Categories
мэдээ цаг-үе

Монголын соёл урлагийн салбарт байгуулсан гавьяа нь мөнхөд бадамлах Г.Донидынхон

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, эстрадын дуу бүжгийн “Варьете” чуулга, “Айзам” хамтлаг зэрэг Монголын урлаг соёлын томоохон төлөөллүүдийг үүсгэн байгуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүн бол Г.Донид гуай юм. Гавьяа шагнал нь даруухан мэт боловч хийж бүтээсэн үйлс нь далай мэт арвин Г.Донид гуайнд өнжлөө. Тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагналтан, МУСТА, найруулагч юм. Биднийг очиход хашааныхаа үүдэнд аль эрт гараад ирчихсэн саравчлан зогсож байв. “Зарим хүн манайхыг гэр хороололд юм уу гэж асуудаг юм. Харин би бүгчим орон сууцнаас илүү агаар салхинд дуртай” хэмээн тосч авсан юм. Г.Донид гуай тун дэгжин юм. Хар өмд, цамцны хослол дээр шоотой ноосон цамц өмсөж, гадуур нь хүрмээр гоёжээ. Байшингийнх нь үүдээр ороход гэр нь эмх цэгцтэй, шил толь мэт цэмцийж байв. Гэргий нь цай цүү болон хөөрч, Г.Донид гуай ч дээшээ суу хэмээн урин заллаа. Мэнд ус болж, нутаг усны тухай ойр зуурын яриа өрнүүлэхэд л өндөр мэдлэг боловсролтой, бусдыг манлайлан зохион байгуулж байсан сэхээтэн хүн болох нь шууд мэдрэгдсэн. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч олон жил сойсон морь шиг хамт олон, уран бүтээлээсээ хөндийрч чаддаггүй байна. Тийм ч учраас Хан-Уул соёлын ордны “Уянга өөдөө” хэмээх 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй чуулгын ерөнхий найруулагчийн албатай аж. Тус өдөр 11:00 цагаас тоглолтын шахуу бэлтгэлтэй байсан ч “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид тусгайлан цаг гаргах ёстой хэмээн нөхдөдөө тайлбарлаж “чөлөө авчээ”.

Хоол цай хэмээн хэсэг бужигнасны эцэст Г.Донид гуай бид хоёрт тухтай ярилцах цаг гарган бусад хүн нам жим болов. Тэрбээр асуултад маш цэгцтэй хариулж, он цагийн дарааллыг тун тодорхой өгүүлж байсан юм. Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйлийн голын 3 дугаар багийн харьяат хэмээн яриагаа эхлэв. Газар зүйн байршлаар аймгийнхаа баруун хойд хэсэг, Ховдын Дарви, Цэцэг сумтай хил залгадаг аж. Сутай хайрханы нөмөр хажуугаар хонь хариулж өссөн тухайгаа дурсав. Тэрбээр сумынхаа бага сургуулийг 1955 онд төгссөн аж. Улмаар нийслэлд шилжин ирж арван жилээ 1961 онд төгссөн байна. Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн жил аж.

Сурагч байхаасаа хөгжим бие дааж сурсан. Ёочин, лимбэ, баян хуур, хуучир гэх зэргээр хөрөөдөхгүй, тоглохгүй хөгжим байгаагүй гэдэг. Ингээд сургуулиа төгсөөд чуулгад шалгуулсан байна. Одоогийнхоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театр юм уу даа. Алдарт Л.Мөрдорж түүний хэмжээ, сонсгол зэргийг шалгаад гараа харуул хэмээжээ. Гарыг нь хараад “Үүнийг хуучирт өг” гэсэн байна. Уг нь ёочинд санаатай байсан гэнэ. Ингээд Д.Жамсран гэх хүний шавиар очиж, бүтэн зургаан сар нэг өрөөнд цоожлогдон бэлтгэл хийсэн аж. Тэрбээр “Би алдарт Л.Мөрдорж, Ц.Сэвжид, ардын зураач Ц.Доржпалам зэрэг хүмүүсийн нөмөр нөөлөг дор хөгжимчин хийж байсан нь сайхан” хэмээн дурссан. Чуулгад гурван жил ажилласан байна. Гэтэл нэг өдөр түүнийг Соёлын яамнаас Төв аймгийн соёлын ордны даргаар томилох шийдвэрийг танилцуулсан аж. “Арван жилээ төгсөөд хөгжимчин хийж байсан дөнгөж 21 настай залууг ийм хариуцлагатай албанд томилно гэхээр та дээрээс чамгүй татаастай байжээ” гэхэд Г.Донид “Би насаараа татаасгүй явсан хүн. Тэр бүү хэл намын гишүүн биш гэдгээр олон ажлаас хойш тавигдаж байлаа. Тухайн үед зохион байгуулах чадвар, идэвх санаачилга зэргийг харж анзаараад энэ алба руу томилсон юм” хэмээсэн юм. Тухайн үедээ аймгийн Соёлын ордны дарга гэхээр том алба байв. Орон тооны жүжигчидтэй. Найруулагч, багш, бүжиг дэглээч гэх зэргээр чамлахааргүй бүтэцтэй байсан аж. Алдарт бүжиг дэглээч С.Лувсангомбо багш, “Хөөрхөн хүүхэн болж уу, би” алдарт дууны хөгжмийн зохиолч Г.Цэндорж зэрэг хүмүүс түүний удирдлага дор ажиллаж байсан гэдэг.

Соёлын яамны томилолт өвөртөлсөөр Төв аймгийн дарга Ц.Жамсран дээр очсон байна. Өмнө нь хийж байсан ажил, нас зэргийг нь сонсоод голж, ажилд томилох захирамж гаргасангүй. Ийм байдалтай 45 хоножээ. Тухайн үед мал тооллого болж бүх сумын дүн мэдээг нэгтгэх ажил Г.Донид дээр буув. Тэгэхээр нь том ватум цаасан дээр шугам татаж байгаа бүх мэдээллийг нь нэгтгэж бичээд хуралд ганц том цаас оруулсан байна. Ц.Жамсран дарга “Энийг хэн хийв, ямар цэвэрхэн, цэгцтэй юм” гэжээ. Би хийсэн юм гэхэд захирамж гаргаж маргааш шууд ажилд нь тавьсан гэдэг. Тэрбээр Төв аймгийн Соёлын ордны даргаар гурван жил ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан аж. Үзэгчдийн сандлыг бүтэн сольж, техник хэрэгслийг бүрэн шинэчилж, урлаг соёлын арга хэмжээ явуулах боломжит бүх нөхцөлийг бүрдүүлээд тавьчихсан байна. Энэ нь ч дарга нарын хараанд өртөж, сайн зохион байгуулагч хэмээн үнэлүүлж 1968 онд хуучнаар Ленинград хот, одоогийн Санкт-Петербург хотын Үйлдвэрчний эвлэлийн соёлын дээд сургуульд соёл судлаач, соёлын ажлын арга зүйч, зохион байгуулагч, найруулагч мэргэжлээр суралцахаар явжээ. Ингээд 1972 онд төгсөж ирсэн байна. Тус онд гадаад, дотоод нийлсэн 82 хүн төгссөнөөс 10 хүн онц дүнтэй дүүргэжээ. Тэр дотор ганц монгол байсан нь Г.Донид (Монголоос таван оюутан төгссөн) байв.

Уг нь үргэлжлүүлж аспирантурт суралцах сонирхолтой байсан ч нэгдүгээрт тус сургууль энэ чиглэлээр сургадаггүй, хоёрдугаарт, намын гишүүн биш тул дэмжлэг авч чадаагүй аж. Тухайн үед намын гишүүн хүнд илүү дардан зам нээгддэг байжээ. Харин Г.Донид гуай нам гэж туйлшираад байдаггүй, мөн таалагдахгүй зүйлээ ил шулуун хэлчихдэг, зарим даргын хаалгыг саваад гарчихдаг байсан нь олон хориг саадтай тулахад нөлөөлсөн бололтой.

Ингээд сургуулиа төгсөөд ирэхэд Улаанбаатар төмөр замын соёлын ордны даргаар томилсон байна. Анх энэ ажилд томилоход голонгуй байсан гэдэг. Учир нь сургуульд сурахаасаа өмнө аймгийн соёлын ордныг удирдаж байсан. Улаан дипломтой төгсөж ирээд бас л ялгаагүй ажилд томилогдлоо хэмээн голсон аж. Тэрбээр уг ордныг 1972-1975 он хүртэл удирдсан байна. Залуудаа намирсан урт үстэй, цэвэрч, тун ч дэгжин залуу байсан нь зургаас тод харагдана. Одоо ч энэ хэвээр. Энгэрийн болон гутлын алчуур байнга авч явна. Яриа хөөрөө тун цэгцтэй, ажил хэрэгч, илүү дутуу зүйл нуршаад байхгүй, хэлэх гэсэн санаагаа товч тодорхой, жинтэй илэрхийлж байгаа нь яах аргагүй олон жил удирдах алба хашиж байсныг илтгэнэ.

Түүнийг төгсөж ирэх үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон баригдаж байсан гэдэг. Ашиглалтын өмнөх захиргааны хүн тавигдсан. Ордны дарга тавигдах ёстой. Үүнд Г.Донид гуайг санал болгож, дарга, бүр байг гэхэд орлогч даргаар томилно гэж байсан ч намын гишүүн бус гэдгээр хэлэлцэхээс татгалзсан аж. Үүнийг тэрбээр хожим мэджээ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын соёлын ордны даргаар ажиллаж байх үед МҮЭСТО-оос туршлага судлахаар 21 хүнийг хойшоо явуулахаар болсон байна. Ингээд Г.Донидыг орчуулагч, хөтөч хийхийг үүрэгдсэн аж. Энэ бол 1975 он юм. Тухайн үед Москвагаар дайраад Беларусийн нийслэл Минскд очсон байна. Тэнд сар хичээллээд хүрч ирэхэд түүнийг МҮЭСТО-д ажиллуулахаар шийдвэрлэжээ. Анх арга зүйн кабинетын эрхлэгч гэсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах болсон байна. Одоогийнхоор бол менежер аж. Ингэж бүх чиглэлээр нь ажиллаж хөл дээр босгожээ. Ажилд томилогдсоноос хойш жил хагасын дараа Үйлдвэрчний эвлэлийн 11 дүгээр их хурал болсон байна. Уг хуралд зориулж уран сайханчдын нэгдсэн тоглолтыг Оросын мэргэжилтэнтэй хамт найруулснаас хойш уран сайхны удирдагч, найруулагч болжээ. Тэрбээр 1988 он хүртэл нийт 13 жил ажиллахдаа Үйлдвэрчний эвлэлийн 11, 12, 13 дугаар их хурал, бүх ард түмний урлагийн наадмууд, Харшийн шинэ жил гэх зэрэг урлаг соёлын бүх арга хэмжээг гардан удирдаж, зохион байгуулсан аж. Улмаар ерөнхий найруулагч болтол дэвшиж, энэ их айлыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хэмээн хамт олон нь үнэлдэг юм билээ. Одоо уг байгууллага хүмүүжил, арга зүйн том төв болж 45 жилийн ойгоо үзэж байна. Ойг угтаж Г.Донид гуайд зориулсан уран бүтээлийн цэнгүүнийг ирэх сарын 1-нд зохион байгуулж, удирдлагад нь ажиллаж явсан үе үеийн уран бүтээлчид хуран чуулж байгаад тэрбээр магнай тэнэгэр сууна билээ. Ардын жүжигчин Б.Зангад, Б.Мөнхшүрээс эхлээд Д.Жаргалсайхан, Н.Чулуунхүү зэрэг гавьяатууд, “Айзам”, “Жонон” зэрэг хамтлагууд, бусад соёл урлагийнхан гээд нүсэр уулзалт болох нь ээ.

Ингээд 1988 он гарч цагаан сарын өмнөхөн түүнийг ажлаас өөрчлөв. Барилгачдын соёлын ордны даргаар тавьсан байна. “Ухаандаа дэвшүүлэн зайлуулж байгаа юм” хэмээсэн. Тэрбээр “Би очихгүй” хэмээн хэлээд нарийн бичгийн даргын зөвлөгөөний хурал болж байхад хаалгыг нь саваад гарч байжээ. Тэгж байтал Соёлын яамны орлогч сайд Д.Нарантуяа утасдаж, “Улаанбаатар хотод “Варьете” чуулга байгуулагдах гэж байна. Чи очоод хотын захиргааны даргатай уулзаатах, чи л яг тохирох юм байна” гэсэн аж. Хотын дарга тухайн үед С.Мөнхжаргал гэж байлаа. С.Мөнхжаргал дарга хэр баргийн юм тоохгүй. Мэдэл гэж жигтэйхэн байсан гэдэг. Диплом харж байна. Бүх дүн онц байсан. Тэгээд “За чамайг авсан. Маргааш ажилдаа ороорой” гэсэн гэдэг. Г.Донид варьете гэж чухам юу болохыг гадарлана, МҮЭСТО-нд Ленинградын алдарт чуулга 18 өдрийн турш тоглоход суудал дүүрэн байсныг нь харж биширч байжээ. Өөрөө ч ар өврөөр нь гүйж багагүй судалж, хийж хэрэгжүүлэх юмсан хэмээн мөрөөдөж явсан байна. Ямар ч байсан энэ чуулгыг босгож ир гэсэн үүрэг даалгавар авч, 1988 оны 7-8 сарыг бичиг баримт хөөцөлдөхөд зориулсан байна. Тухайн үед Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газар, Соёлын яамнаас виз авах гэж багагүй ажил болжээ. Нэг нь зөвшөөрөхөөр нөгөө нь зөвшөөрөхгүй. “Ингээд 7-8 сар хөөцөлдөж байж хотын захиргаа, Соёлын яамны хамтарсан тогтоол гаргаж 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нд би анхныхаа тушаалыг гаргаж анхны хүмүүсээ авч байлаа. Жүжигчдээ энэ тэндээс цуглуулсан. Анх 80 орчим хүнтэй чуулга байгуулж бүтэн жил сургуулилалт хийсэн. Тухайн үед байр байшин байсангүй. Одоогийн Тэнгис кино театрын баруун талын гурван давхар байшинг гаргаж өгсөн байсан. Тухайн үед хотын захиргааны мэдлийн байшин байлаа шүү дээ. Ингээд 1989 оны арваннэгдүгээр сарын 25-нд МҮЭСоёлын төв өргөөнд нээлтийнхээ тоглолтыг хийсэн юм. Нээлтийн тоглолт хийхэд хотын дарга С.Мөнхжаргал ирсэн. Олон газар явж, варьете үзсэн тул бидэнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх бол гэж эмээж байлаа. Ингээд гурван сарын турш тоглоход үзэгч огт тасраагүй. Тухайн үед шуугиан тарьж байлаа. Шинэ уур амьсгал оруулж ирсэн юм. Ингэж алдарт Парисын варьете чуулга байгуулагдсанаас хойш 100 жил 3 сар, 26 хоногийн дараагаар Монголд варьете нээж тоглож байлаа” хэмээн Г.Донид өгүүлсэн. Тэр жил зурхайд гэнэтийн шинэ өөрчлөлт бий болно хэмээн өгүүлснийг уншиж байсан аж. Үнэхээр ч шинэ өөрлөлт болсон тул бэлгэшээж одоо хүртэл тус зурхайг хадгалж явдаг гэнэ. Хожим тэрбээр Парисын варьете чуулгад очиж өөрийн биеэр үзэж, танилцаад “Би их зөв эхэлжээ” хэмээн өөртөө үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Залуухан Г.Донид

1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр хотын захиргаанд хандаж төсөл барин гүйсээр хуучнаар төмөр замд урлаг спортын цогцолбор байсан, одоо ч олон түмэн “Варьете” чуулга хэмээн нэрийддэг байрыг мэдэлдээ авч чадсан байна. Тухайн үед оросууд нутаг буцаж байсан тул хүчээр өгөхөөс өөр аргагүй байсан гэдэг. Ингээд өөрийн гэсэн байртай болж, чуулгын үйл ажиллагаа ч сайхан жигдэрч, хөдөө орон нутаг, бүр хоёр хөрш, бас бус орноор аялан тоглолт хийх болжээ. Ингээд 1997 он хүртэл тухайн байрыг эзэмшиж, зах зээлийн шуурганд өртөлгүй амжилттай ажиллаж явтал шулаачдын нүдэнд өртсөн аж. Г.Донид гуай шулаачид гэж хэлсэн юм. Нэлээн бухимдалтай, бас гомдол тээж явдаг нь түүний ярианаас илт байсан юм. Тэрбээр “Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд хотын өмчийн 7-8 газрыг ганцхан хуудас цаасаар тогтоол гаргаад төрийн өмчийн мэдэлд авна гэсэн. Төрийн өмч болоод орон нутгийн өмчийн тухай хууль гараагүй байсан үе. Үүнд манай чуулгын байрыг хамруулсан. Нэг өдөр хүмүүс орж ирээд сандал ширээтэй нь биднийг хөөж гаргаад байргүй болгосон. Тухайн үед хотын даргаар Ж.Наранцацралт байсан. Ж.Наранцацралт дарга зөвшөөрөөгүй шүүхэд өгсөн. Шүүх ч авч хэлэлцээгүй. Тухайн үед нэг тийм хачин үе байлаа. 1996 онд Ардчилсан эвсэл ялчихсан. Түүндээ аархсан үе байсан. Хувьчлал нэрээр бүх юмыг сүйтгэж байв. Ингээд уран бүтээл хийх ямар ч боломжгүй болоод 1999 он хүртэл тэр байранд түрээс нэрийн дор байгаад тархсан. З.Энхболдын найз нь ашиглалтын захиргааны дарга. Хамтарсан компанитай. Сүүлд төрийн өмчийн хууль энэ тэр нь гараад хотын захиргаа эргүүлж аваад дөрвөн удаагийн дуудлага худалдаагаар орсон боловч хэн ч аваагүй. Гэтэл тухайн үед Оросын цэргүүдийн амьдарч байсан таван давхар байрыг хувьчилж авсан генералын сүйхээтэй (Ж.Энхбаяр) хүүхдүүд тэрүүгээрээ манай чуулгаар тулчихсан. Өөрөөр хэлбэл, хувьчилж авсан таван давхар байранд нь хүмүүс амьдарч байсан. Гаргах ямар ч боломжгүй. Энийг нь мэдэж байсан учир Варьете чуулгын байрыг оронд нь өг гээд солиод авчихсан. Ингээд тэр байр дашийн шог болсон” хэмээн ярив. Мөн 1997 онд чуулгын төсвийг бурхан шашин руу шилжүүлж орхисон гэнэ. Тэрбээр чуулгыг анх байгуулсан тул хувьчлалд давуу байдалтай оролцох боломж байсан ч уран бүтээлийн өргөө гэрээ мөнгөний хүүдий болгож харахгүй хэмээн ороо бусгаа цагт амжилттай удирдан зохион байгуулж явсаар сүүлдээ бусдад алдсанд хамт олныхоо өмнө гэмшиж суудаг юм билээ.Түүнээс хойш тэрбээр СУИС, Кино урлагийн дээд сургууль зэрэгт сэтгүүлч, зураглаач, ялангуяа найруулагчийн чиглэлээр багшилж, олон шавь төрүүлжээ. Түүний шавь нар ихэнх нь театр, чуулга, соёлын хэлтсийн дарга хийж байгаа аж. Мөн түүний удирдлага, зохион байгуулалтад ажиллаж байсан олон зуун ардын авьяастан, уран бүтээлч бий. “Алийг нь гэж дурдахав. 1970, 1980, 1990-ээд оныхон намайг андахгүй” хэмээв. Та Монголд анхдагч гэж хэлэх хэр олон зүйл хийсэн бэ гэхэд “Нэлээн хэдэн зүйл бий. 1989 онд Дэлхийн залуучууд, оюутны 13 дугаар их наадам болсон юм. Үүнд зориулж Хөдөлмөр спортын урлагийн их баярыг Төв цэнгэлдэхэд зохион байгуулсан. Тоглогчид нь 8000 хүн. Зургаан удаа зохион байгуулахад 15 мянган хүний суудалтай цэнгэлдэх дүүрэн байлаа. Тухайн үед цоо шинэ зүйл байсан. Одоогийн наадмын нээлт гэхээр урлагийн хэдэн зүйлийг нэгтгэж аргалах юм. Н.Наранбаатарын нээлтүүд нэлээн дөхсөн. Өнгөрсөн наадам цахим нээлт хийлээ. Телевизийн найруулгаар явсан. Үүнийг яаж ч хийж болно. Харин амьдаар нь хийнэ гэдэг шал өөр шүү дээ. Мөн би есөн хөлт цагаан тугийн анхны залалтыг найруулж байлаа. Анх талийгаач Г.Батхүүг оруулж Төрийн ордноос авчруулж талбай дээр ёслол хийгээд Төв цэнгэлдэх рүү явуулж байв. Одоо бол талбайгаас гараад шууд Цэнгэлдэх рүү явуулдаг болсон. Мөн манай Варьетед анхны шоу “Намуун үдшийн бороо” гэж шинэ зүйл хийж байлаа. Ууж иддэг юмтай, бүсгүй хүний гоо сайхан биеийг харуулсан урлагийн үзвэртэй бүтэн гурван цагийн программ байсан юм. Байр нь спортын заалны зориулалттай. Үүнийг урлагийн зориулалттай болгож засахад их ажиллагаа орсон доо. Түүнчлэн, Монгол Улсын хэмжээнд сайхан бүсгүй шалгаруулах 11 удаагийн наадам, нийслэлийн зургаан удаагийн наадам, аймгуудын сайхан бүсгүй шалгаруулах ажлыг зохион байгуулсан, найруулагч, шүүгч зэрэг янз бүрийн байдлаар оролцож байв. Чуулга маань гадаад, дотоодгүй сайхан тоглолтууд хийсэн. Варьете чуулгад хөгжмийн зохиолч удирдаачаар С.Тараа, бүжиг дэглээчээр талийгаач Б.Алтанцэцэг, театр студийн багшаар Д.Одончимэг, зураачаар Төрийн соёрхолт Ч.Үржин зэрэг алдар цуутай хүмүүс ажиллаж байсан. Зарим нь бурхны оронд одоод байна” хэмээн дурссан юм. Түүнчлэн “Айзам” хамтлагийг анх байгуулсан хүн нь Г.Донид. Тус хамтлагийн тухай дурсгал цомогт Г.Донид гуайг онцгойлон дурдаж, үүсгэн байгуулсан тухай тэмдэглэсэн байна лээ. Уран бүтээлийн цэнгүүнд маань Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Айзам” хамтлагийн Т.Нямдорж дуртай зөвшөөрч ирж байгаа хэмээн ярив.

Тэрбээр найруулагч хүний хамгийн нэгдүгээр зүйл бол зохион байгуулагч, хоёрдугаарт уран бүтээлийг тодорхойлж, нутагшуулдаг. Гуравдугаарт, захирах ёстой хэмээсэн. Энэ гурван шинжийг бүрдүүлж байж амжилттай удирдан чиглүүлэх ёстой аж. “Тухайн үедээ нэлээн ширүүн найруулагч байлаа. Одоо бол ширүүлж чадахгүй юм. Зөрчлийн хуулиар аваад хаячих гээд байна шүү дээ” хэмээн инээлээ. Түүний гавьяа шагналын тухай тодруулахад хамгийн дээд тал нь Алтан гадас байна. Өөр олон одон тэмдэг бий. Энэ дундаас би үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагналдаа их хайртай. Хүний хөдөлмөрийг жинхэнэ үнэлсэн шагнал юм гэв. Мөн МҮЭСТО-нд 10 жил үр бүтээлтэй ажиллаж байж СТА цолыг орлогч сайдаас гардан авч байсан аж. Харин одоо цагт зарим шагнал эзнээ олохгүй байгаа юм болов уу хэмээн боддогоо нуугаагүй. Тийм ч учраас бусдын шахалт шаардлагаар л хааяа нэг зарим одон медиалаа зүүдэг аж. Бусад үед ичих юм хэмээсэн юм. “Мөн шинэ нээлт хийхгүйгээр энд тэндхийн юмыг нийлүүлж байгаад эрдмийн зэрэг хамгаалах юм. Намайг ч бас 90 хуудас цаас бүрдүүлээд эрдмийн зэрэг хамгаалчих гэж хэлж байсан хүмүүс бий. Түүнчлэн, хамгаалсан бүтээл нь заавал амьдралд хэрэгтэй, хэрэгжих ёстой. Энэ зарчмыг гол болгодог учир би хүнд хэрэггүй юм хийхийг боддоггүй” хэмээн ярьж байна.

Бүх ард түмний урлагийн их наадмуудыг амжилттай зохион байгуулав. Баруун гар талаас хоёр дахь Г.Донид (нүдний шилтэй нь)

Г.Донид гуай Монголын зохиолчдын эвлэлийн 287 дахь гишүүн. “Шөнийн наран” хэмээх анхны шүлгийн түүвэртээ их хайртай. Орчуулгын хэд хэдэн ном бий. Мөн ярилцлагын чамгүй олон бүтээлтэй. Бүтээл нь энд тэндхийн номонд орж байсныг тоочвол тоогоо алджээ. Одоо ч ном болгон хэвлүүлэх гэхээр хөрөнгө санхүү нь болохгүй байгаа олон ноорог бий гэнэ. Тэрбээр 1980-аад оны сүүлээр шуугиан тарьсан олон ярилцлага хийж байсан. Үүнд Гадаад харилцааны сайд С.Аварзэд, номоо шатаалгасан түүхийн хоёр эрдэмтэн гэх зэргээр олон хүнийг дурдаж болох аж. Мөн 1972 онд Д.Нацагдоржийн гэргийтэй Ленинград хотод очиж уулзаж байсан хүн бол Г.Донид.

Г.Донид гуайн гэргий Ц.Оюунцэцэг. Тэд гурван сайхан хүүхэдтэй. Том нь бурхны оронд заларч, одоо хүү, охин хоёр нь тус тусынхаа ажлаа хийж, сайн сайхан явж байна. Ач, зээ нийлсэн дөрвөн хүүхэд бий. Та хоёр хэрхэн танилцаж байв гэсэн асуултад Ц.Оюунцэцэг “Би Г.Донидтой 21 настайдаа суусан. Бид хоёр их түүхтэй танилцсан юм. 1977 оны Үйлдвэрчний эвлэлийн 11 дүгээр их хурлын концертоор тайзан дээр 120 бүжигчин бүжиглүүлсэн. Тэр дундаас намайг олж харж сонгосон байдаг. Найз нь алдарт яруу найрагч, талийгаач Б.Лхагвасүрэн байсан. Тэр чамд энэ хүн л хань болно гэж зааж өгсөн гэдэг. Би ятгын анги төгссөн. Гэхдээ бүжгэнд их сонирхолтой байсан. Манай хүн цаг наргүй л ажилтай байдаг байлаа. Олон арга хэмжээ, нээлтийг зохион байгуулна. Тэр болгонд магтаалын үг урсана. Харин би хатуу шүүмжлэгч нь байж ирсэн. Дандаа магтаад байж болохгүй. Өө сэв байвал түүнийг нь хэлж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Г.Донид маань өөртөө өчүүхэн ч илүү харж, аливаа зүйлсээс хумсалж үзээгүй. Тэр тал дээр их хатуу байр суурьтай. Чин үнэнч занг эрхэмлэдэг хүн. Би үүгээр нь бахархаж явдаг. Би заримдаа төр нь үнэлдэг бол үнэлээсэй гэж хэлдэг юм. Тэгэхээр манай хүн жаахан дургүйцнэ. Би нөхрийгөө эрүүл энх байгаасай гэж боддог. Мөн хамт олонтойгоо уран бүтээлээ үргэлж туурвиад явж байгаасай гэж хүсдэг дээ. Ингээд сэтгэлийн цэнгэл эдлээд явж байвал болоо” хэмээв.

Г.Донид уран бүтээлийн цэнгүүндээ зориулж “Уянга өөдөө” чуулга нь ардын бүжгийн цомог, соёл эрдэнийн дээжис гэсэн ардын дууны цомог хийж байгааг хэлсэн юм. Цэнгүүнд түүний удирдлага дор, мөн хамт ажиллаж байсан олон уран бүтээлч хүндэтгэн оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлсэн.

Гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Агар-Эрдэнэ: Хүний эрхийн үндэсний комисст хаягласан гомдлын тал нь хоригдлуудынх

ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ газар хамтран “Эрүү шүүлтээс ангид байх эрх”сэдэвт семинар зохион байгуулж байгаа юм байна. Энэ сургалтын зорилго?

-Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Үүний дагуу бид хүний эрхийн тодорхой сэдвүүдээр хуулийн байгууллагын ажилтнуудад өнгөрөгч хугацаанд цөөнгүй сургалтуудыг зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн семинарын хүрээнд “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт семинарыг нийслэл болон орон нутагт ажилладаг бүх мөрдөгчдөд зориулан зохион байгууллаа.

-НҮБ-аас Хүний эрхийн хорооноос эрүүдэн шүүхээс ангид байх тал дээр манайд ямар зөвлөмж өгдөг вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн хороо болон Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчид болон хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдыг эрүү шүүлтээс ангид байх эрхийн чиглэлээр тогтмол сургалтад хамруулж мэдлэг ойлголтыг нь бэхжүүлж байхыг зөвлөмж болгодог. Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө нь хүний жам ёсны шинжтэй эрх юм. Энэ эрхийн баталгааг бүрдүүлэхэд төрийн албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд сайтар анхаарч ажиллах ёстойг Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд тусгасан байдаг. Үндсэн хуульд онц болон дайны байдал зарласан үед, мөн нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед ч хязгаарлаж үл болох эрхийн баталгааг дурдахдаа эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөөг хөндөж болохгүй гэдгийг дурдсан байдаг. Эрүүдэн шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шийтгэх, айлган сүрдүүлэх, мэдээлэл, нотлох баримтыг гаргуулж авах зорилгоор хүнлэг бусаар буюу бие махбод, сэтгэл санааг нь хүчтэй шаналган зовоож буй санаатай үйлдэл учраас хүний эрхэм чанар, жам ёсны эрх, эрх чөлөөний баталгааг шууд зөрчдөг. Тухайн этгээд онц хүнд ямар ч гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ч тухайн хүнтэй хүн ёсоор хандаж харьцах ёстой гэсэн үг.

Мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа эрүү шүүлтээс ангид байх эрхийн баталгааг анхаарч, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллах ёстойг Хүний эрхийн Үндэсний Комиссоос байнга сануулж ирсэн. Тийм ч учраас ЦЕГ-тай 2020 онд байгуулсан хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд энэхүү семинарыг зохион байгуулж байна.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь сүүлд ил болсон шүү дээ?

-Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд эрх зүйн орчин бүрэн боловсронгуй бус байна. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1.1-д эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нэлээд дэлгэрэнгүй зохицуулж өгснийг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд оновчтой тусгах шаардлага байсаар байна. 2015 оноос өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийн субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч байхаар явцууруулж зохицуулсан байсан. 2015 оны Эрүүгийн хуулиар субьектийн ангиллыг конвенцид нийцүүлсэн ч объектив болон субьектив талын шаардлагыг нь боловсронгуй болгож тусгах шаардлага мөн байсаар байна.

Түүнчлэн эрүү шүүлт тулгах замаар цуглуулсан болох нь нотлогдсон аливаа нотлох баримтыг тухайн мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй гэх зарчмыг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг дээр ч анхаарах ёстой. Энэ төрлийн гэмт хэргийг үр дүнтэй шалгаж, шийдвэрлэхийн тулд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон НҮБ-ын гаргасан гол баримт бичгүүдэд туссан зарчмыг ч баримтлах ёстой юм.

-Цагдаагийн байгууллагынхан аав, өвөө шигээ хүмүүстэй тушаасан, түрэмгий, хүний эрхэд халдсан байдлаар харьцдаг. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ нь цагдаагийн алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж чадаж байна уу, үгүй юү гэдэгтэй хамаатай ойлголт болов уу. Төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа төрийн зохих чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъектийн хувьд зөвхөн хуульд нийцүүлж ажиллах ёстой. Ингэж ажиллахдаа хүний эрхэд суурилсан хандлагаар буюу таны хэлснээр өвөөтэйгөө адилхан хүнтэй алба хаагчийн ёс зүйн код, дүрэм журмыг баримталж ажиллах нь чухал биз ээ.

-Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлж байгаа өргөдөл гомдлын 50 орчим хувь нь цагдан хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсээс ирдэг гэсэн. Эдгээр хүмүүс ихэвчлэн ямар санал, гомдол ирүүлж байна?

-Хүний эрхийн үндэсний комисст хүний эрх зөрчигдсөн асуудлаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн шалгаж, шийдвэрлэдэг. Өргөдөл гомдлын 50 орчим хувь нь эрх чөлөө нь хязгаарлагдсан буюу цагдан хорих ангид хоригдож буй, хорих ангид ял эдэлж буй хүмүүсээс ирдэг.Эдгээр хүмүүсийн ирүүлсэн гомдлыг төрлөөр нь авч үзвэл хууль зүйн туслалцаа авах эрх, захидал харилцааны эрх, эргэлт, уулзалт авах асуудлаар болон цөөнгүй тохиолдолд эрүү шүүлтэд өртсөн талаарх гомдол байдаг.

-Танай байгууллагаас энэ асуудлыг ямар байдлаар шийдвэрлэж байгаа вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан нэг хязгаарлалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авахгүй байх асуудал юм. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн нэг хүнд эрүү шүүлт тулгасан талаар гомдол ирүүлсэн тохиолдолд Комиссын гишүүний чиг үүргийн хүрээнд нөхцөл байдлыг тогтоох, баримт мэдээллийг цуглулуах бүх ажиллааг хийх учиртай. Ингэж цуглуулсан мэдээллээр эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол үүнийг харьяалан шалгах үүрэгтэй байгууллага болох прокурорын байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлүүлж болно.

-“Эрүү шүүлтээс ангид байх” сургалтад хэдэн алба хаагч хамрагдаж байгаа вэ. Цаашид энэ сургалтаа ямар давтамжтай зохион байгуулах вэ?

-Танхимд 50 орчим албан хаагч оролцлоо.Түүнчлэн харьяа дүүрэг хэлтсүүд энэ сургалтад цахимаар холбогдон оролцож байна.Нэг хэлтсээс л гэхэд 10 гаруй алба хаагч хамрагдаж байна.Өнгөрөгч хугацаанд мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагууд болох Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокуроруудад мөн энэ төрлийн семинарыг зохион байгууллаа. 2020 оны эхний хагаст болон 2019 оны сүүлийн хагаст мөн аймгуудын цагдаагийн газар, прокурорын газруудын албан хаагчид эдгээр сургалтыг хийгээд байна.

-Энэ сургалтыг хийсний ач холбогдол нь юу вэ?

-Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хүний жам ёсны шинжтэй эрх чөлөө гэдгийг сайтар ухамсарлаж, хууль сахиулах, хэрэгжүүлэх үүрэгтэй алба хаагчид үйл ажиллагаагаа хүний эрхийн мэдрэмжтэй гүйцэтгэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй явуулахад ахиц дэвшил гаргах л үндсэн зорилготой. Цаашид ч давтан сургалтуудыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Тунгалаг: Нэг гэж тоолоход л та хоёр алхаж амжих учиртай

-ӨДӨРТ 10 МЯНГАН АЛХАМ ХИЙСНЭЭР 840 СЕКУНДЭЭР АМЬДРАЛ УРТАСДАГ ГЭЖ ҮЗДЭГ-

Биеийн тамир, спортын чийрэгжүүлэлтийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалагтай алхахын ач тусын талаар ярилцлаа. Тэрбээр гимнастикийн олон улсын хэмжээний мастер агаад ууланд алхагч юм.


