Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮАБЗ-д атгуулсан Монголын шүүх нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн түүхийг бичиж байна

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Төр засгийн удирдлагууд энэ өдөр өнгөрсөн зуунд олон мянгаараа хэлмэгдсэн иргэдээ хүндэтгэн дурсаж, Монголын үндэсний түүхийн музейн өмнөх хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг. Өнөөдөр ч тэр жишгээ дагах байх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэгцэж зогсоод хэлмэгдэгсдийг хүндэтгэхдээ өдгөө ч улс төрийн хилс хэлмэгдэл үргэлжилсээр байгааг сөхөж ярих болов уу. 1937 онд хувьсгалын эсэргүү гэж лам, сэхээтнүүдээ өчнөөнөөр нь барьж хорьж, хороосон түүх энэ цагт арай өөр өнгөөр үргэлжилж буй нь нууц биш. Өнгөрсөн зууны хэлмэгдлийн жилүүдэд яам, засгаас шууд тогтоол гаргаж барьж хорьдог байсан бол шинэ цагийн хэлмэгдүүлэлт огт өөр эхлэлтэй. Улс төрийн шалтгаанаар онилсон хүнээ эхлээд сошиалаар муу муухай гэж харлуулж цоллоно. Улсын хөрөнгө идсэн уусан, завшсан, муусайн баячууд гэсэн ойлголтыг цахим ертөнцөөр дамжуулж олонх иргэдэд өгчихөөд өнөөхийг нь АТГ, прокурор шалгаж, Шүүх алх тогшчихдог явдал бараг л жишиг болчихсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Нэгэнт нийгмийн сэтгэл зүйг бэлдчихсэн учраас шүүгдэж хоригдсон улстөрчдийг “муусайн луйварчдыг хорьсон нь болсон юм” гэж буруутгах сэтгэл зүй иргэдийн дунд давамгайлж байгаа нь бас нүдэнд ил үнэн. Шүүх ҮАБЗ-ийн хараа нөлөөнд орчихсон учраас улс төрөөс хараат болчихсон гэх шүүмжлэл өнөө ч хүчтэй байгаа.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар ҮАБЗ шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах зөвлөмж гаргавал Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож Ерөнхийлөгчид өөрт нь уламжилдаг болчихсон. Хуульч О.Мөнхсайхан “Энэ зөвлөмжид үндэслэл дурдахыг ч хууль шаардаагүй нь шүүгчдэд том айдас үүсгэчихсэн. Хэрвээ энэ хүчтэй институтээс ямар нэг зүй бус нөлөө ирэхэд үгүй гэж хэлэх юм бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь тэргүүлдэг ҮАБЗ-өөс өөрийнх нь томилсон Ерөнхий зөвлөлд зөвлөмж очоод улмаар Ерөнхийлөгчид өгч хугацаагүй түдгэлзүүлчихнэ, огцруулчихна” гэж онцолсон нь бий. Товчхондоо ҮАБЗ-ийн шууд нөлөөнд орчихсон шүүх улстөржсөн шийдвэр гаргахаас аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг.

Яг ийм өнгөөр шил дараалж өрнөсөн шүүх хурлуудын дараа Ерөнхий сайдтай тэрсэлдсэн, Ерөнхийлөгчийн дургүй улстөрчид, эсвээс эрх барьж буй намын хүчтэй өрсөлдөгч болж сонгуульд өрсөлдсөн АН-ын гишүүд торны цаана сууж байна. Дубайн гэрээ гэх сүржин тодотголтой хэрэг үүсгэж Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайханыг, Оюу толгой, хувьцаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх мэт буруутгалаар С.Баярцогтыг, арилжааны банкаар дамжуулж өндөр хүүтэй зээл гаргалгүйгээр жирийн иргэдэд бага хүүтэй зээл авах боломж олгосных нь төлөө Н.Номтойбаярыг хэрэгтэн болгочихоод байгаа. Онцлоод хэлэхэд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан гурван ч хүн өнөөдөр торны цаана сууж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, тахлын үед ганц нүүр тахалж яваа мега төслийг хөдөлгөсөн С.Баяр, мега төсөл, төмөр зам дээр бодитой гаргалгаа гарц шийдэл ярьдаг М.Энхсайхан, нийгмийн халамжийн чиглэлийн бодлогоороо бусад Ерөнхий сайд нараасаа ялгардаг Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал дээр хэлсэн үгийг манай сонин өмнө нь онцлон нийтэлж байсан юм. С.Баяр шүүх хурал дээр “Намайг заавал Оюу толгой төсөлтэй холбох, чингэхдээ заавал буруу гараар бусармаг аргаар холбоотой гэж нотлох гээд байгаа нь манай Монголын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой… Оюу толгой төслөөс улбаатай энэ хэргийг битгий улстөржүүлээсэй. Тулга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу шударгаар шийдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан шүүх хурлын төгсгөлд үг хэлэхдээ “Сүүлийн үед Монголд болж байгаа үзэгдэл их аюултай. ҮАБЗ нэрээр шүүхийн бие даасан хараат бус байдлыг эвдэж эхэлсэн… Би Монголд авторитар дэглэмийн үр хөврөл ҮАБЗ гэдэг нэрийн дор бойжиж эхэлснийг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүх алхам ардчиллын эсрэг хийгдэж байгаагийн эсрэг байна” гэж онцолсон юм. Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шүүх хурлын үеэр “Шударга үнэний баталгаа байх ёстой шүүх өнөөдөр Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг маань хууль бусаар хязгаарлаж, намайг өмгөөлөгчгүйгээр шүүж байгаа нь 1992 оноос хойш Монгол Улсын шүүхийн түүхэнд гарч байгаагүй харамсалтай үйл явдал болж байна” гэх мэтээр шүүх рүү чиглэсэн шүүмжлэлүүд хэлж байв.

Бид өдгөө торны цаана суугаа гурван улстөрчийн өмгөөлөгчдөд хандсан юм. Эхлээд хандсан өмгөөлөгч маань Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өмгөөлж буй Д.Оросоо. Дараа нь хандсан өмгөөлөгч маань Монгол Улсын тэргүүн Шадар сайдаар ерээд оны эхэнд ажиллаж байсан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа. Хоёр хоногийн өмнө давж заалдах шатны шүүх хурал нь болж, давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн Н.Номтойбаярын өмгөөлөгч Ц.Одонтунгалагийн байр суурийг бас сонссон юм. Сая онцолсон гурван өмгөөлөгчид “ҮАБЗ-ийн хэт нөлөөнд орчихсон учраас шүүх хараат, илт улстөржсөн шийдвэр гаргаад байна. Шүүхийн хараат бус байдал алдагдсан гэх шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ. Таны өмгөөлсөн хүнд шүүх илт шударга бус хандсан уу” гэсэн асуулт тавьж хариу авснаа уншчигчдадаа хүргэе.

М.ЭНХСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ Д.ОРОСОО: ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛЖ БАЙНА

Шүүх бие даасан хараат бус ажиллаж байж шударга ёсыг тогтоох ёстой. Харамсалтай нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, шүүгчийн бүрэн эрхэнд халдах хуулийн зохицуулалт орсон нь шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна. Шүүх хараат бус байх баталгаагаа алдаж байна. Зүй нь Монголын шүүх Үндсэн хуульд заасанчлан бие даасан, хараат бус байх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын иргэний шударгаар шүүгдэх эрх гэж бий. 1937 оны түүхийг сөхөөд харахаар иргэний шударгаар шүүгдэх эрх гэдэг зүйл үгүй болчихсон учраас олон хүн хилсээр хэлмэгдсэн байдаг. Тэр үеэс хойш хэдэн арван жилийн дараа Монголын төр тухайн цагт шүүх шударгаар шүүгээгүй юм байна гээд иргэдээ цагаатгасан. Миний үйлчлүүлэгч М.Энхсайхан гэж хүний хувьд шударгаар шүүгдэх хуулийн эрхтэй. Гэвч тэр эрх нь хэрэгжиж чадсангүй. Шударгаар шүүгдэж чадахгүй байна. Жишээ нь, машины үнэлгээ хийсэн шинжээч “Алдаатай дүгнэлт гаргачихлаа. Дахин үнэлгээ хийе” гээд байхад шүүх хүлээж авахгүй байна. Энэ бол шударгаар шүүгдэх эрхийг нь хангахгүй байгаагийн наад захын тод жишээ. Үүнээс гадна байгуулаагүй гэрээтэй холбогдуулж буруутгаж байна. УИХ-д Засгийн газраас Таван толгойн төсөлтэй холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг хүн гарын үсгээ зураад, тамгаа дараад УИХ-д өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн гэж шалгаж байгаа бол М.Энхсайханыг биш, тухайн төслийг өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг нь шалгах ёстой. Гэтэл Ерөнхий сайдын үйлдлийн төлөө манай үйлчлүүлэгчийг буруутгаж байна. Хэн нэг хүний үйлдлийн төлөө өөр хүнийг яллаж болох уу. Дахин тодотгоход нэг үйлдлийн төлөө хоёр зүйл ангиар яллаж байна. Дээр нь нэмээд эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллаж байгаа. Бас хорлон сүйтгэхийг завдсан гэж яллаж байна. Ингээд харахаар энэ бүхнийг шударга ёс гэж хэлэхэд хэцүү. Би хувьдаа үүнийг орчин үеийн улс төр, эрх зүйн хэлмэгдүүлэлт гэж хэлнэ.

ДА.ГАНБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА: УЛСТӨРИЙН ШИНЖТЭЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭЖ ХАРАХААС ӨӨР АРГА АЛГА

ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгчийг түдгэлзүүлнэ гэдэг бол шүүх хараат болж байгаагийн маш том шалтгаан. Энэ шийдвэр 2019 онд гарсан. Ийм өөрчлөлт хуульд орсон нь шүүхээс улс төрийн шинжтэй шийдвэр гарах үндэс болж байна. Үүний дараа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Товчхондоо эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэдэг болсон. 1960 онд социалист Орост ийм зүйл болж байсан л даа. Тэр явдлаас хойших хоёр дахь тохиолдол нь Монголд гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулиа буцаах замаар зарим төрлийн гэмт хэргийг дахин нэхэж ял оноодог замаар явж байна. Оюу толгой, Дубайн төлөвлөгөөний тухайд бол Оюу толгойг огт оролцуулахгүй шийдэж байгаа гэсэн асуудал бий. Үүнээс гадна УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хэрэгт хэд хэдэн хүнийг яллаж байгаа. Үүрэг даалгавар өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд даалгаврыг нь биелүүлсэн хүмүүст ял өгч байгаа нь нөхцөл байдлын хувьд ноцтой зөрчил. Манай үйлчлүүлэгчийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 263-т зааснаар ял шийтгэсэн. Энэ бол материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит мөнгөн хохирол шаарддаг гэмт хэрэг. Хохирлыг нь нотлохгүйгээр урьдчилаад ял өгнө гэдэг бол шүүхийн хувьд маш бүдүүлэг алдаа. Зүй нь бодит хохирлыг нь тогтоосны үндсэн дээр зүйл ангиар ял шийтгэл өгөх хэрэгтэй. Хуулийн үндэслэл нь ийм. Ингээд харахаар хэрэг шийдсэн байдлыг цэвэр хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж харахаас өөр арга байхгүй. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргачихсан. Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл шүүхэд итгэж байна л гэсэн үг. Итгэхгүй ч гээд яах билээ. Эцсийг нь хүртэл явна. Өмнөх улс төрийн шинжтэй хэргүүдийг харахад нааштай юм харагдахгүй л байна. Дүлий дүмбэ царайлаад алхаа цохиод байна шүү дээ. Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.

Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Ц.ОДОНТУНГАЛАГ: ХЭРЭГ ШИЙДДЭГ БАЙДАЛ ЭНЭМАЯГААР УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ ШҮҮХИЙН ДАРХЛАА УСТАНА

Шүүх шударгаар шийдэж чадахгүй байна. Н.Номтойбаярыг сонгуулиас өмнө тавдугаар сарын 28-ны өдөр, сонгогчийн үнэмлэхээ авахаас нь өмнө хорьсон. Сонгуулын сурталчилгааны 22 хоногийн хугацаанд суртчилгаагаа нээж, хаах боломж ч олдоогүй. Тавдугаар сарын 28-нд цагдан хоригдохоос эхлээд л энэ хүний үндсэн эрх, халдашгүй дархан эрх нь зөрчигдөж эхэлсэн. Сонгуулийн суртчилгаагаа хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ямар ч боломжгүй учраас өмгөөлөгчийн хувьд цагдан хорих байранд өглөө, оройдоо очиж чиглэл авах маягаар, тун хэцүү нөхцөлд ажилласан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Монголын шүүх хүний эрхэнд арай ч илт, улайм цайм халдахгүй байх гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь шүүх хэн нэгний нөлөөнд автсан гэх мэт ямар нэг шалтгаанаар хуулиас гадуур хандсан. Цагдан хорихгүйгээр сонгуулийн сурталчилгааг нь хийлгэх бүрэн боломж байхад шүүгч тэгээгүй. Миний хувьд шүүх хараат бус байх үндсэн мөн чанараа алдсан юм болов уу гэж харж байна. Монгол хориннэгдүгээр зууны ардчилсан улс. Гэтэл Монголын шүүх өмгөөлөгчийн үгийг авахгүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал хийдэг байдал даамжирчихлаа. Хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгчдийг үл тоосон ийм нөхцөлд хүний эрх ярихад хэцүү. “Ковид-19” дэлхийг айлгаж байгаа. Манайх дотооддоо цар тахлын халдварыг алдаагүй гэсэн олзуурхал бий. Гэхдээ Монголын шүүхэд “Ковид-19” илэрчихээд байна. Өмгөөлөгчийн хувьд шүүхэд тахлын аюул нүүрлэчихсэн л гэж харж байна. Өмнө нь хэзээ ч хүний эрх ингэж зөрчигдөж байгаагүй. Хэзээ ч үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь ингэж халдаж байгаагүй. Хэн нэгнээс хараат ч юм шиг том айдастай болчихлоо, Монголын шүүх. Хэрэг хийсэн хүн шийтгэл авах нь зүйн хэрэг. Гэвч Н.Номтойбаярын албан тушаалын гээд байгаа хэрэг нь үндсэндээ ямар ч хохирогчгүй. Албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Хар үгээр хэлбэл, арилжааны банкны өндөр хүүгүйгээр зээл авах боломжийг л бусдад олгосон. Өнөө зээл нь төлөгдөөд ямар ч асуудалгүй явж байгаа. Улстөрчийнх нь хувьд зүрхийг нь мохоож, аргыг нь барах гэсэн л арга харагдаад байх шиг. Хэрвээ хэрэг шийддэг явц энэ маягаар удаан үргэлжилбэл Монгол Улсын шүүхийн дархлаа бүрэн устана.

Э.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 799 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ЭМЯ мэдээллээ.

Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна.

Ингэснээр манай улсад коронавирусний 310 тохиолдол бүртгэгдсэнээс 298 хүн эдгэрлээ. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад 11, гэрийн ажиглалтад 21 иргэн байгаа бол 258 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 12 хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, бусад нь хүндэвтэр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Самар түүх зөвшөөрөлт хугацаа өнөөдрөөс эхэллээ

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар самрыг ахуйн зориулалтаар түүх хугацааг есдүгээр сарын 10-ны өдрөөс гуравдугаар сарын 15 хүртэл гэж заасан. Энэ хугацаанд самрыг түүхдээ иргэд тухайн бүс, амыг хариуцсан ой хамгаалагчаас ойд гал түймэр дэгдээхгүй гэсэн зөвшөөрлийн бичиг авч орно.

Самар түүх үе нь хуурайшилтын үетэй зэрэгцдэг учир зуслан орчмын бүсэд хог, шар өвс зэргийг шатаахгүй, оч үсрэхээс сэргийлэхийг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

АВТОМАШИН ОСОЛДОЖ, ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Орон нутгийн замд өчигдөр автомашины ослын улмаас гурван хүн бэртэж, нэг хүүхэд амь насаа алдсан байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин онхолджээ. Ховд аймгийн Манхан суманд Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 28 настай эмэгтэй Ж, 24 настай эрэгтэй Х, 22 настай эрэгтэй Н нар бэртэж, гурван настай эмэгтэй А нь амь насаа алджээ.

Categories
мэдээ нийгэм

“800 хятад”-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ

Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 740 орчим хятад иргэдийг өнгөрөгч оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийн байгууллагынхан саатуулж, зохион байгуулагчдаас бусад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан билээ.

Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг сарын 9-нд болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ

Categories
мэдээ цаг-үе

Мэргэжлийн хяналт ногоочдыг хараад “нүдээ аньж”, замын цагдаа “шүдээ зууж” байна

Намрын ургац хураалтын цаг болж байна. Хэдэн бор ногоочид маань халтар болтлоо тордож ургуулсан ногоогоо үүрэх нь үүрээд, чирэх нь чирээд, ачих нь ачаад Улаанбаатар хотдоо орж ирдэг. Өөр хаана ч очих билээ. Ямар Эрээн гарч заралтай нь биш. Жилийн жилд ногоочдыг орж ирэхээр Мэргэжлийн хяналтынхан торгож хөөгөөд, дүүрэг хэсгийн цагдаа нь торгож хөөгөөд, татварынхан очоод мөн л торгож хөөгөөд явуулдаг жамтай. Хөөрхий ногоочид маань ногоогоо нууж хаагаад л ийш тийш гүйж харагддаг. Ногоочдын үгээ барж, уйлан дуулдаг үе нь жил бүрийн өдийд болдог үйл явдал. Ийм л дүр зураг өрнөдөг. Энэ жил харин Мэргэжлийн хяналтынхан ногоочдыг хараад нүдээ аних тушаал авсан бололтой. Их зөөлхөн байна. Яагаад ингэж таагаад байна гэхээр энэ намар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар өмнө нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан Т.Гантулга томилогдсон юм. Энэ бүх зовлонг Т.Гантулга дарга сайн мэднэ. Тиймээс ч ажилчдадаа наадуулаа ногоог нь заруул аа гэж хэлээ байлгүй.

Харин цагдаа нар хуучнаараа л ногоочдыг хараад шүдээ зууж байна. Тэнд ч хөөлөө л гэнэ, энд ч торголоо л гэнэ. Дайсан мэт үзсэн хэвээрээ. Замын цагдаа нар ногоо ачсан машин л харвал тэсрэх бөмбөг ачсан машин харсан аятай шүгэлдэж зогсоож байгаа харагдах юм. Ногоочид ногоогоо одоо зарахгүй бол хэзээ зарах билээ. Хотдоо зарахгүй бол хаана зарах билээ. Хотынхон ч ганц удаа хямд үнээр шинэ ногоо худалдан авч иддэг цаг нь. Энэ болгонд төр засаг ухаалаг хандах хэрэгтэй байна.

Ер нь амьдрал үзсэн, олон салбарт удирдах албан тушаал хашиж явсан Т.Гантулга дарга шиг аливаа зүйлд мэдрэмжтэй хандаж баймаар байна. Манай дарга нар амьдралд ойр байж, төрийн удирдлагууд энэ бүхнээс үлгэрлэж ажилламаар байх юм аа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Даваадалай: Засгийн газар төсвийн зардлаа сайтар эрэмбэлж, зардлаа бууруулах боломжийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна

-ЦААШИД ЭДИЙН ЗАСАГ 2008-2009 ОНЫ ХЯМРАЛААС Ч ИЛҮҮ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ-

Монгол Улсын эдийн засагт төсөв болон банкны салбартай холбоотой хоёр асуудал олны анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өнөөгийн мөчлөгийг сөрсөн зөв бодлого хэмээн харагдаж болох ч хэтдээ алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх асуудал тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, банкны салбарт хяналтыг чангатгах, чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийн хүүг багасгах сорилтууд тулгамдаж буй юм. Энэ талаар Дэлхийн банкны ахлах эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.


-Засгийн газар төсвийн тодотголоор зардлаа танах бус 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрэхээр байна. Засгийн газраас баримталж буй бодлогын алхмыг Дэлхийн банк хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны өмнө өнгөрсөн гурван жилд монгол Улсын макро эдийн засгийн менежмэнт дорвитой сайжирсныг онцолмоор байна. Ялангуяа, төсөв сүүлийн хоёр жил дараалан ашигтай гарсан. энэ засгийн газрын өрийн днб-д эзлэх хувь “Ковид-19”-ийн сөрөг нөлөө орж ирэхээс өмнө нэлээд буурсан байсныг онцолмоор байна.

Ковидын нөлөөгөөр эрчимжиж буй эдийн засгийн хүндрэлийг урьдчилан таамаглах боломж хомс байсныг санах хэрэгтэй. Өнгөрсөн 2008-2009 онуудын эдийн засгийн хямралаас ч илүү хэмжээгээр эдийн засаг хямарч магадгүйг зарим мэргэжилтнүүд анхааруулж эхлээд байна. Ковидын цар хүрээ хэзээ, хэрхэн намжих талаар дэлхий даяараа нарийн мэдэхгүй байгаа бөгөөд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Түүнчлэн өнгөрсөн глобал хямралууд нь ихэвчлэн хөгжсөн эдийн засгуудад голчлон төвлөрч байсан бол энэ удаагийн хямрал нь хөгжсөн, хөгжиж буй, мөн үсрэнгүй хөгжиж буй орнуудыг нийтэд нь хамарч байна. Энэ үүднээсээ улс орнуудын засгийн газрууд эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, хувийн хэвшил болон ажлын байрыг хадгалахад чиглэсэн хөтөлбөрүүдийг өргөн хүрээгээр хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газар ч мөн адил энэ чиглэлээр арга хэмжээ авч байна. Төсвийн тодотголоор төсвийн алдагдал ДНБ-ний 9.9 хувьд хүрэхээр батлагдсан нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдож байгаа нь үнэн. Энэхүү орлогын их хэмжээний тасалдал нь дээрх өндөр алдагдалд нөлөөлж байгаа ба эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх (тухайлбал, тоног төхөөрөмж, өвчинтэй нүүр тулж ажиллаж буй албан хаагчдыг дэмжих зэрэг) замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зардлууд, мөн бага орлоготой, эмзэг бүлгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүд нь төсвийн алдагдал өсөхөд голлон нөлөөлж байна. Гэхдээ цаашдаа төсвийн зардлыг сайтар эрэмбэлэх, үр дүнд нь үндэслэн зардлаа бууруулах боломжийг эрэлхийлэх байх гэж итгэж байна. Монгол Улсын Засгийн газрын өр өндөр хэвээр байгаа. Ирэх 2021-2022 онуудад зарим гадаад төлбөрүүд хийгдэхээр хүлээгдэж байгаа өнөөгийн орчинд төсвийг тэлсэн бодлого баримтлах нь зарим талаар эрсдэл үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Гэвч өмнө хэлсэнчлэн одоогийн Засгийн газрын өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн менежмэнтийн туршлага дээр үндэслэн ирэх жилээс төсвийн алдагдал болон өрөө бууруулах бодлого уруу буцах байх гэдэгт бидний зүгээс итгэж байна. Засгийн газрын зүгээс ч 2020 оны хүндрэлийн дараа дээрх чиглэл үрүү ажиллана гэдгээ мэдэгдээд байгааг хэлэх нь зөв болов уу.

-Цар тахлын нөлөөгөөр уул уурхай, барилга зэрэг томоохон салбаруудын зээл хүндэрсэнтэй холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Ковидын хямралтай орчинд эдийн засгийн хүндрэл нь банкны салбарын асуудлуудыг улам нэмэгдүүлж байгаа нь ойлгомжтой. Чанаргүй зээл, ялангуяа хувийн салбарын чанаргүй зээл нэмэгдэж байгаа нь үүний тод илрэл юм. Энэ нь банкны салбарын реформыг хурдасгах шаардлагатайг улам тодоор сануулж байна. Шинээр бүрдсэн бодлого боловсруулагчдын зүгээс уг реформыг хийхээ мэдэгдээд байгаа.

-Төв банкны шаардлагыг хангаагүйгээс болж зарим банк өөрийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хөрөнгийг олж чадсан ч хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна. Мэдээж өөрийн эх үүсвэр дутагдалтай байдал нь тухайн банкны үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөөтэй. Эх үүсвэрийн цаадах хяналт шалгалтын тухайд таньд мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн оны зургадугаар сард төв банкнаас бие даасан, нэр хүнд бүхий байгууллагаар банкуудын дахин хөрөнгөжилтөд магадлан шинжилгээ хийлгэсэн гэж ойлгож байгаа. Үр дүн нь энэ сард гарсан гэсэн мэдээлэлтэй байна.

-Эрх баригч нам зээлийн хүүг сарын нэг хувь руу оруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох талуудыг оролцуулж, зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулаад байна. Хүүг бууруулахад тулгарах томоохон сорилт юу байх вэ. Ер нь аж ахуй нэгжүүдийн хөгжих боломжийг хамгийн их тушиж буй сорилт зээлийн өндөр хүү гэдэгтэй санал нэгдэх үү?

-Аж ахуйн нэгжүүдийн 2019 оны түүвэр судалгаагаар Монгол Улсад жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа гурав дахь гол бэрхшээлээр санхүүгийн нөөц боломж, хүртээмж тодорхойлогдсон байсан. Тухайлбал, жижиг аж ахуйн нэгжүүдийн бараг 40 хувь, дунд хэмжээний компаниудын 34 орчим хувь нь санхүүгийн хүртээмжийг гол бэрхшээлээр нэрлэсэн байна. Хэд хэдэн судалгааны үр дүнгээс үзэхэд санхүүгийн хүртээмж нь бизнес эрхлэгчдийн гол бэрхшээл бөгөөд голчлон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн дутмаг байдал байгааг харж болохоор байна. Санхүүжилтийн хомсдол нь голчлон өндөр бодит хүүгээс шалтгаалж байгаа нь макро эдийн засгийн хэлбэлзэл, банкны засаглал (өнгөрсөн хугацаанд банкууд холбогдогч этгээдүүдээ зохистой хэмжээнээс илүү хэмжээгээр зээл олгосон тохиолдлууд байсан)-ыг сайжруулах шаардлага байгааг илтгэж байна.

Дээр хэлсэн санхүүжилтийг сайжруулахад зээлийн өндөр хүүг шууд хязгаар тогтоох бус харин зах зээлийн хэрэгсэлд үндэслэн цогц реформын шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэх замаар бууруулах нь зөв чиглэл гэж харж байна. Гэвч саяхан баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтэд зарим зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, төв банкны институцийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хоёрдугаарт, Монголын банкуудын одоогийн бизнесийн загварыг сайтар эргэн харах, зарим банкууд одоогоор алдагдалтай ч ажиллаж байж болзошгүйг анхаарах, гуравдугаарт банкны засаглалын асуудлууд, ил тод байдлыг нэмэгдүүлэх (тухайлбал, банкны эцсийн өмчлөгчийн ил тод, нээлттэй байдал, мөн холбогдогч этгээдэд олгох зээлтэй холбоотой асуудлууд гэх мэт) хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хөрөнгийн менежмэнтийн компани (AMC)-ийг үүсгэн байгуулахаас өмнө банкны салбарын суурь асуудлуудаа эхлээд сайтар шийдэх шаардлагатай. Тавдугаарт, зээлийн хүүг бууруулах стратегид “Уул уурхайн бус экспортлогчид болон ЖДҮ эрхлэгчдэд бага хүүтэй зээл гаргах боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалт орсон байгаа нь зарим талаар төв банк эргээд төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцох уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Хэрэв энэ нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа гэсэн тохиолдолд төв банкны хуультай харшилж болзошгүй санах хэрэгтэй болов уу.

-Гадны банк оруулж ирж зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хүүг бууруулах боломжтой юу?

-Зээлийн хүүг бууруулах нь хэзээд хялбар байдаггүйг эхлээд санах хэрэгтэй. Үндсэн асуудал бол банкны салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь хамгийн гол шийдэл. Бусад салбаруудад ч энэ нь мөн чухал асуудал гэдгийг анхаарах нь зүйтэй. Гадны банкийг оруулж ирэх нь банкны үйлчилгээ, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал асуудал мөн. Гэхдээ зах зээлийн хэмжээ болон бусад зүйлсээс хамаарч энэ нь эрсдэл дагуулдгийг ч мартах хэрэггүй. Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн хөгжил ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэйг санах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, макро эдийн засгийн тогтвортой байдал бол хамгийн гол суурь хүчин зүйл гэдгийг анхаарах шаардлагатай.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өндөр албан тушаалтныг шүүмжилсэн сэтгүүлч шоронд явах ёсгүй

УИХ-д Хэвлэлийн эрх чөлөөний лобби бүлэг байгуулагдаж буй сурагтай. Энэ бүлэг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах бөгөөд уг хуулийн төслийн гол агуулга нь үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардсан, сэрдсэн бол үүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэсэн тайлбартай юм. Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны ажлыг нь, хийсэн үйлдлийг нь иргэд, сэтгүүлчид шүүмжлэнгүүт “Гүтгэлээ” хэмээн цагдаад өгч, шүүхэд гомдол гаргачихдаг байсан бол уг хуулийн төсөл батлагдсанаар илт худал мэдээлэл тараасан тохиолдолд өндөр албан тушаалтан иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй үлдэх юм байна. Ийм өөрчлөлт оруулах гэж байгаа нь туйлын зөв. Яагаад гэвэл, өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй, шүүмжлэлийг тэвчих, хүлцэх зэрэг нарийн шаардлагыг хангаж, маш олон шалгуурт тэнцсэн хүн төрийн нөлөө бүхий албан тушаалд очдог байх ёстой л доо.

Ёс суртахуунаар ганхашгүй байх нь тухайн албан тушаалтныг хууль бус зүйлтэй эвлэрүүлдэггүй сайн талтай. Өндөр ёс суртахуунтай хүмүүс магтаал, шүүмжлэлийн аль алинд хөл алдахааргүй хэмжээнд сэтгэлээ боловсруулсан байдаг. Тиймээс нөлөө бүхий албан тушаалтнууд өөрийг нь шүүмжлэхэд бат бөх хана хэрэм мэт тоохгүй байх ёстой. Тийм ч байх үүрэгтэй. Учир нь төрийн өндөр албан тушаалтнууд бүгд ард түмний хяналтад байдаг. Ард түмнийхээ хяналтад байхыг зөвшөөрсөн учраас тэр суудалд суусан гэж үзнэ л дээ. Шүүмжлэлийг эс тоож, хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш том ёс зүй юм. Угтаа “Чамайг ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж ч шүүмжилсэн уурлахгүй юм байгаа биз дээ” гэж амыг нь асууж байж тэр суудалд аваачсан гэж бодоорой.

Мэдээж ард түмэн хяналтаа тавихдаа алдаж, онож магад. Ард түмэн болон тэднийг төлөөлсөн сэтгүүлчид хардах хэрэгтэй. Ийм эрх нь байдаг учир шүүмжлэх ч ёстой. Төрийн өндөр албан тушаалтан шүүмжлүүллээ гэхэд шууд шүүхэд гомдол гаргах биш, харин тайлбараа тавьчихаад ажлаа цааш үргэлжлүүлж байх тийм хэв маягт орохыг цаг үе нь шаардаж байна. Ард түмэн гурван саяулаа ирээд төрийн өндөр албан тушаалтнуудаас асуулт асуух боломжгүй учир өөрсдийгөө төлөөлүүлж сэтгүүлчдийг “илгээдэг”. Тэглээ ч бид төлөөллийн ардчилал дотор амьдарч байгаа гэдгийг үргэлж сана.

Монголын төрд өндөр албан тушаал хашиж буй хүн ардчиллыг хамгаалах эрхэм үүрэгтэй. Бид хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулж байгаа учир энэ нийгмээ хамгаалах нь төрийн өндөр албан тушаалтнуудын чухал үүрэгт тооцогдоно шүү. Мөн ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө байдаг. Тийм ч учраас үүнийг ч бас хамгаалах үүрэгтэй. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгээд хэдэн сэтгүүлчийг шоронд барьж өгөөд байвал ямар юмных нь хэвлэлийн эрх чөлөө байх вэ дээ.

Монголын ардчиллын эцгүүд үүнийг байнга хэлсээр, сануулсаар, биеэрээ үлгэрлэсээр яваа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Миний тухай юу ч бичиж болно. Би та нарыг шүүхэд өгөхгүй” гэсэн бол Улсын баатар Э.Бат-Үүл “Намайг шүүмжилж буйд чинь дургүй хүрч байна. Хэдийгээр миний дургүй хүрч байгаа ч чамайг ийм байлгахын төлөө би энэ насаараа тэмцэж байна” гэж хэлсэн. Хэвлэлийн эрх чөлөөг ардчилагчид, ардчилсан орны сэхээтнүүд хэрхэн дээдэлдгийг үүнээс харж болж байна.

Тэгвэл сүүлийн үед Монгол төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийг толгой дараалан шүүхэд өгдөг болов. Өөрсдийг нь шүүмжилсэн ганц үг хэлэхэд л “Намайг гүтгэчихлээ” гээд шүүх, цагдаагаар сүрдүүлж, зоригийг нь мохоодог “заншилтай” болчихсон доо. Уг нь төрийн эрх барьж буй нам нь “Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, ардчиллыг хамгаална шүү” гэж төрийн бүхий л шатанд ажиллаж буй албан хаагчдаасаа эхлүүлээд төрийн өндөр албан тушаалтнууддаа цаг ямагт сануулж, уриалж байх ёстой юм. Гэтэл эрх барьж буй МАН сэтгүүлчдийг бүгдийг нь хавтгайгаар нь шүүхэд өгөх ажил хийж байгаа нь олон жишээгээр харагдаж байна. Сүүлийн хоёр жилд шүүх, цагдаагийн хаалга татсан сэтгүүлчдийн тоо огцом өсч, сэтгүүлчдээр цагдаагийн үүд сахиулж, үндсэн ажлыг нь хийлгэхээ байсныг бүгд харж байна.

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь ямар ач тустай гэдгийг нүдэн дээр чинь Өмнөд Монголд өрнөж буй “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн харуулж байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, “Өдрийн сонин” өмнөд монголчуудыг өмгөөлж дуугараагүй бол бодит үнэнийг дэлхий мэдэхгүй өнгөрөх байлаа. Хэрэвзээ Монголын хэвлэл мэдээлэл ажиллаагүй бол өмнөд монголчууд өдийд Шинжааны уйгарууд шиг хонхортоо шоронд ороод дуусах байв. Ардчилалтай орны хэвлэл мэдээллийн дуу хоолой дэлхий нийтэд хүрч чадаж байгаа биз дээ. Харсан биз дээ, та нар. Өчигдөр 17 цагийн үед Өмнөд Монголоос ирүүлсэн мэдээгээр Хятадын эрх баригчид Өмнөд Монголд “Хос хэлний бодлого” явуулж буй бүрэлдэхүүнээ “Та нар ажлаа аятайхан, чимээгүйхэн шиг явуулж чадсангүй юу. Бүдүүлэг, түрэмгийлж ажилласнаас болж наад асуудал чинь савнаасаа хальж, олон улсын анхааралд өртчихлөө. Улсын нэр хүндэд муугаар нөлөөлчихлөө” гэж ширүүхэн донгоджээ. Үүний дараа “Хос хэлний бодлого” явуулж буй Хятадын Засгийн газрын даалгавартай ажлын хэсгийнхэн Өмнөд Монголын Багшийн их сургууль, монгол хэлний томоохон эрдэмтэн, профессоруудыг уулзалтад урьж “Одоо хэдүүлээ яаж хамтарч ажиллах уу, айн?” гэж аядуу дуугаар ярьж, эвлэх гэж үзэж байгаа юм байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөгөө эдэлж, Монгол Улсын хэвлэл тэдний өмнөөс хоолойг нь дэлхийд хүргэсний ач тус. Хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байх нь ийм сайхан.

Магадгүй МАН дөрөвхөн жилийн дараа сөрөг хүчин болохыг хэн байг гэх юм бэ. Тэр үед шүүмжилсэн болгоныг шоронд хийгээд байвал сөрөг хүчнийхэнд ямар санагдах бол гэж эрэгцүүлж үзээрэй дээ. Дуугарсан болгоны амыг шүүх, цагдаагаар бариулаад байвал дарангуйлал гэдэг юм чинь болдог юм байгаа биз дээ. Ардчилал бол Монгол Улсын баталгаа. Тиймээс аль ч нам эрх барьсан бай ардчиллыг ямагт хамгаалж, эрхэмлэж байх ёстой. Хар л даа, төрийн эрх нэг хүний гарт орчихвол яаж баларч байгааг стан орнууд болон хойд, урд хөршүүд яруу тодоор үзүүлж байна.

Ардчилсан оронд хэвлэлийн эрх чөлөө байх ёстой. Төрийн албан тушаалтнуудыг шүүмжилсэн сэтгүүлч шоронд явах ёсгүй. Бурангуй үзлээсээ ухарч “Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардсан, сэрдсэн бол үүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж Эрүүгийн хуульд тусгавал та нарт зориулж “Браво!” гэж чангаас чанга алга ташина аа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Засгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгч байж л том төслүүд хэрэгжиж, эдийн засаг тэлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Цар тахлын үед улс орнууд дотоодынхоо нөөц бололцоог шавхаж байж эдийн засгаа аварч чадна гэсэн зөвлөгөөг олон улсын шинжээчид өгч байна. Манайд ямар нөөц боломж байна вэ?

-Хамгийн чухал салбар гэвэл хөдөө аж ахуй. Тэр дундаа хүнсний салбар, ноос ноолуур, арьс ширийг онцолмоор байна.сүүлийн үед ногоон бизнес гэсэн асуудал хүчтэй тавигдаж байгаа.байгальдаа ээлтэй хандаагүйгээс болж уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн жишээ өчнөөнөөрөө байна, дэлхийд.ган, зуд, үерийн давтамж ойртох боллоо.Ингээд харахаар дэлхий яалт ч үгүй хөдөө аж ахуй, хүнсний салбар руу анхаарч эхэллээ л дээ.наад зах нь газар тариалангийн талбайгаа яаж өргөтгөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.дэлхийд өлсгөлөнд нэрвэгдсэн газар ихсэх болсон.ган, зудаас болоод тариалалт хэцүүдсэн жишээ олон бий.солонгос гэхэд л үерт автагдаж байна.Энэ нь эргээд хүнс, газар тариалангийн салбартаа сөргөөр нөлөөлөх жишээний.Хүлэмжийг хөгжүүлбэл импортын хэмжээгээ багасгаж чадна.хүлэмжээ хөгжүүлье гэвэл эрчим хүчээ сайжруулах шаардлага бий.эрчим хүчний эх үүсвэрийн тухайд сэргээгдэх эрчим хүчний шинэ технологиудыг нэвтрүүлэхэд газрын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт гарц шийдлүүдийг хайж ажиллах эрэлт хэрэгцээ үүсчихсэн.

-Эко хүнс үйлдвэрлэж, ноос, ноолуур, арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадагшаа экспортолж доллар олох боломжоо өргөжүүлэх том гарц шүү…?

-Тэгэлгүй яахав, хөдөө аж ахуйн салбараа зөв хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээндээ үйлдвэрлэж чадвал цаашдаа экспортлох боломж ч бий.

Эскпорт гээд ярихаар хөдөө аж ахуй ганц хүнсээр хязгаарлагдахгүй, эко гэсэн тодотголтой олон бүтээгдэхүүнээр дэлхийд гарах боломжтой. Жишээ нь, сая таны онцолсончлон ноос ноолуур, арьс шир хамгийн боломжтойд тооцогдож байгаа. Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн, эко гэдэг давуу талтай учраас эдгээр бүтээгдэхүүнээ экспортолж доллар болгох бүрэн боломж бий. Энэ мэтээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийнхээ тоог олшруулъя гэвэл хөдөө аж ахуйд өчнөөн боломж байгаа.

-Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнүүд гээд арьс шир, ноос ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэллээ гэж бодъё. Яг аль улсуудын зах зээл бидэнд нээлттэй байгаа вэ?

-Бүх оронд экспортолно гэж байхгүй. Яг зорилтот зах зээлээ тодорхойлох ёстой. Жишээ нь, манай улс Европын холбооны улсууд руу 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрхтэй. Мэдээж Европын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжгүй. Арьс шир, ноос ноолуур хамгийн боломжтой нь. Эдгээр бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахын тулд ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэсэн асуулт тавигдана. Японы зах зээл рүү бүтээгдэхүүн гаргах боломж нээгдчихсэн. Яг ямар бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж, үйлдвэрлэж яаж гаргах вэ гэдэг дээр нарийн судалгаанууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлоход биднээс шалтгаалах зүйл их байна л даа.

-Та сая ноос ноолуур, арьс шир Европын зах зээлд гарах бүрэн боломжтой гэж ярилаа. Ноолуурын хувьд барууны зах зээлд тодорхой хэмжээнд танигдчихсан.Ноос, арьс ширний хувьд эцсийн бүтээгдэхүүн болгож доллар олох нь бүү хэл үнэгүйдчихээд байгаа.Үнэгүйдсэн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлохын тулд яг яах ёстой гэж та харж байна?

-Европ бол маш том зах зээл. Зөвхөн Германы хүн ам гэхэд 87 сая. Европын хувьд хөгжсөн орнуудаас бүрдсэн гэдэг утгаараа ихэнх иргэд нь орлого сайтай, хүчтэй эдийн засгуудтай. Арьс ширэн дээр гэхэд итали гутал гэж ярьдаг ч монголчуудад шинэ брэнд үүсгэх боломж бий. Монгол үхрийн ширэн цүнх гэсэн брэнд гаргаад ирж болно шүү дээ.

-Хөдөө аж ахуйн ямар нэг бүтээгдэхүүнээрээ дэлхийд гарсан брэнд бүтээсэн улсуудын түүхийг харахад төр засгаас нь яаж анхаарсан байдаг юм бол?

-Хамгийн түрүүнд татварын бодлогоор дэмжсэн байдаг. Бид ч гэсэн хөдөө аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлүүдээ татвараар дэмжих хэрэгтэй.Хоёрт, гадаад худалдааны бодлогодоо анхаарах ёстой.Манай улсын хувьд гадаад худалдаагаа хөгжүүлэхийн тулд ямар бэрхшээлүүд байна вэ гээд харахаар нэгдүгээрт тээврийн асуудал хөндөгддөг.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбооны улсууд руу тээвэрлэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт тавигддаг.Тээврийнх нь өртөг өндөр учраас энэ чигт анхаарсан төрийн нэгдсэн дэмжлэг хэрэгтэй. Арьс шир, ноосны салбарыг аваад үзэхээр ихэнхдээ жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулаад байна л даа. Жижиг, дунд үйлдвэрүүд дангаараа Европын зах зээл рүү ороход хүнд.Тэгэхээр энэ бүхнийг нэгтгэсэн тээвэр, худалдааг нь зохицуулдаг тусгай газар ч юм уу, бүр цаашлуулаад яривал яам хэрэгтэй.

-Гадаад худалдааны яам хэрэгтэй гэж үү?

-Эдийн засаг гадаад худалдааны яам гэж нэгдсэн яам хэрэгтэй болоод байгаа. Учир нь гадаад худалдааны асуудлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа. Гадаад харилцааны яамны нэг газар болж ажилладаг. Өнөө газар нь үйл ажиллагаагаа гадаад худалдааг хөгжүүлэх гэхээс илүү дипломат харилцаа гэдэг утгаар нь ойлгоод явчихдаг.Европын холбооны улс, Япон руу татваргүйгээр бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийг жижиг, дунд үйлдвэрүүд ашиглаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь энэ л дээ. Замыг нь зааж, зөвлөгөө өгөх, нэгдсэн мэдээллээр хангах газар байхгүй учраас жижиг, дунд үйлдвэрлэгчид аргаа олохгүй байгаа юм.

-Хөдөө аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэе гэхээр хөрөнгө мөнгөний асуудал хамгийн том бэрхшээл болдог. Энэ чиглэлийн үйлдвэрлэлд гаднаас хөрөнгө оруулалт татах боломж хэр байдаг вэ?

-Энэ чиглэлийг дэмждэг төслүүд бий. Дэлхийн зах зээлд танигдсан, үнэлэгдсэн бүтээгдэхүүн хийе гэхээр манайд нэг асуудал байдаг л даа.Чанартай бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой үйлдвэрлэж чаддаггүй.Тэгэхээр юуны өмнө чанарын стандартуудыг нь баталж өгөх хэрэгтэй.

-Стандарт баталлаа гэхэд эргэлтийн хөрөнгө гол асуудал болдог л доо. Засгийн газраас хямд хүүтэй зээл ч юм уу, тусгайлсан дэмжлэг үзүүлэхүйц санхүүжилт гаргах бодлого хэрэгжүүлэх гарцаагүй шаардлага байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ, гэхдээ төсвийн боломж энэ тэр гээд асуудал байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас Засгийн газрын баталгаа байж болно.Хувийн хэвшлийнхэн зээл авсан тохиолдолд баталгааг нь хангалттай хэмжээнд гаргаж өгөх хэрэгтэй. Ер нь энэ чиглэлийн үйлдвэрлэлд санхүүжилт хангалттай байдаггүйгээс болж бид өчнөөн боломжоо алддаг л даа. Наад захын жишээ гэхэд л арьс шир, ноос байна. Түүхий эдийн хувьд хангалттай хэмжээний нөөц байдаг ч үнэгүйдчихсэн асуудал бий.Боловсруулах шатандаа Хятад руу гаргачихдаг. Гэсэн хэрнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болохоороо Хятадаас арьсаа худалдаж авдаг. Нэмүү өртгийн сүлжээ гэж ярьдаг даа. Энэ сүлжээний хувьд гээд ярихад боловсруулах сүлжээ нь тухайн орондоо байж илүү ашигтай байдаг. Нэмэгдсэн өртгийн сүлжээний аль нэг үе шат нь гадаад руу гарчихаар ашиг нь алга болчихдог.Арьс нь Монголд байгаа бол боловсруулах бүх шат нь дотооддоо байх ёстой.Тэгж чадвал арьс ширний салбарын ашиг жинхэнэ утгаараа Монголд үлдэнэ.

-Та сая хувийн аж ахуйн нэгжүүд гаднаас мөнгө зээлэхэд Засгийн газар баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэж ярилаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл муу учраас хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй хөрөнгө босгоход хүнд болчихсон. Энэ тохиолдолд засаг төсвийн мөнгөө барилга, хөшөө мэтэд биш биш яг хэрэгцээтэй, экспортлоод доллар болох салбартаа зарцуулах ёстой юм биш үү?

-Тантай санал нэг байна. Сонгуулийн жилүүд шил дараалж байгаа болохоор яах аргагүй ийм тал анзаарагдаад байна л даа. Үр дүнд нь улс орны эдийн засаг хэцүүдчихлээ. Бид нэг л завин дээр сууж яваа. Зээлжих зэрэглэл муудахаар компаниуд нь гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахаа больчихож байна. Хоёрт, ард иргэдийн амьдралд хүнд тусна. Инфляци өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна.Төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарж, улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаагийн төлбөрийг улсаараа төлж байна.

-Хөгжлийн банк улсын хөгжилд нөлөөлөхөөр ийм төслүүдэд санхүүжилт өгөх ёстой ч энэ чиглэлд хангалттай ажиллахгүй яваа гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь Хөгжлийн банк том төслүүдийн дэд бүтцэд зээл өгч, санхүүжилт хийх ёстой. Улсын хөгжилд нөлөөлөхүйц том төслүүд дээр гэхэд л дэд бүтцийг нь засгаас шийдэж өгдөг жишиг дэлхийд бий.Чили улс гэхэд л уул уурхайн салбарт нь хэрэгжих том төсөлд хөрөнгө оруулъя гэсэн гадны нэг хөрөнгө оруулагчдад нэг том дэмжлэг үзүүлдэг. Тухайн төслийн бүх дэд бүтцийг шийдээд өгчихдөг. Улс орнууд хөрөнгө оруулалтыг ингэж татаж, эдийн засгаа тэлдэг. Манайд ч ялгаагүй, арьс шир, ноосны салбарт төр засгийн ийм дэмжлэг хэрэгтэй. Засгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгч байж л энэ чиглэлийн том төслүүд хэрэгжиж эдийн засаг тэлж, экспортын орлого мэдрэгдэхүйц өснө.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Төмөрхуяг: Бага насандаа эдэлж чадаагүй жаргалыг ард түмэн аавын минь өмнөөс өгсөн

Монголын кино урлагийн домог болсон Цагааны Цэгмид агсны отгон хүү МУГЖ Ц.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрбээр, сүүлийн үед “Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка”, “Зура”, мөн “Этик” продакшны “Хэлгүй жим”, “Монгол филм”-ийн “Эхиймаа” зэрэг хэд хэдэн кинонд залуу уран бүтээлчидтэй хамтран шинэ дүр бүтээгээд байгаа юм.


-Таныг эцэг эхээсээ долуулаа гэж сонссон. Олуулаа өсөх сайхан. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Миний бага нас бусдын л адил алдаа оноотой эгэл жирийн л өнгөрсөн. Мэдээж долоон хүүхдийн хамгийн том нь найман настайдаа эцгээсээ өнчирч үлдэнэ гэдэг хүнд шүү дээ. Би гэхэд л есөн сартай үлдсэн байдаг юм. Хөөрхий ээж минь хүнд амьдралыг нуруун дээрээ үүрч ирсэн. Гэхдээ, нэг ч удаа мохоогүй, шантраагүй, нурж унаагүй, хүүхдүүдээ өсгөөд өдий зэрэгтэй болгосон. Ингээд л жам ёсоороо бурхны орондоо одсон доо. Долоон хүүхэд өсгөхийн хүнд хэцүүг би мэдэхгүй. Гэхдээ бага нас минь үнэхээр сайхан байжээ. Социализмын үе гэдэг хамтач үзэлтэй, нэг нэгнийхээ дэмжлэгээр л амьдардаг байсан. Миний ээж долоон хүүхдээ бүгдийг нь сургуульд сургасан. Ээжийн минь хамгийн том гавьяа нь тэр. Яахав дээ, бид толгой цувдай л идэж өссөн. Ойлгомжтой шүү дээ, тэр үедээ хамгийн муу хоол байсан байх л даа. Одоо бол хамгийн эко хоол болж шүү. (инээв) Тийм л нэг эгэл жирийн амьдралаар өссөн дөө, бид.

-Аавынхаа 58 насанд нь мэндэлсэн гэхээр та их хэнз хүү юм. Эрх дураараа байж чадсан уу?

-Тийм ээ, би чинь хэнз хүүхэд. Гэхдээ эрхлэх гэдэг зүйл огт байсангүй. Би есөн сартайдаа ааваасаа үлдсэн гэж дээр хэлсэн. Тэгээд надаас хойш хоёр хүүхэд гарсан юм. Есөн сартайдаа үлдсэн хүүхэд яахан тэр мэдрэмжийг мэдрэх билээ дээ. “Чиний аав ийм мундаг, сайхан хүн байлаа” гээд ээж минь бидэнд ярьдаг байсан. Тэр үзэл бодол л намайг амьдралд хөтөлсөн. Би чинь сайн эцэгтэй хүн юм байна муу явж болохгүй юм байна, гэж л хичээж амьдарч ирсэн. Үүнийг ээж маань сэтгэл зүрхэнд минь ойлгуулчихсан болохоор өдий зэрэгтэй зүтгэж явна. Ялангуяа аавынхаа мэргэжлийг өвлөж, хоёр хүүхэд нь амжилттай явж байна гэдэг бол сайхан хэрэг юм. Жүжигчний мэргэжил гэдэг зовлонтой мөртлөө, жаргалтай гэдгийг, ард түмэн энэ мэргэжлийг дээдэлдэг гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож байна.

-Аав тань хэдийгээр бурхан болсон ч алтан үеийн сайхан жүжигчид, тэр үеийн уран бүтээлчид танайхаар орж гардаг байсан болов уу?

-Социализмын үед манайх чинь хуарангийн системтэй байлаа шүү дээ. Драмын театрын зуслан гэж байсан юм. Алтан үеийнхэн чинь тэнд л байдаг байлаа. Тэгэхэд би бага үлдсэн учраас бараг тэр алтан үеийнхний гар дээр тэврүүлж өссөн дөө. Тэр хүмүүс намайг хүн болгосон юм. Нямын Цэгмид, Л.Лувсан, Ж.Лувсанжамц, Ц.Гомбосүрэн, Ц.Гантөмөр гээд л дандаа гайхалтай уран бүтээлчид намайг ээлжилж халамжилдаг байлаа. Тэр сайхан хүмүүсийн буянд л би хүн болж дээ.

-Урлагийн замд, жүжигчний амьдралтай холбогдох болсон хамгийн том шалтгаан тань юу вэ?

-Анх би жүжигчин болъё гэж бодож байгаагүй л дээ. Ээж маань манай ахыг “чи наадахаа Багшийн их сургуульд жүжигчний ангид шалгуул, юмыг яаж мэдэхэв” гэж хэлсэн байсан юм. Хүний ээж гэдэг хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургуультай болгочих юмсан л гэж бодно шүү дээ. Ээжийнхээ суурийг тавьж өгсөн замаар өдийг хүртэл явж ирлээ. Урлаг намайг хүмүүжүүлсэн, төлөвшүүлсэн, урлаг намайг өдий зэрэгтэй авч явж байгаа. Энэ их замыг засч өгсөн хүн бол яах аргагүй миний ээж юм. Тухайн үед сургуульд бүртгүүлчихээд дараа нь очиход 3000 гаруй хүүхдээс дөрвөн хүүхэд авахад тэнцчихэж билээ.(инээв) Тэр үед Г.Дашдондог гэдэг хүн Тэнхимийн эрхлэгч байсан санагдана. Мөн Э.Оюун гэж агуу хүн шалгалт аваад сууж байсан. Тэр хүмүүсийн буян, жаргалыг даагаад, сайн жүжигчин байх гээд хичээгээд л явж байна даа. Тэд нар маань намайг тэнцүүлсэндээ харамсахгүй байгаасай, зөв хүнээ авсан шүү гэж хэлүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл би тэмцээд, ажиллаад явж байна.

-Таны ярианд дандаа сайхан хүмүүсийн нэр дурсагдаж байна?

-Тэгэлгүй яахав, би чинь дандаа агуу хүмүүсийн дунд өссөн. Доржсамбуу багшийн гарын шавь нь. Н.Цэвээнравдан, Э.Оюун, Н.Сувд эгч гээд мундаг хүмүүс миний багш байлаа. Одоо “Сити” сургуулийн захирал Ц.Байгальмаа, Л.Чаминчулуун мөн л миний багш байсан. Ийм л агуу хүмүүсээр эрдэм ном заалгасан. Одоо Украины театр урлагийн сургуулийн захирал орос багш маань надад зааж, зааварлаж байсан тулдаа өдий зэрэгтэй л явна. Өөрөө тэгээд сурах гэж эрмэлздэг, мэрийдэг байсан маань их тус болсон байх гэж боддог.

-Долоон хүүхдийн дөрөв нь урлагийн замыг сонгожээ. Үүнд аавын тань нөлөө байсан байх. Ахтайгаа зөвлөх, биенээсээ суралцах гээд сайхан байх даа?

-Тэр аугаа эцгийн хоёр хүү ямар ч бүтээлд муу тоглож болохгүй шүү дээ. Сэтгэл зүрхээ зориулж байж л бүтээл маань сайн гардаг. Жам нь тийм шүү дээ. Бид муу тогловол эцгийн маань нэр муугаар хэлэгдэнэ гэсэн бодол байдаг. Алдаж онох зүйл байлгүй яахав. Гэхдээ алдсан бол алдаанаасаа суралцаад, сайжрах хэрэгтэй. Энэ бол уран бүтээлч хүний өөрийнх нь увдис байхгүй юу.

-Хүмүүс таныг их хурц, огцом ширүүн зантай гэлцдэг. Киноны тань эсрэг дүртэй холбоотой юу. Харин та өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?

-Би ямарваа нэг юманд хариуцлагатай л хандахыг хүсдэг. Одоо үед ардчиллыг хариуцлага гэж боддоггүй, ямарч хариуцлагагүй хүмүүсийн дунд уурлаж, бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Энэ бол хариуцлагаас гарч байгаа харилцаа шүү дээ. Өнөөгийн нийгэмд жүжигчин хүн ямар байх ёстой юм гэдэг процесс чинь надад нийцэхгүй байгаа болохоор л би бухимддаг. Тэр бухимдлаа гаргаад хэлчихдэг байхгүй юу. Тэрийг хүмүүс ууртай, догшин гэж бодоод байгаа юм. Тэрнээс биш надад уурлаад, аашлаад байх шаардлага байхгүй шүү дээ.

-Ц.Төмөрхуяг гэдэг хүнийг дүрсэлсэн мэт, таны дотоод сэтгэлийг уудлан харуулсан дүр бүтээсэн үү. Тийм бол тэрхүү дүрийнхээ тухай ярихгүй юу?

-Үгүй ээ яахав байдаг. Хамгийн анх “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Нялх Сэнгүмийн дүрд тоглож байлаа. Тэр дүр маань өнөөгийн миний дүр. Би эерэг талын дүрд тоглох юмсан гэж боддог л байлаа. Одоо эерэг талын дүр бүтээгээд л явна. Монголчууд туйлшрах дуртай шүү дээ. Тэгээд л “энэ их зэвүүн, балмад дүрд тогловол зүгээр” гээд харчихсан байдаг шиг байгаа юм. Түүгээрээ ард түмэн өөрсдөө дүрээ өгөөд байдаг тал бий. Гэхдээ тэрэндээ бас биш байх аа. Эсрэг дүр бүтээнэ гэдэг маань тэр дүрийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа зүйлийг л хийж байгаа юм. Түүнийг эсрэг дүр гээд байгдаг. Тэрнээс биш тэр чинь хүнийхээ хувьд аав ээжээс төрсөн жирийн л хүн, өссөн орчин нь л өөр байх даа.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, нэлээдгүй олон бүтээлд дүр бүтээж байна. Залуу уран бүтээлчдийн арга барил, тэдний сэтгэлгээ хэр хэмжээнд байна гэж та харж байна?

-Зөв залуучуудтай ажиллах урамтай шүү дээ. Янз бүрийн л хүмүүс байгаа. Бүтээл хийнэ гэдэг чинь өөр асуудал юм. Бүх л зүрх сэтгэлээ зориулж дайчлан ажиллах ёстой. Тэр ч утгаараа би “Фантастик” продакшны залуустай хамтарч ажилладаг. Бидний хамтдаа бүтээсэн олон сайхан бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Би өөрөө ч тэгж дүгнэдэг. Манай залууст хийе, бүтээе гэсэн дэврүүн сэтгэл, зүтгэл байна. Тийм учраас тэднийг их дэмждэг. Дэмжиж явах ч учиртай юм. Тэгэхгүй залуусыг үл тоож, дэмжиж ажиллахаас татгалзаж суувал утгагүй хэрэг. Харин ч тэднийг зөв зам руу нь чиглүүлж, чанартай сайхан бүтээл хийх урам зоригийг өгдөг. Урлагт, тэр дундаа кино уран бүтээлийн ажилд мэдээж мөнгө санхүү яригдана. Хэдий хэмжээний мөнгө өгч байна, тэрнийх нь дагуу тоглодог жүжигчид ч бий. Гэхдээ би тийм хүн биш ээ. Аль болох туслах юмсан, надаас тэд сурна гэсэн сэтгэлээр ханддаг. Би ч мөн эргээд энэ залуусаас маш их юм сурч авдаг. Цаг үе өөр болсон байна шүү дээ. Залуусын мэдэж, чадаж байгаа зүйлсийг би мэдэхгүй тохиолдол гарна шүү дээ. Одоо би “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Өөрөөр хэлбэл, залуу хүүхдүүдэд мэддэг чаддагаа заах, эргээд тэднээсээ суралцаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй байна гэсэн үг юмуу даа.

-Тун удахгүй нээлтээ хийх “Эхиймаа” УСК-нд та дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээлийн тухай, тоглосон дүрийнхээ талаар ярихгүй юу?

-Энэхүү кино болсон үйл явдлаас сэдэвлэсэн уран бүтээл. Өөрөөр хэлбэл, сэдэв нь амьдралаас урган гарсан гэсэн үг. Миний хувьд гол дүрийн эмэгтэйн аавын дүр дээр ажиллалаа. Амьдралд хүн гэдэг амьтан үр хүүхдийнхээ л төлөө явж, тэднийхээ төлөө амьдарч дуусдаг юм байна. Магадгүй, хүн болж төрсний зорилго тэр юм шиг санагддаг. Миний дүрийн хувьд, охин нь буруу үйлдэл хийгээд, амьдралаа алдсан нь эцэг хүнд хэрхэн хүндээр тусч байгааг үзүүлдэг юм. Алдаа хийгээд “хэцүү газар” орчихсон охиноо харж суугаа эцэг хүний амнаас ямар ч үг гардаггүй юм байна. Бүр уйлж чадахгүй, гомдож болохгүй, тэр тусмаа загинаж буруутгаж бүр чадахгүй. Энэ үнэхээр хэцүү шаналан. Ялангуяа охин хүүхэд гэдэг чинь хичнээн эмзэг, хэцүү билээ дээ. “Би чамайг буруу хүмүүжүүлсэн учраас миний охин алдлаа” гэх харуусал гуниг тээж байгааг үзүүлэх “дүрийн шугам”-ыг л барьж тоглох гэж хичээлээ. Үр хүүхэд нь ямар нэгэн алдаа гаргахад эцэг хүн бүх бурууг өөр дээрээ авдаг, дотроо нурж, эмтэрч суудаг юм байна л даа. Тийм ч учраас уулзаж ч чадахгүй зугтаж байгаа нь өр өвдмөөр. Нэг бодлын жаргалтай зовлон гэмээр. Алдахгүй хүн гэж байдаггүй, харин жижигхэн л алдаасай, том алдаа бүү хийгээсэй гэж хүний эцэг эх хүсч суудаг юм шүү.

-Сүүлийн үед таны бүтээсэн дүрүүдээс тэс өөр байв уу?

-Их өөр шүү. Сүүлийн үед би чинь мафийн толгойлогчийн дүрд их тоглолоо. Нас намбаа дагаад аавын дүрийг нэлээдгүй бүтээлээ. Залуучууд маань гаднаа хэлэхгүй ч цаагуураа, дүрээр дамжуулаад нас тогтож байгааг минь сануулаад байна шүү (инээв). Гэлээ ч байгалийн жам ёсыг сөрнө гэж юу байхав. Харин нас явж, зүс гундсан ч дотоод сэтгэлийн гүн дэх өөрийн үзэл бодол, амьдралд олж авсан мэдлэг оюунаа л хөгшрүүлэхгүй энэ хэвээр хадгалах гэж хичээж л явна даа. Тэрнээс биш гадна хэлбэр гэдэг тийм ч чухал биш.

-Аав хүн гэдэг үргэлж ээж шиг үглээд байхгүй ч дотроо хамгийн их зовж, чимээгүйхэн нурж байдаг уул юм. Харин та бодит амьдрал дээр өөрийгөө ямаршуухан аав гэж дүгнэлдэг вэ. Үр хүүхдэдээ хэрхэн үлгэрлэхийг хичээдэг вэ?

-Миний хувьд амьдрал дээрээ нэг их нялуураад, хайрлаж байна гээд хошуу дэвсээд гүйдэг аав биш ээ. Урлаг намайг тийм болгосон байж магадгүй. Ёстой л нөгөө хал нь гаднаа хайр нь дотроо хүн гэх юм уу. Миний үр хүүхэд, миний үргэлжлэл юм чинь тэднийгээ хайрлаж халамжлалгүй яахав. Хүүхдүүд минь намайг их зөөлөн хүн гэдэг юм. Би хүүхдүүдээ алд, алдаа хий л гэж хэлдэг. Гэхдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай гэж захидаг. Би чинь мөнх наслахгүй шүү дээ. Намайг яваад өгөхөд хүүхдүүд минь бардам л үлдэх учиртай.

-Залуу уран бүтээлчид, шавь нартаа хандаж юу хэлэх вэ?

-Хүн бүр хариуцлагатай байгаасай гэж хүсдэг. Хаана ямар ч салбарт ажилласан, дор бүрнээ хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Эргээд бусдаас хариуцлага нэхдэг, хамтдаа хөгждөг байвал сайхан сан. Хийж байгаа ажилдаа чин зүрхээ зориулж, бие биедээ урам болж амьдрах хичнээн сайхан билээ. Төмөрхуяг гэдэг хүн нэг л өдөр аав шигээ бурхны оронд яваад өгнө. Тэнд намайг ямар олон сайхан хүмүүс хүлээж байгаа бол гэж хааяа төсөөлдөг. Харин тэдэн дээрээ очихдоо хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхыг хичээж явна. “Май, үүнийг хар даа” гээд л тайлан үзүүлэх хэмжээний байвал сайхан (инээв). Тэгвэл тэд маань баярлах байх даа л гэж боддог юм. Агуу хүний хүүхэд байсны хувьд, бага насандаа эдэлж чадаагүй эрх жаргалыг ард түмэн аавын минь өмнөөс өгч байна. Магадгүй, аав минь л энэ их хувь заяаг надад үлдээсэн байх даа.

Д.ОТГОНТУЯА