Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш 25 жил болж байна.

Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд хуудийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2 дахь заалтад тусгагдсан 500.0 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгосон байна хэмээн УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 14-нөөс хойш тарваган тахал өвчний улмаас гурван хүний амь эрсэдсэн

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долдугаар сарын 14-нөөс хойш Баруун аймгуудад гурван хүний амь эрсэдсэн. Мэргэжлийн байгууллагууд холбогдох аргуудыг авч байгаа. Нийслэлд Засаг даргын захирамж хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид 24 цагаар үзлэг шалгалт хийн, зөрчлийг залруулан ажиллаж байна.

2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуу усны ослоос сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 09-21 цагийн хооронд ажилласаар байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 22-р дүүргийн нутаг дэвсгэрт Хар усан тохойгоос Баянзүрх, Маршал, Зайсан, Яармаг, Сонсголон, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны газар Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл газар нийслэлийн аврах 150 ангийн томилгоот ээлжийн болон бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэсэн. Уг томилгоот бүрэлдэхүүн энэ сарын 15 хүртэл үүргээ гүйцэтгэнэ. Энэ хугацаанд манай албан хаагчид нийтдээ 27 мянган иргэнд сэрэмжлүүлгийн материал тараалаа.

Голын эрэг дагуу байрласан 7000 гаруй тээврийн хэрэгслийг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж усны түвшин их болон ард иргэд ихээр цуглардаг газарт урьдчилан сэргийлэх байршилд 25 самбар байршуулсан. Нийтдээ энэ ажилд 2000 орчин албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Усанд осолдлоо гэсэн 37 удаагийн дуудлагаар 66 иргэний амь насыг аварсан. Үүнээс 45 нь том хүн 21 нь хүүхэд байв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн 10 телевизийн эрхийг түр түдгэлзүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Оюуны өмчийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ оны долдугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалт хийжээ. Шалгалтаар улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтад хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан тус газраас “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 14 дүгээр 1 хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2020 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх хууль тогтоомж, дүгнэлтийг үндэслэн 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол гаргаж, есөн хуулийн этгээдийн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, нэг хуулийн этгээдийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “ Итгэл даах төрийн албаны зөвлөл” уриатай зөвлөгөөн өнөөдөр /2020.09.10/ эхэллээ.

Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зөвлөгөөнд оролцогч ноёд, хатагтай нар аа !

Эрхэм хүндэт зочид оо !

Юуны өмнө энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлж, энэ өдрийн амгаланг эрж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгаа. Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга) 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөөд нэг жил гаруй болж байна. Энэхүү хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах; Зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд уг тайланд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчлийн талаарх дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналыг тусгаж байхаар хуульчилсан.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих хууль тогтоомж, эрхийн актууд батлагдан гарсаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, зан суртахууныг зөв удирдан чиглүүлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулдаг. Түүнчлэн төрийн бусад ажил үйлчилгээ, мэргэжлийн албан хаагчдын 30 гаруй ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр олон ёс зүйн дүрэм, журмуудыг нэгдмэл үзэл баримтлалд оруулах шаардлага ч бий юм.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих хууль тогтоомж, эрхийн актууд батлагдан гарсаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, зан суртахууныг зөв удирдан чиглүүлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулдаг. Түүнчлэн төрийн бусад ажил үйлчилгээ, мэргэжлийн албан хаагчдын 30 гаруй ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр олон ёс зүйн дүрэм, журмуудыг нэгдмэл үзэл баримтлалд оруулах шаардлага ч бий юм.

Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д шударга ёсыг дээдлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон байна.

УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан.

2016 онд баталсан Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн 5 зарчмын нэг нь “Төрийн албаны ёс зүйг чанд мөрдүүлж, авлигыг арилгах” хэмээн заасан.

Төрийн албаны тухай хуулинд төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор тус тус хуульчилсан. Хуулийн эдгээр заалтыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдүүллээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд үл өөрчлөгдөх авлига, хүнд суртал, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тулгуур үзэл санаа байдаг бөгөөд эдгээр нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журамд шингэсэн байх учиртай.

Энэ дүрэм ёсоор төрийн албаны бүх шатны байгууллага (25-аас дээш ажиллагсадтай)-д ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Өнөөдөр энэ танхимд цугларсан та бүхэн бол эдгээр зөвлөлийн төлөөлөл юм.

Улсын Их Хурлын гишүүдийг төдийгүй, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” байгуулсан. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 198’000 нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн зөвлөлүүдийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллана. Энэ бол монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө төр засгаас хийж буй ажлын нэг хэсэг юм. Тэрчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг нэгдмэл бодлого, удирдлагаар хангахад чухал ач холбогдолтой байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн өнөөгийн байдал

Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг, шударга байхыг төр, бас олон нийт төрийн албан хаагчаас шаардах эрхтэй.

Төрийн албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан Та мартаж болохгүй.

Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид юм. Төрийн албан хаагч нь нэг талаас боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвартай байх, нөгөө талаас өндөр ёс зүйтэй байх нийтлэг шаардлага тавигдаж байна.

Ёс зүйтэй байна гэдэг нь нийгмийн хэм хэмжээнд зохицон биеэ авч явахыг хэлнэ. Харин нийгмийн хэм хэмжээнээс гажууд, зохисгүй зан үйл гаргахыг ёс зүйгүй байна гэж үзнэ.

Сүүлийн үед төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл, хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн бичигдэх боллоо. Энэ талаар иргэд ам дамжуулан ярих нь ч тогтвортой буурахгүй байна.

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг.

Өнөөдөр төрийн албанд нийт 198463 албан хаагч ажиллаж байна. 2019 байдлаар төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний 321 албан хаагч, нийт 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.

Нийт бүртгэгдсэн 637 ёс зүйн зөрчлийн 17 зөрчлийг төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 зөрчлийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, 321 зөрчлийг төрийн үйлчилгээний албан хаагч гаргасан мэдээ байна. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 500 нь буюу 78,5% нь аймаг, нийслэлд байна.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болж өссөн бол 2019 онд бага зэрэг буурчээ.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид нийт төрийн албан хаагчдын дөнгөж 0,3%-ийг эзэлж байгаа боловч цөөн тооны ёс зүйгүй, шударга бус төрийн албан хаагчдын буруутай үйлдэл нь нийт төрийн албан хаагчдын ёс зүйтэй үйлдлийг харлуулдаг гэдгийг монголын ухаант мэргэд “Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино” гэсэн зүйл үгээр дамжуулан та бидэнд захисныг анхаарах цаг болсныг дээрх жишээ баримтууд харуулж байна.

Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн. Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог.

Төрийн албан хаагчийн ёс зүйгүй, соёлгүй байдал нь төрийн байгууллага, албан тушаалтнаар дамжуулан бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг төрд итгэх ард түмний итгэлд сөргөөр нөлөөлж байна.

Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн үндсэн шалтгаан нь хүнд суртал, харилцааны доголдол, шударга бус үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварын дутмаг байдал байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр хүчирхийлэн дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно хэмээн хуульчилсан. Гэсэн ч дээд албан тушаалтан нь доод албан тушаалтныг хэл амаар доромжлох, хов ярих, хувийн мэдээллийг нь тараах, архи тамхи хэрэглэхийг шаардах, хоолонд орохыг шахах, бусдын өмнө хэл амаар доромжлох зэргээр дарамталж дээрэлхэх үзэгдэл цөөн боловч төрийн байгууллагуудад гарч байна. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдох өөр нэг асуудал бол ажлын байран дээрх бэлгийн дарамт юм. ХЭҮК Шихихутаг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд нийт 1120 хүн хамрагдсанаас 805 нь буюу 82,1% нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн ажээ.

Хүчирхийлэл, дарамт гэдэг нь ажиллах орчинд илрэх бие махбодийн, сэтгэл зүйн, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, сөрөг үр дагаварт хүргэх, нэг тохиолдох эсвэл давтагдахаас үл хамааран хүлээн зөвшөөрч болохгүй, зохисгүй зан үйл, үйлдлийг хэлнэ.

Олон улсын “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг бууруулах конвенц (ОУХБ, 2019)-д харилцан хүндэтгэлд суурилсан, хүнлэг ёсыг дээдэлсэн ажиллах орчны соёлыг чухалчлан, хүн бүр ямар нэг дарамт, хүчирхийлэлгүй орчинд ажиллах эрхтэй гэдгийг бататгасан байдаг. Энэхүү конвенц нь хувийн, төрийн, олон нийтийн бүх байгууллага, албан болон албан бус салбар, хот болон хөдөөд ялгаагүй үйлчилнэ.

Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг төрийн нийт албан хаагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр буюу 60,84% байгаа ч шийдвэр гаргах түвшинд буюу дээд түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага хэвээр байгаагаас харж болно. Энэ нь төрийн албан хаагчдыг хүйсээр ангилсан мэдээлэл дутмаг, тийм мэдээлэл байсан ч ашиглаж хэвшээгүй, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, томилгоонд жендэрийн мэдрэмж сул байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.Иймд төрийн байгууллагууд төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэхтэй холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид авах арга хэмжээний тухай

Мэдээллийн урсгал их байх тусам хэрэгцээтэй, тулгамдсан, чухал мэдээлэл болон аливаа алдаа эндэгдлийг олоход хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн оролцоо зайлшгүй шаардлагатай болно. Төрийн албан хаагчдын 2019 онд гаргасан ёс зүйн зөрчлийг илрүүлсэн эх сурвалжаар нь ангилж үзвэл, иргэдийн гомдол мэдээллээр 43,3%-ийг нь илрүүлсэн байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр 0,9% илрүүлжээ, байгууллагын дотоод хяналтаар 54,3%-ийг тус тус илрүүлснээс үзвэл цаашид хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Иргэдийн оролцоог ч нэмэгдүүлэх нь зүйтэй.

Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн намын харьяалал харгалзахгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай, зөв хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах нь багасч төрийн нэр хүнд дээшлэх болно.

Япон, Герман, Солонгос зэрэг улсын Төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасныг судалж үзэхэд эдгээр улсуудад ёс зүйг хуульчилсан байдгаас гадна ёс зүйн зөрчил гаргасан бол нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй болохоос эхлээд нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ. Энэчлэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага ч бий юм. Гэхдээ ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийг эхний удаа шийтгэхээс илүү зөөлөн арга хэмжээ авах зэргээр шат дараалсан хариуцлага хүлээлгэдэг байвал зохино.

Төрийн албаны тухай хуулиар улс төр, төрийн алба хоёрыг хооронд нь заагласан боловч мэдлэг чадвар дутмаг албан хаагч танил тал, намын нөлөө болон авилгаар албан тушаалд томилогдох явдал байсаар байгаа талаарх иргэдийн төсөөлөл хүчтэй хэвээр байна. Иймд төрийн албанд танил тал, улс төрийн намын харьяаллыг харгалзалгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг зохих журмын дагуу авч, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахад төрийн байгууллагууд анхаарах нь зүйтэй.

Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх учиртай. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал Монгол цэгцэрнэ. Үүний төлөө энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн, үүрэг хүлээж суугаа Та бид зүтгэх ёстой.

Ёс зүйн зөрчлийг илрүүлэх, бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбогдох мэдээллийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний өгөгдлийн багцад оруулах нь зүйтэй.

Төрийн албаны удирдах албан тушаалтны манлайлал, үлгэр дууриаллыг сайжруулах, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд илүүтэй анхаарах, хууль дүрмийг сахих зан үйлийг төлөвшүүлэх, салбар, байгууллага, хамт олны ёс зүйтэй, зөв соёлыг дэмжих механизмыг бүрдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Ёс зүй, сахилга, хариуцлагын талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ёс зүйн үндэсний хөтөлбөр боловсруулан баталж мөрдүүлэх нь зүйтэй байна.

Төрийн тусгай албан хаагчдад үйлчилж буй ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийг зааглаж тодорхой болгох, төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөв тодорхойлох, тухайлбал, төрийн албан хаагчийн үүрэг, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүрэг, авилга, ашиг сонирхлын зөрчил зэргийг ялгаж зааглах хэрэгтэй байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах асуудлыг төрийн байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд заавал тусгасан байх хэрэгтэй.

Төрийн албан дахь ёс зүйгүй, соёлгүй, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй, соёлтой, шударга үйлдлийг түгээн дэлгэрүүлэх асуудлаар өнөөдрийн зөвлөгөөн дээр гарсан шүүмж, санал, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн боомтоор өнөөдөр 110 иргэн эх орондоо ирнэ

Алтанбулаг хилийн боомтоор өнөөдөр ОХУ-аас 110 иргэнийг хил нэвтрүүлж байна. Эдгээр иргэдийн 50 орчим нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэд, бусад нь манай улсад ажилладаг ОХУ-ын иргэд байгаа юм.

Алтанбулаг боомтоор хоногт олон улсын ачаа тээврийн 25-40 автомашин орж ирж байна. Манай улс “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ оны 2 дугаар сарын 27-ноос хойш Алтанбулаг боомтоор иргэдийг татан авах ажиллагааг 14 удаа хийж, нийт 2250 иргэнийг хил нэвтрүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг ашиглан хоёр хүний амь насыг хохироосон этгээд хэргийн газраас зугтаажээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт хоёр иргэнийг галт зэвсэг ашиглан амь насыг нь хохироосон хэрэг энэ сарын 9-нд гарчээ. Галт зэвсэг ашиглан хүний амь нас хохироосон иргэн Б хэргийн газраас зугтаасан байна. Түүнийг Архангай аймгийн Tариат, Цахир сумын нутгаар дамжин өнгөрч болзошгүй байх тул хил залгаа оршин суух айл өрхүүд анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Кембрижийн буюу олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ЕБС-иуд болоод сурагчдад ямар ач холбогдолтой юм бэ?

-Үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. үүний тулд хэд хэдэн төрлийн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, сургалт явагдах стандартыг нутагшуулах чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын менежмэнт, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.

олон улсад Ебс-иудын олгож байгаа мэдлэгийн түвшинг үнэлдэг шалгалтууд байдаг. хамгийн нэр хүндтэй, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн нь PISA-ийн үнэлгээ. энэ үнэлгээгэр шинжлэх ухааны хичээлүүдэд аль улсын хүүхдүүд ямар түвшинд байна вэ гэдгийг нь тогтоодог. манай улс энэ шалгалтыг ирэх дөрвөн жилд багтаж өгнө. Өмнө туршилтын журмаар энэ шалгалтын доод түвшний үнэлгээнд орсон, маш хангалтгүй дүн гарсан. Үнэлэх боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. Ер нь улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол боловсрол, сургалтын чанараа сайжруулах хэрэгтэй. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Одоогоор олон улсад IB болон Кембрижийн гэсэн хоёр хөтөлбөр хамгийн түгээмлээр хэрэглэгдэж байна. Энэ хоёр хөтөлбөрийн ялгааг ярья л даа. “IB” нь хөтөлбөртөө тухайн улсын онцлог, агуулгыг оруулах боломж хязгаарлагдмал, тусгай багш нар ирж заадаг, маш өндөр төлбөртэй байдаг. Манай улсад энэ хөтөлбөрөөр хичээлээ заадаг сургууль бий. Ер нь Кембрижийн хөтөлбөрт аль хэдийнэ шилжчихсэн байсан дотоодын хувийн сургуулиуд энэ хөтөлбөр рүү хөрвөх үе рүүгээ явж байна. Энэ бол хөгжлийн дараагийнх нь шат л даа. Харин Кембрижийн хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлүүдийг монгол хэл, агуулгаар нь ордог. Харин математик, физик, хими, геометр, газарзүйн хичээлийг англи хэлээр орж, хөтөлбөрийнхөө стандарт, аргачлал, үнэлэмжээр үнэлэдэг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Английн математик, Оросын математик, Хятадын математик гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Жишээлбэл, нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гэсэн ойлголт дэлхийн бүх улсад ижил байдаг биз дээ. Химийн хичээлд усыг H2O гэж томьёолдог шүү дээ. Өөр томьёо байхгүй, дэлхий нийтээрээ үүгээр томьёолдог. Пифагорын теоромыг Монголд, Англид ижилхэн л ойлгож байгаа.

Ер нь шинжлэх ухааны хичээлүүдийг дэлхийн стандарт хэмжээнд хүргэж заах л гээд байгаа юм. Гагцхүү ямар аргаар, хэр хэмжээтэй, хэддүгээр ангид нь заах, ямар шалгуур хангасан багш заах вэ гэдэг стандартыг ярьж байна шүү дээ. Гэтэл үүнийг “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, агуу Монгол Улсыг устгах гэж санаархаж байна, Колончлолын мэдлэг түгээх гэж байна” гэх мэтээр эрүүл хүн ойлгоход бэрх байдлаар мушгин ярьж байна. Ний нуугүй хэлэхэд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс үүнийг санаатайгаар гуйвуулж байна гэж би бодож байна. Учир нь энэ хөтөлбөрийг эсэргүүцэж шүүмжлээд байгаа хүмүүсийн анкетыг хараарай. Тэд бүгд баруунд боловсрол эзэмшсэн, мөн хүүхдүүдээ тусгай хөтөлбөртэй сургуульд сургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аттестаттай боловсролын стандартыг орон нутаг, нийслэлийн захын сургуулиудын хүүхдэд өгье гэхээр яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Одоогийн орлогын түвшинээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнес хийж асар их ашиг олдог сонирхлын бүлэг, түүний лоббичид утгагүй зүйл ярьж эсэргүүцээд байгаа харагдсан. Өнөөдөр манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 21 сургууль байна.Үүний гурав нь улсынх. Энэ гурван улсын сургуулийн зөвхөн нэгд буюу 100 хүрэхгүй суудалд 1500-2000 хүүхэд өрсөлдөж байна шүү дээ.Тэдгээр хүүхдийн зарим нь орох ёстой шалгуур, шалгалтыг нь давчихаад харамсалтай нь, багш, ангийн хүрэлцээгүйгээс болоод орж чадахгүй байна. Би өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн зарим эцэг эхтэй уулзлаа. Тэд ганцхан юм хэлж байна. “Бид өнөөдөр бүгдээрээ өрх бүртээ оюутнуудтай, хэрэглээний зээлтэй учраас орлого маань хэрэглээндээ явчихаад байна. Уг нь хүүхдэдээ чанартай боловсрол олгож, олон улсад өрсөлдөхүйц боловсролтой болгомоор байна. Гэхдээ 10-90 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах бололцоо алга. Тиймээс энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд өгөөч” гэж байна. Хэрэгцээ асар их байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орчин нөхцөл, боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ. зарим гишүүдийн зүгээс ямар ч хэрэгжүүлэх нөөц, боломж байхгүй гэж ярьж байсан?

-Аливаа шинэчлэлийг эхлүүлэхэд, шинийг бүтээхэд оргүй хоосноос л эхэлдэг шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 онд гаргасан шийдвэрээр Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулагдсан. Энэ гурван сургууль 30 болон өргөжих ёстой байсан ч харамсалтай нь өөр намын Засгийн газар гарч ирээд гацаасан.Тэр үеийн Засгийн газрын төлөвлөгөөгөөр 6-8 жилийн дотор улсын бүх сургуулийн шинжлэх ухааны буюу хими, физик, математик, газар зүй зэрэг хичээлүүдийг дунд ангиас нь олон улсын стандартад нийцүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоо ч боломжтой байна, хэрэгжүүлэхэд бүр ч илүү хялбар болсон байна. Учир нь яаж хэрэгжүүлэх загвар сургуулиуд нь байгуулагдаж туршилтаа амжилттай хэрэгжүүлээд 10 жил болж байна шүү дээ. Мөн багш нарыг сургаж болно. Ямар хөрөнгө, процесс, цаг ордог нь тодорхой. Нэг зүйлийг зориуд тодорхой хэлье хос хэлний сургуульд хүүхэд 1-5, эсвэл 1-8 анги хүртлээ монгол хөтөлбөрөөрөө, монгол хэлээрээ сурна. Тэгээд зөвхөн дээр дурдсан шинжлэх ухаан гэгдэх хэдхэн хичээл англи хэлээр орно. Монгол хүн болох ёстой насандаа монголоороо л сурна айх хэрэггүй.

-Эхний ээлжид улсын 10 хувьд нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Боловсролын ялгаа бий болно гэсэн шүүмжлэл гарч байгаа?

-Монгол Улсад ЕБ-ын 900 орчим сургууль байна. Үүний 10 хувьд хэрэгжүүлнэ гээд тооцоолохоор 90 орчим сургуульд нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам, Боловсролын яамтай зөвлөлдөж байгаад дүүрэг, аймаг бүрт чадвал хоёр чадахгүй бол нэг лаборатори сургууль байгуулахаар зорьж байна. Тухайн лаборатори сургууль нь дүүрэг, аймгийнхаа бусад сургуулиудад өөрсдийн сурснаа дамжуулж хамт хөгжөөд явах юм. Лаборатори сургуулиуд социализмын үеэс л байсан ийм үүрэгтэй ажилладаг шүү дээ. Шинэ юм биш. Гэнэт гарч ирсэн юм шиг ад үзэх нь цаанаа шал өөр жижигхэн зорилготой хүмүүсийн л ажил. Боловсролын ялгарал гарна гэж хүмүүс яриад байгаа юм. Харин ч үүнийг чинь арилгах гээд байгаа юм. Тэгш боломж олгох гээд байгаа юм шүү дээ. Гэр бүлийн орлогоос үл хамаарч олон улсын түвшинд нийцсэн стандартаар мэдлэг авах ёстой л гээд байгаа юм. Хэрвээ боловсролын ялгаа хөтөлбөрийн ялгаагаар гардаг гэвэл Монголд анх 1910-аад он орчимд тэнхим байгуулагдсан цагаас эхлээд боловсролын ялгаа гарч байжээ. Орос 3, гадаад хэлний 23, турк сургуулиуд, хятад хэлний, япон сургалттай тусгай, гүнзгийрүүлсэн, лаборатори зэрэг өөр өөр хөтөлбөртэй сургууль байсаар л байсан шүү дээ. Яагаад тэдгээрийг ялгарал гэж харахгүй байна гэдэг нь сонин байдаг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их төсөв шаардагдах бол?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм ч их зардал гарахгүй.Зарим гишүүдийн зүгээс 8.5 тэрбум төгрөгөөр ийм сургууль байгуулах гэлээ гэж шүүмжилсэн байна лээ. Алдаатай тоо харсан байх. Өнөөдөр Боловсролын яамны өгсөн мэдээллээр анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй 320 хүүхдийн сургууль 3.8 тэрбум төгрөгөөр босно. Лаборатори тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гэхэд дээд тэл нь 600 орчим сая төгрөг орно. Цаана нь зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл, давтан сургах зардал, хос хэлнийхний хувьд жилдээ нэг удаа өгдөг 10 хүрэхгүй мянган долларын хураамж гээд нийтдээ 20 орчим хувийн л зөрүү гарч байгаа юм. Багшийн ажлыг үнэл, чадваржуул гээд байгаа хүмүүс харин ч энэ ажил хэрэгжсэнээр нэхээд байгаа зүйл нь биелэхийг ойлгох хэрэгтэй байна. Үүнээс гадна бас нэг юмыг тодруулж хэлье. Энэ дөрвөн жилийн хугацаанд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж, багшийн ачааллыг бууруулъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 200 сургууль баригдахаар төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Хүртээмж ч нэмэгдэх ёстой, чанар ч сайжрах ёстой. Аль нэгийг нь хийх гэж нөгөөг нь хойш нь тавих албагүй.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед нэмж санхүүжүүлэх төсөв нь хүрэх юм уу. Энэ талаар сангийн яамтай зөвлөлдөж үзсэн үү?

-Сангийн яамтай зөвлөлдсөн. Боломжтой гэж мэдэгдсэн гээд дээр хэлсэн байх аа. Эцэст нь хэлэхэд, би жолооч аавтай, тогооч ээжтэй, гэр хороололд өссөн хүүхэд. Намайг хүнд түвэг болчихолгүй амьдралаа аваад явчихдаг зэрэгт хүргэсэн зүйл бол боловсрол. Олон аавын хүү, ээжийн охинд энэ боломжийг нээмээр байна. Өөрсдөө баруунд сурч, тусгай хөтөлбөрөөр боловсорчихоод бусдад энэ боломжийг өгөхгүй гэж байгаа хүмүүсийг огтоос ойлгохгүй байна. Дарханы, Толгойт эсвэл Яармаг, Баянголын гэр хорооллын орлого багатай айлын хүүхдүүд улсын сайн сургуульд сураад олон улсад өрсөлдөөд явж яагаад болохгүй байгаа юм. Энэ боломжийг бий болгох л зорилго шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Энэрэл эмнэлэг “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг эхлүүллээ

Нийслэлийн Энэрэл эмнэлгээс өнөөдөр “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй энэхүү аянаар дамжуулан Энэрэл эмнэлгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Нийслэлийн Энэрэл эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Амартүвшин, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа нар нээлтийн үйл ажилгаанд оролцлоо.

Мөн эмнэлгийн ололт амжилт, шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын талаар үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгч, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр эмнэлгээр үйлчлүүлж буй болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарын зүгээс эмч, мэргэжилтнүүддээ талархлын үгээ хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Чанаргүй барааг буцааж болно

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Дэлгүүрийн лангуун дээрээс “Зарагдсан бараа буцаахгүй” гэдэг бичгийг олон л хардаг. Гэвч зарагдсан барааг буцааж болно. Буцааж аваагүй худалдан авагчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультайг байдаг” хэмээв

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ШӨХТГ-аас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дээрх хуулийг зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн 20 хоногийн хугацаа өгсөн аж. Өөрөөр хэлбэл зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг хүргүүлжээ. Өнөөдрөөс улсын хяналтын байцаагчид энэ зөвлөмжийг хэрэгжүүлсэн эсэхэд хяналт шалгалтыг хийж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв


Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССООС МЭДЭЭЛСНЭЭР:
  • Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгоод байна.
  • Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлэв.