Categories
мэдээ нийгэм

НАЙРАМДАЛ ТӨВИЙН КАДАСТРЫН ЗУРГИЙГ УСТГАСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

Найрамдал зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг ИААНБ-д эзэмшүүлсэн ба 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлсэн.

Үүнээс: 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2006-2017 онуудад газар олгосон ба эзэмшлийн газрууд дээр баригдсан зарим амины сууцууд нь 2000-2014 онд хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн ба Барилга, хот байгуулалтын сайдын 218 дугаар тушаалаар зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна.

Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, тусгай хамгаалалтай газарт байшин, барилга барьсан мөн газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн. Иймд манай байгууллагаас арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

TEAMVIEWER-ЭЭ ШИНЭЧИЛЬЕ

TeamViewer нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг.

Коронавирусын тархалтын улмаас олон байгууллагын ажилтнууд гэрээсээ ажиллаж уг программ хангамжийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд цагаан малгайтнууд буюу аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн энэ төрлийн системд хийх туршилтын ажил ихэссэн. Улмаар “Praetorian” кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын инженер Windows дээрх TeamViewer-т эмзэг байдал (СVЕ-2020-13699) олж илрүүлжээ. Уг эмзэг байдал нь тусгай нөөц танигчийг (URI) зөв тохируулаагүйгээс үүдэлтэйгээр оффлайн буюу сүлжээнд холбогдоогүй үед нууц үгийг эвдэх боломж бүрдсэн бөгөөд хортой вебсайт руу зочилсон үед энэхүү эмзэг байдлыг ашиглах боломжтой байна.

Одоогоор уг эмзэг байдлыг ашиглан халдлага үйлдсэн тохиолдол илрээгүй байгаа ч аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар томоохон засгийн газар, бизнесийн байгууллагууд уг эмзэг байдалд өртөх өндөр эрсдэлтэй, жижиг засгийн газар, аж ахуйн нэгжүүд дунд, энгийн хэрэглэгчид бага түвшний эрсдэлтэй байна.

Хөгжүүлэгч компанийн мэдээлснээр уг эмзэг байдалд Windows TeamViewer 15.8.2 хүртэлх хувилбарууд өртөх ба эмзэг байдлыг арилгасан шинэ хувилбарыг саяхан гаргажээ. Хэрэв та Windows үйлдлийн систем дээр TeamViewer ашигладаг бол 15.8.3-аас хойших хувилбараар шинэчлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-11-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид хариуцлага тооцжээ

Замын ослоор гурван хүний амь хохирчээ

Энэ сарын 7-10-нд Тээврийн цагдаагийн албанд 1219 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтсэний найм нь хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр -17
– Мөргөлдөх хэлбэрээр-1
– Унадаг дугуйтай зорчигчийг мөргөх хэлбэрээр-5
– Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1
– Мөргөлдөх хэлбэрээр-3

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

5f02b92bad0ce-6w816508dgd7a7otjt5sw3ga41cit3rjqb6szr0811c.jpeg

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг /2020.09.10/ зохион байгууллаа.

Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн хүний тоо 20 гаруй саяд хүрсэн

Б.Янжмаа: Коронавирусийн эсрэг вакциныг хүний бие дээр турших ажил ид  хийгдэж байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. “Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 27,819,000 гаруй хүн өвчилж, 912 мянган хүн эндсэн байна. Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн хүний тоо 20 гаруй саяд хүрсэн байна.

Сүүлийн нэг хоногт 250 мянга гаруй шинэ тохиолдол, 4,800 гаруй нас баралт дэлхийн хэмжээнд бүртгэгдлээ. Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Перу зэрэг улсууд тэргүүлж байна.

БНСУ-ын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 176 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 161 нв хүн амын дундах халдвар бол 15 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Япон улсад 710 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдлээ.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, хүү төрлөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Энэ нь ОХУ-ын иргэн, ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Шүүх дээр байгаа хэргийн тал хувь нь сэтгүүлч, мэргэжлийн редакцийн эсрэг хандсан байдаг

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлах болсон талаараа эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх болоод үнэн бодитой мэдээллийг олж авахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хардах эрхийг боомилсон заалт Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд бий.

Мэргэжлийн редакц бүхий мэргэжлийн сэтгүүлчдэд халтай, амыг нь боомилсон энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Энэ асуудлыг Зөрчлийн болон Захиргааны хуулиар шийдэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хуульд оруулснаас болж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид төрийн өндөр албан тушаал, нийтийн алба хашиж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавих, зарим тохиолдолд хардах эрхийг нь хааж, худал мэдээлэл тараасан гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээх болчихоод байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор “Транперэнси Интернэшнл” байгууллагаас хэвлэлийн байгууллагуудад хийсэн сүүлийн үеийн судалгаанаас дурдъя л даа.

