Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна. Сүүлийн үед объектын гал түймэр болон пийшин, зуухны галлагаатай холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын байдлаар шингэрүүлсэн шатдаг хийнээс үйдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Тодруулбал, орцны жижүүр газан плитка хэрэглэж байгаад гал алдсан, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй дуудлага байсан юм. Мөн иргэд зуухны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, газан плитка ашиглуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. “Тавантолгой түлш” ХХК “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулан өрх бүрийн пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх заавар зөвлөмжийг өгч ажиллах юм. Иймд иргэд та бүхэн өвлийн бэлтгэлээ хангаж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг анхаарахыг хүсч байна” хэмээлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгаа. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алслагдсан 5 хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүйгээр тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв.

Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэд тарвагыг зөөвөрлөж, тээвэрлэж явснаар эдийн засгийн хувьд ямар зөрчил хүлээдэг вэ гэдгээ мэддэггүй. Зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрд 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг. Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээхээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Ковид-19” халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3405 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм. Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 18 онгоцоор 5464 зорчигч, 13 нислэгээр 1101 зорчигч, 229 авто тээврийн хэрэгслээр 4011 зорчигч ирж, хяналтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь нутгийн захиргааны байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээнээс барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлагаа авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээлэл болон инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх зэрэг таван төрлийн үйлчилгээг дээрх цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах боломжтой боллоо. Дээрх нэгдсэн порталаас үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээ, мэдээлэл авах, үйлчилгээний төлбөр төлөх, шийдвэрлэлтийн үйл явцад хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Хот байгуулалт, хөгжлийн газар цаашид барилга барих хүсэлт, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга хэлсэн юм.

Eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны 11 байгууллагын 110 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үүний нэг нь Хот байгуулалт, хөгжлийн газрын барилга барих хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйлчилгээ цахим боллоо.

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа хэлэхдээ “Оны эхний найман сарын байдлаар манай байгууллагап 4256 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүсэлт ирсэн. Үүний 30 хувийг цахимжуулах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, eservice.ulaanbaatar.mn цахим хуудаст хандаж, барилга барих хүсэлт гэсэн цэс рүү орж, өөрийнхөө хүсэлт өгөх байршил, дүүргийг сонгосны дараагаар автоматаар мэдээллийн сантай холбогдоно. Барилга барихад шаардагдах баримт бичгийн мэдээллийг оруулсны дараагаар холбогдох материалыг оруулж илгээх товчийг дарснаар хүсэлтээ өгч байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд хүсэлт нь ямар шатанд явагдаж байгааг мэдээллийн системээс харах боломжтой болно. Мөн хүсэлтийг ямар хууль, журмын дагуу шийдвэрлэж байгааг цахим хуудсаас авах боломж бүрдсэн. ” гэлээ.

Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэснээр иргэн, хуулийн этгээдийн цаг хугацааг хэмнэсэн, шийдвэр гаргалтад хүний оролцоог багасгах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагууд хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр БНСУ-аас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлана.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын эрсдэлтэй үед тарваган тахал тархвал нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүснэ

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн долоо хоногт Сөүл, Сидней, Нурсултан, Сиэтлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 1,144 иргэний 1,524 ширхэг 27 тонн ачаа тээш болон 16 тонн карго ачаа, зорчигчдыг тээвэрлэсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл, гурван тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ. Энэ талаар мэдээллийг ЗӨСҮТ-өөс өглөө.

“Коронавируст халдвараас сэргийлэхэд цэвэрлэгээний ажил маш чухал. ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор бүх боловсролын байгууллагын байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Гэхдээ өдөр тутмын байнгын цэвэрлэгээг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр хийх, тогтмол агаар сэлгэх, хаалга, цонхны бариул, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн Н.Цогбадрах захирал хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр тарваган тахлын эрсдэл өндөр байгааг санууллаа.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлын сэжигтэй 17 тохиолдол бүртгэгдэж, дөрөв нь онош батлагдан хоёр хүн эндсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин их байгаа үзүүлэлт.

Хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 31-нд Увс аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоогоод байсан бөгөөд онош лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэн хөл хориог цуцалсан юм.

Түүнчлэн тарваган тахлаас сэргийлэх анхааруулгыг хүргэсээр байгаа хэдий ч төв суурин газар руу тарваганы мах оруулах оролдлого гарсаар байна. Коронавируст халдварын эрсдэлтэй байгаа энэ үед давхар тарваган тахлын халдвар тархвал нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүснэ гэдгийг Н.Цогбадрах захирал анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр 265 хүн эх орондоо ирнэ​

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Ц.Алдармаагийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино энэ сарын 11-нд нээлтээ хйинэ

Эхиймаа” хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Тус киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат ажиллажээ. Тэрбээр тус киноны “Би асууя” нэртэй дууны үгийг бичиж, аяыг нь зохиосон бөгөөд “Нисванис” хамтлагийн дуучин Амгаагийн дуулснаар олны хүртээл болоод буй юм.

Энэхүү кинонд эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, гуниг, харуусал,
мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлдэг байна.

Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. “Эхиймаа” уран сайхны кино нь дээрх үйл явдалтай холбоотой бөгөөд Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ гүнээ харуусч, аав ээж, үрээсээ уучлал гуйсан пост фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Тэрбээр “Би хайртай дотныхоо олон хүнээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ, зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч, өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа, би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж, “Эхиймаа” уран сайхны киногоо хийсэн билээ” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

А.Амарсанаа: Барилга барих хүсэлтийг гэрээсээ шийдвэрлүүлэх боломжтой

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Түгжрэл ихтэй хотод төрийн үйлчилгээний олон шат дамжлагаас шалтгаалж нэг байгууллагаас нөгөө байгууллагын үүд татан гүйнэ гэдэг багагүй тэвчээр шаардах нь бий. Харин Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Цахим Монгол” төслийн хүрээнд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг албан тушаалтны хаалга таталгүйгээр гэрээсээ, гар утаснаасаа 24 цагийн туршид авах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн фортал eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж нийт 24 төрлийн үйлчилгээний тавыг онлайнаар дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал:

– Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

– Барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг хоот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх

– Архивын лавлагаа авах

– Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх

– Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх гэсэн таван үйлчилгээг дээрх сайтаар дамжуулан иргэдэд хүргэх боломжтой болжээ.

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Төрийн мэдээллийн “Хур”, “Дан” системд байгаа иргэдийн мэдээллийг дахин шаардахгүй. Өөрөөр хэлбэл танаас ТҮЦ машины лавлагаа буюу төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй гэсэн үг. Манайд барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой маш олон санал хүсэлт ирдэг. Үүнийг бүрэн цахимаар үзүүлэхээр зорьж иргэд гэрээсээ, хаанаас ч өргөдөл, гомдлоо шийдүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 354 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 2-ны өдөр 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 306 байгаагаас 296 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 21 нь сувилалд, гэрийн тусгаарлалтад 46 хүн, тусгаарлалтын хугацаа дууссан 229 хүн байна.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 10 хүн эмчлүүлж байгаа ес нь хөнгөн, нэг хүний бие хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.

Categories
мэдээ нийгэм

Халхгол суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км-т, сумын төвөөс баруун зүгт 123 км-т, 2020.09.01-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 2020.09.02-ны өдрийн 13:00 цагт ООГХ-ээс Онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежерээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас түр хойшилжээ

Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.

Мөн МИАТ компаниас фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

МИАТ ТӨХК-ийн 2020 оны 9 дугаар сарын 3-ны өдрийн тусгай үүргийн ОМ7301 дугаарт нислэгийн цагийн хуваарьт Сөүл хотын цаг агаараас ( Maysak далайн хар салхи ) шалтгаалан өөрчлөлт орсон тул зорчигч бүртгэлийг 2020 оны 9 дугаар сарын 3-ны 15:00 цагт хийж эхлэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авна уу.