Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстаны Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Казахстаны найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцлов.

Элчин сайд Жалгас Адылбаев хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, соёлын солилцоог дэмжих, эдийн засгийн салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар МИК-ийн төлөөлөлтэй уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд тогтоосон хөл хорионы улмаас бизнес төдийгүй өрхийн орлого эрс буурч байгаа тул Монголбанк иргэдийн хэрэглээ, төлбөрийн чадварыг дэмжих үүднээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарган ажиллаж байна.

Төр засгийн зүгээс барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ипотекийн зээлийн хүүг бууруулах нөхцөл боломжийг судлах, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд төр,хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж ипотекийн зээлийн хүү бууруулах асуудалд боломжит бүх нөхцлийг судлан харилцан хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Оюуны өмчийн газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргыг томилжээ. Уг албан тушаалд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон байна. Тэрбээр өөр ажилд шилжин томилогдохоор өнгөрсөн сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга,

2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга,

2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга,

2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Бусдад худалдаалах зорилгоор 14.4 кг мөнгөн ус хадгалж байсныг ​​ илрүүлжээ

Бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсан 14.4 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны ажилчид илрүүллээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байсныг өнөөдөр /2020.9.2/илрүүлжээ. Шалгалтын ажиллагаа одоо үргэлжилж байна.

Мөнгөн ус Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад ордог. Түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спортын хэллэг, нэр томьёог цэгцлэх шаардлагатай

Спортын төв ордны Хурлын танхимд өнөөдөр Биеийн тамирын улсын хороо /БТСУХ/-ны дарга Ц. Шаравжамц Биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай БТСУХ ойрын жилүүдэд хэрхэн хамтран ажиллах, зорилтын талаар тэдний санал, бодлыг сонсож, БТС-ын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Түүнчлэн , тухайн салбарын судлаач эрдэмтдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэслэж өнөөгийн Биеийн тамир спортын салбарын хөгжлийн түвшинг тодорхойлж нэгдсэн дүгнэлтэд хүрэх, сэтгэлгээний шинэчлэлт хийж ойрын зорилтоо тодорхойлох нь хамгийн эн тэргүүний ажил гэдэгт тэд санал нэгтэй байсан юм.

Мөн хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорил маш хангалтгүй байгааг өөрчлөх, өсвөр үеийнхэн оролцоо хүртээмжийг нэмэгдүүлэх, олон жил яригдаж байгаа биеийн тамир, спортын хэллэг, нэр томьёог цэгцлэх шаардлага байгааг оролцогчид онцоллоо.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц: “Бид салбарынхаа хөгжлийн түвшинг хамтдаа үнэн зөв тодорхойлж, ойрын зорилт, хандлага, зүг чигийг та бүхний судалгаа, шинжилгээг үндэслэн бий болгох хэрэгтэй байна. Хамгийн богино хугацаанд үр дүнд хүрэх замыг сонгоё. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн хувьд улсын, хувийн гэлтгүй БТДС-иуд хамтраад хийж, төлөвлөж ажиллая. Спорт холбоодтой зөвшилцөөд дунд сургуулиуд спортын төрөлжсөн анги бий болгох боломж нээлттэй. Үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд өнөөдөр мэргэжлийн сэтгэл засалч хамгийн эрэлттэй байна. Үүнийг БТДС-иуд бодлогоор бэлтгэх хэрэгтэй байгаа. Спортын эмч мэргэжлээр 2 удаагийн төгсөлт хийсэн ч тэд энэ чиглэлээрээ ажиллахгүй байна. Тэднийг давтан сургаж, гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэрэгтэй газарт нь ажиллуулая. Манай салбарын эрдэмтэн, судлаач та бүхэн мэдлэг туршлагаа нэгтгэж, хүчээ төвлөрүүлж ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ


Өнөөдөр тохиож буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн
ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж,
ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа.
Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс
94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл
болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа
өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч
Халтмаагийн Баттулга гардуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигт:
“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй
дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ
өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай
гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай”
гэжээ.

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ӨНӨӨДӨР ШАГНУУЛСАН АХМАД ДАЙЧИД:
  • Сүхбаатарын одонгоор Эрэнцэнгийн Лувсанбалданг,
  • Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Батмөнхийг,
  • Цэргийн гавьяаны одонгоор Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг,
  • Алтан гадас одонгоор Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг,
  • Цэргийн хүндэт медалиар Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА БАЯР ХҮРГЭЖ:

Ахмад дайчид, генерал, офицерууд аа

Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэргийн “Өмнөд бүлэг” Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн удирдлага дор оролцсон билээ. Манай морьт механикжуулсан бүлэг Долоннуур чиглэлд давшиж, 950 гаруй км гүнд, хоёр дахь чиглэл Замын-Үүдээс Чуулалт Хаалган чиглэлээр 500 гаруй км гүн давшиж байлдсан байдаг. Морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан.

Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм.

Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны нэгдүгээр сарын 6-нд бичгээр ирүүлсэн билээ.

Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ.

Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе!

Эрхэм ахмад дайчид, генерал, офицерууд аа,

Чөлөөлөх дайны 75 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр жавхаа мандан бадраг” гэв.


Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо.

Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм. Энэ хөрөнгөөр:

– Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих

– Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх

– Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах

– Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай тоноглол бүхий автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Зээлийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг байгуулах төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Товч мэдээ:

-Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын газар, шорооны ажил болон эхний 130 километрт дэд бүтцийн барилга угсралтыг энэ онд багтаан дуусгана.

-Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв. Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. 2020 оны 04 дүгээр сараас хойш улсын хэмжээнд 23 мянга гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэжээ.

-“Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн “Судалгаа, хөгжлийн төв” болгон өөрчлөв.

-Төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойг гуравдугаар улиралд тэмдэглэх болов.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д түр хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын 8 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийн дагуу 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 06-ны ѳдѳр хүртэл 8 хоногийн хугацаанд нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт нийгэмд зай барих 2 дугаар шатлалтай хамт халдварын эрсдэл ѳндѳр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын албанаас тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух хугацааны зөвшөөрлийг туршилтын журмаар 2020.09.01-2020.09.08-нд биечлэн очиж сунгуулахаас гадна цахим хэлбэрээр сунгуулах боломжтой болж байгаа бөгөөд 2020.09.09-ний өдрөөс хойш зөвхөн цахим хэлбэрээр сунгах болохыг мэдэгдэв.

Сунгалт хийлгэх товч заавар:

1. “hikorea.go.kr” хаягаар орж, гишүүнчлэлийн бүртгэл хийлгэнэ.

2. “(Covid-19) extension of stay for departure” хэсэгт нэвтэрч зааврын дагуу мэдээллээ бүртгүүлнэ.

Анхаарах зүйл:

1. “출국기한유예 허가 통지서/ Postponement of the Termination of Departure after Extension of Stay” буюу хилээр гарах хугацааг сунгасан мэдэгдэл авсан иргэд цахимаар сунгуулах боломжгүй тул хугацаагаа дуусахаас өмнө өөрийн биеэр ГИХГ-т очиж сунгуулна.

2. Е-9 /гэрээт ажилтан/, Е-10 /хөлөг онгоцны бүрэлдэхүүн/ визтэй иргэд цахимаар сунгалт хийлгэх боломжгүй.

3. Оршин суух хугацаа дуусахаас ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө цахимаар сунгалт хийлгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох “1345”-т залгаж гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, “7 * ”-г дарж монгол зөвлөхтэй холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Өнгөрсөн парламентын хавар энэ хуулийн төслийг өргөн барьсан боловч олонхийн дэмжлэг аваагүй. Тийм учраас өнөөдөр дахин өргөн барилаа. Цар тахалтай холбоотой Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг хэрэгжүүлсэн. Гэвч энэ нь хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас НӨАТ-ын хувийг багасгаснаар үр дүнд хүрнэ хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

А.ТЛЕЙХАН: ​Цахилгаан, дулааны үнэ тариф нэмэгдэхгүй

Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэхгүй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр (2020.9.2) мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАН “Цахим орчинд цахилгаан, дулааны үнийг хоёр дахин нэмнэ гэсэн худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өглөө. “Covid-19” цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан” гэв

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн шөнийн болон оройн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Өнгөрсөн жил 160 орчим мянган орчим хэрэглэгч хамрагдсанаас 120 мянга орчим нь Улаанбаатар хотын иргэд байжээ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд өнгөрсөн жил 11.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жил үүнээс хоёр дахин их буюу 23.2 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

Мөн эрчим хүчний авлага өссөөр байгаа тул төлбөрөө төлж барагдуулахыг хүслээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 17 тэрбум төгрөгөөр их авлага үүсээд байгаа аж. Тиймээс хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь барагдуулж байхыг анхаарууллаа. Энэ мөнгийг өвөлжилтийн бэлтгэл хангахад зарцуулна.