Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

2020-2021 оны хичээлийн шинэ жил Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед эхэлж буйгаараа онцлог болж байна. Энэ хүрээнд сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч, суралцах юм.

Есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган сануулах, ойлгоогүй бол нөхөж ойлгуулахад чиглэнэ хэмээн БШУЯ-наас мэдээлээд буй.

Тиймээс есдүгээр сард телевизээр мөн л өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэх юм байна.

Цэцэрлэгийн теле хичээллийн хуваарь

ЕБС-ийн теле хичээлийн хуваарь:

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 ц­аг хүртэлх: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суулт хийж байгаа иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдэх байсан Токиогийн нислэгт өөрчлөлт орж есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэхээр болсон гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн хугацаанд нийт 66 удаагийн нислэгээр 13600 мянган иргэнийг эх оронд нь авчраад байна.

БНСУ-д халдварын хоёрдахь давалгаа эрчимтэй явагдаж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чангатгасан. Манай иргэд энэ халдвар, хамгааллын дэглэмийг сахих хэрэгтэй байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үүдэнд манай иргэд суулт хийж байгаа. Ингэж өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байхыг хүсч байна.

Мөн гадаад улсын иргэдийн авчирсантай холбоотой шүүмжлэл гарсан. Зөвхөн гадаадын иргэдийг авчрах нэг удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 16 улсын 100 иргэнийг авчран “Рамада” зочид буудалд тусгаарласан. Үүний цаана эдийн засгийг дэмжих маш олон арга хэмжээ, ажил явагдаж байгаа гэдгийг ойлгохыг хүсч байна” гэлээ.

Тусгаарлах байрны зөрчил тасрахгүй байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Тухайлбал “Байрны орчин бохир”, “Интернет байхгүй”, “Эх орондоо ирээд бид хятадын буудалд байрлахгүй” зэрэг яриа, өгүүлэл байнга гаргаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан Оросын Холбооны Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулахын зэрэгцээ ОХУ дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ ОХУ-д сүүлийн есөн өдрийн туршид хоногт 5000-аас доош шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба Монгол Улстай хил залгаа бүс нутгуудын халдварын тархалт харьцангуй бага, Санкт-Петербург хотод дундаж, харин Москва хотод халдварын тархалт өндөр, нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлээд КОВИД-19 халдварын эсрэг “Спутник-V” вакцины талаар товч танилцуулав. Тэрбээр мөн вакцины туршилт амжилттай болсон тохиолдолд холбогдох хууль журмын дагуу Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Үүний дараагаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд ялангуяа ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотын эрдэм шинжилгээний байгууллагуудад зохион байгуулагддаг онол, дадлага хосолсон сургалтуудад Монгол эмч мэргэжилтнүүдийг тогтмол хамруулдаг нь Монгол Улсад эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг болохыг онцлон тэмдэглэв.

Мөн КОВИД-19 халдварын цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, түргэвчилсэн оношлуурыг хандивласанд талархал илэрхийлээд уг халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул бэлтгэл ажлыг хангах, ялангуяа КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж нарийн төлөвлөгөө боловсруулж, вакцины хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулав.

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхнээс нь ажил хэрэг болгон эхлүүлсэн зарим ажлуудаасаа танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн иргэдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 2020.08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай Онцгой байдлын албанаас мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 2 удаа, нийт 90 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Ойрын өдрүүдэд хур, бороо ихтэй гол мөрнүүдийн ус үерийн түвшинг давж аюултай нөхцөл байдал үүсээд байгаа тул нийт иргэд, олон нийт гол, нуурын усанд сэлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

18 хүртэлх насныхан есдүгээр сарын 1-нээс бүх музейг үнэгүй үзнэ

Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргажээ.

Засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: ​318 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ​

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.8.31/ 318 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 315 хүнд вирус илрээгүй бол гурван хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр хүмүүс нь наймдугаар сарын 30-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн 60 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй хүн байлаа. Ингээд батлагдсан тохиолдол 304 боллоо. Батлагдсан тохиолдлын 294 нь буюу 97 хувь нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа хүний биеийн байдал хэвийн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ардын сургуулийн алтан босгыг анх удаа алхан орж байгаа 83,233 хүүхэд багачууддаа баяр хүргэе

Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ!
Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье!
Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, улс орны өндөржүүлсэн онцгой байдалд дүгнэлт хийж тусгай зохицуулалтаар хичээлийн шинэ жилийг Монгол Улс эхлүүлж байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сургалтын үйл ажиллагааг 3 улиралтай болгон танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрт шилжүүлж, суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ.
Ардын сургуулийн алтан босгыг анх удаа алхан орж байгаа 83,233 хүүхэд багачууддаа баяр хүргэе! Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Засгийн газраас улс орны тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтлан 9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулахад онцгой анхаарлаа. Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж оруулахаар ажиллаж байна. Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
Монголын хүүхэд бүр Монголын минь ирээдүй билээ.
Та нар минь энэ сайхан эх орон, байгалиа хайрладаг, давтагдашгүй арвин түүхт Монгол улсаараа бахархаж, дэлхийд гайхагдсан, эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшөөрэй. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр билээ. Судлаач оюутан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлнэ. Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцагч оюутнуудыг урамшуулан хөгжүүлэх зорилгоор миний бие “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачилж, оюутны хөгжлийн зээлийг эдгээр чиглэлд олгох бодлогыг баримтална. Өнөөгийн нөхцөл байдалд улс оронд нэн хэрэгцээтэй сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг сурлагын амжилтаас хамааруулан 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлж байна.
Хүүхэд багачууд, оюутан суралцагч, залуучууд аа!
Та бүхэн энэ онцгой цаг үед эрүүл мэнддээ анхаарч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан сургаалыг санаж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийнхээ үг, зөвлөмжийг даган, биеийн тамираар хичээллэн чийрэгжиж, эрдэм номдоо шамдан суралцаарай.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа!
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг эзэмшигч Та бүхнийхээ хөгжлийн болон нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цалин хөлсийг улсын дунджаас дээш байхаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүүхдэд эрдэм ном сургах эрхэм үүргээсээ огтхон ч хөндийрөөгүй хүмүүс бол багш нар, боловсролын салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид Та бүхэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ чин сэтгэлээсээ биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт эцэг, эхчүүдээ!
“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Та бүхэн үр хүүхдийнхээ төлөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэглэж, боловсролын байгууллагатайгаа нягт хамтран, дэмжиж ажиллаарай.

Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай!

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 12 удаагийн тусгай нислэгээр 3120 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3120 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х. Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун өнөд дэлгэрэх болтугай

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Монголын ирээдүй сурагч багачууд, оюутан залуус аа,

Эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүлье.

Есдүгээр сарын нэгэн бол эрдмийн баяр хэмээн дуулж өссөн, хүн бүрт эрдэм номд тэмүүлэхийн баяр жаргалыг мэдрүүлдэг гэгээн өдөр. Бас ээж аавын энхрийхэн бяцхан үрс эрдэмд хөтлөх багш нарынхаа гараас атган, эрдмийн өргөөнд алхаж ордог анхны өдөр.

Мэдлэг бол хүн таны насан туршийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог хамгийн агуу хүч. Мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуустаа талархал илэрхийлж, эрдэм мэдлэгийн өглөгч багш Танд мөргөе.

Дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлын улмаас манай оронд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд удаж байна. Өнөөдөр ч гэсэн коронавируст халдварын цар тахлын хорио цээр хэвээр хадгалагдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, хичээлийн шинэ жил “чимээгүйхэн” эхэлж байна.

Миний хувьд оны эхнээс бүх нийтээр хэрэгжүүлж эхэлсэн цахим сургалтын чанар, үр дүн, өгөөж ямар байгааг хэлэхэд бэрх. Бас айдас хүйдэс бий болгосон коронавируст халдварын цар тахал дэлхий нийтээр ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Гагцхүү үүнээс болж суралцагчдын танхимын сургалтын үргэлжлэх цаг хугацаа, хөтөлбөр агуулга хязгаарлагдаж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох асар их боломж алдагдаж байна гэдгийг л мэдэрч, санаа зовж байна.

Манайд цахим хичээлийг бэлтгэх, боловсруулах, хөгжүүлэх, үнэлэх, харилцан хүлээн зөвшөөрөх нэгдсэн стандарт, аргачлал байна уу? Сургуулиудад цахим сургалтын нэгдсэн платформ, анги, танхим, лаборатори, студи, тоног төхөөрөмж, программ хангамж хангалттай байна уу? Суралцагчдын алдагдсан боломжийг хэрхэн яаж нөхөх вэ? Цахим сургалтын хүртээмж, боломж муутай байгааг юугаар орлуулах вэ? Бүгд асуултын тэмдэгтэй байна.

Бэлэн биш байдлын үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл хорионд орсон хүүхдүүд утас, дэлгэцээс салахаа байж, эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болж эрүүл мэндээрээ хохироход хүрч байгааг анзаарахгүй өнгөрч огт болохгүй. Тэгэхээр төр засаг төдийгүй мэдлэгийн өглөгч багш нар, мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуус, аав ээжүүд бид нэгийг бодох цаг болж.

Нөхцөл байдал ямар байгаагаас хамаарахгүйгээр сурах, мэдэх, дадах чиглэлийг тууштай баримталбал “мэдэхгүй чадахгүй гэх явдал үгүй болж хандах зүг өөрөө тогтоно” гэсэн жанжин Сүхбаатарын үгийг би энд сануулмаар байна. Учир нь мэдлэгт хомсдол үүсэж байгаа энэ үед оюутан, сурагчид, хүүхэд багачууд та нар ном сайн уншиж, эх хэл, түүх соёлоо таньж мэдэх, аав ээж, эх орон, ард түмэндээ хайр энэрэлтэй, эрэлхэг зоригтой, эрч хүчтэй монгол хүн болж төлөвшихийн төлөө эрдэмд шамдаж, хичээх хэрэгтэй байна.

Биднийг бага байхад заавал унших номын жагсаалт гэж сурагчдад даалгавар өгдөг, аав ээжүүд номын багш залж хүүхдүүддээ гэрээр ном заалгадаг байсныг санаж байна. Наад зах нь энэ цаг мөчид тэр уламжлалыг сэргээж яагаад болохгүй гэж? Хүүхэд залуучууд та нар эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Д.Маамын “Газар шороо”, Баабарын “Нүүдэл суудал“, 1772 онд бичигдсэн Пети де Круагийн “Аугаа их Чингис хааны түүх” зэрэг зохиолуудыг уншихад болохгүй зүйл гэж үгүй. Ном уншиж сурсан хүүхэд ганцаараа байж чаддаг, бие дааж сэтгэн бодож чаддаг. Энэ бүхнийг эрдмийн өглөгч эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн минь тунгаан бодож, анхааралдаа авна биз ээ.

Хүүхэд залуучууд та нар биеийн тамир спортоор хичээллэдэг, эрүүл мэнддээ анхаардаг, элдэв хорт зуршлаас ангид, сэтгэл тэнүүн, баяр жаргалтай хүн бие эрхтний хувьд эрүүл чийрэг, оюун санааны хувьд саруул байдаг гэдгийг бүү март. Эцэг эхчүүд ч үүнийг санаж, өөрсдөө хүүхдүүддээ үлгэрлэж сурах хэрэгтэй байна. Үүнд ямар ч хөрөнгө мөнгө шаардлагагүй, зөвхөн хүсэл тэмүүлэл, зорилго байхад л болно.

Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай. Гэтэл монголын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, хэвшил нь тэгш бус байдал, ялгааг дэвэргэх чиглэл рүү хэлбийж байна. Энэ нь “Уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших” гэсэн төрийн бодлогыг сөрж, гаднын өртөг өндөр, монгол уламжлалаас ангид агуулгыг монголын ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрт тулгах гэсэн оролдлоготой салшгүй холбоотой. Тиймээс монгол төрийн бодлогод “боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх” зарчмыг тунхагласан гэдгийг төрийн түшээдээсээ эхлээд хүн бүхэн санаж явах учиртай гэдгийг миний бие өнөөдөр дахин сануулж байна.

Хэдийгээр Монгол Улсад дотооддоо коронавируст халдвар тархаагүй байгаа хэдий ч хичээл сургалт эхэлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмд нийцсэн халдваргүйжүүлэлтийн дэглэмийг хатуу сахиж, хүн бүр эрүүл мэнддээ анхаарах нь зүй ёсны асуудал. Гэхдээ төрийн байгууллагууд цар тахлын улмаас үүссэн олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ хэт сүржигнэж, бусдад төвөг учруулахгүйгээр шийдэх хэрэгтэй гэдгийг анхааруулж, хорио цээрийн дэглэмийг ягштал биелүүлэхийг хүүхэд багачууд, оюутан, сурагчид, сургуулийн нийт хамт олонд уриалж байна.

Та бүхэнд шинэ хичээлийн жилийн мэндийг дахин дэвшүүлж, Эзэн Чингисийн үр сад улам олон болж, эрдэм төгс хойч үе маань эрүүл саруул өсөн торнихын өлзийт ерөөлийг өргөн барья.

Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун өнөд дэлгэрэх болтугай” гэжээ.