2017-2019 оны байдлаар Шүүхийн мэдээллийн санд олон нийтэд нээлттэй тавьсан “хүний нэр төр гутаасан” хэргийн нэхэмжлэгчдийн гуравны нэг нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байна. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүд байсан гэж “Глоб интернэшнл” төвөөс тайлагнасан байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчөлт оруулах нэн шаардлагатай гэж үзэж байна.

2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “гүтгэх”, “доромжлох” гэсэн хоёр зүйл ангийг хассанаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад гарсан ахиц болсон. Гэвч УИХ-аас баталсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хэдийгээр илт худал мэдээлэл тараасан гэж байгаа ч сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нийгэмд түгээх эрхийг хязгаарласан. Худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлох гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг тайлбар нь тодорхойгүй байгаа учраас нэг улстөрч, төрийн өндөр албан тушаалтныг нийтийн албатай нь холбоотойгоор сэтгүүлч бичихээр “намайг гүтгэсэн, доромжилсон” гээд хуулийн байгууллагад хандчихдаг. Ингэж мэргэжлийн редакцтай сэтгүүл зүйн хардах эрх нь хөндөгдөж эрүүгийн хариуцлага хүлээх түвшинд хүрсэн учир хуулийн төслийг санаачилсан. Шүүх дээр байгаа хэргийн 50 хувь нь нэр төрд халдсан хэмээн сэтгүүлч, хэвлэлийн байгууллагыг эсрэг хандсан гомдол байна гэж байна. Цагдаа, шүүхийнхэн ч энэ төрлийн хэргээр ачаалалд дарагдах нь гээд байгаа юм. Тэгэхээр хаа хаанаа зохицуулалт хэрэгтэй байна.

-Яг ямар өөрчлөлт оруулахаар санаачилсан юм бэ?

-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар томьёолсон. Өөрөөр хэлбэл мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэлийн эрх чөлөөг хөндөх асуудал учир үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэдэг байдлаар томьёолсон байгаа.

-Эх сурвалжаа хамгаалах асуудлыг хөндсөн үү?

-Эх сурвалжаа нууцлах талаар тодорхойлсон нарийн зүйл тусгагдаагүй. Сэтгүүлч, хэвлэлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэхгүй учраас эх сурвалжаа хэл гэдэг тулгалт байхгүй болно гэж харж байна. Өмнө нь Зөрчлийн хуулиар шийддэг байсан бол одоо захиргааны журмаар хэлэлцэн шийдвэрлэх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа юм. Захиргааны журмаар шийдвэрлэхдээ үнэхээр гүтгэсэн, доромжилсон байвал редакц нь хариуцлага хүлээх үү, тухайн сэтгүүлч хариуцлага хүлээх үү гэдэг асуудал бий. Бусад улсад “Ковид-19” цар тахалтай холбоотой олон нийтийг үймүүлсэн илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, өндөр төлбөр ногдуулах хууль үйлчлээд эхэлчихсэн. Манай улсын хувьд цар тахалтай холбоотойгоор буруу мэдээлэл тараавал мөн хуулийн хариуцлага хүлээнэ.

-2000 оны үеэр нэг сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтныг авлига авсан байж болзошгүй гэж бичээд гүтгэсэн гэдгээр хариуцлага хүлээж шоронд орсон. Хэдэн жилийн дараа сэтгүүлчийн хардаж бичсэн нийтлэл нь үнэн болж таарсан. Иймэрхүү хэрэг дээр ямар арга хэмжээ авахаар оруулж өгч байгаа вэ?

-Нэгэнт хуулийн хариуцлага хүлээлгэчихсэн байна. Тиймээс сэтгүүлчийн нэр төрийг нь сэргээж цагаатгах ёстой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах ёстой. 2017-2019 оны үеийн Шүүхийн мэдээллийн сан нээлттэй байдаг. Хүний нэр төр гутаасан гэдэг нэхэмжлэгчдийн гуравны нэгийг улстөрч, төрийн өндөр албан тушаалтан эзэлж байна. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой хяналт тавихад чиглэсэн сэдвээр тухайн сэтгүүлч хэвлэлийн байгууллага бичсэнээс болоод нэр төрд халдлаа гэдэг.

-Саяхан 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болно гэсэн гишүүний яриаг сэтгүүлч олон нийтийн сүлжээнд шүүмжилснийхээ төлөө торгуулаад байна. Ийм тохиолдолд ямар зохицуулалт оруулж байгаа вэ?

-Энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш, Зөрчлийн болон Захиргааны тухай хуулиар зохицуулах бололцоотой гэж хуулийн төсөлд тусгаж байгаа. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлийг сэтгүүлчдэд ашигтайгаар найрууллаа гэхэд тухайн сэтгүүлч, редакц хариуцлагатай байх ёстой гэх асуудал давхар явна. Хувь хүний гэр бүл, нэр төрд нь ноцтойгоор халдсан, илт худал мэдээлэл тараасан, гүтгэсэн нь нотлогдох юм бол мэдээж хариуцлага хүлээнэ. Би өөрөө сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүн хардах, эх сурвалжаа нууцлах эрхтэй. Гэхдээ тухайн хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэг бус нэжгээд эх сурвалжаас авч, тодорхой баримт гаргаж байж л хардах эрхтэй болдог шүү дээ. Сонин, телевизүүд хүн хардахдаа баримт нотолгоотойгоор нийтэлж, нэвтрүүлдэг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр нэрээ нуусан улс төрийн захиалга, зохион байгуулалттайгаар улс төрийн бизнесийн бүлэглэлээс нөгөө хүнээ дарах гэсэн илт гүтгэлэг тараачихаад дараа нь цагдаа шүүх гээд хиймэл хэрэг их үүсч байна. Энэ нь өөрөө хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал. Гүтгэлгийн хэргүүдийн 50 хувиас илүү нь сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг чиглэсэн байна. Хууль бус үйлдэл хийчихсэн хэрнээ сэтгүүлчийг буруутай болгох гэдэг зүйл ч нэлээд газар авсан.

-Эх сурвалжаа нууцлах эрхтэй болохыг хуульд тусгах уу. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаас санал хүсэлт авах уу?

-Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүд хийнэ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Мэдээж эх сурвалжаа нууцлах эрхтэй талаар заалтыг оруулж өгч болно. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хуулиар эх сурвалжаа нууцлах эрх нь хамгаалагдсан байдаг. Гэтэл манайд үүнийг төдийгөөс өдий хүртэл зохицуулаагүй. Цагдаа шүүх дээр эх сурвалжаа хэл гэж шахсан тохиолдол хэд хэд гарсан байдаг юм билээ. Энэ бол цаашдаа анхаарч, ямар зохицуулалт шаардлагатай талаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн саналыг сонсох, шаардлагатай гэвэл хуульчлах асуудал мөн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ялав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Есдүгээр сарын 3 – зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн дууссаны 75 жилийн тэгш ой боллоо. Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол Улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол Улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм.


Сталинтай хийх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Сун 1945 оны наймдугаар сарын 7-нд Москвад эргэж ирэв. Энэ хооронд ертөнц дээр үй олон үйл явдал болж өнгөрчээ. Юун түрүүн Сун өөрөө ГЯЯ-ны сайдаа больсон тул хэлэлцээг ахлах шинэ сайд Ван Шизегийн бараа бологч болсон аж. Потсдамын бага хурал болж өнгөрсөн ба хэлэлцээний явцад АНУ хүн төрөлхтний хамгийн анхны атомын бөмбөгийг Невадагийн талд дэлбэлж туршлаа. Сунг Москвад ирэхийн урьд өдөр америкчууд Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлж хүн төрөлхтөн цөмийн эрин, цөмийн сүйрлийн ирмэг дээр ирж байгааг анх удаа зарлав.

Америкчууд Японыг мөддөө буулгаж авч чадахгүй гэж Сталин дүгнэж байсан тул “СССР нь наймдугаар сарын сүүлчээр Манжго дахь Японы арми руу дайрна. Үүний өмнө давших өдрөө Хятадтай тохирно. Хятадтай зөвшилцөөгүй тохиолдолд Японтой дайтах боломжгүй” гэж Подстамд мэдэгдлээ. Мөн “Герман манайд довтолсон учир бид тэдэнтэй байлдсан. Гэтэл Япон бидэнд довтлоогүй атал бид тэдэнтэй дайтаад унавал манай ард түмэн ойлгохгүй шүү дээ. Гадаад Монгол, Манжуурын асуудал шийдэгдээгүй байхад Японы эсрэг дайнд нэгдсэнээ Молотов бид хоёр Зөвлөлтийн иргэдэд юу гэж тайлбарлах вэ?”[1] гэж ярьж байлаа. Энэ бол Японд довтлохыгоо үнэ хүргэж, өөрийн барьцаа чангалж буй хэрэг.

Гэтэл америкчууд ирээдүйн Японд СССР-ийн нөлөөг тогтоолгохгүйн тулд, зөвлөлтүүд энэ бүс нутагт ямар нэг эрхтэй болохоос сэргийлж шийдвэрлэх тулалдааны өмнө цөмийн зэвсгээ ашиглажээ. Хирошимад атомын бөмбөг хаях хүртэл Японтой аанай л дайн эхлээгүй байсан Сталин гэнэт сандарч, Ялтын гэрээ утгаа алдахаас айн япончууд бууж өгөхөөс өмнө яаралтай хөдлөв.

Наймдугаар сарын 8-нд СССР Японд дайн зарлаж наймдугаар сарын 9-ний шөнийн 12 цаг 10 минутад Улаан армийн Алс Дорнодын I, II фронт, Өвөр Байгалийн фронт, Номхон далайн флот, Амурын флотилын хүчээр Манжуур болон Солонгосын хойг руу цөмрөн орлоо. Зөвлөлтийн армийн нийт бие бүрэлдэхүүн 1 685 500 хүрч, 5 250 танк, 5 200 онгоцтой, Квантуны арми сая цэрэг, 1 200 танк, 1 900 онгоцтой аж.[2]

Маргааш нь БНМАУ мөн Японд дайн зарлав. Үүнийг Сталин хүсэж Чойбалсанд хэлсэн аж. Монголчууд дайнд орсноор нийтийн дайсныг сөнөөх үйл хэрэгт оролцож буй тусгаар улс гэдгээ хятадуудад харуулахаас гадна япончуудтай сүлбэлдсэн барга болон өвөр монголчуудыг цус нэгтэй Монголын ардын журамт цэрэг амархан ятгаж буулгаж болох сайн талтайг ажигласан байх.

Сталин Чойбалсанд “Танайд байлдааны мэдлэг туршлага сайтай генерал Плиев гэдэг хүн манай цэргийг командалж очно” гэж хэлжээ.[3] Армийн генерал И.А.Плиев гэх энэ осетин хүн хожим 1962 онд Карибын хямралын үеэр Куба дахь Зөвлөлтийн цэргийн командлагч байв.

Америк, Британи, Хятадын хамтарсан хүчтэй цохилт болон атомын бөмбөгнөөс сүрдсэн япончууд наймдугаар сарын 14-нд албан ёсоор бууж өглөө. Харин япончууд гал зогсоох санал Москва тавиагүй байгаа гэдгээр шалтаглан Хойд Ази дахь байлдаан үргэлжилсээр наймдугаар сарын 23-нд арай гэж дуусав. Зөвлөлтүүд Ялтын хэлэлцээрээр олж авсан газраа ямар ч байсан эзлэх гэж яарчээ. Нөгөөтэйгүүр тэд дараагийн сөргөлдөөнд бэлтгэж байв, юу гэвэл удахгүй Хятадын засгийн эрхийн төлөө алалдах Маогийн коммунистуудыг зэвсэглэх хэрэгтэй байлаа. Дараа нь 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Японы тал бууж өгөх актанд гарын үсэг зурснаар яг зургаан жил үргэлжилсэн, хүний түүхэн дэх хамгийн цуст дайн төгсгөл боллоо. Манжуурын байлдаанд Зөвлөлтийн талаас 8 200 хүн үхсэн бол япончууд 83 200 хүнээ алдаж 594 мянган цэрэг нь олзлогдов.[4]

Монголын жижиг арми энэ дайнд маршал Малиновскийн командалсан Өвөр Байгалийн фронтын бүрэлдэхүүн дотор “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг” нэртэйгээр оролцож Хянганы нурууг даван урагш 960 километр хоёр чиглэлээр давшиж Жэхэ хүрчээ. Плиевийн командалсан энэ бүлэг 40 мянга орчим хүнтэй байсны 21 мянга гаруй нь[5] Монголын армийнх байлаа. Наймдугаар сарын аагим халуун, ус бороон дундуур Их говийг танк, авто хөсгөөр гатлах бололцоогүй нь мэдээж учир морь, тэмээг зүтгэх хүчнээр ашиглав. Дайнд малаа дагаад дээлтэй малчин явахгүй нь ойлгомжтой тул Монголын арми цөл гатлах үйлст үнэхээр ч хэрэгтэй байсан билээ. Хамаг эрчүүдээ 1937-1938 онд хядуулчихсан цөөхөн монголчууд энэ дайнд 21 мянган цэрэг гаргах бололцоогүй байлаа. Иймээс байсан бүх малчдаа хуу цэрэгт татан Читагаас цэргийн дүрэмт хувцас яаралтай татан нийлүүлж өмсгөн жигдэлжээ. Өвөр Байгалийн фронтыг командалж байсан маршал Родион Малиновский дурсахдаа: “Зөвлөлт Монголын морин цэрэг усгүй элсэн цөлийг богино хугацаанд гаталсан… Монгол дайчид бол төрөлхийн морьтон ардын удам. Зүг чигээ алдах хязгааргүй элсэн говь, худаг ус ховор нар төөнөсөн өргөн тал бол тэдний амьдарч өссөн нөхцөл. Эцэг өвгөдийн үеэс тэд морин дэл дээр өсөж, үеэс үед дамжин иржээ. Цэрэгт татагдсан малчин монголыг морь унахад болон морин аялалд сургах шаардлагагүй нь монгол цэргийн давуу тал. Чухам үүний хүчээр л морьт механикжуулсан групп ердөө долоо хоногийн дотор 700-800 километр замыг туулж байлдааны үүргээ биелүүлэн тусалсан юм.”[6]

Жанчхүүгийн (Zhangjiakou) даваа хүртэл байгалийнхыг тооцохгүй бол ямар ч саад тотгоргүй чигээрээ цуваагаар шуурхайлан заримдаа өдөрт 120 километр хүртэл урагшилсаар 10 хүрэхгүй хоногт амжин давхиад оржээ.

Эзэн хааны бууж өгөх тухай тушаал хүрээгүй 500 орчим цэрэгтэй Японы жижиг хороо уулаасаа байгалийн хамгаалалт болсон энэ даваан дээр Монгол-Зөвлөлтийн армийг тосон авлаа. Энэ даваан дээр цорын ганц жижиг тулалдаан болоод цааш давшин Хаалган оров. Хятадууд зөвлөлтүүдэд Бээжинг чөлөөлөх зөвшөөрөл өгсөнгүй. Ингээд л Жэхэд (Chengde) баярын парад хийгээд буцлаа. Монголын армийг хил хүргэж өгөх үүрэг аваад мордсон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал юунаас болсон нь үл мэдэгдэх шалтгаанаар мөн Жэхэ орчихжээ. Түүнийг дуудаж онгоцоор Улаанбаатарт авч ирэв.

Энэхүү зүдэргээтэй хүнд маршийн явцад Монголын армиас 78 хүн үрэгдсэний 10 нь Жанчхүүгийн тулалдаанд эрсэдсэн.[7] Өлсөж цанган мориныхоо шээсийг ууж байсан гэж дайнд оролцогчид дурссан байдаг. Намрын ган халуун нартай энэхүү байгалийн хүнд бэрхшээл дундуур энэ хол замыг өдөр шөнө ялгалгүй хоол унд, нойргүй зүтгэсэн нь замын хүндэд олон хүнийхээ амийг өргөсөн учир энэ.

Гэхдээ Жанчхүүд хэнтэй тулалдсан нь тодорхойгүй байдаг. Плиевийн өөрийнх нь яриагаар Жанчхүүгийн бэхлэлтэд байсан 10 мянган япон цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авч бүх зэвсгийг нь хураасан гэх[8]. Япон цэргийн штаб Жэхэ хотын хэрмэн дотор байрладаг, харин уулын аманд байдаг тус хотыг оросууд бүсэлчихсэн байжээ.[9]

Дэ вангийн монгол цэрэг эсэргүүцэл үзүүлсэн учир тулалдсан гэх яриа байдаг ч Шилийн гол, Цахарыг тавьж өгөх Дэмчигдонровын тушаалыг 1945 оны наймдугаар сарын 10-нд дэслэгч генерал Тэгшбуян бүгдэд танилцуулсан ба тэнд: “Зөвлөлт, Монголын хамтарсан цэрэгтэй тулалдаан хийж, сум хөдөлгөж огт болохгүй. Хошууны цэргийг зэр зэвсгийнх нь хамт бүр элсэнд шилжүүлж оруулагтун”[10] гэсэн байна.

1945 оны тавдугаар сарын 1-нд 39 дүгээр армийг резервийн арми болгож Монгол руу шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, мөн оны зургадугаар сарын 20-нд Өвөр Байгалийн фронтын мэдэлд өгчээ. Энэ арми наймдугаар сард Тамсагбулагаар Монголын хилийг давж Хянган-Мүгдэний фронтоор Японы эсрэг давшсан юм. Дайны дараа Улаан цэргийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирсэн юм. Тэдний хүчээр төмөр зам барих ажил эхэлсэн. Үнэндээ энэ нь “власовчууд” гэх Гулаг-ийнхан байлаа.[11]

ХХ зуунд Алс Дорнодын дайны талбарт Орос Япон хоёр нийтдээ дөрвөн удаа байлджээ. Эхнийх нь 1905 онд Япон ялалт байгуулж Порт Смоутын гэрээгээр Орос ялагдлаа хүлээсэн. Хоёр дахь нь 1922 онд япончууд Приморьегоор дамжин цэрэг оруулж илт давамгай байдал үзүүлээд гарч явсан. Гурав дахь нь Халх голд тулалдан аль аль тал хүнд хохирол хүлээсний эцэст тэнцсэн гэж үзээд байлдааныг зогсоох хэлэлцээр Москвад хийн хоёр тал гарын үсэг зурсан. Ингээд энэ хоёр орны дөрөв дэх тулалдаан 1945 оны намар Манжуурт болж Япон бууж өгснөө хүлээн зөвшөөрснөөр бүтэн зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгсгөл болсон юм.[12]

Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол Улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол Улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм.

1. Дэлхийн II дайны ялагсдын талд орсноороо олон улсын тавцанд нэр хүнд олсон.

2. Москвад болж байсан СССР-Хятадын хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүргэсэн том хүчин зүйл нь энэ болсон.

3. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Гоминданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагыг АНУ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн.

4. Монголын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрөх Ялтын гэрээ энэ явцын үр дүнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн томьёолол болон тогтсон. Монгол ялсны учир энэ!

Categories
мэдээ цаг-үе

Т.БАЯРСАЙХАН: Дарханы үйлдвэр ашиглалтад орвол ойролцоогоор 10 сая арьс шир боловсруулна

Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-аас “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн төсөөлөл, ирээдүйд улс эх орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн импортыг орлох экспортын баримжаатай орчин үеийн парк байгуулах төслийн талаар хэлэлцсэн юм.

Бид энэ талаар Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.


-“арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар яриагаа эхэлье?

-2012 оны УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үе шаттайгаар нүүлгэх тогтоол гарч байсан. Үүний дагуу 2015 онд Засгийн газрын 356 дугаар тогтоол гарч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн Шар хөвийн хоолой гэх газар руу нүүлгэ гэсэн тогтоол гарсан. Тэгэхээр энэ дагуу өнөөдөр Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн паркийнхан хийсэн ажлуудаа танилцуулж байна.

Барилгын бүтээн байгуулалтад гэвэл тог нь татагдчихсан, усны судалгаа нь гарчихсан мөн техник эдийн засгийн үндэслэлүүд нь боловсруулагдаад явж байгаа аж. Энэ бүгдийг нэгтгэсэн эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо. Цаашлаад Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн паркийн ажлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй гэж харлаа.

-Арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг мөн Дархан хотод барьж байгаа шүү дээ. Барилгын ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн хувьд бол арьс ширний салбарынхан эсэргүүцэхгүй байгаа. Гэхдээ одоо ч гэсэн Дарханы үйлдвэрүүд Эмээлтээс түүхий эдээ зөөж байгаа шүү дээ. Үүнээс гадна Дарханы арьс ширний паркад боловсон хүчин алга. Эмээлтэд байгаа ААН-үүд бол автобусаар ажилчдаа зөөчихнө. Магадгүй удахгүй Улаанбаатар хот Эмээлтийн тийшээ тэлэх байх л даа. Тэнд ажилчдын орон сууц барих бүрэн боломжтой. Харин Дарханд боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байна. Барилгын ажлын хувьд газар дээр нь очоод үзэхээр арван хувьтай л байгаа юм. Өөрсдөө бол энэ аравдугаар сард эхний үйлдвэрийг ашиглалтад оруулна гэсэн байна лээ. Ер нь бол үйлдвэр аравдугаар сард ашиглалтад орох ямар ч боломжгүй шүү дээ.

-Дарханы үйлдвэр ашиглалтад орсноор жилд хэчнээн тонн арьс шир боловсруулах боломжтой вэ?

-Ер нь тооцоогоор Дарханы үйлдвэрт 10 сая арьс шир боловсруулагдах байх. Тэгэхээр үйлдвэрүүд аль аль нь параллель маягаар л явна гэж харж байна. Гэхдээ Дарханыхны өмнөөс би юм хэлэхэд хэцүү байна. Яахав, Дарханы парк ашиглалтад орсноор Сэлэнгэ, Булган магадгүй Хөвсгөл, Төв аймгийн хойд талын сумдын арьс ширийг цуглуудаад боловсруулаад явах бүрэн боломж бий л дээ.

-Арьс ширний үйлдвэрүүд байгуулагдсанаар малчдын орлогод нөлөө бий юү?

-Малчдын орлогод ямар ч нөлөө байхгүй. Ямар нэгэн үйлдвэр байгуулагдсанаараа малчдын орлого нэмэгддэг теором байхгүй шүү дээ. Малчдын орлого нэмэгдэх гол хүчин зүйл нь нэгж бүтээгдэхүүн үнэтэй болох л явдал. Өөрөөр хэлбэл, малчнаас гарч байгаа түүхий эд чанарын шаардлага хангасан, эрэлттэй болсон нөхцөлд л түүхий эдийн үнэ нэмэгдэнэ. Жишээлбэл, малчин Дорж арьсаа зарах гэхээр үйлдэрүүд булаацалдаж авдаг, чанартай байгаа нөхцөлд л эрэлт нэмэгдэнэ. Энэ нөхцөлд л түүхий эд үнэтэй болно. Одоогоор бол хэн ч авахгүй дүүрэн яр шарх, эсгэлттэй байгаа нөхцөлд Дарханд, Эмээлтэд хэчнээн сайхан парк баригдаад ч түүхий эдийн үнэ хэвээрээ л байна.

-Монгол малын арьс ширийг дэлхийн зах зээлд гаргахад малчдын үйлдвэрт өгч байгаа арьс шир стантартад нийцдэггүй гэсэн. Хачиг хувалзанд бариулсан, арьс урагдсан гэх мэт олон асуудлууд бий. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ерөөсөө гурван хүчин зүйлээс болоод түүхий эд үнэгүйдэж байна. Зүй нь малчин стандартын цаг хугацаандаа малдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, угаалга хийх ёстой гэсэн үг. Энэ ажил үе шаттай сайжрах юм бол хонь, ямааны арьсны үнэ өснө. Хачиг, хувалзны сорив байхгүй болно. Гэтэл яг энэ стандартаар явахад гурваас таван жилийн хугацаа шаардлагатай. Өнөөдөр угаагаад маргааш арьс нь гоё болчихно гэж байхгүй. Тэгэхээр 20 гаруй жил яваад ирсэн энэ системийг буцаагаад өөрчлөх хэрэгтэй.

– Манай улс түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг шүү дээ. Тэгвэл ядаж адуу, үхрийн арьс ширийг үнэд хүргэж болдоггүй юм уу?

-Адуу, тэмээ, үхрийн арьсыг үнэд оруулах бүрэн боломж байгаа. Харин стандартын шаардлага хангасан мал нядалгааны цех буюу махны үйлдвэрт малаа нядлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид хаана ч хамаагүй мал нядлаад, хаана ч хамаагүй зарж болж байгаа нөхцөлд нядалгааны үеийн гэмтэл арилахгүй. Тэгэхээр энэ нядалгааны үеийн гэмтлийг арилгахын тулд бид махны үйлдвэртээ стандартын шаардлагатай болох ёстой. Нэг ёсондоо хээрийн бойгоор мал нядалдаггүй болно гэсэн үг шүү дээ. Энэ нөхцөлд нядалгааны үеийн гэмтэл багасч, арьс нь үнэд хүрнэ. Нөгөөтэйгүүр малчид болон түүхий ид үйлдвэрлэгчид түүхий эд хадгалах тээвэрлэх стандартыг мөрдөх хэрэгтэй байна. Малаа нядаллаа. Арьсыг нь хоёр цагийн дотор сүүдэр газар хатаах ёстой. Бид тэгж чадахгүй байна. Зуны халуунд гялгар уутанд хийгээд л явуулчихаж байна. Эсвэл наранд тавиад хатаачихаж байна. Энэ нь өөрөө түүхий эдийн үйлдвэрийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тэгэхээр дээр дурдсан гурван нөхцөлийг шийдчих юм бол түүхий эд асуудалгүй болж үнэтэй болно. Энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд малчны орлогыг ч нэмэгдүүлж болно. Цаашлаад Хятад, Итали, Испани мөн Европын орнууд руугаа эскпортолно.

-Тэгвэл энэ гурван нөхцөлийг хангаж ажиллахын тулд яах ёстой юм бэ. Яг энэ тал дээр хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил байна уу?

-Нэгдүгээрт, бид стандартын шаардлага хангасан мал нядалгааны цехэд нядалсан малын махыг зардаг журамд орох ёстой. Энэ нь засгийн газрын тогтоолоор гарах зүйл. Хоёрдугаарт, орон нутагт мал угаалгыг цаасан дээр бус бодит байдлаар хийх хэрэгтэй. Угаасан гэсэн баахан мэдээлэл л өгөөд байна. Малчид түүхий эдээ үнэд хүргэх гэж л байгаа бол малчин өөрөө хариуцлагатай байх нь зөв. Бид эргээд хариуцлагын тогтолцоог нь буулгаж тулгах ёстой. Та стандартын цаг хугацааны дагуу малдаа ариутгал, тариа хийлгээгүй бол мал болон түүхий эдээ зарах эрхгүй. Малаа эрүүл болгосны дараа зарах ёстой гэсэн журамтай байх ёстой. Ингэхийн тулд малыг мэдээлжүүлэх ёстой. Доржийн шар халзан хонь хэзээ угаалгад орсон, хэзээ вакцин хийлгэсэн гэдгийг тодорхойлдог чиптэй болох нь зүйтэй. Мөн тээвэр, хадгалалт,хамгаалалтад сургалт зохион байгуулах. Өөрөөр хэлбэл, махны үйлдвэрүүдэд арьсыг хоёрхон цагийн дотор сэврээхгүй бол муудчихаад байна, мөн өөр олон дүрэм журмын сургалтууд орох хэрэгтэй л дээ.

-Арьс ширийг боловсруулахад химийн бодис их хэмжээгээр ашигладаг шүү дээ. Зарим үйлдвэрүүд бодисоо хөрс, усанд шингээх тохиолдол бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Химийн хортой болон аюултай бодис бий. Арьс ширний салбарт хэрэглэж байгаа 100 гаруй бодисын 7-8 нь л химийн хорт бодист орно. Бид чинь саван, тос, будаг хэрэглэдэг шүү дээ. Хортой бодис гэхээр цианти натри, мөнгөн ус гэх зэрэг бодис орно. Ер нь байгаль экологид өгөх сөрөг нөлөөг багасгахын тулд арьс ширний салбарынхан маш их хичээж ажиллаж байгаа. БНХАУ-аас авдаг байсан химийн бодисын 50 хувийг халсан. Европын орнуудаас байгаль экологид сөрөг нөлөө багатай химийн бодисуудыг оруулж ирж хэрэглэдэг болсон.

Г.НАРАНБАЯР: ӨНӨӨДӨРХААИС-Д АРЬС ШИРНЫ САЛБАРААР СУРЧ БАЙГАА ГУРАВХАН ОЮУТАН БАЙГАА

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Г.Наранбаяраас Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн талаар тодруулахад “Сүүлийн үед арьс шир боловсруулах технологи өөрчлөгдөөд маш олон төрлийн химийн бодис хэрэглэдэг болсон. Энэ химийн бодистой усыг цэвэршүүлж чадахгүйгээс үүдээд Туул голын усны бохирдлын асуудал ч эхэлсэн. Мөн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн бүсийг ус цэвэршүүлэх байгууламжаас 500 метрийн радиус дотор татсан байдаг. Гэтэл яг тэр 500 метрийн дотор бүхэл бүтэн орон сууцны хорооллууд байж байна. Энэ мэт шалтгааны улмаас арьс ширний үйлдвэрүүдээ Эмээлт рүү нүүлгэе гэсэн санаа гаргасан. Анхны шалтгаан нь зөвхөн Туул голын бохирдолтой холбоотой байсан бол, парк баригдах явцад дэлхийд өрсөлдөх чанар, технологи, хүний нөөц, бүтээгдэхүүнтэй орчин үеийн шийдэл бүхий аж үйлдвэрийн паркийг байгуулах нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь бид арьс ширний салбарт юуг нь хийж чадах вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй. Түүнээс биш Монголын бүх л малаас гарч байгаа бүтээгдэхүүн арьс шир, ноос, ноолуурыг Эмээлт дээр боловсруулна гэдэг бол хийсвэр тооцоо. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор 8000 гаруй ажлын байр шинээр бий болно. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд арьс ширний салбарт 4000 гаруй хүн ажиллаж байгаа. Үүний 1000 орчим нь арьс ширний ченж. 1800 орчим хүн нь үйлдвэр дээр ажилладаг. Гэхдээ арьс ширний үйлдвэрүүд маань тогтмол ажилладаггүй. Түүхий эдийн нөөц, улирлын нөхцөл байдлаас хамааран ажилладаг. Түрүүн дурдсан бодис хэрэглэдэг асуудал бий. Би яг ийм тийм бодис хэрэглэдэг. Ингэж хордуулдаг гэж хэлж мэдэхгүй. Яагаад гэхээр ямар үйлдвэр, ямар технологиор, ямар химийн бодис хэрэглэдэг юм бэ гэсэн судалгаа хийсэн байсан. Гэтэл үндсэндээ яг тэр химийн бодисынхоо томьёог ямар нөлөө үзүүлдэг, ач холбогдлыг нь сайн мэддэг боловсон хүчин Монголд үнэхээр алга. Шулуухан хэлэхэд, өнөөдөр ХААИС-д арьс ширний салбараар сурч байгаа гуравхан оюутан байгаа. Гэтэл бид 30 гаруй үйлдвэр барина, 8000 хүний ажлын байрыг бий болгоно гээд байдаг. Нөгөөтэйгүүр бид түүхий эд арьс, ширээ олон улсад гаргая гэхээр малчдаас үйлдвэрүүд рүү чанарын шаардлага стандартад нийцсэн түүхий эд ирдэггүй. Нэг ёсондоо малчдад хүлээх хариуцлага гэх зүйл алга. Жишээлбэл, Улаанбаатар хотод малаа оруулж ирээд зарахад манай паркийн хэсэгт олон улсын итгэмжлэгдсэн лаборитори байх хэрэгтэй.Ийм тохиолдолд мал болоод түүхий эд үнэд хүрнэ. Мөн арьс шир угаах боловсруулахад ашиглагдах усны судалгаа хийгдсэн. Үйлдвэрийн хэрэгцээтэй усыг гүний усаар хангана. Гэхдээ энэ нь ундны усанд ордоггүй технологийн ус гэсэн үг. Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор үерийн усаар урссан ус Туул гол руу нийлээд хүнд элементүүд нь газрын хөрсөнд нэвчиж шингээд тунадаг юм байна. Түүнчлэн яг манай паркийн талбайн дор тэр бохирдолтой ус нь туначихсан байна. Нэг талаараа бид тэр усыг ашигласнаараа экологийн цэвэрлэгээ хийж байна гэсэн үг.

С.ЛХАМСҮРЭН