Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 422 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 288 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн энджээ. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 38 мянга, нас баралт 2 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Харин 247 мянга гаруй хүн эдгэрчээ.
Month: September 2020
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өчигдөр (2020.09.11) нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзалт хийлээ. Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон нийт гишүүдэд үүрэг зөвлөмжийг өгсөн юм.
Нийслэлийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Сонгуулийн хорооны гишүүдэд Орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн онцлог, хуулиар зохицуулах асуудлаар гарч болох бэрхшээл болон сонгуулийн бэлтгэл ажлын талаарх зөвлөмжийг нийслэл, дүүргийн 63 албан хаагчдад өгч байна. Дүүрэг бүрийн тухайд онцлогтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тухайд 102 санал авах байранд 900 гаруй төрийн албан хаагч, Сонгинохайрхан дүүрэгт 120 гаруй санал авах байранд 1100 орчим төрийн албан хаагчид ажиллаж байна” гэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Сонгуулийн хорооны ажилтныг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулахаар заасан гэдгийг СЕХ-ноос нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлсэн юм.
Улсын Онцгой комиссоос IX сард 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, нийт 3100 орчим иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Харин маргааш буюу 12-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр иргэдээ татан авна.
Энэ сард хийгдэх нислэгүүд:
- Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий. Тухайлбал гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.
Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад cуугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран 2020 оны 9 дүгээр сарын 10-нд “Монгол-Сингапурын бизнес вебинар”–ыг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монгол, Сингапурын 100 гаруй аж ахуйн нэгж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийв. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар Үндэсний хөгжлийн газар, ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв мөн санхүүгийн технологийн тэргүүлэх компани АНД Глобал илтгэл тавив.
Сингапур Улстай уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нягт манай улс хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2019 оны байдлаар 176.8 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 155.8 сая ам.долларт хүрсэн байна.
“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан энэ 9 дүгээр сарын 10-нд “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр Гадаад харилцааны яаманд болов.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Манай улсын малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсонч, мах экспортлогч орон болж чадахгүй байгааг дурьдаж, ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад АСЕАН, Ойрхи Дорнодын орнууд руу экспортлоход өндөр ач холбогдол өгч ажиллах нь чухалыг байна. Монгол махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн нэрээр дэлхийд гаргах, экспортыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлого, “нэг цонхны” зарчмаар уялдаа зохицуулалттай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Жижиг ашиг сонирхолд хөтлөгдсөн үйлдэл, үйл ажиллагаа экспортын чадамж нөөцтэй бараа бүтээгдэхүүний нэр хүнд, эдийн засагт өгөх үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав.
Хуралдаанд махны экспортын асуудлаар ХХААХҮЯ, МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны мөрөөр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж, шуурхай ажиллахаар тогтов.
Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийг Ерөнхий сайдын захирамжаар 2019 онд байгуулсан. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд ажиллаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хамтран “Стандарт, хэмжил зүйн газраас иргэд, үйлчлүүлэгчтэй эргэх холбоог сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын ажил, үйлчилгээний талаарх судалгааг иргэд, үйлчлүүлэгчдээс авч, тэдэнтэй эргэх холбоог сайжруулах тухай хэлэлцүүлгийг Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран зохион байгуулав. Ингэхдээ иргэд үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хялбар, хүнд сурталгүй, цахим хэлбэрээр авах нь зүйтэй гэж санал нэгджээ.
Санал асуулгад оролцсон хэрэглэгчид Стандарт, хэмжил зүйн газраас баталсан үндэсний болон олон улсын стандартуудыг цахимаар харах боломжгүйд шүүмжлэлтэй хандсан учир гар утасны аппликейшн ашиглах эхний загварыг 2020 оны 10 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэх стандартаа бүртгүүлэх, хэмжил зүйн ажил үйлчилгээ болон дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулах хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжийг судлан, 5 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зураглалыг хэлэлцүүлгийн явцад гаргав. Стандарт, хэмжил зүйн газар, орон нутгийн 20 хэлтсийнхээ цахим хуудсыг бүрэн шинэчлэх аж. Тус байгууллагаас дээрх хувилбаруудыг хэрэгжүүлэхэд зориулж, 11.3 сая төгрөгийг шийдвэрлэсэн нь том дэмжлэг болсныг төслийн багийнхан онцоллоо. Одоогоор 1800-2525 тусгай дугаар ажиллуулан хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авдаг. Цаашид цахим хуудас, ухаалаг төхөөрөмжид суурилуулах боломжтой программ ашиглан иргэд, үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах загварыг ч мөн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бид зургаадугаар сарын 1-наас хойш усны ослоос урьдчилан сэргийлэх завьтай эргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, усны түвшин их, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана” гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Дулааны улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9857 ширхэг “сайн” картыг шинээр түгээлээ” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Дараа нь хуралдаанд Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.
эрбээр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар 60 хувьтай байсан бол есдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийгдэж байна” гэв. Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд тулгамдаж буй зарим асуудал байгаа гэдгийг онцолж хэллээ.
Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа газруудтай хариуцлага тооцох хэрэгтэй
Мөн өнөөдрийн хуралдаанд Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын тухай танилцуулгыг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийв.
Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороод, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж баригдах суурь нөхцөл бүрдэх аж.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх ажилд энэ дулааны станц чухал нөлөөтэй. Тиймээс холбогдох газрууд хяналтаа нэмэгдүүлж ажилла. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжтэй нь хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авлаа. Нийт 96 иргэн хилээр нэвтрэн орж ирсэн бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин, асуумж авч эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийсэн.
Асуумж, хяналт тандалтаар хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлан эмнэлгийн байгууллагад шилжүүлж, 94 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна. Мөн тээврийн хэрэгсэл, иргэдийн гар тээшинд халдваргүйжүүлэлт хийлээ.