Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-13-ний байдлаар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 603 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад албан ёсоор мэдээлэл хийж, коронавирусийн цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж буй. Харин бусад өдөр нь өөрсдийн фэйж хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэж байгаа. Тэгвэл өнөөдөр /2020.09.13/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 603 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн зөөвөрлөгдсөн халдвар авсан хүний тоо 311 байснаас 298 хүн эдгэрч, 13 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй 13 хүний 6-ийнх нь бие хөнгөн байгаа бол 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-аас мэдээлжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 287 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл, нас баралт 1 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Харин 354 мянга гаруй хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилчны гудамжнаас Сонсголон хүртэлх замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд нээнэ

“Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто зам буюу ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сарын 28-ны өдрөөс шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэж байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй 6 км авто замын 4.7 км авто замын хучилт тэмдэглэгээний ажил бүрэн дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн юм.

Харин үлдсэн 1.3 км авто замын хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдөр бүрэн нээхээр шахуу график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа тухай нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тарвага агнавал 640-700 мянган төгрөгөөр торгоно

Хууль бусаар тарвага агнасан этгээд нь тарваган тахлаар өвчилж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас гадна, эдийн засгийн хувьд маш том хохиролд унадаг. Тухайлбал, тарваганы толгой тутамд Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянга төгрөгний торгууль болон Амьтны нөөцөд учруулсан хохиролын нөхөн төлбөр болгон эм тарвагыг 400 мянга төгрөг, эр тарвагыг 340 мянга төгрөгөөр тооцон торгодог байна.

Ингээд агнасан нэг тарвага тутамд нийт 640-700 мянга төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногддог байна. Мөн агнуур хийх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, бууг хураадаг аж. Саяхан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 38 настай эрэгтэй тарваган тахлаар өвчилж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Монгол Улсад 210 гаруй хүн тарваган тахлаар өвчилж, 80 гаруй нь нас бараад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлсэн зөрчилд шийтгэл оногдууллаа

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч “Скорпион сервис” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон цагдаагийн газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар тус газар нь Агаарын тухай хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг зөрчин тоосго шатаах зуух, ахуйн зуухандаа түүхий нүүрс түлж байжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.12/ Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Жаахан шарга” театрт тус аймгийн иргэдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж “2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн 500 гаруй иргэнтэй уулзалт хийсэн. Энэ удаа иргэдтэйгээ дахин уулзаж, тэдний үгийг шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой” гэдгийг тодотгосон юм.

Мөн Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажилласан талаараа танилцуулж, тус төслийг амжилттай хэрэгжүүлж, Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, одоогийн байдлаар ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон дэлхийд байхгүй гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхэлсэн юм.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Тэгш-Эрдэнэ:

“…Манай нэгдсэн эмнэлгийн барилга 1990 оны барилга. 2009-2010 онд нэг удаа их засвар хийсэн. Тэрнээс хойш их засвар хийгээгүй, урсгал засваруудыг өөрсдийн төсөвт багтааж хийж ирсэн. Нэгдсэн эмнэлгийн барилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад ихээхэн хүндрэл гарч байгаа учраас манай эмнэлгийн байрыг шинээр бариулж өгөх асуудлыг танаар дамжуулж, УИХ, Засгийн газарт хүргэх гэсэн юм. Саналыг маань дэмжиж өгөхийг танаас хүсэж байна.” гэлээ.

Сүхбаатар аймгийн иргэн Ж.Доржсүрэн:

“…Би Монгол Улсын Ерөнхийлөгчид юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр, шүүх үнэн үг сонсохоо байж. Эрхэм мундаг дарга нар миний тэтгэврийг тогтоож өгөхгүй, “чиний олон жил ажилласан хамаагүй, чи өөрийнхөө саналаар халагдсан шүү дээ” гэдэг. Албан газар ажилласан хэдэн жил байгаа, тэрийг оруулахгүй. Нийгмийн даатгалын газар гэж ямар газар байна вэ? 60 нас хүрсэн хүн очиж байна шүү дээ. Шоронд ороогүй, ял шийтгэл аваагүй бол миний тэтгэврийг тооцдоггүй юм уу? Би шүүхдээд Улсын дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүх юу гэсэн гээч? “Үндсэн байгууллага ингэж тайлбарлаж байгаа юм” гэсэн. Үндсэн байгууллага юу ч гэж тайлбарласан, гэмт хэрэг үйлдсэн байсан ч хамаагүй юу? Бид нар хэний төлөө ажиллаж насаа барсан юм бол? Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Би үнэхээр иргэн хүнийхээ хувьд туйлдаж, гадуурхагдаж ирлээ” гэлээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажилтан Жаргалсайхан:

“…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим нэг зүйлийг хэлмээр байна. Би нэг жишээ хэлье. Аймгийн засаг даргыг хоёр хувилбараар нэр дэвшүүлэх юм байна гэсэн ойлголт төрлөө. ИТХ-аас нэр дэвшүүлж болно, Ерөнхий сайд нэр дэвшигчийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд өөрөө нэр дэвшүүлэх хувилбар байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүнийг орон нутгийн ИТХ хүлээж авахгүй бол тэрийг шийдэх гарц нь байхгүй юм шиг санагдаж байна. Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсэн зарчимд айхтар өөрчлөлт орсон юм байхгүй шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн санал ач холбогдолтой биш, Ерөнхий сайдын саналаар шийдэгдчих гээд байна уу гэсэн эргэлзээ надад байна.”

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Өлзийжаргал:

“…Сүхбаатар аймгийн залуучууд хувь, төр, иргэний нийгмийн зэрэг маш олон салбарт ажиллаж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа залуус төр, хувийн хэвшил хоёрын дунд хаягдаж байна. Төрийн бодлого үгүйлэгдэж байна. Залуучуудыг төрийн бодлогоор дэмжиж, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах, нийгмийн оролцоог хангах тал дээр ажиллаж, тусалж өгөхийг хүсье.”

Сүхбаатар аймгийн иргэн Гомбосүрэн:

“…Та сая бүтээн байгуулалтын талаар ярилаа. Бичигтийн боомтыг холбоно, төмөр зам тавиулах гэсэн гол зангилаа болсон асуудлуудыг ард түмэн асар их дэмжиж байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч таныг дэмжиж өгөөрэй гэж 60 мянган иргэнийхээ өмнөөс хүсье.

Хоёрдугаарт, баярласан зүйлээ хэлье. Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн. Ахмад настны хувьд үүнд туйлын их баярлаж явдгаа хэлье.

Гурван асуулт тавья. Монгол Улсад гурван эмгэнэл ноёрхоод байна. Нэгдүгээрт, олон нам гэдэг юм Монгол улсыг туйлдуулж гүйцлээ. Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм бол тараан бутаргаж байгаа, 800 хүний гарын үсэгтэй ч юм уу, үсэггүй ч юм уу байгуулагдаж байгаа олон намыг устгаж өгөөч гэж хүсье.

Хоёрдугаарт, энэ олон их дээд сургуулиудыг хасаж өгөөч. Тэтгэврийн олон хүнийг туйлдуулж гүйцлээ. Төрүүлсэн хүүхэддээ баярлаж суудаг байсан бол гомдож суухад хүрлээ. Энэ цагаан гартнууд ромбо зүүж ирээд юу ч хийхгүй байна. Хийлгэж ч чадахгүй байгаа. Ажил сурахгүй байна.

Мөн олон зуун телевизээ хасаж өгөөч ээ. Үзээд сууж байгаа хүмүүст зугаатай байдаг байх. Бизнес хийж байгаа хүмүүс хэцүүдэж байгаа байх. Хэнд нь рекламаа өгч, үзэгчид мөн аль сувгийг сонгож үзэх вэ? Сайхан бүтээн байгуулалт хийх гэж байгаа хүний үгийг хаанаас олж сонсох вэ? Олон телевизүүдтэй болсноор иргэдийн үнэн бодит мэдээлэл авах боломж бүрэн алдагдсан” гэв.

Сүхбаатар аймгийн иргэн Сайнбуян:

“…Эрүүл мэндийн даатгал зарим талаараа алдаа мадагтай юм уу гэж санагддаг. Даатгалд хамрагдсан эмийг сарын эхэнд гурав хоногийн дотор бичээд, дөрөв, тав хоногийн дараа эмийн санд очиход даатгалаар өгөх эм дууссан гэж хэлдэг. Тэгсэн байтлаа эмийн тавиур дээр тэр эм байж байдаг. Яагаад ийм асуудалтай байгаа юм бэ? Эмийн сангууд өөрийн эдийн засгийн бодлогыг явуулж байгаа болохоос хүний эрүүл энхийн төлөө санаа тавихад муу анхаарч байна гэж хэлмээр байна. Энэ бол нийт ард түмэнд хэрэгтэй зүйл гэж би боддог.”

Сүхбаатар аймгийн иргэн Оюунцэцэг:

“…Өнөөдөр алдарт эхийн одон авсан бүх ээжүүдэд баяр хүргэе. Үүнээс гадна эхийн одонгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсье. Эхийн одон олгох тухай хуулийн 3.1, 3.2-т зааснаар хамгийн бага хүүхэд нь ой хүрэхэд бусад гурав нь эсэн мэнд байна гэсэн заалтаар олон ээж хасагдаад байгаа юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч одон авах шаардлагыг хангахгүй, дунд хүүхэд нь нас барсан эхчүүд одонгоо авч чадахгүй байгаа тохиолдол удаа дараа гарч байна. Энэ заалтыг эргэн харж өгнө үү гэж хүсэж байна.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариулснаар уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Токио-Улаанбаатарын нислэгээр 263 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:45 цагт “Буянт-Ухаа “ олон улсын нисэх буудалд газардсан байна. Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3 , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочип буудалд 21 хоног тусгаарласан байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард 13 удаагийн захиалгат нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар хоёр удаагийн захилгат нислэг үйлдээд байгаа юм.

УОК-ын Шуурхай штабаас дараагийн захиалгат нислэгүүдээр ирэх иргэдийг байршуулах тусгаарлан ажиглах байруудын хуваарь:

Categories
мэдээ цаг-үе

Эр цэрэг, эгэл аавын дууль

Ээждээ ганцхан, энэ бие хоёулхнаа. Элгэн халуун, эгэл ийм амьдралаас эр цэргийн албанд мордож, Халх голын байлдаанд амь эрсдээгүй хүү харин ээждээ эргэж ирээгүй гунигт түүх 55 жилийн туршид хүлээлт болон үргэлжилнэ. Хэрхэн үргэлжилж, хэрхэн төгссөн тухай өмрөм яриа 2020 оны есдүгээр сарын 4-ний бямба гаригт, олон давхар байшингийн хамгийн өндөр цэгт, том цонхоор ер бусын амгалан харагдах орчин цагийн амьдрал дунд болж байна. Эхнээс нь эмхлэх, эсвэл эцсээс нь хөвөрдөхийг цэгцэлж амжаагүй байхад эс хүлээн бодит түүх өөрөө цаасан дээр ийн буув.

Хүүг Сосорын Найдан гэнэ. Хөвсгөл аймгийн ЦагаанУул суманд төрж, ээжтэйгээ аж төрөн сууж байгаад 1938 онд 20 настайдаа эх орны зүүн хязгаар дахь хилийн 12 дугаар хорооны тавдугаар заставт хилчин болов. Том том цагаан шүд, өтгөн хар хөмсөгтэй, 186 см өндөр нуруутай түүнийг харсан хүн өөр хэнтэй ч андуурах аргагүй. Нутгийнхаа овооны наадмын түрүүг хэдэн удаа авчихсан чилгэр биетэй, адуу малын ажилд жигтэйхэн гүжирмэг тийм л нэгэн эр. Цэрэгт ирээд адуу маллаж, агт маналаа. Удаах жил 1939 онд Халх голын байлдаан эхлэхэд тушаал авч фронт тийш мордон Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд агт хүргэх үүргийг гүйцэтгэж байв. Тэд ялалтыг авчирсан, тэнд БНМАУын хил хязгаар, бүрэн эрхт байдлыг олон улсад зөвшөөрөх алхам тавигдсан юм.

Албаа хаагаад хөглөгөр хангай, гүн цэнхэр нуурууддаа хүлээх ижийдээ харих 1941 он гарав.Очоод үнсүүлэх цаг хугацаа сараар хэмжигдэн ойртох тусам нүдэнд бор гэрийнхээ гадаа сүүгээ өргөн торойтол хоцорсон тэр л зураг ахин дахин харагдах санж. Хүүгээсээ өөр бодолгүй, хүүтэйгээ уулзахаас өөр ирээдүйгүй ижийтэй юм чинь.Энэ гурван жил үзсэн, ойлгосон юу эсийг ижийдээ ярьж өгөх билээ. Халх голын дайн, хаяа нь үл харагдах говь нутгийн үзэсгэлэн, хил хязгаарын ахуй байдал, анд нөхөд, адуу мал гээд л… Ай сайхан даа.

Хоёрдугаар сарын 5-ны шөнө агт малладаг салаанд хамт алба хааж байсан дайчин нөхөр Дэндэвийн манаанд гарах ээлж таарч. Өглөө нь түүнийг агттайгаа алга болсныг заставынхан олж мэдээд хэдэн өдөр эрэл сурал хийсэн ч “Хил даваад сураг тасарчээ” гэх таавраас өөр тойм гарсангүй ээ.Тэр шөнө нүүр нүдгүй цасаар шуурч хоносон тул Дэндэвт чухам яг юу тохиолдсоныг хэн ч үл мэдэх билээ. “Адууныхаа араас явсаар төөрснөөс зайлахгүй дээ. Хүчтэй цасан шуурганд уруудсан олон агтыг тогтооно гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш” хэмээн адуу, шуурга хоёрын араншинг сайн мэдэх хилчин С.Найдан бодож байлаа. Хил маналцаж, адуучин эрсийн шударга нөхөрлөлөөр бие биедээ итгэж, ээжүүддээ яарч явсан юм. Хил давж зугтсан гэдэг юу л бол… Нэгнийхээ араас ийн харуусахаас өөр хар санаа яахин төрөх. Энэ бодлын үзүүрт түүнийг улс төрийн хэрэгтэн болгох дэгээ отож буйг 22 настай хүү тэгэхэд мэдээгүй. Түүнийг өөр нэг нөхрийн хамт баривчлан хорьж, эх орноосоо урвасан хэрэгт 1941 оныг дуустал харгис ярга хэрэглэн байцаах болно.

“Байлдагч Сосорын Найдан, Сэрээтэрийн Ланжиг нар дайн байлдаанаас айж, эх орноо хамгаалахаас зайлсхийн,бүлэглэн нийлж, буу зэвсэг хэрэглэн, гадаадад оргохоор бэлтгэж байсан” хэмээн тэдний алба хааж байсан тавдугаар заставыг харьяалах 12 дугаар хилийн хорооны тусгай ангийн дарга Хувдайгаас төв рүү илгээсэн бичигт өгүүлжээ. Тэрхүү Хувдай гэгч нь С.Найдан, С.Ланжиг нартай хамт алба хааж байсан цэрэг Гомбожав “С.Найдан, С.Ланжиг хоёр Дэндэвтэй хамт оргохоор бэлтгэж байсан” гэж мэдээлсэн, мөн Дашдорж, Цэндээжав хэмээх хоёр цэрэг гэрчилсэн гэж уг бичигтээ мэдүүлсэн байдаг. Цэргийн нөхдийн мэдүүлсэн, бас гэрчилсэн гэх зүйлийг сонсоход үнэний мөр нэг ч үгүй тул Найдан ихэд гайхан балмагдав. Амьдрал яг л зүүд зэрэглээ шиг байдаг аж. Алга урвуулах төдийд ардын дайсан болж хувирлаа. Өчигдрийн зүйл өнөөдөр хаашаа ч эргэж болдог, үнэн үгүй энэ их хар хүч ямар учиртай юм бэ?

БНМАУ-ын Дээд шүүхийн 1942 оны нэгдүгээр сарын 16нд хуралдсан цэргийн коллегийн хуралдаанаар С.Найдан, С.Ланжиг хоёрыг улс төрийн хэрэгт буруутган эх орноосоо урвагч нэр зүүн буудан хороох ял сонсгожээ. Энэ ялын тогтоол үлдэж хоцорсон ээжид нь“Амьжиргаа залгахаас бусдыг албанаа хураасугай” гэсэн тушаалтай хамт хүрнэ. Одоо ээжид нь Найдан үгүйд дээлтэйгээ амь хатахаас өөр амьжиргаа залгуулахын найдвар ер үлдэнэ гэж үү? Хүү нь ямар гэм хийснийг хэн юугаар нотолсон юм бэ? Шуургатай шөнө манаанд гарсан Дэндэв адуутайгаа алдуурсны дараа заставын удирдлага, хорооны тусгай ангийн дарга нар энэ явдлын хариуцлагыг үүрэх зэмээс хамгийн итгэл үнэмшилтэйгээр, бас өөрсдөдөө алдар гавьяатайгаар мултрахын тулд тухайн цаг үед нийгмийн гол дайсан болоод байсан улс төрийн хэрэгтнүүдийг ДЯЯ-нд олж тушаахаар бажгадав. Ингэхдээ Дэндэвтэй хамт агтны салаанд алба хаасан С.Найдан, С.Ланжиг хоёрыг олзлов. Хэрэг тохоход эзэн олдсон нь тэр хоёр болсон юм. Баривчлан тушаав. “Эх орноос зугтах, урван тэрслэх үйлдэл бүү хэл, үг хэлээгүй” хэмээн хэчнээн өчивч тэгэх тусам хэрцгийлэх Дотоод явдлын яамны мөрдөн байцаагч Нямжавын (зарим баримтад Нямсүрэн гэжээ)аргад орж, нэг жилийн дараа хилс хэргийг гэмгүй хоёр залуу хүлээхэд хүрч цөхөрсөн юм.

Буудан хороох шийдвэр гарсан өдрөөс тав хоног өнгөрөөд байлаа. Энэ өдөр нууцаар хуралдсан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хурлаас тэдний амь насыг буудаж хороох ялаас хэлтрүүлж. Эндээс гарсан тогтоолд “…Найдан нарын үйлдсэн хэрэг нь эх орноосоо зугтаж, ард түмний итгэмжээр хүлээсэн хувьсгалт цэргийн хүний туйлын хүндэт гавьяат үүрэг зорилгыг няцаан орхисон явдал нь үзэшгүй жигшүүртэй бөгөөд хүнд хэрэг мөн боловч эд нар нас залуу бөгөөд сурч боловсорсон мэдлэг боловсролоор бага ба сургаж хүмүүжүүлсэн явдал дорой байсан зэрэг байдлыг тус тус хянан үзээд, цаашид зөвөөр засран хүмүүжиж болох юм гэж үзэж буудан алах ялаас хэлтрүүлэн, хорих ялын дээд хэмжээг тогтоов” гэжээ. Тэр үед хорих ялын дээд хэмжээ 10 жил бөгөөд С.Найдан чанга дэглэмтэй гянданд 10 жилийг өнгөрүүлэх болсноо ийн сонслоо. Амьд үлдэхийн зол гэж байдаг аж. Тавхан хоногийн өмнө алагдах ял сонсож байсан бол өнөөдөр хүү ээждээ заавал очих ёстойгоо л бодно. Яагаад гэвэл хүү ээждээ, ээж нь хүүдээ ганцхан. Гянданд сууна гэж юу болохыг С.Найдан төсөөлж байсангүй. Ерөөс төсөөлж болох эд биш гэдэг нь эхний өдрөөс ойлгомжтой болов. Харанхуй чийгтэй энэ нүхнээс хэрийн хүн амьд гарч чаддаггүй юм байна. Хүнд хүчрийг дийлэлгүй амьсгал хураахыг олонтаа үзэв. Гэвч энэ газар түүний хувьд ээждээ эсэн мэнд очих гүүр болж эцсийн мөчид заяасан мэт санан өөрийгөө зоригжуулна.

Дэлхийн хоёрдугаар дайн хөрш Зөвлөлтөд өрнөж, гяндангийн бүү хэл гэртээ байсан монголчууд өлөн зэлмүүн амьдарч байсан үе.

С.Найдан хоригдлуудын хамт газар дор 10 жил эсгий гутал хийжээ. Цогцсуудыг бөөгнүүлэн өрөөний буланд хураан зайчилсан хэсэгт нойтон эсгийтэй өдөржин ноцолдож суухдаа энд ажилладаг хоригдлуудын хэд нь маргааш амь тавин өнөөх булан руу шидэгдэхээ хэн нь ч бодох тэнхэлгүй гөлийцгөөжээ. Жир хүний ой тойнд багтахгүй 3650 хоногийг С.Найдан давсан юм. Харин ээж нь хүүгээ хүлээж дийлсэнгүй ээ. Түүнийг гянданд байх хугацаанд тэнгэрт одчихсон байлаа.

Суллагдаж, энгийн иргэн болсон ч ээжийн шарил орших төрсөн нутагтаа явах эрхгүйгээр цөлөгдөж, Завхан аймгийг төрөөс түүнд заав. Заасан нутагт, заасан хугацаанд ажиллаж амьдраад 40 эргэм насандаа л харих эрхээ сая нэг авчээ. Хүлээсэн хүнгүй ч хонгорхон зүстэйгээсээ 20 жил хүсэж мөрөөдсөн төрөлх нутагтаа төвхнөсөн нь Хөвсгөл аймгийн Арбулаг сум байлаа. Хийж чадмаар, зориод явмаар ажил байвч түүнийг улс төрийн гэмт хэрэгтэн гэж дээд газраас цоллоод тавьсан нь ажилд авахгүйн гачлан болно. Галч, харуул, аль хар бороос олдсоныг нь хийж, өгснийг нь авсаар амь зуух аргаа олж, өдөр хоногийг өнгөрөөж явав. С.Найдан маш хөдөлмөрч, гарын уртай, бүтээлч сэтгэлгээтэй, аж ахуйч хүн болох нь нутгийн олонд даруй танигдах нь тэр. Хамгийн олон жил хийсэн ажил нь худгийн моторчин. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Буянтын хөндийд байдаг нэгэн худаг хожмоо нутгийнхны дунд “Найдангийн худаг” хэмээн нэршсэн билээ. Аймаг, сумаас түймэр, үер, зуд, отор, туувар гээд олны хүч шаардлагатай ажлын тэргүүн шугаманд С.Найданг дайчилна. Ямар ч ажил хийсэн хамгийн бага цалинг түүнд л өгнө. Хувьдаа мал хөрөнгөтөй болох зэрэг хүний дайтай амьдрах, оюун сэтгэлийн хувьд чөлөөтөй амьсгалах нь түүнд хориотой байлаа. Ял шийтгэлийн оноосон хугацаа дууссан ч өөрийнх нь нотолж чадаагүй үнэнийг өөрөөс нь өөр хүн мэдэхгүйн гачланг ганцаараа эдэлж явна.

Хилс шийтгэл цаг хугацаа шиг өөрийнх нь хамт урссаар, элээсээр, насан туршид нь үргэлжлэхийг тэр хүлцэхийг бас хүсээгүй юм. Үнэн нэг л байдаг. Тэр үнэн түүний дотор байгаа тул зүрх зоригтой, хүч тэнхээтэй амьдрах учиртай. С.Найдан хилс ялыг гяндан, цөллөгт биеэр эдэлж дуусгаад 15 жилийн дараа анх удаа 1958 онд БНМАУын Дээд шүүхэд хандав. Эх орноосоо урваагүй, гадаад улсад оргон зайлахаар бэлдэж байгаагүй гэдгээ нягтлуулж шалгуулах хүсэлтээ өргөдөлдөө илэрхийлэв. Хариу өгсөнгүй. Дахин 1962 онд бас нэг горьдлого тээн бичив. Хариу ирсэнгүй. Үнэнийг үзэхийн тулд амьдрал үргэлжилнэ.

С.Найдан хэвийх амьдралдаа хожуухан гэрлэж, 60 настайдаа хоёр сартай нялзрай охиныг үрчлэн авч, энхрий цагаахан охиноо нүдний цөцгий мэт хайрлан өсгөв. Түүний охин Найдангийн Дэлгэрчимэг билээ.“Есдүгээр сарын 10 бол миний аав шиг хэлж ирээгүй хилс хэрэгт хэлмэгдэж, насан туршид яллагдсан, өр зүрхэндээ үнэнийг гэрчлэн, гагцхүү үнэнийг үзэхийн төлөө өөр өөрийнхөөрөө амьдарсан хүмүүсийн өдөр. Аав минь 55 жилийн турш үнэнийг өгүүлсэн хуудас цаас хүлээж амьдарсан юм шүү дээ” хэмээнэ.

Насан туршид хүлээсэн түүний үнэн нотлогдоход С.Найдан 78 настай, 1941 оны тэр нэгэн шуургатай шөнөөс хойш 55 жил өнгөрчээ. Охинд ааваас нь үлдсэн хамгийн нандин зүйл бол 1996 оны арванхоёрдугаар сарын 5-ны огноотой Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол. “Цагаатгасан тухай”.

“1962 онд бичсэн өргөдлийн дагуу хэргийг дахин хянасан НАХЯны шалгалтын дүн гарахад миний аав С.Найдан болон түүний хамт хэрэг хүлээсэн С.Ланжиг нарыг гэм буруугүй болохыг баталж, хилсдүүлсэн гэм буруутныг тогтоочихсон байсан юм билээ. Гэхдээ аавд минь энэ талаар 1996 он хүртэл огт мэдэгдээгүй.

1996 онд цагаатгагдсанаас бүхэл бүтэн 34 жилийн өмнө хилс хэрэг болохыг тогтоочихсон байтлаа хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаагүй орхисон байж шүү дээ. Дээд шүүхийн тэмдэглэлийг архиваас үзээд миний хамгийн их өр өвдөж шаналсан зүйл бол ердөө л энэ. “Буруугүй байсан чинь үнэн юм байна” гээд л хэлчихгүй дээ… Үүгээрээ аавыг минь 34 жил дахин ялласнаас өөрцгүй.

Аав минь хэдэн ч удаа хэлмэгдсэн юм бэ дээ” гэж Н.Дэлгэрчимэг ярьж байна.

НАХЯ-ны намын хорооны товчооны гишүүдийн 1962 оны тавдугаар сарын 25ны 21/109 дүгээр тогтоолд “…Хувдай 1941 онд 12 дугаар хорооны тусгай ангийн дарга байхдаа байлдагч Ланжиг, Найдан нарыг эх орноосоо урван гадаадад оргох гэсэн гэдэг ор үндэсгүй материалаар хилс хэрэгт дайчлан уг хэргийг үндэстэй болгохын тулд гүйцэтгэх ажлын зарчмыг ноцтой зөрчиж байсан ба эдгээр хүмүүсийн хэрэгт зохиомол гэрчүүдийн мэдүүлгийг байлдагч Гомбожав, Дашдорж, Цэндээжав нарын нэрээр өөрөө зохион бичиж Ланжиг, Найдан нарыг чанга дэглэмтэй гянданд 10 жилээр шийтгүүлэн ноцтой завхрал, алдаа гаргасан нь шалгах хэлтсийн шалгалтаар бүрэн батлагдсан тул Хувдайг уг хэрэгт нь намаас хөөв” гэжээ. Хэлмэгдүүлэх шалтгаан, нөхцөлийг зохион байгуулсан Хувдайг намаас хөөж гэнэ. Ингээд л болж. Гэтэл хилсээр гүтгэгдэн шийтгэгдсэн хэргийг дахин нягталж өгөхийг хүсэж өргөдөл бичсээр байсан С.Найдан нарыг цагаатгалгүй орхисон нь энэ.

“Аавынхаа гуньж гутарч суухыг би үзээгүй. Бас юунд ч тэгтлээ баярлаж хөөрдөггүй, сэтгэл хөдлөлөө далд хийчихсэн, тун хэрсүү хүн байлаа. Тааваараа, гэхдээ хэнд ч түвэггүй орших орон зайг л эрэлхийлдэг байсан байх. Бусдын үзэл санааг эрхэмлэдэг. Хүн хар толгойгоо хариуцах ёстой гэсэн хатуу байр суурьтай. Хүнд саймширч тал засч чаддаггүй. “Өдөр тутмын, ахуйн, ажлын ярианаас хальдаггүй хачин хүн шүү” гэж аавын минь талаар садан төрлүүд ярилцахыг олонтаа сонсож явлаа. “Сэтгэл нь цоожтой болохоор…”. Ээж минь 20 шахам жил ханилсан түүнийгээ нэгэнтээ ийн оношилсон нь тухайн үед арав гаруйхан настай байсан миний чихэнд тун чиг содон сонсогдож билээ. Аав ганцхан тохиолдолд гашуун үг хэлж, хэнтэй ч нүүр тулах цөстөй нэгэн болж орхидог юм. Аав худал хуурмагийг л үзэж чадахгүй. Архи амсдаггүй, их цэмцгэр, дэгжин хээнцэр, үүгээрээ их алдартай. Хэнийг ч алагчилдаггүй, дайлж цайламтгай, халуун сэтгэлтэй ээж минь их эрт өнгөрчихсөн болохоор аавд миний төлөө угааж цэвэрлэх, хоол унд бэлтгэх гэр орны ажилд эцэж ядрах эрх байгаагүй болов уу гэж бодон өрөвддөг юм. Харьж явахад хаа холоос үнэр нь сэнхийн алхаа түргэтгэдэг амттайхан талх барина, цагаан сарын хэвийн боовыг урлагийн бүтээл болгоно. Айлууд шинийн боов боорцгоо хийлгэх гэж аавыг минь урилгаар дарчихдагсан. Манайх гэж аав өөрөө хийсэн модон гоё ор, шүүгээнүүдтэй, тохилог цэвэрхэн айл байлаа. Аав төмрөөр сайхан дарх хийнэ. Гал тогооны хэрэгслээ бүгдийг нь өөрөө л урласан. Түүний мөрөөдөл уран барималч болох байсан юм гэнэ лээ. Даанч тийм боломж яахин олдох билээ дээ. Аав зүгээр нэг уран гартай, эв дүйтэй гэхээсээ нарийн мэдрэмжтэй, хувийн өндөр соёлтой хүн байсан юм.Ихэвчлэн албаны маягийн хувцаслана. Гэрт, гадуур ялгаагүй сорочкин цамцнаас салахгүй.Дээл хэрэгтэй болбол өөрөө л оёод өмсчихнө, гутлаа хийчихнэ, уйгаржин монголоор уншиж бичдэг, радиогоор олон улсын мэдээ чагнах их дуртайсан. Зав л гарвал ном уншина. Монголын уран зохиолоос “Онцгой эрх”,Оросынхоос “Дөлгөөн Дон” хайртай бүтээлүүд нь байж. Намайг дунд ангид ормогц энэ хоёрыг уншуулахаар өгчихөөд, намайг жаахан гэж гололгүй юу ойлгосон талаар минь ярилцах гэдэгсэн. Намайг сургууль дээр зохиогддог олон нийтийн ажилд оролцуулах, төрөл бүрийн уралдаан, дугуйлан секцэнд хамруулах их сонирхолтой. Би гэж хар багаасаа хэнхэг юм болчихсон, өглөө гараад л ажилтай хүн шиг орой харина. Аав минь охиноо бие даасан зантай, том хүн болохыг харах гэж их хүлээдэг байсных юм болов уу даа. Туулсан амьдралаасаа тэс ондоо, итгэхийн аргагүй зөөлөн зүрхтэй хөх өвгөн байлаа даа, миний аав.Жаахан хүүхэд шиг амттанд дурлана аа, бас”.

С.Найдан эх орноосоо урваагүй, урвах талаар бодож байгаагүйг нотлон, хилс хэргээр яллагдаж байсныг цагаатгасан бичиг 55 жилийн дараа гарт нь нэг л өдөр хүрээд ирсэн! Хэн нэгнээс амар эрсэн ээлжит захидал хүлээж авсан мэт тайван унших С.Найдан. Тэр бичгийг хүргэж ирсэн хүн “Та баярлаж байна уу?” гэж бүр хоёр удаа лавлан асуув. Удаан, хэтэрхий удаан хүлээсэн мөч болоход, өмнө нь зөвхөн өөрийнх нь байсан үнэн ялж бүгдийнх болоход тэр аль хэдийн ийм асуултад хариулах хүсэлгүй болчихсон байлаа. Их хэлмэгдүүлэлт Монголын сор болсон ухаантнуудын толгойг тэгшлэн тайрсны гадна эгэл боргил хилчин С.Найдан шиг хүмүүсийг тамлан зовоож, монгол хүн монгол хүнээ хороосон, насан туршийн амьдралаар нь хохироосон ийм нэгэн бодит түүх энд бичигдлээ. Ээждээ яарсан он жилүүд, дараа нь төрийн зарлигийг хүлээсэн 55 жил. Түүний амьдрал хүлээлт байжээ. Тэр зүгээр л хүлээж байсангүй, эр хүн шиг, эцэг хүн шиг хүлээсэн. Тэнгэрт хальсан ээжийнхээ, эхнэрийнхээ өмнөөс хэнзхэн охиноо их сургууль төгсөхийг нь үзэх гэсэн хүлээлт түүний амьдралын төлөөх тэмцэл, эр зориг болон үргэлжилсэн юм. Айлын залуу эр хайнагийн шаранд цамнуулж малчны хотоор нэг шуугиан болоход жар хол гарсан С.Найдан гүйн очиж галзууртлаа уурласан хайнагийн эврээс зүүгдэж хүзүүг нь дарж унаган мөнөөх залууг аварсан ч өөрөө аймгийн эмнэлэгт хүргэгдэж, буцаж ирэхдээ зүүн талын гар нь тахир болон эдгэжээ. С.Найдан гараа гэмтээсэн энэ явдлын төлөө өөртөө харамссангүй, харин жаахан охиноо илүү сайн хамгаалах гар түүнд хэрэгтэй байсанд л гэмшсэн гэдэг. Аав, охин хоёр олон жилийг хамтдаа өнгөрүүлж, аав нь охиндоо хийж чадах бүхнээ сэтгэл харамгүй зориулж чадсан билээ. Н.Дэлгэрчимэг охин нь 1999 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, МҮОНТВийн “Монголын мэдээ” агентлагт ажиллахаар болсон баярт мэдээг аав нь сонсож, энэ амьдралд бүтэн жаргаж амжсан юм. С.Найдан 2001 онд 83 насандаа өвчний улмаас таалал төгсөхийнхөө өмнө “Миний охин сайн ажилладаг юм шүү. Ээ дээ, хүн гүтгэв ээ. Үнэн, худлыг магадалж яваарай” хэмээн захижээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвсүрэн: Шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байна

Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тусгасан байдаг. Тэгвэл энэ эрхээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан эдэлснийхээ төлөө байцаагдаж шалгагдаж яваа жишээ бий?

-Энэ эрх чөлөөг 1992 оны Үндсэн хуульд зааж, баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө болгон хуульчилсан. Гэхдээ хүмүүс юу дуртайгаа ярьж, хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй учир Үндсэн хуулийн 19.3 дугаар зүйлээр хязгаарладаг. Тодруулбал, Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй учир аливаа мэдээллийг үндэслэлгүйгээр цацах нь хязгаарлалтад багтаж болно. 2015 онд НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт өгсөн 64 зөвлөмж байдгаас үүний найм нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой. Үүнд хүнийг гүтгэх, доромжлох асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж хэрхэвч болохгүй тухай заасан. Тэр дундаа хорих ялын санкци байж болохгүй, харин Иргэний хуульд нийцүүлэн зохицуулах нь зүйтэй гэдэг зөвлөмж өгсөн. Ингээд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар худал мэдээлэл тараах ойлголт болон гүтгэх, доромжлох зүйл заалтыг хүчингүй болгож байв. Гэвч УИХ-аас Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцохоор 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хуульчилсан.. Тухайн хуулийн төсөл нь батлагдахаас өмнө буюу хэлэлцүүлгийн шатанд төслийн 13.14 дүгээр зүйлийн доор“Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэсэн тайлбар байсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэсэн нь олон улсын хэм хэмжээ, зөвлөмжид нийцсэн хуулийн тайлбар юм. Энэ тайлбар маш хэрэгтэй байсан ч энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан УИХ-аар үүнийг хүчингүй болгосныг “хуулийн амин сүнсгүй” нийгмийн хэрэгцээ, шаардлагад төдийлөн нийцээгүй заалт болсон гэж хэлж болно.

-Гүтгэх, доромжлохтой холбоотой гомдлыг ихэвчлэн ямар хүмүүс өгдөг талаар судалгаа бий юү?

-Глоб Интернэшнл төвийн судалгаагаар гүтгэх, доромжлохтой холбоотойгоор цагдаа, хууль хүчний байгууллага, иргэний хэргийн шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байна. Тодруулбал, гурван хэрэг тутмын нэг нь гэсэн үг.

-Улс төрийн зүтгэлтнүүд иргэддээ гомдол үүсэх нь бусад улс орнуудад ямар байдаг вэ?

-Гомдол гаргах эрхгүй этгээд буюу public figure буюу монголоор орчуулбал, “олон нийтийн зүтгэлтэн” гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зарим оронд улс төрийн албан тушаалтан нь иргэндээ гомдол гаргах эрхгүйгээр хуульчилсан жишиг бий. Тэгэхээр хуулийн амин сүнсээ буюу нэмэлт тайлбарыг авчихсанд гол учир нь байгаа юм. Үүнийг нь хасчихсан учраас худал мэдээлэл тараасан үндэслэлээр, төрийн байгууллага болон улс төрийн албан тушаалтан нь Эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргах бололцоотой болчихсон. Одоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хамтраад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтад нэмэлт тайлбар хийхээр наймдугаар сарын 28-ны өдөр хуулийн төсөл санаачилсан байна лээ.Гэхдээ энэ жилийн УИХ-ын намрын чуулганаар нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал одоо маргаан дагуулаад буй төрийн байгууллага болон улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй болох юм.

Мөн худал мэдээлэл гэдэгт юуг хамруулах вэ гэдгийг тодорхойлохгүйбол тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд асуудалтай. Хэрэг шалгаж буй цагдаагийн албан хаагч прокурор нь ч юмуу өөрийн дур зоргоор, хүссэнээрээ энэ нь илт худал юм байна шүү гэсэн үзэмжээр яллах болчоод байгаа юм. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төслийн тайлбартай холбогдуулан саналаа хэлэхээр төлөвлөөд байна.

-Энгийн иргэд өөрсдийнхөө фэйсбүүк хаягт сэтгэгдлээ бичсэнийхээ төлөө байцаагдаж, шүүгдсэн тохиолдол хичнээн байна вэ?

-Өмнө нь онолын хувьд өөр гүтгэх, доромжлох гэдэг хоёр өөр ойлголтыг ялгаж салгахгүйгээр нэг заалтад багтаан Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлээр зөрчлийн хэрэг үүсгээд хоёр саяын торгууль оногдуулж байв. Манай байгууллагад Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд Зөрчлийн хуулийн Гүтгэх заалт хэрэгжиж байсан хугацаа болох 2017 онд 27, үүнээс сэтгүүл нэг, 2018 онд 111, үүнээс сэтгүүлчтэй холбоотой нь 16, 2019 онд 122, сэтгүүлчид 15, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөн зөрчлийн хэрэгт тус бүр хоёр саяын торгуулийн шийтгэвэр оногдуулсан мэдээлэл ирүүлсэн. Зөрчлийн хуулиар торгуулсан хоёр сая төгрөг тухайн хохирсон гэх иргэнд очихгүйгээр төрийн дансанд ордог онцлогтой. Товчхондоо, төр иргэдийн хоорондох маргаан дундаас мөнгө хийдэг тогтолцоо гэж хэлж болох юм. Тэгэхээр зөрчил, Эрүүгийн хуульд орсноороо тухайн хохирсон буюу гүтгүүлсэн хүн хохиролоо мөнгөн төлбөрөөр авч чадахгүй юм. Иймд зөрчлийн хуулиар цаашид шийдэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд өөрчилсөн хэрэг. Мөн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж буй асуудлыг Юнеско-гийн тодорхойлолтоор чөлөөт илэрхийллийн орон зай гээд зарлачихсан.

-Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд 14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн тухайд торгууль нь бага байна гэсэн асуудал бий?

-Энэ талын судалгаа дагнан хийдэггүй хүний хувьд хувь хуульчийнхаа үзэл бодлыг илэрхийлэх нь зүйтэй болов уу. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалт нь16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэгт тооцох заалт юм.Энэхүү заалт хуучин мөрдөгдөж байсан 1986, 2002 оны Эрүүгийн хуульд ч байсан шүү дээ. Мөн ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхийг хуульд тодорхой заасан. Тухайлбал, торгуулийн хэмжээг тавиад, хорих ялын санкци буюу нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Хүнийг бие физиологийн хувьд бүрэн төлөвшөөгүй байхад нь бэлгийн харилцаанд хэдий сайн дурын үндсэн дээр тохиролцсон ч нийгмийн хор уршиг ихтэй гэдэг үүднээс хуулиар хязгаарлаад гэмт хэрэг гэж тооцоод буй. Гагцхүү эл заалтыг иргэн хүн зөв, буруу гэж үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, цахим орчин эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх нь хэнд ч нээлттэй. Зүгээр л хуультай санал нийлэхгүй байна гэсэн иргэний шүүмж гэсэн үг.

-Энгийн иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө цагдаагийн байгууллагад дуудсан тохиолдол хэд байна?

-Эрүүгийн хуульд орсон болохоор энэ талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Миний бодлоор үүнийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж үздэг. Иргэний хуулийн 491, 21, 511 зэрэг нэр төр алдар хүндийн гэм хорын хохирлын заалт байдаг. Үүгээр шийдвэл тухайн хүн би энэ мэдээ, энэ хүний үзэл бодлоос болж цалингаа авч чадаагүй, эсвэл ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй боллоо, сэтгэл санааны хохирол учирлаа гэх зэргээр хохирлоо тодорхойлж, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах бүрэн боломжтой.

Эрүүгийн хуулийн 13.14 Гүтгэх заалттай холбоотойгоор шийдэгдсэн анхны тохиолдол энэ хавар дөрөвдүгээр сард гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэнийг аймгийн зарын групп дээр цагдаагийн албан хаагчид ковидын үеэр ажиллаж буйтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлснийг шүүхээс гэм буруутай гэж үзээд 550.000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна лээ.

-Хуулийн тайлбарыг хассан болохоор эрх зүйн орчин нь бүрдээгүй гэсэн үг үү?

-Хэрэв нэгдүгээр сарын 10-нд батлагдсан хууль маань тайлбартай батлагдсан байсан бол улс төрийн өндөр албан тушаалтан өнөөдөр гомдол гаргахгүй эрхгүй байлаа. Энэ нь өөрөө маш том давуу талыг олгож байсан. Үнэндээ улс төрийн өндөр алба хашна гэдэг чинь өөрөө иргэдээс ирэх шүүмжийг хүлээн зөвшөөрөөд олон нийтийн өмнө гарч, иргэдийн шүүмжлэлд хүлцэнгүй байна гэдгээ зөвшөөрч буй хүний хийж байгаа алхам. Хэрэв төрөлхөөс заяасан эрхтэй, хааны удмын ч юм уу хүмүүст энийг хязгаарладаггүй. Мэдээж тэр хүн эцэг эхээ өөрөө сонгож төрөөгүй учраас арай өөр болоод явчихна. Харин улс төрийн албан тушаалтан өөрөө хүсч байгаа учраас олон нийтийн шүүмжид хүлцэнгүй байх ёстой нь үүрэг юм.

-Төрийн өндөр албан тушаалтан нь үзэл бодлоо илэрхийлсний төлөө байцаадаг байдал гадаадад ямар байдаг. Жишиг болсон улс орныг мэдэх үү?

-Эрх зүй нь өндөр хөгжсөн орнуудад “олон нийтийн зүтгэлтэн” гэдэг ойлголтыг гаргаж ирээд тусгасан байдаг. Тэр жишгээр Монгол сайн жишгийг нь авах гээд байна шүү дээ. Тэр дундаа олон нийтийн зүтгэлтэн, улс төрийн өндөр тушаалтан, аливаа төрийн байгууллагыг хамаатуулахгүй байя гэсэн дээр санал нэгдээд байгаа.Сонирхуулахад, ОХУ-д гүтгэх үйлдлийг 2011 онд Эрүүгийн хуулиас хасан захиргааны зөрчил шалган шийдвэрлэх журмаар хянах болсон ч жил хүрэхгүй хугацаанд Эрүүгийн хуульд буцаан оруулах болсон.

Манай байгууллагад үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөрчигдсөн гэх иргэн хандан өмгөөллийн туслалцаа хүссэн. Тухайн иргэний холбогдсон асуудал дээр гомдол гаргагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаа юм байна лээ. Гэтэл сайд маань өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Хэвлэлийн зөвлөлөөс санаачилдаг “Ёс зүйн форум”-доролцохдоо “Миний нэр дээр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол явж байвал би яг энэ цаг мөчөөс татаж авна” гэж өөрөө хэлсэн байдаг.Цаашид ч иймэрхүү асуудал өргөдөл, гомдол гаргахгүй гэсэн санаа нь цухалзаж байсан шүү. Түүний ийнхүү олны өмнө өгсөн амлалт болох бичлэг одоо ч хадгалагдаж байдаг байлгүй дээ.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Сайн хань, ээж, аав байх талаар уулзалт, ярилцлага зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвээр сургалт, уулзалтыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллах юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Хуурай замын цэргийн командлал хэмээх том байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байна. Залуус байгаа газар гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн хүмүүжил, хариуцлагатай ээж аав байх тухай сэдэв дагаж байдаг учир энэ чиглэлд хамтран ажиллана. Бид зэвсэгт хүчин рүү чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөлөл, хөгжлийн асуудлыг нийслэл, дүүрэг, аймаг орон нутаг дахь салбар байгууллагаараа дамжуулан цогцоор нь авч явна. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилвэл төрийн цэргийн болон хүчний байгууллагатай ч хамтрах боломжтой тул энэ санамж бичиг цаашид олон ажлын эхлэл болно” хэмээгээд үндэсний хэмжээний энэ үйл ажиллагааг төрийн бодлогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих боломжтой гэлээ.

Мөн Бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний дийлэнх нь залуус байдаг. Тэднийг зөвхөн цэргийн албаар хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарч ирсэн. Цаашдаа хувь хүний суурь хүмүүжил, сэтгэл зүйн төлөвшил, нийгмийн талд нь анхаарч ажиллах шаардлага бий. Иймд мэргэжлийн байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Бид албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх үүрэг, хариуцлагаас гадна нийгэмд идэвхтэй, зөвөөр үлгэрлэсэн залуус байх, сайн хань, ээж, аав байх талаас нь уулзалт, ярилцлага тасралтгүй зохион байгуулна” гэв.

Гарын үсэг зурсны дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа.