Categories
мэдээ нийгэм

“Ховд” голд урссан эмэгтэйг эсэн мэнд аварчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дугаар багийн “Ховд гол” гэдэг газар “Ховд” голд хүн урсаж байна гэсэн дуудлага 2020.09.02-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 16:58 цагт очиж, “Ховд” голд урсаж байсан тус аймгийн харьяат иргэн К /19 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

С.Одонтуяа: Олон жилийн эргэлзээнд Монголын шүүх цэг тавих ёстой

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажилладаг. Энэ комиссын үйл ажиллагааны талаар яриагаа эхлэх үү?

-Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн олон мянган иргэд, тэдний ар гэрийнхний хүсэлт, шаардлагаар 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсан юм. Энэ комисс Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль, Улсын комиссын дүрэм болон бусад хууль тогтоомж, эрхийн актыг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Нийт 31314 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь бүрэн сэргээсэн байна. Энэ тоонд 1922-1990 он хүртэлх хугацаанд улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд ч олноор багтсан байгаа. Харин өнөөдөр Улсын комиссын зүгээс БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Юмжаагийн Цэдэнбал, түүний эхнэр Анастасия Ивановна Цэдэнбал Филатова нарын нэр төрийг сэргээн цагаатгуулах талаар холбогдох шүүхэд хүсэлтээ хүргүүллээ.

-Ерөнхийлөгч Н.Багабанди өмнө нь Ю.Цэдэнбал агсантай холбоотой зарлиг гаргасан байдаг шүү дээ. Тэр зарлигаар Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан гэж олон нийт ойлгодог?

-Иргэд Ю.Цэдэнбал агсныг цагаатгачихсан гэсэн ойлголттой байдаг. Харамсалтай нь үгүй. 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 50 тоот зарлигаар Юмжаагийн Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай 1990 онд гаргасан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг л хүчингүй болгосон юм билээ.

-Тэр зарлигаар Ю.Цэдэнбал гуайг цагаатгаагүй гэсэн үг үү?

-Ю.Цэдэнбал, А.И.Филатова нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн эсэхийг зөвхөн шүүхээс хянан шийдвэрлэж нэр төрийг нь сэргээн цагаатгах хуулийн зохицуулалттай. Өмнө дурдсан цол хасах тухай зарлигийг хүчингүй болгох тухай Ерөнхийлөгчийн 1997 оны аравдугаар сарын 31-ний 60 дугаар тоот зарлиг бол цагаатгасан шийдвэр биш.

Түүнчлэн шүүхээс цагаатгагдсан хэлмэгдэгчид, хэлмэгдүүлсний улмаас хассан улсын алдар цол, одон, медаль, Засгийн газрын шагнал, цэргийн болон тусгай цолыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгох хуулийн зохицуулалттай.

-Тэгэхээр Цэдэнбал Филатова агсныг ч цагаатгах талаар өмнө нь огт хөндөгдөөгүй гэсэн үг үү?

-Цэдэнбал-Филатова Анастасия Ивановна 1947 онд Монголын бэр болж ирснээсээ хойш 1984 он хүртэл Монгол Улс, Улаанбаатар хотноо амьдарч, ажиллаж байсан, хоёр хүүгийн эх хүн. Тэрээр 1984 онд улс төр, үзэл суртлын шалтгаанаар ажил, албан тушаалаасаа халагдаж, нөхрийн хамт долоон жил гэрийн хорионд орж, паспортаа хураалган, тэтгэврээ хасуулж, хувь хүний наад захын эрх, эрх чөлөөгөө хаан боогдуулсан байдаг.

Түүнийг нөхрөө оршуулаад дөнгөж гэртээ орж ирэхэд нь хүчээр байцаалтууд явуулсан, алдар гавьяа, цол, шагнал, хувьд ногдох хөрөнгийг нь хураасан зэрэг нь “НҮБ-ын Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын олон зүйл заалтыг зөрчиж, тухайн үед мөрдөгдөж байсан манай улсын үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг нь доройтуулсан шударга бус хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж гэр бүл, үр хүүхэд, түүхчид, эрдэмтэн судлаачид, ТББ үздэг. Мөн архивын бичиг баримтуудтай танилцахад хувь хүний эрхийг дэндүү зөрчсөн зүйлүүд маш их байгааг уншаад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байсан. Бүх хөрөнгийг хураахдаа дулаан хувцас, тэр байтугай дотуур хувцсуудыг нь хурааж захын контор гэдэг газар шилжүүллээ гэж протоколд тэмдэглэсэн байдаг. Түүний Монгол Улсын хөгжил дэвшил, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, соёл боловсролын төлөө санаачилж хийсэн үр бүтээлтэй ажлуудыг нь үнэлж төрөөс олгосон гавьяа, алдар цол шагналыг нь тухайн үеийн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар нөхрийнх нь хамт нэг өдөр хураан авч хассан хэдий ч өнөөдрийг хүртэл уг А.И.Филатовагийн зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээж олгоогүй байна. Түүнчлэн 1992 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нь тогтоогдож Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгдэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлсэн Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээн цагаатгаж улмаар 1990 онд хураагдсан цол, шагналыг нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Энэ асуудлыг өмнө нь хөндөж байсан юм болов уу. Мөн та яагаад шүүхэд хандах болсон юм бэ?

-УИХ-ын дэд даргын хариуцах ажлын нэг чиглэлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудал багтдаг юм л даа. Өмнө нь 2014 онд тухайн үеийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын (ЦАУЗБУК) дарга Л.Цогийн 19 дүгээр захирамжаар байгуулагдсан хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг цагаатгах эсэх асуудлыг судлаад улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй гэж дүгнэлт гаргасан байдаг. Мөн төрийн бус байгууллага, судлаачдын зүгээс өргөдөл хүсэлт байнга ирүүлсээр байгаа. Өмнө нь түүний үр хүүхдүүдээс болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон гэргий Цэдэнбал-Филатова нарын асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж байсан цөөнгүй тохиолдол байгаа хэдий ч албан ёсоор шүүхийн шийдвэр гараагүй учраас энэ асуудал хаагдахгүй өнөөдрийг хүрсэн. ЦАУЗБУК-ын хуулиар хүлээсэн нэг үүрэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүнийг цагаатгуулах тухай гомдлыг гаргах асуудал байдаг. Энэ цагаатгуулах тухай гомдлыг гаргаж болох хуулийн хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Тэгэхээр хуулийн боломжит хугацааг бас харгалзаж үзсэн. Юмжаагийн Цэдэнбал түүний гэргий Цэдэнбал-Филатова Анастасия Ивановна нарын нэр төрийг нь сэргээх асуудлыг шүүх хүлээн авч тэднийг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн нөхцөл байдлыг зөвхөн нэг талын тайлбар баримтад авталгүй олон талаас нь ул суурьтай судлан тогтоож хууль ёсоор шийдвэрлэнэ гэж найдаж байна.

-Та саяхан “2019 оны ЭМД сангийн үлдэгдэл 557,5 тэрбум байна. Хуулиараа 10 хувийг л эрсдэлийн санд үлдээж бусад мөнгийг даатгал төлөгчдөдөө зарцуулах ёстой. 2012-2016 УИХ иргэдийг эрүүл мэндийн зардлаас болж санхүүгийн ядууралд оруулахгүй байх зорилгоор маш сайн хуулийг баталж байсан” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байсан. Үлдсэн 90 хувь нь юунд зарцуулагддаг юм бол?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан. Нийгмийн даатгалын сан бол хуримтлал үүсгэдэг сан. Харин ЭМД-ын сан бол хуримтлалын сан биш, даатгал төлөгчдөд зарцуулагдаж байх ёстой мөнгө. Төсвийн мөнгө биш, даатгал төлөгчдийн мөнгө. Тиймээс даатгалын мөнгийг хуулийн дагуу иргэддээ зарцуулаач гэдэг шаардлагыг чуулган дээр тавьсан. Сар бүр ахмадууд уух эмээ авах гэж бөөн оочер дараалал болдог. Яагаад гэхээр тэр өдрийнхөө өглөө эрт очиж оочерлохгүй бол эм нь, тухайн эмийн санд олгосон санхүүжилт нь дуусчихдаг. Энэ ахмадуудын өмнө тулгамдаж байгаа маш том асуудал. Ядаж тэдний эмийг хүрэлцээтэй олгоод өгчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр өрхийн эмнэлгүүдийн төсөв маш бага. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагад анхаарахгүй байна. Энэ чинь иргэдээ үл тоож байгаагийн нэг хэлбэр. Төсвөөс нэг иргэнд тооцож өгдөг мөнгө учраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж болох олон үйлчилгээг хуульчлаад оруулсан шүү дээ. Иргэдээсээ, өрхийн эмнэлгээсээ харамлаад байж болохгүй. 10 хувийг бол хуулиараа эрсдэлийн санд үлдээгээд бусдыг даатгал төлөгчдөдөө зарцуулж байх ёстой. Иргэд нь огт өвдөхгүй байгаа бол өөр хэрэг. Эрүүл мэндийн зардлаасаа болж хэдэн мянгаараа ядууралд орж байна. Мөнгөгүйгээсээ нас барж байгаа олон өвчтөнүүд ч байна. Гэтэл 557 тэрбум чинь их мөнгө шүү дээ. Энэ мөнгө чинь иргэдэд өөрсдөд нь зориулагдах ёстой мөнгө.

-Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл аюулын харанга дэлдэж байна. Эрүүл мэндийн даатгалын систем муу учраас хавдраар өвчилж буй иргэд эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцдаг. Энэ нь тэдний өрхийн эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг гэх мэтчилэн асуудал их. Ер нь Эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэлийн талаар яригдаж байгаа юу?

-Хууль муу байгаадаа биш, буруу хэрэгжүүлээд байна. Энэ асуудлыг би чуулган, байнгын хорооны хурлууд дээр байнга хэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд хатуу дэд бүтэц (барилга, байшин, зам)-дээ бүх мөнгөө зарцуулж ирсэн. Одоо зөөлөн дэд бүтэц буюу иргэдийнхээ эрүүл мэнд,хүний хөгжилдөө анхаарч ажиллах шаардлага байгаа. Засаг даргаар ажиллаж байхдаа 10 мянган өрхөд “Хавдрын эсрэг довтолгоо” аяныг эхлүүлсэн. Иргэд маш их хандсан, иргэдэд хүрсэн,энэ аянаа үргэлжлүүлнэ.Одоо л бид хавдартай тэмцэхгүй юм бол оройтно. 2012-2016 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль зэрэг маш чухал хуулиудыг батлуулсан. Хууль сайн болсон. ЭМД-ын сан хангалттай мөнгөтэй байгаа биз дээ. Нөгөө иргэдээсээ, өрхийн, хувийн эмнэлгүүдээсээ харамладаг сэтгэхүй нь давамгайлаад байна. Харамсалтай нь хуулиуд бүрэн хэрэгжихгүй байна. Эдгээр хуулиудаа хэрэгжүүлээд эхэлчихвэл цөөн хүн амтай манай улс өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлээд байхгүй, шинэчлэлийн нэг хэлбэрт шилжих бүрэн боломжтой. Яагаад гэхээр маш чухал заалтууд тус хуулиудад бий. Нөгөөтэйгүүр иргэдийн эрүүл мэндийн санхүүжилтийн талаар мэдээлэлгүйг далимдуулж төсөв, мөнгө байхгүй мэт ойлголт өгч олон жил хуурч ирлээ. Мөн эмнэлгийн ажилчдын асуудлыг шийдэх боломжгүй мэт сэтгэгдэл төөрөгдүүлдэг. Төсөв хүнд байгаа нь үнэн. Гэвч даатгалын санд мөнгө хангалттай байгаа биз дээ. Сая 2020 оны төсвийн тодотгол баталсан. 2020 оны орлого, зарлага бараг тэнцүү байна. Тэгэхээр 2019 оны 500-гаад тэрбум төгрөг 2020 оны төгсгөлд бас л тэр чигээрээ үлдэнэ гэсэн үг. Харин саяны ээлжит бус чуулганаар олон чухал нэмэлтүүд орсонд баяртай байна. Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан “Ардын эрүүл мэнд” лобби бүлэг байгуулагдаад ажиллаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын гишүүд Улаанбаатарыг устгаж Хархоринд нийслэл сүндэрлүүлнэ гэж хөөрцөглөж байна

Хэдхэн өдрийн өмнө болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг батлаатхав. Энэ засгийн өнгөнд Монгол гэдэг улсын урагшилж хөгжих замын зураг гэдэг утгаараа сая хэлэлцэж баталсан хоёр асуудал амин чухал уу гэвэл чухал. Гэхдээ мөрийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөөг анзаарч ажих нь ээ хэд хэдэн асуудал байна аа. Гишүүн бүрийн тойрогтоо оноо авах гэж зохиосон мөрөөдлийн жагсаалтыг эгнүүлж өрөөд баталчих шиг боллоо. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, ноолуурын салбарыг дэлхийд гаргана энэ тэр гээд гучин жил ярьсан лоозонгуудаа өөдрөг гоё тоогоор хачирлаад шигтгэчихсэн ч байх шиг. Эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө ямар ч юм болоод, холион бантан болчихов, бүү мэд. Хэлэлцүүлгээс нь анзаарахад тэр гээд өлгөөд авахаар аятай санаа лав харагдсангүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050”-ийг хачин сайхан боллоо гэж мэдээлж, ярьсныг санаж байна. Тогтож уншаад үзэхээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас ялгаагүй байх жишээний. Шуудхан хэлэхэд юунд фокуслаж, яаж хөгжих чиг замгүй хөгжлийн бодлогууд л шил дараалан батлагдаж байна. Хөтөлбөрүүд доторх заалтууд жигтэйхэн өөдрөг. Тэр уурхайг тэгж хөдөлгөнө, энэ салбарыг ингэж өөд нь татна, ийм тийм үйлдвэр барина, мэдээллийн технологийг дэлхийн түвшинд хөгжүүлнэ… Хүслийн жагсаалт энэ мэтээр цааш үргэлжилнэ. Ингэж хөгжих зам чиг нь, технологи мөнгө нь, хөрөнгө оруулалт нь хаана байна вэ гээд хайхаар барих баримжаа, хариулах эзэн олдохгүйд л хамаг учир нь байна.

Боловсрол, эрүүл мэнд, банк санхүү гээд хэд хэдэн салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийж байж мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийтэй зэрэгцэнэ, хүсээд, мөрөөдөөд яваа үйлдвэрлэлээ дажгүй хөгжүүлнэ. Ганц энэ удаагийн засаг ч биш үе үеийн Засгийн газар, УИХ-ын алдаа л даа, хөгжлөө буруу төлөвлөдөг хэнэггүй хандлага. 1990 онд бидэнтэй ижил түвшинд, нэг гараанаас эхэлсэн Зүүн Европын улсууд өнөөдөр хол тасархай хөгжчихсөн. Болгар гэхэд л цойлчихлоо, Албани хүртэл гялалзаж байна. Шалтгааныг нь олох гэж хөмсгөө атируулах шаардлагагүй. Хөгжлийн зөв бодлогоор явж байгаа учраас тэд биднээс хол тасархай хөгжсөн хэрэг. Манайхны гол алдаа юу гээч. Засаг солигдох бүрд өмнөхөө үгүйсгэдэг, гэсэн хэрнээ үгүйсгэж гарч ирсэн нь реформ хийдэггүй. Ийм цикл яг л чөтгөрийн тойрог шиг эргэлдэж байгаа нь хэнд ч ил үнэн л дээ. Дахиад хэлэхэд, энэ удаагийн эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд ч өмнөх төлөвлөгөөнүүдээсээ ялгараад байх юм анзаарагдсангүй. Хөгжих зам нь тодорхой биш, галзуу хүний өдрийн тэмдэгдэл шиг зүйл л УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна.

Хатуухан хэлэхэд ямар ч судалгаа, төлөвлөгөө алга. Хуучин нийгмийн үед улсаа хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гэж гаргадаг байлаа. Манай эрх баригчид тэр жишгээр ажиллах гэж байгаа бололтой юмдагуу даа. Гэхдээ нэг зүйлийг анзаарахгүй байх шиг. Тэр үед Улсын төлөвлөгөөний комисс гэж аварга бүтэц байсныг. 200, 300 шижигнэсэн эрдэмтэнтэй, таван жилийн төлөвлөгөө гаргах гэж дөрөв, таван жил судалж, тооцож, цаг наргүй ажилладаг яамнаас ч том газар байсныг хуучцуул андахгүй. Хэдэн арван жилийн судалгааны архивтай, олон жилийн судалгаандаа анализ хийгээд мэргэшчихсэн судлаач, эрдэмтэдтэй төлөвлөгөөний комисс шиг бүтцийг Монгол Улс лав л өнөөдрийг хүртэл байгуулаагүй аж төрж яваа. УИХ-ын 76 гишүүн нь хоёрхон долоо хоногийн дотор ярьж байгаад хөгжлийн таван жилийн төлөвлөгөө хийчихээр ямар юм гарах нь тодорхой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм гарахаас яахав.

Манай гишүүдийн хийрхлийн оргил нь шинэ нийслэл байгуулах солиорол боллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангайн Хархоринд шинэ нийслэлийг байгуулна гэж хачин тод дуугарав. Өнгөц харж, шууд дүгнэх нэгэнд бол мань эр бүлгийн даргынхаа нэр хүндийг ашиглаж сонгогдсон тойрогтоо шинэ нийслэл байгуулах гээд байна уу гэж хардаж сэрдэхээр улайрч суух юм. Чуулганы танхимд Улаанбаатарыг нийслэл байлгахаа больё, Хархорин руу л нийслэлээ нүүлгэе гэсэн халуухан яриа, хэлэлцүүлэг өрнөөд авна лээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2050-д тийм заалт байхгүй” гэж тайлбарлаад хүчрэхгүй байгаа бололтой харагдсан. Л.Оюун-Эрдэнэ сайдын “Таван жилийн дотор хот байтугай сум барьж ч амжихгүй” гэсэн утгатай тайлбар харин чуулганы танхимд өрнөсөн утга учраар маруухан солиорол дунд сүрхий эрүүл сонсогдсон шүү. УИХ-ын гишүүд нь ийм байхад улс орон яаж хөгжих вэ дээ гэсэн бодолтойгоор л чуулганы хуралдааныг харж суулаа. Ямар ч төлөвлөгөө, судалгаа, тооцоо, балансгүй шууд л нийслэлээ нүүлгэнэ гэж ярьж манаргана гэж юу байхав дээ. Эрүүл хандлагатай дуугарсан гишүүдийн нэг нь хотын дарга байсан С.Амарсайхан. С.Амарсайхан гишүүн “Наадах чинь ноцтой асуудал шүү. Энд ярьж болохгүй. Орхоны хөндий чинь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар. Тэгээд ч усны нөөц муутай” гэж байр сууриа илэрхийлнэ лээ. Улсын нийслэл Улаанбаатар хотын статусыг устгаад, хамаг гол үйлчилгээ, бизнесийг нь хаагаад Орхоны хөндий рүү нүүлгэчихвэл Д.Тогтохсүрэн гишүүнд л оноо болж мэдэх юм. Жаахан егөөдөөд хэлэхэд тойргийнхон нь “Манай гишүүн сүрхий юм аа, тойрогтоо улсын нийслэлийг нүүлгээд ирлээ шүү дээ” гэж бахдаад мань эрийг насан туршид нь УИХ-ын гишүүнээр сонгож л магадгүй. Чуулганы тэр хэлэлцүүлгийг сонирхож суухдаа ганц хүнийг гишүүн болгохын тулд нийслэлээ сүйтгүүлж, улсаараа дампуурах уу гэж асуумаар санагдсанаа УИХ-ын гишүүдэд дайя. Гэнэн, гоомой гэхэд хэтэрсэн ийм элдэв санаа гаргаж, тааз ширтэж суугаад бодож олсон болхи санаагаа УИХ-ын чуулганы танхимд нотлох гэж улайрч, бүхэл бүтэн улсын хөгжлийн төлөвлөгөөнд наалдуулах гэж зүтгэмээргүй байна, гишүүд ээ. Эрхэм гишүүний улайрал нь ажил болж Хархоринд нийслэлээ байгууллаа гэж гөрдөж төсөөлье. Юуны түрүүнд манай УИХ Үндсэн хуулиа зөрчих асуудалтай нүүр тулна. Улаанбаатар бол улсын нийслэл гэсэн тов тодорхой өгүүлбэр Үндсэн хуульд дурайж байгаа. УИХ-ын гишүүд нь ядах нь ээ л Үндсэн хууль илт зөрчсөн зүйл яриад суумгүй байна. Монгол тусгаар улс хэвээр оршиж буй цагт Улаанбаатар улсын нийслэл хэвээр байна. Улаанбаатарыг нүүлгэнэ, шилжүүлнэ гэсэн санаа ганц энэ УИХ-ын үед сөхөгдөж байгаа юм биш л дээ. Өмнө нь хэд хэдэн улстөрч сөхөж байсан хуучин сэдэв. Ингэж ярьж, дуугарсан нь их улс төрөөс сураггүй арчигдсан байдаг нь бас л бодитой баримттай үнэн л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Бумчимэг: Эдийн засаг дахь гол хүндрэлүүд ирэх оноос тохиож болзошгүй

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголбанкинд эдийн засгийн төсөөллийн судалгаан дээр 10 гаруй жил ажилласан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөж байсан юм.


-Эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх хамгийн сүүлийн тоон мэдээллүүдээс танилцуулахгүй юу?

-Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр хагас жилд 9.7 хувиар агшсан байгаа. Үүнд уул уурхайн салбар 30 хувиар унасан нь голлон нөлөөлсөн. Үүний хажуугаар үйлчилгээ, худалдааны салбарууд нэлээн унажээ. Хөрөнгө оруулалтууд үлэмж хэмжээгээр багассан байна. Гэхдээ Засгийн газраас уналтыг намжаах арга хэмжээнүүд авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах, хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг арга хэмжээнүүдийн нөлөөгөөр өрхийн хэрэглээ 5.8 хувийн өсөлттэй гарлаа. Тэгэхээр иргэдийн амьдралд хямралын нөлөө харьцангуй бага харагдаж байна. 2009, 2016, 2017 оны хүндрэлийн үед өрхийн хэрэглээ нэлээд буурч байсан. Гэхдээ энэ онд өрхийн хэрэглээ өссөн ч үүнийг санхүүжүүлж буй төсөв маань ирэх онуудад бас ийм байж чадах уу гэсэн асуулт байна. Чадахгүй болов уу. Яагаад гэвэл төсөв маш өндөр алдагдалтай байна.

-Төсвийн алдагдал таван их наяд руу дөхөх нь ээ. Алдагдлыг санхүүжүүлэх боломж бий юү?

-Төсвийн тодотголын тухайд зардлаа нэмсэн. Орлого маш ихээр тасарч байгаа. Алдагдлыг санхүүжүүлэх төлөвлөгөөнүүд бодитой биш байна. Тухайлбал, гадаадын зээл тусламжаар 1.6 их наяд төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн. Гэтэл үүний хэд нь биелэх боломжтой вэ. Одоогоор хэлэлцээр хийж, гарын үсэг зурахад бэлэн болсон, оноос өмнө мөнгө орж ирэх нь хэд байна вэ гэхээр их эргэлзээтэй байна. Дээрээс нь дотоодод үнэт цаас гаргана гэсэн. Гэтэл энэ нь хувийн хөрөнгө оруулалтыг шахаад Засгийн газар мөнгө зээлж байна гэсэн үг. Тэгэхээр зээл ховордож, хүү өсөх эрсдэлийг бий болгохоор байна. Тиймээс алдагдлаа юугаар санхүүжүүлж байгаа нь ихээхэн чухал. Дээрээс нь Монголбанктай зөвшилцөж, эрүүл мэндийн даатгалын сан, ахмадын зээлийг чөлөөлсөнтэй холбоотойгоор арилжааны банкуудад байршсан хөрөнгийг чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд авна гэж байна. Энэ нь дотоод эх үүсвэрийг хумьж өгнө. Ийм хортой үр нөлөөллүүд харагдаж байгаа учир төсвийн тодотголыг санхүүжүүлэх бололцоотой эсэх нь эргэлзээтэй байна. Дээрээс нь орлого ихээр буурч байна. Энэ бууралтыг сааруулахын тулд зарим төрийн өмчит компаниудаас татварын урьдчилгаа авна гэжээ. Ингээд баахан өр тавьчихдаг. Гэтэл дараа жил эдийн засаг ямар байхыг мэдэхгүй. Шокийн эх үүсвэр нь намжаагүй байна. Цар тахал ямар хугацаанд үргэлжлэх, дахин давлагаа үүсэх эсэхийг урьдчилж тооцох боломжгүй. Ядаж вакцин гараагүй байна. Ийм нөхцөл байдалд дараа дараагийн алхамуудаа бодож төсвөө төлөвлөх ёстой. Хятадын эдийн засаг түргэн сэргэж, хоёрдугаар хагаст өсөлттэй гарсан боловч дэлхийн эдийн засаг сэргэхгүй бол энэ өсөлт удаан хадгалагдахгүй. Тэгэхээр бүсээ чангалж, зардлаа маш зөв хуваарилахгүй бол энэ жил иргэдийн амьдрал сайн байх ч ирэх онуудад хүндхэн нөхцөл байдалтай тулна.

-Олон улсын байгууллагууд эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн таамаглаж байна вэ?

-ОУВС, Дэлхийн банкнаас энэ жил дэлхийн эдийн засаг ойролцоогоор тав орчим хувиар агшина гэсэн төсөөлөл гаргасан. Ирэх жил сэргэнэ гэсэн найдлагатай байгаа. Гэхдээ “ковид”-оос өмнөх үе рүү 2-3 жилд буцаж очихооргүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс дэлхийн эдийн засаг сэргэх ч 2018, 2019 оных шиг өсөлт рүү очиход 2-3 жилийн хугацаа шаардлагатай. Ер нь хөгжиж буй орнуудын хувьд илүү эрсдэлтэй байгаа. Эдгээр орны эдийн засаг аль ч хямралын үед хамгийн ихээр хямардаг. АНУ-ын эдийн засаг бага зэрэг унахад Хятад тэрнээс илүү, Монголынх бүр илүү унах жишээтэй. Тиймээс манайх шиг түүхий эдээс хэт хамааралтай улсад ирээдүй харагдахгүй байхад аль болох хямгатай байхгүй бол нэлээн хүндрэл үүсэхээр байгааг олон улсын судалгаанууд онцолсон.

-Одоо эдийн засаг 10 орчим хувиар унаад байна. Гэхдээ цаашид эдийн засаг өссөөр жилийн төгсгөлд 2019 онтой харьцуулахад хасах нэг хувийн үзүүлэлт дээр аваачина гэсэн. Энэ боломжтой юу?

-Биелэхэд тун хүндрэлтэй. Одоо 10 орчим хувиар агшсан эдийн засаг чинь жилийнхээ эцэст нэг хувиар эерэг байхын тулд үлдсэн хагас жилд маш өндөр хувиар өсөх шаардлагатай болно. Гэтэл тийм өндөр өсөлтийн суурь харагдахгүй байна. Тэгэхээр төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь улам л өндөр болоод явна. Бусад улс орны хувьд “ковид”-той холбоотойгоор төсвийн алдагдлаа нэмэгдүүлж байгаа л даа. Гэхдээ манай орны хувьд өр нь маш өндөр, гадаад валютын нөөц бага үед ингэх нь маш эрсдэлтэй алхам юм.

Ирэх онуудын бондын өр төлбөрүүдээ буцааж төлж чадахгүй нь ойлгомжтой. Дахин санхүүжилт хийнэ. Ингэхдээ өмнө нь авч байсан хүүгээсээ илүү өндрөөр авна гэсэн үг. Дээрээс нь өрхийн хэрэглээ өндөр, Засгийн газрын хэрэглээ өндөр гарчихсан тул импортын хэрэглээ төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ нь валютын нөөцийг хурдтай бууруулах хүчин зүйл болно. Хэрэв нөөцөө хангалттай барина гэж хичээвэл ханш сулрах эрсдэлтэй. Ер нь манайх шиг орны хувьд гадаад валютын нөөц дуусаад ирэхээр л маш өндөр эрсдэл хүлээдэг. Энэ нь хамгийн хүндрэлтэй байх болов уу. Энэ жил экспортын орлого маш бага болсон. Ирэх жил сэргэнэ гэж хүлээж байгаа. Гэхдээ вакцин гараагүй. Мөн манайх автомашинаар нүүрс тээвэрлэдэг тул цар тахлын үед экспортод огцом өсөлтийг гаргахад хэцүү.

-2021 оны төлөв байдлын төсөөлөл маш эрсдэлтэй харагдаж байна гэсэн үг үү?

-Урт хугацаанд төлөвлөмөөр байна. Гэнэт л маргааш хүүхдийн мөнгө өгнө, татвар бууруулна гэх зэргээр огцом шийдвэр гаргалгүй шат дараатай, төлөвлөгөөтэй, ирээдүйд үүсэх аливаа эрсдэлийг давхар тооцсон байдлаар явмаар байна. Дээрээс нь зайлшгүй шаардлагатай, тэвчиж болох гэх зэргээр зардлуудыг эрэмбэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь орлогын тасалдалт өндөр байгаа үед зардлаа өсгөөд байх шаардлага байна уу. Угаасаа 2020 оны төсөв өндөр батлагдсан шүү дээ. Тэгвэл 2021 онд энэ зардлуудаа бууруулчихвал яах вэ. Эдийн засгийг тасралтгүй дэмжих, сэргээх хөтөлбөртэй байж болохгүй. Хэзээ нь хаазаа нэмэх, хэзээ тоормослох вэ гэдгээ тооцохгүй бол дандаа өндөр хаазтай яваад байж таарахгүй. Засгийн газар ирэх оны төлөв байдлыг хэрхэн харж, төлөвлөж байгаагаа тайлбарлах хэрэгтэй.

Энэ онд гадаад, дотоод эх үүсвэрээс бүх санхүүжилтээ аваад төсвийн алдагдлаа нөхчихдөг. Гэтэл 2021 онд яах вэ. Өрийн хязгаар өндөр болсон үед импотекийн зээлээ одоо төлөөд эхэл, орлогын татвараа төл, хүүхдийн мөнгийг зогсоолоо гэвэл юу болох вэ. Ямар нэг арга хэмжээ авч байгаа бол тэр нь хэр удаан үргэлжилж, тогтвортой байх вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй байна. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн хувьд энэ үед шууд хөрөнгө оруулалт хийнэ гэвэл маш тодорхойгүй байгаа. Тэд хүмүүс ажилгүй болж, юм худалдаж авахаа больчихвол яах вэ гэсэн эрсдэлийг тооцож байна. Түүнчлэн, зээлийн хүүг бууруулах хөтөлбөр гэж ярьж байна. Гэтэл ийм их алдагдалтай үед хүү буурах нөхцөл бүрдэж чадахгүй.

-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын өгөөж эдийн засагт урт удаан хадгалагдаж чадах уу?

-Төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох бага байлгах ёстой. Мөн хөрөнгө оруулалт хийж байгаа бол тууштай, тогтвортой байлгамаар байна. Нэг төсөл эхлүүлж өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд зогсоочихдог. Нөгөө мөнгө нь түгжигддэг. Бараг улсын мөнгө салхинд хийсчихлээ гэж ойлгож болно. Ер нь төсвийн зардал их байх нь эдийн засгийг улам л тогтворгүй болгодог. Үүний оронд хувийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг дэмжих шаардлагатай. Зөв бодлого ийм замаар л хэрэгждэг.

-Энэ жил олон сонгууль давхцаж байна. Төсөвт улс төрийн нөлөө орж байна уу?

-Ойлгомжтой зүйл. Бүгд л мэдэж байгаа. Мөнгөний нийлүүлэлтийн графикийг харахад л тодорхой байдаг. Улстөржилт бага байж тууштай тогтвортой бодлого хэрэгжүүлмээр байна. Нөгөөтэйгүүр, амлалт өгөхөд хязгаарлалт тавимаар байна. Жишээ нь, өнгөрсөн сонгуулийн үеэр харж байхад зарим нам мөрийн хөтөлбөртөө мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа юм. УИХ, Засгийн газар мөнгөний бодлого хэрэгжүүлэх эрх үүрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр сонгогчид хяналттай хандмаар байна. Хийж чадахгүй юмаа амлах, түүнийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарж, улс орныг эрсдэлд оруулдаг байж таарахгүй.

-Зээлийн хүүг бууруулахад төсвийн өндөр алдагдал хориг саад болж магадгүй. Ер нь хүүг бууруулах суурь зарчмыг яаж харах ёстой вэ?

-Зээлийн хүү яагаад өндөр байна гэвэл бид хадгалахаас илүү хөрөнгө оруулах хэрэгцээ байна. Хөгжиж байгаа учир мөнгө олоод хөрөнгө оруулалт хийгээд илүү сайхан амьдармаар байна. Тийм учраас хөгжсөн орнуудаас зээлийн хүү өндөр байна. Яагаад гэвэл хөгжсөн улсаас хөгжихийн тулд зээл авч байна шүү дээ. Хоёрдугаарт, итгэлцэл. Хэлсэн үгэндээ хүрдэг хүнд илүү бага хүүтэй зээл олдоно. Энэ агуулгаар хууль үйлчилдэг газар хүү бага байх магадлал өндөр. Дээрх хоёр нь хүүг тодорхойлдог гол хүчин зүйлс.

Эдийн засгийн үзүүлэлтээс нь дүгнэвэл, экспорт импортоосоо бага байгаад байвал бид гаднаас зээл авах хэрэгцээ шаардлагууд нэмэгдэж байдаг. Тэгэхээр урсгал тэнцлийн алдагдал их байвал манай төгрөгийн хүү өндөр, дээрээс нь төгрөгийн ханш сулрах төлөвт орчихож байна гэсэн үг. Ер нь хөрөнгө оруулагч хэн ч байсан урсгал тэнцлийн алдагдлыг харна. Өөрөөр хэлбэл, уг улс хийж байгаагаасаа илүү худалдан авах сонирхолтой байна гэсэн утга л даа. Энэ гурвыг харгалзаж байж зээлийн суурь хүү өөрчлөгдөнө. Мэдээж хадгаламж, зээлийн хоорондох хүүний зөрүүг бууруулах алхмууд хийгээд байгаа. Энэ нь банкны салбарын өрсөлдөөнөөс шалтгаалах зүйл.

Хүчээр хүүг бууруулъя гэдэг. Ингэхээр хадгаламжийн хүүг өөрчлөх хэрэгтэй болно. Тэгвэл хувь хүн өөрийнхөө мөнгийг ямар хэлбэрээр хадгалахаа сонгох эрхтэй. Жишээ нь, хадгаламжийг хүүг доошлуулаад зургаан хувийн хүүтэй болгочихвол манай урсгал тэнцлийн алдагдал өндөр, ханш суларч байгаа үед төгрөгөө доллар болгоод сейфэндээ хийхийг илүүд үзнэ. Тэгэхээр хөгжиж байгаа оронд зээлийн хүү валютын ханшаас хамаарч байдаг. Зээлийн хүүг бууруулах стратеги нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөр байх шаардлагатай.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Энхлэн: Сургуулийн бэлтгэлийг зөвхөн хичээлийн хэрэгсэл төдийгөөр бус хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй

“Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн Сэтгэл судлаач Б.Энхлэнтэй ярилцлаа.


-Цар тахлын үед хичээлийн шинэ жил эхэлж буйгаар онцлогтой. Тэр тусмаа нэгдүгээр ангид элсэж байгаа зургаан настай хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Хүүхдийнхээ цэцэрлэгээс сургуульд орох үеийн сэтгэл зүйн бэлэн байдлыг эцэг эхчүүд тэр бүр анзаараад байдаггүй. Сургуулийн бэлтгэлийг зөвхөн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл төдийгөөр хүлээж авах бус хүүхэд тань сургуульд ороход бэлэн эсэх, сурлагын ахиц гаргах сэтгэл зүй нь хангагдсан уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

-Эцэг эхийн зүгээс нэгдүгээр ангид элсэж буй хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлдэх шаардлагатай вэ?

-Хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ний орой зурагтаар уйлсан, эсвэл шоконд орсон хүүхдүүд гардаг шүү дээ. Энэ нь хүүхэд айж, түгшүүрлэж байгаагаас үүдэлтэй үйлдлийн жишээ юм. Ийм жишээг давтуулахгүйн тулд эхний ээлжинд сургуулийн талаарх ойлголтыг нэгдүгээр ангид элсэгчдэд зөв өгөх нь нэн чухал. Тиймээс эвээр, эерэгээр тайлбарлаж, хичээл эхлэхээс өмнө сургуульд нь дагуулж очоод маш ойлгомжтойгоор тайлбарлавал ийм нөхцөл үүсэхгүй байх боломжтой. Эцэг эхийн зүгээс сургуульд эрдэм ном заадаг, чамтай адил олон хүүхэд суралцдаг, багшийн заасан хичээлийг сурдаг гэх мэтчилэн сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй гэсэн үг. Ингэхгүй аваас яг үнэндээ тэд танихгүй орчин, мэдэхгүй хүмүүсээс түгших мэдрэмжийг авах эрсдэлтэй. Жишээ нь, хичээл эхлэхээс өмнө сургуульд нь дагуулж очиж танилцуулах, ангид оруулж суулгах, багшийг нь харуулах, хичээл явагддаг процессийг тайлбарлаж өгөх гэх мэт арга бий. Хэрэв боломжгүй бол сургууль, анги танхимын зургийг нь харуулж болно. Ингэснээр өмнө үзсэн газартаа очиход эвгүйцэх мэдрэмж нь харьцангуй багасна. Зарим эцэг эх “Манай хүүхэд энэ намар сургуульд орно. Одоо ч алалцаж өгөх байх, бөөн юм болно доо” гэж тэдний дэргэд улиглан ярьдаг. Үүнийг нь сонссон хүүхэд “сургуульд орох үед балрах юм байна” гэсэн ойлголттой нь холбоотой таагүй мэдрэмж үүсэх магадлалтай.

-Тэгвэл томчууд бид хүүхдийнхээ онцлогийг ойлгох хэрэгтэй гэсэн үг үү?

-Зарим хүүхэд 20 минут сууж хичээлээ хийж болоод байхад чи яагаад суудаггүй юм бэ гэж бусадтай харьцуулж хэрхэвч болохгүй. Яг үнэндээ хүүхэд болгон дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой шүү дээ. Багад нь яаж харилцсанаас шалтгаалж хүүхэд бүрийн хүмүүжил төлөвшил адилгүй. Энэ онцлогийг анзаарахгүй бусадтай жишвэл тохиромжгүй арга хэлбэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөлжин нүхэн дотор бөөрөнхий дүрс хийх гээд байгаатай ялгаагүй. Тэгвэл тухайн хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанд чухал хичээлүүдийг нь хийлгэж 1-3 минут амраагаад дахиад суулгаж болно. Хүүхдийнхээ онцлогийг мэдрэхгүйгээр бусдын хийж буй үйлдлийг нэхээд, эсвэл ур чадвар нь аль хэдийнэ тогтсон том хүүхэдтэй харьцуулна гэдэг байж болшгүй.

-Хүүхэд болгоны хувьд анхаарал төвлөрөх хугацаа харилцан адилгүй гэлээ. Тэгвэл зургаан настнуудын анхаарал төвлөрөлт ихэнхдээ хэдэн минут үргэлжилдэг вэ?

-Энэ насныхны анхаарал төвлөрөлт дунджаар 12-18 минут байдаг. Гэхдээ тухайн хүүхдийн гар утасны хэрэглээ, үе тэнгийнхэнтэйгээ тоглох, биеийн хөдөлгөөн хийх гэх мэт хувь онцлогоос шалтгаална. Тэгэхээр бусад хүүхэд 15 минут ширээний ард тогтвортой суудаг шиг таны хүүхэд ийм хугацаагаар суух албагүй. Хүүхэд бол хэнтэй ч харьцуулагдахгүй дахин давтагдашгүй бие хүн юм шүү дээ. Бусадтай адилтгаж бодохгүйгээр онцлогийг нь мэдрэх хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхдээ сайн ажигла, хичээлийг нь сонирхолтой байдлаар хийлгэж байгаарай.

-Хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ хувь онцлогт нь тохируулах шаардлагатай байх нь ээ?

-Маргаан, үл ойлголцол гарахад “ёстой нойлын ногоон тэг” гээд л таагүй үг хэллэгээр загнах, цохиж нудчих нь буруу үйлдэл юм. Насанд хүрсэн хүмүүс стресстэй байгаагаа өөрсдөө мэддэг. Тэдний хувьд стрессээс гарах арга замуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Харин хүүхэд стресст өртөх магадлалыг насанд хүрсэн хүнтэй харьцуулбал 10 дахин илүү байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл хүүхдээ стресстэй үед нь улам загнаж зандраад байвал тархины айдсын төв буюу амигдала идэвхжиж тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ.

– Энэхүү айдсын төв идэвхжвэл ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Айдсын төв идэвхжвэл шийдвэр гаргалт, өөрийгөө илэрхийлэх болон сонсож ойлгох чадварт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс айлгаж сүрдүүлэхгүйгээр хичээлийг нь хэлж зааварчилж харилцвал сурлагын амжилтад ахиц авчирна гэсэн судалгаа бий. Тодруулбал, Эцэг эхийн хүмүүжлийн арга эерэг, эсвэл сөрөг байгаа нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг. Тиймээс аль болох тайван дөлгөөн харилцсанаар ирээдүйд хүүхдээ хэн болгохыг хүсэж байна” яг тийм хүүхэд болгож төлөвшүүлэх боломжтой.

-Айдас түгшүүрт автсан үед хүүхдийн ой тогтоолтод ямар өөрчлөлт гардаг юм бол?

-Хичээлээ айдастай хийвэл амархан мартагдах эрсдэлтэй. Дэвтэр дээрээ нулимсаа дуслуулаад л айж бөмбөгнөөд гэрийн даалгавраа хийж суудаг жишээ бий. Ингэж түгшүүртэй хийвэл хэсэг хугацааны дараа айдас алга болоход тухайн хичээл нь ч хамт мартагддаг. Иймээс томчууд өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлж, тайлбарлавал зохистой.

-Аливаа эрдэмд шамдахдаа эхлээд сууж сур гэж ярьдаг. Тэгвэл зургаан настай хүүхдүүдийн хөдөлгөөний хэрэгцээг мэдэрч хичээлийг нь давтуулах шаардлагатай гэсэн үг үү?

-Огт босгохгүйгээр суулгаад гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг тийм ч үр бүтээлтэй арга биш. Харин ч ингэснээр хичээлээс залхах хандлагатай болдог. Бага насны хүүхдэд хөдөлгөөнтэй байх хэрэгцээ бий. Магадгүй 15-20 минут суулгаад гэрийн даалгаврыг нь хийлгэсэн бол дунд нь амралт авч биеийнх нь чилээг гаргах хэрэгтэй. Ингэж тодорхой хэмжээний давтамжтай хөдөлгөөн хийлгэвэл хүүхэд залхахгүй. Хүүхдийн тархи дөнгөж хөгжиж яваа шүү дээ. Тиймээс аливааг эвээр ойлгуулж, хоолойны өнгөө хүртэл дөлгөөн тайван болгоод асуултад нь цааргалахгүй хариулбал хичээлээ хийх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлнө. Хамгийн гол нь томчууд бид харилцаандаа анхаарах нь чухал.

-Тэгэхээр эцэг эхчүүдийн хандлага харилцаа хамгийн гол дэм болох нь ээ?

-Ерөөс харилцаандаа эерэг үгс, зөв үйлдлийг үзүүлж дэмжвэл сэтгэл зүйн эерэг хэрэгцээнүүд нь хангагдана. Мэдээж аав ээж бүр л хүүхдээ ирээдүйд амжилттай, мундаг хүн болоосой гэж хүсдэг. Ийм болоход гэр бүлийн зүгээс ойлгодог, сонсдог, дэмждэг, урамшуулдаг эерэг харилцаа чухал.

-Хүний насны үечлэл болгонд сэтгэл зүйн онцлог нь өөр өөр шинжтэй байдаг уу?

-Бид өсвөр үе, шилжилтийн насны хямралд голчлон анхаараад байдаг. Энэ нь гадаад байдал, бие бялдар өөрчлөгдөх, сэтгэл хөдлөл тогтворгүй болох гэх мэтчилэн зүйлстэй холбоотойг үгүйсгэхгүй. Сэтгэл судлаач Эрик Эриксоны тодорхойлсноор “Хүний насны үечлэл бүрт сэтгэл зүйн хямрал, хэрэгцээ мэдрэмжүүд бий” хэмээсэн бөгөөд түүнийг амжилттай даван туулснаар зөв бие хүн болох боломжтой. Дан ганц өсвөр нас гэлтгүй, насны үечлэл болгонд давж туулах ёстой онцлог шинжүүд илэрнэ. Жишээлбэл, гурван настай хүүхэд “би өөрөө хийе” гэж өөрийгөө илэрхийлэх мэдрэмжээ гаргадаг бол арван настай болоод ирэхээр аливааг өмчилж, хувьчилдаг болж зан аашинд нь өөрчлөлт илэрнэ. Ингэж том хүн болох үйл явц ажиглагддаг. Харин зургаан настай хүүхдийн хувьд хүрээлэн буй орчинтой холбоотой өөрчлөлт гардаг байх нь. Өөрчлөлтийн энэ үед асран хамгаалагч, эцэг эхчүүд дэмжиж туслаад явбал үүнийг амархан даван гарах боломжтой.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нийтлэлч Б.Цэнддоогийн “Нүүдэлчний хараал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр “Гадаад харилцааны яамны дэргэд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шаардлагатай” хэмээлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалтай хийсэн ярилцлага хэвлэгдлээ.

Баримт, үзэл бодолын гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нүүдэлчний хараал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

““Нар Мон” компанийн захирал М.Хүрэлсүх: Өнөөдөр миний бизнесийг төр булааж байгаа нь маргааш өөр олон хүний бизнесийг булаана гэсэн үг” гэлээ.

“Medway Consulting” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч С.Анударьтай ярилцлаа. Манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк СЭЗИС-тай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын арилжааны ууган Худалдаа, хөгжлийн банк үүсэн байгуулагдсаныхаа 30-н жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг санаачлан хийж хэрэгжүүлсээр байна.

Үүний томоохон илэрхийлэл болж, “Хуримтлалтай Монгол” аяны хүрээнд “Санхүү эдийн засгийн их сургууль”-тай хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ. Өөрсдийн салбартаа анхдагч төдийгүй тэргүүлэгчдийн нэгд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг тус хоёр байгууллага нь хамтын ажиллагаагаа ийнхүү төгөлдөржүүлснээр харилцан туршлага солилцох төдийгүй оюутан залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нийгэм, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үйлсэд урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

Хэдийгээр өөр салбарт харилцан адилгүй чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ч улс орныхоо нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог дэлхийн стандартад хүргэх цаашлаад тэргүүлэх нэг зорилгын дор ажиллаж байдагт хоёр байгууллагын нийтлэг үнэ цэнэ оршсоор байна.

Цаашдаа ч тус 2 байгууллагын хоорондын хамтын ажиллагаа санамж бичгийн хүрээнд төдийгүй, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, банк санхүүгийн хөгжлийг шинэ шатанд хүргэх зорилгын дор хамтран ажиллахаа хоёр талын удирдлагууд албан ёсоор мэдэгдсэн юм.

Хөгжил, дэвшилд хамтдаа

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг өнөөдөр (2020.09.02) хүлээн авч уулзлаа. Ноён Филип Малоун парламентын тэргүүнээр дахин сонгогдсонд нь УИХ-ын дарга Г. Занданшатарт баяр хүргээд “COVID-19-өөс шалтгаалж дэлхий дахинд хүндхэн сорилт тулгарч байгаа ч танай орны хувьд зөв зүйтэй арга хэмжээ авч, дотооддоо халдвар тархаалгүй барьж чадсан цөөхөн улсын нэг болсон нь том амжилт гэж бодож байна. Манай улсын хувьд нөхцөл байдал хүндэрсэн ч бид тодорхой арга хэмжээ авч байгаа. Энэ дашрамд манай улсын иргэдийг нутагтаа буцахад нь тусалж дэмжсэнд талархал илэрхийлье” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс нь Их Британи улсыг гуравдагч хөршийнхөө нэг гэж үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өглөө.

Түүнчлэн дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх асуудал зогсонги байдалд ороод байгаатай холбоотойгоор түүнийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, таатай нөхцөл боломж бүрдүүлж, бэрхшээл саадыг хамтран арилгах асуудал эрхэлсэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог УИХ-д байгуулахаар 20 гаруй гишүүн төсөл өргөн барьсан. Удахгүй шийдвэр гарна. Тус Түр хорооноос гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, асуудлаа хамтарч ярилцах зэргээр ажиллах болно. Ноён Элчин сайд Таныг энэ ажилд анхаарлаа хандуулахыг хүсэж байна гэв.

Ноён Филип Малоун зайлшгүй дэмжиж, хамтарч ажиллах ёстой асуудал мөн гэдгийг онцлоод, “Манай улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Зарим компаниуд аль хэдий нь хамтарч ажиллаад эхэлсэн. Гэхдээ анхаарах асуудлууд ч байдаг. Тухайлбал хууль эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой байх нь чухал. Цаашид манай хөрөнгө оруулагчид илүү олноор Монгол Улсад хөрөнгө оруулж, энэ талын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Төр, засаг, парламентын тогтвортой байдал нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлуудаа амжилттай дуусгаж, үр дүнд хүргэх боломж гэж бид харж байна хэмээн тэрбээр тэмдэглэлээ. Элчин сайд Филип Малоун Их Британи улс Европын холбоог орхин гарснаар шилжилтийн байдалд байгаа хэдий ч энэ оны сүүл гэхэд гадаад худалдааны шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ гэлээ.

Уулзалтын үеэр Их Британийн боловсролын хөтөлбөр, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны арга туршлагаас суралцах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улсад боловсролын тогтолцоогоо цэгцлэх, Монголын онцлогийг тусгаж, дэлхий дахины шилдэг ололтыг шингээсэн сургалтын хөтөлбөртэй болох асуудал яригдаж байгаа. COVID-19-ийн нөхцөл байдал намжих үед Лондонгийн хөрөнгийн биржийн туршлагаас суралцах, хамтран ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчдад аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг​ гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус тус гардуулав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэ онд эрүүл мэнд, цагдаагийн алба хаагчдад 160 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Гал унтраах бүс өөрөө зуслангийн болон гэр хорооллын хэсэгт байдаг учир 74 дүгээр гал унтраах ангид туулах чадвар бүхий автомашиныг гардуулан өгч байна. Мөн аврах ангид аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашиныг өглөө. Хавар, намрын улиралд хуурайшилт ихтэй байдгаас үүдэн алба хаагчдад ирэх ажлын ачаалал нэмэгддэг. Тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор тоноглогдсон, ус тээвэрлэх боломжтой дөрвөн дугуйт мотоциклийг мөн өгсөн. Онцгой байдлын нийт алба хаагчдын иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, хурдан шуурхай ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нийслэлчүүдийнхээ өмнө Онцгой байдлын алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүсч, авран хамгаалах ажлыг явуулах нөхцөл боломжоор нийслэлийн удирдлагууд хангаж ажиллаж байна” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн аврах ангид өмнө нь камаз маркийн автомашин, техник хэрэгслийг олгож байсан. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбогдуулан автомашины парк шинэчлэл, техник хэрэгслээр хангаж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа” гэв.

Сүүлийн хоёр жилийн байдлаар Онцгой байдлын албанд нийт 20 ширхэг автомашин, техник хэрэгсэл, 100 ширхэг үүргийн гал унтраагуур, иж бүрэн аврах ажиллагааны багажаар парк шинэчлэлийг хийсэн байна

Categories
мэдээ нийгэм

Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн 6, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байв.

УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр эх орондоо ирээд буй иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тус тус тусгаарлах ажээ.