-Идэвхтэй алхалт гэж юуг хэлээд байна вэ, хэвийн алхдагаасаа арай хурдан алхахад болох уу?

-Алхалт байгалиас заяасан. Хүн болгон алхдаг. Энэ байгалиас заяасан алхалтыг идэвхжүүлэх учиртай. Ингэж идэвхжүүлснээрээ дотоод шаталт явагдаж, зүрх судас болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Хүн идэвхтэй алхсанаар худалдаж авч чадахгүй, эмээр орлуулашгүй хөрөнгө оруулалт өөртөө хийж байгаа юм. Хүн алхахдаа минутад 3.5 ккал зарцуулдаг. Энэ нь идэвхтэй хөдөлгөөн болдоггүй. Идэвхтэй хөдөлгөөн болгохын тулд нэг минутад 7.5 ккал илчлэг шатааж байж эрүүл мэндэд ач холбогдолтой алхалт болно. “Та алхдаг уу, идэвхтэй хөдөлгөөн хийдэг үү” гэж асуухаар хүмүүс “Алхаж байгаа, өдөрт гурав дөрвөн цаг алхаж байна” гэдэг. Идэвхтэй алхана гэдэг нь энгийн алхдагаасаа илүү хурдтай алхана гэсэн үг. Нэг гэж тоолоход л та хоёр алхаж амжих учиртай. Хэмнэл нь нэлээд хурдан тэгснээрээ хүний зүрхний цохилт хурдасч, судасны лугшилт мэдрэгдэж, улайж, хөлөрч, ийм үйл ажиллагаа зогсолтгүй 30 минут үргэлжилбэл идэвхтэй алхалт болно. Үр өгөөжөө өгнө.

ДЭМБ-аас ажилдаа ирж очихдоо, ажлын байрандаа амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийж байгалиас заяасан алхалт суултаа идэвхжүүлэхийг зөвлөсөн.

-Нэг удаа 30 минут алхах ёстой юм уу, ажлаасаа ирж очихдоо тус бүр 15, нийлээд 30 минут байж болох уу?

-Өнөөгийн завгүй нийгэмд ажилдаа ирж очих, ажлын байранд чөлөөтэй цаг гэсэн гурван хэсэгт л алхалтыг яаж дэмжих вэ гэдгийг яриад байгаа юм. Ажилдаа ирж очихдоо нэг юм уу хоёр буудлын наана машинтай бол машинаа тавь, машингүй бол автобуснаасаа буугаад алх. Цахилгаан шатаар буухын оронд шатаар буу. Аль болохоор явган яв. Гэрийнхээ орчин тойронд байгаа талбайнууд, цэцэрлэгт хүрээлэн, уул руу зориуд алх. Ажлын байрандаа бас урт коридор, шатаар алх. Энэ бүх хөдөлгөөнийг идэвхжүүл. 30 минутыг нэг дор хийх боломжгүй бол 10, 10 минут хийгээд хооронд нь 3-5 минут амарч болно. Сунгалтын дасгал, амьсгалын дасгал хийдэг ч юм уу. Тэгээд эрчтэй алхана. Түүнээс биш өглөө 10 минут алхаад, өдөржингөө байж байснаа орой 15 минут алхахад үрэлт шаталт явагдахгүй.

Идэвхтэй хөдөлгөөн 30 минут хийх гэдгийн нэг хэлбэр нь 10 000 алхам юм. Идэвхтэй хөдөлгөөн хийх маш олон арга бий. Бүжиглэх, аялах, янз бүрийн спортын төрлүүдээр хичээллэх, дугуйгаар явж байна. Хамгийн энгийн, эрсдэл багатай, өндөр ач холбогдолтой хөдөлгөөн нь алхалт юм. 10 000 алхахад өдөрт 2.8-3 км зам туулдаг. 150 ккал шатна. 14.5 гр өөх хайлуулна. Өдөрт 10 000 алхам хийснээр 840 секундээр амьдрал уртасдаг гэж үздэг. Зүрх, судасны үйл ажиллагаа сайжирна. Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Жингээ хэвийн хэмжээнд барьж болно. Сэтгэл санаа өөдрөг болж стрессээс урьдчилан сэргийлнэ. Чихрийн шижин, даралт ихсэх гэх мэт халдварт бус өвнөөс сэргийлэх гэх мэт олон талын тустай.

-Өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийвэл чихрийн шижингээс сэргийлж болно гэсэн үү?

-Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн үед идэвхтэй хөдөлгөөнийг өдөр болгон 30 минут хийснээр инсулины хэмжээг 48 цагийн турш нэг хэвэнд барьдаг. Тийм учраас өдөр тутам хэрэглэдэг инсулиныг барих эмийг ч яваандаа хэрэглэхгүй болох боломжтой. Ингэж чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээс урьдчилан сэргийлж чадна гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэртэй хүн идэвхтэй хөдөлгөөнийг хийж, хөлөрч, улайх, зүрхний цохилт нэмэгдэх хүртэл дасгал хийх нь ач тустай. Даралттай хүмүүс ч бас адилхан шүү дээ.Даралт нь судасны агшилт тэлэлт буюу судасны уян хатан чанарыг барьж байдаг. Гучин минут дасгал хөдөлгөөн хийхэд цусны эргэлт сайжирч, судасны ханын уян хатан чанарыг маш сайн хадгалдаг учраас даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ингэж дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлтийг гурваас тав дахин хурдтайгаар нэмэгдүүлж, зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тус болно. Цусаар хүчилтөрөгчийг тээвэрлэдэг учраас яс сийрэгжих, үе мөчний өвчин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж 30 хувиар нэмэгддэг.

-Цахилгаан шатаар бус шатаар явахыг бас зөвлөсөн. Шатаар алхахын ач тус нь юу вэ?

-Шатаар явахад зүрх баясдаг. Ачаалал өгч байгаа учраас цусан хангамжийг сайжруулна.Шатаар буухад нүд баясдаг.Тэнцвэрийг олж байдаг, төвлөрлийг бий болгож байдаг. Шат гэхэд л бидний амьдралд байгаа спортын хэрэглэл материал болоод байна шүү дээ. Жил бүрийн аравдугаар сард “Дэлхийн алхалтын өдөр” болдог. Бид энэ өдрийг “Идэвхтэй алхалтын аян” болгож, арав хоногийн турш идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд таниулж байгаа юм.

-Алхалтын үр дүн ямар хугацааны дараа өөрт мэдрэгдэх вэ?

-Идэвхтэй хөдөлгөөн олон жилийн турш дадал хэвшил, өдөр тутмын хэрэглээ болгож байж үр өгөөжөө өгнө. Нэг удаа алхах, арав хоног алхахад төдийлөн үр дүн харагдахгүй. Үр өгөөж нь өнөөдөр мэдрэгдэхгүй байгаа ч сар, хоёр сар, жил, таван жилийн дараа таны эрүүл амьдрал, бие бялдраас шууд мэдрэгдэнэ.

-Монголчууд хэр алхдаг хүмүүс вэ?

-Ер нь алхдагтаа орно шүү. 2005 онд халдварт бус эрсдэлт хүчин зүйлийн тандалтын судалгаа хийхэд идэвхтэй хөдөлгөөн хийдэг, алхдаг иргэд маш бага, 22 хувьтай байсан. 2019 оны Халдварт бус эрсдэлт хүчийн зүйлийн тандалтын судалгаагаар спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, алхах ёстой гэдэг хүмүүсийн хандлага 58 хувь хүртлээ өслөө шүү дээ. Хүмүүс хөдөлгөөний ач холбогдлыг мэддэг. Харин алхах юм сан гээд бодоод л явах хэрэггүй. Бодсоноо үйлдэл болгож зоригтой алх гэж хэлмээр байна. Та хаана ч байсан идэвхтэй хөдөлгөөн хий. Сууж байхдаа ч та идэвхтэй байж болно. Сандлын гуравны нэг дээр суугаад, нуруу эгц, гүнзгий амьсгал авахад л хэвлийн дасгал болох жишээтэй. Улс оронд эрүүл иргэд хэрэгтэй.Эрүүл байхын тулд хувь хүн өөрөө хүчин чармайлт гаргах ёстой. Амархан сонсогддог ч хүн өөрөө ач холбогдлыг нь ухаараад, мэдрээд алхах нь илүү үр дүнтэй.

-Алхалтыг хэмждэг апп бий. Гэхдээ 30 минут алхахад 10 000 алхам болдог гэх мэтээр баримжаалж бас болох нь ээ?

-Янз бүрийн аппликэйшнүүд бий. Алхалт гээд апп ч гарч байна. Ер нь цаг хугацаа, орон зайгаар баримжаалах боломжтой. Автобусны буудлууд дунджаар нэг км зайтай л байгаа. Гурван буудал орчим алхахад л 10000 алхам хийчихлээ гэж бодож болно. Цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах дугуйн зам яг гурван км байдаг. Хөлөрч байвал илчлэг шатаж байна гэж мэдрэх ёстой. Зөв амьсгалж сурах ёстой.

-Зөв амьсгална гэхээр яах вэ?

-Нэг, хоёр алхангаа амьсгалаа аваад, гурав дөрөв алхаж байхдаа амьсгалаа барьсхийгээд, дөрөв, тав дээрээ гаргах хэрэгтэй. Богино богино амьсгалаад байвал хэвлийн дотоод өөхний шаталтанд нөлөөлж чаддаггүй. Аль болох гүнзгий амьсгаа аваад тайван чөлөөтэй амьсгалах учиртай. Алхаж байхдаа хамгийн гол анхаарах юм нуруу эгц байх ёстой. Ийм үед гүнзгий амьсгалж байдаг.Энэ бол өдөр тутмын дадал болох ёстой зүйлүүд л дээ.Эвхэрч суугаад байвал уушги маань хүчилтөрөгч бүрэн авч чадахгүй байна гэсэн үг. Энэ бүх боломж иргэдийн гарт байгаа. Бид харин арга аргачлал зөвлөмжийг нь л өгч байгаа юм.

-Ер нь тэгээд алхаад байвал олон өвчнийг тойрох боломжтой юм байна?

-Халдварт бус өвчний эрсдэл бидний зан үйл, дадалтай холбоотой. Тамхи татахгүй байх, архийг хэтрүүлж хэрэглэхгүй байх, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийснээр эрүүл амьдарна. Тамхи татаад, архи уугаад, хөдөлгөөн хийхгүй, буруу хооллоод л байвал 15-20 жилийн дараа цусны дарат ихсдэг, зүрх судасны өвчин, чихрийн шижин гэх мэт эрсдэлүүд тулгарна. Тийм учраас энэ бүх буруу дадал хэвшлээ өөрчилж, засах ёстой юм. Ажлаа зохицуулсан үедээ, завтай болохоороо ингэнэ тэгнэ гээд хүмүүс хойшоо тавиад байдаг.

Үгүй, төрсөн цагаас нь эхлээд бүх юм хүнийг зөв дадалтай болгоход чиглэгдсэн байх учиртай. Эцэг эхчүүд хүүхдээ өсөлтийн насан дээр нь спортоор хичээллүүлж, чийрэгжүүлэх ёстой. Хүүхдүүд маань өдөрт 60-90 минут идэвхтэй хөдөлгөөн хийж байх ёстой. Гэтэл үүний оронд утас шагайгаад, фэйсбүүк ухаад, интернэтээр тоглоод байгаа юм. Оргилж байгаа энергиэ спортоор шатаахад зориулсан аюулгүй орчин байх хэрэгтэй. Спортын олон дугуйлан секцүүд ажиллаж байна.

-Байнга алхдаг, бахархахаар үр дүнд хүрсэн хүмүүсийг нэрлэж болох уу?

-Ахмадууд маань үлгэр дуурайлал үзүүлж байна. 70 гарсан Ж.Одгийв гуай байна.Алхаад алхаад л байдаг, улам гялалзаад байдаг. Ер нь алхалт бодисын солилцоо сайжруулж байдаг. Хүний биед хадгалагдаж байгаа хорыг биеэс хөлсөөр гадагшлуулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг ач холбогдолтой. Өглөө харж байхад ахмадууд маань идэвхтэй алхдаг. Тэр хүмүүс хөдөлгөөн хийгээд байвал эрүүл байна гэдгийг насаараа мэдэрсэн хэрэг. Залуучууд ч их алхаж байна. Ууланд алхаж байгаа хүмүүс олон болсон. Амралтын өдрүүдээр Богд ууланд битүү хүнтэй байна шүү дээ. Хүүхдээ, найз нөхдөө дагуулж, гэр бүлээрээ алхаж аялж байна.

-Та хэр их алхдаг вэ?

-Ууланд алхдаг. Гэхдээ сүүлийн үед жаахан бэртэлтэй байгаа учраас тэгш газар алхдаг болоод байгаа.

-Тэргэнцэртэй хүмүүс яаж идэвхтэй хөдөлгөөн хийх вэ?

-Пара спортын янз бүрийн төрлүүд байдаг. Цагирганд бөмбөг онох, пара жүдо, суугаа волейбол тоглох, шатар тоглох гэх мэтээр өөрийнхөө сонирхол, онцлогт тохирсон төрлийг сонгож хичээллэвэл хамгийн үр дүнтэй. Алхах дургүй хүнийг алх гээд байвал алхахгүй. Дуртай зүйлдээ хүн цаг заваа зориулаад явдаг.

Хаана ч байсан идэвхтэй хөдөлгөөн хийхийг л эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс олон шалтаг хэлдэг, зам байхгүй байна, стандартын орчин байхгүй гэдэг. Гэрийн нөхцөлд ширээ сандал, ор дэвсгэр бүгдийг спортын хэрэглэл материал болгож хичээллэх бүрэн бололцоотой. Ялангуяа ковидын үед дээстэй үсэрч байна. Байрандаа алхаж, бүжиглэж байна. Хүйтэн, шороотой, утаатай байна гэхгүйгээр орчноо өөрөө бүрдүүлж бий болгох боломжтой. Хүнд хүсэл байвал юуг ч хийж чадна. Гэртээ дасгал хөдөлгөөн хийхэд жишээ нь цэвэр усны саванд ус хийгээд гантел орлуулж болно. Ширээ тулаад суниаж байдаг.

Ер нь амьсгалын дасгал, сунгалтын дасгал, хүчний дасгалыг хослуулж хийдэг. Гар дээр суниаж байна гэдэг нь гарын хүчийг хөгжүүлэх дасгал болдог. Зүрх гэдэг маань булчин, түүнийг ажиллуулах хүч бидэнд хэрэгтэй. Зөв алхахын тулд булчингуудын хүч хэрэгтэй.Юмнаас барьж байгаад хагас, бүтэн суудаг. Энэ бүхэн хөлийн дасгал болно. 108 удаа сунаж мөргөх нь маш том дасгал шүү дээ. Наранд мөргөх гэж байна. Нарны энергийг аваад, бөхийгөөд, хөлөө хойш нь тавьж суниагаад буцаж татаад энэ дасгалууд маань биеийн бүх булчинг ажиллуулж байдаг. Алхалт гэдэг маань бас биеийн бүх булчинг хамруулдаг дасгал шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Увайгүй байх нь хождог гэж уриалж болохгүй л дээ

Урваж шарвасан увайгүй үйлдлийг хожил, ялалт гэж үзсэн жигшмээр муухай явдал Монголын төрд болохыг харлаа. Тодруулбал, орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр гэдэг залуу дүүргийн төлөөлөгч болонгуутаа эрх баригч Монгол Ардын намд гишүүнээр элсэж намаасаа, намын журмын нөхдөөсөө, мөн нийт сонгогч олноосоо урвасан юм. Энэхүү урвагч нөхрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын даргаар сонгогдоод байгаа Д.Сумъяабазар нар Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч, намын батлахаа хүндэтгэн гардуулсан нь Монголын төр ямар дорой, ямар өрөвдмөөр, ямар үхээнц байдалтай байгааг илтгэв.

Урвагч гэдэг хэзээнээсээ нэргүй. Товчхондоо, хүний адаг, нийгмийн шаар байдаг. Ямар сайндаа урваснаас үхсэн нь дээр хэмээн эртнээс хэлж ярьж ирсэн ийм л ард түмэн. Гэтэл нэг урвагч нөхрийн өмнө Монгол төрийн Ерөнхий сайд нь, эрх баригч улс орны толгой намын аппарат тэр чигээрээ сөхрөөд, “Шинэ залуу хүн иргэний зориг гаргаж манай намд гишүүнээр элслээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамт зүтгэе” гэж хэлж, урваж шарваж увайгүй байх нь хэзээд хожно гэдгийг Монголын нийгэмд, Монголын залуу үед уриалж байгааг хараад үнэндээ ой гутлаа. Энэ үйлдэл Монголын нийгэмд тогтсон хамгийн буруу үлгэр дуурайлал, буруу жишиг боллоо.

Урваач нөхрийн үйлдэлд, түүний өмнө эрх баригч нам бөхөлзөн байгаад ард түмний ясны зэвүү дургүй хүрч, цахим сүлжээнд олон хүн уур бухимдлаа илэрхийлж байна. Нийтээрээ ингэж дургүйцэж зэвүүцэж, үзэн ядаж байгаа нь ард түмний зөв. Хүнд бас увай, най гэж юм байх ёстой. Жаахан ч гэсэн зарчим, хүний мөс чанар байх ёстой. Хүн гэгч зарчмаа, хүнлэг чанараа, ёс жудгаа гээж цэвдэг хүйтэн болж гэмээнэ, түүнийг нь засаг төр нь хөхиүлэн дэмжиж, шагнан урамшуулж, ийм байх ёстой хэмээн зарлан тунхаглах юм бол за тэгээд тэр нийгэм сөнөж байгаа нь тэр. Урваач залуугийн шийдвэр, түүнийг нь өөгшүүлж буй Хүрэлсүхийн үйлдэл, улс орныг удирдаж буй намын удирдлагуудын царайг хараад ийм л гунигтай.

Монголын төр ийнхүү намын нөхдөөсөө, сонгогч олноосоо урвасан залууг алга ташин хүлээн авч байгаа нь төрийн аль ч шатанд ард түмэн аяга хоолныхоо төлөө яаж нүдний булай болж, нэр нүүрээ барсан ч эцэстээ зөв зүйтэй, тухайн урваач шарваачийн хожил гэж харагдахаар тийм байдлыг бий болгочихлоо. Дээдэс нь ямар байдалтай байна, доодос нь яг л тийм байдаг жам. Зөвхөн манайд тогтсон жишиг юм уу, дэлхий нийтээрээ ийм байдаг ч юм уу. Монгол Улсад төр засгийн удирдагчид нь ямар ааш араншинтай, боловсрол мэдлэгтэй, аливаад зарчимтай, эсвэл зүгээр нэг дүр эсгэж олонд таалагдах гэж поопорсон байдалтай байна ард иргэд, олон нийт өөрийн мэдэлгүй тийм л байдалтай байх нь бий. Төрт ёсоо үлгэрлэн дуурайдгийнх нь илэрхийлэл байх л даа. Яг ийм бичигдээгүй хуулиар Монголд өнөөдөр нийтээрээ хүн загнасан, жигтэйхэн дээрэнгүй хүмүүс бий болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаа хамаагүй, тааралдсан бүхнээ загнаж зандарч байдаг. Монголын нийгэмд сүүлийн гурван жил тогтоосон ганц имиж нь энэ. Үндсэндээ Ерөнхий сайд маань бүтэн гурван жилийн хугацаанд тасралтгүй хүн загналаа. Өмнөх засгийнхаа өвгөн сайд нарын толгойг хяргана гэж баахан давхисан. Гэхдээ толгойгоо хяргуулсан сайд одоогоор дуулдаагүй байна. Төрийн ордонд аймаг, сумдын дарга нарыг бүгдийг нь дуудаж авчираад “Та нар үнэтэй цаг зүүлээ, бүгдээрээ цагаа авцгаа” гэж гөлөлзтөл нь загнасан. Үнэнийг хэлэхэд, өнөө дарга нар ч гэнэт яагаад загнаад унасныг нь ойлгоогүй байх. Ингэдэг учиртай юм байх гээд л өнгөрсөн дуулддаг. За тэгээд яамдын удирдлагуудыг цуглуулаад төрөөс хумсалбал бүгд шоронд явна, ажил хийж чадахгүй бол бүгд зайлцгаа гэж агсарсан. Автобусаар ч дуугүй явчихгүй ар өврийнхнийгөө загнаж зүхэж байгаа харагдсан.

Хамгийн аймшигтай нь Ерөнхий сайдын хүн загнадаг байдал төрийн албаны шат бүхэнд нөлөөллөө. Ерөнхий сайддаа загнуулсан сайдууд нь яамдынхныгаа цуглуулж загнаад, яамны сайддаа загнуулсан нөхөд нь мэргэжилтнүүдээ толгойг нь эргэтэл загнаад эцэс сүүлдээ хороон дарга хүртэл цэвэрлэгчээ өмнөө зогсоож байгаад учир зүггүй загнаж, хэлбэрддэг байдал бий болчихлоо. Ж.Батбаясгалан хотын дарга байхдаа өглөөний шуурхай дээр хүн загнаж байгааг бид харсан. Батбаясгалан бол дөлгөөхөн даруухан, ажил хэрэгч тийм залуу. Гэтэл Хүрэлсүхийн маневрт орчихсон, түнтийж ягаартлаа уурлан нэг нөхрийг байх суух аргагүй болтол загнаад хурлаас хөөж гаргаж байх жишээний.

Яг үүн шиг одоо хүн бүхэн урваж эхэлнэ. Үндсэндээ хүн загнадаг нь төрийн албаны бүхий л шатанд дээрээсээ доошоо хүртэл нөлөөлж халдварласан бол урваачийг урамшуулж ялалт хэмээн үзсэн нь бүх хүнд нөлөөлнө. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймаг, дүүргүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна. Аймгуудын дарга нар, дүүргийн дарга нар шинээр томилогдож байна. Ийм ээдрээтэй үед хичнээн нөхөр урваж шарваж, нэр нүүрээ барж муу муухайгаа дуудуулахыг таахын аргагүй. “Урваад очиход Ерөнхий сайд маань угтаад авна” гэсэн бодолтой яваа ч юм билүү. Энэ засгийн дөрвөн жилийн бөгсөн дээр урвагчдаар дүүрсэн, нэг нэгнээ үзэж чадахаа байсан ийм гамшгийн унтарсан цог шиг улс орон болчихсон байх вий.

Аль нэг намаас өөр нам руу шилжих бол улс төрд байдаг зүйл, гайхах юм огт биш. Улс төрийн онцгой нөхцөлийн үед, тухайлбал Их хуралд суудал тэнцэх ч юм уу, ийм эзэгтэй үед намын дарга нар ямар нэгэн байдлаар мандатын тоогоо нэмж ялалтад хүрэхийг боддог. Харин энэ удаад, бүр тодруулбал Баянгол дүүрэгт нэг урваачийг хадаг барьж тосох шаардлага Ардын намд үнэндээ байсангүй. Тэртэй тэргүй нийслэл хотод баатарлаг ялалт байгуулсан нам нэг урваачийн өмнө сөхөрч, нэр нүүрээ барсан нь гутамшиг. Ардын нам маань арай ч ийм дээ тулаагүй дээ, яасан айхавтар ядарсан сэтгэлгээтэй болоо вэ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байна. Эцэст нь хэлэхэд, увайгүй байх нь хождог гэж уриалж яагаад ч болохгүй л юм даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч БААБАР “СССР-Хятадын харилцаа сайжрах нь та нарт хамаагүй” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг нэг өдрөөр ч захиалж унших боломжтой.

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралдтай ярилцлаа. Тэрээр “Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах талд яриа хэлэлцээр хийхэд “Рио тинто” хэзээд бэлэн” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: “Манай улс хилээ дан ганц хүний хүчээр хамгаалах боломжгүй, технологийн дэвшил ашиглах шаардлагатай” гэв. Хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч БААБАР “Ссср-хятадын харилцаа сайжрах нь та нарт хамаагүй” хэмээлээ.

“Томилолт” нүүрт “Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлэх “Таван толгой-Гашуунсухайт” төмөр зам” хэмээв.

Энэ дугаарын “Өд, бэх” буланд Сэтгүүлч Мунаагийн Батмөнхийн “Ийм нэгэн залуу” нийтлэл хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм. Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевичтой уулзлаа

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2020.10.27/ Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевичтой уулзлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр 2018 оноос “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн талаар талууд санал солилцсон юм.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич шат шатны сонгуулийн дараах төрийн албаны халаа сэлгээ нь Монгол Улс тогтвортой байдлаасаа ухрах асуудлыг бий болгох эрсдэлтэй үүнд онцгой анхаарах ёстой гэлээ.

Ковид-19 цар тахал, онцгой дэглэмийн үед мөн халаа сэлгээ хийх нь Төрийн албыг улам бүр хүчгүйдүүлэх, цаашлаад иргэдэд ч буруу ойлголтыг өгөх учир Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ. Цаашид УИХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хууль нь улс төрөөс хараат бус байх, тогтвортой байх, мерит зарчимд суурилсан зэрэг томоохон дэвшил авчрах сайн хууль болсон. Хуулийн хэрэгжилтэд тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа авч ажиллаж байна гэлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хяналтын эрхүүд нэмэгдэж, хянан шалгах түр хороо байгуулах эрх бий. Цаашид төрийн албанд ноцтой асуудлууд, зөрчил гарвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарч ажиллах болно гэдгээ онцоллоо.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд дэлхийн банкнаас санал болгоод буй сайн засаглалын хэмжүүр, шалгуурыг барьж ажиллаж, засаглалын өрсөлдөх чадварыг сайжруулах тухай онцгой анхаарах болно. Үүн дээр хамтран ажиллахад бэлэн гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиуудын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 12 цаг 00 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт зардал 186.9 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2019 оны гүйцэтгэлээс 11.7 хувиар буюу 19.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 48.5 хувиар буюу 176.1 тэрбум төгрөгөөр буурахаар тусгагджээ.Энэ нь УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчин өрхөд ноолуурын урамшуулал олгохоор тусгасныг хэрэгжүүлэхээр 175.6 тэрбум төгрөгийг урсгал шилжүүлгээр дамжуулан олгосон дүнгээр бууруулсантай холбоотой байна. 2020 оны тодотголоор батлагдсан төсөвтэй харьцуулахад урсгал зардлыг 171.0, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж төсөвлөсөн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсөвлөжээ.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв2021 онд 164 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн нь 2019 оны гүйцэтгэлээс 22.0 хувиар буюу 29,7 тэрбум, 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 4,2 хувиар буюу 6.6 тэрбумтөгрөгөөр тус тус нэмэгдсэн. 2021 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 7.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөсөн байна.

Засгийн газраас2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан гэж байв.

Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэдгийг онцоллоо.


Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд буюу 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийгчөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.

Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан гэж байлаа.

Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 онытөсвийннийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 164.3 тэрбум төгрөгөөр төлөвлөж 2020 оны тодотгосон төсвөөс 6.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 29.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээг 16.4 тэрбум, шинээр 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөхийн зэрэгцээ шинээр хэрэгжих 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 200.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 1 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдсан.


Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж байлаа.

Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлэх, төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвөлгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзжээ. Түүнчлэн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэндүгнэлтийг өгчээ.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл болон холбогдох яамны албан тушаалтнууд оролцсон.


Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Бат-Эрдэнэ,Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаар мэдээлэл хийлээ

Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд ажиллаж байсан мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд шилжүүлснээр дипломын мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага нь салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, урт, богино хугацааны захиалгат судалгааг хийлгэх, тодорхой үр дүнд хүрэх техник, технологийн судалгаа, нэвтрүүлэлтийг захиалах эрх, үүргийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын хувьд салбарын яамтайгаа уялдаа холбоогүй, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тогтолцоо алдагдахад хүргээд байгааг онцоллоо.

Түүнчлэн сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеиин шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод талын говийн, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнгүүдииг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн бодит ухралт бий болгож байна гэв.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, шат дараалалтай харилцан уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд нөлөөлөх бодит үр дагаварыг авчрахаар байна. Иймд газар нутгийн болон уламжлалт өв соёл нөөцбаялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлийн онцлогт суурилан Монгол улсыг олон тулгуурт эдийн засгийм бүтцээр хөгжүүлэхийн тулд алс хэтийн хараатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөдөө аж ахуйн салбарын бодлогыг зөв чиглүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.


Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байгаа аж.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн олонх нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлснээр хүрээлэнгийн бүтэц, орон тоо өөрчлөгдөх эсэх энэ асуудлаар судлаач, эрдэмтдийн байр суурь ямар байгааг тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн З.Мэндсайхан хариултдаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын харьяалалд шилжүүлснээр бүтэц орон тоо, төсөвт өөрчлөлт, боловсон хүчний дутагдалд орохгүйг тодотгоод харьяалал шилжүүлэх асуудлаар Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагатай уулзахад бидний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж байлаа. Мөн тэрбээр, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангахад чиглэж байна гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалалд байгааг өөрчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжүүлэх асуудлыг судалж, танилцуулах талаар Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Төсвийн төслийн хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 09 цаг 16 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.

Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан талаар Сангийн сайд танилцуулав. Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэв.

Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна.

Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд буюу 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.

Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болохыг сайд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төсвийн Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь өмнөх оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум төгрөг, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Төсвийн төсөлд өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум төгрөг, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай автозамын засвар арчлалтын улсын автозамын хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгийн зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал юм байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.7 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд, өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 5.4 тэрбум төгрөгөөр тооцож төсөвлөсөн нь 2020 оны батлагдсан төсвөөс 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь орон тоог 154-с 198 болгож 44-р нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 11.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.

Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна. Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна. Засгийн газрын гадаад өрийн зохистой түвшнийг баримтлах, гадаад зээлээр үр ашиг бүхий төслийг санхүүжүүлэн тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход хөгжлийн болон төсвийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурал 2021 оны төсвийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг анхааралдаа авч хэлэлцэн батлахыг дүгнэлтийнхээ танилцуулгын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хэллээ.

Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий аудиторын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авав. Жижиг дунд үйлдвэрийн сангийн хөрөнгө, зээл олголт, түүнээс үүдэн бий болох ажлын байрны талаарх асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, тус санд төсвөөс санхүүжилт хийгдэхгүй, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх 50 тэрбум төгрөгийн зээл олгох тооцоолол хийгээд байгаа гэв. Ирэх оны төлөлт 36 тэрбум байх төлөвлөлттэй, үүн дээр хугацаа хэтэрсэн зээлүүдийг шахаж авснаар төлөвлөсөн хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөөд байгаа аж. Нөгөөтэйгүүр, тус сан Засгийн газрын бондын эргэн төлөлт 41 тэрбум төгрөг төлөх ёстой учраас ирэх онд 91 тэрбум төгрөгийг бүрдүүлэх шаардлагатай, харин коронавируст цар тахлын эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үед амаргүй байгаа гэдгийг тэрбээр тайлбарлаж байв. Бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага байсаар атал дээрх санд улсын төсвөөс санхүүжилт хийхгүй байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв. Засгийн газрын тусгай сангууд 2021 онд олох ёстой 479 тэрбум төгрөгийн орлого төлөвлөгдсөн. Үүнд авлага тооцоогүй гэдгийг Сангийн сайд тайлбарлалаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 229.3 тэрбум төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 196.4 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 53.3 тэрбум төгрөг, үүн дээр зээл, тусламж, төслийн санхүүжилт эх үүсвэрүүд бий гэв. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хоёр үе шаттай зээлийн эх үүсвэр 24.9 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны 2 төслийн 72.1 тэрбум төгрөг, Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 1 тэрбум төгрөг гэх зэргээр нийлүүлвэл тус сан нийтдээ 576.9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй. Үүнээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл нь 400 тэрбум төгрөг гэдгийг Сангийн сайд дэлгэрэнгүй танилцуулаад “Хугацаа хэтэрсэн, асуудалтай хэсэгтэйгээ ажиллахгүй атлаа мөнгө нэхээд байдаг явдлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн” гэв. Сайн ажиллавал дээрх хэмжээний буюу 451 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжтой гэж үзээд төсвөө төлөвлөсөн гэдгээ Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.

Боловсролын салбарт ирэх дөрвөн жилд чанарын дэвшил гаргах зорилт дэвшүүлэн, үүнтэй холбоотой арга хэмжээ, хөтөлбөрийг жил бүрийн төсөвт тусгаад ажиллаж байгаа талаар Л.Цэдэвсүрэн сайд тайлбар, мэдээлэл өгөв. Боловсролын зээлийн сангаас тэргүүлэх 4 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад сургалтын төлбөрийн зээл олгох бодлого баримталж байгаа юм байна.

Ирээдүй өв санд ирэх жилд 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөлд тусгасан байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт нийтдээ 3.6 их наяд төгрөгийн орлого ордог ба өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалаас олж буй орлогоо дутуу бүрдүүлж байна гэж дүгнэсэн тул хил гаалиа шинэчлэх замаар баялагаас авч буй орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг төлөвлөн, гүйцэтгэж байгаа талаар Сангийн сайд тайлбар, мэдээлэл өгсөн. Хуралдааны үеэр Б.Энхбаяр, Х.Болорчулуун зэрэг гишүүд төсвийн төсөл дээр хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт тэгш бус байгааг шүүмжилж байв. Төсвийн хөрөнгө оруулалтыг жил, жилээр харах боломжгүй, бүтээн байгуулалтын ажлуудаас шалтгаалан хөрөнгө оруулалтууд хийгддэг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв. Тухайлбал, концессоор эхлээд 6 жил гаруй үргэлжилсэн Говь-Алтай аймаг руу барьж буй замын ажлыг хүлээн авах 90 тэрбум төгрөгийг төсөлд тусгасны улмаас тус аймгийн төсөв өндөр дүнтэй харагдаж буйг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүд аймаг, орон нутагт улсын төсвөөс гадна зээл тусламжийн хөрөнгө, эх үүсвэрээр олон арга хэмжээ, төсөл, хөтөлбөр хэрэгждэг гэдгийг анхаарах шаардлагатайг тайлбарлаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, хөрөнгө оруулалт нэмэх, хасах боломж хуулиар хязгаарлагдсан учир парламент төсвийн хэлэлцүүлэгт бүтээлч хэлбэрээр л оролцох боломжтой гэдгийг онцлов. Засгийн газар төсвийн төслийг хариуцлагагүй боловсруулж ирсэн бол дээрх нөхцөл нь маш эрсдэл дагуулах, улсын эдийн засгийн макро түвшний хөгжилд хор хөнөөлтэй гэдгийг тайлбарлав. Иймд төсвийн төслийг хэлэлцэх хугацааг сунгах, Улсын Их Хурлын гишүүдэд төсөлд бүтээлчээр хандаж, ажиллах бололцоог бүрдүүлэх үүднээс холбогдох эрх зүйн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байв. Төсвийн төслийн боловсруулалтад орон нутгийн оролцоог хангах, тэдгээрт төсөв хуваарилахдаа аймгуудын үйл ажиллагаа, үр ашгийг харгалздаг эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Х.Болорчулуун нар асуухад эдгээр нь холбогдох хууль, тогтоолын зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгддэг гэдгийг Сангийн сайд хэллээ.

Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар ажиллахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бусдад цэцэг бэлэглэхэд учир бий

Ямар цэцгийг цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Сагстай цэцэг, төрсөн өдрийн болон хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын цэцэг буй. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь байдаг. Амьд цэцгийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэх бус гашуудалд ч мөн хэрэглэх болжээ.

Хонгорзул

Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.


Кактус

Хүнд бэлэглэдэггүй.


Нил цэцэг

Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.


Хризантем

Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.


Голт борын цэцэг

Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн билэгдэл.


Сараана

Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.


Шар сарнай

Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.


Улаан сарнай

Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг.


Цагаан сарнай

Эрүүл мэндийг бэлгэддэг. Мөн хуримд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.