Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисс хорио цээрийн дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцэнэ

Улсын Онцгой Комисс өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар болжээ.

Хамгийн сүүлд УОК наймдугаар сарын 25-нд хуралдаж хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15-н хүртэл сунгаад байсан нь маргааш дуусах юм. Тиймээс өнөөдөр Улсын Онцгой Комисс хуралдаж энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар зарлагдсан байна.

УОК, Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийг хэвийн горимоор хичээллүүлэх эсэхийг шийднэ гэсэн хүлээлт байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Шинэбаяр: Гадаад зах зээл дээр улаанбуудайн хомсдол үүсч, үнэ өссөн нь манай гурилын үнэд нөлөөлж байна

Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, доктор Ш.Шинэбаяртай гурилын үнэ, хангамж тойрсон сэдвээр ярилцлаа.


-Статистик мэдээллээс харахад өнгөрсөн долдугаар сард нэг кг гурил 1195 төгрөг байсан бол энэ сард 1288 төгрөг болж кг тутамд 100 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Гурил бол стратегийн хүнс. Үнэ өсөх шалтгаан юу байсан бэ?

-Өнгөрсөн жилийн ургацын блансаар 70-80 мянган тонн улаанбуудай дутах тухай хавар ярьж байсан. Энэ бол 3-4 сарын гурилын хэрэгцээ юм. Тиймээс энэ жил дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангахад улаанбуудай яах аргагүй дутаж байгаа. Гэхдээ үүнийг дутна гэж тооцоод салбарын яамнаас квот өгөөд үүний дагуу гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа оруулж ирсэн. Гэвч шаардлагатай хэмжээгээр улаанбуудай оруулж ирсэн эсэх нь асуудалтай. Учир нь цар тахалтай холбоотойгоор тээвэрлэлтийн асуудал удааширсан. Үүнээс болж авах ёстой цаг хугацаандаа улаанбуудайгаа оруулж ирж чадахгүй байдлаас үүдэж үнэ өсөх шалтгаан болсон байж болно. Хоёрдугаарт, өнгөрсөн жил бидний гол импортлогч ОХУ-ын хэд хэдэн томоохон газар тариалангийн бүс ургацаа алдсан. Тиймээс тус улсад улаанбуудайн үнэ нэлээн өссөн. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээр хомсдол үүсч, үнэ өссөн нь манайд нөлөөлж байгаа. Ийм хоёр шалтгааныг хэлмээр байна. Түүнээс биш гурилын үйлдвэрүүд монополь байдлаа ашиглаж үнэ хөөрөгдөх боломжгүй. Гурил бол стратегийн хүнс. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, үнийн хэлбэлзэл тэр бүр хүчтэй явагдаад байдаггүй. Гурилын үнийн асуудлаар илүү нарийвчилж тодруулахыг хүсвэл бид үйлдвэрүүдээр дагуулаад тайлбар авахуулаад явж болж байна.

-Энэ намар хураан авах буудайгаар жилийнхээ хэрэгцээг бүрэн хангах боломжтойг хэлсэн. Та орон нутгаар явсан уу. Буудайн болц, чанар урьдчилсан байдлаар ямар байна вэ. Санаа зовоох асуудлууд байна уу?

-Бид наймдугаар сараас эхлээд газар тариалангийн гол бүс нутгуудаар явлаа. Монголын улаанбуудайн бараг 90 хувийг хангадаг 10 аймаг бий. Эдгээр аймгийн долоогоор нь яваад байна. Хамгийн томд тооцогдох Сэлэнгэ, Төв аймаг, Булган, Хөвсгөл зэргээр орсон. Баруун талаас Увс аймагт улаанбуудай ихээхэн тариалдаг. Энэ жил бороо хур элбэг байсан. Энэ нь улаанбуудайн ургалтад сайнаар нөлөөлсөн.

Харин чийг их байснаар болцыг 15-20 хоногоор хойшлуулдаг. Нэмээд хэнзэлж ургах зэрэг асуудал гардаг. Зарим орой тариалсан газрууд ногоон тэжээлд шилжүүлэхээс өөр аргагүй байна. Энэ сарын 3-нд ургацын комисс хуралдсан.

Түүн дээр нийт 10 гаруй мянган га-г ногоон тэжээлд шилжүүлэх талаар орон нутгийн асуудал хариуцсан дарга нар хэлж байна лээ. Тэгэхээр бага зэрэг хүндрэлүүд бий гэж харах хэрэгтэй.

Гэхдээ Хүнс хөдөө аж ахуйн яамнаас бид хангалттай хэмжээний ургац авна гэж мэдэгдсэн. Нийт 487 мянган тонн буудай хураан авах бүрэн боломжтой гэсэн. Төлөвлөсөн буудайгаа бүгдийг нь авчих юм бол гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Нэмээд дараа жил тариалах 60-70 мянган тонн үрээ нөөцлөөд, онцгой байдлын албанд 40-50 мянган тонн буудай хадгалуулж, спиртийн үйлдвэрийг 18-20 мянган тонн буудайгаар хангана.

Гэхдээ цаг болоогүй байна. Өнөөдөр дөнгөж эхний аж ахуйн нэгжүүд тариа хураалтад орж байна.Чийг ихтэй үед буудайн цавуулаг жаахан багасдаг. Урсчихдаг гэсэн үг. Харин гурилын үйлдвэрүүд 14 хувийн чийглэгтэй, цавуулаг өндөр байхыг шаарддаг. 24 болон түүнээс дээш хувийн чийглэгтэй буудайг 14 хувийн чийглэгтэй болтол хатааж, сэрвээж, цэвэрлэх шаардлагатай. Үүнээс үүдэж чанарт бага зэрэг өөрчлөлт гарч магадгүй гэж харж байна. Одоо бидэнд үнэхээр сайн ажиллах 20 хоног үлдлээ. Энэ сарын 25 гэхэд 70-80 хувиа авдрандаа хийгээд авчих хэрэгтэй.

-Ургац хураалтын үед тариаланчдад тулгарч байгаа голлох хүндрэлийг хэрхэн харж байна вэ. Тарих нэг хэрэг. Түүнийг хаягдалгүй хураан авч, чанартай буудайг үйлдвэрлэлд нийлүүлнэ гэдэг бас чухал байх. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Аж ахуйн нэгжүүдээр явж байхад техникийн засварын асуудал дээр их анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, комбайн засварыг нэгдүгээрт тавих шаардлагатай. Комбайн засвар, тохиргоог муу хийснээс болж нийт ургацынхаа 10-20 хувийг хаядаг. Хоёрдугаарт, бороо ихтэй жил байна. Иймээс буудай чийгтэй бууна. Ингэхээр наранд халаад дотроосоо шатаж эхэлдэг. Нэмээд чанар нь мууддаг. Тиймээс үтрэмийн талбайгаа сайн бэлдэх хэрэгтэй. Талбайгаа цементлээд цэвэрлээд бэлдэх ёстой. Түүнчлэн, цэвэрлэгээ, ачигч машинууд маш их шаардлагатай болдог. Энэ машинуудын засвар, тохиргоог сайн хийх хэрэгтэй байна. Үүнээс гадна ажиллах хүчин тун чухал. Талбай дээр буучихсан улаанбуудайг хатаах, сэрвээх, цэвэрлэх ажиллах хүчин хэрэгтэй. Үүнд оюутан цэргийг дайчлах ажлыг төрөөс зохион байгуулж өгөх шаардлагатай. Одооноос хуваарилаад явуулж байх хэрэгтэй. Тухайлбал, мэргэжлийн чиглэлийн Хөдөө аж ахуйн их сургууль, Техникийн дээд сургууль байна. Мэргэжлийн чиг хандлагатай, номын дууг нь жаахан ч гэсэн сонсчихсон залуусыгаа орон нутаг руу яаралтай явуулж цэвэрлэгээний машиныг засварлах, үтрэмээ янзлах, сав суулгаа бэлтгэх зэрэгт ажиллуулмаар байна. Оройтох вий гэж санаа зовж байгаа. Боловсон хүчний дутагдлаас болж цэвэрлэгээ дутуу хийгддэг. Ийм буудай гурилын үйлдвэрт очихоор маш их хорогдол тооцогддог. Дээр нь нэмээд чийгтэй очсоноор чанарт нөлөөлнө. Гуравдугаарт, газар тариалангийн салбарт хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн асуудлыг ихээхэн анхаарах хэрэгтэй. Шинээр очиж байгаа хүүхдүүд унжсан, дээл зэрэг хувцастай ажиллаад хормой хотоо машинд оруулж гар хөлөө бэртээх үзэгдэл гардаг. Энэ мэтээр таны хэлсэнчлэн, тариалах нэг хэрэг. Хаягдал багатай хурааж, чанартай буудай бэлтгэн авах мөн чухал асуудал юм.

Түүнчлэн, Засгийн газраас хавар тариаланчдаа дэмжинэ гээд 150 тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй зээлэх тогтоол гаргасан. Гэвч энэ шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байна. Үүнээс болж тариаланчид нэлээн хүндрэл учирч байгаа. Яагаад гэхээр манай тариаланчид хавар 150 тэрбум төгрөгөөр дэмжих юм байна гэж банкнаас сарын 1.5-1.8 хувийн хүүтэй зээл аваад ажлаа эхэлчихсэн. Одоо хүртэл хөнгөлөлттэй зээл нь олгогдохгүй байгаагаас болж аж ахуй нэгжүүд маань өрийн дарамтад өртөж эхэлсэн. Өмнө нь зээл авахдаа би төлж чадах болов уу, яах бол гэж тооцдог байсан. Харин хавар Засгийн газраас тэртээ тэргүй гурван хувийн хүүтэй зээл өгөх юм чинь арилжааны банкнаас зээл авч тариалалтаа явуулж байгаад дээрх зээл ороод ирэхээр хөрвүүлчихнэ гэж цээжний хонжоо хийсэн юм. Одоо энэ ургац хураалтын үед богино хугацаанд шийдвэр гаргаж дэмжлэгээ үзүүлээч ээ. Мөн Дарханы замаас болж тариаланчдын хувьд тээвэрлэлт ихээхэн хүндрэлтэй байна. Үүнд ч гэсэн анхаарах шаардлагатай.

-Бид дотоодоосоо улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй бол гаднаас нөхөж авахад хүндрэл үүсэх эрсдэл бий юү?

-Муугаар бодож ургац дутлаа гэхэд гадаад эрсдэл байгаа. Казахстан, ОХУ-ын (манай улаанбуудайн гол импортлогч улс) хүмүүстэй ярьсан. Ургац тааруухан байгаа гэсэн. Хоёрдугаарт, бидэнд гадагшаа экспортлох квот өгөөгүй байгаа гэж байна лээ. Энэ нь 10 дугаар сарын сүүлээр шийдэгдэх юм байна. Тийм болохоор үнэ хэлж чадахгүй байна, хоёрдугаарт ургацын бланс гараад агуулахдаа хийж аваагүй байгаа учир гадагшаа улаанбуудай экспортлох боломж хомс байгааг хэлсэн. Гуравдугаарт, ковидтой холбоотойгоор улс орнууд дотоодын улаанбуудайн нөөцөө бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байгаа учир улс орнууд эхлээд дотооддоо хангалттай нөөц бүрдүүлэхийг эрмэлзэх болсон. Энэ үүднээс эрсдэл байгаа. Төр засаг, иргэд, аж ахуй нэгж анхааралтай байж нөөцөө бүрдүүлж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Гэхдээ би иргэдийн гурил аваад нөөцөл гэж хэлж байгаа юм биш шүү.

Түүнчлэн, энэ жил 237 мянган тонн төмс хурааж авна гэсэн бланс гарсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 60 гаруй мянган тоноор илүү. Бид төмсний дотоодын хэрэгцээний 90 хувийг хангах боломжтой. Үүнд үрээ хадгалаад, спиртийн үйлдвэр өгөхийг тооцсон. Хүнсний ногооны хувьд 113 мянган тонныг авна гэсэн бланс гарсан. Энэ нь өнгөрсөн жилээс 20 мянган тонн илүү юм. Тэгвэл төмс, хүнсний ногоог хураахад улаанбуудай хураахаас хэд дахин илүү ажиллах хүч шаарддаг. Мөн хөрсөн дээр хүйтрэхэд л хөлддөг. Улаанбуудай бол цас орсон ч хурааж авах боломжтой. Тиймээс богино хугацаанд маш их ажиллах хүчин, техникийн хүчин чадал шаарддаг учир улаанбуудай гэлтгүй төмс, хүнсний ногоон дээр ч анхаарах нь зүйтэй. Мөн энэ жил 109 мянган тонн ногоон тэжээл авна. Энэ нь өмнөх жилээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. Зун, намар бороо элбэг байсан бол өвөл хүйтэн болдог гэж ярьдаг. Харин ногоон тэжээл өвөл малд хамгийн хэрэгтэй шим тэжээлийг өгч чаддаг. Тэгэхээр их хэмжээний ногоон тэжээл авч байгаа учир борлуулалт дээр зөв зохион байгуулалт хийж ажиллах шаардлагатай.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитойхон санхүүжилт хийх цаг нь болсон

-ХЭРВЭЭ УЛС САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДВАЛ МОНГОЛ ХҮНД ТААРСАН ОНОШЛУУР, ВАКЦИНЫГ МОНГОЛ ЭРДЭМТЭД ХИЙЖ ЧАДНА-

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Дэлхийд шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж, тэр хэрээрээ энэ салбарт улс орнууд мөнгө хаяж байна. Монгол Улсын Шинжлэх Ухааны академид 2020 оны Улсын төсвөөс хэр хэмжээний санхүүжилт төсөвлөсөн бэ?

-Одоогоор Монгол Улсын Шинжлэх Ухааны салбарт нийт 2000 гаруй хүн ажиллаж байна. Түүний 1100 орчим нь Шинжлэх Ухааны Академид ажилладаг. Үлдсэн нь салбар хүрээлэнгүүд болон Яам тамгын газруудад ажиллаж байна. Нийт цалингийн сангаар нь бодвол 1700 гаруй хүн үндсэн цалингаар ажилладаг гэсэн судалгаа бий. 2020 оны ШУА-ийн төсөвт 38 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 70 орчим хувь нь цалин гэж ойлгож болно. Үлдсэн нь урсгал зардал болон эрдэм шинжилгээний ажлын зардал юм. 2019 болон 2020 оны эрдэм шинжилгээний ажлын зардалд тус тус 13 орчим тэрбум төгрөг орсон байдаг.

-Шинжлэх ухааны салбарын анхдугаар их хурал дээр төрийн гурван өндөрлөг тэр дундаа У.Хүрэлсүх сайд эрдэм шинжилгээний ажилчдын ажиллах нөхцөл, судлагаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлнэ гэж амласан байсан. Ер нь амлалтдаа хүрч ажиллав уу?

-Монгол Улсын Шинжлэх Ухааны салбарт 2016 оноос өмнө санхүүжилт тэр бүр байхгүй байсан. Шинэ Засгийн газар байгуулагдаж ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулна ч гэж ярьсан. Гол үйл явдал 2019 оны ШУ-ы салбарын анхдугаар их хурал дээр болсон. Тэр хуралд төрийн гурван өндөрлөг маань эрдэм шинжилгээний ажилчдын ажиллах нөхцөл, судлагаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлнэ гэж амласан. Энэ амлалтын хүрээнд ерөнхий сайд У.Хүрэлсүх томоохон бүтээн байгуулалт хийж байгаа. Инновацийн төвийн калластрийн төв байгуулах юм. Үүнд нийт 94 тэрбум төгрөгийн төсөв батал ж өгсөн. Энэ нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Ингээд 2020 онд гурван тэрбум төгрөг олгож байгаа юм. Энэ ажил ч үндсэндээ хийгдээд явж байгаа. Сүүлийн 60-70 жил байгаагүй том бүтээн байгуулалт юм л даа. Зураг төсөл, тендер нь шалгараад одоо газар шорооны ажил руугаа орж байгаа. Харин үүнээс цааш лабораториудын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах асуудал яригдах байх л даа.

-Коронавирустэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд төрөөс хэчнээн төгрөгийн санхүүжилт өгсөн бэ?

-Коронавирустэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд 600 сая төгрөгийг Шинжлэх Ухаан Технологийн Санд өгсөн. Ер нь манай академийн хувьд 1100 хүний цалин болон бусад урсгал зардлууд гэж бий. Энэ төсөв маань цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор өссөн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар урсгал зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

-Энэ 600 сая төгрөгөөр ямар судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг эрдэмтэн, судлаачид хэрэгжүүлж байна вэ?

-Манай Шинжлэх Ухааны Академи болон Биологийн хүрээлэн хамтраад судлаач доктор Э.Оюунсүрэнгийн ахалсан оношлуур бүтээх багийг байгуулсан. Уг баг амжилттай ажиллаж байна. Энэ оношлуурыг эхний ээлжинд арван хүнд туршсан шүү дээ. Дараагаар нь энийгээ 100-160 хүнд мөн энэ оношлуураа тавина. Үүний төсөв 180 сая төгрөгийг улс шийдэж өгч байгаа.Ингээд тухайн хүнд дархлаа буюу эсрэг биет үүсч байгаа эсэхийг шалгах юм. Үнэхээр эсрэг биет үүсч байгаа бол энэ оношлуур батлагдаад үйлдвэрлэгдээд эхэлнэ гэсэн үг. Урьд нь арван хүнд тавьсан оношлуурт ямар нэгэн алдаа дутагдал илрээгүй. Улс нэг оношлуурыг 700-900 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм билээ. Түүний оронд дотооддоо энэ оношлуурыг хийчих юм бол зардлаа тэр хэрээр хэмнэнэ л гэсэн үг.

-Оношлуур баттай гэдэг нь тогтоогдчихвол хэдэн төгрөгөөр бүтэх вэ. Импортоор орж ирдэг оношлуураас хямд өртөгтэй байж чадах уу?

-Ямар ч байсан гадаадаад худалдаж авдаг оношлуураас хоёр дахин хямд.

-Оношлуураас гадна судалгаа, шинжилгээний хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм билээ?

-Энэ төслийг Шинжлэх Ухаан Технолийн сангаас асуувал дэлгэрэнгүй, тодорхой ярина. Манай биологийн хүрээлэнд зөвхөн оношлуур бэлтгэх төслийг өгсөн. Ер нь бол манайхаас гадна салбар хүрээлэнгүүд дээр олон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх төсөл хөтөлбөрүүд төрөөс 600 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд явж байгааг дурдсан. Гэхдээ 600 сая гэдэг бол үнэндээ бага тоо шүү дээ. Коронавируст дэлхийн улс орнуудын зарцуулж байгаа мөнгийг харьцуулахад 600 сая төгрөг бол үнэндээ бага мөнгө. Коронавирус тархсан улсуудад нэг хүний эмчилгээний зардал хэдэн доллар болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэл улс байж судалгааны ажилдаа 600-хан сая төгрөг гаргаж байна гэдэг бол гутамшигтай.

-Улс орнууд коронавирустай холбоотой судалгаа шинжилгээний ажилд асар их хөрөнгө хаяж байна. Бидний хувьд илүү хүлээзнэсэн байдалтай байгаад байна уу, гэж хараад байгаа?

