Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудад хяналт алга


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, эдийн засагч, эрх зүйч Б.Лхагважавтай төрийн өмчит компаниудын хяналт тойрсон сэдвээр ярилцлаа.


-Манайд хэсэг бүлэг албан тушаалтан, эрх мэдэлтнүүд төрийн өмч нэрийн дор нийтийн баялгийг дундаас нь зувчуулах үзэгдэл өнгөрсөн 20 гаруй жилийн туршид нийтлэг явж ирсэн тухай шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид 1992 оноос чөлөөт зах зээл рүү орсон. Бид хувийн буюу нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөөд, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалсан үнэт зүйлийн заалттай. Гэвч 30 жилийг эргээд харахад улсын нийт өр буюу хөрөнгө оруулалтын зээлүүд 30 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 7 тэрбум нь Засгийн газрын өр зээл. Үлдсэн 23 тэрбумын 11 нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын зээл, 12 тэрбум нь хувийн хэвшлүүдийн авсан зээл байгаа юм. Уг хөрөнгө оруулалт буюу зээлийн цаана ерөөсөө л газар, түүний хэвлийн баялгийг барьцаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн лицензүүдийг барьцаалсан гэсэн үг. Тэгвэл 23 тэрбум ам.долларын барьцаанд байгаа лицензүүдийг хөдөлгөх асуудал одоогийн төр барьж байгаа хүмүүст том сорилт болно. Эвгүй хөдөлбөл юу ч үгүй болно. Эвтэй байвал улсад ашигтай.

Дээрхээс харахаар нийт өмчийн 99.9 хувь нь төрийн өмч хэвээр байгаа. Харамсалтай нь төрийн өмчөө өнгөрсөн 27 жилийн хугацаанд хуулиар хамгаалсангүй. Нэг ёсондоо процессын зохицуулалт, өмчийн эрхийг хамгаалсан хууль байхгүйгээс болоод өндөр албан тушаалд очсон хүмүүсийн түр зуурын эзэмшилд шилжиж ирсэн. Сүүлийн 10 гаруй жилд тохиолдож байгаа хямралын гол шалтгаан ерөөсөө л энэ газар шороог хэн зарах вэ гэдэг дээр явагдсан эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй. Энэ тэмцлээс болж Монгол Улс сөхрөхөд хүрч байна. Тэгвэл Үндсэн хуульд төрийн нийтийн хамааралтай гэдэг үг орж ирснээр төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотойгоор органик хуулиуд өөрчлөгдөх юм.

-Төрийн өмчийн 500 гаруй компани 360 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй ажиллаж байгааг хэлдэг. Эдгээр компанид хяналтын механизм яагаад хангалттай үйлчлэхгүй байна вэ?

-МҮХАҮТ жил бүр топ 100 аж ахуйн нэгж шалгаруулдаг. Намайг байхад үүнд төрийн өмчит 16 компани орж ирдэг байсан. Энэ компаниуд манай ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг. Нөлөөлөл маш их гэсэн үг. Та 500 гаруй компани гэж байна. Эндээс өндөр нөлөөтэй 120 компани байгаа л даа. Энэ 120 компаниар дамжигдаад төрийн өмчтэй холбоотой бидний ярьж, шүүмжлээд байдаг үйл явцууд явагддаг. Одоо энэ компаниудын засаглалыг зөв хэлбэрт оруулж, нээлттэй болгож, удирдаж байгаа менежмэнтийн бүтцийг ил тод болгохгүй бол 120 компаниар дамжуулж нийтийн мөнгөнөөс савлаж авдаг, хулгайлдаг байдал арилахгүй. Бид нэг хэсэг төсвөөр дамжуулж хулгай хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл, татвараар бүрэлдсэн мөнгийг тендер, концесс нэрээр эргүүлж хуваарилахдаа дундаас нь хулгайлдаг гэсэн үг. Одоо энэ асуудал арай гайгүй болсон. Энэ бол манай ДНБ-ний 28 хувьтай дүйх хэмжээний мөнгө л дөө. Хууль эрх зүйг чангалснаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийсэн нөхөд зохих шийтгэлээ авах тохиолдол нэмэгдэж байгаа.

Үүнээс тусдаа нэг бүлэг мөнгө байгаа нь төрийн өмчит компаниудынх юм. ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудад ямар ч хяналт алга. Одоо бидний гол зорилго энэ компаниудыг нээлттэй, хяналттай болгож, удирдлагад тавьж байгаа хүмүүсийг улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй. Ийшээ оруулдаг сонгодог арга бол хувьцаат компани шүү дээ. Ингэх юм бол хөрөнгийн бирж дээр явагдаж байгаа хувьцааны уналт босолтоор тухайн компанийн үр дүнг хэмжээд гаргаад ирнэ. Муу явж байвал удирдлагаа солино. Дараагийн нэг шат бол хувьчлах процесс. Гэхдээ бид өмнө нь явуулж байсан хувьчлалуудын алдааг дахин давтаж болохгүй. Бид 1997 онд 1852 байгууллагыг хувьчилсан. Ингэхдээ ажиллаж байсан бараг 500 мянган хүнийг гудамжинд хөөж гаргаад байшинг нь зарчихсан. Энэ хувьчлалын хамгийн том алдаа бол хөдөлмөрийн хамт олны үнэ цэнийг авч үлдээгүй явдал юм. Одоо бид 120 компани дээр хувьчлал явуулбал хөдөлмөрийн хамт олонг авч үлдэх хэрэгтэй.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох, хувьчлах асуудлыг шахаж шаардах, бодит үр дүнг нэхэх алхам хийгдэж байна уу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал 2017 оны үед яригдахад таван чухал заалт хөндөгдсөнөөс нэг нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох ажлыг үе шаттай хийх явдал байсан. Энэ ажил тухайн үед бодит ажил хэрэг бололгүй тэгэс гээд өнгөрсөн. Одоо үр дүн нь ямар байгааг ээлжит бус чуулган дээр тавигдсан Үндэсний аудитын газрын дүгнэлт маш тодорхой хэлсэн байгаа. Гэхдээ улсын үйлдвэрийн газрууд өнгөрсөн 2019 онд 2.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Тэгвэл улсын үйлдвэрийн газрууд хуульд заасан татваруудаа өгөөд үлдэж байгаа ашиг дээр Засгийн газар менежмэнт хийх эрхтэй үлддэг. Тийм ч учраас үйлдвэрүүдийн энэ ашгийг захиран зарцуулдаг учир Засгийн газарт дахин 3-4 их наядын мөнгөний сав байгаад байна. Бид харьцангуй төсөв, концесс, тендерээ хянаж эхэлж байгаа нь сайн ч улсын үйлдвэрийн газруудын ашгийн дараах цэвэр ашиг дээр хэн менежмэнт хийх үү, хэн гомдол гаргаж, хяналт тавих уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл анхаарлын тэмдэг хэвээр байна.

Үе үеийн Засгийн газрууд сүүлийн 20 жил төрийн өмчит компани руу гадны улсуудыг оруулах сонирхол байдаггүй байсан. Иргэдэд ч энэ талын ойлголтыг өгөхгүй байдлаар явж ирсэн. Одоо бидний хараа хяналт улсын үйлдвэрийн татварын дараах ашгийг яаж нийтийн төлөө зарцуулж байна гэдэгт чиглэх нь чухал байна. Улс төрийн эрх мэдэл авсан хамгийн өндөр албан тушаалтнуудын мөрөөдлөө биелүүлэх, улс төрийн байр сууриа бататгахад төрийн өмчит компаниудыг ашиглаад байж таарахгүй. Өнгөрсөн жил төрийн өмчит компаниуд 2.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж ярилаа. Энэ мөнгийг дахин зарцуулах эрх нь Засгийн газарт байгаа. Энэ чинь яг нарийндаа төсвийн тухай хуулиас гадуур хийгдэж байгаа ажил шүү. Үүнийг бид хяналтгүй орхигдуулсан байсан. Тиймээс улсын үйлдвэрээс гарч ирж байгаа цэвэр ашгийн дахин хуваарилалтыг ил тод болгох, менежмэнт дээр олон нийтийн хараа хяналтыг бий болгох нь хамгийн чухал асуудал юм.

-Олон нийтийн өмч, төрийн өмчит компанийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн шинэчлэлийг хийхийн тулд ямар алхам хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Төрийн өмчийг хамгаалсан хуулиуд гарах ёстой. Дээр нь энэ өмчийг бүртгэх учиртай. Мөн үнэлэх хэрэгтэй. Үүнээс олж байгаа ашгийн дахин хуваарилалтыг нийтийн сан руу оруулж ирэх ёстой. Төрийн өмчит компаниудын ашигтай ажилласан 2.5 их наядыг Ирээдүйн өв сан руу оруулж хяналт тавих ёстой. Тухайн компани дээрээ байна гэвэл асуудалтай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр татвар, роялтигаа өгөөд үлдсэн ашгаа буцааж үйлдвэртээ зарцуулж чадаж байна уу, хөрөнгө оруулалт болж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж чадах уу гэдэг асуудал байна. Энэ хяналт сул учир дээрхи мөнгийг захиран зарцуулах нь өндөр албан тушаалтнуудын дур зоргын асуудал болоод байна. Бид төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ авлаа гэж шүүмжилдэг. Гэтэл 2.5 их наяд төгрөг гэхээр ЖДҮ-ээс хэдэн зуу дахин нугарсан мөнгөний хяналт босч ирж байна. Үүнд хяналт алга.

Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ нийтийн санхүү гэсэн бүлэг оруулж ирж чадаагүй. Хамгийн гол нь нийтийн санхүүгээс эрх мэдэлтнүүд тодорхой хэмжээнд ашигласан л байвал хариуцлага хүлээдэг системийг Үндсэн хуульд хийж өгдөг юм билээ. Тийм хариуцлага хүлээлгэх заалт байхгүй учир ЖДҮ-ийн зээл авч, улсын үйлдвэрийн газрын ашгийг улс төрийн тоглолтод зарцуулах зэрэгт ямар ч ял хүлээхгүй байна. Үндсэн хуульд хийж чаддаггүй юм гэхэд ядаж төрийн албан тушаалтангуудыг нийтийн санхүүгээс авсан байвал УИХ, Засгийн газрын гишүүнээс татгалзуулдаг, нийтийн албан тушаалаас тодорхой хугацаанд зайлуулдаг механизмыг хийж өгөх хэрэгтэй.

Г.БАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгооё оо” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Үндэсний аюулгүй байдлаа бодож Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

“ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга В.Үнэнбат: Энэ жил монголчууд гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангана” гэв.

Өдрийн сонин нийлтлэлийн бодлого тодорхойлогч “Баримт, үзэл бодлын гурав дугаар нүүрт “Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгооё оо” хэмээлээ.

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.

Ардчиллын холбооны тэргүүн Ш.Батбаяртай хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай.

“Альфа” постдрам театрын ерөнхий найруулагч М.Батболд. Шинэ театр байгуулсан залуу найруулагчтай “Фауст”-ын тухай, Монголын театрын дэлхийд гялалзах боломжийн тухай яриа өрнүүллээ.

Анагаах ухааны доктор, “HFS” Үүдэл эсийн клиникийн эрхлэгч Б.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр “Анагаах ухаанд үүдэл эсийн эмчилгээ нэвтэрснээр эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийг эмчлэх боломжтой болсон” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК, Монголын Сайтын холбоотой хамтран сэтгүүлчдэд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сургалт зохион байгууллаа

Монгол Улсад хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сайтын холбоотой хамтран 2020 оны 09 дүгээр сарын 03-нд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Монголын сайтын холбооны гишүүн 20 гаруй сэтгүүлч оролцлоо.

Хамтран ажиллах Санамж бичгийн дагуу зохион байгуулсан тус сургалтаар “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх”, “Хүний эрхийн зарчмуудыг сэтгүүл зүйд нэвтрүүлэх нь” зэрэг хичээлүүдийг заав.

Энэхүү сургалтыг цувралаар үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд үр дүнд нь хүний эрхийн мэргэшсэн цахим мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг бэлтгэх, хүний эрхийн сургагч багш нарыг сэтгүүл зүйн салбарт анх удаа бэлтгэн гаргахыг зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна

Азийн жүдогийн холбооны удирдах зөвлөл наймдугаар сарын 28-нд онлайнаар хуралдаж, жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг арваннэгдүгээр сарын 26-29-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон байна.

Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, Кувейт Улсын иргэн Обайд Аль-Анзи удирдан зохион байгуулсан бөгөөд цаашид сар бүр онлайнаар хуралдаж тулгамдсан асуудлыг дор бүр нь шийдэж байхаа амлалаа. Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 15-17-нд Улаанбаатарт зохион байгуулахаар анх төлөвлөж, 20 гаруй орны 88 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байсан юм. Гэвч дэлхий дахинд тархаад буй коронавируст цар тахлын улмаас хойшлуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт илэрсэн тарваган тахал өвчний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт илэрсэн гэх тарваган тахал өвчний шинжилгээний хариу сөрөг гарч халдвар илрээгүй тул тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 3 буюу өнөөдрөөс эхлэн цуцлаж байгаа талаар Увс аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-ний өдрөөс ” Амьдрал мөрий биш” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

Цагдаагийн байгууллагаас Мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “АМЬДРАЛ МӨРИЙ БИШ” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Цагдаагийн байгуулагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернет, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай шалгалтын ажиллагааг явуулсан.

Энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет 5, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдүүдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг олж тогтоожээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОЮУТНУУДААР ХҮЧ НЭМНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр Ургацын комиссын хурал болж, 2020 оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Ургацын комиссын бүрэлдэхүүнд багтсан яамдын дэд сайд нар, холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд оролцлоо.

Ургацын комиссын хурлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан “Ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж шуурхай ажиллах”-ыг үүрэг болголоо.

-УЛААНБУУДАЙ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦ ЭНЭ ЖИЛ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм.

Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

-УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОЮУТНУУДААР ХҮЧ НЭМНЭ

Ургац хураалтын ажилд оролцох оюутан, цэргийн алба хаагчид болон ажиллах хүчний судалгаа, захиалгыг орон нутгаас авч зохицуулалт хийснээр Хөдөө аж ахуйн Их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг ургац хураалтын ажилд оролцуулах юм.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болоод байна.

Энэхүү техникийн хүчин чадлаар ургац хураалтын ажлыг технологийн 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэсэн тооцжээ.

-НОГООЧДОД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАРАХ БОЛОМЖООР ХАНГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн. Цаашид Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69,325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.

Түүнчлэн зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрт 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг. Тиймээс иргэд нэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчууд БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын байрны гадаа жагслаа

-ТЭД ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС ӨМНӨД МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ХОС ХЭЛНИЙ БОДЛОГО”-ЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАВ-

Монгол Улсад ажиллаж, хөдөлмөрлөдөг өмнөд монголчууд өчигдөр өглөө тайван жагсаал хийлээ. Тэд нутагт нь өрнөж буй үйл явдлыг харж тэвчиж чадахгүй, ийнхүү сэтгэлийн дуудлагаар цугларсан байлаа. Уриа лоозонгоо зэхэж, том цагаан цаасан дээр ирсэн хүмүүсээр гарын үсгийг нь зуруулж, хэрхэн яаж жагсах тухайгаа товч ярилцацгаав. Ар араасаа хүмүүс нэмэгдэж ирсээр л байв. Ингээд тэд “Монгол хэл, үсэг бичгээ авч үлдье”, “Хос хэлний бодлогыг эрс эсэргүүцнэ”, “Өмнөд Монгол орны үг хэлийг, бичиг үсэгтэй нь үлдээгээч”, “Хос хэлээр хичээллэх бодлогыг эрс эсэргүүцэж, хууль ёсны эрхээ хамгаалан тэмцье”, “Үндсэн хуулиа сахиж, 70 жилийн турш баримталсан монгол үсэг, бичиг, үг хэлээ хамгаалан үлдээе” гэсэн үгтэй, монгол бичгээр бичсэн уриа лоозонгоо барьсаар БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа очлоо. Өглөө 08 цаг өнгөрч байсан учир замын хөдөлгөөн ачаалалтай, машинууд түгжирч байлаа. Хүмүүс машиныхаа цонхоор жагсагчдыг харж, барьсан уриа лоозонг нь уншиж байгаа нь анзаарагдав. Энэ үед Хятадын Элчин сайдын яамнаас ямар нэгэн эрх бүхий хүн, албан тушаалтан гарч ирсэнгүй. Хамгаалалтын нэг хүн, мөн нэг цагдаа л жагсагчдын ойр зогсож байлаа. Жагсагчид шаардлагаа Элчин сайдын яаманд хүргүүлэв. Уг шаардлагад “Хятадын коммунист намаас ӨМӨЗО-д хэрэгжүүлж байгаа “Хос хэлний бодлого” нь өөрийн улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйл болон НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан Цөөнхийн эрхийн тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенцид заасан хүүхдийн үндэсний эх хэлээрээ сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна. Нэгдүгээрт, БНХАУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд “Бүх үндэстнүүд өөрийн хэл, бичиг үсэг, ёс заншил, хэв маягаа шинэчлэх, хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна. Хоёрдугаарт, 1992 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан “Цөөнхийн эрхийн тунхаглал”-д заахдаа “Үндэсний цөөнхөд харьяалагдах хүн бүр өөрийн соёлын ололтоос хүртэх, шашинаа шүтэх, шашины зан үйл гүйцэтгэх, өөрийн хэлээр ямар ч ялгаваргүйгээр ярих эрхтэй”, “Эх хэлээ сурах, эх хэлнийхээ талаар зохих зааварчилгаа авах зохистой боломжийг төр засгаас бүрдүүлэх”. Гуравдугаарт, 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцийн 30 дугаар зүйлд “Угсаатан, шашин буюу хэлний цөөнх, нутгийн уугуул иргэд бүхий улсад ийм цөөнхөд харьяалагдах хүүхэд өөрийн бүлгийн бусад гишүүний хамт соёлоо дагах, шашинаа шүтэх, зан үйлээ үйлдэх, түүнчлэн төрөлх хэлээрээ ярихад саад тавьж болохгүй” гэж тус тус заажээ. Иймд Хятадын Засгийн газраас ӨМӨЗО-д явуулж буй “Хос хэлний бодлого”-оо нэн даруй буцаан өөрчлөхийг шаардаж байна. Бид шаардлагын хариуг 14 хоногийн дараа авах болно. Хэрэв бидний шаардлагыг биелүүлэхгүй бол Олон улсын байгууллагад хандах зэрэг тэмцлийн бусад арга замыг сонгоно” гэсэн байлаа.

Жагсагчид “Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хамарч, хүн төрөлхтөн улс улсдаа нам гүмхэн байгааг далимдуулж Хятадын Засгийн газраас монгол хэлийг устгах бодлого явуулж буйг эсэргүүцэж байна. Хэл бол тухайн үндэстний оршин тогтнох үндэс байдаг. Хэл соёл, бичиг үсгээр минь оролдож байгаа нь өмнөд монголчуудыг устгах гэсэн бодлого. Тиймээс энэ асуудлыг олон улсын хэмжээнд хүргэж, даруй арга хэмжээ авах хэрэгтэй” гэцгээж байлаа. Харин жагсаалыг сонирхон харж зогссон иргэд жагсагчдын барьсан уйгаржин монгол бичгээр бичсэн уриа лоозонг үсэглэж уншихыг оролдож, юу бичсэнийг нь уншиж ойлгочихоод “Манайхан сайн дэмжээд зурагт телевиз, сониноор сайн гаргаад өгөх хэрэгтэй. Дарлагдсан ард түмэн шүү дээ. Угаасаа дарлагдаж байхад нь одоо бичиг үсгийг нь хориглоно гэдэг бол байж болшгүй зүйл” хэмээж, жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Жагсагчид Хятадын Элчин сайдын яамны гадаа 20 орчим минут саатахад цагдаа нар огт саад хийсэнгүй. Өмнөд монголчууд нэг нэгээр гарч ирж, урьдчилж бичиж бэлдсэн үг, шаардлага, уриалгаа чөлөөтэй нь аргагүй чанга дуугаар уншицгаав.

Жагсагчдын дунд байсан цагдаа харин ч жагсагчдыг машин тэргэнд шүргүүлж болзошгүй учир замаас гарахыг сануулж, аюулгүй байдлыг нь хангаж байлаа. Жагсагчид “Уухай”, “Монгол хэл мандтугай”, “Монгол Улс мандтугай”, “Монгол бичиг үсэг мандтугай”, “Чингисийн Монгол мандтугай” хэмээн нэгэн дуугаар хашгирахад гудамжаар явж байсан хүмүүс зогсож, уухайг нь түрж байв. Ингээд өмнөд монголчууд БНХАУ-ын Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлчихээд явган хүний замаар алхсаар, үе үе “Монгол хэл мандтугай”, “Уухай” хэмээн уриалсаар НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын байрны гадаа ирлээ. Тус байрны чанх урд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар байдаг билээ. Замын араар уриа, туг болсон өмнөд монголчууд, замын урдуур дохиотой машин тэргээ асааж, хувцас хэрэгслээ зүүсэн цагдаагийн алба хаагчид ярайтал зогсоно. Цагдаа нар өглөө ажилдаа гарахаар ийн зогсож байхад нь жагсагч тайвнаар алхсаар ирж ингэж таарцгаав. Өмнөд монголчууд “За ингээд бид өөрсдөө цагдаа дээр ирэв ээ. НҮБ-ын байр цагдаагийн газартай зэрэгцэж байдаг нь таарч дээ” хэмээн жийрхэцгээв. Жагсагчид өмнөх адил шаардлагаа уншлаа. Бүгд уриа лоозонгоо ярайтал барив. Гэтэл өөдөөс нь харж зогссон цагдаа нар юун жагсагчдыг хөөж, туух вэ. Харин ч өмнөд монголчуудын барьсан уйгаржин бичиг, босоо монгол бичгээрээ бичсэн уриа лоозонгуудыг сониучирхан харж, нэг нэгнээсээ өрсөн “Э..эх…хэл…Өвөр…Монгол…би…бич… бичиг…ү..сэг…” хэмээн үсэглэн уншиж байлаа. Жагсагчид айвуу тайвуу гэгч нь жагсаж, “Халуун элгэн нутаг” дууг хоолой зангируулан дуулцгааж “Монгол хэл мандтугай”, “Эх хэлээ хамгаалъя” зэргээр уриа хашгирсаар тайван жагсаал нь өндөрлөлөө. Жагсагчдын хувьд айдастай байснаа хэллээ. “Элчингийн гадаанаас л ачаад аваад явчих байх гээд сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Гэр орныхондоо ч бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Гэтэл ямар ч цагдаа айлгасангүй. Жагсаал минь бодсоноос сайхан боллоо. Үгээ хэлж, шаардлагаа өгчихлөө. Сэтгэл жаахан ч атугай уужирлаа”, “Монгол Улс ардчилсан орон гэдгийг өнөөдөр жагсаал хийгээд мэдэрлээ. Хажуугаар яваа хүмүүс биднийг их ойлгож дэмжиж байлаа. Цагдаа нар ч бидэнтэй адил монгол хүмүүс учир биднийгээ муухай харсангүй. Ар монголчууд өмнөд монголчуудыгаа дэмжиж байгааг харцнаас нь мэдэрлээ”, “Монголд жагсаал ийм гоё болдог юм уу” гэж нулимс цийлэгнүүлж сэтгэгдлээ хэлцгээж “Ар монголчууддаа дандаа баярладаг” гэж байв. Эхлээд 50 гаруй өмнөд монгол жагсаалд оролцсон бол сүүл рүүгээ хүмүүс нэмэгдсээр 70 орчим болсон юм. Ийнхүү Хятадын Засгийн газраас явуулж буй монгол хэл, бичгийг устгах бодлогыг эсэргүүцсэн өмнөд монголчуудын тайван жагсаал амжилттай болж өндөрлөв.

Өнгөрсөн зургадугаар сараас Өмнөд Монголд монгол хэлийг устгах бодлого явагдаж эхэлсэн билээ. Долдугаар сард Монголын залуу зохиолч, яруу найрагчид нэгдэж монгол хэлээрээ шүлэг уншиж “Монгол хэлээ аваръя” гэсэн цахим хөдөлгөөн өрнүүлж, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан нь өмнөд монголчуудад урам зориг өгч, үндэсний хэл, бичиг үсгээ хамгаалах хүч оруулж, өдөөж өгснийг жагсагчид хэлж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдэлчний хараал

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


НЭГ. ШИНЭ МАЯГИЙН “ХҮҮР”

-Хаана суралцсанаа ойлгохгүй явсаар баахан юм мэдээд авчихсан гэвэл хүмүүс гайхаж таарна. Гэтэл, хэлбэр нь огт ойлгогдоогүй атлаа, агуулга нь мэдрэгдээд байдаг зүйлс амьдралд бишгүй тааралдах аж.

Ийм юмны нэг нь манай сургуулийн хаяг байв. Ер нь бол учрыг нь олоогүй явсаар төгссөн гэхэд болно. Хаягийг нь ухаараагүй явдал тэнд заасан зүйлсийг ойлгоход огт садаа болсонгүй нь сонин.

Мөнөөх ойлгомжгүй хаягтай газарт найман жил болохдоо олон юмыг хэвийн ойлгож чадаад байсныг нотолсон “Бүрэн бус дунд боловролын гэрчилгээ” хүртэл надад бий. Сургуулийнхаа хаягийг бүрэн ухаараагүй надад болон миний өрөөсөн дугуйнуудад олгосон тэр сертификатад, БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс манай сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар гарын үсгээ итгэлтэйгээр зурсан байдаг.

Гэрчилгээний “Бүрэн бус” гэдэг тодотгол нь сургуулийнхаа хаягийг бүрэн ойлгоогүйг тэмдэглэсэн хэрэг биш бөгөөд 10 жилийн шатлалтай сургуулийн 8 дугаар ангийг төгссөнийг заах аж. Дотор нь математик, физик, утга зохиол, хэл бичиг зэрэг ерөнхий эрдмийг зохих хэмжээнд заалгаж шалгуулсан дүнг жагсаасны дотор сургуулийн хаягтай холбоотой зүйл огт үгүй.

Манай хаяг дээр “Шүлүүстэй сумын хөдөлмөр-политехникийн найман жилийн дунд сургууль” гэсэн бичиг байх. Амьдардаг сумаа мэдээд, сургууль гэдгийг нь ойлгоод, найман жилийг нь багцаалаад байв ч “хөдөлмөр”, “политехник” хоёр дээр очоод гацчихсан.

Боловсролын Яам, энэ этгээд сургуулийнхаа хаягийг ойлгоогүй явдал нь цаашдаа суралцахад саад болохгүй, улмаар бүрэн дунд, дээд боловсрол эзэмшихэд харшлахгүй гэж үзсэн учраас намайг аймгийн төвийн бүрэн дунд сургууль руу илгээв.

Олон жилийн хойно мэдэх нь ээ БНМАУ-д ХХ зууны далаад оноос ирээдүйн коммунист нийгэмд амьдрах өв тэгш хүнийг бэлдэж эхэлсэн юм билээ. Марксын онол ёсоор ирээдүйн коммунист нийгмийн гишүүн нь “өдөр банз харуулдан гампанз хийгээд, орой харьмагцаа театрын шүүмж бичих” хэмжээний боловсрол чадамжтай “Сарваахь-мужаан” байх аж. Монголчууд олон авьяастай хүнийг “арван (гарын) хуруу тэгш” гэж хэлдэг бол Марксын мөрөөдсөн тэр хүн “Хорин(хөлөө нэмээд) хуруу тэгш” болох учиртай ажгуу. ( Зөвлөлтийн шогч И.Ильф, Е.Петров нар “12 сандал” бүтээлдээ “Дунд боловсролтой Слесарь-сэхээтэн” хэмээх нэршлээр энэ үзэл санааг битүү егөөдсөн нь буй)

Хожим мэдэх нь ээ, бидний үеийнхэн тэрхүү “хөдөлмөрчин бөгөөд политехникчин” хүний болох туршилтад аль хэдийнэ орчихсон явжээ. Тэр нь юу гэхээр, хөвүүд, охидыг ялгаад ордог “Дархан мужаан”, “Гэр ахуйн” хичээлүүд үүний баталгаа аж.

Банз харуулдах, сандал хийх цаашаа ахисаар төмөр зорох хичээл орно. Охид нь юм оёх, хоол хийхийг хэлээд заалгана. Гоёор төсөөлөхөд: биднүүс өдөр нь дээд сургуульд дээд тооны лекц уншихаад, орой суурь машин дээр боолт зордог хүн болно гэсэн үг. Эсвэл урвуугаараа, өдөржин банз харуулдаж сандал хийчихээд, шөнө хагаслан тоо бодож, Фермагийн их теоромыг батлах жишээний нэгэн болох нигууртай байх жишээний. Харин зөвхөн сайхан зордог, эсвэл тоо бодохоос өөр чадамжгүй бол коммунизмд амьдарч чадахгүй, айн?

Бяцхан дизель станц асааж, өвлийн улиралд 18.00-23.59 цагийн хооронд тог өгдөг газрын сургуульд хүртэл суурь машин, зоомол цахилгаан өрөм байгааг бодоход биднийг “өвтэгш” хүн болгохоор их л шургуу бэлдэж байж.

Ямар ч байсан бид “өвтэгш хүн” болох бэлтгэл ажлыг хүрээнд олон зуун гурилын элдүүр, гампанз, мах татдаг мод хийсэн. Дарханы хичээл дээр заазуур их урласан. Бусад олон сургууль ч бас хийлгэсэн гээд бодохоор тухайн үеийн БНМАУ-ын бүх малыг (тэр үед 24 сая толгой мал байсан) нэг дор төхөөрлөө гэж бодоход гампанз, заазуураар л лав дутахааргүй байж.

Хүүхэд бүхэн үүнийг чадахгүй тул манай сумын гарын дүйтэй гэгдэх Далх гуай, Гүрцог гуай, Сандаг ах зэрэг хүмүүс “өвтөгш” болох найдвар муутайчуудын эцэг эхийн гуйлгад дараастай. Багш нар хараад л “Энэ ч Сандаг гуайн хийц”, “тэр сандал бол Гүрцог гуайн гараас гарч” гэдгийг мэдэх боловч хэн нэгэн сурагч Цогтгэрэл, Мягмаржав, Сэр-Од нарыг гэрийн даалгавраа сайн хийсэнд эргэлзээгүй тооцно. Бидэнтэй хамт манай сум тэр аяараа суралцаж байсан гэсэн ч болмоор.

Харин аймгийн төвийн сургуульд шилжиж ирээд өвтэгш болох шалгуур бүр хүндэрснийг харав. Сурагчдад алх хийх даалгавар өгөөд, авто засварын заводын токарьч ах нарыг царайчилж явснаа л сананам.

Хачирхалтай нэг юм гэвэл, хичээлдээ тааруухан хүүхдүүд дархан мужааны хичээлд авьяастай биш юм гэхэд мэрийлттэй нь ажиглагдах. Болдогсон бол манай болоод хөрш ангийн зарим нөхдийг анги улируулан зовоож, байн байн самбарт дуудан тэртэй тэргүй ойлгоогүй өдий хүрсэн юмыг асууж эрүүдэхээ болимоор. Оронд нь дуртай мужаан, зүтгэлтэй дархны чиглэлээр явуулбал сургууль ч яс амраад, тэд ч нуруу нь тэниймээр.

Багшийн дэргэд очоод шалгуулж байгаа тэднийг харахад, хэзээ ч хийгээгүй хэрэг тулгагдсан гэмгүй сэжигтнээс ч нажидтай, бас өрөвдөлтэй. Хилс хэрэгт унаж байгаа этгээдэд бол байцаагчийн хэлсэн болгоныг л зөвшөөрөөд байхад хурдан нэг талдаа багтана. Гэтэл сурлага муутай гэмтнээс багш

-Устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомтой нэгдээд ус болсон гээд л хүлээчих! Тэгэх үү? гэхчлэн хэзээ ч асуухгүй.

Хичээл тарангуут л баяр хөөр цацарсан жирийн хүүхэд болон дэгэж дэрвэж оддог тэднийг ихэд өрөвдөнө. Анги танхимд орж ирэнгүүтээ хэзээ ч хийгээгүй гэмт хэргийнхээ буруутан маягтай байцаагдан, самбарын өмнө шүүгдэхийг харах харин ч амаргүй.

Тэдний зарим үнэхээр шүүх, цагдан сэргийлэх байгууллагын байнгын үйлчлүүлэгч болж хувирах. Амьдрал угаасаа шүүх мэт санагдаад сурах, шүүгдэх ялгаагүй санагдсанаас ч тэгдэг байсан юм бил үү, хэн мэдлээ.

Би ч тэднээс дээрдээд байх юмгүй, хичээлдээ боломжийн авч “өвтөгш” болох найдлага багатайн тоонд орно. Миний хийсэн гампанзан дээр, урласан ганжингаар маань гурил элдвэл Сальвадор Дали-гийнх шиг бүтээл гарч мэдэхээс биш, ахуйн хэрэглээний элдсэн гурил хүлээгээд нэмэргүй. Үнэхээр, “далий” бүтээл туурвисан байлаа ч Социалист реализм хэмээх урлахуйн ганц арга зөвшөөрөгддөг нийгэмд тэрний нэмэр гэж үгүй.

Нөгөөдүүлээсээ азтай нь миний өмнөөс “өвтөгш” хүний бүтээл хийгээд өгөх хүн олдоно. Харин тэдний өмнөөс самбарт гарах ачтан гэж үгүй. Иймээс, гол төлөв мужааны хичээлд хамт суралцсан Сандаг ахынхаа хойноос маанийн ерөөл айлтгаму.

Харин охидод маань “Гар ахуй” орохоо болиод, нас бие гүйцэхийн хэрд “Үйлчлэх хөдөлмөр” заасан байдаг юм. Юунд үйлчилдэг, тэгээд яадаг хөдөлмөр зааж байсныг бүү мэд, ямар “юм” сурснаа өөрснөө л хэлэх байх даа.

Үүнээс ч аймаар юм бас байх. Биднээр эхэндээ зурам агнуулж байлаа. Зуны даалгавар шүү дээ. Бусад газрын хүүхэд төгсгөсөн ангидаа үзсэн хичээлээ давтан бататгадаг, эсвэл зүгээр л энэ хорвоод сургуульд сурах, самбарт гарч асуугдах гээч юм огт байдаггүй аятай зугаацан цэнгэж зусдаг ч байсан байж магадгүй.

Харин “хөдөлмөр-политехник”-ээр хүмүүж байгаа бид тэгэхгүй. Зун хичээлээ давтахаас гадна амьтан алахад дадлагажина. Ер нь бол, коммунизмд хүрч чадсан “өвтөгш” хүн байлаа гэхэд аг агнуурхнаар л амь зогоох учиртай байсан юм болов уу, гэмээр. Наснаасаа хамаараад нэг сурагч зуны амралтаараа 5-10 зурам агнаж арьсыг нь авчрах даалгаврыг БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс сургуулийн захиргаа бидэнд өгөх.

Ингээд бид зурамны нүхэнд ус цутгаад, гарч ирэнгүүт нь толгойг хага цохих эрдэм сурцгаав. Фашист германы гитлергюндын тусгай сургалт бус аа, ХХ зууны БНМАУ-д болсон явдал. Ахлах ангид оронгуут хонь алуулж эхлэв. Сум-нэгдэлд улсаас өгсөн төлөвлөгөөний дагуу олон зуун мал нядална. Тэр төлөвлөгөөний тодорхой хэсгийг сургуульд хуваарилна. Тэнд бид хулгана зурам мэтийн жижиг амьтан дээр сурсан мэддлэг чадвараа ахиулна.

Сумын бойны газар (орос хэлний бойня гэдэг үг) хэмээх яргын хашаанд хүүхдүүдийн дутуу алж гэдсийг нь цувуулсан хонь, голыг нь таслахын оронд улаан хоолойг нь таслаад тарчлаан бахируулсан ямаа…( Ум мани бадми хум. Хамаг амьтны, бусдын эрхшээлд үйлдсэн хийгээд мунхагийн эрхээр шохоорхон хийсэн хилинц нүглүүд нимгэрэх болтугай)

Дутуу алагдсан тарчилсан малыг томчууд заримдаа гүйцээж өгөх ба ингээгүй тохиолдолд нийлж амыг нь барьсаар бүтээж алдаг байж. Аймшгийг зохиолын хаан гэгдэх Стивен Кингийн туужийн хэсэг бус “өвтөгш хүн” болохоор чармайж яваа БНМАУ-ын хүүхдүүдийн нэг өдөр.

Дотуур байрны нэг өрөөнд амьдардаг Ц.Сэр-Од гэдэг найзтайгаа “анги танхимд сурсан зүйлээ” бататгах хүрээнд айлын идэш хийж үзэв. Нэг богийг нэг төгрөгөөр тооцон төхөөрч, тус бүр 10 гаруй төгрөгтэйгөөр анхны капиталаа хуримтлуулж байтал хэрэг бишидлээ. Ар гэрийнхэн бидний бизнесийн гарааг дуулаад их багагүй л галзуурах дөхсөн юм байх. Муу ээж минь, дуулуутаа л бараг дээлээ солилгүй мордоод ирсэн байж билээ. Үхтлээ загнуулаад, дахиж хэзээ ч амьтны амь тасалж мөнгө олохгүй гэдгээ андгайлснаар анхны “старт-Ап” төсөлдөө цэг тавилаа.

Харин анги танхимд бидэнд хүнлэг үзэл, энхтайванч ёсыг заана. Сургуулийн босго алхмагц “Хүний зүрхийг үгээр дулаацуулна. А.С.Пушкин” гэсэн сэтгэлийн утас хөндсөн мөрүүд биднийг тосох. Тэнд бид дэлхийн сонгодгууд, хүнлэг үзэл санааны туг болсон эрхмүүдийн номлолд боловсрох. Аа бас гараад амьтан алах дадлага хийх. Бусдын төлөө эргэлзээнгүй амиа өгөх, бас бусдыг эргэлзээнгүй алсан ч чадах учиртай байсан юм болов уу “өвтэгш” хүн маань.

Азаар, ямар ч үзэл санааг өнгөц төдий дагаад хэрэггүй болсон газарт нь хаядаг нүүдэлчдийн удам байлаа, бид. Өвлийн дээлээ хаваржаан дээрээ тайлаад явахдаа, зуны тэрлэгээ намаржаанд буугаад далд хийхдээ өчүүхэн ч гайхаж эргэлздэггүй шигээ, “өвтэгш” болгох бүхий л сургалтыг танхимд нь, бойны цэгт нь орхиод бид цаашаа явцгаасан. Бид өвтөгш коммунистад хувиран хүмүүжээгүй, бас террорист ч болоогүй нууц энд л байгаа байх. Сурсан мэдсэн бүхнийг буурин дээрээ хаяад, шинэ өдөр, шинэ цаг агаарт дасахаас өөр аргагүй болгодог хээр мал минь. За энэ ч яах вэ, гол юмандаа орох минь.

…Ахлах ангид орохын хэрээр, бидний “хөдөлмөр ба политехник” сургалтад дэвшил гарч суурь машин дээр юм хийж үзэв. Тэр нь цахилгаан өрмийн машин гэж юу болохыг мэдэх бас түүгээр төмөр өрөмдөж үзэхээс эхэлсэн юм, уг нь.

Гэтэл, манай ангийн Чадраа золиг, өрмийн даралт тохируулдаг гарыг хамаг бяраараа дараад хөдөөгийн бяцхан суманд ирээд байсан технологийн шинэ эрэмбийг хийсгэж орхив. Тасхийн дуугараад тэртээ булан рүү үсрэн одох өрөмний хугархайтай хамт “коммунист өвтөгш хүн” болох найдлага шунгинан нисч одсон хэрэг.

Сайхан ааштай, өвгөн багш маань царай нь хувьсхийн босч ирснээ,

-Эй, яс нь цайрсан хүүрнүүд, яс нь цайрсан хүүрнүүд… яс нь цайсан хүүрнүүд хэмээн харааж гарлаа. Харин “Яс нь цайрах” нигууртай хүүрнүүд нь чив чимээгүй. Тарчигнаж байсан суурь машин ч дуугаа хураав. Нам гүм байдал нь багшийн уурыг улам дүрсхийлгэсэн бололтой, илүү чанга тембрээр “ясан цайсан хүүр”-ээ урсгана.

Ядрах шинж түүнд үгүй. Тэндээс би, монгол хүн хараахаараа харин ч хүч орж байгааг харах шиг санагдсан. Төө хэрийн урттай тэр өрөм, багшид төдийгүй манай сумын хэмжээгээр ганцхан байсан эд байхаа, тэгж их харамсаж байгааг бодоход.

Багш маань, ганц өгүүлбэрээс бүрдсэн ч үл дуусах, үл дундрах хараалынхаа чөлөөгөөр,

-Зайлцгаа… гэдэг сул үг оруулангуут үүнийг л хүлээж байсан мэт бид дэрхийн гараад “яс нь цайхаар” одлоо. Багшийн уншлага, хөвөн зулж хавсан даалимбан давхаргатай хаалганы цаана бүдэгрэн үлдэв.

Яс нь цайран үлдэх, амьд бие нь хүүр болох тухайд бидний хэн ч гомдсонгүй. “Хүүр” гэдэг бол бидний өдөр тутам сонсдог, хэлдэг үг байв. Миний найз өвгөчүүдийн нэг, цагтаа чойрын номд умбаж лам явсан Дэмбэрэлсүрэн гуай маань хүртэл багачууд биднийг хурга тугал нийлүүлсний төлөө “Улаан хүүр”-ээр нь өдөржин цоллоод, орой нь сан тавьж, ариулж, өхөөрдөн ерөөж өгөх нь олонтаа.

Хүүр бол хараал гэхээсээ илүү ерийн уулга алдалт, хүч нэмэгдүүлэх сул үг төдий болсон хэллэг. Хэрвээ “намайг хүүр гэж хараалаа” гэсэн гомдол гаргавал “Эрүүл байна уу, хүүр минь”гэсэн хариу ч сонсож мэднэ.

-Би гэдэг хүүр, ингээд хө

-Ямар хөөрхөн хүүр вэ, тиим ээ гэсэн, хараал зүхлийн өчүүхэн ч амьсгалгүй, харин ч эелдэг дотно хүүрнэлийг сонсож болно. (Хүүр, хүүрнэл хоёр нэг язгуургүй гэж найдъя)

Ийм болохоор багшдаа хараалгаж зогссон бид юун гомдох вэ, харин ч “Хүүр”-ийн цоо шинэ, сонирхолтой хувилбар сонссондоо харин ч олзуурхав.

Хэрвээ, манай сургууль үнэхээр л хаяг дээрх шигээ, биднийг “хөдөлмөрчин-политехникчин” хүн болгож чадлаа гэхэд “хүүр”-нээс нь бол салгаж дийлэлгүй үлдээх байсанд итгэсээр явдаг.

Харин ч, монгол хэлний хүндэт үгийн тоонд орж, “Маркс хүүр хэлэхдээ” “Хайрт хүүр МАХН, мандтугай”, “Орон бүхний хүүрнүүд ээ, нэгдэгтүн”(уг эх:Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн) болох ч байсан юм бил үү? Өнөө, Халхад дэлгэрсэн Шарын шашныхан овоо тахих бөөгийн зан үйлийг хориглож барахаа болиод, ламаар тахиулдаг болгож үлдээсэн шиг.

Ингэхэд яагаад “Хүүр” гэдэг үг бидний аманд хоногшин, хэлэгдсэн байдлаараа “Ум мани бадми хум”-ын араас дугаарлах болов?

Үргэлжлэл бий.