Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэжамъян: АН, Шинэ нам болон бусад улс төрийн намуудтай нэгдэж цэгцтэй улс төрийн намыг байгуулах түүхэн хэрэгцээ шаардлага үүссэн

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуульд МАХН, АН, Шинэ нам эвсэж оролцохоор болсон. Яагаад нэгдэж сонгуульд орох болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Иргэдийнхээ сонгох эрхийг хамгаалж, ардчиллыг хадгалж үлдэхийн тулд бид бодлогоо нийлүүлж байгаа юм. УИХ-ын сонгуулийн үр дүн нь Монголд шударга ардчилсан сонгуулийн шинж алдагдсан гэдгийг бүх нам, нэр дэвшсэн хүмүүс, улс төр судлаачдад ил боллоо. Үндсэндээ нэр дэвшигчид буюу улс төрийн намууд хоорондоо шударгаар өрсөлдөж байвал үүнийг ардчилал гэж байгаа юм. Төртэйгөө буюу төрийн байгууллагатайгаа өрсөлдөж байвал ардчилал биш тоталитор юм уу дарангуйлсан нийгэм гэж үздэг. Одоо улс төрийн намууд, нэр дэвшигчид хэн нэгэн нэр дэвшигчтэй биш, бүхэл бүтэн төрийн байгууллагуудтай буюу төр засагтай өрсөлдөж байна гэсэн үг. Шүүх, цагдаа, прокурор, иргэний бүртгэлийн байгууллага нь эрх баригчдад үйлчилж Сонгуулийн ерөнхий хороо нь нэг намаас томилсон төрийн албан хаагчдаас бүрдэж байгаа. Ийм нөхцөлд тэгш өрсөлдөөн, шударга өрсөлдөөн гэж байхаа больж байна. Энэ нь сонгуульд орсон бүх нам эвсэл, нэр дэвшигчдэд том сануулга болсон. Бүгд л луйвар булхай боллоо, царцаа нүүлээ, мөнгө тараалаа гэж ярьж байна. Хамгийн гол нь сонгуулийн булхайнаас гадна төсвийн хөрөнгөөр эрх баригч нам сонгууль хийгээд байгаа юм. Цар тахлаар далимдуулж хүүхдийн мөнгө, хүнсний талон гэдэг нэрээр ард иргэдийг барьцаалж байна. Эрх баригч намд саналаа өгөхгүй бол чиний хүнсний талоныг хасна гэж байгаа юм. Айлгаж байж хүмүүсийг сонгуульд оруулж байна шүү дээ. Төрийн байгууллага дангаараа зохион байгуулаад, төрийн мөнгөөр сурталчилгаа явуулаад, төрийн албан хаагчдаар сүрдүүлж нөлөөлж сонгууль хийж байхад сөрөг хүчний намууд нийлж сонгуульд орохгүй бол болохгүй нь гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас орон нутгийн сонгуульд Ардын нам ба бусад гэдэг сонголтыг ард түмэнд тавина. Эрх баригчдад ард түмэн нийтээрээ сайн байгаа зүйлгүй. Санал өгсөн нийт тоог харахад бүх сонгогчдын 25-30 хувь нь МАН-д саналаа өгч байхад нийт авч байгаа суудлынх нь бараг 80-90 хувь нь МАН-д ногдоод байх нь шударга биш шүү дээ. Тийм учраас үлдсэн 70-80 хувиа бүрдүүлж байгаад улс төрийн намууд нэгдэх юм бол МАН-ыг ялах нь гарцаагүй юм. Орон нутгийн сонгуульд ингэж оролцсоноор нэн түрүүнд хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө буюу иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж төлсөн тэр татварыг зүй зохистой орон нутагт нь зарцуулж чадаж байна уу гэдэг чухал асуудал. МАН-ын дангаараа бүрдүүлж буй Засгийн газрын хэтэрхий эрээ цээрээ алдсан төсөв, зардлыг хянах ард түмний хяналт л хэрэгтэй болоод байна.

-Төсвийн тодотголд ямар байр суурьтай байна?

-Иргэдийнхээ ахуй амьжиргаа руу чиглэсэн байдлаар эдийн засгаа бодож төсвөө өөрчил гэж бид өнгөрсөн хагас жилийн хугацаанд шаардлаа. Гэтэл Сангийн сайд бүх юм сайхан байгаа гэж ярьж байснаа сонгуулийн маргааш болохоор төсөв болохоо больчихож байгаа юм. Тэгэхээр энэ төсөв дээр эрх баригч нам дэндүү дураараа хандаж, төсөвтэй холбоотой бүх хуулийг зөрчиж, бүх болохгүй зүйлийг хийж байна. Эхлээд хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ хуулиар засаж байна гэсэн үг. Уг нь хууль зөрчсөн хүнд ял өгөх ёстой, хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой байхад засгийн газар, УИХ нийлж байгаад хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ өөрсдөдөө тааруулж засна гэдэг маш том гэмт хэрэг. Тэгэхээр ийм гэмт хэрэг хийгээд байгаа бүлэглэлийн эсрэг бид хүчээ нийлүүлэхгүй бол төсвийн хөрөнгөөр гараа угааж байгаа, тендер будлиулж байгаа, 60 тэрбум идэж байгаа бүлэглэл чинь хоорондоо хүчээ нийлүүлчихээд бусад хүмүүсийг төрийн мөнгөөр пять нольдчихож байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй гэж л үзээд байгаа юм.

-Ардчилсан нам, Шинэ нам, Хувьсгалт нам гурав үзэл баримтлал хэр нийлэх вэ?

-Нийслэлийн сонгуульд найман нам өрсөлдөнө. Бусад орон нутгийн сонгуульд үүнээс цөөхөн нам бүртгүүлж байгаа. Бусад бүртгүүлээгүй нам, эвсэл орон нутгийн сонгуульд энэ гурван намыг дэмжиж оролцохоо илэрхийлж байгаа юм. Тэгэхээр гурван намын цаана өөр олон нам бий. Мөн бие даагчдын тодорхой платформууд бий. Санал хувааж, хагалах, эрх баригчдад туслах маягаар оролгүйгээр ингэж явъя гэж байгаа юм. Бие даагаад юм уу эсвэл дангаараа оролцож байгаа нам, эсвэл нэр дэвшигчийг үндсэндээ Ардын намд тусалж байна л гэж ойлгох хэрэгтэй. Ийм тодорхой сонгуулийн тогтолцоотой үед Ардын намд тусалж санал хуваах, хагалах маягаар орно гэдэг бол Ардын намд тусалж байгаагаас өөрцгүй.

-Эдгээр гурван нам ямар үзэл санаан дээр нэгдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, хамгийн чухал үзэл санаа бол ардчилал, монгол хүний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах асуудал маш чухал байна. Өмнө нь үндсэндээ хоёр намын тогтолцоотой шахуу явж ирсэн шүү дээ. Голлох хоёр нам ба бусад жижиг намууд гэсэн үр дүн гардаг байсан. Гэтэл одоо голлох нэг нам ба туслах дүрийн жижиг намууд гэсэн хувилбарыг эрх баригчид тулгах гэж оролдож байна. Ийм үед төрд ямар ч хариуцлага байхгүй, буруутай хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, иргэдийн сонгох эрх бол зүгээр л цаасан дээр үлдсэн тунхаг болж хувирна. Эрх баригчид хариуцлага хүлээдэггүй болж эхлэх үед, ардчилал дүр эсгэсэн хэлбэрт орох тусам эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, ядуурал улам бүр газар авна гэсэн үг. Зөвхөн шударга сонгуулийн үр дүн л иргэд нь дарга нартаа хариуцлага тооцож, хянаж чаддаг үндсэн хуулийн үзэл санааг амилуулж чадах юм. Тэгэхээр гурван нам нийлж оролцож байхад сонгогчдын саналыг луйвардана гэж үзвэл эрх баригчдад тийм ч амаргүй. Хоёрдугаарт, хяналт хариуцлага, тэнцвэр гэдэг зарчим дээр нэгдэж байгаа. Үндсэндээ УИХ төсвийг баталж байгаа хэдий ч хийж хэрэгжүүлж үрэн таран хийж байгаа нь яам, эсвэл орон нутгаар л дамжиж хэрэгждэг. Олон зардал орон нутгийн төсвөөр дамжиж угаагдаж байгаа. Үүнийг л иргэдэд нээлттэй болгож өөрчлөх ёстой. Нэн түрүүнд хүнээ боддог нийгмийг байгуулах цаг ирсэн. Нийслэлд хэчнээн хөшөө дурсгал бариад хэрэг байна уу. Ингэлээ гээд монгол хүний амьдрал сайжрахгүй. Нийслэлд ажилгүйдэл, утаа, түгжрэл, тоосыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийднэ гэдэг нь цаашдаа монгол хүний таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Мэдээж нам намын тусдаа мөрийн хөтөлбөрүүд байдаг. Манай нам иргэдийнхээ ахуйн амьдралыг шийдэх хамгийн сайн гарц орон сууцныхаа хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцанд орох нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Бид ялаад гараад ирвэл түүнийгээ хэрэгжүүлнэ.

-Намууд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж байгаа бол?

-Бидний үндсэн тохиролцоо нэр дэвшигчийн тоог УИХ-ын сонгуулиар тухайн дүүрэг тойрог дээр аль нам хэдэн санал авсан гэдгийг харгалзана. Энэ бол гол зарчим. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт манай нам илүү санал авчихсан учраас бид илүү хүн дэвшүүлж байгаа. Хан-Уул дээр Шинэ нам тодорхой хэмжээний их санал авсан. Ардчилсан нам ч авсан, манайх ч авсан учраас аль алинаас нь нэр дэвшүүлж байгаа юм. Сонгогчдынхоо саналыг ч хүндэтгэж байгаа, хамгийн шударгаар л тохиролцож байгаа тохиролцоо гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд МАХН найман хүнийг ИТХ-д дэвшүүлж байгаа бөгөөд үүнийхээ нэгийг өнгөрсөн сонгуульд Та бидний эвсэл болон оролцсон ИЗНН-д санал болгосон.

-Өнгөрсөн сонгуулиар МАХН УИХ-д нэг суудал авсан. Гишүүнтэйгээ хуулийн төслүүд дээр ажиллаж байна уу?

-Манай намын дэд дарга С.Ганбаатар маань намынхаа болон сонгогчдынхоо бодлогыг УИХ-д төлөөлөн ажиллана. Нэлээд олон хуулийн төсөл өргөн бариулахаар ажлын хэсэг болон хуваагдаад ажиллаж байгаа. Шинэ мөнгөний бодлого буюу Монголын банк санхүүгийн тогтолцоонд реформ хийх, зээлийн хүүг бууруулах талаар бид цоо шинэ бодлого боловсруулсан. Үүнийгээ С.Ганбаатар даргаар өргөн бариулна. Орон сууцны зээлийг урьдчилгаагүй, хүүгүйгээр өгнө гэдэг бодлого ч банк санхүүгийн харилцаан дотор орж байгаа учраас энэ төслөө хамтад нь өргөн бариулна. Үндсэн хуулийн 6.2-той холбоотой буюу Монголын газар байгалийн баялагтай холбоотой асууудлаар төсөл дээр ажиллаж байна. С.Ганбаатар дарга өөрөө үйлдвэрчний эвлэлийн угшилтай учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой бодлого түлхэнэ гэж бодож байгаа. Энэ бүгдээ өргөн барина. Гэхдээ 76 дотор нэг хүний санаачилсан хууль тогтоомж амархан шийдэгдэхгүй байх. Ямартаа ч өргөн бариад, эрх баригчид суудал дээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг харна. Бид хоосон, бүтэшгүй ажлуудыг амлахгүй. Тодорхой хэмжээний эдийн засгийн судалгаатай, үндэслэлтэй, бодитой хуулийн төслүүдийг өргөн барина. МАН үнэхээр ард түмнээ боддог эсэх эдгээр хуулиар харагдана.

-Таны хувьд зээлийн хүүг бууруулах боломж хэр байна гэж харж байна?

-Зээлийн хүүг бууруулах боломж байсаар л байгаа. Цаашдаа ч байна. Тэр боломжоо олж хараад хийх үү, үгүй юү гэдэг улс төрийн шийдэл байхгүй юу. Дэлхийн 200 орчим улсаас бараг тал нь мөнгө хүүлдэггүй системтэй. Зээл олгоддоггүй, зээлээ хүүтэй өгдөггүй систем дэлхий даяар байсаар байхад яагаад бид зөвхөн барьцаатай зээл өгдөг ломбардны системийг дэмжих ёстой юм. Монголчууд бид хүүгүй, хүүлэхийг хориглодог банктай улс орнууд байдаг гэдгийг одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг хүсдэггүй, эрдэмтэд нь судалдаггүй. Судлаад үзүүлэхээр гайхдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдлэг олгодог боловсролын тогтолцоонд нь тийм зүйл байдаг тухай заадаггүй. Өнгөрсөн 30 жил манай эдийн засагчдад хичээл заасан гадны багш, зөвлөхүүд нь ерөөсөө л мөнгө хүүлдэг банкны тухай л заасан байдаг юм байна. Монгол хүний мөнгийг аваад, эргээд өөрт нь барьцаатай, хүүтэй зээлүүлж өгдөг мөнгө хүүллийн тогтолцоог л заасан болохоос биш бусад санхүүгийн арга хэрэгслийг нь зааж өгөөгүй л байхгүй юу. Бид хөрөнгө оруулалт авахдаа жилийн 20 хувь, таван жилд 100 хувийн хүүтэй мөнгө хүсээд байгаа юм уу, эсвэл хүүгүй мөнгө хүсээд байгаа юм уу. Орон сууцанд орохдоо жилийн найман хувь, 20 жилийн хугацаанд 160 хувийн хүүтэй мөнгө төлөх нөхцөлтэй ипотекийн зээлийг болж байна гэж үзээд байгаа юм уу, үгүй юм уу. Болохгүй байна гэвэл тэгээд өөрчилж болно. С.Ганбаатар даргын хэлдгээр энэ бүх тогтолцоо бол хэзээ ч өөрчилж болохгүй байгалийн хууль, бурхны сургааль, богдын лүндэн биш шүү дээ. Хэн нэг хууль баталсан монгол дарга нарын л шийдэж олсон шийдэл. Ард түмэн нь одоо өөрчилмөөр байна гэвэл өөрчлөх боломжтой, өөрчлөх шаардлагатай л хуулиуд юм.

-Гурван нам орон нутгийн сонгуульд хамтарч орчихоод цаашдаа тус тусын намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах уу?

-Одоо ер нь Монголд 30, 40 намын хэрэг байгаа юм уу. Энэ удаа хамтарч байгаа хамтын ажиллагаа нь бүтэлтэй болоод, сонгогчид бидэнд итгээд олонх болох юм бол үндсэндээ та нар эвсэж нэгд гэсэн ард түмний захиалга болж таарч байгаа юм. Салж яваад байвал та нар ялагдаад байх юм байна, нэгдэж нийлээд байх юм бол бид дэмжихэд бэлэн гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл гэж ойлгоно. Миний хувьд бол цаашдаа Ардчилсан нам, Шинэ намтай болон бусад улс төрийн намуудтайгаа нэгдэж нийлж илүү том цэгцтэй улс төрийн намыг байгуулах түүхэн хэрэгцээ шаардлага үүссэн гэж боддог.

-Анх аль намаас хамтрах санал тавьсан бэ?

-Ер нь аль аль нь хамтрах санал тавьсан. Сонгуулийн дараа луйвар булхай болчихлоо гэдгийг бүгдээрээ ярьсан. Эхлээд юун дээр луйвар хийчихэв. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв гэдгийг баримтжуулах ажлын хэсэг байгуулсан. Үүнд гурван нам бие даагчдын эвсэл нийлж байгаа юм. Ингээд бид бүх булхай луйвруудыг илрүүлээд, илчлээд Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ийм булхай луйвартай гэдгийг мэдсээр байж цаашид тус тусдаа яваад байж болохгүй гэдгийг ойлгосон. Одоо тус тусынхаа амбицыг бодоод, хэн нэгэн нь ганцаараа сугалаанд хожих гэж байгаа юм шиг эрх баригчдыг ялчихна гэж зүүдлээд цаашаа явах боломжгүй гэдэг нь туйлын тодорхой. Монгол ардын хувьсгалт намын хувьд үзэл баримтлал олон нийтэд ил тод байдаг. Бидний бодлоор өнөөгийн улс төрийн тогтолцоонд нэг сайн реформ хийх цаг нь болсон гэж боддог. Үүнийгээ Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад цаасан дээр буулгачихсан. Улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, боловсролын тогтолцоо гээд бүх зүйлээ эргэн харж өөрчлөхгүй бол бүгд асуудалтай болчихлоо. Товчхондоо Монгол Улсын тогтолцоо гашилчихсан байна. Бидэнд болж байгаа салбар гэж юу байгаа юм. Шүүхийн тогтолцоо, хуулийн тогтолцоогоо хар. Болж байгаа зүйлгүй. Банк санхүү эдийн засгийн тогтолцоо ард иргэддээ ээлгүй. Тэгэхээр бүх зүйлийг эхнээс нь эхэлж засахын тулд сууриас нь эхэлнэ. Улс төрийн намууд магадгүй татан буугдах ёстой. Тэгэж байж цоо шинэ улс төрийн намуудыг бий болгох ёстой. Сонгууль улсын төсвөөр биш, хувийн мөнгөөр хийгдэж байгааг таслан зогсоох ёстой гэх мэтээр яриад байвал орвонгоор нь өөрчилмөөр олон асуудал байна даа.

С.ОТГОНГЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ерөнхий сайд ингэж сагсуурмааргүй байна” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрнээс арван нэгдүгээр нүүрт “Иргэд ургац хураалтын цалинг голж, ажиллах дургүй байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрээр “Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүждэг болсноор эмнэлгүүдийн ачаалал буурч, эмч нарын цалин нэмэгдэж, авлигал хүнд суртал үгүй болно” гэлээ.

Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь, их шөвөгт шалгарсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ дээрх мэдээлэл нь албан бус бөгөөд баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсны мэдээллийг хийх юм. Бид улсын аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан нараас тодруулга авахаар залгасан ч утсаа авсангүй. Харин улсын харцага Б.Бат-Оршихтой холбогдож тодруулга авлаа.

“НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай: Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг өнгөрсөн хоёр жил удирдаж чадаагүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ерөнхий сайд ингэж сагсуурмааргүй байна” хэмээлээ.

“Gertoon” анимейшн студийн бүтээл “Мөнх Тунх” хэмээх Монгол ардын үлгэрээр аялж буй бяцхан хүүхдүүдийн тухай гардаг тус бүтээлийг санаачлагч Ц.Бат-Оргилтой ярилцлаа. Өнөөдрийн дугаарын XII нүүрнээс уншаарай.

“Өмнөд Монголын соёлын холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа. “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно” гэлээ.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн ангийнхан оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Туул, Хараа, Ерөө голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шунхлай”, “Петрожамп”, “Тэс петролиум”, “Синчи Ойл” ШТС-уудын бензиний савнаас ус илэрчээ

ШӨХТГ-аас 2020 оны таваас есдүгээр сарын хооронд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулах, холбогдох арга хэмжээг авах зорилготой уулзалтаа боллоо. Энэ үеэр ШӨХТГ-ын өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг мэдэгдэл хийсэн юм. Тэрээр:

-ШӨХТГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн ажилд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтад ШӨХТГ-аас ахлан МХЕГ, Ашигт малтмал газрын тосны газар, стандарт хэмжил зүйн газартай хамтран хяналтыг хийсэн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод ажил явуулж буй 19 аж ахуй эрхлэгчийн шатахуун түгээхийн ажлыг түүвэрлэн шалгахад шатахууны шахалтын хэмжээ марк дугаар зөрөөгүй, битүүмжлэл хөндөгдөөгүй, гэрчилгээний зөрчилгүй, түгээгүүрийн шахалт зөвшөөрөгдөх хэмжээнд байлаа.

Хоёрдугаарт, 20 аж ахуй эрхлэгчийн дөрвөн агуулах 19 шатахуун түгээх станцаас түүвэрлэн авто бензиний 22 дээж, дизель түлшний 10 дээжийг тус тус авч нууц дугаараар кодлон ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай газрын тосны төв лабораторид шинжлүүлсэн.

Гуравдугаарт, Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хяналт шалгалтын явцын талаар танилцуулсан. Монгол Улсад импортоор оруулж ирж буй авто бензин, дизель түлшийг гааль дээрээс дээж авч шинжилгээнд өгсөн.

Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод ажлаа явуулдаг шатахуун түгээхээс авсан бензинд хийсэн шинжилгээний дүнг танилцуулбал 22 дээжээс 12- 14 үзүүлэлтээр шинжилсэн юм. 10 үзүүлэлт нь хөдөлгүүрийн түлш, бензин, зэрэг нь стандартын шаардлагыг хангасан. Энэ шинжилгээг ашигт малтмал газрын тосны лабораторид шинжлүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2016-2020 онд амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2016-2020 онд амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгууллаа.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Суурин төлөөлөгч Д.Болорцэцэг, НЗДТГ-ын Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийг удирдагч О.Мөнгөншагай нар оролцсон юм.

Төсөлд НОБГ, Хойд бүсийн төвийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар хамрагдаж, 466 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн менежментийн багийг байгуулан “Бэлэн бай” сургалтын багцаар анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэлээ. Эдгээр сургагч багш нараар дамжуулан 20,642 иргэнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгтэй болгосон.

Мөн “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өрнүүлж, 20,642 өрхөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бэлэн байдлыг төлөвлөгөөг хийлээ.

НОБГ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сурталчилгааны таван төрлийн стикер наалтыг сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газруудад байршуулав.

Хойд бүсийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газарт “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн танхим”-ыг байгууллаа.

НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст 78,7 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм.

Г. Шүүдэр

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий. Тухайлбал гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.

Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг, тээвэрлэдэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын үндсэн дүрэм зэрэг стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хянах юм.

Хяналт шалгалт 2020 оны 09 сарын 10-18-ны хооронд үргэлжилэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Фронт” С.Цэгмидийг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны Захиргаа хэлтсийн дарга хурандаа н.Эрдэнэ-Очир, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Г.Цэрэндолгор нарын төлөөлөл хүрэлцэн ирж, гардуулсан байна.

Батлан хамгаалах яамны төлөөлөл өнгөрөгч тавдугаар сард нутагт нь очиж, “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнаж байсан юм.

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 98 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.

Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан билээ.

Энэхүү шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Х. Төмөрбаатар таалал төгсжээ


“Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр”, “Ханийн дуу”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” зэрэг дуугаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, ард түмэндээ хүндлэгдсэн Гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө. Монголын эстрадын урлагт домог болсон нэрт дуучин Хайдавын Төмөрбаатар нь 1951 оны 9-р сарын 15-нд Улаанбаатарт мэндэлжээ.

1968 оноос ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад ирсэн тэрбээр 1974 онд Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад дуучнаар орсон.

https://youtu.be/I9lQX5NoGpo

1977 онд ЗХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан улс төрийн дууны “Красная Гвоздика” уралдаанд оролцож “Баллада о красках”, “Знаете вы каким он парнем был” зэрэг дуугаар тусгай байрын шагнал хүртэж байлаа.

1983-1984 онд Төмөрбаатар хэсэг хугацаанд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдаачаар ажиллаж хүүхдийн “Найрамдал” зусланд хамтлагаараа суурин байрлаж хүүхдийн дууны бүхэл бүтэн хөтөлбөр гаргаж чаджээ.

1984 онд Германы Дрезден хотод “Рок шлягер”, 1988 онд Куба улсын Гавана хотноо зохион байгуулагдсан Джаз фестивальд дуулж тусгай шагналтай ирж байлаа. Улаанбаатарт болдог “Анд нөхдийн ая дуу” хөтөлбөрт тэрээр олон удаа оролцсон юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1991 онд “Алтан гадас” одон, 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, 2019 онд Төрийн шагналыг тус тус хүртээжээ.

Түүний уран бүтээлүүдээс Юнител групп “Hero Entertainment” студитэй хамтран ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх сэтгэлд хоногшсон 100 дууны жагсаалтад дуучин Х.Төмөрбаатарын “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунуудыг зүй ёсоор оруулсан билээ.

Г. Шүүдэр

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвараас бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх зөвлөмж

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар хөгжүүлэн, олон нийтэд хүргэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.