-Одоо л бид эрдэмтдээ ашиглах цаг шүү дээ. Миний бодлоор дэлхийн эрдэмтэд өөрсдийнхөө үндэстэн ястан, ард түмэндээ зориулсан судалгаа шинжилгээг л хийж байна. Гэтэл бид өнөөдөр түүндээ анхаарахгүйгээр гаднаас вакцин хүлээгээд байгаа. Хятад, америк, орос хүндээ тааруулсан вакциныг бид авах гээд хүлээгээд суугаад байна. Зүй нь бол бид монгол хүндээ таарсан оношлуур, вакциныг монгол эрдэмтэд хийх ёстой. Хэрвээ мөнгө нь байгаад үнэхээр улс санхүүжүүлж чадна гэх л юм бол манайд боловсон хүчин байгаа шүү дээ. Одоо 2000 оны эхэн үе биш байхгүй юу. Энэ чинь 2020 он. Энэ хорин жилийн хугацаанд гадаадад маш олон эрдэмтдээ бэлтгэчихсэн. Канад, Америк, Австрали гээд Европын том том сургуулиудыг маш олон доктор төгсчихсөн. Гол нь лаборатори, тоног төхөөрөмж санхүүжилт л муу байна. Өнөөдөр санхүүжилт, хангамж байхгүй бол үнэхээр мундаг чадалтай эрдэмтнээс юу гарах вэ. Жишээлбэл, хими, биологийн хүрээлэнгүүд өөрсдийн байгаа нөөц бололцоон дээрээ л тулгуурлан ажиллаж байна. Үнэхээр лабораторийн тоног төхөөрөмжийг сүүлийн хэдэн жил улсаас бараг өгсөнгүй. Бид улсыг хараад суулгүй гадаадын маш олон төсөл хөтөлбөрүүдээс лабораторийн тоног төхөөрөмжүүдийг авсан. Тэгэхээр улсаас хэзээ ч гадаадын төсөл хөтөлбөрүүд тоног төхөөрөмж ав гээд зардал өгөхгүй шүү дээ. Бид цалин, зардалаа хэмнэсэн байдлаар л илүүчилж байж тэр мөнгөөрөө авдаг. Иймэрхүү байдлаар бид шинжлэх ухааны академийн хэмжээнд нэлээн хэдэн лабораторуудын тоног төрөөрөмжүүдийг шинэчилсэн.

-Вакцин хийх боловсон хүчин бидэнд байгаа гэж ойлголоо. Гол нь мөнгө санхүү дээр л асуудал үүсээд байгаа юм байна. Тийм үү?

-Жишээлбэл, коронавирусийн эсрэг вакцинийг манай анагаах ухааны хүрээлэн, биологи, химийн хүрээлэнгүүдийн эрдэмтдийг хамруулаад вакцин хийе гэвэл манай эрдэмтэд оролцоход бэлэн. Ганцхан үүнийг нэгтгэж засгийн газраас даалгавар өгөх хэрэгтэй. Өнөөдөр чи, би гэх зүйлгүй болсон шүү дээ. Шинжлэх Ухааны академи, Их дээд сургуулиуд өөр салбар хүрээлэн гэж ялгах зүйл байхгүй бид хамтраад л ковидийн эсрэг ажиллах хэрэгтэй. Тэгэхийн тулд бидэнд өнөөдөр олон улсын түвшинд бэлтгэгдсэн лаборатори хэрэгтэй.

-Шинжлэх Ухаан Технологийн санд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн хийх санхүүжүүлэлт бий юү?

-Одоогоор Шинжлэх Ухаан технологийн сан дээр эрдэм шинжилгээний ажлын зардал нэг ч төгрөг байхгүй. Ингээд манай эрдэмтдийн судалгаанууд бүгд зогсчихсон. Эрдэмтэн одоогоор юу хийж байна вэ гэхээр үндсэн цалин, үйл ажиллагааны зардалаа аваад гадаад руу төсөл хөтөлбөр бичээд л сууж байна. Улсаас өгч байгаа мөнгө байхгүй юм чинь өөр хийх зүйл алга. Нөхцөл байдал ийм л байна.

-ШУА-ийн лабораториудын тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр төрөөс анхаарч байна уу?

-Ер нь бол бид социализмын үеийн лаборатори, төнөг төхөөрөмжтэйгөө байж байгаа шүү дээ. Дэлхийн нийт шинжлэх ухаанаар хөгжиж байгаа үед бид тэр болгонд багаж тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болж байна. Багаж тоног төхөөрөмж худалдаж авсан жилүүд гэвэл цөөхөн дөө. Төрөөс 400-500 сая төгрөг л өгдөг юм. Тэр нь юу ч болохгүй байна. PCR ч юмуу ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авахад дэлхийн зах зээлд ямар үнэтэй байдаг билээ. Хамгийн багадаа л 50 мянган доллар болно. Ер нь нэг санаачлага гаргахад энэ биологи, хими, физикийн хүрээлэнгүүдийг парк маягаар байгуулбал харилцаа холбооны хувьд ч ойрхон болно шүү дээ. Эрдэмтэд хоорондоо маш их мэдээлэл солилцоно. Дэлхийд шинжлэх ухаан каластрийн төвөөр хөгжиж байна. Манайх ч мөн энэ жишигт орох ёстой. Үүнийг дэмжээд каластрийн төв байгуулаад өгчих юм бол эрдэмтэд маань тэндээ л очиж сууна.

-Монгол эрдэмтдийн цалин хэд байдаг вэ. Эрх баригч намын зүгээс шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ?

-Ер нь бол лабораторын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд 20 орчим сая доллар гэсэн тооцоо гарсан байсан. Нөгөө талдаа олон улсын эрдэмтдийн цалинг монгол эрдэмтний цалинтай харьцуулахад хэцүү шүү дээ. Хамгийн ойрын жишээ Оросын холбооны улс манайх хоёр ойролцоо хөгжлийн түвшинтэй гэж явдаг. Тэгэхэд орос эрдэмтний цалин манай эрдэмтдийн цалингаас дөрвөөс тав дахин илүү. Бүр олон улсын жишиг ярихаа больё. Бүтэн цагаар ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтан гэхэд дундаж цалин нь 905 мянга. Гэтэл их, дээд сургуулийн дадлагажигч багш нэг сая 500 мянга төгрөгний цалин авдаг. Ингэхээр ямар сайн эрдэмтэн бидэн дээр ирж судалгаа шинжилгээ хийх вэ дээ. Цалингаа ядаж олон улсын түвшинд хүргэдэггүй юм аа гэхэд ядаж амжиргааны түвшинд хүрчих хэмжээний байвал энэ гадаадад байгаа эрдэмтэн судлаачид маань ирэх боломжтой болно. Тэд эх орондоо юм хийхийг хүсч мөрөөдөж л байгаа. Ийм л асуудлуудыг шийдчихвэл манай шинжлэх ухааны салбарт сөнөчихсөн зүйл байхгүй. Ямар ч байсан урагшаа явна л гэж бодож байгаа.

-Ер нь лабораториудын судалгааны багаж хэрэгслийн ашиглах хугацаа, норм нь ямар байдаг юм бэ?

-Жишээлбэл, хүмүүс гар утсаа хэдий хугацаанд шинэчилж барьдаг вэ. Асар хурдацтай өсөж байгаа техник технологийг харах юм бол бараг зургаан сар тутамд солихоор байгаа биздээ. Гэтэл бид заавал шинэ гарсан бүхэн рүү уралдах албагүй. Ямар нэгэн тоног төхөөрөмж 15 жилийн хугацаа нормтой гэж бодъё. Гэхдээ тухайн төхөөрөмж 20 жил үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ одоо технологийн хурдац, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд бодохоор эдгээр тоног төхөөрөмжүүд тав зургаан жилийн дараа л хоцрогдоод байна. Бид судалгааны багаж хэрэгслээ сольж, шинэчлэх давтамж тогтоосон зүйл байхгүй. Хэрэв та завтай бол хүрээлэнгээр дагуулаад үзүүлэхсэн. Манай хүрээлэн 1980-1990 оны тоног төхөөрөмжүүдээ ашиглаад л сууж байна. Нарийн багажуудаа яалтч үгүй сольж л байгаа. Тэгээд нарийн багажаа авангуут үндсэн тоног төхөөрөмж нь байхгүй. Үндсэн тоног төхөөрөмжөө авчихаар нарийн багаж нь байхгүй. Ингээд уялдаж өгөхгүй л байна. МАН-ын хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэчихсэн байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулна гэсэн заалтууд байна. Тэгэхээр энэ заалтуудаа хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Нэг сайхан заалт тавьчихдаг. Санхүүжүүлэх болохоор мөнгө байдаггүй. Тэрийг зарим удирдлагын түвшний хүмүүс ойлгодоггүй. Эсвэл ойлгохыг хүсдэггүй юм уу. Үнэхээр шинжлэх ухааны салбарт дорвитойхон санхүүжилт хийх цаг нь болсон.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдэлчний хараал (II)

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ХОЁР. ЦУСГҮЙ ХАРААЛ БАЙХ ЧИНЬ ЮУ ВЭ?

ХХ зууны сүүлийн хагаст өсч торнисон бидний үеийнхний гол хараал нь “П…”, “на…” гэсэн орос үг байлаа. Тал нутагт тогтсон Кремлийн дэглэмийг даган орж ирсэн хараал. Малчин ардууд оросоор мэндэлж, үдэж сурахаасаа өмнө харааж сурав. Монгол хэлнээ “Здравствуйте”(Сайн байна уу), “Досвидания”(баяртай) хоёроос түрүүлж нэвтэрсэн хэллэг ажгуу. 1921 оны Ардын хувьсгалын дараахан ирсэн Улаан армийн зөвлөхүүд, Дотоодыг хамгаалахын сургагч нар бүдүүлэг хоцрогдсон “арат”-уудыг энэ хараалаар адислаж эхэлснээс тэгж хурдан түгээ юм болов уу?

Нам төрийн албан хаагч нар, хүчний байгууллагынхан Зөвлөлтийн мэргэжилтнээ дуурайх үүднээс “пи…дэж” эхэлсэн бол жирийн ардууд энэ үгийг “цус ба хүүр”-ийн боловсронгуй хувилбар төдий санасан шиг байгаа юм. Хээр тал, гэрт гадаагүй, хөгшин хөвөө ялгалгүй оросоор харааж сурлаа.

Харин манай үеийнхэн, амандаа зуусан тамхиа анзааргагүй юм шиг атлаа сурмагаар дээд доод уруулдаа ээлжлэн наалдуулах ах нараасаа сурсан үг. Хүүхэд насны гэнэхэн зангаар томчуудын үйлдлийг дуурайж, хараалыг хэлж сурвал хурдан том хүн болно гэсэн гэнэхэн мөрөөдөл байснаас тэр.

Бидний үед Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн шинэ үеийн сэхээтнүүд олширсон юм. ХХ зууны БНМАУ-ын 30.000 орчим залуус Зөвлөлтөд янз бүрийн шатны боловсрол эзэмшсэн байдаг.

Монголчууд тэдний амнаас “Пи”, “На” энэ тэр бол хүүр цустай ямар ч хамаагүй үг гэдгийг дуулаад мэл гайхлаа. Цус, хүүртэй хамаагүй болоод зогсохгүй хүний үржлийн эрхтэнтэй холбоотой үг гэдгийг мэдээд бүүр цэл хөхрөв.

Монголчууд үржлийн эрхтнүүдээ дуудан хараах байтугай муухайгаар үл хэлнэ. Албан ёсоор бол “Бэлэг эрхтэн” гэдэг нь Бурхны ч юм уу, байгалийн өгсөн бэлэг, эр хүмүүс бие биедээ аз жаргал, таашаал бэлэглэх эрхтэн гэсэн хоёргүй нэг санаа. Хар ярианд, жишээлэхэд эр бэлэг эрхтнийг “боов” гэдэг нь тансаг амтатны нэр бөгөөд түүний хүчээр амьдралын амтыг хүртэх утга.

Гэтэл бурхны нандин бэлэг, амьдралыг амтлуулагч эрхтнээ хараал болгоно гэдэг юу гэсэн хэл вэ, таминь! Хүнийг бэлэг эрхтэнтэй зүйрлэх, цаашлаад хурьцмар гэх нь хараал гэхээсээ илүү, амьдралын бал бурмыг бэлгэдсэн ерөөл бус уу, харин ч нэг.

Чухам эндээс л хотшин суурьсан иргэд хийгээд толгой толгойгоо даасан нүүдэлчдийн соёл, үнэт зүйлийн ялгаа харагдаж эхэлдэг. Аль ч нийгмийн байгууллаас үл хамааран хүнийх нь хувьд үгүйсгэх агуулгатай хэллэг, хандлага хараалд шингэнэ. Хотшин суурьшиж, иргэншин хөгжсөн иргэдийн хараал зүхлийн цаад утга нь хувь хүнийг нийгмээс нь гадуурхах санаа агуулдаг. Таагүй нэгийгээ хажиглан ганцаардуулах, нийгмийн гишүүдийн тойргоос гаргах санаа бүхий доромжлол. Ийм учраас хараалгуулагч этгээдийг хүний нийгмийн хэвийн гишүүнд байх боломжгүй харагдуулдсан шалтаг, шалтгаан, онцлогийг тодруулан дурдана.

Тухайлбал, бэлэг эрхтнээ ёс бусаар хэрэглэх, ичгүүргүйгээр ёсон бусын хурьцал үйлдэх, ялангуяа эцэг, эхтэйгээ болон гэр бүлийн хүрээнд бэлгийн харилцаа үүсгэх гэхчлэнгийн жигшүүрт явддлыг үйлдэгч мэтээр тааламжгүй этгээдийг хараах нь түгээмэл.

Санаандгүй, төөрөгдсөн байдлаар ч болов эхтэйгээ хурьцах нь нүгэл хилинцийн оргил хэмээн хүн төрөлхтөн үзсээр ирсний илэрхийлэл нь эртний Грекийн эмгэнэлт жүжгийн хаан Софоклын “Эдип” жүжиг авай. Хувь тавилангийн эрхээр тэнэж төөрч явсаар эцгийгээ хороож, ээжтэйгээ гэрлэдэг Эдипийн дүр үнэн хэрэгтээ зайлах аргагүй “үйлийн үр”-ийн философи боловч соёлт ертөнц түүнийг эхтэйгээ хурьцсан хилинцтэн гэдгээр нь мянга мянган жил жигшсэн бөлгөө.

Монгол хэлэнд, аанай л орос хэлнээс орж ирсэн “ёвтмоймайд”( баруун монголын “Эхээнь…” гэдэгтэй дүйх хараал. Энэ нь Халхуудыг бодвол Хаант Оростой илүү эртийн холбоо сүлбээтэй улбаа ч байж магадгүй) бол үүний жишээ. Бусад “пи, на” толгойтноо бодоход хэлэхэд урт тул арай л цөөн согсддог байж. Зохиогчийн анзаарснаар бол, хараагч этгээд нэгж хугацаанд аль болох олон хараал хэлэх сонирхолтой байдаг юм шиг санагдсан.

Монгол залуус хүүхдүүдийн дунд хэл, авианы үндэстний спорт гэмээр тоглоом түгээмэл. Тод түргэн хэллэгээр уралдан “Эргэн дээр элээ хэрээ галуу эргэлдэнэ”, “Аавын алаг бяруу араа ч нэг долооно, өврөө ч нэг долооно” гэхчлэн олон давтахдаа гийгүүлэгч авиаг зөрүүлэх, зөрүүлэхгүй дээр бооцоолно. Эсвэл, нэг амьсгаагаар “32 цагаан лонх” гэдэг өгүүлбэрийг хэн олон хэлэхээ мөрийцнө. Хараал хэлэх урлаг нь энэхүү авианы спортдоо шингээж, нэг дор, нэг амьсгаагаар аль болох олон хараал хэлэх эрмэлзэлтэй болгосон ч байж мэднэ. Ийм шалтгаанаар “Пи, на тэргүүт хараал” нь их хэлэгдээд “ёвт” нь цөөхөн өгүүлэгдсэн байж болох.

Арван хэдэн настай байх үе санагдана. Хонины ээлж заримдаа таардаг, таарах тоолонд хоёр хот айлыг сүргийг нийлүүлчих шахан тоглоомдоо улайрдаг нэг жаал байв. Тэрээр нэгэнтээ манай хотонд нийлсэн хэдэн ямаагаа ялгах гэж үзээд барсангүй.

-За яршиг, дургүй ламд дуржаа сахиус гэгчээр… томчууд өөрснөө ялгана биз хэмээн пээдийгээд давхин одсон юм.

-Дуржаа гэдэг ямар сахиус байдаг юм бол гэсэн сониуч зан хөдлөөд хүн амьтнаас асуулаа. Их л сайндаа “Дуржаа биш ээ, Даржаа сахиус байлгүй яахав” гэхээс өөр олигтой тайлбар сонсоогүй юм. Ямар ч байсан нэг сахиус байна, тэрнийг зүүхдээ зарим лам дургүй байдаг бололтой гэхээс өөр юм ойлгосонгүй. Аль ч утгаараа албадлагын эсрэг санаатай энэ хэллэг миний эшлэл зүйрлэлийн санд орж, залхуугаа тайлбарлах сайхан афоризмтой боллоо.

Дашрамд сонирхуулахад, нүүдэлчид сонин содон зүйрлэл хэрэглэн цэцэрхэх, илүү содон хэллэгээр ялгаран гайхуулах дуртай байлаа. Дээрэлхүүлж байгаа сул дорой нэгнээ зүгээр нэг өмөөрөхгүй, “Муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү” хэмээн зүйрлүүлнэ. Буруугүй атлаа үйлээ үзэж байгаа хүнийг өрөвдөхдөө “Зовлонтын толгойг тэмээн дээрээс ч нохой зулгаана гэгчээр” хэмээн, гүн ухааны эшлэл дагуулан шогшрох жишээний.

Яг түүн шиг залхуурсан, хийхээс халгасан ажлаас зайлсхийхэд авардаг “Дуржаа” сахиусны нууцыг мэдэх хүслээ би бас хаяагүй л явав. Хожим оюутан болсон хойноо мэдэх нь ээ “Дургүй ламд дарж байж сахил хүртээх” гэсэн үг байж таарав. Нэг амсгаагаар, нэг ээлжинд аль болох олон эш татах, цэцэрхэх санаархал дотор “Дарж байж” нь “даржаа” болоод сахил хүртээх үйл нь сахиусанд хувирсан байж таарав гэх мэт. Юун “гэх мэт” гэхээр, түрүүний өгүүлсэн “Е… ” хэрхэн хураагдаж “ёвтмоймайд”-д агшсан, бас “пи, на” хоёртоо шахагдсаны учирт болой.

ГУРАВ. БИТГИЙ ҮХ, ХАРИН ХҮНИЙ ЭРХШЭЭЛД ОР

За тэгээд, суурин газарт амьдрал ахуй, хувь заяа нь бусадтайгаа салахын аргагүй холбогдсон хүмүүс нэр нүүрээ барахаараа үхсэнээс ялгаагүй болдог, хараал зүхэл нь ч чингэж амьдаар нь алахад чиглэдэг юм байж бодъё. Гэтэл тал нутагтаа, хүнтэй тааралдахгүй шахам яваа хүнийг яаж хүний нүүр харахгүй болгох вэ? Ганц, ганцаараа гал болж, ганц модноос гал гаргаж яваа нүүдэлчнийг ганцаардуулна гэхээр яахын нэр вэ? Чухам энэ асуултаас “цус нөж”, “хүүр” голлон нүүдэлчний хараалын учиг тайлагдаж байгаа юм.

Тал нутгийн дайчин баатарлаг ард түмэн болох монголчууд хүнтэй л адилхан нэр төрөө эрхэмлэнэ. Гэхдээ нэр төрийг олж авдаг, хамгаалдаг замнал нь өөр.

Суурин иргэд нэр төрийг бусдынхаа итгэлийг хүлээх замаар олдог. Эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөх нь хувь хүний байр сууриа бэхжүүлэх арга зам болдог. Тэдний хувьд хүн итгэж байх нь чухал. Итгэж байвал л чамайг дагана.

Гэтэл нүүдэлчид эхэлж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээд дараа нь итгэлийг олдог. Олох ч юу байхав байлдан дагуулна. Нүүдэлчний нийгмийн дүрмийг илүү хялбараар “Хүнийг айлгаж л өөртөө итгүүлнэ.Айсаар л байвал итгэсээр байна”” хэмээн томьёолж бас болно. Ер нь олон нийтийн итгэлийг байлдаж л олно, олсон итгэлээ байлдаж л хамгаална. Байлдан олох гэдэг нь ямар ч шилжсэн утгагүй, шууд л зэвсэг хэрэглэх гэдгээрээ шүү.

Тэгэхээр гадуурхагдахын зовлон нь хот суурингийнхнаас өөр. Нүүдэлчин этгээд гадуурхагдах эсэхэд ёс суртал бараг хамаагүй. Ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөгдөмгүй үйлдэл хийсэн этгээд байлаа гэхэд аглагхан тал нутгийнхаа аль нэгэнд ганц гэрээрээ очоод хэвтчихнэ. Тэртээд цэнхэртэх өөр нэг жалганд хүний хайлан болсон ёс сурталтай нэгэн, малчин Жан Жак Руссо яг л ингээд ганцаараа хонио хариулаад явж л байгаа. Хэнийг нь гадуурхагдан зовж явна гэх билээ?

Харин хэн нэгэн чамайг байлдан дагуулсан л бол чи хүрээллээсээ шахагдана. Чиний хүнлэг, зарчимч явсныг хувь тавилан огоот авч хэлэлцэхгүйгээр гадуурхлын ангалд шидэж орхино.

Ийм орчин тааламжгүй этгээдийг “persona non grata” гэж зарлахын тулд бусдыг байлдан дагуулах чадавхыг нь алга болгох хэрэгтэй. Нүүдэлчний хараал чухам үүнд л чиглэнэ.

Тал нутгийн баатрууд хэмээн алдаршсан дайнч нүүдэлчдийн хараал, зүхэл нь ёс суртахуун руу нь биш, харин байлдан дайтах чадвар руу нь хандсан байдаг нь ийм учиртай.

Хорвоогийн жамаар үхэхийг муухайгаар үзэхгүй. Тэр ч байтугай хорвоогийн жамаараа үхэж өгөхгүй, нүүдэл суудал, ан гөрөөний дарамт болсон өтгөсийн аманд сүүл чихээд, ач хүүгээр нь ясаар чихүүлж алдаг заншил эртний нүүдэлчдэд байж. Үүнийг сануулсан “Ам барих ач” гэдэг хэллэг одоо ч монгол хэлнээ буй.

Монгол хэлнээ буй “хөгшин зөнөг” гэдэг хараал нь жамаараа өтлөхийг заасан гэхээсээ илүү жам ёсны лимитийг хэтрүүлэн амьд явж нийгэмдээ гадуурхагдаасай гэсэн санаа түлхүү бололтой. Сүүл чихэж “амыг нь барин” үхүүлэх учиртай ач, зээ үгүй болж, удам нь тасраг гэсэн санаа ч байх шиг.

Энийг ярьсан дээрээ сонирхуулахад, та хөдөө хээр тааралдсан малчнаас “Тэмээ яг хэд насалдаг вэ”, “Хонины биологийн насны дээд хязгаар хэд вэ” гэж асуугаад нэмэргүй. Тэдний хэн нь ч хөгшрөөд үхсэн, байгалийн жамаар насаа дуусгасан мал хараагүй байдаг. Малыг хөгшрөх, унаган мах нь шуугдахаас нь өрсөөд алж иддэг. Хүүхдүүдийнх нь хайртай морь, саалийн үнээ ч өршөөгдөхгүй. Малчид бие биенийхээ хайртай малыг хоорондоо солиод алж иддэг.

Мэдээ орсон цагаас хойш сонссон тайлбар нь “Мал өтөлж үхэхээрээ маш их зовдог. Бэлчээр гүйцэхээ больж хээр хаягдана. Тэгээд чоно нохойнд амьдаараа зулгаалгана. Тэнхээгүй болоод хэвтэж байхад нь хон хэрээ нүдийг ухна… Морио ачаад нүүж чадахгүй, хайртай үнээгээ сахиад зусландаа өвөлжихгүйгээс хойш яалтай билээ. Алж идвэл харин ч ингэж зовохгүй шүү дээ” гэх. Надад хариу байсангүй.

Харин манайхан нохойны насыг мэднэ. Хотны нохой зөнөөд хүний өөрийнхийг ялгахаа байж, хараа нь муудан доог тохууны амьтан болж дуусна. Нохойны махыг идшинд хэрэглэхгүй тул зөнөхөөс нь өмнө алах сэдэл бага. Буурин дээрээ хаялгүй ачаад нүүхэд ч хөнгөн амьтан. Ийм болохоор нохой хэд насалдгийг, хэрхэн зөнөдгийг нүүдэлчид сайн мэднэ. Ийм учраас “Хөгшин зөнөг” гэдэг хараалын чиглэл ойлгогдоод ирнэ. Энэ хараал хүнийг үхээсэй гэхийн оронд “хөгширсөн ч үхэлгүй амьтны элэг доог болж, амьд байгаасай” гэсэн санаатай бус уу гэж бодогдоно. Үргэлжийн амь дүйсэн аялал, тасралтгүй нүүдэл дунд өтөлж хөгшрөн хүч тэнхээгээ алдах нь хүн малд ялгаагүй амьдын там байсан бололтой.

ДӨРӨВ. ХҮҮР, ЦУС ХОЁР.

Нүүдэлчин монголчуудын хараал дотор “Хүүр” чухал байр эзэлнэ. Зарим газарт, жишээлэхэд орос хэлний “Живой труп” буюу амьд хүүр гэдэг үг нь их төлөв амьд хүн шиг үйлдэл хийх чадамжаа алдахыг заасан хэллэг байдаг. Харин монгол хэлний “хүүр” бол амь гарч одсон жинхэнэ цогцос, бүрлээчийн шарилыг заана.

Хүн олон янзаар үхэж болдгийн нэгэн адил хүүр нь дотроо олон янзын зүхэл, тодотголтой. Дээр өгүүлсэн “яс нь цайрсан хүүр”-ээс гадна “өгөр хүүр”, “хөсрий хүүр” байна. Тэр ч байтугай зомби-гоос илтэд ялгамжилсан “үхсэн хүүр” хүртэл бий. Монголчуудын “Хар хүүр” гэсэн хараалд арьс өнгөөр ялгаварлах апартейд үзлийн ямар ч үнэр ороогүйг тангараглаж болно. Хар гэдэг үг өнгө илэрхийлэхээс гадна, хүч нэмэгдүүлэх утгатай. Хар хурдаараа, хар аяандаа, хар эрчиндээ гэхчлэнгийн хэллэгээс үүнийг харж болно. Иймээс “хар хүүр” гэдэг үг “машид хүүр”, “хүүр гэмээнэ хүүр”, “хүүрийн дайтай хүүр” л гэсэн утгатай болохоос эзнийхээ арьс өнгийг заагаагүй гэдэгт итгэж болно.

Арьсны өнгө заагаагүй хараал гэдэг нь монголчууд Африкийн тухай мэдлэггүйдээ биш юм. Дэлхийн талыг эзэлж явсан үндэстнүүд хорвоогийн үндэстэн болгоныг (хараахан нээгдээгүй байсан уугуул Америкчууд, Австралийн аборигенийг эс тооцвол) харсан л байж таарна. Гэтэл, бусад арьстны амьд бус байдлыг заах “цагаан хүүр”, “шар хүүр” зэрэг хувилбар байхгүй байгаад байгаа юм.

Тааламжгүй этгээдийг “хүүр” болгохтой өрсөлддөг, аанай л өөрийн гэсэн олон тооны дэд хэллэгтэй хараал бол “цус” юм аа. Гол санаа нь шархдах зэргээр өөрийн байлдан дагуулж зөвшөөрүүлэх чадамжаа алдах, улмаар бусдын эрхшээлд орохдоо тулахыг “ерөөсөн” агуулга.

Цус алдах, шархдах хэлбэр олон янз байдгийн нэгэн адил “цусан хараал” аанай л салаа мөчир олонтой. Хүүртэйгээ харилцан зохиомжлогдсон “цусан хүүр” гэдэг комбинаци ч байна.

Улмаар “Цус нь садрах”, “цусаар саагих”, “цусаараа тээглэсэн”, “цусаа холиулмар”, “муу цус” гээд л явж өгнө. Аа тэр, “муу цус” гэдэг бол цусны бүлэг, бүлэгнэл, цус ойртож муудахтай ёстой падлийгүй. Зүгээр л “муу” дээрээ “цус” хавсаргасан хараал.

Хүүрнээсээ ялгаатай нь “цус” өөрөө үйл үг болон хувирна. Жишээлэхэд, “Цусыг чинь холиод хаяна шүү” гэдэг заналхийлэлд одооны зарим хүний ойлгоод байгаа шиг “гадаад хүнтэй суулгана”, “Монгол цусыг нь европтой эрлийзжүүлнэ” гэсэн утга байхгүй. Тэр ч байтугай, “цус сэлбэх шаардлагатай үед таарах цус олдохгүй, өөр группийн цус хийлгэх эрсдэлд ормор” гэсэн санаа ч үгүй. Шууд л өөрөө халдаад, хүчирхийлээд шархдуулаад цусыг нь гаргана гэсэн санаа. Ер нь монгол хараалд дам утга, битүү далд санаа бараг байхгүй дээ, цус гэсэн бол цус, хүүр гэвэл хүүр л байдаг.

Заримдаа, цусан магтаал ч юм уу гэж эндүүрмээр “Овоо муу цус юм аа”, “Манай тэр бас л сайхан цус шүү” гэсэн өөриймсүү элэгсэг хэллэг тааралдана. Энэ бол магтаал огт биш, харин хэн нэгэн этгээдийн буруутай үйлдэл өөрт нь ашигтай туссан, бах тавыг нь хангасан тохиолдолд хэрэглэдэг үг. Чамайг байнга дарамталдаг ч өөдөөс нь хариу барих боломжгүй этгээд байлаа гэж бодъё. Тэр этгээдийн чинь толгойг Х (икс) хулигаан хага цохисон байг. Яг ийм үед “Тэр Х гэдэг чинь овоо муу цус юм аа. Даргын маань толгойг хага цохисон гэнэ” хэмээн битүүхэн бахдаж бас болдог.

Эцэст тэмдэглэхэд, суурин иргэд ба нүүдэлчдийн ёс суртахууны хэмжүүрийн ялгааг илэрхийлсэн өөр нэгэн жишээг хамтдаа сонирхвол сонин санагдаад явчихлаа. Муу үйлдэл, бодлогогүй алхам хийдэг учраас нийгмийн хүрээлэлдээ ад үзэгдэх, сонгодог утгаараа гадуурхагдах утгыг заасан “чөтгөр”, “тэнэг” гэсэн хараал суурин иргэдийн дунд элбэг. Нийтийн үнэт зүйлийг санаатай болон санаандгүйгээр хорлогчид гэсэн хараал.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Монголын төр генецод үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх ёстой

Хэлмэгдэгчдийн өдрийг тохиолдуулан “Хүний эрх шударга ёс төв”-ийн тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Их хэлмэгдүүлэлт болсноос хойш 80 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын төр хэлмэгдүүлэлтийн асуудалд хэр анхаарч ажилласан бэ?

-Манай улс хэдийгээр тусгаар тогтносон улс болж хөгжсөн ч ямар хүнд бэрх зам туулснаа хэзээ ч мартаж болохгүй. Үүнийг үр хүүхэд, хойч үедээ сануулж байх ёстой. Их хэлмэгдүүлэлтийн үеэр 18700 лам цаазлагдсан гэдэг. Мөн буриадуудыг октябрийн хувьсгалаас зугтсан гэж, тайж угсаатай хүмүүсийг феодал хэмээн үзэж толгой дараалан хядсан. Тэр дундаа буриадууд гарын арван хуруунд багтахааргүй цөөхүүлээ үлдсэн байдаг. Энэ мэтээр 37000 орчим хүнийг хэлмэгдүүлж, 30000 хүнийг цаазлан, үлдсэн 7000 орчим хүн нь шоронд ч нас барсан байна. Үүнээс хойш 1950-1960 онд сэхээтний төөрөгдөл хэмээн олон хүнийг хэлмэгдүүлж, нутаг заан цөлсөн байдаг. Тэр үед төр засгийг шүүмжилсэн олон зохиолч, яруу найрагчдыг хэлмэгдүүлж, ял оноосон. Энд Р.Чойном, Г.Жамъян зэрэг зохиолчдыг дурдаж болно. Мөн Тангадын Галсанг Баянхонгорт цөлж тэмээ хариулуулсан зэрэг сэхээтнүүдийг хэлмэгдүүлж байсан. 1950 оны дунд үед Сталинг нас барсны дараа цагаатгах ажил эхлүүлсэн. Харамсалтай нь 1960-аад оны ихээр намын төв хорооноос нууцаар хэлэлцээд дахин шүтэх үзэл, тухайн үеийн нам төрийн эсрэг асуудал гарч ирж байна гээд зогсоосон байдаг. Дараа нь 1990 оноос ардчилал гарч ирсний дараа хэлмэгдэгчдийг эрчимтэй цагаатгасан ч бүрэн дуусаагүй байна.

1936 онд бүх сүм хийдүүдийг тараасан. Хийд тарсны дараа гэртээ очиж амьдарч байсан хүмүүсийг өндөр цол хэргэмтэй лам нар гэдэг утгаар нь шууд баривчилсан. Энэ асуудал ЗХУ-ын удирдагч Сталин, Гэндэн хоёрын ярианаас болж үүссэн байдаг. “Танай лам нар арми босгох хэмжээний олуулаа байна, зэвсэг хүчээр хангагдаж бидний эсрэг хөдөлж болзошгүй. Та нар лам нартайгаа тэмц” хэмээсэн гэдэг. Ингээд төрийн эсрэг ямар ч хэрэг хийгээгүй гавжаас дээш мяндагтай лам нарыг хоморголон хядсан. Хэлмэгдсэн лам нарт ямар ч ойлголт төсөөлөл байгаагүй. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын н.Адьяадамба гэдэг 78 настай хэвтэрт байсан маарамба буюу эм барьдаг хүнийг ачиж аваачаад буудсан байгаа юм. Ийм аймшигтай хэлмэгдэлтийг улс даяар явуулсан.

Тухайн үеийн ЗХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд М.Ф.Фриновскийн заговар буюу хуйвалдааны гэсэн жагсаалтыг Монголд авчирч 105 цэргийн болон төрийн өндөр дээд албан тушаалтныг 1938 оны есдүгээр сарын 9-10 хооронд баривчилсан. Ингээд төрийнхнийг хэлмэгдүүлсэн. Маршал Чойбалсантай ойр байсан хүмүүс ч мөн хэлмэгдсэн. Энд бидний мэдэх П.Гэндэн, Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар, Д.Лосол, Д.Догсом зэрэг хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Ингээд заримыг нь хядаж устгаад, заримыг нь арван жилийн хорих ялаар шийтгэсэн. Хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс яасан талаар мэдээлэл байхгүй.

-Одоогоор цагаатгалын ажил хэдэн хувьтай байна, хэдэн хүнийг цагаатгачихаад байна вэ?

-Хэлмэгдэгчдийн цагаатгах үйл ажиллагаа дуусах болоогүй. Учир нь 1930-1940 оны хооронд хэлмэгдсэн хүмүүсийн хэргийн материал нь олдохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хаана, хэдэн хүнийг буудсан гэдэг тодорхойгүй байна л даа. Тухайлбал, хамбын овооноос 600 ламын яс олдсон гэж байгаа. Гэхдээ тэр нь хэн юм бэ, ямар хүмүүсийг аваачиж буудсан талаарх ямар ч бичиг баримт байхгүй. Тэнд буудсан гэсэн хэдэн газар байдаг ч, хороосон хүмүүсийг албан ёсоор оршуулаагүй. Жалганд аваачаад буудчихсан, эрэг нь нурж мэдэгдэхгүй болох зүйл ч бий шүү дээ. Мөн шоронд байхдаа нас барсан, хороох Шүүхийн шийдвэр гараагүй, онцгой бүрэн эрхт комиссоор ороогүй хэрнээ баригдаад хэлмэгдүүлсэн хүн олон бий. Одоогоор 1000-2000 хэлмэгдэгчийн асуудал шийдэгдэж чадахгүй өдийг хүрлээ.

-Цагаатгахтай холбоотой хуулиудын уялдаа холбоо, хэрэгжилт хэр байдаг вэ?

-2001 онд баталсан Цагаатгалын нөхөн олговор олгох тухай хууль болон 2018 онд нэмэлт оруулсан хуулиудад маш зөрчилтэй заалтууд орсон. Учир нь энэ хуулийг боловсруулахдаа эрх зүйн мэдлэг боловсрол муутай улстөрчид хийснээс болж маш том зөрчил гарсан байгаа юм. Тодруулбал, нэгдэх хэсэгт, “хуулийн субьект нь хэлмэгдэгч өөрөө түүний үр хүүхэд, ач зээ нар нь байна” гээд заачихсан. Хоёр дахь хэсэгт, “хуулийн нөхөн олговор авах нь хэлмэгдэгч түүний төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд” гэж заасан байгаа юм. 1930-1940 онд Монгол Улсад хуулийн дагуу үрчлэх гэсэн ойлголт, үүнийг нотолдог ямар ч төрийн байгууллага байгаагүй. Үүнээс гадна тухайн үед манай улсын эрчүүдийн 40 хувь нь лам байлаа шүү дээ. Тэр үед хамгийн нэр хүндтэй хүнээрээ овоглодог байсан. Ингээд өрх толгойлсон эрчүүдийн ихэнх нь лам хүмүүс байсан. Өрхийн тэргүүлэгч түүний дүүгээс гарсан хүүхэд болон тухайн гэрт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн хүүхэд өрхийн тэргүүлэгч ламаар овоглодог байсан. Ингээд тэр үед үрчилж авсан гэрчилгээ гэж байгаагүй, тухайн үеийн мэдэх хүмүүс нь одоо байхгүйгээс хохирч байгаа хүмүүс олон байна. Ийм байдлаар асуудал нь шийдэгдээгүй 30000 гаруй хүн байна.

Энэ хуулийн хоёр дахь зөрчлийг нь хэлье л дээ. Хуульд шүүхээр болон онцгой комиссын шийдвэрээр цаазлагдсан буюу хорих ялаар шийтгэгдсэн гээд биччихсэн байгаа юм. Гэтэл шүүх, онцгой комисс дээр очиж чадаагүй, шоронд байхдаа яргалал, эрүү шүүлтээс болоод амь насаа алдсан хүмүүсийг орхигдуулсан заалт байгаа юм. Ямар аймшигтай эрүүдэн шүүлт явуулж байсныг төсөөлөн хэлэхийн аргагүй хэргүүд бий. Тухайлбал, нэг хэлмэгдэгчийг шалан дээр нь зодож хавиргыг нь хугалж, хугарсан хавирга нь уушгийг нь нэвт сүлбэж цус алдахаар нь шал бузартууллаа гээд дахин зодож амийг нь хороочхоод шорон нь орхиод өмхийрүүлж хаясан байгаа юм.

Энэ бүхнийг бид гаргаж ирэхгүй бол улс төрийн намууд энэ асуудалд улс төрийн зорилгоор хандаж байна. Жишээлбэл, МАН энэ асуудлыг дарах, ярихгүйгээр тойрч гарахыг хүсдэг. Жилдээ ганц удаа цэцэг өргөөд л орхиж байна шүү дээ. Энэ мэтээр асуудлыг шийдэхээс эрх барьж байгаа МАН зайлсхийж байна. Харин АН-ынхан “ийм аймшигтай яргаллыг үйлдэж байсан, ийм хэргүүд гарч байсан” хэмээн шүүмжилж байгаа хэдий ч хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүй байх эрх зүйн орчны талаар юу ч хийсэнгүй.

Ер нь Монголын төр лам нарыг давхаргынх нь хувьд, буриадуудыг үндэстэн ястныхан хувьд, тайж язгууртнуудыг феодал хэмээн хүйс тэмтэрснээ генецод гэж хүлээн зөвшөөрөх ёстой.

-Генецод гэдэг нь ямар утгатай юм бэ?

-Генецод гэдэг нь төрлөөр нь аймаглан устгах хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэсэн үг. Үүний үр дагавар маш их. Монголын төр үүнийг хүлээн зөвшөөрч албан ёсоор баталгаажуулах ёстой. Гэтэл өнөөдрийн УИХ маш сул ажиллаж байна. Хуулийн мэдлэг алга, баахан бизнес эрхлэгчид мөнгө тараагаад гараад ирчихсэн. Төр үүнийг генецод гэдгийг хүлээн зөвшөөрч, үр хүүхэд, ач зээгээс нь уучлалт гуйн тэтгэмжийг нь өгөх ёстой. Хэрвээ ингэхгүй бол хүний эрх, шударга ёсны төв, Хэлмэгсдийн холбоо хамтарч ГАГ-ын олон улсын шүүх дээр очиж тогтоолгоно. Ингэвэл Монгол Улсын нэр хүнд навс унана. Генециодыг сайн дураараа тодруулж залруулах нь гурван өндөрлөгийн үүрэг. Түүнээс биш өдөр тутмын аар саар ажил биш.

-Өнөөдрийн нийгэмд ч хэлмэгдүүлэлт байна гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Та энд ямар байр суурьтай байна?

-Өнөөдөр Монголд хэлмэгдүүлэлт болж байгаа шүү дээ. Улс төрд МАНАН бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл хонгилын шүүх, хуулийн байгууллагыг гаргаж ирсэн. Ингээд улс төрийн сөрөн зогсож байгаа улс төрийн хүчнийг “агнах”, хэлмэгдүүлэх ажлыг маш идэвхтэй хийж ирсэн. Үүнийг эсэргүүцэж талбай дээр 50000 хүний жагсаал хийснийг санаж байгаа байх. Өнөөдөр эрх баригчид АТГ болоод хууль, хяналтын бусад байгууллагуудыг өөрийнхөө сөрөг хүчин, дайсан гэж үзэж байгаа хүмүүсээ хэлмэгдүүлэх ажлыг хийсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Топ модель Х.Бадамгэрэл: Хүнийг амжилтад хөтөлдөг хамгийн чухал зүйл бол хандлага

Андра академийн гүйцэтгэх захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.


Та 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ моделиар шалгарч байсан. Загварын тайзнаа алхах хүсэл, зорилго тань багын мөрөөдөл байсан уу?

-Загвар өмсөгч, мисс болох зорилго надад анхнаасаа байгаагүй. Харин надад ямар авьяас байгаа гэдгийг бодож, олон оролдлого хийснээс тунаж үлдсэн нь “загварын салбар” юм. Эзэмшсэн мэргэжлээ өөрийн болгож, оройд нь гарах ёстойг ойлгосон учраас зорилгынхоо төлөө тууштай тэмцсэн гэсэн үг. Тиймээс ч бусдыг шүүмжилж, заахынхаа оронд өөртөө анхаарч, өөрийнхөө төлөө оролдлоготой, зүтгэлтэй явах нь амжилтад хүргэдэг гэдгийг бусдадаа захидаг. Өмнө нь загвар өндөр охидуудын салбар байсан бол одоо ямар чиглэл гэдгээс нь шалтгаалж өөрчлөгдсөн. Тухайлбал, фото модель цэвэрхэн арьстай, зөв төрхтэй байхад л хангалттай. Харин сурталчилгааны моделиуд өөрийгөө илэрхийлэх чадвартай, илтгэх ур чадтартай байх нь чухал. Мэдээж тайзны моделийн хувьд өндөр байх шаардлагыг нэн түрүүнд тавьдаг.

-Өөртөө мөрдлөг болгодог зарчим тань юу вэ?

-Мэдээж төгс хүн гэж хаа ч үгүй, алдаа үргэлж байдаг. Гэхдээ хамгийн гол нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь чухал. Мөн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд бусдын өмнө илтгэл тавих нь цаашдаа хөгжүүлэхийг хүсдэг сонирхол юм. Энэ нь миний хувьд шинэлэг гэхээс илүү шаардлагатай зүйл болж хувирсан. Бусдад илтгэх сонирхол маань одоо сургагч багшийн түвшинд хүрсэн учраас зөвхөн Монгол гэлтгүй олон улсын хэмжээний багш дасгалжуулагч болох зорилготой. Өөрөөр хэлбэл, Хүний амьдралыг өөрчлөх хэмжээний дасгалжуулалт хийж, чиглүүлэг өгөхийг хэлж байгаа юм. Өмнө нь тайзан дээр гарч гоо сайхнаараа дамжуулан хүмүүст мэдрэмж таашаалыг өгдөг байсан бол одоо бусдын зүрх, тархинд хүрэх үгийг урладаг болж байгаа гэсэн үг.

-Эмэгтэйчүүд карьер хөөх хүсэлтэй хэдий ч гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэх болдог. Мэдээж амжилттай яваа хүмүүсийн хувьд гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг байх?

-Эмэгтэй хүн өсвөр нас, эх хүн гэсэн амьдралын хоёр мөчлөгтэй байдаг. Загварын салбарынхны хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг нь ихэнх зүйл зогсонги болж буйн дохио. Учир нь хүүхдэдээ анхаарах, гэр бүлдээ цаг гаргах гэх мэтчилэн арай өөр төрлийн шаардлагууд гарах учраас карьерь хөөх боломж бага. Хамгийн гол нь гэр бүл маань намайг дэмждэг учраас тэднийхээ тусламжтайгаар тэнхээтэй давж гарсан.

-Та Андра академиар дамжуулан олон залууст сэтгэл зүй болон гоо сайхны зөвлөгөө өгдөг. Тэгвэл залуу үеийнхэнтэй тулж ажилладаг багшийн хувьд тэдний давуу болон сул талыг анзаарав уу?

-Сүүлийн 11 жил Z үеийнхэнтэй ажиллалаа, тэд гайхалтай нээлттэй сэтгэдэг зан чанартай. Ямар нэгэн бартааг даваад гарах сэтгэл зүйн хүчтэй. Тэдний алган дээр дэлхий багтаж байгаа. Эдгээр залууст маш их ур чадвар бий. Үүний зэрэгцээ аюултай шийдвэрийг ч гаргах нь бий. Аливаад ухамсартай, ул суурьтай хандаж шийдвэл тэд дэлхийг ч эргүүлэх чадалтай. Угаас бэрхшээлийг даваад гарсны дараа маш жижигхэн зүйл байсныг анзаардаг. Тэгэхээр хамгийн гол нь алдаанаасаа суралцаад сөрж чадвал амжилт дагуулах бүрэн боломжтой. Хүүхдүүд урдаа тулгарсан жижиг бэрхшээлийг хэтэрхий том гэж эндүүрснээс болж ахиц дэвшил гаргахгүй цаг хугацааг алддаг. Энэ дэлхийн долоон тэрбум хүний хэдэн сая нь танаас хүнд нөхцөлд амьдарч байгааг бодоод үзээрэй. Тэгэхээр байгаадаа талархаж, илүү ихийг хийж бүтээе гэсэн зорилготой байх хэрэгтэй.

-Хүний гоо сайхныг зөвхөн гадаад төрхөөр бус дотоод мөн чанараар тодорхойлдог болов уу?

-Загвар өмсөгч, мисс бэлдэх бол дараагийн шатны ойлголт буюу тухайн хүүхэд сонголтыг нь чиглүүлж өгдөг. Харин нийгэмд сайн боловсон хүчин, зөв монгол иргэнийг бий болгох нь манай академийн гол алсын хараа юм. Дотоод зүрх сэтгэлээ гоё сайхан болгосон хүн угаас гаднаасаа ч сайхан болно шүү дээ. Тиймээс дотоод зүрх сэтгэлийг өөрчлөх нь илүү чухал гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, тархи, зүрхэнд хүрч үйлчилсний дараа гадаад хэлбэрийг өөрчлөхөд асуудал биш болж хувирдаг юм. Ерөөс хүнийг амжилтад хөтөлдөг хамгаас чухал зүйл бол хандлага. Авьяасыг хөгжүүлж болдог, ур чадварыг эзэмшүүлдэг. Миний хувьд одо зан чанараа төлөвшүүлж, хандлагаа бүх талаар нь эерэг болгоход анхаарч байгаа. Хүн хүсэх л юм бол чадварыг маш богино хугацаанд хөгжүүлж болдог. Гол нь хүмүүс хандлага дээрээ л анхаарах хэрэгтэй. Хандлагыг соёл, харилцаа, ёс зүй гээд олон зүйл дагаж байдаг. Та өөрөө эерэг хандлагатай бол ёс зүйгүй үйлдэл хийхгүй гэсэн үг.

-Хувь хүнийг амжилтад хүргэдэг хамгийн том шалгуур нь хандлага гэв үү?

-Хандлагыг үйлдэл болгохгүй л бол мянга ярьж, сонсоод нэмэргүй. Хандлага өөрөө үйлдэлд уриалж, үйлдэл нь амжилтад хөтөлдөг. Өөрийгөө өөрчилсөн цагаас эхлээд бид маш их аз жаргалыг бусдад түгээж байдаг. Нэг иргэн хөгжиж байж гэр бүл хөгждөг, гэр бүл амар амгалан байвал улс тайван байна. Тэгэхээр иргэний хөгжлөөс гэр бүлийн хөгжил, гэр бүлийн хөгжлөөс улсын орны ирээдүй харагдана. Би шавь нартаа “Өөрийгөө монголоор битгий төсөөл” гэж байнга захидаг. Дэлхий гэдэг нэгэн айлын долоон тэрбум хүний нэг гэж өргөнөөр харж чадвал хүнд хүрэхгүй оргил, чадахгүй амжилт гэж байхгүй. Тэгэхээр харах өнцгөө тэлж, бодож болох хамгийн томоор, хүрч болох хамгийн холд хүрэхийг зорих ёстой. Хүн хүсч, хичээх л юм бол амжилт, карьерь гэдэг зүйл эргээд олдохдоо маш хурдан. Амжилт, албан тушаалыг резинэн бөмбөлгөөр төсөөлж болно. Харин резинэн бөмбөлгийг унагахад эргээд ойгоод ирдэг зүйл гэж л ойлгох хэрэгтэй. Харин шилэн бөмбөлгийг газар унагавал эргээд хэзээ ч өмнөх шигээ эвлэхгүй сорвитой үлдэнэ. Гэр бүл яг үүн шиг ойлголт юм. Энэ хоёрын хамгийн үнэ цэнэтэйгээ хамгаалж бид амжилт руу тэмүүлэх ёстой. Амжилт гэдэг бол баян тарган, гоё машинтай, том захирлыг хэлэхгүй шүү дээ. Амжилт гэдэг бол хэр олон хүний амьдралыг өөрчлөхөд нөлөөлж чадсанаар илэрхийлэгддэг гэж боддог.

Нөхөр тань “The Voice of Mongolia” шоунд ороход мэдээж сэтгэл догдлон харж байсан болов уу?

Хүн ер нь хамгийн сайн чаддаг зүйлээ хийхдээ л аз жаргалыг мэдэрдэг. Манай нөхөр өөрөө дуучин биш, эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ дуулах нь түүний унаган авьяас учраас би биширдэг. Энэ авьяасаараа аз жаргалыг мэдэрч, амьдралыг өөр өнгөөр будаж байгаа юм. Шоуны үеэр нөхөр маань гэр бүлдээ маш их баяр баяслыг авчирч байсан. Би нөхрийнхөө дуртай зүйл, сонирхлыг дэмжихийг хүсдэг, цаашид ч дэмжсээр байх болно. Шаардлагатай гэвэл бууг нь цэнэглээд ард нь байж байх чадал надад байгаа. Миний бодлоор эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлахдаа мөхөөлгөхгүй, бөхийлгөхгүй зорилго, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, урам өгч чаддаг байвал жинхэнэ эр хүн. Эхнэр тань сайн найз, хамтран ажиллагч, бүх зүйлээ хуваалцагч байх ёстой. Тэгэхээр эмэгтэй хүнийг аз жаргалтай болгодог зүйлийг нь хүлээн зөвшөөрч байж гэр бүл өөрөө бат тогтоно. Эхнэр хүн дандаа нөхрийн ард нуугдах ёсгүй. Хайрыг өмчлөхгүй эр хүнийг л би “жинхэнэ нөхөр” гэж боддог. Хайрыг өмчлөх л юм бол эхнэрээ алтан торонд хийсэн бялзуухай болгосноос өөрцгүй.

Та кинонд дүр бүтээж байв уу?

Би 3-4 кинонд оролцож байсан. Түүнийгээ кинонд тоглосон гэж хэлэхгүй. Кинонд тоглох гэдэг чинь өөрөө бүхэл бүтэн дүрийг амилуулна гэсэн үг юм билээ. Надад ихэвчлэн орчин үеийн киноны санал ирдэг учраас миний хүссэнд арай нийцэхгүй байгаа юм. Би түүхэн киноны эмэгтэйн дүрд оролцож үзэхийг хүсдэг. Энэ нь миний хувьд үр хүүхдүүддээ гайхуулж, үлгэр жишээ болоход тод жишээ болно.

-Таны хувьд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

-Би хүүгээсээ хэлсэндээ хүрдэг байхыг шаарддаг, мөн зөв үлгэрлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүүхэд тань юу хүсээд байгааг анхаарч сонсож, ярилцах шаардлагатай. Хэрэв хүүхдээрээ хүсээгүй зүйлийг нь хийлгэвэл эргээд сэтгэл зүйн дарамт болох эрсдэлтэй. Иймээс аль болох хүүгээ сонсож, ярилцахыг эрхэмлэдэг. Манай гэр бүлийн хувьд аливаа асуудлыг ярилцсаны үндсэнд шийддэг. Бид хоёр нийлж байгаад сул үггүй, цэгцтэй, энгийнээр ярилцаж аливаа учрыг хүүдээ ойлгуулахыг эрмэлздэг юм.

Бусдад тусалснаар хүн өөртөө сэтгэлийн аз жаргалыг бий болгодог. Таны хувьд үүнийг юу гэж боддог вэ?

Хүнийг өнгөрснөөр нь дүгнэх биш, ирээдүйд юу хийж чадах вэ гэдгээр нь харж, харьцах хэрэгтэй. Андра академийн хувьд нийгмийн хариуцлагын үүднээс тусгай сургуулийн хүүхдүүдийг сургалтандаа үнэгүй хамруулах, хүүхдийг ивээх сангуудтай хамтарч ажиллаж өөрсдийнхөө дуу хоолойгоор дамжуулаад бусдад урам зориг, үлгэрлэлийг өгдөг. Яг одоогоор хүүхдийг ивээх сантай хамтарсан ажлууд маань эхэлчихсэн явж байгаа. Заавал бусдад зарлаж мэдээлснээр тэр сайн үйлс болдоггүй. Хэн нэгний төлөө л хийж байгаа бол энэ нь том жижиг хамаагүй.

-Эмэгтэй хүний мөн чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Ер нь эмэгтэй хүн ухаантай байхад гоо сайхан, авьяас ур чадвар дагаад ирдэг. Ухаалаг эмэгтэй ар гэр, ажил албаа амжилттай авч явдаг болов уу. Гэхдээ бусад эмэгтэйг ухаангүй гэж байгаа юм биш. Хүн ар гэрээ яаж авч явах нь тухайн хүний л шийдвэр, хувь хүний асуудал шүү дээ. Бид нар бусдын шийдвэрийг няцаах эрхгүй. Тйимээс өөр дээрээ л анхаарах нь чухал. Би өөрөө ухаантай байвал ар гэр, ажил амьдрал маань зөв голдиролдоо хөгжинө гэж боддог.

П.САЙНЖАРГАЛ

С.ОТГОНГЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Орчин үеийн нийгмийн ялгарал зөвхөн боловсролоор л хэмжигдэх болсон” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ыдаваагаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Монголын газар тариалангийн зүг заагч Б.Доржийнд өнжлөө.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа. Тэрээр “Мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж өгөх хэрэгтэй” гэлээ.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Орчин үеийн нийгмийн ялгарал зөвхөн боловсролоор л хэмжигдэх болсон”хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Аймаг бүрийн онцлог, нөөц боломж, хөгжлийн харааг харгалзах, харилцан дэмжсэн үр ашигтай бүтцийг бүрдүүлэхэд анхаарна” хэмээв .

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 30 жилийн ой тохиож байнахэмээх нийтлэл “Улстөр” нүүрт хэвлэгджээ.

“Бөхчүүдийг “нисгэдэг” гэх дасгалжуулагч Д.Батням гэж хэн бэ” хэмээх нийтлэлийг баримт үйл явдлын 7-р нүүртнээс уншаарай

Дэд хурандаа Д.Оюунбат: 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил” гэлээ

Эдийн засаг нүүрт“ О.Адъяа: Монгол Улс саарал жагсаалтаас гарсны дараа дахин ийм нөхцөл байдалд орохгүй байх талаар Засгийн газар тууштай ажиллах шаардлагатай” хэмээх ярилцлагыг манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт нойтон цас орж, сэрүүснэ

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

1 кг самар түүхдээ 500 төгрөгийн төлбөр төлнө

Иргэд ахуйн зориулалтаар самар түүхээр бол нэг килограмм самар тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр самар түүх боломжтой болж байгаа. Ойн судалгаа, хөгжлийн төв нь самрын болц есдүгээр сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд есдүгээр сарын 10-наас эхлэн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж байгаа. Ингэхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий найман аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий. Тухайлбал, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.

Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар нь Хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн клиник болон ортой эмнэлгүүдээс 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 7 хоног бүрийн даваа гарагийн 10.00 цагт nemg.statistic2019@gmail.com хаягаар мэдээлэл тогтмол авч байхаар боллоо. Энэхүү мэдээлэл нь нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувийг тооцоолон гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны мэдээлэл өгөх хувийн эмнэлгүүд: