Анагаах ухааны доктор, “HFS” Үүдэл эсийн клиникийн эрхлэгч Б.Хонгорзултай ярилцлаа.
-Манай улсад анх удаа үүдэл эсийн эмнэлэг байгуулагджээ. Үүдэл эсийн эмчилгээ гэж юу болох талаар ярилцлагаа эхэлье?
-Үүдэл эсийн талаар энгийн ойлголт өгье. Хүн өөрөө өөрийнхөө эмч болох боломжийг олгодог нь Үүдэл эсийн хамгийн гайхалтай хэсэг. Үүдэл эс гэдэг өөрөө өөрийгөө олшруулах чадвартайн дээр, олон төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эсүүд байдаг. Өөрөөр хэлбэл, анх эцэг эхийн нэг, нэг эс нийлээд үр тогтсон өндгөн эс болж тэр нь цааш хуваагдан олширч, хөгжсөнөөр өнөөдрийн бидний биеийг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр үр тогтсон ганц эс маань цааш олшрон хуваагдсаар 200-гаас илүү төрлийн эс бий болгодог буюу та бидний биед байгаа бүх төрлийн эс, эд, эрхтэн бүгд нэг эсээс бий болдог юм.Олон төрлийн эс, эд, эрхтэн бий болгож, бүрдүүлж байгаа нь үүдэл эсийн чадвар, бусад эсээс ялгарах хоёр гол онцлогийн нэг. Энэхүү эс нь шаардлагатай үед өөрийгөө маш олон хувилж, хэрэгцээ байгаа газар шинэ төрлийн эсүүдийг бий болгож байдаг. Өөрөө өөрийгөө хувилан олшруулна гэдэг нь яг өөртэйгөө ижилхэн эсийг олон тоогоор бий болгоно гэсэн үг. Энэхүү олон “хувилсан” эсүүдийнх нь тодорхой хэсэг нь яг байгаа байдлаа хадгалан нөөцлөгддөг бол үлдсэн хэсэг нь биеийн аль нэг эрхтний эс болдог. Жишээ нь үсний, арьсны, элэгний, нүдний, хөлний гээд дурдаж болно. Ер нь хүний биеийн бүх эс тодорхой хугацааны дараа үхэж өөр, шинэ залуу, үйл ажиллагааны хувьд алдагдалгүй ажиллах чадвартай эсээр байнга солигдож байдаг. Хүний биед энэхүү үүдэл эс нь анх төрөхөөс хорвоогийн мөнх бусыг үзэх хүртэл байдаг. Үхэх хүртэлх хүний амьдралын хугацаанд анх ээж, ааваас үр тогтсон өндгөн эсээс үхэх хүртэлх үүдэл эсийн хооронд чадварын хувьд ялгаа гардаг. Анхны эс нь бүх эд эрхтэнг бий болгож чадна. Яваандаа хүний бие тогтолцоо тодорхой хэмжээнд хязгаарлалттай болчихдог. Хүний биеийн бүх эд эсүүд өөрийн гэсэн амьдралын хугацаатай байдаг. Жишээ нь, цусны эсүүд хэдхэн цагаар яригддаг бол тархины эсүүд хэдэн сараар яригддаг. Тархи маш удаан хөгждөг, удаан процесстой. Тархины өөрийнх нь эд эсүүд шинэчлэгдэхэд үйл ажиллагаа нь маш удаан явагддаг гэсэн үг. Багаар бодоход хоёр сарын дараа нэг эс үхэхэд оронд нь шинэ эс бий болдог. Тэгэхээр амьдралын хугацаатай гэдэгт чадвар нь дуусдаг гэж ойлгож болно. Хүн насан туршдаа нэг эстэй байдаггүй.Хүний бүх эд эрхтэн дотор байгаа эсүүд өөрийн гэсэн хугацаандаа үхдэг. Түүний дараа шинэ эд эсүүд төлжиж бий болдог. Энэ шинэ эсүүд үүдэл эсээс гардаг. Хүний бие хэвийн үед шинэ эд эс солигдож зөв эсүүдийг гаргаж өгч байна гэсэн үг. Бид өнөөдөр гар хуруугаа зүслээ гэхэд хэд хоногийн дараа эдгэдэг шүү дээ. Тэр бол гэмтсэн эсийг үхүүлээд шинэ эрүүл эс бий болгож байгаа нь өнөөх үүдэл эсийн үйл ажиллагаа юм. Үүдэл эсийн чадвар нь өөрийгөө олшруулдаг, шинэ залуу эд эсийг бий болгоход өөрийгөө зарцуулдагт байгаа юм. Энэ чадвараар нь үүдэл эс гэж нэрлэдэг. Манай эмнэлэг чадвартай эсийг хүний өөрийнх нь эд эрхтэн дотроос нь ялгаж аваад, эргээд тэр эсээр нь эмчилдэг.
-Танай эмнэлэг үүдэл эсээр ямар ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Үе мөчний өвчнүүд, чихрийн шижин, мэдрэлийн эмгэгүүд, бэлгийн сулрал, үс халцрал, гоо сайхан, дархлаа дэмжих, эрүүлжих гээд маш олон төрлийн өвчний үед үүдэл эсийн эмчилгээг санал болгож байгаа анхны эмнэлэг. Монголд үүдэл эсийн эмчилгээ явуулдаг нэг л эмнэлэг байдаг. Энэ нь Улсын нэгдсэн төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлэг. Гэхдээ нэгдүгээр эмнэлэг зөвхөн цусны хавдартай хүмүүст үүдэл эсээр эмчилгээ хийдэг. Үүдэл эсийн эмчилгээний эх үүсвэрүүд нь өөр өөр байдаг л даа. Нэгдүгээр эмнэлэг ясны чөмөг болон захын цуснаас авсан үүдэл эсээр цусны хавдартай хүмүүсийг эмчилдэг. Манай эмнэлгийн хувьд хавдартай хүмүүсийг эмчилдэггүй. Үе мөчний өвчин, дотоод шүүрлийн өвчин, архаг шарх, эд эрхтэн тогтолцооны эмгэгүүд, системийн өвчнүүд, мэдрэл болон булчингийн үрэвсэл, хатингаршил, нуруу нугас тархины гэмтэл зэрэг өвчнийг эмчилж байна.
-Хөлний үе мөч нь саажилттай, тархины саажилттай хүмүүсийг үүгээр эмчлэх боломжтой юу?
-Боломжтой. Манай эмнэлгийн үйл ажиллагаа үүдэл эс, лаборатори, шүд гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Манайх үүдэл эсийн хэмжээнд дээр дурдсан бүх өвчнүүдийг эмчилнэ. Тэгэхээр үе мөчний, ослын шалтгаант гэмтлүүд, спортын гэмтлүүд, ясны сийрэгжилт, тархи нуруу нугасны гэмтэл, тархи, булчингийн үхжил, хатингаршил, мэдрэлийн үрэвсэл гээд өвчнүүдийн үед эмчилгээг хийж байгаа. Дээрээс нь чихрийн шижинтэй,архаг шархтай хүмүүсийг эмчилдэг. Архаг шарх гэдэгт нь чихрийн шижингээс болоод үүссэн шарх, хэвтрийн дэглэмтэй байдлаас үүдэлтэй шарх, зарим нэг арьсны архаг үрэвсэлт, шархлаат эмгэгүүдийг эмчилж байна.Мэдээж өвчний үе шат, гэмтэл авснаас хэр хойш гэх зэрэг нь эмчилгээний үр дүнд тодорхой хэмжээнд хамааралтай.
-Чихрийн шижингийн өвчлөл манай улсад тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Чихрийн шижингийн эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ?
-Чихрийн шижин бол нойр булчирхай, дархлаа тогтолцоо болон бодисын солилцооны алдагдлаас болж үүсдэг өвчин. Та бүхний мэдэж байгаачлан хоёр хэлбэртэй байдаг. Ямар ч тохиолдолд энэ төрлийн өвчинд үүдэл эсийн эмчилгээ үр дүнтэй. Үүдэл эсийн эмчилгээний давуу тал нь ямар ч гадны зүйлгүй зөвхөн өөрөөс нь эс авна. Тэр эсээр буцаагаад эмчилнэ гэсэн үг. Дотор нь янз бүрийн химийн бодис, эмийн бүтээгдэхүүн юу ч байхгүй. Зөвхөн эс байгаа гэсэн үг. Хоёрдугаарт,өөрийн эс гэдэг утгаараа эд эрхтэн суулгахаас ялгаатайгаар ховхрох, дархлаа дарангуйлах эмчилгээ огт шаардлагагүй. Тийм учраас дагалдах хүндрэл байхгүй. Гуравдугаарт, үүдэл эсийн эмчилгээг дагаад дархлааг дэмжин, сайжруулдаг, үрэвслийг намдаадаг, шинэ судасжилт, мэдрэлжилтийг бий болгож чаддаг. Тэр утгаараа чихрийн шижингийн хөл гэх үе мөчөө тайруулах гэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх тохиолдол шим тэжээлийн дутагдалд ороод үхжиж эхэлдэг буюу цусан хангамжийн дутагдалд орсон, мэдрэлийн үрэвсэл буюу нейропатигаас болон захын эрхтнүүдийн мэдрэх байдал алдагдан хөл гараа гэмтээснээ мэдэхгүй явах гээд олон олон хүндрэл урган гардаг.Ямарваа нэг зүйл дээр гишгээд зүсчихсэн байгаагаа мэдэхгүй маш олон хоног явчихсан байдаг тохиолдол ч байна. Гэтэл хөл нь аль хэдийнэ идээлээд цаашлаад үхжээд эхэлчихсэн байдаг. Тайруулахаас өөр аргагүй болсон үедээ манайд ирээд эмчилгээ хийлгээд хөл гараа тайруулахад хүрсэн үйлчлүүлэгч ирээд зүгээр болж байна. Үүдэл эсийн эмчилгээ ерөнхий дархлааны бүх зүйлийг сайжруулна, эмгэгтэй байгаа хэсэгт нь очоод эдгээнэ. Чихрийн шижингээр хэр удаан өвдсөн байх, сахарын түвшинд ямар байх нь үл хамаараад эмчилж байгаа. Гэхдээ сахарын түвшин өндөр байх тусмаа магадгүй хэд хэдэн удаагийн давталттай эмчилгээнд орох шаардлагатай болдог. Дөнгөж эхэлж байгаа, эсвэл 15 доторх байгаа хүмүүс ерөнхийдөө нэг удаагийн эмчилгээний дараа аяндаа хэдэн сарын дараагаас сахарын хэмжээ нь эргээд хэвийн байдалдаа ороод ирдэг. Тэр үеэс хүн эмийн эмчилгээгээ зогсоогоод хэвийн байдалдаа орох боломжтой. Гэхдээ аль болох эрүүл хооллолттой байх хэрэгтэй. Эм уугаад сахарын эмчилгээнд явж байгаа хүмүүс нэг өдөр л хоолны дэглэм алдаад, архи уухад сахарынх нь хэмжээ ихэсдэг. Үүдэл эсийн эмчилгээний дараа тийм зүйл байхаа больдог.
-Үүдэл эсийг хүний аль хэсгээс авдаг вэ?
-Үүдэл эсийг гарган авч болох хэд хэдэн гарц байна. Гэхдээ яг эмчилгээний зорилгоор уу, судалгааны түвшинд байна уу гэдэг нь ялгаатай.Нэгдүгээрт, үр тогтсон өндгөн эс буюу үр хөврөлийн эхний долоо хоногт байгаа үүдэл эсүүдийг ашиглаж болдог. Анх хамгийн ихээр итгэл найдвар тавьж байсан үүдэл эсийн эх үүсвэр байсан хэдий ч, өндөр хөгжилтэй орнууд үр тогтсон л байвал хэдэн хоногтой нь үл хамаараад хүнийг хөнөөж байна гэдэг утгаар ёс зүйн хэм хэмжээгүй гэж үзсэн. Мөн зарим оронд өвчний эмчилгээнд хэрэглэж үзэх үед хоргүй хавдар үүсгэсэн нь цаашлаад бүрэн судалж гүйцэх хүртэл эрсдэлтэй хэмээн, эмчилгээнд хэрэглэхийг хориглосон. Хоёрт, ясны чөмөг байж болдог. Энэ арга нь хамгийн анхны үүдэл эсийн эмчилгээ амжилттай болсон арга бөгөөд маш их хүнд, тэр дундаа цусны хавдартай өвчтөнүүдэд үр өгөөжөө өгсөн хэдий ч үүдэл эсийг гарган авахын тулд ясыг жижиг хэмжээтэйгээр өрөмдөж хатгалт хийж авдаг. Тэгэхээр ясыг гэмтээж авна гэсэн үг. Нэг удаагийн хатгалтаас гарч ирэх эсийн тоо цөөхөн байдаг учир нэг хүнд дор хаяж таваас зургаан удаа хатгалт хийдэг. Энэ шинжлэх ухаан 1968 онд анх нээгдээд хамгийн анхны эмчилгээ амжилттай явсан боловч өнөөдөр эмчилгээний практикаас эмчлүүлэгч, эсвэл донорт маш их зовиуртай, хүнд процедур гэдэг утгаараа өндөр хөгжилтэй орон энэхүү аргаас татгалзаж байгаа. Дараагийн эх үүсвэр нь захын цуснаас эс ялгаж авах эмчилгээ бөгөөд энэ нь олон улсад цусны хавдартай, цусны өвчтэй хүмүүст хэрэглэгдэж байна. Мэдээж цусыг шууд авна гэж байхгүй. Хоёр долоо хоногийн турш графиктайгаар тусгай эм, бэлдмэл уудаг. Нийт цусанд агуулагдах эсийн хэмжээг тодорхой өндөр хэмжээнд аваачсаны дараагаар цуснаас нь эсийг нь юүлж авдаг байгаа. Дараагийнх нь ихэс болон хүйн судасны цуснаас ялган авсан үүдэл эс ордог ч төрж байгаа эмэгтэй төрөх үедээ л эсүүдээ хадгалуулах боломжтой байдаг. Донороос авах боломжтой байдаг хэдий ч мэдээж яг эд эрхтэн, шилжүүлэн суулгахтай ер нь төстэй, нэлээд нарийн шинжилгээ шаардлагатай байдаг. Дараагийн эх үүсвэр нь өөхний эдээс ялгаж авах юм. Хүний хэвлийн өөхнөөс авна гэсэн үг. Өөхний дотор агуулагдах үүдэл эсийн то, мөн тэрхүү үүдэл эс нь өөрөө маш олон төрлийн эд эрхтэнг бий болгох, эд эрхтний үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг учраас өнөөдөр дэлхийн практикт дийлэнхдээ өөхний эдээс ялгаж авч байгаа үүдэл эсийг олон төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэж байна. Манай эмнэлэг нь өөхнөөс ялгаж авч байгаа үүдэл эсийн эмчилгээг нийт ард иргэддээ санал болгож байна. Өөхний агууламж өндөр байвал нийт гарах эсийн тоо олон байх боломжтой. Гэхдээ энэ нь таргал гэсэн үг биш. Мэдээж таргалалттай байх нь маш олон төрлийн өвчний эхлэл болдог. Ямар ч туранхай хүн тодорхой хэмжээнд өөхтэй байдаг.
-Танайд ихэвчлэн ямар асуудалтай хүмүүс үйлчлүүлдэг вэ?
-Үе мөч, спортын гэмтэл, нуруу нугас болон тархины гэмтэл, булчин болон тархины саажилт, хатингаршилтай, мэдрэлийн үрэвсэл, чихрийн шижин, архаг шархтай хүмүүс болон мөн гоо сайхны, эрүүлжих зорилготой хүмүүс их ирдэг. Мөн аутизм болон хөгжлийн хоцрогдолтой холбоотой ч хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэгэхдээ хамгийн ихээр чихрийн шижин, үе мөч, архаг шарх, гэмтэлийн шалтгаант элдэв өвчин зовиуртай хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.
-Хэвтэн эмчлүүлэх үү?
-Үгүй. Хэвтэж эмчлүүлэхгүй. Тийм утгаараа олон улсад өөхнөөс ялгаж авч байгаа үүдэл эсийг практикт их хэрэглэж байгаа. Үйлчлүүлэгчид өөрт нь зовиур байхгүй. Ирээд эмчилгээгээ хийлгээд л гарна.
-Өөх авахад эрсдэл үүсэх үү?
-Үүдэл эсээр эмчилгээ хийх зорилгоор өөх ялгаж авах нь гоо сайхны тураах хагалгаа буюу өөх соруулах хагалгаанаас тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж ажилбар учир өөр өөрийн хэмжээнд эрсдэл байнга л байдаг. Тэгэхдээ гоо сайхны өөх соруулах хагалгаа бүтэн унтуулгатай ордог. Мөн дийлэнх тохиолдолд нэг дор өөхийг их хэмжээтэйгээр авдаг. Үүнийгээ дагаад нэлээд эрсдэл байдаг байх. Харин үүдэл эсийн эмчилгээний үед нэг аяга цай төдий хэмжээтэй өөх авдаг, мөн ямар нэг байдлаар өөх соруулах автомат төхөөрөмж ашигладаггүй, бүтэн унтуулагтай бус хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг. Тэр утгаараа гоо сайхны зориулалттай өөх сорох хагалгаанаас өөр байдаг.
-Өөхийг ямар багажаар авдаг вэ?
-Эмч гараараа зориулалтын шприцээр авдаг. Ямар нэг автомат төхөөрөмж ашиглахгүй, цэвэр эмчийн өөрийн ур чадвар, гарын техник гэсэн үг.
-Унтуулж байж өөх авдаг уу?
-Том хүнд хэсгийн мэдээ алдуулалттай, хүүхдэд хийнэ гэвэл мэдээж бүтэн унтуулгатай байна. Манай байгууллагын дотоод бодлогоор эхний нэг, хоёр жил хүүхдэд энэ төрлийн эмчилгээ хийхгүй байя гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч хил хаасантай холбоотойгоор аутизмтай, хөгжлийн хоцрогдолтой гэх оноштой хүүхдийн эцэг эхчүүд маш ихээр хандаж байгаа.
-Үүдэл эсийн гаж нөлөө нь юу вэ?
-Ямар төрлийн үүдэл эсийг хаанаас, хэнээс аван, хэнд хэрэглэж байгаагаас шууд хамаардаг. Ер нь хамгийн гол нь хаанаас гаргаж авсан үүдэл эс вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Дээр дурдсанчлан, үр хөврөлийн үеийн үүдэл эсийг олон улсад эмчилгээнд хэрэглэх гэж маш олон ородлого хийсан байдаг. Ихэнх тохиолдолд үр хөврөлийн үеийн үүдэл эсийн эмчилгээнд орсон хүмүүс хоргүй хавдар /тератом/-той болсон тохиолдол нэлээд бүртгэгдсэн байдаг. Учир нь гэвэл энэ үед эх үүдэл эсүүд маань хэт залуу байдаг. Мөн зохицуулах, хянахад маш хүндрэлтэй байдаг. Мөн дийлэнх тохиолдолд донорын үр хөврөлийн үеийн үүдэл эсүүд байдаг учир өөр хүний эд эс гэдэг утгаараа бас нэлээд асуудлыг дагуулж байдаг. Зарим тохиолдолд хүйн судас, ихсээс ялган авсан үүдэл эсийг, ясны чөмөг болон цуснаас ялган авсан үүдэл эсийг өөр хүнд хэрэглэх буюу мөн донор байдлаар өгөх тохиолдол байдаг. Энэ тохиолдлуудад яг эрхтэн шилжүүлэн суулгахтай адилхан суулгац ховхрох гэсэн аюул бас байдаг. Манай санал болгож байгаа эмчилгээ нь хүнээс өөрөө өөрийнх нь өөхнөөс үүдэл эс ялган буцаад түүгээрээ эмчлэх учраас ямар нэг байдлаар үүдэл эс талаас гарах эрсдэл бол байхгүй. Хэдийгээр тийм ч гэсэн бид эмчилгээгээ хийх дээ бүх үйлчлүүлэгчээ лабораторийн бүрэн оношлогоонд оруулсны дараагаар эмчилгээг хийж байгаа. Ингэснээр мөн эмчилгээний бүх үр дүнгээ хянах боломжтой.
-Энэ чиглэлээр танай эмнэлгийн эмч нар маш өндөр түвшинд бэлтгэгдсэн болов уу?
-Түрүүн хэлж байсанчилан манай эмнэлэг үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Лабораторийн чиглэлийг маань хариуцан ажиллаж байгаа эмч маань энэ салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байгаа туршлагатай эмч Ш.Эрдэнээ эмч байгаа. Өмнө нь ЭХЭМҮТ болон Онош-Мед лабораторид ажиллаж байсан. Үүдэл эсийн эмчилгээний чиглэлд манай зөвлөх эмчээр хүний гавьяат эмч П.Батчулуун ажилладаг. Зөвлөх маань Монгол Улсад анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг санаачилсан, элэг шилжүүлэн суулгах багийн тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, мэс заслын эмч, судасны мэс заслын эмч. А.Болор эмч маань мэс заслын эмчээр 10 гаруй жил ажилласан. “Гурван гал” эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлэг, унтуулгын тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан туршлагатай нэгэн байдаг. Мөн Б.Номинцацрал, Х.Хулан гэх Нүүр амны их эмч нар бий. Тэгээд миний бие, Япон улсын Жичигийн Анагаахын сургуульд үүдэл эс, түүний зохицуулга гэсэн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.Үүдэл эсийн эмчилгээг бид тав ахлан, хариуцан ажиллаж байгаа. Нүүр амны их эмч нар маань амны хөндийн эмчилгээг хариуцан ажилладаг. Чихрийн шижинтэй хүмүүсийн буйл үрэвсэн, цаашлаад тулгуур эдийн үрэвсэл нь даамжирснаар шүд нь эрүүл байгаа хэдий ч унах шалтгаан болдог. Аман доторх яр шарх нь эдгэдэггүй. Тэгэхээр ийм хүмүүсийг эмчлэх бүх асуудлыг тэр хоёр эмч маань хариуцаж ажилладаг. Миний хувьд Үүдэл эс ялгах ажлыг хариуцдаг юм. Манай эмнэлгийн эмч нар бүгдээрээ Үүдэл эсийн эмчилгээний сургалтад Солонгос болон Туркэд мэргэжил дээшлүүлсэн. Дэлхийд үүдэл эстэй холбоотой хоёр том холбоо, байгууллага байдаг. Нэг нь үүдэл эсийн судалгааны нийгэмлэг, нөгөөх нь эмчилгээний нийгэмлэг. Миний бие энэ хоёр нийгэмлэгийн гишүүн. Манай эмч нар бүгдээрээ эмчилгээний нийгэмлэгийн гишүүд юм. Тэгэхээр бидний барьж байгаа стандарт, хэрэглэж байгаа тоног төхөөрөмж дэлхийн 30 оронтой яг ижилхэн.
-Үүдэл эсийг биеийхээ аль хэсэгт хийлгэж болдог вэ?
-Эрүүл хүн ч гэсэн үүдэл эсийн эмчилгээнд орох боломжтой. Эрүүлжин, дархлаа дэмжих, бодисын солилцоог эрчимжүүлэх зорилгоор хийлгэж болдог. Олон улсад энэ төрлийн үйлчилгээ нэлээд дэлгэрсэн. Дээр дурдсан өвчнүүдийн үед хийлгэж болохоос гадна гоо сайхны зориулалтаар мөн хийлгэдэг. Нүүр, хүзүү, гар гээд гоо сайхны зориулалтаар хүмүүс манайд ирж үүдэл эс хийлгэж байна. Үүдэл эс нь арьс цайруулж, сорвижилт, нөсөөжилт болон батга арилгадаг, нүхжилт арилгах болон багасгах үйлчилгээ үзүүлдэг.
-Сүүлийн үед үүдэл эсийн бүтээгдэхүүн гэж сурталчилж зарах болсон. Энэ нь үүдэл эсийн бүтээгдэхүүн байх боломжтой юу?
-Үүдэл эс агуулсан, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүн зарж байна гэж ярихыг сонссон. Үүдэл эстэй бүтээгдэхүүн буюу амьд эстэй бүтээгдэхүүн гэж байх боломжгүй. Яагаад гэвэл эс нь тодорхой орчинд л амьдардаг, өөрийн гэсэн амьдрах хугацаатай байдаг. Амьд эс урт хугацаагаар байх боломжтой хоёр л нөхцөл байдаг. Нэг нь амьд биед. Нөгөөх нь лабораторийн орчинд байдаг. Одоогоор яг амьд эстэй бүтээгдэхүүн гэж бол дуулаагүй. Хэрвээ үнэхээр амьд эстэй бүтээгдэхүүн гэж байдаг бол маш олон төрлийн химийн идэвхит нэгдэл агуулсан байх л боломжтой.
С.ОТГОНГЭРЭЛ
С.УЯНГА