Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, 655 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 655 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн шатны сувиллын ажиглалтад шинжлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин суух визийн зөрчилтэй иргэдийн анхааралд

БНСУ-д оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн иргэд жагсаалтын дагуу тусгай үүргийн нислэгт багтсан ч БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт сайн дураар нутаг буцах хүсэлтээ бүртгүүлээгүйгээс Инчон ОУНБ-аас нутаг буцаж чадалгүй буцаагдах тохиолдол гарсаар байна. Иймд визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

1. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.

2. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.

3. БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консул хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

Categories
мэдээ нийгэм

“Өргөө” кино театрын гудамжийг өнөөдөр нээнэ

Баянгол дүүргийн 13 дугаар хороо буюу “Өргөө” кино театрын гудамжийн зам засварын ажлыг аравдугаар сарын 2-нд нээх гэрээтэй ч энэ хэсгийн авто замын ачааллыг тооцоолон, өнөөдөр нээхээр болжээ.

Харин авто замыг нээсэн ч явган хүний зам, тэмдэг, тэмдэглэлийг хийхээр ажиллахыг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

8 настай хүү буугаар тоглож байгаад 6 настай дүүгийнхээ аминд хүрчээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна.

Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилбал, есдүгээр сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй 8 настай Б, эмэгтэй 6 настай Д нар тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож байгаад буу алдсан байна.

Улмаар ах 8 настай Б эрэгтэй нь төрсөн дүү зургаан настай эмэгтэй Д-г буудаж амь насыг нь хохироосон хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Томчуудын хайнга, хэнэггүй байдлаас болж хүүхдүүд буугаар тоглож байгаа сум алдах тохиолдлууд гарсаар байна. Энэ мэт аймшигт хэргүүд зөвхөн томчуудын хариуцлагагүйгээс үүдэлтэйг ухаарч, дор бүрнээ хүүхдээ хаана юу хийж, юугаар тоглож байгааг анхаарч, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байх ёстойг эцэг эхчүүдэд сануулахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт болон аравдугаар сарын эхээр нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, аравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгаар, есдүгээр сарын 30-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар, аравдугаар сарын 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2020 оны 10 дугаар сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Булганы зүүн, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж/ОЖД/-аас 1-2°C-аар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол Хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Дундговийн өмнөд хагаст ОЖД – аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Монголбанкны гадаад санхүүжилтийнх нь 80 гаруй хувь БНХАУ-тай хамааралтай байна

-ТӨР ӨРИЙН УДИРДЛАГАА ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЯВАА УЧРААС ӨР БОЛОМЖ БИШ, ДАРАМТ БОЛЖ ХУВИРААД БАЙНА-

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Монголын гадаад өрийн ихэнх нь Засгийн газрын өр гэж мэдэгдсэн. Ер нь манай улсын гадаад өрийн хэчнээн хувь нь Засгийн газрын өр байгаа вэ?

-Юуны өмнө бид өр гэж юу болох, яагаад Монгол Улсын хувьд өр нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар ярих нь зүйтэй. Санхүүгийн ойлголтын хүрээнд өр гэдэг нь санхүүжилтийн хэрэгсэл. Улс орон, бизнесийн байгууллагын хувьд түүнийг ашиглан хөгжих боломжийг дэмжих эх үүсвэр. Гэтэл бид төрийн түвшинд өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас өр нь боломж биш, дарамт болж хувираад байна. Энэ нь бидний гол асуудал. О.Амартүвшин ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Эдгээр өрийн дийлэнх нь цөөн салбар, томоохон төрийн өмчит компаниудад төвлөрч байгаа нь үнэн. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар бидний нийт өр 30.8 тэрбум доллар байгаагийн 21 орчим тэрбум нь хувийн хэвшилд хамаарч байна. Үүний 11 тэрбум нь шууд хөрөнгө оруулалт юм. Хувийн салбарын өрийн дийлэнх нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болж буй уул уурхай, банк санхүүгийн салбарт хамаардаг. Товчхондоо эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт төвлөрч байгаа. Шууд хэлэхэд, энэ салбарууд л гадаад санхүүжилтийг авах боломж өндөр байна. Бусад салбарууд тодорхой хэмжээний гадаад санхүүжилтийг ашиглаж байгаа ч энэ нь бага, тогтвортой бус. Тэгэхээр хувийн хэвшлийн өрийг шүүмжлэхээс илүү улс орны хөгжлийн тогтвортой бодлого, макро орчны тогтвортой байдалд анхаарч цаашид гадаад санхүүжилтийг олон салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу.

-Засгийн газрын өр гэхээр дотроо яаж ангилагдаж байна. Бондын өр хэчнээн хувийг нь эзэлж байна вэ?

-Дээр дурдсан хугацааны мэдээгээр Засгийн газрын нийт өр 7.8 тэрбум ам.доллар байна. Эдгээр нь бүгд урт хугацаатай. Бонд 2.75 тэрбум, урт хугацаат зээл 5.14 тэрбум доллар байна. Сүүлийн жилүүдэд гадаад өрийн дотор Засгийн өрийн хэмжээ, хувийн жин нэмэгдэж байгаа.

-Хятад улсаас авсан өр нийт өрийн хэчнээн хувийг эзэлж байна вэ. Лав л своп хэлцэл нэрээр баахан өр тавьчихсан. Урд хөршөөс авсан өр Монгол Улсын өрийн ихэнх хувийг эзэлдэг, аюулгүй байдал талаас харвал онцгой анхаарахаар асуудал гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улсын нийт гадаад өр нь тодорхой улсуудаас гадна, олон улсын санхүүгийн байгууллагууд болон олон талын оролцоотой өрөөс бүрддэг. Бидний хувьд гадаад худалдаа, эдийн засгийн хувьд БНХАУ-тай өргөн хүрээний хамтын ажиллагаатайгаас гадна хамаарал нэлээд өндөртэй байдаг. Харин өрийн хувьд энэ нь харьцангуй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлаас бага хамааралтай гэж хэлж болохоор. Засгийн газрын нийт өрд эзлэх БНХАУ-аас санхүүжүүлсэн зээлийн эзлэх хувь 12 орчим, зээлийн санхүүжилтэд эзлэх хувь 19 орчим хувьтай байна. Голлох санхүүжилтийг олон талын оролцоотой зээл, Япон улсын зээл эзэлж байгаа. Таны дурдсан санхүүжилт нь Төв банкинд хамаарна. Монголбанкны хувьд нийт гадаад санхүүжилтийн 80 гаруй хувь нь БНХАУ-тай хамааралтай байна. Бидний хувьд энэ асуудалд ерөнхий нөхцөл байдал буюу худалдаа, эдийн засгийн хамааралтай байдалд суурилан эмзэг ханддаг байхыг үгүйсгэхгүй. БНХАУ бидний гол хөршөөс гадна өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаа, дэлхийд өөрийн нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж тэргүүлэх гүрний төлөө өрсөлдөж яваа. Олон улс орон Хятадтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай байхыг хичээж байгаа. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа дэд бүтцийн төслүүдийн дийлэнх нь БНХАУ-ын санхүүжилтээр хийгдэж байна.

-Хятад улсад өгөх өрөө өгч чадахгүйгээс болж газар нутгаа алдсан, хэцүү байдалд орсон улсын жишээ өчнөөн сонсогддог. Онцолж хэлбэл, ямар улсууд газар нутгаа алдах гэх мэт том эрсдэлд орж байсан бол. Бидэнд тэгж болгоомжлох шалтгаан бий юу. Шуудхан хэлэхэд, ганц улсаас хамаатай өрийн хавханд орчихсон юм биш үү, бид?

-Ийм эрсдэлд орж байсан тохиолдол бий, орж болзошгүй улс орнууд байгааг дэлхийн томоохон судалгааны байгууллагууд анхааруулж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр БНХАУ нь жижиг улсуудад өр зээлийг ихээр өгч байгаа, тэр хүрээнд таны дурдсан өрийн хавханд орж байгаа болзошгүй улсуудын тоонд Монгол Улсыг хамруулсан байсан.Гэхдээ бид ямар эх сурвалжаас, ямар зорилго, үндэслэлтэйгээр тийм мэдээлэл, судалгааг гаргаж байгааг анхаарах нь чухал.

Бид хөгжлийн хангалттай түвшинд хүрч чадаагүй, жижиг улс болохын хувьд гадаад санхүүжилтийг ашиглахын зэрэгцээ тодорхой талаас хамаарах байдлыг хэт нэмэгдүүлэхгүй тал дээр анхаарах нь зүйтэй юм. Гэхдээ энэ нь зөвхөн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарахгүй, улс төр, гадаад бодлого, гадаад харилцаа нь энэ хүрээнд ихээхэн чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. Бидний хувьд шууд ийм эрсдэл тулгарсан гэж хэлэх нөхцөл хараахан бүрдээгүй гэж үзэж байна. Энэ нь сая танд дурдсан тоо баримтуудаас харагдаж байгаа. Харин өрийн ерөнхий түвшин бол сэтгэл зовох асуудал мөн. Өрийн удирдлагаа сайжруулах, эдийн засгаа хүчирхэг болгоход анхаарах шаардлага бий.

-Сая манайх Хятад улсаас дахиад зээл авчихлаа. Одоогоор зээл авах боломжтой ганц улс нь Хятад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бид цар тахалтай холбоотой хүндрэлийг даван туулахын тулд зайлшгүй гадаад санхүүжилтийг ашиглах шаардлагатай. Зөвхөн БНХАУ-аас гадна олон улсын бусад байгууллагуудаас ч тодорхой санхүүжилтийг авч байна. Одоо гэхэд л олон улсын зах зээлд бонд гаргах ажлыг эхлүүлээд байна. БНХАУ-ын хувьд бидний гол хөрш, түнш улс яах аргагүй мөн. Мөн эдийн засаг, санхүүгийн хувьд хүчирхэг, эдийн засаг нь харьцангуй хурдан сэргэх хандлагатай байгаа зэрэг нь санхүүгийн түвшинд хамтран ажиллах шаардлагыг бий болгож байна л даа.

-Саарал, хар жагсаалт барууны, гуравдагч орнуудаас зээл хөрөнгө татахад хэр сөрөг нөлөө үзүүлж байгаа бол?

-Энэхүү жагсаалтын үндсэн агуулга нь тухайн улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоо сул, эргэлзээтэй гэдгийг илтгэдэг. Иймээс гадаад зах зээлтэй харилцах санхүүгийн бүхий л харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа. Эх үүсвэр татах боломж, өртөгт сөрөгөөр нөлөөлөхөөс гадна төлбөр тооцоонд хүчтэй сөргөөр нөлөөлж байна.

-Засгийн газар анх Чингис бондыг гаргахад хүү нь бага байсан. Одоо хүү нь улам л өсөөд, нэмж зээл авахад төвөгтэй байдал үүсчихсэн. Засгийн бондын хүү өсөхөд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй орчин маш том нөлөө үзүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү, нийлэх бол яагаад?

-Санал нийлж байна. Бас дээр нь таны хэлсэн улс төрийн тогтворгүй байдал, бодлого мөн тогтворгүй ойлгомжгүй байгаагаас шалтгаалж бий болсон Монгол Улсын эдийн засгийн эмзэг, нэг салбараас хараат байдал нь үүнд хүчтэй нөлөөлсөн. Энэ утгаараа таны хэлсэн шалтгаанууд үндсэн шалтгаан мөн л дөө. Харьцуулалт хийж харъя. Бид 2012 онд таван жилийн хугацаатай Чингис бондыг 4.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 оны эхний хагаст гаргасан Мазаалай бондын хүү 10.875 байсан. Энэ нь өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд биднийг үнэлэх үнэлэмж хэрхэн буурсныг харуулж байгаа хэрэг. Хэдийгээр дэлхийн зах зээлийн нөхцөл байдал муудсан нь нөлөөлсөн ч үндсэн шалтгаан нь бидний сүүлийн 30 жилд эдийн засгаа зөв хөгжүүлж чадаагүй, төсөв, өрийн зөв бодлого хэрэгжүүлж чадаагүйн үр дагавар. Үүний дараа бид ОУВС-тай хамтарч чадсаны үр дүнд 2017 оны сүүлийн хагаст Гэрэгэ бондыг 5.63 хүүтэй гаргаж чадсан. Энэ нь хүү гэдэг зүйл нь тухайн улс орны улс төр, эдийн засгийн суурь хүчин зүйлээс хүчтэй хамаардгийг илэрхийлж байгаа хэрэг. Энэ асуудалд гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлаас гадна дотоодын зах зээлийн Засгийн газрын үнэт цаасны, банк санхүүгийн зах зээлийн хүүгийн асуудал мөн хамаарна.

-Засгийн бондын хүү өндөр байгаа учраас бонд нэмж гаргахад эрсдэлтэй гэж харж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Бондын хүү өндөр байгаа нь бидний гол эрсдэл биш. Бондын хүүг өндөр байхад хүргэж байгаа шалтгаан нь бидний гол эрсдэл. Дээр дурдсан улс төр, эдийн засгийн гол хүчин зүйлсийг сайжруулах замаар санхүүгийн нөхцөл байдлаа эрүүлжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Ингэж чадвал бид бага хүүтэй бонд авах боломжтой болно. Эдгээр нөхцөлийн улмаас Монгол Улсын эрсдэл, түүнд суурилсан зээлжих зэрэглэл сайжрахгүй байгаа нь зээлийн хүү өндөр болоход нөлөөлж байна. Тодруулбал, дээрх ерөнхий хүчин зүйлсээс гадна төсвийн бодлого, өрийн удирдлага, төлбөрийн тэнцэл зэрэг олон зүйлсийг сайжруулах шаардлага байна. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд бид өндөр хүүтэй бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх, өрийн удирдлага нь оновчтой бус байгаа үед эрсдэл байсаар байх болно. Өнөөдөр Fitch агентлагаас Монгол Улсын Засгийн газрын санал болгохоор зэхэж буй бондод В зэрэглэл тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдалд боломжийн үнэлгээ.

-Зээлжих зэрэглэл муу, бондын төлбөр өндөр учраас аж ахуйн нэгжүүдэд гаднаас санхүүжилт босгоход хүндрэлтэй болсон гэх шүүмжлэлийг олон эдийн засагч хэлдэг. Энэ шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Өнөөдөр Монгол Улсын зэрэглэл муу байгаа нь аж ахуйн нэгжүүдийн зэрэглэл, гадаад санхүүжилт авах боломжийг хязгаарлахаас гадна зардлыг нэмэгдүүлж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх гол нөхцөлүүдийн нэг болж байна.

-Дараа жилээс бондын төлөлтүүд их хэмжээгээр хийгдэнэ. Бидэнд тийм боломж байна уу. Бондын төлөлтийг шийдэх боломжтой хувилбарууд гэвэл та ямар гарц шийдлүүдийг санал болгох вэ?

-Санхүүгийн нөөц бололцоогоо харвал бид өөрсдийн дотоод боломжийг ашиглан барагдуулах боломж байхгүй. Үүнд бид өнөөг хүртэл эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлж сууриа бэхжүүлж чадаагүйгээс гадна уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг үр ашигтай зарцуулах, эрсдэлийг бууруулах зорилгоор хуримтлуулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй байдал, цар тахалтай холбоотой эдийн засаг уналтад орсон, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн байдал нөлөөлж байгаа. Иймд бидний хувилбар нь өрийг өрөөр солих, цаашид олон удсын байгууллагатай хамтран ажиллах шаардлага үүсэх болно.

-Засгийн газар том төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа ч өнөөхөндөө төмөр зам, нефтийн үйлдвэрээс өөр гялайх төсөл алга. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Төслүүдээ санхүүжүүлэх мөнгийг Засаг өөрөө бонд гаргаж босгох боломжтой юу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар төслөө хөдөлгөсөн нь дээр үү?

-Сайн төслийг бонд гаргаж санхүүжүүлэх боломж бол бий. Гэхдээ үүнээс гадна бид төсвийн удирдлагыг сайжруулах замаар нэн тэргүүнд шаардлагатай эдийн засгийн суурийг дэмжих томоохон төслүүдээ санхүүжүүлэх, давын өмнө шаардлагагүй, үр дүн нь ойрын ирээдүйд гарах магадлал багатай бүтээн байгуулалтаасаа татгалзах асуудлыг шийдвэрлэх нь чухал. Ингэж чадахгүй байгаагаас маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй төсөл хөтөлбөрт зарцуулж, энэ нь эргээд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь бидний бас нэг гол боломжуудын нэг мөн. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд бодлого тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм.

-ОУВС-гийн хөтөлбөр яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд хэр сэтгэл хангалуун байгаа бол. Зарим эдийн засагч валютын сангийн хөтөлбөр үргэлжлэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэж байна. Энэ тал дээр таны төсөөөлөл, таамаг ямар байгаа вэ?

-Валютын сангийн хөтөлбөр хэрхэн дууссан, үр дүнг хэрхэн үнэлсэн тухай Засгийн газрын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна. Саяхан АНУ-ын Элчин сайдын яамнаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” тайланг танилцуулахдаа амжилтгүй болсон талаар дурдсан байна. Тэр тайланд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг хүчин зүйлс олон байгааг дурдсан байна.ОУВСангийн хөтөлбөрийн хүрээнд явцын үнэлгээнүүд сайн байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид валютын сангийн хөтөлбөрийн зорилтод тусгагдсан зарим ажлуудыг хангалт муутай хийсэн байх талтай.

Ерөнхийдөө 2016 оны нөхцөл байдал нэлээд дээрдсэн боловч төсвийн удирдлага, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого зэргийн хувьд алдаа гаргасан гэж би хувьдаа үзэж байна. Ялангуяа засаглал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг бий болгох тал дээр бид дорвитой зүйл хийж чадаагүй.

-Саарал жагсаалтаас гарах боломж харагдаж байна уу, танд?

-Энэ нь бидний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа үндсэн хүчин зүйлсийн нэг. Сааралт жагсаалтад оруулахдаа бидэнд үндсэн дөрвөн чиглэлд зургаан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт өгсөн санагдаж байна. Монголбанкны зүгээс өгч байгаа мэдээллээр энэ тал дээр бид нэлээд үр дүнд хүрч энэ оны эхний хагаст хоёр удаагийн тайлангийн хүрээнд эдгээр шаардлагыг биелүүлсэн гэсэн хариултыг авсан гэж ойлгосон. Иймд бидэнд тодорхой хэмжээний найдлага бий болох үндэслэл байна. Бас нэг сөрөг туршлага нь тухайн жагсаалтад орсон улс 12 сарын дотор гарч байсан тохиолдол маш бага юм билээ.

-Зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ яг одоо хэдэн хувь болчихсон бэ, цаашид ер нь хэдэн хувь байвал эдийн засагт илүү эрсдэлгүй байх бол?

-Гадны эх сурвалж 77 хувь гэж мэдээлж байгаа бол саяхан батлагдсан төсвийн тодотголын баримт бичигт 2020 онд 62.2 хувь, 2021 онд 58.4 хувь байхаар оруулж ирсэн байсан. Өрийн түвшингийн хувьд бүх улс оронд тохирсон оновчтой хувь гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа бид өндөр хөгжилтэй, эдийн засаг, санхүүгийн нөөц сайтай улсуудтай харьцуулах нь бүр утгагүй зүйл. Харин өрийн сэрэмжлэх ерөнхий түвшин гэж байдаг. Энэ нь олон улсын түвшинд өрийн ерөнхий түвшин 40 хувь гэсэн байдлаар тодорхойлогддог. Бид анх энэ хувь хэмжээг баримжаалж төсвийн эрх зүйн орчиндоо тусгасан боловч энэ тоог шаардлагатай тухай бүр өөрчлөх, хуулийн үйлчлэлийг хойшлуулах замаар өрийн хэмжээг нэмэгдүүлж байна. Иймд бидний хувьд өрийн асуудал тулгарч байгаа нь биднийг өрийн хэмжээгээ хэтрүүлснийг илэрхийлж байгаа гол хэмжүүр гэж хэлэх нь зүйтэй байх. Өрийг авч болох боловч тэр нь үр ашигтай зарцуулагддаг, эргээд төлөхөд асуудал тулгарахгүй бол энэ нь өрийн түвшин тухайн эдийн засгийн хувьд нийцтэй байна гэж үзэж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Саруул-Од: Ардын сайхан дуунуудаа жазз хэлбэрт хөрвүүлж, орчин үеийн хэв маягаар эгшиглүүлнэС.

Монгол Улсын Филармони 49 дэх жилийн үзвэрийн нээлтээ Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор энэ сарын 26-ны өдөр тайзнаа нээхээр болсон байна. Тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн авч шинэчлэн үзэгчиддээ хүргэх юм.

Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын Удирдаач СТА С.Саруул-Одтой ярилцлаа.


-Монголын эстрад урлагийн гол төлөөлөгч яах аргагүй “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” хамтлагуудыг нэрлэдэг. Төрийн шагналт “Баян Монгол” чуулга анх хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?

-Жазз хөгжим өөрийн өнгө аяс хөг хэмнэлээрээ дэлхийд гайхагддаг дахин давтагдашгүй эрх чөлөөг илэрхийлдэг. Анх 1969 оны долдугаар сарын 10-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хүргэж байсан нь Монгол Улсад эстрад, жазз урлаг хөгжих эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Тухайн үед ажиллаж байсан залуусыг мэргэжил дээшлүүлэх үүднээс Польш руу сургалтад явуулж байсан юм билээ. 1972 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баян Монгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон бусад дуучдыг нэгтгэн “Улсын филармони”-ийг байгуулсан. Ийнхүү Монгол Улсад анхны концертын жазз “Big band” буюу жазз найрал хөгжим бий болсон.

-“Баян Монгол” чуулга 50 жилийн хугацаанд олон сайхан уран бүтээлийг туурвижээ. Тухайн үеийн ахмад уран бүтээлчдийн талаар ярихгүй юу?

-“Баян Монгол” чуулга маань Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалын үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлжээ . Манайчуулгад маш олон хүн уран бүтээлээ туурвиж, түүгээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан. Олон сайхан уран бүтээл туурвин түгээж, тайзыг эзэгнэж байжээ. Гавьяат Х.Төмөрбаатар, Л.Оюунчимэг, М.Янжиндулам зэрэг алдартнуудыг дурдахгүй байж болохгүй. Мөн одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа УГЗ ТШ Б.Нямдорж, УГЗ, төрийн шагналт Б.Ганбат, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Н.Оюунчимэг гэх мэт ахмадууд маань байна. Түүнчлэн, В.Оросоо, Ардын жүжигчин Б.Дамчаа гуай манай чуулгатай хамтарч уран бүтээл хийдэг байлаа. Тухайлбал, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Таксийн цоохор машин” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлийг амилуулсан байдаг.

1970, 1980-аад оны үед театр, чуулгуудын дэргэдэх хамтлаг маш олон байсан. 1980-аад оны сүүлээр рок “Харанга”, “Хурд” хамтлагууд гарсан. Энэ бүхний суурь нь “Баян Монгол” чуулга, ахмад уран бүтээлчид маань билээ.

-“Ковид-19” цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед үзвэр үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулаагүй удсан байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр явагдаж байв?

-Өнгөрсөн онд манай чуулганы 50 жилийн ой тохиосон. Ойдоо зориулж ахмад үеийнхээ бүтээлүүдийг шинэчилж мөн ардын богино дуунуудыг жазз хэлбэрт найруулж түүгээрээ хос цомог гаргасан. Бүх уран бүтээлчид намар цагийн нээлт хийн үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулздаг. Манай улсын филармонийн 49 дэх жилийн үзвэрийг нээхээр болсон. Тэгээд бид 30,40 онд монгол хэлэнд орчуулагдаж байсан “дагшаа” гэдэг гуулин үлээвэр хөгжмийн нэрээр, мөн гоё дэгжин байдлаар “Ганган” гэдэг орчин үеийг хамтатган “Ганган Дагшаа” хэмээн нэрлэсэн.

-Өнгөрсөн онд “Баян Монгол-50 жил” гэсэн пянз гаргасан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Энэ ажлуудын дундаас хамгийн чухал нь пянз, мөн хос цомог гаргасан явдал юм. “Баян Монгол” пянзыг 1981 онд гаргасан байдаг. 1980-аад он бол манай чуулга байгуулагдаад 10 гаруй жил болчихсон, нийгэм дэх үүрэг оролцоогоо ухамсарласан, уран бүтээлүүд нь амжилттай явагдаж, ард түмэнд хүрч байсан үе. Үнэхээр тэр цаг үе бол гайхамшигтай байсан гэж дүгнэх нь зүйтэй. Тэр үед гаргасан пянз Монголын ард түмэнд маш том соён гэгээрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Иймд пянзанд орсон бүтээлүүд бол “Баян Монгол” чуулгын хувьд хүн бүрийн сэтгэлд хүрсэн классик бүтээлүүд. Энэ бүтээлийг өнөө цагийн уран бүтээлчид бид найруулга, дуучдын чадвартай хоршуулж зарим дууг нэлээн өөрчилж гаргалаа. Мөн хос цомогт монгол ардын дуунууд, пянзанд ороогүй бүтээлүүд, мөн Монголын рок поп хөгжмийн шилдгүүдийг найруулж гаргалаа.

-Ингэхэд та хэзээ “Баян Монгол” чуулгатайхолбогдож байв?

-Би чинь багаасаа л цэргийн хөгжимд байсан. 2009 онд удирдаачийн мэргэжил эзэмшиж 2012 оны сүүл хүртэл цэргийн хөгжимд удирдаачаар ажиллаж байсан. Тэгээд 2013 оноос одоог хүртэл “Баян Монгол” чуулгад мэргэжлээрээ ажиллаж байна.

-Удирдаач хүн ямар байх ёстой вэ. Их хариуцлагатайажил уу?

-Хөгжимчин болгонд хувь нот гэж бий. Тухайн хөгжмийн зэмсэг бүрийн ааш араншин техникийн боломжид нь тохируулан зохиолынхоо утга санаа, уран дүрслэлийг хөгжмийн зохиолч хүн бичсэн байдаг. Тэр болгоныг нэгтгэн зангидаж эгшиглүүлдэг. Олон хүнтэй зэрэг ажиллана, маш хариуцлагатай мэргэжил.

-Улсын филармонийн үзвэрийг “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлээрээ нээнэ. Энэхүү уран бүтээлийн гол онцлогийн талаар яриач?

-Бидний энэ тоглолт Монголыхоо уран бүтээлүүдийг жазз хэлбэрт хөрвүүлж олон түмнийсанаанд хадаатай байдаг дуу эгшгүүдийг орчин үеийн хэв маягт хэрхэн нийцүүлсэн нь сонирхолтой сайхан тоглолт байх болно. Мөн бид тайз, гэрэл техниктээ бас сонирхолтой шийдлүүд хийсэн байгаа. Тоглолт болгон дээрээ аль болох шинэ, содон бүтээлүүдийг сонгон тоглохыг хичээдэг. Тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, СТА Б.Дэлгэрбаяр, СТА Н.Наагий, Ц.Хулан, Л.Насанбуян болон дуучин СТА С.Сэрчмаа, нар оролцохоор болсон байгаа.

-Орчин үеийн залуусын хөгжмийн боловсрол, үзэгчдийн хандлага ямар түвшинд байгаа гэж харж байна вэ?

-Сүүлийн үеийн залуус жазз хөгжмийн тэр мэдрэмжийг илүү их ойлгож сонирхож байгаа. Хөгжмийг тоглож буй хүмүүс, сонсож буй үзэгчид нь нэгэн агаарт цугтаа сэтгэлийн таашаал эдлэх нь хүнийбас нэгэн аз жаргал юмуу даа.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсодном: Хүний сэтгэлийн жолоог сул тавихаас илүү аюултай юм байдаггүй


-ГЭРЛЭХ ГЭЖ ЯАРАХ БИШ, ТАНЬЖ МЭДЭХЭД ЯАРАХ ХЭРЭГТЭЙ

Академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.


-Монголчууд эрт үеэс хань ижлээ сонгохдоо удам судрыг нь хардаг уламжлалтай байсан. Ёс суртахуунтай гэр бүлээс амар тайван амьдрал цогцлох болов уу?

-Ямар ч хүнд багын суурь хүмүүжил гэж бий, бага балчир наснаас нь хүний хүмүүжил төлөвшилд анхаарах ёстой. Ерөөс хэн болж өсөх вэ гэдэг суурь 5-6 насанд тавигддаг. Худалч хулгайч, эсвэл зөөлөн нинжин сэтгэлтэн болох эсэх нь энэ насанд тавигддаг гэсэн үг. Чингис хааны үеэс л үүнийг монголчууд мэдэж ирсэн, баримт нь ч бий. Дайн тулаан болоход дайны таваг /ор мөр/ дээрээс 5-6 настай хүүхдийг сонгож аваад Өүлэн эхэд өгч хүмүүжүүлж, өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгон хүмүүжүүллээ гэдэг байсан. Тэд Чингисийн өмнөөс гал усанд орохоос ч буцахгүй, хамгийн үнэнч зүтгэгч нар болсон байгаа юм. Төрсөн ах дүү нараас нь илүү Тэмүүжинд тус болж байсан түүхийн баримт бий. Тэгэхээр сурган хүмүүжүүлэх, ёс суртахууны талаас ч авч үзсэн 5-6 насанд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хоёр хөлтөнд хамгийн эрхэмлэвээс зохистой зүйл бол ёс суртахуун юм. Ёс суртахуунгүй учраас л хүчирхийлэл, харгислал үйлдэгч болж байна.

-Энэ насанд нь хүмүүжүүлж чадаагүй хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч ч болж өсөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Траншейны хүүхдүүд гээд л 5-6 насанд нь хэн ч тоохгүй хаячихсан үзэгдэл бий. Одоо тэдний зарим нь босч ирээд хүчирхийлэгч болж байна. Хатуухан хэлэхэд, мал амьтныг янзалчихад тун амархан. Харин хүн гэдэг энэ амьтныг хууль эрх зүйн хүрээнээс өөр яаж ч болохгүй. Хүчирхийлэл бол нийгмийн дотор гарч байгаа аюултай үзэгдэл. Ингэж дураар нь тавьчихаар түймэр алдаж байгаа юм шиг нөхцөл үүсч буй. Тэгэхээр ард түмнийг удирдаж байгаа улсууд энэ асуудалд толгойгоо ажиллуулж, анхаарах хэрэгтэй байгаа юм. Хүчирхийлэл зах зухаасаа илэрч байна, цааш яаж ч магад. Нүдэн балай чихэн дүлий л явна. Хэрэг зөрчил гарвал хүчний байгууллагын хэдэн цагдаа, хамгаалалт гаргаж, биеэрээ зүтгэж байна. Үүний эсрэг ажиллахгүй бол нийгмийг чичрүүлж доргиулсан, доош татсан хор хохиролтой. Хүн ёс дагана, нохой яс дагана гэдэг юм. Тэгэхээр ёс суртахуунтай хүн бий болгохын төлөө бодох сэтгэх, ажиллах цаг нэгэнт тулж иржээ.

-Буурлууд маань удам судар сайтай хүнтэй гэр бүл болгоно гэж захидаг. Магадгүй өөрийнхөө үндэс угсааг ирээдүйд хэн нэгэн хүчирхийлэгчийн золиос болгохгүйн тулд, эсвэл удмаасаа хүчирхийлэгч төрүүлэхгүйн тулд их ажигч ханддаг байх?

-Гэрлэлтээс урьд удам судрыг судална, үгүй ядахдаа манай хүү морь жилтэй, тэдний охин нохой жилтэй учраас ивээл гэж шинжинэ. Мөн зурхайн ёсоор тал мэнгийг нь үзүүлнэ. Энэ бол шашин биш, харин шинжлэх ухааны салбар юм шүү. Айл гэр болж хүнтэй гэрлэхэд дандаа инээгээд явахгүй. Нэг ёсондоо бүхэл бүтэн сорилт, туршилт явж буй юм. Монголчуудын ойлголтоор хүний амьдралд гурван том баяр байдаг. Ертөнцөд мэндэлсэн үрийнхээ чихэнд нэрийг нь шивнэснээр энэ баяр эхэлдэг. Дараа нь, эрэгтэй хүүхдийг сондгой тоонд, эмэгтэй хүүхдийг тэгш тоонд даахийг нь үргээнэ. Гурав дахь баяр бол, хурим найр, ёс төрийн тухайд юм. Хурим гэдэг бол ах дүү төрөл төрөгсдөөс эхлээд олон хүний ерөөл шингэсэн хамгийн чухал бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал. Одоогийн энэ цаасан дээр бичсэн гэрлэлтийн баталгаанаас ч илүү баталгаа болдог. Найр хуриман дээр олон сайхан зан үйл болно, захиас үг хэлнэ. Харийн газар хатуу, хүний газар хэцүү, хүчгэний нүх бүдэргээтэй шүү. Хонио ирэхэд хоолбой гээд гараарай, хов жив ирвэл хойш суугаад хоцроорой гэх мэтчилэн ийм сайхан захиасыг хэлж мордуулдаг. Энэ нь нэг ёсондоо том семинар юм шүү. Орчин үед ч хурим найр хийх гэж дуртай дургүй дуу хашгируулаад л, хэдэн төгрөг аваад алга болж байна. Аливаа зүйл ёс төртэй явахгүй байгаа урчаас “хүн ёс дагана, нохой яс дагана” гэдэг үгийг хэлээд байгаа юм.

-Залуус бие биесээ сайн таньж мэдээгүйгээс гэр бүл салалт үүсч, хүүхэд өнчирч хоцрох эрсдэл бий?

-Орчин үед бодмоор юм их байна. Ямар нэгэн үдэшлэг, уулзалтад оролцохдоо очиж танилцаад л бараг маргааш нь суучихдаг. Гэтэл Германы залуус гурван жил үерхэж, нөхөрлөж нэг нэгнийгээ судалдаг юм шүү дээ. Үерхэх явцдаа зан чанарыг нь таньж, миний насан туршийн хань болж чадах уу, үгүй юү гэдгийг судалсны үндсэнд гэрлэдэг. Одоо бол настай хүнийг хоцрогдсон гэж ойлгодог. Гэтэл зарим талаараа манай залуус өөрсдөө хоцрогдоод байна. Монгол ардын дуунд “танхил өссөн миний хонгор, тавхан үгэндээ танигдаад байна” гэдэг. Тэгэхээр хүний үзэл санаа, боловсрол, оюун чадавх хэдэн үгэнд л танигдана. Насан туршийн ханиа сонгохын тулд ардын дуунд гардаг шиг “танихын төлөө” л нөхөрлөх нь чухал. Гэрлэх гэж яарах биш, таньж мэдэх гэж яарах хэрэгтэй. Зарим нэгэн нь яагаа ч үгүй байж гэр бүл зохиож удахгүй салж байна. Ингээд хүүхдийг багаас нь өнчрөл хагацлын зовлонд учруулж байгаа юм. Гэрлэх гэж яарч, бие биенийгээ таньж мэдээгүй учраас хүүхдэд хагацал зовлон үзүүлж байна. Ерөөс таарч тохирох гэдэгт зан харилцаа үзэл санаанаас эхлээд олон юм бий. Энэ бол шашин биш, шинжлэх ухааны салбар гэдгийг түрүүн хэлсэн. Тооцоолон бодох ухаан, харьцангуйн онолын үндсэнд суурилсан нарийн судлагдахуун юм.

-Тэгвэл эцэг эхийн хараа хяналт сул байснаас хүчирхийлэгч, эсвэл хүчирхийлэлд өртөгч болж хувираад байх шиг?

-Одоо ч хачин жигтэй хэрэг их гарч байна. Ерөөс долоон үе, есөн үе мултарч байж хоёр хүн хоорондоо танилцаж гэр бүл болдог ёстой. Одоо бараг ойрын садан төрлийнхөө хүнийг хүчирхийлж, хүчирхийлэхийг завдаж байгаа нь харамсалтай. Ингэж шийтгэгдсэн хэрэг ч байдаг юм билээ. Энийг цэгцлэх зан суртахууны, ёс зүйн зөвлөл хэрэгтэй байна. “Хүний сэтгэлийн жолоог сул тавихаас илүү аюултай юм байдаггүй” гэж хуучны бичиг сударт тэмдэглэсэн нь бий. Одоо сэтгэлийн жолоог нь сул тавиад байгаа учраас энд даруулга хэрэгтэй. Хүн гэдэг амьтныг ямар нэгэн юмаар эзэмдэж байх ёстой юм. Тэр нь төрийн захиргаа, хууль цааз, эсвэл шашин ч байж болно. Гэтэл манайд аль нь ч байхгүй. Ингэж хэт задгайрсны улмаас нийгэмд завхрал явагдаж байгаа юм. Хүний сэтгэлийн жолоог задгай тавьбал галзуу зааныг сул гаргаад гудамжинд тавьсантай адил.

Хүннүгийн үеэс эхлээд Монгол төрийн босоо тогтолцооны зарчим гэж байсан. Тэр нь хатууд хатуу, зөөлөнд зөөлөн гэсэн зарчимтай, их амархан. Ерөөс ард түмний эсрэг, төрийн эсрэг улс нийгэмд хортой хохиролтой зүйл хийвэл өршөөлгүй. Гэхдээ ямар зүйлд хатуу, зөөлөн байхаа эд нар мэдэхгүй байгаа юм. Мэдэхгүйгээс үүдэн алдаа гаргаж байна. Уламжлалаа мэдэхгүйгээр шинэчлэл хийж чаддаггүй юм.

-Хүчирхийлэгчдийн ихэнх хувь нь ойр дотны хүмүүс байна гэсэн судалгаа хүртэл гарсан байна лээ?

-Манайхан ургийн найр гээд л хийдэг. Цагаан сарын баярыг тэмдэглэдэг гол утга учир нь ураг төрлийнхнийгөө танилцуулдаг. Ухаандаа тус болохгүй юм аа гэхэд төвөг учруулахгүй явахад хамгийн ахмад нь сургаалаа хэлдэг байсан. Одоо бол нүүдэлчдийн соёл иргэншил, суудлын соёл иргэншил мөргөлдөж байна. Мэдээж удмыг харна, бэлгэ зохистой эсэхийг шинжинэ. Есүхэй баатар Бөртэгийн аавтай мал усалж яваад дайралдаж “бэлгэ зохиолтой байна, урьд шөнө би цагаан шонхор шувуу нисэж ирээд алган дээр минь буулаа гэж зүүдэлсэн. Энэ бол худтайгаа золгох бэлгэ дэмбэрэл байх” гэдэг. Энэ зүгээр найруулга байж ч магадгүй. Гэхдээ зүүд, зөн совин, бэлгэ дэмбэрэл гэх мэт урьдчилсан шинж тэмдгүүдийг бодолцдог.

-Нийгмийн давхарга гэхээс илүү гэрлэлтэд хүрээлэл чухал нөлөөтэй болжээ. Магадгүй эрдэм мэдлэгтэй хүн өөр шигээ хүнийг сонгох жишээний. Ер нь хэн ч өөрийн үр удмыг сайн хүнтэй гэрлэж, сайн яваасай гэдэг шүү дээ?

-Хуучин нийгмийн үед тайж гаралтай юу, харц гаралтай юу гэх мэтээр язгуур удмыг хардаг байсан. Ухаандаа тайж ноёдын хүүхэд тэр л удмаасаа хүнтэй гэрлэнэ. Зарим нь хэтэрхий ойр эргэлдсэнээс болж цус ойртоод тэнэгрэх явдал ч гарч байсан. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүн болж чадаагүй нэгэн нь хүчирхийлэл үйлдэж байна. Хүн болно гэхээр зүгээр дүрс болохыг хэлж байгаа юм биш. Хоёр хөлтэй хохимой толгойтныг хүн болгох хэрэгтэй гэж эртний үг байдаг. Тэгэхээр хүн болоогүй нэгэн адгууснаас ч аюултай, санаанд оромгүй үйлдэл хийгээд байна.

-Нийгэм ёс суртахуунтай байх үндэс нь үр хүүхдийн хүмүүжилтэй салшгүй холбоотой юу?

-Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай гэж дээр үеэс үздэг байсан. Хүргэд тальбах ёс гэж байсан байгаа юм. Хэрэв айлаас бэр гуйсан бол хадмындаа хэдэн сараар амьдардаг, айхавтар ёс шүү. Ингээд охинтой нь танилцана, хадмынх нь хүргэнээ шинжинэ. Өөрөөр хэлбэл, охинтой минь ханилж чадах хүн үү, ямар зан авиртай, авъяастай, бэлгэтэй хүн бэ гэдгийг шинжинэ гэсэн үг. Энэ чинь нөгөө танин мэдэх үйл байгаа биз. Хүргэн тальбах ёсыг 13 настайд нь хийдэг. Хуучин бол бэлгийн бойжилт эрт цэгцэрдэг байж л дээ. Тэр хооронд хүргэнээр маш их ажил хийлгэнэ. Хүргэн хүү хүчээ өгнө гэдэг нь тэр байхгүй юу.

-Азийн орнуудад гэрлэлтэд хоёр талынхаа удам судрыг хардаг жишээ түлхүү анзаарагддаг?

-Ерөнхийдөө ай саваараа нэг бүсэд ордог, ёс жаяг ч ойролцоо. Тэр утгаараа амьдралын зарим хэвшил ижил байх шиг.

-Өнөөгийн нийгэм дэх ёс суртахууны талаар дүгнэж хэлбэл?

-Хүн гарын таван хуруу шиг л байдаг. Дунд хуруу хамаагүй өндөр байгаа биз, энэ бол авьяас, мэдлэгтэй байх, эрхий хуруу дутуу дулимаг, чигчий хуруу давжаа, ядуу, ядам зальтай, долоовор хулгайч гэх мэт. Энэ гарын таван хуруу хэзээ ч чацуу болохгүй биз. Хуучин социализмын үед “хоцрогдогчгүй хамт олон болно” гэж буруу томьёолж байсан. Тэр чинь илүү авьяастай, ухаантай төрсөн, байгалиас шалгарсан хүн төрнө шүү дээ. Харин ч чөлөөтэй тавих ёстой байтал тэрийг доодтой нь аваачиж нийлүүлэх гээд байгаа юм шиг. Тэгвэл одооны нийгэмд “хошуучлагчгүй хамт олон болно” гээд байгаа юм. Дандаа л тэгш эрх гэж ярьж болохгүй л дээ. Жишээ нь, Олон улсын олимпиадад байнга оролцож тэргүүлдэг сурагч байсан юм. Гэтэл сургуулийн захирал нь багшид нь “чи миний ачийг тэрэн шиг болго, тэгэхгүй бол чамайг хална” гэсэн жишээг мэднэ. Тэгээд хошуучлагчгүй болох гэж байгаа юм. Тэр хүүхэд математикийн олимпиадаар Япон, Франц, Тайланд, Тайваньд түрүүлсэн онцгой сэтгэлгээтэй. Багш нь “уучлаарай танай ач хүүд ийм потенциал байхгүй гэтэл “тэгвэл тэр хүүхдээ аваад зайл” гэж л дээ. Нөгөө багшийн дургүй нь хүрээд хүүхдээ аваад өөр газар очсон жишээ бий. Нэг ёсондоо ёс суртахууны хоцрогдол юм. Манай нийгмийн дотор байгаа хар толбо болоод буй. Хар толбо олон болбол нийгмийг аюултай байдалд хүргэнэ. Ийм учраас танагтай дээр засаж аваасай гэж залбирч байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: Болж буй энэ явдлууд чинь хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл

Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлаачид “Хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна” гэж ярилаа. Энэ өөрчлөлтийг философичид хэрхэн тайлбарладаг вэ. Энэ ноцтой зүйл үү?

-Хүн гэдэг чинь сэтгэлтэй. Амьтанд ч сэтгэл бий. Хүн бол сэтгэлтэй байхаас гадна сэтгэхүйтэй. Та сая сэтгэц гэж дурдлаа. Сэтгэц гэдэг бол сэтгэхүйн бас нэг өөр үйлдэл, өөр үйл ажиллагаа. Сэтгэл бол хүний мэдрэхүй дээр суурилсан сэтгэлийн хөдлөлүүд л байгаа юм шүү дээ. Түүнийг психологичид судалдаг юм. Сэтгэл судлаачдын үүднээс үзвэл мэдээж хэрэг манай нийгэмд эрс өөрчлөлт гарсан учраас хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэхүй, түүгээр дамжаад зан заншил, зан чанарт эрс өөрчлөлт гарсан. 1990 оноос хойш аажуухан өөрчлөгдөөд явж байгаа юм. Манайх чинь нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжсэн. Тоталитари-Авторитари тогтолцоотой социалист орноос зах зээлийн Ардчилсан улс төрийн тогтолцоотой орон руу шилжиж л яваа юм. 30 жил шилжиж байна. Харьцангуй урт хугацаа өнгөрчихөж байна. Шинэ тогтолцоонд шилжих үе нь дуусах шатандаа орж байгаа нь үнэн. Гэхдээ бүрэн дуусч чадах эсэх нь одоогийн хүн төрөлхтний нийгмийн хөгжил, одоогийн олон улсын байдлаас хамаараад удааширч байгаа зүйл сүүлийн үед ажиглагдаж байгаа. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс болоод үнэт зүйлийн үнэлэмжийн чанар, үнэлэмжийн хэмжүүр гээд бүгд өөрчлөгдчихсөн.

Хуучин социализмын үед мэдээж нийтээрээ нэг л хэвийн амьдралтай, нэг л түвшний амьдралтай байсан. Яг үнэндээ олон улсын хэмжүүрээр үзвэл бүгдээрээ ядуу байсан гэж хэлдэг. Ц.Элбэгдорж эртээд ярилцлагадаа бас тэгж хэлж байна билээ. Тэр бол үнэн. Бүгдээрээ ядуу байсан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, өвөл, арваннэгдүгээр сарын үед Улаанбаатар хотод Австрийн гутал эмэгтэйчүүдэд зориулагдаж худалдаанд гардаг байсан юм. 800 төгрөгийн үнэтэй. Тэр гутлыг хотын сэхээтэн эмэгтэйчүүд, дунд тушаалаас дээд тушаалын дарга нарын авгайчуул авч өмсдөг. Тэр гутлыг өмсөөгүй эмэгтэй хүн их гунигтай. Хөөрхий амьдралдаа их сэтгэл дундуур үлдэнэ. Дээшээ хашгираад нэмэргүй, доошоо хашгираад нэмэргүй (Инээв.). Тийм нийгэм байсан байхгүй юу. Одоо бол өөрчлөгдсөн. Монголчуудын өмнө түмэн сонголт тавигдаж байгаа. Амьдралаа яаж ч авч явж болно. Амьдралдаа чи ямар үнэт зүйлийг сонгох юм, тэр чинь чиний өмнө байгаа. Чи л өөрөө сонголтоо хийнэ. Чи сонголтоо буруу хийвэл чиний л буруу. Сонголтоо зөв хийсэн бол чиний л зөв. Тэгэхээр зах зээлийн нийгэмд нэг золигийн юм байдаг нь мөнгө хэрэгтэй болдог юм. Мөнгө хэрэгтэй болохоор уг нь мөнгийг шударга аргаар олох ёстой. Хууль зөрчихгүйгээр олох ёстой. Гэтэл зөндөө хүн хууль зөрчдөг юм. Зөрчихөөс өөр аргагүй гэж өөрсдөө боддог юм. Тэгээд манай дарга, сайд, нийгэмд дээгүүр нисэж явсан улсууд өндөрт нисэж явсан шувууд далавч нь хугараад унаж ирж байгаа шиг хөөрхий Ганц худаг руу яваад шоронд сууж байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас л болох ёстой үзэгдэл.

-Яагаад?

-Яагаад вэ гэхээр нийгмийн баялгаас тэгш хуваарилах явдал ерөөсөө хэцүү байдаг юм. Социализм тэгш хуваарилах гээд 70 жил ноцолдоод дийлээгүй, болдогггүй юм. Тэгш биш хуваарилахаар чадалтай, албан тушаалтай нь ахиухан шиг шүүрч аваад тэгээд хууль зөрчсөн нь шоронд ордог. Ийм л нийгмийн үзэгдэл явагдаж байгаа юм. Үүнд цочирдоод, сэтгэл санаагаар уналаа, муудлаа гэх юм байхгүй. Энэ бол зүгээр л хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл байхгүй юу.

-Тэгэхээр манай нийгэм туулах ёстой юмаа туулж, жамаараа яваа байх нь?

-Жамаараа л явж байна. Тэгэхдээ тэр жам нь хурдтай байж болно, удаашралтай байж болно. Удаашруулбал муу байгаа юм. Гэхдээ одооны Засгийн газар, төр, УИХ удаашруулах тал руу нь явж байна л даа. Саармагжуулж байна. Гэвч чөлөөт өрсөлдөөний хууль чинь маш хатуу шүү дээ. Хожвол чиний аз, хохирвол чиний хохь болдог учраас тэрийг зөөллөх гэж оролдож байна л даа. Зөөллөвөл буруутдаг юм. Хэцүү шүү дээ. Туулаад л гарахаас өөр арга үгүй.

-Дээхнэ үед хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод ялаа эдлээд гарч ирсэн ч хийсэн үйлдэлдээ гэмшиж, түүнээсээ ичиж, эмээдэг. Ял эдэлж байсан гэдгээ хүнд мэдэгдүүлэхгүйг хичээдэг байлаа. Гэтэл одоо гэмт хэрэг үйлдэж, хар тамхи хэрэглэсэн, авлига авч шоронд суусан хүмүүс суллагдаж гарч ирээд уран бүтээл, кино хийж, дуулж хуурдаад, шоронд суусан тухайгаа нийтэд зарлаж, түүгээрээ нэр хүндээ өсгөдөг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүн дээр хувь хүний ёс зүйн асуудал хөндөгдөнө, тийм ээ?

-Тэгнэ тэгнэ. Ёс зүйн асуудал хөндөгдөнө. Муу юманд холбогдоод, орон шоронд орсон улсуудыг бүгдийг нь буудчихаж болохгүй л дээ. Тэд хийсэн үйлдлээсээ ямар сургамж авснаа нийгэмд хэлнэ. Тэрийг нь хүмүүс сонсож болно, сонсохгүй ч байж болно. Тэр хүн тэр хийсэн үйлдлээрээ бахархаж болно. Зарим нь бахархахгүй байж болно. Бахархах нь муу гэдгийг оюунлаг хэсэг нь шүүмжилж л байх ёстой. Шорон тийм сайхан зүйл биш шүү дээ, хүн эрхээ хасуулна гэдэг чинь. Хүнд хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхээр эцсийн эцэст эрх чөлөө л байдаг. Эрх чөлөөгөө хасуулаад ялтан гэж дуудуулаад, шоронгийн харгалзагчид загнуулаад явж байх чинь тийм сайхан юм уу. Сайхан биш шүү дээ. Тэгсэн хүн гутахаас гадна зарим нь бусдыгаа бас адилхан болгох гэж хичээдэг байхгүй юу. Тэгээд нөгөөдхөө сурталчилж байгаа юм. Тэрэнд нь орохгүй байх ёстой, тэрнийг нь шүүмжлэх ёстой.

-Хувцасны моод цаг үе бүрд өөрчлөгддөг шиг философи ч бас өөрчлөгдөнө биз. Одоо манайд ямар философийн урсгал, чиглэл ноёлж байгаа вэ?

-1990-ээд оноос өмнө Монголд байна шүү дээ, 1921, 1922 оноос коммунист үзэл суртал ноёрхох болсон юм. 1940-өөд он хүртэл үзэл сурталжсан ойлголт л явж байсан. Харин 1940-өөд оны сүүлээс Монголд шинэ үеийн философийн ухаан үүсч, хөгжиж, хүмүүс мэргэжиж эхэлсэн юм.

-Шинэ гэв үү?

-Шинэ гэдэг нь Европын философи л байхгүй юу. 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлт хүртэл Монголын ард түмний философи нь Буддын философи байсан байхгүй юу. Шашны философи. Бурханд мөргөдөг, ертөнцөд нүгэл, буян ээлжилж байдаг, нүгэл хийвэл үйлийн лай нь ирнэ гэдэг. Энэ чинь Буддын философи. Гэтэл энэ философийг хаяад Марксист философийг авсан. Энэ философи нь XVIII зууны 40-өөд онд Баруун Европт үүссэн. Марксийн үеэс үүссэн юм. Тэрнийг XX зууны эхээр Оросын Коммунистуудын нэг хэсэг болох Волшвек коммунистууд Марксийн философийн ашиглаад Лениний философи, Ленинизм болгосон. Манайд 1940-өөд оны сүүлчээс 1990 он хүртэл Марксизм, Ленинизмийн философи ноёрхож байсан. Би ч гэсэн марксист философиор сурч, судалж, түүгээр мэргэшсэн хүн. Гэхдээ Марксист философи бол дэлхийн, баруун Европын философиудаас хамгийн муу, харгис философи нь байгаа юм. Хүмүүсийг бүгдийг нь эрх тэгш бай, бүгдээрээ адилхан бай, адилхан хувцасла, адилхан амьдар.Чи яагаад баяжих гээд байгаа юм гэдэг тэр философи 1990 он хүртэл ноёрхсон. Монгол үндэстний хувь заяа нь тэр байсан юм байлгүй дээ, чааваас.

Тэгээд 1990-ээд оноос орчин үеийн философиор явж эхэлсэн. Бид шинэ философи бүтээж байгаа юм биш шүү дээ. Бид орчин үеийн, соёлт хүн төрөлхтний баримталдаг, амьдралын олон янзын философиудтай хүмүүсээ танилцуулж байгаа юм. Хүмүүс тэр философиудтай танилцаад ирэхээр юмыг сайн ойлгодог болно. Гэхдээ 1990-2020 он хүртэл бид философийг нэг их ярихгүй, сонирхохгүй байгаа нь бас философичдын хувьд зориудаар сүр болгодоггүй юм. Яагаад вэ гэвэл хуучин философи нь мартагддаг. Тэр муу юм чинь мартагдахгүй бол шинэ юм орж ирэхээр муугаар ашигладаг. Шоронд орчихоод тэрнийгээ гайхамшиг болгож ярьж байгаатай нь адилхан болдог байхгүй юу.

-Залуус “50+ насныхан нас барсны дараа энэ нийгэм цэвэршинэ” гэж яриад байгаа?

-Горьдов оо! 50+ чинь өөрийнхөө орчин тойрныхноо оюун санаа, сэтгэл, үзэл бодол, үнэт зүйлийг нь бохирдуулаад, буртаглаад хамаг муу муухай юмнаасаа болохын хэмжээгээр наагаад үхдэг байхгүй юу. Тэгэхээр бас л тэдний хойноос явдаг л юм. Тийм учраас харин нийгмийг хуучин үзэл суртал, хуучин философи, хуучин шашны хоцрогдсон үнэт зүйлсээс салгахын төлөө тасралтгүй тэмцэж байх ёстой. Тэгж л байж ариусна. Түүнээс биш ариусахгүй. Ардчиллын төлөө идэвхтэй явж байсан хүмүүс хөрөнгөнд шунаад хууль зөрчөөд шоронд ороод байна шүү дээ. Ямар сайн байх юм. Энэ чинь нөгөө муугийн нөлөөлөл тусчихсан байхгүй юу. Баяжих хэрэгтэй, болно. Хөрөнгөжих хэрэгтэй, болно. Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Шударга өрсөлдөөн, шударга хөдөлмөр, шударга бизнесээр хөрөнгөжих ёстой.

-Монголчууд нэг үеэ бодвол бие биедээ тусалж, сайн үйлсэд нэгнээ уриалж, хамтдаа мод тарьж, ойд мод, гол усаа цэвэрлэдэг боллоо. Энэрэнгүй болж эхэлж байна уу?

-Буддын шашинд сайн юм зөндөө бий. Марксизмд сайн юм зөндөө бий (Инээв). За юу. Бүгд хар биш. Сайныг нь тусгаад саарыг хаяад л явах ёстой. Их шашинлаг байвал муу байдаг юм шүү дээ. Шашин чинь шашин шүү дээ. Бүгдээрээ философилог байвал тийм ч сайн биш. Философи чинь бас л нэг төрлийн хүний сэтгэл санаа, оюун ухаан дээр ажилладаг мэдлэгийн салбар шүү дээ.

-“Монголын философичдын өв” номын нээлт болж байна. Номны нэрнээс харахад Монголын философичид хойч үедээ үлдээх философитой юм байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол философийн өв гэдэг бол дэлхийн сонгодог философийн сонгодог бүтээлүүдийг л философийн өв гэж ярьдаг юм. Манайхан 1990 он хүртэл Марксизмд суралцаад Марксист философичид байсан юм. Тэрэн дотор гайхамшигтай сайхан өв гээд байх юм байхгүй ээ. Энэ зүгээр л төөрөгдөл. Дээр үед намайг Москвагийн Нийгмийн ухааны академид суралцаж байхад манай багш Евгений Петрович Ситковский “Манай Зөвлөлтөд хүнийг үхсэн хойно нь некрологийг нь ямар гоё хийдэг болсон гэж бодно вэ” гэж ярьж билээ. Үхсэн хойно нь “Тэр хүн үхээгүй байсан бол ямар үнэтэй, цэнэтэй мундаг хүн байсан юм бэ” гэдгийг некрологид нь бичдэг байхгүй юу.

Тэрэн шиг тэрний инерцээр манайхан гайгүй сэхээтэн хүн өнгөрчихөөр танилууд нь тэр хүнийг жигтэйхэн мундаг хүн болгоод л, ном гаргаад л… (Инээв). Тэрний л инерц байхгүй юу. Тийм сүртэй юм байхгүй. Бид 1990-ээд он хүртэл гайхамшигтай философи бүтээгээгүй ээ. Үнэнээсээ л хэлж байна. Энэ бол зүгээр л шоу. Шоу бизнес.

-Ажил дээр гарч байгаа одооны залуус ажлын байран дээрээ гологдож байна, нэг газраа тогтохгүй байна гэж шүүмжилдэг. Ер нь нэг газраа удаан ажилладаггүйн цаад шалтгаан юу байдаг юм бэ?

-Хуучин нийгмийн уламжлал байгаа, хүмүүст. Одоо үеийн залуусын сайн тал руугаа явж байгаа нь юу вэ гэхээр өөрийн би-г ойлгож байгаа. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байгаа. Тэгээд өөрийнхөө үнэ цэнийг доромжлуулах дургүй болж байгаа. Тэр нь сайн хэрэг. Түүнд сонголт байна. Та нарын үед сонголт байна. Миний үед үхтэлээ загнуулаад, аль л муу муухайгаараа дуудуулаад маргааш нь ажилдаа ирэхгүй бол бүр ажилгүй болдог байлаа. Тийм учраас маргааш нь ажилдаа ирж өөрийн би-гээ хог дээр хаяж байсан байхгүй юу. Одоо бол та нар эрхбиш өөрийн би-гээ халаасандаа хийчихсэн яваа байх. Одооны залуус өөрийнхөө би-г өөрийнхөө толгойд, өөрийнхөө сэтгэлгээнд, өөрийнхөө ёс суртахуунд, өөрийнхөө үнэлэмжинд хийчихсэн байна шүү дээ. Тэгэхээр тийм хүнийг доромжилж болохгүй. “Уучлаарай, би танайд байх ямар албатай юм. Би өөр хаанаас ч гэсэн хэдэн төгрөг олчихно”. Ингэж хэлээд л ажлаасаа гарчихаж байгаа юм. Энэ нь сайн шүү дээ. Өөрийгөө үнэлж чадаж байгаа байхгүй юу.

Тэр хүний хөдөлмөрч, тууштай чанарыг өөрийг нь шүүмжлэхэд, өөрийгөө доош нь хийж байгаагаар үнэлж болохгүй. Хүн тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж ажилладаг, сайн сайхны төлөө өөрөө хамаг хүчээрээ өрсөлдөөн дунд явж ялж гардаг. Тэр сайн чанар. Түүнээс биш өөрийгөө доромжлуулаад, өөрийгөө доош нь хийлгээд, нусаа татаад явж байгаа нь сайн биш. Харин ч идэвхгүй байдал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Өмнөд монголчуудыг кирилл бичигт шилжүүлье​” хэмээн өгүүллээ​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Гавьяат тамирчин
Галдангийн Жамсран
багшийнхаас бэлтгэлээ
I- XIII нүүрнээс уншаарай.

МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн профессор,
доктор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгчийн
институцийн зүгээс тодорхой
хэрэг, маргаанд зүй бусаар
нөлөөлөх бодит эрсдэл байгааг
хуулиар хаах хэрэгтэй” гэв.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Өмнөд монголчуудыг кирилл бичигт шилжүүлье” хэмээн өгүүллээ.

Улс төрийн V нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор бүсээс чамлалтгүй
мөнгө орж ирж байгаа. Удахгүй сайхан мэдээ дуулгана” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт МУСГЗ, Аюулгүй байдлын ухааны доктор, Ph.D Ж.Цогтсугар “Архидалт араасаа залуу үеийг дагуулаад орж ирж байна. Цэрэг халагдаж байгаа юм шиг халаагаа авч байгаа нь аймшигтай” хэмээлээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Өмгөөлөгч нарыг
прокурор эрхшээлдээ
байлгах гээд байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