Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай онгоц өчигдөр шөнө 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн дөрөв, өндөр настан найм, эрүүл мэндийн шалтгаантай 19, жирэмсэн нэг, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 63, нийт 95 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмадын амралт”-д тусгаарлажээ.
Month: September 2020
Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, АУ-ны Доктор, Профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.
Улирлын томуугаас урьтаж ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
ЭМЯ-аас цар тахлын үеийн томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг энэ жил эрт эхлүүлэн хийж байна. Томуу, томуу төст өвчин нь хүн амын дунджилийн турш гардагбөгөөд эд идэвхжлийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг.
ТТӨ-ийн эрсдлийг улирал хоорондын, идэвхжилийн, алаг цоог дэгдэлтийн, улсын хэмжээний дэгдэлтийн болон тахалт тархалт гэсэн 5 үе шатаар гаргадаг. Энэ үзүүлэлттэй харьцуулан харахад Монгол улсад өнөөдрийн байдлаар ТТӨ-нийтархалт 10.000 хүнамд 4.1 буюу улирал хоорондын үед байна гэж дүгнэж болно. Бид энэ үнэлгээг харгалзан үе шат бүхэнд нь тохирсон, ялангуяа 4 ба 5 дахь үеийнтахалт тархалтаас угтуулан сэргийлэх бодлогыг баримтлан урьдчилан төлөвлөж, бэлэн байдлыг хангаад ажиллаж байна.Энэ хүрээндЭрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны Эрүүл мэндийн Улсын албаны дэргэд Тохиолдлын удирдлагын тогтолцоог 7 үндсэн чиглэлээр гарган чиглэл бүрээр төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг зэрэг хийн ажиллаж байна. Хугацаа алдаж болохгүй үе. Учир нь одоо ТТӨ-ний улирал хоорондын үе үргэлжилж байгаа тул иргэдэд ТТӨ-с сэргийлэх, тухайлбал дархлаагаа дэмжих, дулаан хувцаслах, маскаа зүүх гэх мэтээр ухуулах, сурталчлах, мөн гол өртөмхий бүлэг хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулах, ЭМБ-ийн бэлэн байдлыг хангах гэсэн ажлаа эхлүүлээд байна.
Энэ төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн 141 ӨЭМТ –ийн ахлагч нарыг ТТӨ-ийн үед ажиллах удирдамжаар хангасан, гарааны эмчилгээнд ашиглах 9 нэр төрлийн нэн шаардлагатай эмийн жагсаалт гарган, ашиглах, хянах удирдамжийг боловсруулж байна. Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-119 дуудлага дээр улирлын ТТӨ-ний үе эхэлж байгаатай уялдан 10 хүүхдийн эмч ажиллан зөвлөмж, зөвөлгөө өгч байна. ӨЭМТ –д харъяалалын хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулах төлөвлөлт, бэлтгэлийг зохион байгуулж ирэх сараас энэ ажил эхэлнэ. ТТӨ-ийн тархалтын эрчимээс хамааран ӨЭМТ –д уртасгасан цагаар ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн амьсгалын замын өвчний үед эмнэлэгийн тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийн хүрэлцээ, ашиглалт, хэрэгцээ, эмч мэргэжилтэний ур чадвар, нөөц зэргийн судлан ЭХЭМҮТ-ээс 6 хүүхдийн эмч, 12 сувилагч төвийн 6 дүүрэгт очиж дадлагажуулах сургалт явуулж хамтран ажиллаж байна.
Улирлын томуугийн үед анхан шатны нэгжүүд болох Өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү нэлээн анхаарч ажиллана гэсэн ?
Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг Нийгмийн эрүүүл мэндийн, эмнэлэгийн гэсэн 2 томоохон төрөлд хуваадаг. ТТӨ-өөс сэргийлэх, сэрэмжлэх, вакцинд хамрагдах, ханиадтай бол бусдад халдахаас сэргийлж амны хаалт зүүх, ер нь амьсгалын замын халдварт өртөхгүйн тул амны хаалт зүүх, дулаан хувцаслах, халуун хоол унд хэрэглэх, ажил, амралтаа зохицуулах зэрэг нь бүгд НЭМ –ийн үйл ажиллагаа, сэргийлэлт юм. Эдгээр анхан шатны буюу Нийгмийн эрүүл мэндийн тусламжийг Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүд зөв менежментээр үзүүлэх, гарааны эмчилгээг хийх боломж бүрдүүлж байна.
Харин ТТӨ нь хүндэрсэн, зайлшгүй эмнэлгийн тусламж шаардлагатай үед лавлагаа тусламж авахын тулд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс авах ёстой. Гэтэл ийм ойлгомжтой эрх зүйн орчин, дүрэм, заавар байгаа хэдий ч энэ менежментээ яг газар дээр нь зөв, зохистой хэрэгжих шатанд бага анхаарсан ч юм уу өмнөх он жилүүдээс харахад өвөлдөө ДНЭ, ЭХЭМҮТ-д ТТӨ, амьсгалын замын халдварт өвчний улмаасачаалалаа дийлэхгүй тусламж үйлчилгээ үзүүлэгч ч туйлдаж, иргэд ч их бухимддаг.
Энэ байдлыг харгалзаад Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг нь 2 сар гаруй тасралтгүй ажиллан “ТТӨ-ний үеийн эрт хариу арга хэмжээ, бэлэн байдлын цогц төлөвлөлт – Нэгдмэл бодлого- нэг зорилгын хүрээнд ӨЭМТ –ийг чадавхижуулах замаар ТТӨ-с сэргийлэх, НЭМ үйлчилгээг эрс сайжруулж, ДНЭ-ийн түвшинд лавлагаа шатлалын тусламжийг бүрэн утгаар нь үзүүлж, харин ЭХЭМҮТ нь чиг үүргийн дагуу төрөлжсөн мэргэжлийн тусламж буюу томуу, АЗ-ын хүнд хүмүүсд тусламж үзүүлэн, дүүрэг, ӨЭМТ-өө мэргэжил, арга зүйн удирдамжаар хангах харилцан уялдаатай, цогц, нэгдмэл үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн 40 орыг ТТӨ-ний дэгдэлтийнүед 65 ороор нэмэгдүүлнэ. БҮХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГүүд нь ЭХЭМҮТ-тэй Телемедицин – тоног төхөөрөмжөөр холбогдсон бөгөөд тус төвийн төрөлжсөн мэргэшлийн эмч нар “Эмнэл зүйн” багаарэмчилгээ, оношлогооны зөвлөмж, удирдамжаар ханган ажиллана.
Тэгэхээр өрх, сумын эрүүл мэндийн төв гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг үү
Яг тийм. Нийслэлд 141, аймгуудад 80 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) ажиллан хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийтийн (нийгмийн) эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь хагас бие даасан байдлаар анхан шатны тусламж үйлчилгээг харьяалалын хүн амд ЭМТ үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг нэг бүтэц. Нэг иргэнээр тооцон санхүүжилт авдаг бөгөөд 2019 оноос санхүүжилт нь 2 дахин нэмэгдэж, мөн Эрүүл мэндийн даатгалаас 4 төрлийн тусламж тухайлбал гэрийн эргэлт, өдрийн эмчилгээ, сэргээн засах, оношлогоо, шинжилгээ гэсэн үйлчилгээг үзүүлэн нэг иргэнээр тооцон санхүүжилт авах боломж нээгдсэн. ӨЭМТ –өөс анхан шатны бараг бүх үйлчилгээг авах, өөрөөр хэлбэл ТТӨ-с сэргийлэх, өдрийн эмчилгээнд хамруулах, зорилтот бүлгээ томуугийн вакцинд бүрэн хамруулах, гэрийн эргэлтээр өртөмхий бүлгээ хянах, сэргийлэх гээд олон ажлыг өрхийн эрүүл мэндийн төв хэрэгжүүлнэ. Эдгээр дурьдсан үйл ажиллагаа нь угаасаа чиг үүргээрээ ӨЭМТ хийх ажил, гэсэн хэдий ч иргэд ӨЭМТ-ийг алгасаад ДНЭ, ЭХЭМТ-д хандаад ачаалал ихсээд байгааг нь бууруулах ӨЭМТажлаа сайн хийхэд анхаарах нь чухал. Иймээс ЭМЯ –аасӨЭМТ-ийг ТТӨ-с сэргийлэх, гэрийн эргэлтээр зорилтот бүлгээ хянах, тандах, хүүхдэд ХӨЦМ дагуу гарааны эмчилгээ хийх гол нэрийн 9 төрлийн эм, утлагын аппарат зэргээр хангах, эмч мэргэжилтэнг сургах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт бүхий тусламжийн хүрээнд ТТӨ-ний тусламжийг уялдуулан ажиллаж байна.
Бид өнгөрсөн долоо хоногт ӨЭМТ –ийн ахлагч нартай уулзалт зохион байгуулж ТТӨ-с сэргийлэх, хариу арга хэмжээ авах энэхүү төлөвлөлт, хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, тэдний санааг тусгасан.ӨЭМТ-ийн удирдлагууд ч төлөвлөлтийг дэмжин хамтран ажиллаж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглаад тусламж авах боломжтой гэсэн, үүний хэрэгжилт хир байгаа вэ. Томуугийн үед энэ даатгалаа ашиглаж болох уу
Хууль 2019 оны сүүлээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ӨЭМТ –ийн тал хувь нь энэ хүрээнд иргэддээ тусламж үзүүлээд даатгалаас санхүүжилтээ авч байна. Бид ТТӨ-с сэргийлэх ажлын хүрээнд ЭМДЕГ-аас тодруулга авахад үлдсэн ӨЭМТ –д нь байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй шалтгаанаар эрүүл мэндийн даатгалд хамрагдсан үйлчилгээг иргэддээ үзүүлэхгүй байна. Энэ нь маш харамсалтай, яагаад гэхээр энэ боломжийг иргэдэд хүртэх, үйлчилгээ авах эрх нь нээгдээд байхад ӨЭМТ –д магадланд орохгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байж болох уу гэдэг асуудал гарсан. Сайдын түвшинд энэ асуудлыг тодруулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 2020 онд 1 сард батлагдсан “Өрх, сумын ЭМТ-ийг магадлан итгэмжлэх шалгуур”-р 276 шалгуур бүхий нүсэр журам байгаа бөгөөд бид хэсэгчилсэн байдлаар үндсэн- 88, нэмэлт 2 шалгуур бүхий магадлан итгэмжлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хэсэгчилсэн магадлан итгэмжлэлд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 45 орчим ӨЭМТ-ийг хамруулж, шалгуурт нийцсэн нь дараагийн шатны буюу ЭМДЕГ-тай гэрээ хийх эрх нээгдэж, өмнө дурьдсан 4 төрлийнүйлчилгээг даатгалаас гүйцэтгэлээр санхүүжилт авч иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөс авах боломж бүрдэнэ. Хэсэгчилсэн магадланд орсон ӨЭМТ-дэд 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн эрх олгоно.
ТТӨ-с харъяалалын хүн амыг сайн сэргийлсэн, НЭМ-ийн болон шаардлагатай эмнэлэгийн тусламжийг оновчтой үзүүлж өвчлөлийг эрсдэл багатай даван туулсан ӨЭМТ –ийг гүйцэтгэлд тулгуурлан урамшуулахаар төлөвлөсөн.
ӨЭМТ-ийг ТТӨ-ний үеийн хариу арга хэмжээний гүйцэтгэлээр хэрхэн урамшуулах вэ. Энэ нь хийх л ажил нь биш үү, урамшуулал гэдгийг тодруулж өгнө үү.
Монгол улсын хувьд Корона-19 цар тахал нь хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр, гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул бидэндКорона-19 халдвар, дээр нь улирлын томуу, томуу төст өвчнөөс хамт нь сэргийлэх маш хариуцлагатай цаг үе ирээд байна.
Дэлхий нийт Ковид-19 шинэ төрлийн цар тахалтай нүүр тулаад 9 сар болж байна. Энэ тахлаас урьдчилан сэргийлэх вакцин гарган авах туршилт үргэлжлэн, одоогоор маскаа зүү, гараа угаа, хүн хоорондын зай барих гэх мэт нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуйн аргаар л урьдчилан сэргийлж байна. Манай хүн амын дунд сүргийн дархлаа тогтоогүй, Ковид-19 халдвар хэрвээ дотооддоо тархвал эрүүл мэндийн салбар төдийгүй, Монгол улс, иргэн бүрийн өмнө хүнд сорилт тулгарна. Ийм учраас Эрүүл мэндийн сайд өмнөх жилүүдээс илүү онцгой анхаарч, шуурхай, оновчтой, тодорхой, үр дүнтэй аргаар ТТӨ-ний үеийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний төлөвлөлтийгӨрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн НЭ, лавлагаа шатлал гээд бүх түвшинд нарийвчлан гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг би дахин онцломоор байна.
Дээр дурьдсан НЭМ цогц арга хэмжээг ӨЭМТ –д маш хариуцлагатай хэрэгжүүлэхэд бид ДНЭ, ЭХЭМҮТ-ийн ачаалал хэвийн, иргэдэд чирэгдэлгүй байдлаар ТТӨ-ний тархалтыг барих боломжтой. ӨЭМТ нь тухайлбал эрсдэлтэй бүлгээ томуугийн вакцинд бүрэн хамруулаад, ханиад томуутай хүндээ гарааны эмчилгээ хийгээд, гэрийн эргэлт, урьчдилан сэргийлэлтээ маш сайн хийж чадвар тухайн харъяалалын хүн амын дундах ТТӨ-ний өвчлөл бага, ДНЭ-т хэвтэх хүний тоо бага, иргэдэд бухамдал үүсэхгүй, үзүүлсэн тусламжийн төрлөөр ЭМ даатгалаас санхүүжилтээ аваад ажиллах тул бид энэ ажлын эхлэл, нөгөө талаар онцгой цаг үе давхцаж байгааг харгалзан дээрх үзүүлэлтээр “Сайн ӨЭМТ” буюу шилдэг менежменттэй ӨЭМТ –ийг шалгаруулан үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөсөн.
Мөн ТТӨ-ний өвчлөлийн дийлэнх нь 0-5 хүртэл болон бага насны хүүхдүүд өртдөг тул энэ бүлэгт чиглүүлэн “Эрүүл цэцэрлэг”, “Эрүүл сургууль” гэсэн цогц ажлыг хийнэ. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтанг сургалтанд хамруулах, ТТӨ-с сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах удирдамжаар хангах, мөн эмчгүй цэцэрлэг, сургуульд тухайн орон тоонд мэргэжлийн эмч ажиллуулахаар БШУЯ-тай ярилцан ажиллаж байна.
Дараагийн гол бүлэг нь оюутан, ялангуяа төвлөрөл их “Оюутны хотхон” тул оюутанд чиглэсэн ажлууд шат дараатай хийгдэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр иргэдтэй “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас уулзах юм. Харин орой Дархан-Уул аймгийн иргэдтэй 17.30 цагаас “Залуучууд” театрт уулзахаар болжээ.
Тэрбээр өчигдөр Орхон аймгийн иргэдтэй уулзсан. Мөн одонтой ээжүүдэд одонг гардуулсан юм.
Монголын нийгэм охидод үнэхээр харгис байна. Есөн настай охин зуурдаар амиа алдсанд хэлэх үг олдохгүй нь. Ийм хүчирхийлэл эргэн тойронд чинь одоо ч байгаа. Үүнээс сэрэмжил. Хий дэмий хийрхэцгээх яах вэ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар албан өрөөнөөсөө энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэргийн мөрдөн байцаалтыг цагдаатай хамт хийж байгаа бололтой. Тэгж л уншигдлаа. Тийм болохоор сайд Х.Нямбаатар та зогс! Хууль зүйн сайд хавтаст хэрэг ярьж болохгүй. Хуулиар хориотой. Аль ч улс оронд Шүүхээр тогтоогдсоны дараа хэргийн талаар мэдээлэл өгдөг. Үүнийг Ц.Нямдоржийн хэлснээр хуулийн ТМС төгссөн гэх Х.Нямбаатар мэддэггүй юм уу.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ярьсныг хүргэе. “Есөн настай охин амь насаа алдсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газар шалгаж байна. Өглөө 8 цагт хэрэг үйлдэгдсэн байна. Хэрэг гарах үед охины ээж нь гэртээ унтаж байсан учир хараагүй гэж мэдүүлсэн. Хэрэг үйлдсэн этгээд “Би нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Хамгийн ноцтой нь охины хавирга хоёр талдаа хугаралттай, бороолсон гэсэн Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарсан. Нэг талдаа таван хавирга нь хугарсан. Нөгөө талдаа зургаан хавирга хугарчээ. Энэ нь хоёр сарын өмнө хугарсан болох нь тогтоогдсон. Тухайн нийтийн байрны эзэд хэрэг үйлдсэн этгээдийн хүчирхийлэл үйлддэг байсныг урьд нь мэддэг байсан ч цагдаад хэлдэггүй байж. Ийм ноцтой хэрэгт хатуу шийтгэл оноох ёстой…” гэхчлэн хавтас хэрэг дэх анхны мэдүүлгээс авахуулаад хамгийн сүүлд юу ярьсныг нь хүртэл хэлж өглөө. Тэгээд ч зогсохгүй “Хатуу шийтгэл оногдуулах ёстой” гээд яллах дүгнэлтийг нь бараг уншиж байна. ХЗДХ-ийн сайдын эдгээр үгс Шүүхийн шийдвэрт нөлөөлнө. Түүний энэ хууль зөрчсөн үг үйлдэл хүмүүст таалагдаж болно. Гэхдээ ард түмэнд таалагдах гэж хууль зөрчиж болохгүй. Хэдхэн сарын өмнө Эрүүгийн хуульд 14 настай охинтой тохиролцож бэлгийн ажил хийсэн бол хууль зөрчсөн болохгүй гэсэн нэмэлт заалт оруулж байсан Х.Нямбаатар өнөөдөр Хууль зүйн сайд болчихоод өрөөндөө хавтаст хэрэг задлаад ярьж байгаа нь Монголын төр, Засгийн газар гажуудсаны тод илрэл мөн.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдэл олгосон. Гэхдээ ийм эрх мэдэл олгоогүй. Энэ байдлаараа Ерөнхий сайдад олгосон жаахан эрх мэдлийг сайд нар нь шүүрч аваад, өөрийн болгоод, хэтрүүлэн хэрэглэх юм байна. Цаашид Х.Нямбаатар ямар ч хэргийг мөрдөн байцаалтын шатнаас нь татаж авч өрөөндөө дэлгэж байгаад нийгэмд мэдээлэх нь. Хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгтний гэрэл зураг нийгэмд гэрлийн хурдаар цацагдсан нь үүнтэй ч холбоотой байх. Охины хойд эцэг гэгчийн бүх баримт нотолгоог Шүүх тогтооно. Шүүхээс “Энэ хүн охины хойд эцэг мөн үү” гэдгээс ажлаа эхэлнэ. Хойд эцэг нь албан ёсоор мөн үү, эсвэл хамтран амьдрагч уу, хааяа нэг ирж очдог гэмт хэрэгтэн байв уу. Ээжид нь яаж ханддаг байв… гээд маш олон асуудал бий. Одоо бол хуулийн зүйл заалтаараа тэр сэжигтэн. Сэжигтэн байх хугацаандаа тэр нөхөр нийгэмд ад үзэгдэн амь насаа алдвал яах вэ. Өнөөдөр бол бүх хүн “Хохь чинь” гэж хэлэх байх. Гэтэл тэр нөхөр цаана нь маш олон хүчирхийллийн хэргийн үйлдэгч байсан бол яах вэ. Аливаа гэмт хэрэг маш олон асуултын тэмдэгт үнэн бодит хариулт өгснөөр эцэслэгддэг. Гэтэл энэ хэргийг эхлэл дээр нь Монголын нийгмийн сэтгэл зүй, ХЗДХ-ийн сайдтайгаа хамтраад булшлах гэж байна. Болоогүй, тогт, одоо л эхэлж байна. Ямар ч байсан охинд халдсан гэж хэргээ эхний байдлаар хүлээгээд байгаа тэр нөхрийг юу ч үлдээлгүй уудлан шалга. Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охиныг ард түмэн эргэн санатал эцэслэн шалга. Баримт нотолгоо хангалттай ол. Монголчууд туйлширч чаддаг ард түмэн. Туйлшрал бүрийн ард тулширсан асуудлаас нь том аймшигт хэргүүд далдлагдаж үлддэг амьдралын үнэн бий…
Үнэнийг олохын төлөө үргэлж хууль хүчний байгууллагын хаалга сахиж, бодит мэдээлэл авахыг эрмэлзэж явдаг бүх сэтгүүлчдэд хүчнийхний хэлдэг ганцхан үг бий. Тэр нь “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас нэг ч үг хэлж болохгүй. Хэлвэл хууль зөрчнө” гэж. Тэгвэл ХЗДХ-ийн сайдад хууль хамаагүй байдаг юм уу. Цагдаагийн байгууллагаас асууя, ХЗДХ-ийн сайд бол мөрдөн байцаалтын протоколыг уншиж, түүнийгээ нийгэмд зарлаж болдог, харин сэтгүүлчид болдоггүй юм уу.
Энэ талаарх хуулийн зүйл заалтыг олон нийтэд зарлаад өгөөч, сайд дарга нар мөрдөн байцаалттай танилцаж болно, бусад хүн болохгүй гэсэн хуулийн заалтыг…
Ийнхүү Гүйцэтгэх засаглал дотроо Хууль тогтоох, Шүүх засаглал хоёр нь уусчихсан, холилдчихсон жишээ Хү-кийн Засгийн газрын гишүүдээс цаашид гарсаар, үргэлжилсээр байх бололтой. Сая ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас л өөрийг нь тагнаж, чагнасан талаар хавтаст хэрэг яриад эхэллээ. Тэрээр “Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан талаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн. Тусгай хяналтын дэд хороо прокурор руу шилжүүлсэн. Холбогдох байгууллагуудад нь шалгалт хийгээд явж байна. Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед гаднаас удаа дараа шаардлага тавьж байсан. Би тэр шаардлагыг хүлээж авах боломжгүй. Намайг уулзалт хийж байхад хүн дагасан, тоног төхөөрөмж суурилуулах, орсон газрын бичлэгийг авах гэж санаархсан байна. Мөн миний эргэн тойронд ажилладаг хүмүүс, туслахын утсанд чагнах төхөөрөмж суурилуулсан байж болох нөхцөл тогтоогдсон. Одоо би чагнаж байгаа гэж бодоод утсаар ярьж чадахаа байсан. Намайг тагнаж, чагнасан хангалттай нотлох баримт байна. Тиймээс тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Хэрэв энэ хэрэг замхарвал хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа хүмүүс хамжигч гэж үзнэ. Арваад материал тогтоогдсон байгаа. Эхний байдлаар тогтоогдсон гэж үзсэн учраас ТЕГ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэж болно. Намайг тагнаж, чагнахад оролцсон ТЕГ-ын 11 хүний нэрийг би өгсөн. Ер нь бол ТЕГ-аас Засгийн газрын эсрэг ажилласан байна. Энэ бол Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний асуудал биш юм. Тэгэхээр хатуу хариуцлага яригдах ёстой…” гэхчлэн яах аргагүй мөрдөн шалгах ажиллагааны процессыг ярьсан байгаа биз.
Х.Нямбаатарт хэлснийг дахиад хэлье. Наадхыг чинь Шүүх тогтоодоггүй юм уу. Ямар хуулийн хариуцлага хүлээлгэхээ Шүүх засаглал шийддэг юм биш үү. Эсвэл Шүүх эрх мэдлийн байгууллага Монголд байхгүй болчихсон юм уу. Өнөөх мөрдөн байцаалтын нууц гэх хуулийн зүйл заалтыг устгачихсан юм уу. Эсвэл ард түмэн мэдээгүй байтал ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд хоёр нь яллах эрхтэй болчихсон яваа юм уу. Энэ хоёр сайдын чинь үг, үйлдлээр бол Монголд Шүүх засаглал байх хэрэггүй болчихсон юм биш үү. Энэ хоёрт ийм том эрх мэдлийг хэн өгөв. Эсвэл ийм эрхгүй, ингэх үүрэггүй мөртлөө энэ хоёр сайд чинь Үндсэн хууль зөрчиж данхалзаад байгаа юм уу. Хэрэв тийм бол даруйхан энэ хоёр сайдаа шалгаж эхлээч. Хэрэвзээ хэн нэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага энэ хоёр сайд шиг ингэж хавтаст хэрэг зарлаад, яллах дүгнэлт ярьсан бол аль хэдийнэ хүчнийхэн давхиж ирээд дүүжилчихсэн байгаа шүү дээ.
Үнэнийг л хэлье, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр өрөөнөөсөө хавтаст хэрэг задалж байна. Маргааш өрөөнөөсөө Шүүхийн тогтоол унших нь байна шүү…
Б.НЯМАА
УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.
-Та УИХ-д анх удаа сонгогдлоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудад ямар байр суурьтай байв?
-УИХ-ын гишүүний тангараг өргөөд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд УИХ-ын анхдугаар чуулган, ээлжит бус чуулганд оролцлоо. Парламентын түүхэнд хамгийн богино хугацаанд Засгийн газар бүрэлдсэн. Засгийн газар танхимаа бүрдүүлснээс 60 хоногийн дотор хуулийн дагуу ирэх дөрвөн жилд хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах ёстой. Энэ жилээс Монгол Улс хөгжлийн бодлогоо өөрөөр тодорхойлдог болсон. Өмнө нь бид үндсэн чиглэлээ нэг жилээр тодорхойлдог байсан. Алсын хараа 20:50 2050 он хүртэл Монгол Улсын урт хугацааны стратеги баталлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу үндсэн чиглэлээ таван жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө дөрвөн жилээр тодорхойллоо. Төсвийн тодотголд нийгмийн зүгээс шүүмжлэлүүд гарсан. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж байгаа. Тэлж байгаа эдийн засгийг шууд агшааж болохгүй. Тиймээс алдагдалтай төсөв баталсан. Төсвийн цоорхойг гадаадаас өндөр хүүтэй бонд авч нөхнө гэж батлаагүй. Дотоодын эх үүсвэрүүдээ гаргая, Засгийн газрын бонд гаргая гэх байдлаар төсвийн алдагдлаа нөхнө. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлого тэлж хөрөнгө оруулалтууд асар их нэмэгдээд ирэхээр үүнийг дагаад олон ААН-үүд бий болж байна. Хөрөнгө оруулалтыг хумивал тэр олон ААН-ийн үйл ажиллагаа доголдоно. Нөгөө талаас ажлын байр хумигдана. Тиймээс үндсэндээ төсвийн тодотголоор 530 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хассан. Энэ нь төсвийн тодотгол хийх болтол тендер нь зарлагдаагүй, ажил нь удаашралтай байсан зэргийг харгалзаж таналт хийгдлээ. Гадаад дотоод томилолтын зардлуудыг тодорхой хэмжээгээр танасан, төсвийн байгууллагуудын техник тоног төхөөрөмж, машин техник худалдаж авах төсвийг ч таналаа. Төсвийн тодотгол дээр миний зүгээс дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.
-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Ээлжит чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэгт нь орж ажилласан. Ажлын хэсэгт орон нутаг болоод нийслэлийг удирдаж байсан хүмүүс голлож ажиллалаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гол үзэл санаа нь нэлээд өөрчлөгдөж байна.
Хоёр өөр зарчмын ойлголтууд явж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдэл өндөр болчихсон. Түүнтэй адил Засаг даргыг аймгийн иргэдийн хурлаас хамааралгүй болгох, эсхүл шууд босоо удирдлагатай томилдог хэлбэр лүү явуулъя гэх саналтай гишүүд байна. Сумын Засаг даргыг сонгохдоо багийн дарга нар нь, сумын дарга нар аймгийн даргыг сонгоход санал өгдөг. Сүүлийн үед аймгийн Засаг дарга сумын дарга нараа захирах, арга хэмжээ авах, хариуцлага тооцох, сумын дарга нь мөн адил багийн дарга нараа захирах, арга хэмжээ авах нь бага болчихоод байна. Зарим гишүүдийн зүгээс босоо томилгоотой байсан нь зөв шүү гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үүнээс гадна зарчмын олон өөрчлөлт орж байгаа. Хүмүүс зөвхөн хурлын дарга сонгох, Засаг дарга сонгох, багийн дарга сонгохыг нь хараад байна. Жишээлбэл, хамгийн гол өөрчлөлт нь чиг үүргийн хуваарилалт. Яам, аймгийн засаг дарга, сумын Засаг дарга, багийн дарга нарын ажиллах, эрхлэх чиг үүрэг нь давхацчихсан. Зарим нь дунд нь хийдчихсэн. Чиг үүргийн давхардлыг арилгасан, аймаг, сум, багийн дарга нар юу хариуцаж ажиллахыг илүү тодорхой болгож байгаа юм. Тэр утгаараа аймаг сумдад тодорхой хэмжээний чиг үүргээ дагаад санхүүгийн эрх мэдэл очно. Орон нутагт санхүүгийн, томилгооны гэсэн хоёр төрлийн эрх мэдэл байдаг.
-Нэр бүхий гишүүдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих хуулийн төсөл өргөн барьсан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?
-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад харилцааны яаманд хоёр, гуравхан хүн хариуцаад ажилладаг. Үүнийг агентлаг болгож, гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулах, оруулсан хөрөнгийг хамгаалах ажил дутагдаад байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг шууд утгаар нь ойлгоод байдаг талтай. Татварт яг хэдийг өгч байгааг хэл гээд байгаа болохоос дам нөлөөллийг нь ердөө хардаггүй. Оюу толгойд мянга гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манайхан хэт гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн байдлаар явж болохгүй.
-МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Зээлийн хүү зах зээлийн жамаараа буурдаг. Энэ тухайд?
-Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Зээлийн хүүг бууруулах дөрвөн жилийн хөтөлбөрийг ямар үе шаттай явуулах вэ гэдгийг УИХ дээр стратеги батлах үед олон гишүүд ярьсан. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх ёстой юм байна. Ингэж байж зээлийн хүүг бууруулахгүй бол манай дотоодын банкууд хэт цөөн монополь байна. Гадны улсад нэг банкны хувьцааны 15 хувиас дээш нь нэг хүний өмчлөл байж болдоггүй. Дөрвөн жилийн хугацаанд стратеги дээр ажиллаж, түүнийгээ ажил хэрэг болгож зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгт санал нэг байгаа. Ер нь дэлхийн улс орнуудын жишиг хандлага ямар байна гэхээр гадаадын банкийг оруулж ирж улс орны хөгжил урагшилдаг. Манай улс шиг өндөр зээлийн хүүтэй, жижигхэн зах зээл дээр бизнес хөгжих тэлэх боломж хомс биз дээ.
-Та Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлыг голоос нь мэдэх байх. Танай аймагт ямар асуудлууд тулгамдаж байна?
-Өвөрхангай аймагт тулгамдаж байгаа асуудал их байна. Манай аймаг уул уурхай, үйлдвэргүй, мал аж ахуйн аймаг. Эдийн засгийн 60 гаруй хувь нь мал аж ахуйгаас хамааралтай. Мал аж ахуйгаас хамааралтай байна гэдэг байгаль цаг уураас шууд хамааралтай болчихдог. Байгаль цаг уур, түүхий эдийн үнэ ямар байх зэргээс иргэдийн амьдрал шалтгаалдаг. Энэ жил өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихлоо. Бэлчээрийн даац асар их хэтэрсэн. Өвөрхангай аймаг 1990 оноос өмнө сая 600 мянган малтай байсан бол одоо 7.2 сая толгой мал зусаж байна. Бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлага байсаар ирлээ. Энэ чиглэлээр ХХААХҮЯ, УОК байнга шахаж байгаа. Бид өөрсдөдөө чөдөр тушаа болоод явж байдаг улсууд. Квот тогтоочихоод түүнийгээ хэдхэн аж ахуйн нэгжид өгдөг. Гадагш нь мах экспортолдог хэдхэн зөвшөөрөлтэй компаниудтай. Тэдний үгээр яамны гаргасан тоогоор л экспорт явж байна. Квотоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мал яагаад их байна гэхээр мал үнэгүйдчихээд байгаа юм. Нэг өрх 500 малтай амьдрахад хэцүү. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд гэрийн жилийн хэрэглээгээ аваад явна гэхээр дийлэхгүй. Тиймээс л мянган толгой мал хүргээд байгаа юм. Ингэж байж хэрэглээндээ хүрээд байна. Хэрвээ мал үнэтэй байвал малчид малаа өсгөх гээд байхгүй.
-Махны үнийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна уу?
-Тийм. Махны үнийг нэмэгдүүлнэ гэхээр төв суурингийнхан дургүйцдэг. Франц улс гэхэд мах нь нэг үнээр л явдаг. Мах ховордсон үед нь улс татаас өгөөд тэнцвэржүүлээд явж байдаг. Дэлхийн улс орнууд гадаадад экспортолж байгаа махаа дэлхийн жишигт аваачдаг. Манайх цаашдаа махны үнийг нэмэгдүүлэх ёстой. Манай улс 1990 оноос өмнө 25 сая малтай байхдаа найман саяыг нь экспортолж байсан. 75 сая малтай болчихоод дөрвөн сая мах экспортолж байна. Бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд хүргэж, жилд 10 саяас дээш мах экспортлох хэрэгтэй.
-Ээлжит бус чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэнэ. Тойрог руугаа хэдий хэмжээний төсөв тусгахаар зорьж байна?
-Ирэх оноос цар тахал тодорхой хэмжээнд хумигдаж, экспортын бараа бүтээгдэхүүн тогтмол хэвийн гараад байвал ирэх оныг өөдрөгөөр төсөөлж байгаа. Эдийн засагчид, бизнесийнхний яриад байгаа шиг эдийн засагтаа ковидтой холбоотой дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манайх тийм байдалд тулчихаагүй. Манай улс дэлхийн бусад улсыг бодвол тийм том эдийн засагтай улс биш. Эдийн засаг маань уул уурхайн хэдэн бүтээгдэхүүн дээрээ тулгуурладаг. Эдгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, өсч байгаа. Ийм нөхцөлд бид өөдрөг байх ёстой. Дэлхийн томоохон улсуудын эдийн засаг айхавтар унаж байна. Ирэх онд улс орны хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдээс буухгүй байх гэж төсөөлж байгаа.
Өвөрхангай аймагт дулааны станцыг барих хөрөнгө нь шийдэгдчихсэн. Ахмадуудын түрээсийн байрыг шийдэх шаардлагатай. Сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг инженерийн шугам сүлжээнд холбохгүй бол модон жорлонтойгоо байсаар байх уу. Хар хорин хотыг аялал жуулчлалын жишиг хот болгоно гэж мөрийн хөтөлбөрт оруулсан. Монгол Улс аялал жуулчлалын ганц ч болтугай жишиг хоттой болох ёстой. Энэ бүхнээ хэрэгжүүлэхээр зорино.
-Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайн захирал О.Сумъяасүрэн Өвөрхангай аймгийн Засаг дарга болгох гэж байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?
-Орон нутгийн сонгууль удахгүй болно. Сонгуульд ялсан нам хэнийг Засаг дарга болгохоо шийднэ. МАН-д намын залгамж чанар, намд олон жил ажиллаж ирсэн туршлагатай боловсон хүчин олон байгаа. Өвөрхангай аймгийг удирдаж ирсэн шилдэг тэргүүний бэлтгэгдсэн боловсон хүчин ч олон бий. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дараагийн хүнийг сонгоно.
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа СУИС-ийн Радио, телевизийн сэтгүүлч-зураглаачийн ангид 2003 онд элсэн суралцаж байсан УГЗ Г.Золжаргал, С.Басбиш багшийн ангийнхныг урьж оролцууллаа.
Сурагчийн ширээнээс тохой салгаж СУИС-ийн Радио, телевизийн сэтгүүлч-зураглаачийн ангид орохдоо орос хэлний багш н.Даваасүрэнгээр 2003 онд угтуулж сэтгүүлч Г.Золжаргал багшаар 2007 онд үдүүлж байсан нь саяхан юм шиг тэдний сэтгэлд тод үлджээ. Тухайн үед өргөн жинс моданд орж дүрэмт хувцас мэт жинсээр ижилссэн 26 хөвгүүн, долоон охин 13 жилийн өмнөх энэ л намар нэг анги гэх тодотголоор цуглаж байжээ. Иймээс л намар тэдэнд догдлол “авчирдаг” гэх.
Эл ангийнхан олон хөвгүүнтэй байсан болохоор байнгын шуугиан, хөгжөөнтэй. Тухайн үеийн сор болсон багш нараас номын дуу сонсож байсан нь тун ч олзуурхам, талархууштай зүйл байсан талаар ангийнхан дуу нэгтэй ярих юм. Ангийн охин П.Хулан “Бид хичээл заалгаж номын дуу сонсож явсан багш нарыгаа уулзах бүртээ бахдан шагшин ярьдаг. Энэ л гайхалтай сургуулиас бид өөрсдийн гялалзсан нэгэн хувилбарыг бий болгож чадсан гэж боддог. Дөрөвхөн жилийн хугацаанд хамгийн гэгээн, мартагдашгүй дурсамж үлдээсэн гэхэд итгэмээргүй санагддаг” хэмээн ярьж байлаа.
Багш нар нь тэднийг нам суулгаад нозоортол нь лекц уншдаггүй, аль болох бүтээлч сонирхолтой байдлаар хичээлээ заадаг байсан талаар ч тэд дурдсан юм.
Ангийнхан “Бидэнд багш нар маань хичлээлийг хамгийн сонирхолтойгоор заахаас гадна мэргэжилдээ эзэн нь болгох гэж хичээдэг байлаа. Биднийг ажлын талбарт гарахад хичээл заасан багш нарын маань арга барил ой тойнд одоо хүртэл санагддаг. Бүгд л хамгийн шилдэг мэргэжилтэн бэлдэх гэж хичээдэг, чармайдаг байсан. Шараваа багш камер бариулж сургах гээд биднээр “амьд тэгш ус” хийж байлаа. Камераа бариад хөдөлгөөнгүй дүрс бичихийн тулд аягатай ус толгой дээрээ тавиад явах сургуулилт хийсэн юм. Тэр хичээл дуусахад ангийн шал нэлэнхүйдээ ус болж, үйлчлэгч эгч аашлаад бид өөрсдөө шалаа цэвэрлэж билээ” хэмээн хуучлахад нөгөө хэсэг нь “Залуухан ч гэсэн айхавтар цогтой багш Одонтуяа маань ч биднийг элдүүр нь ханасан сур шиг болгох гэж мөн ч олон шөнө нойр хоолгүй зүтгүүлсэн дээ. Хэдийгээр ганц курсийн хичээл байсан ч бидний сэтгэлд хоногшиж чадсан. Тайзан дээр уйлж дуулж, өөрийнхөө байж үзээгүй дүр төрхөөр өөрийгөө тольдох гайхалтай сайхан туршлага болж бидэнд үлдсэн юм” хэмээн оюутан ахуйн дурсамжуудынхаа талаар ам уралдуулан ярьж байлаа.
Оюутан цагийн юм бүхэн нандин сайхан. Тэдний хувьд шохойдсон цагаан байшин ч амьдралын эх булаг нь гэнэ. Энэ талаар ангийн хөвгүүн Д.Ууганбаатар “Бидний сургуулийг гаднаас нь харахад эгэл даруухан илүү зүйл нэг ч үгүй мэт харагдавч анги танхимд ороход инээж хөөрч, уйлж дуулж, амьдрал буцалж байдаг гэгээн их өргөө байсан юм. Хэдий бид оюутны ширээнээсээ салаад 13 жилийг ардаа орхиж байгаа ч биесээ харахдаа хэзээний л томоогүй дэвэргэн насандаа эргээд очсон юм шиг хөөрцөглөдөг. Айл айлын аавын хүүхдүүд цуглахдаа ааш аяг ондоо ч хүсэл мөрөөдөл, эрмэлзэл дүүрэн он жилүүдээ хамтдаа үдсэн болохоор ижилдэн дасдаг юм уу даа” хэмээн хуучиллаа.
Эрчүүд олонтой нь энэ ангийн давуу тал болж байжээ. Энэ талаар ангийнхан “Бид санаа сэтгэл нэгдэхдээ хялбар, аливаа зорьсон ажлыг маш түргэн бүтээдэг, дайчин хүүхдүүд байсан. Багын ажил, хамтын бүтээл гаргахдаа маш шуурхай. Олон аавын өөрсдийн гэсэн үзэлтэй хүүхдүүд цуглаад бид биесээсээ суралцах зүйл ч их байлаа” хэмээн ярьсан юм. Ангийн хүүхдүүдийн ихэнх нь хотынх байжээ. Стиль, имиж ч гэж ярилтгүй байж. Ямар сайндаа л ангийн охин Батцэцэгийн хурим болж ангийн хэсэг хөвгүүд яваад ороход нь хуриманд сууж байсан нэг хүн “Хүүе энэ чинь ямар хамтлаг билээ” гэж асууж байхав. Тухайн үедээ мода дагаж үсээ урт ургуулж байсан гэнэ.
Хэдий нас залуу ч эдний ангиас салбартаа тэргүүлсэн манлайлагч залуус олон төржээ. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан Ч.Мядагмаа (Боловсрол суваг тв), Монголын телевизүүдийн холбооны нэрэмжит “Алтан Шонхор” наадмын шагналт СТА М.Цогтбаяр, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Д.Ууганбаатар, Соёлын тэргүүний ажилтан, спортын мастер, алтан гадас одонг С.Батболд, NTV телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг телевизийн шилдэг зураглаачийн “Алмаз 2010” шагналт Ц.Буянбаатар нарыг дурдаж болно. Үүнээс гадна “Шударга журам”-т медалиар шагнуулж байсан ачтан бий аж. 2014 онд Баянхонгор аймгийн Түйн голд живж байсан хүүхдийн амийг ангийн хүү, одоогийн ETV телевизийн Зураглаачдын албаны дарга Н. Батбаяр аварч төрийн түргүүнээс “Шударга журам” медаль гардаж байжээ.
Хэдий сэтгүүлч гэх тодотголтой ч Г.Золжаргал багшийн ангийнхан уран яруу үг хэллэг гэхээсээ илүүтэй утга бүхий гэрэл зураг, дүрс бичлэгээр дотоод сэтгэлээ уудалдаг гэнэ. Сайхан ярьж чадахгүй байж мэдэх ч санасан бодсон бүхнээ хүний нүдэнд зураглаж чадах, шатаж яваа уран бүтээлчид шүү, манай ангийнхан чинь хэмээн зарим нь бахархана. Энэ ч утгаараа зургаа нь өөрийн гэсэн уран бүтээлийн студи нээжээ.
Залуу насны сайхан дурсамжууд анги, хамт олонтой салшгүй холбоотой байдаг аж. Эргээд уулзах бүрт дэврүүн насандаа очсон мэт байдаг болохоор анги, хамт олон гэдэг цаг хугацааны галт тэрэг юм уу даа.
Р.ЖАРГАЛ
НИТХ-ын АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай ярилцлаа.
-Нийслэл хотод түгжрэлийн асуудал “шүдний өвчин” болоод байна. Хорио цээр тавигдаад хичээл сургууль бүгд ороод эхлэхээр нөгөө л замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал яригдахаас аргагүй болж байна. Өглөө бүр автобусны буудал бүрт өчнөөн төчнөөнөөрөө автобус хүлээдэг, багтдаггүй. Ер нь түгжрэлийг бууруулах бодит шийдэл юу вэ?
-Түгжрэлийг нийтийн тээврийн хөгжлөөр л шийдвэрлэнэ. Автобус, троллейбусныхаа хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусгай замын зорчигч тээвэр, монорэйл зэрэг хувилбарт тээврийн хэрэгслүүдийг бий болгох хэрэгтэй. 2016 оноос эрх барьж буй МАН мөрийн хөтөлбөртөө “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлнэ гэж амласан. Тодруулбал, хотын төвөөр явж буй транзит төмөр замыг Богд уулын урдуур явуулж ачааллыг хотын төвөөс гаргаж, одоогийн замыг хотын дотоод зорчигч тээвэрлэлтэд зориулна гэдэг шийдэл. Төмөр замын аюулгүйн зурвас ихээхэн зай эзэлдэг, энэ талбайд нь авто зам тавиад зай талбайг нь тээвэрлэлтэд ашиглаж болно. Гэтэл энэ мөрийн хөтөлбөр биелээгүй. Ямар ч ажил хийгдээгүй. Тусгай замын автобусыг нэвтрүүлнэ гэсэн. Мөн л ажил хэрэг болоогүй. Түгжрэлийг шийдэх тухай ярихаар хүмүүс их, дээд сургуулийг хотоос гаргах, төвлөрлийг сааруулах гэх мэтийг ярьдаг. Дэлхийн мега хотуудтай харьцуулахад манай хот чинь 1 сая 500-хан мянган хүн амтай жижигхэн хот. Асуудлын гол нь нийтийн тээвэр хөгжөөгүйтэй л холбоотой. Хуучин цагт машин ховор, автобусаар явж болдог байсан.Ер нь нийтийн тээврийг түлхүү ашигладаг хот түгжрэлгүй байдаг. Гэтэл манайд өдөр тутмын ажил, амьдралдаа хүмүүс хувийн машинаа сонгож байна. Учир нь нийтийн тээвэр хүртээмжгүй, ая тух муутай, бохир, тогтсон цагаар явдаггүйгээс хэдэн ч минут, цаг хүлээдэг. Янз бүрийн ааш авиртай хүмүүс айлгаж ичээх, ааштай жолооч нар харааж ерөөх, огцом тоормосолж, сүлжиж давхих гэх мэт асуудлыг нь яриад байвал дуусахгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бас ямар түвшинд байгаа билээ. Нийтийн тээвэр нь бараг л аюултай унаа болчихсон. Энэ бүхнээс шалтгаалж иргэд хувийн унаагаа илүү үзэж байна. Уул нь автомашин жолоодно, маллана гэдэг стресстэй ажил. Автомашинаас хамааралгүй хот бол тайван, чөлөөтэй, стрессгүй байх юм.
2016 онд давхардсан тоогоор 244 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Тэгвэл 2019 онд 152 сая хүн болж буурсан. Улаанбаатар хотын хүн ам цөөрөөгүй шүү дээ. Энэ бол хувийн машины хэрэглээ ихэсч, “автобусаас ангижирч” буйг илтгэх тоо баримт. Нийтийн тээвэр рүүгээ анхаарахгүй байгаагийн үр дагавар.
-Нийтийн тээврийг хүртээмжтэй, чанартай болгочихвол үйлчлүүлэх тоо тодорхой хэмжээнд нэмэгдэнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Улаанбаатар хотод 1000 орчим автобус, троллейбус үйлчилгээнд явж байна. Энэ хэдэн автобус нийт зорчигч тээврийн хөдөлгөөний тал хувийг нь нуруун дээрээ үүрдэг. Бүртгэлтэй тоогоор 500 мянган хувийн тэрэг хөдөлгөөнд оролцож байна. Ингээд бодохоор нэг автобус 300-400 автомашины ачааллыг өөртөө авч байна гэсэн үг. Иймээс автобусны тоог нэмж, чанаржуулж, нийтийн тээврээр иргэд үйлчлүүлдэг болсноор түгжрэлийг эрс багасгах боломжтой.
Автобусынхаа тоог нэмье гэхээр нэг асуудал гарч ирнэ. Одоо л гэхэд төв замын нэгдүгээр эгнээгээр автобуснууд оочерлож байна. Хаана нь нэмэх юм гэдэг асуудал. Нэмлээ гэхэд хамтдаа таг зогсоод бас л цагаараа явж чадахгүй. Үүнд, нэг хувилбар байж болохоор санагддаг. Энхтайваны өргөн чөлөөний замыг үндсэндээ нийтийн тээвэрт зориулсан зам болгож, ердийн автомашины хөдөлгөөнийг эрс хязгаарлах. Гэхдээ энэ нь шүүмжлэл, маргаан дагуулах, зориг шаардсан шийдвэр байх болов уу. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэх юм бол автобус, троллбейбусныхаа тоог нэмээд, хуваарийн дагуу яг цагаараа явдаг болох боломж бүрдэнэ. Босоо тэнхлэгт богино рейсийн маршрутуудыг холбож өгнө.
Өөр нэг арга бол зам дагуу багана босгож, дээгүүр явах монорэйлийн шугам татах. Агаар дээгүүр явж байгаа болохоор ямар ч саадгүй, ая тухтай, цагаа барина. Өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй, түгжирч зогсохгүй. Метро болон монорэйлээр шийдэх аргуудын тухайд 2014 онд Японы ЖАЙКА байгууллагын тусламжтай судалгаа тооцоог нь хийгээд гаргачихсан эд.
-Дүүжин тээврээс юугаараа ялгаатай юм бэ?
-Дэлхийн томоохон хотуудад аялал жуулчлалын зориулалтаар дүүжин тээврийг ашигладаг. Түүнээс биш нийтийн тээврийн зориулалтаар хэрэглэж байсныг би лав мэдэхгүй. Тийм дүүжин тээвэрт би лав сууж үзээгүй. Ази, Европын орнууд ихэвчлэн массаар нь тээвэрлэх боломжтой метро юмуу, монорэйл гэх мэтийг хэрэглэж байна.
Судалгаагаар нэг хүн жилд дунджаар 45 хоногийг түгжрэл дунд өнгөрүүлж байна. Бензин шатахууны зардал гэхэд өдөрт 440 сая төгрөг, жилд 114.4 тэрбум төгрөгийг зүгээр л шатааж байна. Хүн өдөрт төлөвлөсөн ажлынхаа 37%-ийг буюу гурван ажлын ганцыг нь л амжуулж байна гэсэн судалгаа байна. Хаашдаа л ийм их эдийн засгийн хохирол, үргүй зардлыг гаргаж байгаагаас хойш, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, томоохон зоримог шийдлийг хэрэгжүүлмээр байгаа юм.
-Таны хэлж буй шийдлүүд үнэхээр бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой юу?
-Хувилбарууд, судалгаа тооцоонууд бүгд байна. Гол нь улс төрийн шийдвэр болон хүсэл зоригийн асуудал. 2012-2016 онд түгжрэлийг шийдэх хэд хэдэн угсраа арга хэмжээ авагдсан. Та санаж байгаа байх, нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог болсон, дугаарын хязгаарлалт эхэлсэн. Гудамж төслийн хүрээнд 37 уулзварыг томсгосон. Ер нь түгжрэл хаана үүсдэг вэ гэхээр уулзвар дээр л үүсдэг. Замын өргөн нарийн бол үнэндээ чухал биш. Өргөн ч бай, нарийн ч бай, 2-оос дээш эгнээтэй шулуун явж байгаа автомашинууд хэвийн хурдаа хадгална. Гол нь уулзвар дээр л саатал үүсч байгаа юм. Тухайн уулзвараар нэг ногоон гэрлээр зургаан машин зүүн эргэж гардаг бол тэр зургаа л гарна. 10 машин ирвэл дөрөв нь түгжрээд эхэлнэ. Өргөн замаар хэчнээн хурдтай давхиж ирлээ ч ялгаагүй. Хэрэв уулзварын зүүн эргэдэг эгнээг нэмж хоёр болгочихвол нэг гэрлээр амжиж гарах машин хоёр дахин нэмэгдэж, 12 болно. Үр дүн ямар байх нь тодорхой. Тиймээс уулзварыг өргөтгөх ажил тухайн үед хэрэгжсэн. Эдгээр ажлууд хэрэгжиж, автобус бол нэгдүгээр эгнээгээр сааталгүй явдаг ВИП унаа юм гэх зэрэг сурталчилгаа явж, хүмүүс нийтийн тээврээ хэрэглэх нь ихэссэн. Түгжрэл ч мэдэгдэхүйц хөнгөрсөн. Ойрын жилүүдэд бол түгжрэлийг шийдэх талаар бараг юу ч хийгдсэнгүй. Эгнээг нь өргөсгөх уулзвар ч байхгүй болчихлоо. Тиймээс тусгай замын зорчигч тээвэрлэлт, монорэйл гэх мэт томоохон төслийг зоригтой хэрэгжүүлэх шаардлагатай.
-Нийслэлийн намын дарга Д.Пүрэвдаваа нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж ярьсан байсан. Яаж хэрэгжүүлэх юм бэ. Нийтийн тээвэр гэдэгт юуг хамруулаад байгаа юм бэ?
-“Жишээ нь, нийтийн тээврийг үнэгүй болгох хувилбар бий” гэснийг “үнэгүй болгоно гэлээ” гээд явчих шиг болсон. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн тоо 2017-2019 оны хугацаанд хоёр дахин буурсан гэдгийг түрүүн хэлсэн шүү дээ. Нийтийн тээврийн орлого нь эрс буурч байна. Мөн ахмад настнууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг томоохон бүлэг байна. Ингээд олдог орлого нь зардалтайгаа харьцуулахад бага байгаа учраас нэгмөсөн үнэгүй болгож хувийн машинаас нийтийн тээврээр үйлчлүүлэх сэдлийг нь төрүүлье гэх саналууд ч гардаг. Түүнийг жишээ болгож дурдсан гэж би ойлгож байна.
Түүнээс гадна, шууд биш мөртлөө түгжрэлийг бууруулахад нэмэр болох нэг шийдэл байна. Хаягжилтаа цэгцэлж, шуудан харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Бид хаягаа зааж өгөхдөө “Автобусны буудлын баруун урд талын ягаан гурван давхар байшин бий тэрүүгээр зүүн эргэнэ” гэдэг ч юм уу энэ мэтээр хаягаа зааж өгдөг. Орчин үеийн 21 зууны Улаанбаатар хотын хаягууд ийм байгаа нь бидний арчаагүйтэй холбоотой. Хаягийг шийдэх нь төмөр зам барих ч гэдэг шиг нүсэр ажил биш шүү дээ. Шуудангийн үйлчилгээ хөгжиж, хүргэлтээр бараа бүтээгдэхүүн ирдэг, төрийн үйлчилгээ, бичиг цаас ч үүгээр явдаг болвол эдийн засгийн бүтээмж нэмэгдэхээс гадна түгжрэл буурахад ч нөлөөлнө. Хүргэлт гэдгийг пиццаны хүргэлт төдийхнөөр ойлгож болохгүй.Эд зүйл, бичиг цаас, худалдан авсан бараа гээд бүхий л зүйлийг гэртээ ч юмуу, байгаа газраасаа хүргүүлэн авах тухай асуудал юм. Ер нь ч тийм хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг “Ковид-19” харууллаа шүү дээ. Тэр дундаа төрийн үйлчилгээг шуудангаар, цахимаар авдаг болох хэрэгтэй. Ингэснээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, хүнд сурталгүй, хялбар болно. Нэг үйлчилгээ авахын тулд заавал гэрээсээ гарч очдог, очоод тийм материал нэмэлтээр хэрэгтэй гэхээр буцаад явдаг, оочерлодог. Эдийн засагт бүтээмж бий болно, түгжрэл тодорхой хэмжээгээр буурна, хүргэлтийн ложистик үйлчилгээ эрхэлдэг бизнесийн төрөл хөгжинө, олон шинэ ажлын байр бий болно. Улаанбаатарчууд бүрэн хийж чадах зүйл шүү дээ.
Р.ХИШИГЖАРГАЛ
,
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Алтны ханш он дуустал буурахгүй, нүүрсний үнэ ойрын үед бага зэрэг өснө гэв” хэмээх нийтлэлийг I- XIII нүүрнээс уншаарай.
Хоёр болон
гурван настай хүүхдүүдийг
үерийн аюулаас аварсан Батсүхийн Гурвансайхан “Төрийн ордонд
Батсүхийн
Гурвансайхан,
Батсүхийн Галбадрах
гэж дуудахад маш
гоё санагдсан,
үнэхээр их догдолсон” хэмээв. I- VII нүүрнээс уншаарай.
ЦЕГ-ын
дэд дарга , хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллагаас ганц DMNN пэйжтэй бус бүх
мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана” гэлээ.
“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Бэлчээрийн мал аж ахуйг Сэлэнгээс эхлээд Төв аймгийн хойд сумдад хориглох нь зөв ” хэмээн өгүүллээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгчийн зүгээс
хэрэг, маргаанд нөлөөлөх бодит эрсдэл
байгааг хуулиар хаах хэрэгтэй” гэв.
Улс төрийн V нүүрт БНХАУ-аас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд
Цай Вэньруй “Энхэл донхлыг тэгшилсэн хөгжлийн өргөн замаар
өмнөхөө залгамжилж, чин зоригтойгоор урагшилна” хэмээлээ.
Баримт үйл явдлын IV нүүрт ” У.Хүрэлсүх Ерөнхий сайд аа, төрийнхөн
6000 ширхэг “С” зөвшөөрлийн бичгийн
5700-г нь хятадуудад зарж, 3.4 тэрбум
төгрөгөөр хэтэвчээ зузаалж байна” ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Хуульч өмгөөлөгч
Т.Энхбаяр “Хотыг дүрэмтэй
болгож, төрийн үйлчилгээг
стандартчилах хэрэгтэй” гэв.
Монголын залуу инженерийн холбооны
гүйцэтгэх захирал Б.СүхЭрдэнэ “Инженерийн мэргэжлийг хосолсон
байдлаар сурах шаардлагатай” хэмээх ярилцлага XIII нүүрт хэвлэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу
. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Өнөөдөр /2020.9.28/ УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050” Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж батлаад байна. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хийж буй алхам юм.
Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр Дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр Нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөөд байна.
Уг зорилго зорилтын хүрээнд нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх шаардлагатай байна. Алсын Хараа 2050 Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийн Зорилт 5.3-ийн 1-р хэсгийн 4 дүгээрт: “Төрийн байгууллагууд хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээлэл, солилцоо сайжирч, захиргааны зардлыг бууруулж, үйлчилгээний үр дүнг сайжруулах” гэж тодорхой тусган заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газар энэхүү чиглэлийн хүрээнд 2020 оны 106 тоот тогтоолоороо “Улсын үзлэгийн мөрөөр авах арга хэмжээг тодорхойлсон байдаг. Уг тогтоолын 4 дүгээрт “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах”-ыг даалгасны дагуу өнгөрсөн хугацаанд Харилцаа Холбоо Мэдээллийн технологийн газрын дарга, Архивын ерөнхий газрын даргын хамтарсан А52, А-47 дугаар тушаалаар байгууллагын цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангахад зөвлөмж өгөх ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Төрийн бүх шатны байгууллагууд гэхэд л нэг өдөрт 500 – 600 боодол буюу 250-300 мянган хуудас цаас ашиглаж байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад наанадаж байгаль экологид сөрөг нөлөөг төдий хэмжээгээр үзүүлж байгаа бол, цаанадаж төрийн албан хаагчдын ажлын ачаалал, бүтээмжийн хоргодол, түүн дээрээс үүдсэн төрийн албаны хүндрэл чирэгдэл гэсэн асуудлуудыг шууд нөлөөллөөр бий болгож байна.
Тиймээс Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд бид энэхүү зорилго зорилтынхоо төлөө гар хумхилгүй ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байна. 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Тиймээс бид бүтээмж өндөртэй байя гэвэл, хурдыг эрхэмлэх шаардлагатай юмаа. Хурдыг бид гагцхүү цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгох талаар яамд бүрийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөллүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Тун удахгүй төрийн 186 төрлийн үйлчилгээг иргэдэд цахимаар олгох “И-Монголиа” платформ ашиглалтанд орно. Ингэснээр иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл тодорхой хэмжээгээр багасах юм. Үүнтэй зэрэгцүүлэн төрийн албан байгууллага дээр ашиглагддаг цаасан бүх төрлийн ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг яаравчлах шаардлагатай байна.
Цаг агаар хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбогдуулан цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудад угаарын дуудлага их бүртгэгдэх болсон байна.
Тодруулбал, өнгөрсөн баасан гараг буюу есдүгээр сарын 26-нд Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 34 настай эмэгтэй Б нь гурван хүүхдийн хамт угаартсан гэх хэрэг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Шалгалтаар зуухны сойлтыг хаасан, угаар мэдрэгчийн зай дууссан хэмээжээ. Угаартсан ээж болон хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлээд гаргасан байна. Түүнчлэн бямба гаригт Сүхбаатар дүүргийн 16 хороонд 5 хүн, Сүхбаатар дүүргийн 33 дугаар хороонд 2 хүн, Хан-Уул дүүргийн 12-р хороонд 3 хүн тус тус угаартаж өнгөрсөн долоо хоногт нийт 14 хүн угаартсан байна.
Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, мөн яндангаа хөөлж, угаар мэдрэгчээ асаалттай байлгахыг анхааруулж байна.