Categories
мэдээ нийгэм

“1000 инженер-ажлын байр 2020” өдөрлөг болно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор “1000 инженер-ажлын байр 2020” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж 2020 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 23, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцох юм. Япон Улсад суралцсан төгсөгчдийн хувьд Барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн байна.

Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Японы Улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох боломжтой байдаг.

Өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд /20 гаруй/ оролцож төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, сонгон хамтран ажиллах боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү өдөрлөгийг дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, өндөр хөгжилтэй оронд сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулах гэж байгаа бөгөөд төслийн хүрээнд суралцаж төгссөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлогтой гэж үзэж байна.

Тус өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Асуудал шийдэл” сэдэвт харааны бэрхшээлтэй залуусын хэлэлцүүлэг боллоо

Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор “АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын хэлэлцүүлэг болж байна. “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-аас зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-гишүүн Ч.Ундрам, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, Т.Доржханд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, харааны бэрхшээлтэй залуусын төлөөлөл оролцож байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр боловсролын хүртээмж сэдвийн хүрээнд “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй залууст боловсрол эзэмшүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Боловсрол эзэмшихэд харааны бэрхшээлтэй залууст тулгамдаж буй асуудал”, Хөдөлмөр эрхлэлтийн хүртээмж сэдвийн хүрээнд “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэх аж.

Монгол Улсын хэмжээнд 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 30 хувь нь 18-30 насны хөдөлмөрийн насны иргэн юм. Эдгээр иргэдэд сурах, хөдөлмөрлөх тэгш боломж олгох нь төрийн бодлогын цөм байх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй талууд хэллээ. Бодит байдал дээр өнөөг хүртэл харааны бэрхшээлтэй иргэдэд сурах бичиг хүрэлцээгүй, шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ эдэлж чаддаггүй хүндрэлүүд бий.

Ч.Ундрам тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх иргэдийн сурч боловсроход шаардлагатай сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг бий болгох санхүүгийн эх үүсвэрийг 2021 оны төсөвт суулгах, хөдөлмөрлөх эрхийг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Шаарийбуу: Малайзад асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм


С.Шаарийбуу гуай саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалга гаргасан юм. Малайзад монгол эмэгтэй амиа алдсан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Харин эцгийн зориг мохсонгүй, тэмцэл дууссангүй. Энэ талаар ярилцахаар түүний ажилладаг МУИС-ийн гуравдугаар байрыг зорин очлоо. С.Шаарийбуу докторын суугаа “Авай” студид ороход нэгэн шавь нь түүнд Австралиас ирсэн и-мэйлийг орчуулж өгч байв. “Таны шүүх хурлын мэдээллийг харж явдаг. Элэнц өвөө маань монгол хүн байсан” хэмээн түүнд бичжээ.

-Саяхан та уриалга гаргасан байна лээ?

-10 дугаар сарын 19 Рамадан сарын мацаг тайлдаг баярын өдөр боловч монгол хүнээр цуст аллага хийсэн нүгэл болсон. Багинда тэр өдрөө энэ хэргийг зохион байгуулсан байдаг. Энэ өдөр нь би дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Би энэ өдөр дэлхийн бүх шударга хүмүүст хандаж, уриалга гаргасан юм. Түүндээ энэ хэргийн шүүх хурал дуусахгүй 15 жил болж байна. Малайзын Засгийн газар, шүүх нь Монголын ард түмнээс уучлалт гуйх болоогүй юм уу.

Зөвхөн Монгол, Малайз ч биш, дэлхийн хүмүүс энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж, ажиглаж ирлээ. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхээр санал хүсэлт илгээж, шахалт үзүүлээч” гэсэн юм.

Малайзыг зорьж очсон эмэгтэйчүүдэд одоо ч халтай байна. Онцгой, тусгай ажлаар хурал, зөвлөгөөнд л очоогүй бол Малайзын хилээр орлоо л бол аль хэдийнээ худалдагдсан байдаг.

Хилээр орохоор компьютерт нэрийг нь бичдэг юм. Нэрийг нь ч бичихгүй, зөвхөн тамга дараад өгдөг. Таксинд суугаад явахаар нь нэг хүн араас нь дагаж очоод буудалд буухаар нь буудлын эзэнтэй тохирч, виз дууссан өдөр нь баривчилдаг.

Паспортыг нь шалгаад “Та Малайзын хилээр хууль бусаар орж ирсэн байна” гэдэг. Таны бүртгэл хилээр орж ирсэн тэмдэглэлд алга байна гэдэг. Хил дээр байгаа, бүртгэл хийж байгаа хүмүүс мафийн сүлжээнд орсон байдаг. Монголчуудыг цуглуулдаг жижиг газар байна. Тэнд зуу, зуугаараа байна шүү дээ. Энэ асуудлыг хэлээд ойлгохгүй, анхаарахгүй байна.

-Малайзад бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болсон хүмүүсийн ар гэрийнхэн танд хандаж зөвлөгөө авдаг гэсэн үү?

-Биеийг нь үнэлүүлдэг, хар тамхины хэрэгт унагадаг, шоронд тусгаарлах байранд аваачиж, мөнгө нэхдэг. Ийм гурван аргаар монголчуудыг мөлжиж байна. Тэнд очсон асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм. Намар есөн хүн шоронд байсан. Есүүлээ саяхан нэг юм ирсэн.

Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ирэв үү дээ. Яах вэ гэж надад ханддаг юм. Манайхан ямар нэг асуудал болоход хаашаа хандахаа ч мэддэггүй. Энэ чинь эзэнгүй орон шүү дээ. Элчин, консул байхгүй. Олон монголчууд Малайзаар явах дуртай. Өргөмжит консул гэж хүн байна аа. Малайзын иргэн учраас манайд үйлчлэх үү, Малайздаа үйлчлэх үү. Тэгээд л эзэнгүйдчихдэг юм.

Малайзын өргөмжит консулын утас шөрмөсийг мэддэг учраас харьцана. Консулын газар нөгөө улсуудыг аваачиж уулзуулна, өргөдөл бичүүлнэ. Тайланд руу ярина. Тэндээс өргөмжит консултайгаа холбогдоно. Ингээд л дуусашгүй гурвалжин, дөрвөлжин юм өргөмжит консул нь монгол авгайтай хүн байдаг. Авгай нь монголчуудтайгаа ажилладаг.

-15 жил гэдэг их хугацаа. Та үхтэл үр харам гэж үр хүүхдийнхээ төлөө тэмцсэн ч монгол хүн яаж нэхэл хатуутай тэмцдэг юм бэ гэдгийг дэлхийн хүмүүст харуулсан. Малайзчууд таны тэмцлийг яаж хүлээж авч байх юм бэ. Танд яаж мэдрэгдэж байв?

-Ийм л юм байгаа юм. Энэ хэргийг захиалсан гэж яригдаад байгаа, маш олон жил Малайзын ерөнхий сайдаар ажилласан Нажиб Разак гэдэг хүн улсын хөрөнгийг авгайтайгаа нийлж идсэнийхээ төлөө 12 жилийн ял аваад шоронд байгаа.

Захиалагч нь, үүрэг өгсөн хүн нь төрийн эрхэнд байсан учраас энэ хэрэг шийдэгдээгүй 12жилболсон юм. 2018 онд сөрег хүчин нь төрийн эрхэнд гарч, хэргийг дахин шинээр нээсэн. Одоо шийднэ гэж надад амласан боловч тэр үед уулзсан Ерөнхий сайд нь хоёр жилийн дараа бас өөрчлөгдсөн.

Малайзын ерөнхий сайдын урилгаар, би очижуулзсан юм шүү дээ. Ийм хэрэг явдал болсон, ингээд яваагүй юм байна уучлаарай. Одоо би энэ хэргийг архиваас гаргаад, прокурортоо хүлээлгэж өгнө гээд прокуророо хажуудаа суулгаж байгаад өгч байсан юм. Одоо хоёр, гурван жил өнгөрч байна. Тийм л юм байгаа юм.

Гэтэл одоо ковидоор шалтаглаад, нөгөөтэйгүүр аллага үйлдсэн хоёр офицерын нэг нутагтаа шоронд байдаг. Нөгөө нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. Шүүх хурал дээр хоёуланг нь дуудах ёстой. Австрали нөгөөдөхийг нь өгдөггүй. Би Монголд байгаа Австралийн Элчин сайдад шахаж шаардсан захидал хүргүүлнэ.

Та бүхэн яагаад энэ хэрэгт санаа зовохгүй, анхаарал хандуулахгүй байна вэ гэж бичнэ. Хугацаа заана. Энэ асуудлыг ярихгүй бол би Австралийн Элчин сайдын яамны гадна хүний эрхийн суулт зарлана. Манай төр засаг, Гадаад харилцааны яам энэ хэрэгт анхаарал хандуулахгүй байна. Тэр хоёр офицерийн нэг Сирул гэж нехөр гараад тав зургаан жил болж байгаа.

Австралид Монголын Элчин сайд бий. Тэр юу хийж байдаг юм. Өчнөөн жил өнгөрөөд байхад яагаад үүнд анхаарал хандуулахггүй байна вэ. Австралид Малайзын Элчин сайдын яам бий. Уулзаж өгөөч гэж олон жилийн өмнө гуйсан.

Малайз хүнээ авъя гэдэггүй. Австрали тэрийг нь өгье гэдэггүй. Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажлаа хийх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна.

-Юутай ч Малайзын хүлээж авч уулзсан юм байна. Монголд ийм албан тушаалтан тантай уулзсан уу?

-Еренхийлөгч Х.Баттулга анх удаа Малайзын талд хандаж, захидал бичсэн. 2019 оны арванхоёрдугаар сард Г.Занданшатар дарга Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын хүний эрхийн чуулганд оролцохдоо Малайзын парламентын дэд даргатай уулзаж, ганцхан асуудал тавьсан. Монгол иргэний асуудлыг шийдэж өгеөч гэсэн юм.

Парламентын хамтарсан ажлын комисс байгуулъя гэсэн. Шахаж шаардахгүй бол төр дургүй юмаа хийдэггүй шүү дээ. Сонгуулийн емнө тавдугаар сард бичиг явуулсан. Гадаад харилцааны яамаар дамжуулаад, Тайландад сууж байгаа Элчин сайд, Австралид сууж байгаа Элчин сайд ажлаа хийх ёстой. Яах вэ, Тайландад байгаа Элчин сайд нь хааяа нэг очдог юм. Шүүх үйл ажиллагаанд тэр хойно сууна.

Манай ХЭҮК хэлдэг ярьдаг, захидал бичдэг. Хамгийн хүчтэй шахалт үзүүлж чадах хүч нь төр засаг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намайг хүлээж аваач гэж гуйсан. Одоохондоо чимээгүй л байна. Малайзад очсон монголчууд хохирсоор байна. Г.Занданшатар даргад өргөдөл өгсөн байгаа. Малайзад визгүй зорчдог асуудлыг УИХ-аар цуцлуулж өгөөч гэж хүссэн.

Би Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархаж явдаг. Малайзын тап хариуг нь ирүүлээгүй биз дээ. Ирүүлээд ажил нь явж байдаг бол сайн л байна.

Ардчиллын 30 жилийн ойн баримтат киног би өнгөрсөн өвөл хийсэн юм. Намайг хийж өгөөч гэж гуйсан юм. Том кино хийж өгсөн. Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байхад намайг “Шаардлагатай бол ороод ирээрэй” гэсэн. Гэхдээ үүдэнд нь байдаг улсууд оруулах хүнээ оруулдаг, оруулахгүй хүнээ оруулдаггүй юм билээ.

Гадаадад эрсдэлд орсон монголчуудын эрхийг хамгаалдаг байгууллага байхгүй. Тэнд монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртлөө. Нөгөө хоёрыг нь Монгол руу явуулаад, хэрэгтнийг нь суллачихсан. Муусайн монголчуудыг хэд хэдээр нь хүчирхийлдэг сайн цагдаа байна гээд гаргачихсан. Ийм хэргийг зарим оронд бараг цаазаар авч байгаа биз дээ.

Гэтэл хохирол гэж бас бий. Хохирлыг нь барагдуулахаар явдаг байгууллага байхгүй. Өвдөх нь өвдөөд, зодуулах нь зодуулаад, алуулаад, эд эрхтэн, сэтгэл санаа бүх юмаараа хохироод өнгөрдөг.

Араас нь явдаг байгууллага байхгүй учраас би төрийн бус байгууллага байгуулж хүмүүсээс гадна гадаадад амьдарч байгаа улсуудын үр хүүхэд нь түүхээ, хэлээ мэдэхгүй байна. Энд үлдсэн тавиул хүүхдүүдийн эрх, болж байгаа болохгүй байгаа нь мэдэгдэхгүй байна. Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй.

Сая тэр шоронд байсан хэдэн хүнийг авчрах гэж зөндөе юм болсон. Ар гэр нь асуудалтай, мөнгө босгох гэж их ажил болсон доо. Бүгдийг нь хүний эрхийн терийн бус байгууллагын зардлаар авчирсан шүү дээ.

-Та ном бичиж байгаа гэсэн үү?

-Би ном бичиж дууссан. Түүнийгээангли руу орчуулаад, дэлхийн улс орнуудад тараана. Юу хүлээгээд байна гэхээр хэрэг үйлдсэн хоёр цагдаагийн нэг нь “Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа.

“Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэггэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаал гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. Тэр шүүх хурал нь арванхоёрдугаар сарын 21-нд болно.

Түүнийг хүлээж байна. Энэ хурлаас өмнө Австралид-байгаа нөхөр очиж мэдүүлэг егдөг юм уу, байгаа газар нь очиж мэдүүлэг авдаг юм уу. Мэдүүлэг авах ёстой шүү дээ. Би үйлээ үзлээ. Англи Саксоны хууль зовлонтой. Манайд бол эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй нь хамтад шийдээд, алх цохиод тэгсүгүй гэдэг. Англи Саксоны хууль эрүү, иргэний хэрэг тусдаа учраас эрүүгийн хэрэгт авагдсан материалыг иргэний хэрэгт авч хэрэглэхгүй гэдэг.

Монголоос дахиад бүх гэрчүүдээ мөнгө, тегрегийгнь телж, дагуулж очиж, мэдүүлэг өгсөн, 2019 онд. Зарим нь гадаадад, зарим нь Монголд байна. Тэдний буудлын мөнгө, замын зардал дийлдэхгүй юм болно би л төлнө.

Дараа нь Малайзад энэ хэрэгт ямар нэг байдлаар мэдүүлэг өгөх ёстой 54 хүний мөнгийг нь би бас төлсөн шүү дээ. Би өөр хотоос ирнэ, би өөр орноос очно гэнэ. Буудалд бууна, аль эсвэл өдрийнхөө ажлын хөлсийг нэхдэг. Хоолныхоо мөнгийг нэхнэ. Дараа нь шүүгчийн зардал төлсөн.

-Шүүгчийн хөлсийг хүртэл хохирогч тал нь төлдөг юм уу?

-Одоо бол иргэний нэхэмжлэл явж байгаа шүү дээ. Эрүүгийн шүүх хурал болоод цаазын ялыг нь оноосон. Одоо Нажибыг шүүгээд, яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй шүү дээ. Анхны сонсгол гэж байгаа юм, урдчилсан байцаалтыг хүлээж байна.

Иргэний нэхэмжлэл тусдаа явдаг ёстой. Хохироосон уу хохироосон, устгасан уу устгасан. Үлдсэн улсууд нь нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Шүүх хурал нь тусдаа болдог болохоорхэргийгшүүж байгаа шүүгчийн зардлыг би төлдөг юм.

-Таны зардал ч талийж өгчээ?

-Тийм шүү дээ. Би хамгийн сүүлчийнхээ зүүг зарсан. Хамгийн сүүлд сэвтэй зүүгээ зарна гэдэг. Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна. Надаар яах ч юм билээ дээ.

Ийм байдалд л байгаа.

-Холливуудынхан танд кино хийх санал тавьсан гэсэн үү?

-Яг кинонд гардаг шиг үйл явдал бодит амьдрал дээр болсон шүү дээ. Энэ үйл явдлаас сэдэвлээд, баримтат, уран сайхны кино хийе гэсэн санал ирсэн юм. Түүнийг нь хөецөлддөг сэтгэлтэй УИХ-ын гишүүн ч байдаг юм. Тэгье гэсэн.

-Таныг үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн эцэг хүн гэдгээр чинь л хүмүүс мэддэг. Гэтэл С.Шаарийбуу гэдэг хүний ажил, амьдрал тусдаа. Та ажлынхаа тухай ярьж өгөөч. Таныг гавьяат багшид олон удаа тодорхойлж байсан гэж сонссон?

-Би гурван том хэрэг хийсэн хүн дээ.

Нэгд бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багш хийж байна. Одоо ч би энэ ажлаа хийгээд сууж байна.

Хоёрт, сүүлийн 20 гаруй жилд 80 гаруй баримтат кино хийсэн. Б.Ринчин, С.Лувсандондов гуай, Х.Пэрлэй гээд Монголын бүх академичдын тухай 100 жилийн ойн кино хийсэн. Кино, гэрэл зургийн архивт би өөрийн архив нээж байгаа, зээ хүүтэйгээ хамт. Талийгаачийн хүүтэй хамт архив нээсэн юм. Оюу толгойг ухаад дуусна. Оюуны бүтээл мөнхөд үлдэнэ.

Гурав дахь миний хийсэн хэрэг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би төрийн есөн хөлт цагаан сүлдийг хийсэн хүн. Яг энэ өрөөндөө сууж байгаад Бурхан халдунаас иш хийх модыг нь авчраад, оонын хүзүүгээр ороогоод, ордон дотор аваачиж байрлуулсан. Надад учирсан маш ховор тохиолдол.

-С.Шаарийбуу гэдэг ямар учиртай нэр юм бол доо?

-Шаарийбуу гэдэг ховор нэр. Бурхан багш хоёр шавьтай. Нэгийг нь Шаарийбуу, нөгөөг нь Монголжийбуу гэдэг юм. Дүнчүүр маань хөгжөөхөд шаарийбуу гээд уншдаг биз дээ. Миний нэр олон номонд ордог үг юм байна л даа. Бидний шүтдэг түвд номонд баахан ереөл яваад хэсэг нэр хэлдэг. Түүгээр нэр өгсөн хэрэг.

Манай ах дүү нарт надаас бусдад нь Юра, Шура гээд социализмын үеийн орос нэр өгсөн байдаг. Ганцхан надад Шаарийбуу гэж нэр өгсөн. Миний аав лам хүн байсан юм. Нүүдлийн үеэр би санамсаргүй хээр мэндэлсэн гэдэг. Намар ээж маань амаржихаар өвдөөд нүүж яваад, хээр буудаллаж. Бороо орох гээд байдаг. “Чи араг түшээд байж бай, би борооноос өмнө араг аргал түүгээд ирье” гэж.

Авгай нь амаржиж байдаг. Бороо орчихвол түлээ ч үгүй болно. Хөдөө бороо их орохоор түлээгүй, хуурай хувцасгүй болчихдог юм. Тэр хооронд тогоон дээрээ сүү хийгээд, галдаа аргал хийгээд гараад явчихаж л дээ.

Монгол эмэгтэй хүн хоёр юманд уулга алддаг гэдэг. Үнээ, тугал нийлэх, тогоотой сүү, цай нь дэврэхэд уулга алдаж, шанагаа барьж босдог. Өвдөөд сууж байхад нь тогоотой цай нь дэврэхээр уулга алдаад, шур хийгээд босохдоо намайг унагачихгүй юу. Дэвэрсэн сүүн дээр нь би унасан гэдэг. Тэгээд намайг манай аав сүүнд угаачихсан юм. Манай нутгийнхан намайг “Сүүний шар” гэдэг байлаа. Намайг очиход сүү л хувааж уугаад байдаг.

Би тийм учиртай хүн л дээ. Адал явдал, амьдралын сайн муу элдвийн юм болж байдаг.

Намайг гавьяат багшид олон удаа тодорхойлсон, өгдөггүй юм. Ийм асуудалтай болохоор нь ичээд өгдөггүй юм уу. МУИС-д манж хэлний Я.Шаарийбуу гэж хүн байсан юм. 100 нас хүрэхэд нь би тэр хүний тухай кино хийж өглөө.

Хөлөнбуйр сумыг нүүлгэж ирсэн барга хүн шүү дээ. Японы эзэн хааны цэрэгт явж байсан өмнөд монгол хүн. Тэр хүнд 100 насны ойгоор нь гавьяат багш өгсөн юм. Тэр үед нь ордонд зургийг нь аваад, тэргэнцэр дээр би түрж явсан юм. 100 настай хүнийг мэдэхгүй намайг гэж ойлгоод, шавь нар маань үүдэнд цэцэг бариад зогсож байж билээ. Тэгээд би амны билгээс ашдын билэг гээд өнгөрсөн л дөө.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тэргүүний есөн өрхийг шалгарууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

2020 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе.

Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:

  • Дагвадорж Аюур Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо
  • Самбуу овогтой Мөнхбаяр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо
  • Намсрай овогтой Мөнхбаяр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
  • Хүүжий овогтой Төмөрбаатар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо
  • Дугар овогтой Бямбаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо
  • Дэмид овогтой Хишигт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо
  • Дамдинжав овогтой Энх-Отгон Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо
  • Цэрэнтогтох овогтой Төрхүү Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
  • Жалцан овогтой Дандар Баянгол дүүргийн 20 дугаар хороо
Categories
мэдээ нийгэм

Малын эрүүл мэндийн мөшгөх системийг нэвтрүүлж байна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт”, малын эрүүл мэнд төсөл манай улсын махны экспортын боловсруулалт, үйлдвэрлэлийн чадавхийг сайжруулах зорилготой хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн, вэб дээр суурилсан Малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-тай хамтран 2017 онд Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумдад туршиж эхлэн, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд 2019 оны 11, 12 дугаар сард зохион байгуулж ирэв.

Энэхүү систем нь малчид, малын эмч нарын хамтран мал эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, малын шилжилт хөдөлгөөн зэрэг тухайн малын төрсөн үеэс хойших түүхийг илэрхийлэх үнэн зөв, баталгаатай мэдээллийг бүртгэн авч худалдан авагч, хэрэглэгчдэд дэлгэн харуулах боломжийг олгодог. Энэ нь малын өвчний гаралт, тархалтыг тодорхойлох зорилгоор хийж байгаа тархвар зүйн тандалт судалгааг боловсронгүй болгох үйл ажиллагаа юм.

Үүний зэрэгцээгээр МЭЕГ дээр цугларсан улсын хэмжээний мэдээллийн сан дээр тулгуурлан худалдааны хорио цээрт халдварт өвчингүй бүсийг тогтоон баталгаажуулах, малчны хотонд хүргэж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хянах боломжийг олгож байгаа юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуульд нийцүүлэн боловсруулсан энэхүү систем нэвтэрснээр бэлтгэн нийлүүлэлтийн хэлхээний бүхий л шатны үйл ажиллагаанд эрс өөрчлөлт орж байгаа бөгөөд дундын зуучлагчид болон сумдаас цуглуулсан гарал үүсэл тодорхойгүй, мал эмнэлгийн гэрчилгээгүй мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээл рүү нэвтрүүлэх боломжгүй болж байна. Энэхүү санаачилгын хүрээнд “Дижитал Медик” ХХК гар утасны аппликейшн зохион бүтээж, мах худалдан авч буй хэрэглэгч нарт малын гарал үүсэл, эрүүл мэндийн талаархи мэдээллийг харуулж байна. Худалдан авагч утасныхаа бар код унших үйлдлийг ашиглан махны баглаа боодол дээрх кодыг уншуулаад тухайн махыг бэлтгэсэн малын гарал үүсэл, эрүүл мэндийн мэдээлэл, улмаар малчин, боловсруулах үйлдвэрийн талаархи мэдээллийг үзэх боломжтой юм.

Зөвхөн мал эмнэлгийн байгууллагад төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт зөв хүргэх зорилгоор бүтээн нэвтрүүлж буй энэхүү системийн үр өгөөжийг илүү олон хүнд хүртээхийн тулд хувийн бизнесийн салбарын үйл ажиллагаатай холбох талаар төслийнхөн анхаарч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэгнээс 100 хувь хөнгөлнө

Нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэгнээс 100 хувиар хөнгөлнө.

Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих нэг алхам юм.

Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хугацаанд үдшийн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Асашёрюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс чөлөөлөгджээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга асан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Асашорюү Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.

Тэрбээр 2017 онд дээрх албан үүргийг хүлээн авч, спорт, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын харилцааг бэхжүүлэхэдгар бие оролцож байсан юм.

Д.Дагвадорж өөрийн цахим хуудасдаа энэ тухай бичихдээ “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна. ЕТГ-ын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж байна. Энэ үеэр тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй эсвэл үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Мөн тэрбээр цагдаагийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирсон тохиолдолд тэднийг хамгаалах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, техник технологийн тоног төхөөрөмжийг ажилдаа идэвхийлэн ашиглаж нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй гэв.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Төр нь хэзээ ч тагнуулчдаа илчилдэггүй юм, дэлхийн түүхэнд тагнуулын даргаар ажилласан хүн шоронд суусан гэж би сонсоогүй

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Та улстөрчийнхөө хувьд энэ сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Юуны өмнө надаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаарх байр суурийг минь сонирхон асууж байгаад баярлалаа. Би найман жил УИХ-д сонгогдон ажиллаж байсны хувьд улстөрч гэж хэлүүлж болох ч одоо би улс төрийн аливаа нэгэн идэвхтэй үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Тиймээс таны асуултад улстөрч гэхээсээ илүү иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд хариулсан нь зөв байх гэж бодож байна. Сонгуулийн үеэр АН-ын зүгээс ноцтой бичлэг болон гомдол саналуудыг хуулийн байгууллагад олноор гаргаж өгсөн. Гэвч нэг намын хатуу хяналтад байдаг хууль шүүхийн байгууллага нь шийдвэрлэж чадахгүй удаашруулж байгаад сонгуулийг дуусгах шив дээ.

-Гэхдээ та улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч АН-ын аль нэг даргатай ойр байгаа биз дээ?

-Би 1994 онд АН-д элсэж намын гишүүн болсон. 2011 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүстэй нийлж МАХН-ыг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудан зүтгэж, тухайн намыг нэг хүний, гэр бүлийн нам байлгахгүйн төлөө ардчилсан үзэлд суурилсан цоо шинэ гуравдагч хүчнийг үүсгэн байгуулах гэж зүтгээд чадаагүй. Тиймээс Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ дахиж сэргээсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байсан гэдэг утгаараа АН-ын аль нэг дарга гэлтгүй бүх гишүүдтэй ойлголцоод зарим нэг хүмүүстэй нягт харилцаа холбоотой байгаа.

-АН дотроо олон шинэчлэлийн ажил хийсэн гэж байгаа ч нийслэлд томоохон ялагдал хүлээлээ. Одоо АН сэргэн мандахад юу хэрэгтэй вэ?

-Ялагдсан нам учраас хэн дуртай нь юу дуртайгаа ярих бололцоог өөрсдийгөө улстөрч гэж ярьж байгаа тэдгээр хүмүүст олгож байгаа байх.

Би1997 оныг санадаг юм. МАХН сонгуульд ялагдсан. Намын байр нь эзэнгүй. Өөрийгөө МАХН гэж хэлэхээс ичдэг хүмүүс байсан. Нам гэдэг мэдээж үзэл санаанд тулгуурлах нь зөв. Гэхдээ шууд бус боловч зайлшгүй нөлөөлдөг таван хүчин зүйлээс нам оршин тогтнох эсэх нь цаашид хамаардаг. Хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага, санхүү, ард түмний сэтгэлд хоногшсон нэр, лидер буюу удирдлага. Энэ таван зүйлээс хамаарна. МАХН хэцүү байдлаас гарахад М.Энхболд, Н.Энхбаяр тэргүүтэй 40 залуу ахмад үетэйгээ ойлголцон гарч ирсэн. 2016 онд дахин цус сэлбэсэн. Харин АН-ын хувьд өнөөг хүртэл ийм алхам шинэчлэл хийж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө ялалтыг дахин баталгаажуулахын тулд АН-ыг бүрэн хяналтандаа байлгаж, гишүүдийн хэлэх үг, хийх ажлыг заах нь холгүй байгаа энэ үед шинэчлэл ярих зоригтой хүн ер нь байгаа гэж үү.

-Та эхний асуултад цаашид улстөрч байх эсэхээ одоогоор мэдэхгүй байна гэж хариулсан. Таны хувьд харьцангуй залуу хүн. Цаашид улс төрийн карьераа үргэлжлүүлэх байх гэж олон хүн харж байгаа байх?

-Би улс төрд ороод найман жил явлаа. Одоо ард түмэн О.Баасанхүү хэрэггүй гэж байна шүү дээ. Сонголтоо хийлээ. Хэрэггүй гэж байгаа юм бол би хувийнхаа юмыг хийгээд л явна шүү дээ. Хэрэгтэй гэвэл тэгээд цаашаа үргэлжлүүлээд л явна. Бүх сонголтыг ард түмэн л хийнэ. Ард түмэнд өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сумъяабазар нар хэрэгтэй байна. Дэлхий даяар өвчин тараасан гэж Хятадаас нөхөн төлбөр авах ёстой гээд нэгдээд явж байна. Австралиас эхлээд нүүрсээ зарах яах вэ гэж Хятадын өөдөөс дуугарч байхад ганцхан бид л оччихсон 700 саяыг чинь авъя аа, танай дагавар улс шиг байя аа, нүүрсийг минь аваарай, дэлхий ямар хамаатай юм, бид л болж байвал болоо гэсэн маягтай байна. Манай гадаад бодлого ингэж л явж байна. Ийм бодлоготой хүмүүсийг ард түмэн дэмжээд хүсээд байна шүү дээ. Бид нар 300 жил Манжийн дарлалд байсан. Тухайн үед ганц нэгээрээ тэмцэж байсан ч нийт ард түмнээрээ бол тэмцэх сонирхол байгаагүй шүү дээ. Харин Богдыг аваачаад хийчихсэн чинь нийт ард түмнээрээ тэмцсэн. Тэрэн шиг манай монголчууд амьдрал ямархуу байна гэхээр, амьдрал болж байна аа, болж байна гэдэг. Муусайн ардчиллынхан хогийн хүмүүс. Хуучин гоё байж шүү гэж захын хүмүүс ярьж байна. Юу нь гоё байсан юм гэхээр, ажилтай байсан гэдэг. Тэр гоё байсан амьдралыг яаж мэддэг юм гэж асуухаар, би 1980 оных гэдэг. 10-хан настай бацаан байж өмнөх амьдралыг мэдээд байгаарай. Тийм биз. 1970, 1980 оныхон чинь ер нь галзуурчихсан байна лээ ш дээ. Хуучин нийгмийг хүсээд байна гэдэг бол тэжээлгэх сонирхолтой байна гэсэн үг. Ийм байгаа үед улс төр хийх нь утгагүй байхгүй юу. Үүнийг өөрчлөх нэг л алхам байна. Тэр нь юу гэхээр, нэг хүн юу ч хийж чадахгүй. Харин хийж чадах массыг цуглуулж чадна. Тийм учраас би цаашдаа хийж чадах массыг цуглуулъя гээд зориод явж байна. Халтмаагийн Баттулгын хэлсэн үгийг дандаа бодож байна. Мөнгөгүй бол чи эрх мэдэлгүй, эрх чөлөөтэй гэж. Би энэ үгнээс юуг ойлгож авч байгаа вэ гэвэл, мөнгөгүй байсан учраас хурд хүчээ гаргаж чадаагүй. Тухайн үед нэр нь муу байсан хүмүүстэй уулзаж, мөнгө төгрөг олж өгөөч, намын хурал хиймээр байна гэж явсан. Ард түмэн тэр хоёр минутын бичлэгийг сонсоод огиудас нь хүрсэн байх. Би дахиад хэлье. Битгий санаа зов. Бид маш том баг, хүч гаргахаар ажиллана. Тэрийг цаг хугацаа харуулна. Хэрвээ чи ухаантай бол чамаас олон тэнэг хүн байсан ч хамаагүй, ухаантай гэдгээ л батал. Энэ зарчмаар л явах хэрэгтэй. Цаашдын миний карьер гэдэг ойлголт бол би тэр багийг бүрдүүлж чадах уу, тэр яриад байгаа санхүүгийн асуудлаа шийдэж чадах уу, яриад байгаа олон улсын хэмжээнд гаргасан бодлогыг тодорхойлж чадах уу гэдгээс хамаарч явна уу гэхээс хоёр удаа парламентад сонгогдоод ажиллаад үзсэн над шиг хүн Төрийн ордонд орох гээд л гишүүн болох гээд явах миний нэгдүгээр зорилго биш байхгүй юу.

-Одоо асуултаа арай өөр тийш нь чиглүүлье. Танаас хуульч хүний тань хувьд асуух асуултууд байна. Та сүүлийн үеийн олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ. Жишээлбэл, саяхан Жастын Батхүүгийн гэх хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал 13 хоног үргэлжлээд дүнгээ гаргасан. Хуульч хүнийхээ хувьд юу гэж харсан бэ?

-Миний санаж байгаагаар Жастын Батхүүгийн гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Харин Батхүү нь Төрийн банкинд тодорхой бичиг баримт хуурамчаар үйлдэн Г.Алтан гэдэг хүнтэй нийлж мөнгө төгрөг залилсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг нь үргэлжлүүлэн шалгасан гэж би ойлгож байгаа. Хавтаст хэргийг нь нарийн уншаагүй учраас хэргийн талаар нарийн хэлж чадахгүй байна. Одоо Шүүхийн шийдвэрийг хөндлөнгөөс харах юм бол, хэрвээ Г.Алтан гэж хүн цагаадах нь үнэн бол нэгдүгээрт, Төрийн банкнаас мөнгө залилсан гэдэг нь худлаа болно. Тэгэхээр Төрийн банк Г.Алтанд мөнгө өгөх юм шиг байна. Хоёрдугаарт, Ш.Батхүү гэдэг хүний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа энэ хэрэг хэрэг биш болох байх. Би баталгаатай нэг зүйл яриад байгаа нь хэн нэгнийг шоронд хийх нь гол нь биш, хохирлыг төлүүлэх нь чухал шүү дээ. Харин Ш.Батхүүд хохирол төлүүлэх хөрөнгө мөнгө байхгүй. Мөнгөгүй байсан учир мөнгөтэй болж өрөө төлөхийн тулд Стандарт банкнаас зээл авсан гэж харсан. Өнөөдөр Ш.Батхүүгээс авах юу ч байхгүй байхад хөрөнгийг нь зарна, худалдана гээд яриад байгаа. Жишээ нь, Хадгаламж банкийг зарах юм уу, Төрийн банк болчихсон шүү дээ. Шатахуун түгээгүүрийн газрыг нь зарах юм уу, тэрийг нь аль хэзээний Оросын банк авчихсан шүү дээ. Одоо өөр ямар өмч байгаа юм. Мах маркет нь өчүүхэн, хэдхэн тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тэрийг нь бас өөр хүнд зарчихсан гэсэн биз дээ. Ганц хоёр орон сууц, байр байдаг юм уу мэдэхгүй байна. Хэдэн орон сууцны барилга байлаа гэхэд тэр нь зарагдчихсан, одоо хүмүүс нь амьдарч байгаа байлгүй дээ. Уг нь энэ хэргийг нарийн судлах ёстой. Харамсалтай нь шүүх ийм шийдвэр гаргаж байна. Дараа дараагийн шийдвэрийг харъя даа.

-ЖДҮ-ийн гэх хэрэг дээр ганц нэг нь ял аваад, ихэнх нь хариуцлагагаас мултарчихлаа шүү дээ. Таныг гишүүн байхдаа ЖДҮ-ийн хэрэгт байр сууриа илэрхийлж, араас нь хөөцөлддөг байсныг санаж байна?

-Би УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэрэг, ялангуяа тодорхой улс орныг сөхрүүлсэн хэргүүдийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, Авлигатай тэмцэх газар гомдол санал өгөх, ажлын хэсэг байгуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулуулж байсан. Үүний нэг жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан хэрэг юм. Мөн Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн тухайд, тухайн үеийн УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн сангаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан. Албан тушаалын гэмт хэргийг хоёр үндэслэлээр тогтоодог. Өөртөө давуу байдал олгосон уу, бусдад давуу байдал олгож өгсөн үү гэж. Б.Ундармаад торгох ял өглөө. Тэр хүнд ЖДҮ-ийн хэргээр ял өглөө. Хорих ял аваагүй, торгох ял авсан. Гэтэл бусад гишүүд нь хаана байна. Хууль хүн бүрт тэгш бөгөөд шударга үйлчлэх ёстой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс төрийн эрх мэдэлд орж болохгүй. Парламентад байгаа тодорхой гишүүд нь Авлигатай тэмцэх газарт нэр нь бүртгэлтэй, хавтаст хэргүүд нь шалгагдсан байдалтай байгаа ч Авлигатай тэмцэх газрынхан энэ хүмүүсийн хэргийг цааш явуулдаггүй, хэрэг бүртгэлтэй хэрэг гэсэн нэр зүүчихээд яллагчаар татдаггүй ийм л байдалтай байгаа ш дээ. Хэрэг нь цааш явахгүй байгаа нь хэнд ашигтай вэ гэвэл нөгөө эрх мэдлээ өөрийнхөөрөө шийдэх сонирхолтой төрийн өндөрлөгүүдэд ашигтай. Барьцаанд байгаа хүмүүс чинь төрийн өндөрлөгүүдийн өөрсдийнх нь хүссэнээр л ажиллана биз дээ. Аливаа хэргийг нэгэнт нотолгоо баримт нь байгаа үед прокурор, Авлигатай тэмцэх газрынхан нь шалгаад хэн ч байлаа гэсэн хэргийг эцэслэн шийдэх ёстой. Энэ чинь шударга ёс болохоос биш хүнд, хөнгөн ял авах нь чухал биш. Эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал. Би тэгж үздэг. Өнөөдөр шударга ёс ярья гэвэл хуулийг сонголттой хэрэглэдгээ больчих хэрэгтэй. Монголд хууль үйлчилдэг бол бүх хэрэг шийдвэрлэгддэг болно. Бид чинь гуравхан саяулаа учраас хэн ямар юм хийснийг бүгд мэдэж байгаа. Баасанхүү хаана юу хийж байгааг мэдэж байгаа, Х.Баттулга хаана юу хийж явааг мэдэж байгаа, Ц.Нямбаатар юу хийж байгааг бүгд мэдэж байгаа. Хэргийг шийдвэрлэхгүй байдалд нийгмийн нэг хэсэг иргэд бухимдаад, нөгөө нэг хэсэг иргэд нь тоохгүй байдал ажиглагдаж байна л даа. Яагаад зарим иргэд тоохгүй байна гэхээр, за бүгдээрээ л адилхан хулгайч шүү дээ гэж яриад байгаа.

-Тухайн үед салбарын сайд нь байсан Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөнд маш олон хүн шүүмжлэлтэй хандсан…

-Хуульд байгаа боломж гэж байдаг. Тэр хүн гэм буруугаа зөвшөөрөөд харилцан тохиролцоод бүх ЖДҮ-чидээ илчлээд явж байгаа хүн. Тэр хүн олон гэмт хэргийг илчилж өгсөн гэдгээрээ шоронд заавал суухгүй байж болно. Одоо ЖДҮ яахав. Энэ Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Эрдэнэтийн шахаа, олон тендерүүдээ яах юм. Тэр бүү хэл улайм цайм нүдэн дээр мөнгөний хахууль өгч гардуулчихаад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй л явж байна. Ард түмэн шударга ёсыг хүснэ гэдэг хуулийг сонголттой хэрэглэдэггүй болгоод, би хулгай хийвэл шоронд ордог, тэр хулгай хийвэл шоронд ордог ийм л ёсыг хүсээд байна. Шударга бус байдал зөвхөн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байдаг.

-УИХ-ын сонгуулийн өмнө улстөрчдийг бөөнөөр нь барьж хорих ажиллагаа үргэлжиллээ. Энэ асуудлын цаана юу болоод өнгөрөв гэж та харсан бэ?

-Гол нь энэ улстөрчдийг шалгасан хэрэг нь өөр, ялласан байдал нь өөр байгаад гайхаад байна. Тэгэхээр энэ хэргүүд эргэлзээтэй гэсэн үг. Санжийн Баяр, С.Баярцогт нарыг Оюу толгойн асуудлаар шалгалаа гэж байсан. Хэрвээ Оюу толгойн асуудлаар шалгаад ял өгсөн бол Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал яригдана. Гэтэл Оюу толгойн асуудлаар биш өөртөө давуу байдал тогтоосон, мэдээлэлд ойроо ашиглаж хувьцаанаас ашиг олсон гэж огт өөр юмаар яллачихлаа. Жаргалтулгын Эрдэнэбатын хэргийн тухайд мөн надад хэвлэлд байгаа мэдээлэл л байна. Би хавтаст хэргүүдийг нь үзээгүй учраас нарийн ярих боломжгүй байгаад байна. Түүнд “нөхөн төлбөрийг олгохын тулд тодорхой лицензүүдийг шилжүүлсэн” гэдгээр ял өгчихлөө. Бас л түүний хэрэг дээр шалгасан асуудал, ялласан байдал хоёр нь өөр байна. Тэгэхээр л энэ хэргүүд нөгөө хонгил юм шиг л санагдаад явчихаж байна л даа.

-Удахгүй Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийн шийдвэрлэлт явагдах гэж байгаа. Та энэ хэрэг дээр байр сууриа илэрхийлэх боломжтой юу?

-Би 2016-2020 онд алуурчин гэж нэрлэгдэж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын амьдарч байсан газраас нь УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан. Тэр үед чинь жижигрүүлсэн тойрог байсан учраас би яг тэр Их залуу гэдэг багаас нь гарсан. Тэгэхээр надад энэ хэргийг анхаарах шалтгаан байгаа биз. Би Ц.Хурц гэж хүнд хэлж байсан юм. Та бол жинхэнэ генерал юм даа гэж. Яагаад би энэ хүнийг жинхэнэ генерал юм даа гэж хэлсэн гэвэл Чимгээ, Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн гэдэгт эргэлздэггүй. Гагцхүү гэмт хэргийг илрүүлэхдээ хууль зөрчих, эрхээ хэтрүүлсэн байна гэж боддог. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Энэ хэргийг яагаад ил болгодоггүй юм бол гэж. Нөгөө талынхан нь ганц л юм хэлдэг шүү дээ. Энэ хэрэг илэрсэн юм бол одоо олон нийтэд ил болгочихооч ээ гэж. Тэр үед Булган юу гэж ярьсан юм, Чимгээ, Содномдаржаа юу ярьсан юм бол. Шинжээч, гэрч нь бас юу ярьсан юм бол гээд бүгд энэ тухай мэдмээр байна. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг шоронд зургаа хоног хорьсон тухай асуудлыг хараад л бид ёстой аймшигтай гээд л яриад байгаа. Нэг талынхны тайлбараар насанд хүрээгүй хүн хэрэг хийдэггүй, малчин жолооч хэрэг хийдэггүй гээд л яриад байдаг. Малчин байсан ч юм уу, үгүй ч юм билүү хэн ч мэдэхгүй ш дээ. Тухайн үеийн 1998 оны мөрдөгч нарыг гайхалтай сайн мөрдөгч нар байсан гэж яриад байдаг. Би гайхалтай сайн байсан гэж бодохгүй байна. Тэр үеийн мөрдөгчдийг одоогийн мөрдөгч нарын хажууд бол хурууны хээгээсээ дээшээ ахихаар технологи байгаагүй шүү дээ. Гадаад, дотоодод сургууль төгсөөгүй. Оросын школоос өөр юм байхгүй. Юугаараа гайхалтай байгаад байгаа юм. Үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Анхны шинэ Эрүүгийн хуулийн хуульч нар чинь бид нар. Би 1993 онд Их сургуульд орсон. 1995 онд намайг оюутан байхад анхны шинэ Эрүүгийн хууль гарсан. Би 1997 оны өмгөөлөгч гэдэг чинь анхны шинэ Эрүүгийн хуулийн өмгөөлөгч. Ер нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт нарийн илрэх нь ойлгомжтой. Өвөө нар тэтгэвэртээ гарч, нөлөөлөл нь зайлж байж л энэ хэрэг тодорхой болно гэж боддог.

-Ер нь энэ хэргийн үр дүнг юу гэж харж байна?

-Энэ хэрэг шүүхээр яаж ч шийдэгдэж болно. Чимгээ, Содномдаржаа нарыг суллаж болно. Нэг л үнэн бий. 2000 онд ҮАБЗ-ийн гурван гишүүн МАН-д байсан. 2009 он хүртэл ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа бас л МАН-ынх байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм. Одоо 2016 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шигээ хамтдаа ойлголцоод явж байна. Тэгвэл энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм. Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм. Би бол Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудыг өмгөөлсөндөө ярьж байгаа юм биш. Тэгээд ч эрүүгийн хуулийн 251-ээр бол хэрэг бүртгэгч, мөрдөгч ял авах ёстой. Мөрдөх албаны дарга нь цагаадсан юм чинь энэ зүйл ангиар ял өгөх нь угаасаа утгагүй. Уг нь аливаа Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа нь илрэх ёсгүй байдаг. Гэтэл тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалтайгаар илчилсэн. Нэг ёсондоо Ц.Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Ер нь аль нэг улсад тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би санахгүй юм байна. Тэр дундаа үе үеийн Тагнуулын дарга нар бол түүхэндээ үх, эвсэл амьдар гэдэг ийм зарчмаар явж ирсэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа уг нь хамгаалдаггүй юм аа гэхэд илчилдэггүй байх ёстой.

-Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй гэж таны хэлдэг үнэн л дээ. Маш олон хүн энэ хэргийг мэдмээр байгаа…

-Би Намбарын Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Дараа нь нүүрсний гэгдэх Л.Гансүхийн хэргийг би хөөцөлдөж хэвлэл мэдээллээр гаргуулж олны анхааралд оруулж байсан. Сая “Жи-Тайм”-ын хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийгээд хэвлэлээр гаргууллаа. “Жи- Тайм”-ын хэрэг бол маш ноцтой хэрэг байсан. Эрдэнэтийн нөлөө бүхий хууль, шүүх, тагнуулд ажилладаг гарууд нийлж байгаад Эрдэнэтийн 4000, Монгол Улсын 11 мянган хүнийг залилан мэхэлж 20, 30 тэрбум төгрөгийг авсан асуудал. Тэд нар зохион байгуулалттайгаар Казахстан улсын иргэн Ж.Маратыг хилээр зугтаалгасан. Энэ хэрэг гацсан байсныг би хөөцөлдөж байж шийдвэрлүүлсэн. Олон ч дайсантай болсон доо. Магадгүй миний ялагдлын нэг шалтгаан энэ хэргийг хөөцөлдөж, араас нь явснаас болсон ч байж магадгүй. Ер нь олны дуулиантай хэргүүдийг хэвлэл мэдээллээр цацдаг баймаар байна. Жишээлбэл, энэ яриад байгаа С.Зоригийн хэрэг, Жастын Батхүү, ЖДҮ, Санжийн Баяр, С.Баярцогтын хэргүүдийг юуг нь нууцалдаг юм бэ. Олон нийт энэ хүмүүсийг танина. Шүүх хурлыг хаалттай хийж юу нуугаад байгаа юм. Энэ шүүгдэж байгаа хүмүүст ч гомдол байгаад байна. Ард нийтээрээ шүүе л дээ. Дэлхийн чиг хандлагаар олон нийтийн анхааралд байгаа ийм хэргүүдийг ард түмэн шүүдэг байхгүй юу. Хуулийн заалт хэрэглэх эрхийг л хуульч буюу шүүгч эдэлдэг. Гэм буруутай гэвэл хуулийн заалтыг нь хараад тохирох ялыг нь оноодог. Харин манайд шүүх гэмт буруутайг нь баталчихсан, маргааш өглөө яваад очихоор нь чамайг гэмт буруутай гэсэн юм чинь гээд ялладаг. Ийм хошин байж болохгүй. Гэм буруутай эсэхийг хөндлөнгийн хүмүүс мэдэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

221 иргэн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл хамрагджээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Тэгвэл уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгожээ.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна гэж Төв банкнаас мэдээллээ.