээг хөгжүүлж чадвал нийслэл хотын долоохон километрт иргэд заавал машин барихыг бодохгүй. Хот доторх машиныхаа хэрэглээг бууруулъя гэж нэг хэсэг нь ярьж байна. Тэгвэл дугаарын хязгаарлалт тавьж, бензиний үнийг өсгөх, торгуультай машиныг явуулахгүй байх зэрэг иргэдийн халаасыг хоослох шийдэл байгаа юм. Бидний зүгээс нэмэлтээр хямд үйлчилгээ санал болговол иргэд машинаа гэртээ үлдээгээд явна. Өөрөөр хэлбэл, иргэдийн халаасыг хоослохгүйгээр энэ шийдлийг боловсруулж болно. Нарантуул гэдэг том зах байхад яагаад тэр чиглэл рүү автобус тавьж өгөөгүйд бид үнэхээр гайхдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, тав тухтай түргэн шуурхай болговол түгжрэл багасна гэж үзэж буй хэрэг үү?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт 900 автобус 500 мянган зорчигчид үйлчилж байна. Харин 300 мянган автомашин 700 мянган зорчигчид үйлчилж байгаа нь өөрөө харьцангуй үзүүлэлт юм. Автобусны үйлчилгээг сайжруулснаар нийслэл дэх түгжрэлийг бүрэн бууруулах боломжтой. Засгийн газраас автомашинд зориулж гүүр, зогсоол барья гэх мэтчилэн нөгөө 300 мянган машинд зориулж маш их хөрөнгө оруулалт хийж байна. Үнэндээ 900 автобусаар үйлчлүүлж ажлаа амжуулж байгаа иргэддээ зориулж системийн шинэчлэл хийх учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээр зорчигч иргэдэд зориулж нэг ч төгрөг зарахгүй байна. Одоогийн байдлаар автобусны зогсоол болгонд зогсдог нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож буй. Үүнээс шалтгаалан иргэд нийтийн тээврээр зорчихоос илүүтэй хувьдаа машин хэрэглэж байна.

-Автобусны системийг өөрчлөх нь замын хөдөлгөөнийг сааруулах аргачлал байх нь ээ?

-Улаанбаатарын түгжрэлийн гол буруутан нь нийтийн тээврийн систем юм. Тиймээс автомашины хэрэглээг хот доторх болон хотоос гаднах гэж хоёр ялгах хэрэгтэй. Одоогийн байдлаар өглөөний 06-12 цагийн хооронд хотын 10 талаас төв рүү чиглэсэн урсгал маш их гарч ирж байгаа юм. Энэ нь түгжрэлийн гол эх үүсвэр болоод байна. Иргэд ажлынхаа гадаа машинаа тавиад зогсчихно. Өглөөний 8-9 цагт машины зогсоолууд бүгд дүүрч, оройн 6-7 цагаас наашгүй болдог. Улмаар өдөр нь зогсоолоос үүдэлтэй түгжрэл бий болж байгаа юм. Тэгвэл гадна зогсоолд машинаа тавьж буй хүмүүст зориулсан үйлчилгээг үзүүлэх нь чухал. Энийг л “буухиа үйлчилгээ” гээд байгаа юм. Тодруулбал, Хүннү Молл, Ривер гарден зэрэг том том хорооллуудын үүднээс автобус аваад л замдаа зогсохгүйгээр нийслэлийн төвд ирнэ. Хотын төвийн түгжрэлд оролгүй буцаж эргэх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь автобусанд тав тухтай орчинг бүрдүүлснээр иргэд маань машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. Хот доторх жижиг тэрэгний хэрэглээг бууруулъя гэвэл түүнийг орлох хурдан шуурхай, тохитой тээврийн үйлчилгээ байх ёстой. Ингэхийн тулд цөөхөн хүний бага оврын хурдан эргэдэг автобус шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 20 таксийг цөөлж 20 хүний бага оврын автобус явуулъя гээд байгаа юм. Заавал автобусны буудал дээр очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүйгээр зам дээр гараа өргөөд л сууя. Тэрхүү нөхцөлийг бүрдүүлбэл хурдан хэрэгжих боломжтой систем юм.

-Тэгвэл “мини бус” үйлчилгээ нь ямар учиртай юм бол. Үүнийг нэвтрүүлснээр ямар давуу тал үүсэх вэ?

-Автомашин хэрэглээ өндөртэй учраас иргэд такси барьдаг. Тэгвэл такси үйлчилгээг бууруулахын тулд таксинд сууж байгаа иргэдэд бид ямар үйлчилгээ үзүүлэх юм бэ, тэдэнд такси олдохгүй бол зүгээр алх гэж хэлж болохгүй л дээ. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг орлох хурдыг бий болгох ёстой юм. Бидний санал болгосон шийдэл бол тойргоор явдаг бага оврын “мини автобус” үйлчилгээ юм. Нийслэл маань их тойруу, бага тойруу гэсэн тойрог системтэй учраас харьцангуй хурдан явна. Хамгийн гол нь иргэд заавал автобусны буудлаас суух шаардлагагүй, гараа өргөөд таксинд суудаг шиг нийтийн тээврээр үйлчлүүлье. Өөрөөр хэлбэл, Бага тойрог, их тойрог замууд болон албан байгууллагуудын байршлыг зөв тооцоолж такси хамгийн их явдаг замуудаар мини бус явуулна. Хэрэв “мини бус” дүүрвэл том том хороолол руу шууд явдаг болгох юм. Хотын дэд төвүүдэд ийм дунд оврын хурдан эргэдэг автобусууд эрэлт хэрэгцээ ихтэй. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр 30 мянган таксины тоог 10 мянга болгож бууруулах боломжтой. Мөн ухаалаг аппликэйшний тусламжтайгаар урьдчилан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгч болдог программын үйлчилгээний шийдэл бий. Жишээлбэл, урьдчилсан билет зардаг аппликэйшнд үндэслээд хаанаас хэдэн хүн хаашаа явах гэж байгаагаас хамааран зорилтот автобусыг нь гаргаад өгнө. Тодорхой цагуудад иргэдийн урсгал нэмэгддэг худалдаа, үйлчилгээний төвүүдэд шууд хүргэх “буухиа тохилог автобус” үйлчилгээ нь онгоц, вагонд сууж бууж байгаа хүмүүст үйлчлэх жижиг машинуудыг орлох үйлчилгээ юм. Ямар нэгэн метро барихыг хүлээж цаг алдалгүй түгжрэлийг хэдхэн сарын хугацаанд л бууруулах боломжтой гэсэн үг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт хийснээр түгжрэлийг 40-60 хувь багасгана гэж хэлж болох уу?

-Одоо үйлчилж буй нийтийн тээврүүдийг өөрчилнө гэж ярихгүй. Хамгийн гол нь нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх шийдлийг боловсруулж байна. Жишээ нь, автомашинтай иргэдийг автобусанд суулгах нэмэлт үйлчилгээ байж болох юм. Хамгийн гол нь замын түгжрэлийг сааруулахын тулд системээ сайжруулах нь чухал. Хэрвээ зөв систем оруулж чадвал 2-6 сарын дотор ердөө 600 автобусны нэмэлт үйлчилгээгээр үүнийг хангалттай шийдэх боломжтой. Одоо бол хүмүүс зогсоол хайж цагаа үрэхээс үнэхээр залхаж байна. Гэртээ хэзээ харихаа мэдэхгүйгээр зам дээр маш их цагийг бухимдаж өнгөрүүлж байна. Бараг л зогсоол дээр хонох дөхөж байна шүү дээ. Энэ бүх асуудалд яг одоо шийдэл эрэлхийлэх болжээ. Түүнээс биш 10 жилийн дараа метро барина гэх мэтчилэн тайвшруулж дараад байвал түгжрэл саарахгүй. Хамгийн гол нь 1.5 сая хүн амтай, төв цэгээсээ 7 километрийн алслалтай жижигхэн хот учраас энэ асуудлыг шийдэх боломж бий. Аргачлал нь ийм байж болно, шийдэх боломж хангалттай бий гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Бид түгжрэлээс шалтгаалаад жилдээ 55 тэрбумыг бензинд үрж, маш их цагийг зам дээр өнгөрүүлж байна. Мөн осол аваараас үүдэлтэй зардлууд их гарч байгаа учраас асуудлаа богино хугацаанд шийдэж болно. Бид одоо түгжрэлийн талаар ярихаар “шийдэгдэхээс өнгөрсөн” хэмээн хүлээн авч байна. Энэ нь өөрөө шийдлийг хойш хаях сэтгэлгээг бий болгож байгаа юм.

-Дэвшүүлж буй энэхүү санаагаа холбогдох газруудад тавьж үзсэн үү?

– Хамгийн гол хохирогч нь автобусаар үйлчлүүлж буй иргэд болчихоод байна л даа. Тэр тусмаа автобус хүлээгээд ирдэггүй, нийтийн тээвэрт суухаар амьсгалах агаар олдохгүй шахам шахалдаж байна. Тэгэхээр энэ шийдэл түгжрэлийг хангалттай тайлж болно гэдэг мессэжийг өгөх гээд байгаа юм. Ингэвэл хүмүүс шийдлээ олоод явах боломжтой. Бид хоёр жилийн өмнө энэ саналаа хэлээд явсан ч амжилт олоогүй. Тэгэхээр одоо ард түмэнд хүргэе, иргэд өөрсдөө дарга нарыгаа шахаасай.

-Хувийн хэрэглээг халж, нийтийн хэрэглээг хэвшүүлэхийн тулд тохилог автобус шаардлагатай юу?

-Бидний тооцоогоор 200 мянган машин өглөөний 06-12 цагийн хооронд 10 чиглэлээс орж ирж байна. Тэгвэл хурдан буухиагаар явбал хүмүүс автомашинаа 21 дүгээр хороололдоо орхиод Улаанбаатар хот руу ирчихээд буцаад явахдаа нэг километр юм уу алхаад автобусандаа шууд суугаад гэрийнхээ үүдэнд буух нөхцөлийг бүрдүүлчихвэл хүмүүс тэр тохилог автобусыг сонгоно гэдэг нь судалгаагаар гарч ирж байгаа юм.

-Энэ шийдлээ хаана хандаж хэрэгжүүлэх вэ?

-Одоо Монгол Улсыг удирдаж буй хоёр субьект байгаа шүү дээ. Мэдээж ард түмэн, нөгөө нь МАН-ын удирдлагууд бий. Шийдэлгүй мэт чимээгүй суух биш, энэ шийдлийг хэрэгжүүлье гэдэг үүднээс нь удирдлагуудыг шахах ёстой юм. Харин удирдлагууд метро тавих зэргээр хэдэн жилийн дараа бүтэх бүтэхгүй зүйл тайлбарлаж биднийг хүлээлтийн байдалд оруулаад байна л даа. Түгжрэлээс болж өдөр болгон үнэтэй цаг хугацаа, маш их мөнгө алдаж байна шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Т.Дүүрэн: Мах, самрын экспортод төрийн оролцоог хумих асуудлыг ярилцаж байна

Төрийн зарим эрхийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай олон жил ярьсаар ирсэн. МҮХАҮТ энэ чиглэлд ажиллаад эхэлжээ. Эхний ээлжинд ноос, ноолуур, самар, махны экспортод чиглэсэн байна. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-Төрөөс бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгодог зарим эрхийг МҮХАҮТ шилжүүлж авах тухай яриа хэлэлцээ бодитоор эхэлжээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-2017 оны арванхоёрдугаар сард УИХ-аар стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэн. Ингэснээр удирдлагын тогтолцооны ба бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх болсон. Саяхан болсон Үндэсний итгэмжлэлийн төвийн техникийн хорооны хурлаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба ноос ноолуурын бүтээгдэхүүний баталгаажуулалт хийхээр итгэмжлэгдсэн.

Ноос ноолууран бүтээгдэхүүн стандартад нийцсэн эсэхийг зөвхөн улсын байгууллага шалгаж, үнэлдэг байсныг энэ жилээс хувийн хэвшлийн компани байгууллага олгох боломжтой болсон гэсэн үг. Хоёрдугаарт, Европын холбоо руу экспортлох барааны гарал үүслийн автоматжуулсан бүртгэлийг Гаалийн ерөнхий газарт нэвтрүүлэх байсныг МҮХАҮТ хийх эрхтэй болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлын хүрээнд энэ жил шинээр хийгдсэн хоёр ажил гэвэл сая дурдсан зүйлс.

-Махны экспорт дээр бас ийм өөрчлөлт хийгдэх гэж байгаа гэсэн үү?

-Есдүгээр сард болсон Засгийн газар болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортын квот хуваарилалтыг МҮХАҮТ-д өгнө гэж хэлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны квот хуваарилалтыг хариуцуулна гэсэн байдалтайгаар хамтарсан журмаа боловсруулах шатанд явж байгаа. Ийм саналыг ХХААХҮЯ-нд МҮХАҮТ-ын зүгээс тавьснаас хойш бид махны салбарын эдийн засгийн модель загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хаанаас ямар махыг хэр үнээр хэдэн килограммаар яаж боловсруулж гаргах вэ, ингэснээр махны экспортыг ихдээ хэдий хэмжээнд нэмэгдүүлж болох вэ, дотоодын махны үнэд огт нөлөөлөхгүйгээр зохион байгуулах боломжтой бий юү гэх мэт асуудлуудыг багтаасан компьютер симуляцийг систем динамикийн загварчлалыг бүтээсэн.


-Самрын экспорт дээр танхим ямар асуудлыг хариуцаж ажиллах гэж байгаа вэ?

-Самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилготойгоор Самрын кластерийг танхимын зүгээс байгуулсан. Самар үйлдвэрлэгч, экспортлогч компаниудыг нэг дээвэр дор нэгдсэн зохион байгуулалттайгаар экспорт хийлгэх ажил л даа. Ингэхийн тулд Байгаль орчны яамнаас өгдөг байсан самрын экспортын зөвшөөрөл дээр танхим хамтрах юм. Энэ ажлыг хамтран зохион байгуулах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн байгаа.

Ингэвэл дундын ченжүүдийн оролцоо багасна. Самар олборлож, экспортолж байгаа компаниуд шууд эцсийн шатны үйлдвэр рүү нь самраа худалдвал наад зах нь л арай ахиу үнээр экспортолно. Ингэж ажиллах саналаа хүргүүлсэн.

Хятадын танхимтай хамтраад урд хөршийн самрын үйлдвэрлэгчидтэй холбогдоно. Өмнө нь яамнаас зөвшөөрөл олгочихоод дараагийн процесст нь улсын зүгээс оролцохгүй хаячихдаг байсан бол одоо байдал өөрчлөгдөнө. Самрын үйлдвэрүүдтэй нэг үнээр нэг цонхоор хэлэлцээр хийх боломжийг хувийн хэвшилд өгөх юм. Яамтай ийм агуулгатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажил нааштай байгаа.

-Бизнесийн голлох салбарууд тусдаа танхимтай болно гэв үү?

-Танхим ерэн оноос хойш газар зүйн байрлалаар салбараа байгуулж ирсэн. Газар зүйн байрлалаар бий болсон салбарууддаа түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын эдийн засаг Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Нийт компаниудын 80 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн гэсэн онцлогоо харахаар газар зүйн байрлал тийм ч чухал биш болчихлоо л доо. Харин бизнесийн салбаруудын хөгжил илүү чухал болоод байна. Тухайн салбаруудын танхим гэж байгуулах өөрчлөлтийг танхимын тухай хуульд оруулах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, салбар танхимууд газар зүйн байршлаар байхаас гадна тухайн салбаруудын, бүр тодруулж хэлбэл барилгын танхим, ноос ноолуурын танхим гэх мэт зохион байгуулалтад орох тухай ярьж байгаа. Ингэвэл тухайн салбарын олон асуудлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод нь шийдэх боломж бүрдэнэ. Хуульд ийм өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн.

-Салбарууд танхимтай болчихвол ямар эерэг өөрчлөлтүүд ажиглагдах вэ?

-Ингэвэл төрөөс зарлаж байгаа олон тендерийн хуваарилалтыг тухайн салбарын танхим нь хариуцаад хийчих боломж бүрдэнэ. Ийм саналыг л бид төр засагт тавьсан. Аж ахуйн асуудал, худалдан авалт, боловсруулалт гэх мэтэд төр заавал оролцох гээд байх шаардлагагүйгээр тухайн салбарын танхим нь хариуцлагыг нь хүлээгээд, баталгааг нь гаргаад, гүйцэтгэлийг нь яг цаг хугацаанд нь зохион байгуулаад явна гэсэн үг. Энэ бол олон улсын жишиг. Олон улсын жишгээ дагаж явъя гэсэн санаа л даа. Монгол Улсын цаашдын стратеги, цаашдын эдийн засгийн хөгжлийн бодлогыг ийм тогтолцоонд суурилж хөгжүүлэх саналыг төр засагт хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт тухайн жилдээ тодорхой тооны цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй боллоо гэж үзье. Нийт төчнөөн метр квадрат талбайн барилга барина гэдэг тооцоо, саналаа гаргаад Барилгын танхимд нь хүргүүлчихнэ. Барилгын мэргэжлийн танхим нь тэрийг саналыг нь аваад хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, төр засаг, мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгыг стандартын дагуу байгаа эсэхийг тогтоож хүлээж авах хэмжээнд ажиллана гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Салбар бүрт гялалзаж яваа нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг 2012 онд төгссөн 11 “В” ангийнхныг урьж ярилцлаа.

2022 онд 10 жилийн ойтойгоо золгох ангийнхны хамгийн гэгээлэг сайхан дурсамжийг хуваалцсан юм. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд нас, тэр дундаа арван жилийн хөгжилтэй дурсамж хэзээ ч мартагддаггүй. Тэдний гэнэхэн насны инээд наргиантай, хөөр хөгжөөнтэй үеийг нь эргэн дурслаа. Тус ангийн төгсөгч Гэрэлмаагийн Эрхэмбаяр ийнхүү ангийнхаа гэнэн томоогүй түүхийг хуваалцлаа.

“Биднийг төгсдөг жил манай сургуулийн захирлаар Даваахүү гэдэг багш томилогдон ирж, эрэгтэй хүүхдүүдийг зөвхөн хар брюкен өмд өмсөнө хэмээн журам гаргаж байв. Тухайн үед “nike, kobi”-ийн пүүз ид моодонд орж байлаа. Тэгээд л пүүзэн дээрээ цайвар хөх өнгийн жинсэн өмд өмсөж гангардаг байж. Хар өмд өмсөх ёстой ч ангийн 17 хөвгүүнээс ердөө гуравт нь байсан юм. Манай анги чинь гурван давхарт байдаг. Өглөө хичээл эхлэхээс 30 минутын өмнө хөвгүүд цонхны доор цуглаад, түрүүлж ангидаа орсон нь цонхоор өмдөө шиднэ.

Түүнийг нь дараагийн гурав нь ээлжилж өмсөөд л хичээлдээ орно шүү дээ. Ингээд бүтэн жил явсаар төгсөж билээ. Их сахилгагүй байж. Мөн өөр хөгжилтэй дурсамжууд их бий. “Монгол HD” телевиз байгуулагдаад удаагүй байсан юм. “Ангийн драма” гэсэн реалити шоунд оролцохоор болов. Тэр үед телевизээс өгсөн зохиолын дагуу жүжигчилсэн тоглолт бэлдэж байсан юм. Би чинь тэр хавиар ангийхнаа цуглуулаад л өөрөө жүжгээ найруулаад, зохион байгуулна, гол дүрд нь өөрөө тоглочихно оо. Тэгээд л дөрөвдүгээр байранд шалгарч билээ. Бас болоогүй ээ, сургуулийн хажуугийн 31 дүгээр байранд “Spider” гэдэг компьютер тоглоомын газар байдаг байв. Зургийн хичээл дараалан хоёр цаг ордог байсан юм. Багшийг “Хичээлээ хийж байгаарай. Багш нь гарчихаад ирье” гээд ангиас гарах хооронд нэг давхрын цонхоороо гарч хөдөлмөрийн хичээлээ бөөндөө нийлж тасалсан тэр үе нэлээд зоригтой алхам байсан юм билээ” хэмээн инээмсэглэн ярилаа. Энэхүү хөгтэй дурсамжийг сонсоод, арван жилдээ бүгд л ийм сахилгагүй байдаг шүү хэмээн бодогдож байлаа. Тэд дэггүй байсан ч урлаг спорт, сурлагаараа тэргүүний анги байсан аж. Ангийн хөвгүүд нь урлагийн үзлэгээрээ дуулна, бүжиглэнэ. Бусад ангиуд мэргэжлийн хүн авчирч урлагийн номероо бэлдэж байхад тус ангийнхан өөрсдөө жүжигчилсэн тоглолт, бүжиг, дуу гээд бүгдийг бэлддэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл ангидаа “Pink links” гэдэг охидын хамтлагтай. Мөн анги удирдсан багш нь дуулах, гитар тоглох авьяастай. Ангийн хүүхдүүддээ зөвлөдөг хамгийн мундаг зөвлөгч багш нь байж.

Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт зургаан хүүхэд байсан бөгөөд хөвгүүд спортод их сонирхолтой учир сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болон Биеийн тамирын Нараа багшийнхаа нэрэмжит тэмцээнийг жил болгон хүлээдэг. Учир нь тэдний өрсөлдөгч 11 “А” анги тус тэмцээнд алтан медалийг нь авчихдаг байсан учраас даагаа нэхэн төгсдөг жилдээ тус ангийг хожиж байсан нь тэдний хувьд хамгийн бахархам, аз жаргалтай нандин зүйл байсан хэмээн Г.Эрхэмбаяр дурслаа.

2012 онд 50 дугаар сургуулийг 11-ийн гурван бүлэг төгсөж байсан гэнэ. Тус ангийг англи хэлний багш Ц.Туулын удирдлагад ангийн дарга А.Солонго болон Д.Нансалмаа, Б.Лхагварагчаа, Ц.Отгонзаяа, Б.Урангоо, Наранцацрал, Халиунаа, Болдмаа, Эгшиглэн, Энхчимэг, Р.Мягмарсүрэн, н.Тэлмүүн-Санаа, Г.Эрхэмбаяр, Д.Далай, Б.Балжинням, Л.Сугарсүрэн, Ч.Батзориг, Чинзориг, Ж.Амартөр, П.Энхбат, Мөрөн, Д.Пүрэврагчаа, Г.Төгөлдөр, Г.Энх-Амар гэсэн нийт 36 сурагч төгсөж байжээ. Математик, англи хэлний хичээлдээ хамгийн шилдэг нь охидуудаас н.Есүй, хөвгүүдээс Бат-Эрдэнэ “толгой цохидог” байв. Нийгмийн ухаан, түүхийн хичээлийг Сарантуяа, Биеийн тамирын хичээлийг дунд ангийн багш Б.Эрдэнэчулуун заадаг байсан аж. Харин физикийн хичээлийг З.Энхтөр, дунд ангид дуу хөгжмийн хичээлийг МУСТА Л.Отгонцэцэг зэрэг алдар гавьяатай, мундаг багш нар заадаг байжээ. Энэхүү эрдэмтэн багш нар сурагчдадаа хүн хүнээ хайрлах, хариуцлага хүлээдэг байх, цагийн юмыг цагт нь амжуулдаг байх зэрэг ёс суртахууны мөн чанарыг сургасан аж. Мөн нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлэх, бусдад туслах зорилгоор байнга л сайн үйлсийн аян зохион байгуулж байсан ангийнхан одоо салбар салбартаа гялалзаж явна. Тухайлбал, Нийслэлийн тээврийн цагдаагийн албанд, дуучин, Төрийн ордонд мэргэжилтэн, хувиараа бизнес эрхэлж байгаа бизнесмэн гээд залуучууд энэ л ангиас төрөн гарчээ. Мөн Ж.Амартөр нь байгууллагуудын арга хэмжээг зуучилж өгдөг вэб сайтыг ажиллуулдаг байна.

Дашрамд сонирхуулахад, AMC нэрээр олонд танигдсан дуучин Г.Энх-Амар энэ ангийг төгсөж байсан юм. Мөн тус ангийн н.Тэлмүүн-Санаа нь Азийн фитнесс модель агентлагийн аварга гээд дурдаад байвал маш олон авьяаслаг залуучууд энэ л ангиас төрсөн байна.

Техник технологи улам хөгжсөөр урьдын адил төгсөөд л холбоогүй болдог үе хэдийнэ өнгөрч. Одоо тэд фэйсбүүк, инстаграм зэргээр байнга холбоотой байдаг. Цаг гарган уулзаж тухайн үеийн ангийн хөгтэй дурсамжаа ярьж, чөлөөт цагаараа зааланд тоглох, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг хэмээн арван жилийн дурсамжаа сэтгэл догдлон ярьсан юм. Мөн 2022 онд ангийнхаа 10 жилийн уулзалтаар анги удирдсан багш Ц.Туул, Б.Эрдэнэчулуун нартайгаа нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж хуучны сайхан дурсамжаа ярьцгаая” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Хүн бүрийн сэтгэлд нэг л уяатай байх бага насны эгэлхэн дурсамж, санаанд оромгүй үйл явдлаар арвин нэг ангийхны сэтгэл хөдөлгөсөн дурсамжаар ийнхүү аяллаа.

Д.ОТГОНТУЯА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу

Засгийн газар энэ сарын эхээр 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Энэ удаагийн төсвийн төсөл анхаарал татах олон өнцөгтэй байгааг сэтгүүлчид онцолж, энэ сэдвийг тойрч мөндөр шиг шаагьцгаан “Тэр өөрийнхөө аймаг, тойрогт олон тэрбумыг тавиулчихлаа”, “Манай тойрогт юм өгсөнгүй”, “Тэнд бага хөрөнгө төсөвлөчихлөө. Уг нь ихийг төсөвлүүлэх ёстой байсан. Энэ мэдээллийг олонд түгээгээд хүний анхааралд өртүүлээд өгөөч” гэх хүмүүсийн захиалгаар яг хэлснийг нь давтан ярьж, бичицгээж нулимс асгаруулан гүйж, ирэх оны төсвийн төлөө орилолдоод явж байна. Тэгвэл сэтгүүлч та бүхэн төсөв хэлэлцэж байгаа эрх мэдэлтнүүдээс “Бидэнд төсвөөс юу өгсөн бэ. Юу өгөх гэж байна” гэж асуув уу. Ингэж асууж байгаа ганц ч болов сэтгүүлч байна уу.

Монголд хэвлэл мэдээллийн салбарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Төрийн дэмжлэггүй бол явахгүй шүү. Сонины салбарт гэхэд цаас, шуудангийн зардал бол хувийн хэвшлүүдийн хувьд дааж давшгүй өндөр даваа болдог. Тогтмол, өдөр тутам гардаг энэ зардлуудад сонинууд ямар их туйлддаг гэж санана. Төр сонины цаас, шуудан хүргэлтийн зардлыг нь хариуцаад явчихад болохгүй зүйл байхгүй. Үүнээс гадна төрийн байгууллагууд тендер зарлуулах, үйл ажиллагаагаа сурталчлахдаа сонинтой хамтарч байх нь энэ салбарыг дэмжих том алхам болно. Телевизийн салбарт ч мөн дахин дамжуулах станц, телевизийн нэвтрүүлгээ улс орон даяар цацахад сүлжээний асуудал хүнд тусдаг учир төрийн дэмжлэг хэрэг болдог. Төр нь хэвлэл мэдээллийн салбарт бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг, туслалцаа үзүүлсний үндсэн дээр л Монгол Улсад хэвлэл мэдээлэл оршин тогтноно. Яагаад энэ салбарт төрийн дэмжлэг шаардлагатай вэ гэхээр монголчуудын ихэнх нь ядуу. Ядуу учраас хэвлэл мэдээллийн үйлчилгээг тарифт үнээр нь авч чаддаггүй. Хоёрдугаарт, манай улс хүн ам цөөтэй. Дэлхийн газар нутгийн 10 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээний өргөн уудам газар нутагтай. Ийм өргөн уудам талыг шуудан холбоогоор туулан сонин хэвлэл хүргэх, телевизүүд дахин дамжуулалт хийхэд яалт ч үгүй өндөр зардал гаргадаг.

Сонин, тогтмол хэвлэлүүд шуудангаар олон мянган километр замыг туулан очихоос өөр аргагүй. Телевиз сансрын дахин дамжуулалтын тусламжтайгаар хөдөө хязгаарт нэвтрүүлгээ цацахаас өөр сонголтгүй. Хэвлэл мэдээллийн голлох байгууллагууд ард иргэддээ мэдээлэл хүргэхийн тулд энэ мэт маш хүнд ачааг төдийгөөс өдий хүртэл нуруундаа үүрч ирлээ. Хэрвээ энэ болгоны төлбөрийг төр төсөвтөө шингээж хэвлэл мэдээллийн салбарт тогтмол төсөв суулгаад хэвшчихвэл иргэдийн хувьд бодит мэдээлэл цаг алдалгүй авах боломж нээлттэй болно.

Заримдаа гэлтгүй ер нь ихэнх бизнест төр тодорхой хэмжээгээр оролцож баймаар харагддаг юм. Монголын бизнес гуравхан хоногийн настай. Дорхноо дампуурдаг, эсвэл хөгждөггүй. Төр оролцоод л зөв зохицуулалт хийгээд замыг нь чиглүүлээд өгчихвөл урагшаа явчихмаар ажил олон бий. Хүн болгоны мэдэх нэг жишээ байна л даа. Атарын гуанзыг баруун тийшээ явдаг машинтай хүн болгон мэднэ. Зах зээл эхлэхэд 30 жилийн өмнө тэр хавьд хоолны гэрүүдийн үйл ажиллагаа эхэлж байлаа. Одоо яг тэр хэвээрээ. Ерөөсөө хөгжөөгүй. 30 жилийн өмнө хэдэн том хар гэрүүд бариад эхэлсэн. Өнөөдөр бахь байдгаараа. Жинхэнэдээ тэнд хүн буугаад бие засаж, хоол идэхийн аргагүй. Монголчууд тулдаа л иддэг байх. Зун нь ялаа язганаж, өт буцалсан ил жорлонтой, өвөл нь тэр жорлонгийнх нь ялгадас овоороод дээр нь сууж боломгүй. Зөөврийн устай болохоор усаа хэмнээд өдөржингөө устай ганцхан түмпэнд аяга, тавгаа зайлаад л хүнд хоол хийж өгдөг. Ийм газрыг хөгжиж байна гэх үү. Зүй нь энд төр оролцох ёстой байсан юм. Гуанзны тоонд хязгаар тавих юм уу эсвэл газар дээр нь барилга байшин барьж өгөөд үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хамтарч ажиллая гэсэн бол өнөөдөр дүр зураг өөр байх байсан. Ийм төрийн зохицуулалт тэнд хэрэгтэй л байж дээ гэж одоо харагддаг шүү. Үүн шиг хэвлэл мэдээллийн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй. Гайгүй бичдэг болгон нь хэвлэл мэдээллийн компани байгуулаад гараад явснаас угаас хүрээ багатай байсан зах зээлийг олон жижиг хэсэг болгож тарамдуулаад хаячихсан. Бүгд хоосон ядуу болохоор хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дархлаагүй болж ямар ч захиалагчийн өмнө өвдөг сөхөрч, хэн дуртай мөнгөтэй хүний бөгсний алчуур болж хувирчихсан юм. Тэгэхгүй гээд ч яах юм. Ийм эдийн засагтай үед турж үхэлтэй биш. Нөхцөл байдал нь ийм байхад ямагт бусдын төлөө өөрсдийгөө умартан гүйдэг, төсвийн асуудлыг тойроод мөндөр шиг шаагьж байгаа сэтгүүлчид минь ганц ч удаа болов өөрсдөдөө зориулж төрөөсөө мөнгө нэхээч ээ.

Түрүүчээсээ төсвөө тануулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд задрахад ойртоод байна. МҮОНРТВ-ийн төсвийг хассанаас дотор нь ажилладаг сэтгүүлч, уран бүтээлчид, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж тухайн телевиз бут үсрээд байхгүй болох гэж байна шүү дээ. Иддэг хоол нь багасчихсан болохоор үлдсэн хоолон дээрээ алаан болж байгааг бүгд харж байгаа.

Сэтгүүлчид бид хэдий болтол өөрсдийн салбараа орхигдуулах ёстой юм бэ. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, энэ салбарт харьяалагддаг хүн бүр УИХ-ын гишүүд болоод холбогдох хүмүүст нь нөлөөлж, хүчтэй лобби хийж, шахалт үзүүлэх хэрэгтэй байна.

Жил бүр хэвлэл мэдээллийн салбарт улсын төсвөөс мөнгө суулгуулдаг болох хэрэгтэй. Өнгөрсөн жил манай сонин мөн энэ сэдвийг хөндөж, сэтгүүлчдийг уриалж байсныг санаж байгаа байх. Урьдчилсан таамгаар ирэх жилийн төсөвт хэвлэл мэдээллийн салбарт юм тавих шинжгүй болоод байна шүү. МҮОНРТВ-ийн төсвийг хассан гэхээр юм төсөвлөхгүй байж мэдэх нь. Тиймээс сэтгүүлчид ганц ч удаа болов салбарынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, салбартаа мөнгө хуваарилуул. Энэ бүгдийг сэтгүүлч бүр дор бүрнээ бодож, нэгийг эрэгцүүлээрэй. Ингэхэд бидэнд төсвөөс юу өгдөг билээ, сэтгүүлчид ээ?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сонгуулиа өгөхгүй байх нь дарангуйллын гарт толгойгоо тавьж өгч буй хэрэг” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Энэ удаанийг томилолтоор газар тариалангын бүс нутгаар манай сэтгүүлч яваад ирлээ “Жаргалант сумынхан төмсөө хөлдөөж, ургац алдахад хавтгайрсан халамж буруутай гэв”

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. Тэрээр “Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилдог болох нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг бууруулж байгаа хэрэг” хэмээлээ.

Үнэдэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг “Шулуухан хэлэхэд, мэдээллийн агентлаг бол тухайн улсын тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэг байдаг юм шүү дээ” гэлээ.

Хууль зүйн ухааны доктор, дэд пропессор П.Амаржаргалтай ярилцлаа. Ярилцлагыг хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Сонгуулиа өгөхгүй байх нь дарангуйллын гарт толгойгоо тавьж өгч буй хэрэг” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. Тэрбээр “Төсөв том дарга нарын сонгуульд дахин сонгогдох, нутагтаа нэр хүндтэй болох хэрэгсэл байж болохгүй” хэмээлээ.

“Шилдэг зохицуулагч 2020” ур чадварын тэмцээн 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд С.Пүрэв ахлагчтай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тэргүүлсэн юм. Тэргүүлсэн багийн гишүүн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Гантулгатай ярилцлаа.

Малайзад монгол эмэгтэй амиа алдсан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. С.Шаарийбуу гуай саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалга гаргасан юм. Тэрээр “Малайзад асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж

Хөдөлгөөн

Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.

Өөх тостой хоолноос татгалз

Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалз. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.

Тамхи татахаа зогсооТамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дууриаж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.

Стрессийг багасгаӨдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ барьж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.

Бохирдлоос өөрийгөө хамгаалХэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.

Суудлын бүсээ зүүСтатистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.

Утсаар шүдээ чигчилСаяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.

Хэтрүүлж уухаа зогсооӨдөрт нэг хундага дарс юм уу, архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.

Оюун ухаандаа эерэг энергитэй байх

Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Ирэх сард тусгай үүргийн 10 нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ирэх сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг гаргажээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан удаа БНСУ руу үйлдэнэ. Мөн европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт руу нэг удаа нислэг хийнэ.

Түүнчлэн Япон улсад оршин суух зөвшөөрлөө авсан иргэдийг шат дараатай хүргэх зорилгоор Токио руу хот руу хоёр удаа, Казахстан улсад байгаа иргэдийг эх оронд нь авчрахаар нэг удаа нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан. Өнгөрсөн хугацаанд 98 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 19,519 иргэнийг эх оронд нь авчирсан” гэлээ.

Хил хаагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас хойш 26,100 иргэнийг авто замаар болон агаарын замаар авчраад байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ

УОК-ын ээлжит хуралдаанаар агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана.

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гарагт болно.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварт цар тахлын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хааж, гадны зорчигчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдээс коронавирусийн халдварын 339 тохиолдол илэрч, 27 нь эмчлэгдэж байгаа юм.